Categories
гадаад мэдээ

Индонез гадаадын жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авахаар төлөвлөж байна || DNN.mn

Индонез гадаадын жуулчдад тавьж буй тусгаарлалтын шаардлагуудаа ирэх дөрөвдүгээр сараас цуцлах зорилтынхоо хүрээнд гуравдугаар сараас эхлэн Бали аралд ирэх жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авах туршилт явуулахаар болжээ.

Далай тэнгис, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Лухут Панжайтаны мэдээлснээр, вакцинд бүрэн хамрагдсан жуулчид нисэх онгоцноос буусныхаа дараа “PCR” шинжилгээ өгч, хариугаа гартал урьдчилан захиалсан байрандаа байрлах ёстой байна. Энэхүү туршилтын хөтөлбөрийг гуравдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч ирэх долоо хоногт өвчлөл буурвал эхлэх хугацааг нь урагшлуулж магадгүй ажээ.

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай оронд тооцогддог Индонезид халдвар тархсан хэвээр байгаа ч бүс нутгийнхаа бусад орнуудын жишгийг даган коронавирустэй дасан зохицож амьдрах стратегийг хэрэгжүүлэхээр хязгаарлалтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулж байгаа юм. Мөн эрх баригчид вакцинжуулалтын явцыг түргэтгэхийн тулд вакцины хоёр дахь болон нэмэлт тунгийн хоорондох хугацааг зургаагаас гурван сар болгон бууруулсан байна.

Улсын хэмжээнд ням гарагт халдварын 34976 тохиолдол илэрч, 229 өвчтөн халдварын улмаас нас баржээ. Үүнийг өнгөрсөн онд “дельта” хувилбарын тархалтын оргил үеэр өдөрт 2000 хүн нас барж байсантай харьцуулахад хавьгүй доогуур байгааг Л.Панжайтан онцолжээ. Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикины мэдээлснээр, Засгийн газар хүн амын дунд дархлаажуулалт болон халдвар авснаар үүссэн эсрэг биетийн түвшнийг тодорхойлох цусны сорьцын шинжилгээг дахин явуулах бөгөөд үр дүн нь дөрөвдүгээр сард гарах төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Блэйк Лайвли, Райан Рейнольдс нар Украины дүрвэгсдэд 1 сая ам.доллар хандивлана || DNN.mn

Блэйк Лайвли, Райан Рейнольдс нар Украины дүрвэгсдэд 1 сая ам.доллар хандивлана

Холливудын жүжигчин Блэйк Лайвли, Райан Рейнольдс нар Украины дайнаас зугтсан дүрвэгсдэд нэг сая ам.доллартой тэнцэх хандив өгөхөө олон нийтийн сүлжээнд мэдэгдэв.

“48 цагийн дотор үй олон украинчууд орон гэрээ орхин хөрш орнууд руу дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй байна. Манай гэр бүлийн зүгээс 1 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хандив өргөхөө мэдэгдэж байна” гэж Рейнольдс Бямба гарагт өөрийн твиттер хуудсандаа НҮБ-ын дүрвэгсдийн агентлагт хандан бичжээ.

Мөн түүний эхнэр, жүжигчин Блэйк Лайвли НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын дарсан хүүхдийн зургийг өөрийн инстаграмдаа нийтэлж, мөн хандивын мэдэгдлээ бичжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

British Petrolium компани Роснефтийн 20 хувийн эзэмшлээсээ татгалзжээ || DNN.mn

Украинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан Их Британийн газрын тос, байгалийн хийн British Petrolium (BP) компани ОХУ-ын Роснефть компанид эзэмшдэг 19.75 хувиасаа татгалзах шийдвэр гаргалаа.

Ингэснээр BP компанийн энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайланд $25 тэрбумтай тэнцэх бэлэн мөнгөний бус алдагдал бичигдэх юм байна.

“Олон хүмүүсийн нэгэн адил би Украинд үүссэн нөхцөл байдалд харамсан цочирдож, хохирсон бүх хүмүүсийн төлөө санаа зовж байна. Энэ үйл явдал BP-ийн хувьд Роснефть дэх байр сууриа үндсээр нь эргэж харах шалтгаан боллоо” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Бернард Лүни мэдэгджээ.

Тэрбээр BP группийн гүйцэтгэх захирал асан Боб Дадлигийн хамт Роснефтийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарах юм байна.

ОХУ-ын цэрэг Украинд халдан түрэмгийлсэн явдал Роснефттэй сүүлийн 30 жил үргэлжилсэн хамтын ажиллагааг нь цаашид үргэлжлэх боломжгүй болгож байгааг BP компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хелге Ланд мэдэгджээ.

Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нь Кремльд нөлөөтэй олигархиудын нэг бөгөөд өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын засаг захиргаанаас зарласан эдийн засгийн хоригт нэр нь багтсан юм.

Categories
мэдээ нийгэм

Технологийн салбарын эмэгтэйчүүдийн хамгийн том уулзалт “WOMEN IN TECH 2022” болно || DNN.mn

Технологийн салбарын эмэгтэйчүүдийн хамгийн том уулзалт “WOMEN IN TECH 2022” болно

Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн хамгийн том уулзалт “WOMEN IN TECH 2022” арга хэмжээ дөрөв дэх жилдээ 2022 оны 3 дугаар сарын 8-нд Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгуулагдах гэж байна.

Монгол дахь технологийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүд болон технологийн салбарт дурлагч залуу охид бүсгүйчүүдээ нэгтгэж, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын хөгжлөө ярилцах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгоно.

Уг үйл ажиллагаанд 500 гаруй үзэгч, 100 гаруй байгууллагууд оролцож 11 илтгэгч дата, мэдээллийн аюулгүй байдал, дата менежмент, мэдээллийн технологийн аудит, эмэгтэйчүүдийн оролцоо, фентек түүчээлэгчид, бизнес хоорондын харилцаа, боловсролын салбарын ирээдүй сэдвээр илтгэл тавина.

Тус эвентэд оролцох зарим илтгэгчид:

  • Б.Тамир, Айтүүлс ХК, Гүйцэтгэх захирал
  • О.Энхжин, TomYo EdTech Гүйцэтгэх захирал
  • Т.Аягүль, CallPro, Гүйцэтгэх захирал
  • Б.Манд, Б.Ариунсанаа – Hello Baby App үүсгэн байгуулагчид

Үйл ажиллагааг санаачлагч “Эмпасофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан:

– Энэ жилийн үйл ажиллагааг маань “Рио Тинто” ивээн тэтгэж байгаа ба олон оролцогчтой гэдгээрээ онцлог байна. Уг эвентэд ирснээр технологи хэрхэн хөгжиж, чиг хандлага хаашаа яваад байгааг мэдэж авна. Мөн энэ салбарт ямар боломжууд байгааг мэдэж, бие биетэйгээ танилцах, ажилд орох, кареераа өсгөх боломжтой ба старт ап бизнес эхлэх сонирхолтой хүмүүст манай спикерүүд туслах юм.

Categories
гадаад мэдээ

375 мянган Украинчууд эх орноосоо дүрвэжээ || DNN.mn

ОХУ-ын халдлагын улмаас Украины 375 мянга гаруй иргэн эх орноосоо дүрвээд байна. Цаашид мөргөлдөөн үргэлжилсээр байвал дүрвэгсдийн тоо дөрвөн сая хүрнэ гэж Европын Холбоо тооцоолсон болохыг Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр “Европын Холбоо Украинд 500 сая ам.долларын зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр боллоо. Түүнчлэн Олон Улсын Валютын Сан 1.4 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа” гэв.

Categories
гадаад мэдээ нийгэм

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх судалгааны хүрээнд пуужин харвасан гэж мэдэгдэв || DNN.mn

БНАСАУ “тагнуулын хиймэл дагуул” бүтээх судалгааны ажлын хүрээнд “чухал туршилт” явуулаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Ням гарагт өглөөний 07 цаг 52 минут орчимд Пёньян хотын Сунан нисэх онгоцны буудлаас баллистик бололтой нэг пуужин Япон тэнгис рүү харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн урьд нь мэдээлсэн юм.

“БНАСАУ-ын Үндэсний сансрын технологийн хөгжлийн газар (NADA) Батлан хамгаалахын шинжлэх ухааны академитай хамтран хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд чухал туршилт явууллаа” гэж KCNA мэдээлсэн байна.

Туршилтын явцад “өндөр нарийвчлалтай гэрэл зургийн төхөөрөмж, өгөгдөл дамжуулах системийн техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны нарийвчлал”-ыг баталгаажууллаа гэж тус агентлаг онцолжээ.

Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн ням гарагт харвасан пуужинд суурилуулсан камераар авсан бололтой Солонгосын хойгийг сансраас авсан зургуудыг нийтэлсэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“Анна Каренина” сонгодог жүжгийг гуравдугаар сарын 17-ныг дуустал толилуулна || DNN.mn


Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон “Анна Каренина”-г тайзнаа дахин толилуулж байна.

Жүжгийг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа юм. Тэрбээр жүжгийнхээ талаар “Анна Каренина бол яг цагаа олсон жүжиг.

Үнэн хэрэгтээ Анна бол од эсвэл алдартай жүжигчин ч биш. Жирийн айлын эзэгтэй. Гэтэл түүний амьдралыг хов живд хутгах буюу одоогийнхоор бол сошиалаар нэг тарааснаас болж, тэр бүсгүй эцэстээ даахаа больж, амиа егүүтгэхэд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгэм нь өөрөө хүний амийг хөнөөж байгаа юм.

Гэтэл Аннагийн явдал нь ертөнцөд цор ганц биш. Энэ зохиолыг барьж авах болсон шалтгаан нь нийгэм хов живд дуртай, хүний амьдрал руу өнгийдөг, хөнжил сөхдөг зэрэг нь дээд цэгтээ хүрсэн гэдгийг л харуулахыг зорьж байна” гэлээ.

“Анна Каренина” жүжиг гуравдугаар сарын 17-ныг дуустал тоглогдох юм байна. Уг жүжиг анх 2020 оны аравдугаар сарын 3-нд нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18,142 үзэгчдийн хүртээл болжээ.

Уран бүтээлчид:

Гол дүрд:

  • Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
  • Алексей Вронский – Т.Сэргэлэн
  • Алексей Каренин – Б.Жаргалсайхан /АЖ/

II дүрд:

  • Константин Левин – С.Болд-Эрдэнэ /УГЖ/
  • Анна /хувь заяа/ – Н.Сувд /Хөдөлмөрийн баатар, ТС, АЖ/
  • Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/
  • Кити Щербацкая – Д.Хулан
  • Степан Облонский – О.Гэрэлсүх /СТА/
  • Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

  • Варя Вронская – Ц.Баясгалан /УГЖ/
  • Щербацкий Ван – П.Цэрэндагва /Хөдөлмөрийн баатар, АЖ/
  • Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
  • Серёжа – Т.Маргад
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий уучлалт гуйлаа || DNN.mn

Өчигдөр болсон улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзий улсын начин Ж.Ням-Эрдэнийн шанаа руу цохьсон гэж шүүмжлүүлээд байгаа билээ.

Үүнд Б.Бат-Өлзий харцага тайлбар хийн, уучлалт гуйлаа. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуй байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт нөхөн сонгууль болно || DNN.mn

Булган аймгийн ИТХ-ын хуралдаан өнөөдөр цахимаар болж, нөхөн сонгуулийг товлон зарлалаа. Аймгийн ИТХ-д Орхон сумаас сонгогдсон төлөөлөгч нас барьсан учир тус суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн юм.

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх зургаадугаар сарын 19-ний Ням гарагт нөхөн болон дахин сонгуулийг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулахаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд байгаа талаар аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлдөг бодисыг хууль бусаар ашигласан 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ || DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 254 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 624 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 25 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,993 хэрэгт хяналт тавьж, 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 173
  • Өмчлөх эрхийн эсрэг 79
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29
  • Хүрээлэн байгаль орчны эсрэг 6
  • Авлигын 4
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.