Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том тээврийн онгоцыг устгажээ || dnn.mn

Дэлхийн хамгийн томоохон тээврийн онгоцонд тооцогддог Ан-225 “Мрия” онгоцыг Киевээс холгүйхэн байх Гостомелийн нисэх буудал дээр байхад нь Оросын талаас цохилт өгч, устгажээ.

“Украины нисэх хүчний, домогт Ан-225 “Мрия”-г устгалаа. Энэ үйл явдал онгоц байрлаж байсан Киевийн ойролцоох Гостомель дэх Антоновын нисэх буудал дээр болсон юм” хэмээн концерн мэдэгджээ.

Онгоцны нислэгийн чиглэлүүдийг харуулдаг Flight Radar сайтын мэдээллээр, Ан-225 “Мрия” онгоц хоёрдугаар сарын тавны өдөр Данийн Биллунд нисэх буудлаас “Антонов” нисэх буудал дээр ирснээсээ хойш энэ буудлыг орхин нисээгүй байна.

Ан-225 “Мрия” нь ЗХУ-д бүтээгдсэн, дэлхийн хамгийн том тээврийн онгоц юм. ЗХУ задрасны дараа Украины мэдэлд очсон байна. Ийм хоёр төрлийн онгоц байснаас гагцхүү нэг нь л Украины компанид нислэг үйлддэг байсан аж.

Categories
гадаад мэдээ

ГХЯ: БНХАУ-ын 6000 гаруй иргэн Украинд гацжээ || DNN.mn

Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад саатаад байгаа дэлхийн бусад орны иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тоймлон танилцуулж байна.

БНХАУ

Тус улсын 6,000 гаруй иргэн Украинд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Дийлэнх нь оюутнууд. Украин дахь БНХАУ-ын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг анхааруулжээ.

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун хоёрдугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна.

БНЭУ

Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украинд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украинтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ хоёрдугаар сарын 27-ны өдөр Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжийн 219 иргэнийг хоёрдугаар сарын 28-ны өдөр авах ажээ.

АНУ, Их Британи, Япон

Эдгээр улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украинаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

Африкийн олон мянган оюутан Украинд гацсан байна

Одоогоор Украинд 4,000 орчим Нигери улсын иргэн суралцаж байна. Тэдний зарим нь Нигерийн Засгийн газраас мэдээлэл дутмаг байгаад бухимдлаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуваалцжээ.

Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй Нигерийн оюутан 23 настай Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна. Бүх хотод тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон. Эгч бид хоёр яахаа мэдэхгүй сандарч байна. Бид аюултай нөхцөл байдалд байна. Нисэх онгоцны буудал хаагдсан тул эндээс явах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Украин өндөр эрсдэлтэй гэж үзэн агаарын орон зай, иргэний нислэг, тэр дундаа Киевийн нисэх онгоцны буудлыг хаажээ.

Киев даяар агаарын довтолгооны дуут дохио сонсогдож, зарим оршин суугчид метроны буудал, хамгаалах байранд орогнож байгаа тул эгчтэйгээ хамт хаягдсан мэт санагдсан. Бид Нигерийн иргэд, бидэнд тусламж хэрэгтэй байна. Биднийг үл тоомсорлож, ганцааранг минь битгий орхиоч” гэжээ.

Нигерийн иргэн Тэми Розабель Цейе-Окотие мөн Украинд анагаахын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Идачабагийн сэтгэлийг хуваалцаж, “Үнэнийг хэлэхэд Бид ч гэсэн айж байна. Бид юу хийхээ мэдэхгүй байна” гэжээ.

Харин Пүрэв гарагийн үдэш Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ “Онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа Засгийн газар явахыг хүссэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.

Марокко, Египет улс арай эрт хөдөлсөн

Нигери улс Украин дахь гадаад оюутнуудын тоогоороо 2-т ордог бол хамгийн их оюутантайгаараа Марокко (8,000 оюутантай) дараа Египет 3,500 ордог байна.

Хоёр долоо хоногийн өмнө Мароккогийн Засгийн газар иргэдээ аль болох хурдан Украиныг орхин явахыг уриалсан бол Украин дахь Египетийн нийгэмлэгийн тэргүүн Али Фарук хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Египетийн Элчин сайдын яам оюутнуудыг буцаан авчрах ажлыг зохион байгуулсан” гэжээ.

Categories
булангууд гадаад мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Зөөврийн зенит-пуужингийн цогцолбор бүхий 200 “Stinger” нь ямар ид шидтэй вэ? || DNN.mn

Нидерландын Засгийн газар ОХУ-ын армийн онгоц, нисдэг тэрэгнүүдийг устгах зорилгоор Украинд АНУ-д үйлдвэрлэсэн 200 “Stinger” пуужин харвагч төхөөрөмжийг хандивлаж буйгаа өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн билээ. Энэхүү дайн эхлэхээс өмнө Украинд Литв, Латви улсаас л цөөн тооны “Stinger” нийлүүлсэн аж. Нидерландын Засгийн газраас мэдэгдэл хийсний дараа мөн ХБНГУ Украинд 500 “Stinger” пуужин харвагч төхөөрөмж илгээхээ зарласан юм. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц энэ тухай мэдэгдэхдээ “ОХУ Украин руу довтолсон нь дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын бүхий л дэг журамд заналхийлж байна. Иймд бид Украинд “Stinger” пуужин харвагч төхөөрөмж болон танк эсэргүүцэгч зэвсгийг хамгийн боломжит богино хугацаанд хүргэх болно” гэжээ. Польш, Эстониос ч “Stinger” зэрэг зэвсэглэл ачсан цуваа Украиныг зорьсон мэдээлэл түгэх болов.


“Stinger” пуужин харвагч төхөөрөмж гэгч нь яг юу юм бол оо. Үнэхээр тийм ид шидтэй зэвсэг үү?


Тэгвэл “Stinger” пуужин харвагч төхөөрөмж нь байлдааны онгоц, нисдэг тэргүүдийг үр дүнтэй устгадаг байна. “Stinger” нь ердөө ганц хүн ажиллуулж болдог зөөврийн зенит-пуужингийн төхөөрөмж ажээ. Тус төхөөрөмж нь дайсны онгоц, нисдэг тэргийг устгах зориулалттай, хэт улаан туяа бүхий байг тодорхойлогч оноо хараатай юм байна. 1.5 метрийн урттай, 16 килограмм жинтэй дуунаас хурдан, секундэд 750 метр зай туулдаг пуужинг харвана. Тэр пуужин нь 200 метрээс таван километрийн хүрээнд буй хөдөлгөөнт аливаа байг устгадаг гэнэ. Зенит-пуужингийн цогцолборын өөрийн жин нь 5.6 килограмм учир ганц байлдагч түвэггүй үүрээд явдаг аж.

АНУ-ын “General Dynamics” компани орчуулбал “хатгуур” утгатай тус төхөөрөмжийг анх 1979 онд 260 ширхэгийг үйлдвэрлэн улсынхаа зэвсэгт хүчинд нийлүүлжээ. Тэр цагаас хойш байнга шинэчлэгдэн боловсронгуй болж ирсэн “Stinger” олон ч дайн дажинд хэрэглэгдсэн юм байна.

Хамгийн анх тус төхөөрөмж Их Британи, Аргентины хооронд 1982 онд болсон Фолклендийн дайнд үр дүнтэйгээ харуулжээ. 1982 оны тавдугаар сарын 30-нд Кент уулын төлөөх тулалдаанд Их Британийн армийн “SAS” тусгай салаа “Stinger”-ээр Аргентины нисэх хүчний “Pucara” онгоц, “Puma” нисдэг тэргийг унагасан аж. Үүнээс хойш Анголын, Афганистаны, Каргилийн (Энэтхэг, Пакистаны хил дээрх зэвсэгт мөргөлдөөн), Югославын, Чеченийн дайнд ихээр хэрэглэжээ.

Анголын иргэний дайны үед УНИТА бүлэглэлийн босогчид “Stinger”-ийг 1982 оноос эхлэн Засгийн газрын арми дахь ЗХУ, Кубын цэргийн мэргэжилтнүүдийн эсрэг хэрэглэж, “Миг-23”, “ИЛ-76” онгоцуудыг унагаж байжээ. Афганистаны дайны үед АНУ ЗХУ-ын түрэмгийллийн эсрэг боссон можахедуудад 1986 оноос эхлэн нийтдээ дөрвөн мянга орчим “Sting­er” нийлүүлсэн тооцоо бий. Зөвхөн 1986 онд гэхэд тус төхөөрөмжийн ачаар ЗХУ-ын 23 байлдааны онгоц, нисдэг тэргийг унагажээ. Ийм ч учир ЗХУ-ын зэвсэгт хүчин тактикаа өөрчлөн “Ми-8” нисдэг тэргийг 6000 метрийн дээд өндөрт бус уул толгодын дунд нуугдан газраас ердөө 30-60 метрийн өндөрт нисгэхэд хүрсэн гэдэг. Можахедууд тус төхөөрөмжийн техникийн үзүүлэлтээс хавьгүй давсан хол зайнд буюу 9000 метрийн өндөрт ЗХУ-ын онгоцыг онож байж.

Пакистаны Тагнуулын төв газрын Афганистаныг хариуцсан хэлтсийн дарга Мохаммед Юсуф дурсахдаа, “Хэрэв можахедууд “Stinger”-ийг эртхэн шиг авсан бол дайнд бүр эрт ялах байлаа” гэж онцолсон нь бий. Ийм л зэвсгийн хавьгүй орчин үежиж сайжирсан хувилбарыг Европын орнууд өөр өөрсдийн боломж чинээгээрээ ОХУ-ын түрэмгийлэлд нэрвэгдсэн Украинд яаралтай нийлүүлж эхэлжээ. Ангол, Афганистанд ЗХУ-ын цэргийн онгоц, нисдэг тэргүүд “Stinger”-т өртөн унаж байсан бол өдгөө Украины тэнгэрт ОХУ-ын нисэх хүчний техник устаж эхлэх бололтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 19 байршилд газар ашиглах, эзэмших эрхийн дуудлага худалдаа болно || DNN.mn

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байршлуудад газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг. 2022 оны эхний дуудлага худалдаа гуравдугаар сарын 23-ны өдөр болно. Энэ удаа нийслэлийн 19 байршилд дуудлага худалдаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/- д хандаж цахимаар оролцох юм байна.


Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15.00 цаг хүртэл энгийн горимоор авна. 15.00 цаг 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 22-ны 15.00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

НГЗБТ-ний дугаар

Биржийн зарын код

Дүүрэг

Зориулалт

Газрын хэмжээ /м²/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1

2.3.1

2022-9267

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

283,008

28,301

2

2.3.5

2022-9268

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

25000

67,000,000

6,700,000

3

2.3.10

2022-9269

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим

Амины орон сууцны хотхон

10000

40,040,000

4,004,000

4

2.3.11

2022-9270

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим

Мод үржүүлгийн газар

20000

4,400,000

440,000

5

2.3.24

2022-9271

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эх орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

100

442,200

44,220

6

2.3.25

2022-9272

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

100

880,900

88,090

7

2.3.33

2022-9273

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

10000

2,200,000

220,000

8

2.3.34

2022-9274

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим

Фермер

20000

53,000,000

5,300,000

9

2.3.40

2022-9275

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим

Мод үржүүлгийн газар

15000

33,600,000

3,360,000

10

2.3.42

2022-9276

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

10000

26,500,000

2,650,000

11

2.3.52

2022-9277

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

225

496,350

49,635

12

2.3.56

2022-9278

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

283,008

28,301

13

2.3.62

2022-9279

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

10000

45,120,000

4,512,000

14

2.3.65

2022-9283

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

7000

129,804,800

12,980,480

15

2.3.67

2022-9284

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу

Аж, ахуйн

2500

11,550,000

1,155,000

16

2.3.68

2022-9285

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу

Аж, ахуйн

8000

36,960,000

3,696,000

17

2.3.87

2022-9286

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд нуурын зүүн урд талд

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

5000

6,000,000

600,000

18

2.3.89

2022-9287

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд Тэс фетролиум ШТС-ын хойд талд

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

2000

2,400,000

240,000

19

2.3.90

#2022-9289

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд талд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын баруун талд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

30000

14,400,000

1,440,000

НИЙТ ДҮН

175,053

475,360,266

47,536,027

Categories
мэдээ нийгэм

Үндэсний спортын анхдугаар Их чуулган Төрийн ордонд эхэллээ || DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр /2022.02.28/ Үндэсний спортын анхдугаар Их чуулган Төрийн ордонд болж байна.

Энэхүү чуулганд Монгол Улсын үндэсний 15 спорт холбоодын 21 аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болсон тамирчин, багш дасгалжуулагч, эрдэмтэн судлаач, үндэсний спортын зүтгэлтэн нийт 770 хүн оролцож байгаа юм.

Чуулганы нээлтэд Монгол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлэн үг хэлсэнийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Эрхэм хүндэт тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, үндэсний спортын зүтгэлтнүүд ээ,

Үндэсний спортын анхдугаар их чуулганы төлөөлөгч, эрхэм нөхөд өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын өв соёл, түүхийн салшгүй хэсэг, үеэс үед өртөөлөн, зуунаас зуунд уламжлагдан ирсэн үндэсний спортын төлөөлөл болох Та бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, анхдугаар чуулганаа зохион байгуулж байгаад баяр хүргэн, талархал илэрхийлж байна.

Үндэсний спортын холбоод нэгдэн нийлж, эв нэгдлийг үлгэрлэн манлайлж, нэгэн зорилгын дор хамтдаа үндэсний их спортоо ард түмэн, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, дэлхий ертөнцөд сурталчлан таниулах зорилгоор “Монголын үндэсний спортын хороо” байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлснийг дэмжиж, энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын үндэсний соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Монгол орны газар нутаг дээрх 6,000 жилийн тэртээх хадны зурагт бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг дүрсэлсэн байдаг. Анхны төрт улс болох Хүннү гүрний үед ч бөх барилдаж, морь уралдаж байсан түүхэн баримт байдаг нь монголчууд бидний үндэсний спорт, эрийн гурван наадмын өв соёл, түүх өнө эртнээс улбаатай төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоотойг нотлон харуулж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, монголчууд бидний аугаа түүх монгол адуутай салшгүй холбоотой.

Монголын түүхийг монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хамтдаа дэлхийн түүхийг бүтээлцсэн түүхтэй. Монгол морь бол Монголын ард түмний бахархал юм.

Тийм ч учраас алтан соёмбот төрийн сүлдэндээ монголчууд бид морио дээдлэн залсан түүхтэй билээ.

Тив, дэлхийн уралдаан, тэмцээн, олимпын наадамд төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж монгол түмнийхээ баярын магнайг тэнийлгэн бахдам амжилт үзүүлсэн тамирчид дунд үндэсний спортоор хичээллэж амжилтын гараагаа эхлүүлсэн хүчит бөхчүүд, цэц мэргэн харваач олон байдгийг бахдалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх нь чухал бөгөөд энэ асуудал Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болохыг Та бүхэнд хэлье.

Үндэсний спортоо олон улсад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн болон сонирхогчийн чиглэлээр хөгжүүлэх нь зөв зүйтэй болохыг бусад улсын туршлага нотолж байна.

Уран мэхийг уралдуулан, цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойдог монгол наадмыг 2010 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэснээр бид наадмаараа бахархан, сурталчлан түгээх, хөгжүүлэн дэлгэрүүлэх хариуцлагатай үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн билээ.

Үндэсний их баяр наадам бол монгол төр гурван цагийн хэлхээнд мөнхөд оршиж, мандан бадрах хувьтайг даян дэлхийд дуурсгаж буйг бэлгэддэг эртний түүхтэй их ёслол юм.

Монгол наадам бол тэнгэр хэчнээн агуу, газар хэчнээн уудам болохыг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэлхийн талыг эрхшээн Монголын их амар амгаланг тогтоож байсан монгол хүний эрдэм билиг, хүч чадал, онч мэдрэмж, хүлэг морьдынх нь шандас, тэсвэрийг гайхуулдаг үндэсний соёл, уламжлалын чуулган мөн билээ.

Үндэсний спорт, наадам бол монголчууд бидний эв нэгдэл, эрч хүч, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм.

Иймээс үндэсний спортын өв соёлыг тээгч Та бүхэн эв нэгдэл, ёс жудгийг эрхэмлэн дээдэлж, биеэр үлгэрлэн, олон түмнээ манлайлан түүчээлэх ёстой хүмүүс ээ.

Түүнчлэн та бүхэн залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн, зөв бодол, зөв сэтгэл, зөв үйлд сурган хүмүүжүүлэх, эрүүл биетэй, саруул ухаантай монгол хүнийг соён гэгээрүүлэх эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ байнга санаж явах учиртай.

Та бүхний үг үйлдэл, ёс жудаг, зан харьцаа ард иргэд, олон нийтийн анхаарлын төвд байнга байдаг.

Энэ ч утгаараа ард түмэн, үр хүүхдийнхээ өмнө нэр төрөө эрхэмлэн, үлгэр дуурайл болж, эв нэгдэл, ёс суртахуунаа чандлан сахиж байхыг Монголын ард түмэн та бүхнээс хүсэж, бас шаардаж байна.

Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулж байна.

Төр, ард түмнээс өгсөн алдар хүнд, цол чимэг, хайр хүндэтгэлийг ямагт өндөрт өргөж, нандигнан хадгалж, хамгаалж яваарай.

Ард түмнийхээ хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардах боллоо.

Энэ хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үндэсний спортыг дэмжих асуудал дан ганц хүмүүсийн сайн дурын хүсэл сонирхол дээр тогтох учиргүй. Харин Монгол төрийн бодлогын цөмд байж, түүнийг дэмжих, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ёстой.

Үндэсний спортын төлөөх байгууллага, холбоод нэгэн зорилгын төлөө нэгдэн нягтарч, төр засагтайгаа хамтран ажиллаж, Үндэсний спортын бодлого үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.

Иймээс Төрийн тэргүүний зүгээс Үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийг бүх талаар дэмжин Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Цаашид бид залуу хойч үеэ үндэсний спортын төрлөөр хичээллүүлж, бие сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Тухайлбал, Эрийн гурван наадам, шагайн харваа, мөсний шагай, мөсний сур харваа зэрэг багийн спорт, үндэсний спортын бусад төрөл болох монгол бие хамгаалах урлаг, тэмээн поло зэрэг спортоо хөгжүүлэн дэлгэрүүлэх шаардлагатай байна.

Мөн үндэсний спортоороо дамжуулан ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна.

“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн сайхан үг бий.

Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн эрүүл байна. Үндэстэн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Энэ үзэл санааг үндэс болгон үндэсний спортоо хөгжүүлэн дэлгэрүүлэх талаар олон арван шинэ санал, санаачилга гаргасан, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн ярилцсан, ирээдүйн бодлого, зорилт, хамтын ажиллагаагаа тодорхойлсон, нэгдсэн ойлголтод хүрсэн, ажил хэрэгч түүхэн уулзалт болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Та бүхний хандлага, та бидний хамтын ажиллагаанаас үндэсний спортын цаашдын хувь заяа, хөгжил дэвшил ихээхэн хамаарах болно.

Өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн, үндэсний спортоо гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн зүтгэлтэй бүх хүнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орныхоо өв соёл, зан заншил, түүх, үнэт зүйл, үндэсний уламжлалаа хойч үедээ нандигнан өвлүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй үндэсний соёлын өв тээгч, соён гэгээрүүлэгч, спортын зүтгэлтэн Та бүхэнд төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье!

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нинжиндун: Украины цагдаа нар нь хориглоод хүүтэйгээ утсаар ч ярих боломжгүй болох нь || DNN.mn

Харьков хот 2022.02.26 17:35 цаг


Украин дахь монгол иргэний ээж Б.Нинжиндунтай ярилцлаа.


Таны хүү Украинд амьдардаг юм байна. Сүүлд хэзээ холбогдов?

-Миний хүү гэр бүлээрээ Харьков хотод амьдардаг юм. Сүүлд хүүтэйгээ зургаан цагийн өмнө л хувь чатаар холбогдсон. Тэрнээс хойш огт холбогдож чадсангүй. Одоогоор метроны хөндийд л сууж байгаа болов уу. Тэнд нь сүлжээ унаад байдаг юм гэсэн. Санаа чилээд унтаж ч чадахгүй юм. Энхийн цагт хүүдээ ингэж санаа зовно гэж огт санасангүй. Сэтгэл түгшүүртэй маш хэцүү байна.

Украины Харьков хамгийн эрсдэлтэй хотуудын нэгд тооцогдож байна шүү дээ. Тэндэх нөхцөл байдлын талаар таны хүү юу хэлж байна вэ?

-Хүү маань байрнаасаа гараад олон хүмүүсийн хамт метроны хонгилд сууж байгаа талаараа хэлж байсан. Сүүлд хүйтэн пилтан дээр суугаад хоёр нялх хүүхэд нь даарч, хоолой нь өвдсөн талаар хэлж байна лээ. Хүүхдэдээ эм авахаар гарахад нь хажууханд нь бөмбөг дэлбэрсэн байгаа юм. Гарч хоол хүнсээ ч цуглуулах боломжгүй хүнд аюултай цаг үеийг туулж байна. Уул нь бидэн рүү холбогдоод нөхцөл байдлаа дуулгаад байсан юм. Гэсэн ч метронд байгаа иргэдийг цагдаа нар хянаад байгаа юм билээ. Утсаар бичлэг хийж, нийгмийн сүлжээнд цацахыг нь хориглож байгаа талаар ярьж байна лээ. Уул нь газар дээрх нөхцөл байдлыг тухайн үед нь танилцуулаад яваад байсан юм. Харамсалтай нь тэндхийн хууль сахиулагчид хяналт тавьснаар тийм боломж хязгаарлагдмал боллоо. Хэдэн цагийн хугацаанд хүүгээс маань сураг чимээ алга. Өглөө гарахад нь хажууханд нь л айхтар зүйл болсон талаар хэлж байсан. Муу бүхэн холуур өнгөрч, энх цаг түргэн ирээсэй гэж залбирахаас бусдаар хийж чадах юм надад үнэндээ алга.

Таны хүү Монгол руу ирэх хүсэлтээ Консул руугаа удаа дараа өгч байсан талаар хэлж байсан. Ямар шалтгаанаар Монголд ирж чадаагүй юм бэ?

-Аль эрт л Монгол руугаа ирэх хүсэлт гаргасан. Харамсалтай нь Консулын зүгээс “Эхнэр хүүхдийг чинь татах боломжгүй” гэх байр суурийг илэрхийлсэн байна лээ. Элчингийн энэ тайлбарт нь зэвүү хүрээд байх юм. ГХЯ, ЭСЯ Харьков дахь монгол оюутнуудаа ч гүйцэд татаж чадаагүй шүү дээ. Тэнд хэдхэн монгол оюутан л үлдсэн байх. Бусад улс орнуудын тухайд дайны бүсээс иргэдээ аль эрт татаад авчихсан. Манай ЗГ-ын тухайд буун дуу тачигнасан аюултай газар л залуусаа үлдээчихээд “Өөр хот руу унаагаар хүрээд ир” гэх хачин тайлбар хэлээд сууж байна. Харьковт зөвхөн тусгай хэрэгцээт тээврийн хэрэгсэлд л шатахуун олгож байгаа. Ийм хүнд нөцхөлд хаанаасаа яаж шатахуун авах юм бэ. Аль эрт л Харьковт суудаг гадаад иргэд нь орхиж эхэлсэн шүү дээ. Уугуул оршин суугчид нь ч дайны нөхцөл байдлаас шалтгаалж хотоо орхиж байсан. Ийм байхад л манай ЭСЯ тодорхой шийдвэрт хүрч чадахгүй явсаар дайн эхэлчихлээ.

-Харьков дахь эрх баригчид иргэдийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?

-“Байгаа байгаа газраа тайван байгаарай. Та бүхний өмнөөс арми ажиллаж байгаа.Тиймээс санаа зоволтгүй” гэж цаг тутам хэлж байгаа юм билээ. Метроны хонгилд орогносон иргэдийг буутай цэргүүд хамгаалалтад аваад байгаа талаар хүү минь хэлж байсан. Гэлээ гээд ойр ойрхон тэнгэр дуугарч, газар хөдөлж байгаа мэт тэсрэлт болж байхад яаж тайван байх билээ дээ.

-Сүүлд мэдээлж буйгаар бол Харьков хотоос гарах орох, хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тухай хэлж байна.

-Харьковт нөхцөл байдал хүндэрсэн талаар дэлхий нийт шуугьж байна. Сүүлдээ хүүтэйгээ холбоо барихад ч хүндрэлтэй болж ирлээ. Метроны хонгилд утсаа цэнэглээд байх ч боломж хомс юм байна. Цагдаа нар нь ч бичлэг хийж, зураг дарахыг хориглож байгаа юм билээ. Яг одоогоор хүүгийнхээ гэр бүлийн төлөө залбираад хүлээхээс өөр арга алга. Ямартаа ч бүх бичиг баримтыг нь ГХЯ руу аваачиж өгсөн.

-Хариуцлагатай үед ГХЯ, ЭСЯтааруу ажилласан гэх байр суурийг Украин дахь монгол оюутнуудын гэр бүлийн зүгээс илэрхийлж байна. Таны тухайд?

-Аль эрт л иргэдээ татаад авчих бүрэн боломж байсан. Сар орчмын өмнөөс л нөхцөл байдал буруугаар эргэж, тэндэх оюутан залуус Консулын газар луугаа хандаж эхэлсэн байдаг. Тухайн үед Консулын газрын зүгээс “Дайн болохгүй” гэх байр суурийг илэрхийлж явсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ. Бусад улс орнууд Украинаас иргэдээ татаад байхад манайх юу бодож байсан юм бол, гайхаад байх юм. Галт тэрэг хөдөлчихсөн хойно шуурхай хуралдаан зарлаж татаж авах талаар ярилцаж байгаа нь эмгэнэлтэй байна. Арга мухардахдаа УИХ-ын гишүүн Д.Батлутад ч хэлж үзлээ. Украинд байгаа хүү маань Эрдэнэтийн юм. Гишүүний зүгээс холбогдох хүмүүст уламжилж, яаралтай арга хэмжээ авах талаараа хэлж байна лээ. Ямар нэгэн байдлаар нааштай хариу гарах болов уу гэж хүлээж байна. Хонгилд пилтан шалан дээр суусан хоёр ач маань хоолой нь өвдөж байгааг дуулаад их санаа зовлоо” гэв.


Консулын газрын захирал Б.БОЛД: Оюутнуудад байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлсэн


Гадаад харилцааны яамнаас Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Консулын газрын захирал Б.Болд “Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч дөрвөн иргэн байна. Киев хотод 12 оюутан, байнгын оршин суугч гурав байна. Харьков хотод байсан оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр (өчигдөр) зарим нь байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байна. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байна.

Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өчигдөр өглөө Польш улсын хилээр нэвтэрсэн. Тус улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. Бидний зүгээс хоёрдугаар сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.

Киев хотын орох, гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Иймд Украин дахь монгол иргэд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлсэн. Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ. Бид нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр дайн үүсч болзошгүй тул эх орондоо ирэхийг зөвлөн, тээврийн зардлыг төр даана гэдгийг мэдээлсэн. Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл ирэх жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй тул ирж чадаагүй юм билээ. Бид оюутнуудыг татан авахтай холбогдуулан сар гаруйн өмнөөс холбогдсон. Үндсэндээ 68 оюутнаас 40 орчим нь эх орондоо ирээд байна.

Өнгөрсөн мягмар гаригийн орой оюутнуудыг эх орондоо ирэх санал тавьж, буцах зардлыг даахад бэлэн гэдгийг мэдэгдсэн. Украинд үлдэж буй оюутнуудын тухайд дийлэнх нь хэлний курст суралцсан, төгсөх дамжааных. Хэрэв хичээлээ орхиж эх орондоо буцвал хэлний бэлтгэлийн оюутнуудыг нэгдүгээр дамжаанд оруулах, төгсөх курсийн оюутнууд төгсөхгүй гэсэн шаардлагад дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлт оюутнууд тавьсан. Энэ дагуу “Бид албан бичиг гаргаж өгье, та бүхэн эх орондоо ир” гэсэн хариу өгсөн. Гэвч удалгүй 24 цагийн дараа дайн эхэлж, энэ асуудал түр хугацаанд зогссон. Мөн бидний авсан мэдээллээр, тус улсад оршин суудаг монгол эмэгтэй “Оюутнуудыг нутаг буцаахгүй байх хэрэгтэй, заавал буцах бол Засгийн газраасаа бичиг ав гэсэн шаардлага тавьсан” гэсэн. Ямар зорилгоор ийм зүйл ярьсныг сайн мэдэхгүй байна. Үүнээс болж цөөн оюутан буцах шийдвэр гаргаж чадаагүй” юм билээ гэв.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын эмэгтэй баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ || DNN.mn

“Дубай 2022” Пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг амжилттай оролцож, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ. Онөөдөр болсон Олимп, Паралимпын үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд Монгол улсын баг (Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс) хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан болсон сайхан мэдээтэй байна.

Эмэгтэй 8 багаас Италийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ-ын харваачид дэд аварга боллоо.Манай харваачид урьдчилсан харваалтаар 5-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний харваанд Туркийн багийг 5:4-р хожиж, хагас шигшээд үлдсэн. Улмаар чансаагаар тэргүүлсэн ОХУ-ын багт 6:0-р дийлдэн хүрэл медалын төлөө харвах болсон юм. Манай багтай урьдчилсан харваанд 2-оор гарч ирсэн Энэтхэгийн хүчтэй баг таарсан ч “Токио 2020” Паралимпын наадмын оролцогч Д.Сэлэнгээ, шигшээ багийн харваач Б.Жавхлантөгс нар маань 5:1-ээр хожин медалын болзол хангалаа. Энэхуу ялалт Монголын пара баг тамирчдын ДАШТ-д узуулж байгаа бахдам амжилт юм. Монголын эрэгтэй баг (А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноо) эхний тойрогт АНУ-ын багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлуулсэн.

Энэ төрөлд Их Британы баг дэлхийн аварга болсон бол ОХУ мөнгө, Ираны баг хүрэл медаль хуртлээ. Мөн холимог Багийн төрөлд манай баг Тайландын багт ялагдсан юм. Ганцаарчилсан төрөлд манай харваачид хоердугаар тойрогт шалгарсан амжилтыг үзүүлэв. Пара байт харвааны ДАШТ-д 30 гаруй орны баг оролцсоноос Монгол Улсын баг эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай энэ оны тэмцээнийг эхлууллээ.

Монголын багийн дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцлоо. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй пара байтын ДАШТ Ням гаригт (02.27) өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Украины асуудлаар О.Цогтгэрэл даргатай АН мэдэгдэл гаргав || DNN.mn

Украины асуудлаар О.Цогтгэрэл даргатай АН-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.

ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.
Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

АН-ын энэхүү мэдэгдлийг иргэд шүүмжлээд эхэлжээ. Тухайлбал, АН-ыг дотоод маргаанаа шийдэж чадаагүй байж ийнхүү улс төрийн байр суурь илэрхийлэх нь буруу гэдгийг хэлж байна. Дашрамд дуулгахад, О.Цогтгэрэл даргатай АН-аас Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг ирэх сарын 3-нд хуралдахаар тов гаргажээ. Харин С.Эрдэнэ даргатай АН-аас өнгөрөгч долоо хоногт Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч буйгаа мэдэгдсэн. Ийнхүү хоёр дарга, тэмдэгтэй АН эвлэрэх нь байтугай дахин даргын сунгаа хийж, маргаанаа үргэлжлүүлэх нь.

Categories
гадаад мэдээ нийгэм

Оросын хоёр тэрбумтан дайны эсрэг байгаагаа илэрхийлжээ || DNN.mn

Украинд болж буй үйл явдлын талаар Оросын олигархиуд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа.

Харин Ням гарагт Оросын томоохон бизнесмэнүүд болох Михайл Фридман, Олег Дерипаска нар тэднээс анх удаа дайны эсрэг байгаагаа илэрхийлжээ.

Оросын хамгийн том хувийн банк болох Альфаг үүсгэн байгуулагч, LetterOne хувийн хөрөнгө оруулалтын компанийг эзэмшигч Фридман ажилтнууддаа илгээсэн захидалдаа дайны эсрэг байгаагаа мэдэгдсэн байна.

Фридман нь Украины Львов хотын уугуул бөгөөд эцэг эх нь одоо ч тэнд амьдардаг юм.

“Миний амьдралын ихэнх хэсэг Орост өнгөрч, энд бизнесээ босгосон. Украин, Оросын ард түмэнтэй гүнзгий холбоотой би энэ зөрчлийг хоёр үндэстний аль алинд нь тохиолдсон эмгэнэлт явдал гэж үзэж байна” гэж Фридман захидалдаа бичжээ.

2021 онд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 128 дугаарт эрэмбэлэгдэж байсан тэрбээр “Би бол Орос, Украинд олон мянган ажилтныхаа өмнө хариуцлага хүлээдэг бизнесмэн хүн. Дайн хэзээ ч шийдэл байгаагүй гэдэгт би итгэдэг. Олон зуун жилийн турш ах дүүгийн хэлхээ холбоотой байсан хоёр үндэстэн энэхүү хямралын үр дүнд хоёулаа хохирч, олон хүний амь үрэгдэх болно” гэж бичсэн байна.

Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн аварга компани Русалыг үүсгэн байгуулагч, одоо ч уг компанийнхаа хувийг Лондонд бүртгэлтэй EN+ Group-ээр дамжуулан эзэмшдэг Олег Дерипаска өчигдөр Телеграм сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Энх тайван хамгаас чухал” гэж бичээд энхийн яриа хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Кремлийн эрх баригчидтай холбоотой шалтгаанаар тэр 2018 оноос хойш АНУ-ын эдийн засгийн хоригт байгаа юм.

Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсонтой холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг шат дараатай зарлаад байна.

Үүний улмаас Оросын хөрөнгөтнүүд асар их алдагдал хүлээх нөхцөл үүссэн юм.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 166 тохиолдол бүртгэгдэв || dnn.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 166 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 111 нь Улаанбаатар хотод,
  • 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна.