Categories
гадаад мэдээ

“COVID-19”-ийн вирус хувьсан өөрчлөгдсөөр байх ч хүндээр өвчлүүлэх нь багасна || DNN.mn

“COVID-19” цар тахлыг үүсгэгч “SARS-CoV-2” вирус нь дэлхий даяар тархсан хэвээр байгаагаас үүдэн хувьсан өөрчлөгдсөөр байх төлөвтэй байгаа ч вакцин хийлгэснээр, мөн халдвар авснаар дархлаа тогтож байгаа тул хүндээр өвчлүүлэх нь багасна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр энэ онд цар тахал хэрхэх талаарх гурван хувилбарыг танилцуулжээ. Түүний хэлснээр, одоогийн нөхцөл байдлаас үзэхэд хамгийн өндөр магадлалтай хувилбар бол вирус хувьсан өөрчлөгдсөөр байх ч вакцин, халдвар авснаар дархлаа улам нэмэгдэж, хүндээр өвчлүүлэх нь багасах төлөвтэй байна. Гэхдээ дархлаа сулрахын хэрээр өвчлөл, нас баралт өсөх магадлалтай байгаа нь эмзэг хүн амыг тогтмол нэмэлт тунд хамруулах шаардлагыг бий болгож магадгүй байна.

Харин хамгийн таатай хувилбарын тухайд илүү аюултай хувилбар бага гарч, нэмэлт тун болон шинэ вакцин шаардлагагүй болно гэж таамаглаж байгаа бол эсрэгээрээ улам аюултай, халдварлах чадвар өндөр хувилбарууд шинээр үүсэж, үүнтэй зэрэгцэн хүмүүст тогтсон дархлаа сулрахыг хамгийн таагүй хувилбар хэмээн тодорхойлжээ.

Тийнхүү ДЭМБ-ын тэргүүн 2022 онд цар тахлын хүнд үе шатыг даван туулах зөвлөмжүүдээ танилцуулж, тандалт судалгаа, вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэм, эрүүл мэндийн уян хатан тогтолцоо, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн дархлаажуулалт нь хүмүүсийн амь насыг аврах хамгийн хүчтэй хамгаалалт хэвээр байгааг тодотгоод, өндөр орлоготой орнууд хүн амаа дөрөв дэх тунд хамруулж байхад дэлхийн хүн амын гуравны нэг нь, тэр дундаа Африкийн хүн амын 83 хувь нь нэг ч тунд хамрагдаагүй байгааг анхааруулсан байна.

Categories
гадаад мэдээ

Бүх Оросын байгалийн гэрэл зургийн IX наадамд Монголын гэрэл зурагчид оролцож байна || DNN.mn

ОХУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүх Оросын байгалийн гэрэл зүргийн IX наадам Москва хот дахь ОХУ-ын Зураачдын холбооны үзэсгэлэнгийн төв танхимд үргэлжилж байна. Энэ наадамд сүүлийн жилүүдэд гадаадын нэг орныг түнш орноор урьж, гэрэл зурагчдынх нь бүтээлийг сонирхуулдаг болсон бөгөөд энэ жилийн гадаадын зочноор Монгол Улсын гэрэл зурагчид оролцож байна.

Энэ сарын 4-нд нээлтээ хийсэн тус наадмыг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, ОХУ-ын Соёлын яам, Байгалийн нөөц, экологийн яам, “Сенаторуудын клуб” бусад байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэнгийн төв танхимд Монголын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын байгалийн сэдэвт 40 орчим гэрэл зургийг байрлуулж, Оросын үзэгчид, байгаль сонирхогчдод онгон дагшин Монгол Улсын байгалийн гоо үзэсгэлэнгээс толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ наадмын зохион байгуулагчид, оролцогчдод баяр хүргэж, цаашид хоёр улсын соёл урлагийн салбарын харилцаа, тэр дундаа гэрэл зурагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

“Монголын унаган байгаль” үзэсгэлэнд ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид 11 мянга гаруй бүтээл ирүүлснээс зохион байгуулагчид 500 орчим шилдэг гэрэл зургийг сонгон авч дэлгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 61.7 хувьтай үргэлжилж байна || DNN.mn

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн мэдээгээр мал төллөлт 61.7 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, аймгийн хэмжээнд төллөвөл зохих 1 сая 477 мянга 163 толгой мал байгаагаас одоогоор 911731 толгой хээлтэгч төллөсөн байна.

Улмаар 912258 төл мал гарчээ. Үүнээс 9955 төл хорогдсон. Одоо 902303 төл бойжиж байгаа буюу төл бойжилт дунджаар 99 хувьтай байна.

Мөн судалгаагаар 8797 толгой мал хээл хаяжээ.

Нийт сумдад бог, бод мал төллөж байна. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явж байна.

Өнгөрсөн 10 хоногт цаг агаарын нөхцөл хүчтэй салхи шуурга ихтэй. Уулын бүсийн сумдад салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх зэрэг таагүй нөлөө ажиглагджээ.

Categories
мэдээ нийгэм

Хиагт-Алтанбулагийн боомт нээгдэж, 142 иргэн нэвтэрчээ ||DNN.mn

ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн тухай Монгол Улсын ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. Уг мэдээлэлд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт ноот бичгээр мэдэгдсэн тул өчигдрийн 12:00 цагаас эхэлж, хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих боломжтой бөгөөд ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх талаар дурдсан байв.

Бид иргэдийн зорчих хөдөлгөөний талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхтайванаас тодруулахад ”Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны 12.00 цагт Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн. Иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Энэ хугацаанд ОХУ-аас 54 иргэн, Монголоос 88 нийт 142 иргэн хоёр улсын хилээр нэвтэрчээ. Хоёр улсын хооронд ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна” гэж мэдээллээ.

Энд сонирхуулахад ОХУ-ын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол гаргасан . Тус тогтоолд хилээр долоон төрлийн иргэдийг нэвтрүүлэхээр тусгасан юм. Үүнд,

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах. Өөрөөр хэлбэл ОХУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэд. Ингэхдээ ОХУ-ын эмнэлгээс албан бичиг ирүүлнэ.
  • Дипломат төлөөлөгч
  • ОХУ-д суралцдаг эсвэл ажлын визтэй иргэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд багтаж байв.

МөнСэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээг 85000 төгрөгөөр хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Соёл, урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарлалаа || DNN.mn

Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Төсөл, арга хэмжээний төрөл:

Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ;

Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ;

Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ;

Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ;

Соёлын өв, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ;

Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах төсөл, арга хэмжээ;

Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ.

Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ:

Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 30,000,000.0 төгрөг байна.

Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 80,000,000.0 төгрөг байна.

Сангийн нийт санхүүжилтийн 50 хувийг хүүхдийн уран бүтээлийг дэмжих төсөл, арга хэмжээнд олгоно.

Төслийн баримт бичигт тавих шаардлага:

1. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

2. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг гаргасан байх

3. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагатай байх

4. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол хийсэн байх

5. Өмнө нь сангаас санхүүжилт авч байсан бол гэрээний биелэлт, үр дүнгийн талаарх тайланг хавсаргасан байх

6. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй байх

7. Төслийн санал гаргагч зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлэх.

Хамрагдах боломжгүй төсөл:

-Тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх төсөл

-Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий төсөл

-Соёл, урлагийн сангаас өмнө нь дэмжлэг авч байсан төсөл

Төсөл үргэлжлэх хугацаа: Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс дараагийн санхүүгийн жил эхлэх хүртэл байна.

Төслийг цахимаар хүлээн авах хугацаа:
Дуусах: 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг

Төслийг хүлээн авах хаяг:

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 08.30 цагаас http://suds.ictgroup.mn/ цахим хаягаар бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Шанхайд үзэсгэлэнгийн павильонуудыг түр эмнэлэг болгож байна || DNN.mn

Хятадад сүүлийн үед коронавирусийн халдвар нэмэгдэж байгаагийн улмаас олон хотод хөл хорио тавьж, хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж эхэлсэн. Эдгээр хотуудын нэг нь Шанхай бөгөөд энэ хотод хатуу хөл хорио тавьж, бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулахаар болсон юм.

Улмаар Шанхайн томоохон үзэсгэлэнгүүд болох Shanghai World Expo Exhibition & Convention Centre (SWEECC) болон Shanghai New International Expo Centre (SNIEC) -ийг халдвар авсан хүмүүсийг түр байршуулахаар өөрчлөн тохижуулсан байна. Энэ хоёр төв нийтдээ 20 мянган өвчтөнийг хүлээн авах боломжтой аж.

Түүнчлэн ийнхүү өөрчлөн тохижуулсан төвүүд рүү шинж тэмдэггүй өвчтөнүүд болон биеийн байдал хөнгөн байгаа өвчтөнүүдийг илгээхээр төлөвлөж байгаа аж. Шанхай хотод халдварын тохиолдол эрс нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан ийнхүү өвчтөнүүдийг байршуулах газруудыг бэлдэж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Украинаас хоёр сая хүүхэд дүрвэжээ || DNN.mn

Оросын довтолгоо эхэлснээс хойш Украинаас хоёр сая хүүхэд дүрвээд байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сан лхагва гарагт мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээллээр нийт дүрвэгсдийн тэн хагас нь хүүхдүүд байна. Украинаас мягмар гаргийн байдлаар 4.01 сая хүн дүрвээд байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээлэл харуулж байгаа юм.

Хүүхдийн сангийн тооцоолж буйгаар, Украинд 2.5 сая гаруй хүүхэд улс дотроо дүрвэжээ.

Үүний зэрэгцээ хүний наймаа, мөлжлөгт өртөх эрсдэл нэмэгдэж байгааг тус байгууллага анхааруулаад, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлд улс орнуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел, “Орон гэрээсээ дүрвэж буй хүүхдүүдийн тоо өссөөр байгаа энэ үед хүүхэд бүрд хамгаалалт, боловсрол, аюулгүй байдал, дэмжлэг хэрэгтэй гэдгийг бид санах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

12 настай хүүхэд экскаваторт дайруулж газар дээрээ нас баржээ || DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 31-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд ангийн 12 настай сурагч амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 11.00 цагийн орчимд тус дүүрэгт байрлах Амгалан захын урд замд 7 дугаар ангийн хүүхэд экскаваторт дайруулж газар дээрээ нас барсан байна.

Цагдаагийн байгууллага тус ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хориотой үед загас агнавал торгууль төлнө || DNN.mn

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм. Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө.

No photo description available.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Австралийн хооронд визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгуулжээ || DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 31-нд Австралийн Парламентын ордонд болжээ.

Санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Улсын Засгийн газрыг төлөөлж Австралийн Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук нар гарын үсэг зурав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхол, тэмүүллийг дэмжих зорилготой энэхүү Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна.

Ёслолын арга хэмжээний үеэр Австралийн Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук хэлэхдээ “Австралид оршин суугаа монгол иргэдийн тоо бусад оронтой харьцуулахад хэдийгээр цөөн ч гэсэн манай нийгэмд бодитой хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна. Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол бэхжиж, олон монгол залуус Австралид ирж ажиллангаа аялах, суралцах боломжийг нээж байгаад нэн баяртай байна” гэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн энэхүү баримт бичиг өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болж, биеллээ олж буйд бид мөн баяртай байна. Монгол Австрали хоёр орны залуус хоорондын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон монгол залуус Австралид ирж, танай сайхан орны олон үндэстнээс бүрдсэн нийгэм, соёлд өнгө нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус манай улсад аялж, ажиллан Монгол Улсын хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэж хэлэв.

Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж буй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой аж.