Их Британийн “The Economist” сэтгүүл 2022 онд биеллээ олж хүн төрөлхтний амьдралд нэвтэрч эхлэх зарим дэвшилтэт шинэ технологийг онцолжээ.
Устөрөгчөөр ажилладаг нисэх онгоц
Уснаас өөр зүйл ялгаруулдаггүй устөрөгчийн түлшний элементээр ажилладаг хэд хэдэн нисэх онгоцыг энэ жил турших ажээ. Нидерландын Делфтийн технологийн их сургуульд боловсруулсан хоёр хүний суудалтай онгоцыг хамгийн түрүүнд турших юм байна. Үүний дараа АНУ-ын Калифорни мужид байрладаг “ZeroAvia” компани 20 хүний суудалтай онгоцны туршилтаа дуусган энэ онд багтааж устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүрээ улсын сертификат олгох шалгалтад бүрэн бэлтгэж дуусгахаар төлөвлөжээ. АНУ-ын Калифорни дахь “Universal Hydrogen” хэмээх өөр нэг компани устөрөгчөөс өөр шатахуун хэрэглэдэггүй 40 хүний суудалтай онгоцоо энэ оны есдүгээр сард туршихаа зарласан аж.
“Босоо” тариалан
Сүүлийн жилүүдэд “босоо” тариалан хэмээх хөдөө аж ахуйн шинэ төрөл эрчимтэй хөгжих болжээ. Хаалттай, бүрэн автомат хяналт бүхий орчинд давхарлан босгосон савнуудад хүнсний элдэв ургамал тариалах болсон нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. Диод гэрлийг үр ашигтай хэрэглэх болсон нь ийм тариалангийн өртгийг хямдруулсан аж. Үүнээс гадна “босоо” тариаланг эцсийн хэрэглэгчдээс холгүй байрлуулж болох тул тээвэрлэлтийн зардлыг эрс багасгадаг давуу талтай гэнэ. Ийм төрлийн тариаланд усны хэрэглээ эрс багасдгаас гадна элдэв хортон шавьжнаас найдвартай хамгаалагдсан тул пестицид бордооны шаардлагагүй юм байна.
Их Британийн “Jones Food Company” компани энэ онд дэлхийд хамгийн том буюу 13 750 ам.метр бүхий “босоо” ферм босгох ажээ. Тэгвэл АНУ-д хамгийн томыг нь Виржини мужийн Даневиллд “AeroFarms” компани цогцлоохоор төлөвлөжээ. Данийн “Nordic Harvest” Копенгагенаас холгүй орших “босоо” фермээ үлэмж өргөтгөх болсноо ч мөн зарлажээ. “Босоо” тариалангийн талбайг өргөтгөснөөр бүтээгдэхүүний өртөг нэлээд буурах гэнэ.
Тархины чип
АНУ-ын шинийг санаачлагч тэрбумтан Элон Маскийн “Neuralink” компани сармагчин дээр амжилттай туршсан, тархинд байрлуулдаг бичил электрод бүхий чипийг энэ жил хүн дээр турших юм байна. Туршилт амжилттай болсон тохиолдолд өвчний улмаас бие нь хөшсөн хүмүүс тархин дахь чипийн тусламжтайгаар компьютертэй харьцан ажиллах боломж нээгдэх юм. Тэгвэл АНУ-ын “Synchron” компани ижил төрлийн төхөөрөмжийг хүн дээр турших зөвшөөрлийг тус улсын зохих байгууллагуудаас хэдийнэ авч чипийг хүзүүний артерийн судсуудаар дамжуулан тархинд суулгах аргыг боловсронгуй болгож эхэлжээ.
Далбаат хөлөг онгоц
Дизелиэр ажилладаг далайн хөлөг онгоцууд агаар мандлыг ихээхэн бохирдуулж хүчилтэй бороо ороход хүргэдэг аж. Тэгвэл 2022 онд Францын “Michelin” компани далайн тээврийн далбаат хөлөг онгоц үйлдвэрлэж түлш, шатахууны зардлыг 20 хувиар хэмнэхээс гадна хортой бодис ялгаруулах явдлыг эрс багасгана гэж мэдэгджээ. Японы далайн тээврийн “MOL” компани энэ оны наймдугаар сард хөлөг онгоцондоо телескоптой хатуу далбаа байрлуулахаа зарласан бол Италийн “Naos Design” компани найман хөлөг онгоцоо эргэдэг, бас эвхэгддэг хатуу далбаагаар тоноглоно гэжээ. Олон улсын далбаат хөлөг онгоцны холбооны тооцоолсноор, 2022 онд далбаа бүхий тээврийн хөлөг онгоцны тоо дөрөв дахин нэмэгдэж 40 болох юм байна.
Хиймэл мах
АНУ-ын Сан-Франциско хотын хиймэл мах үйлдвэрлэгч “Eat Just” компани 2020 онд бүтээгдэхүүнээ Сингапурт худалдаалах анхны зөвшөөрлийг авсан билээ. Тэгвэл энэ онд амьтдаас авсан махны эд эсийг уураг, өөх тос, чихэр, витамин, эрдэсээр баяжуулсан тусгай шөл бүхий био реакторт өсгөж “үйлдвэрлэдэг” компаниуд нэлээд нэмэгдэх аж. Жишээ нь, Израилийн “SuperMeat” компани ширхэг нь 10 ам.долларын үнэтэй тахианы махан котлет худалдаалах зөвшөөрөл авна гэдэгтээ итгэлтэй байна. 2018 онд ийм котлетийн өөрийн өртөг 2500 ам.доллар байсан гэнэ. Үүнээс гадна үхэр, гахай, цацагт хяруул, янз бүрийн загасны хиймэл мах үйлдвэрлэгчид зардлаа эрс хямдруулан энэ оноос эхлэн ашигтай ажиллаж эхлэх төлөвтэй байна.
3D принтерээр хэвлэдэг хүний яс
АНУ-ын “Particle3d”, “Adam” компаниуд 2022 онд 3D принтерээр хүнд суулгах боломжтой ясыг хэвлэн хүртээмжтэй болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Эл хоёр компани кальцийн үндэстэй эрдэсийг ашиглан захиалгын дагуу өвчтөний компьютер томографи зураг дээр үндэслэн хиймэл яс хэвлэх ажээ. “Particle3d”-ийн гахай, хулгана дээр хийсэн туршилтууд хиймэл яс найман долоо хоногийн дотор биед нь бүрэн дүүрэн идээшиж төлждөгийг харуулжээ. “Adam”-ын хэвлэсэн хиймэл ясны туршилт аажмаар задран үгүй болж, жинхэнэ яс төлжихийг өдөөсөн гэнэ. Эдгээр хоёр компани энэ жил хүний ясыг амжилттай хэвлэн шилжүүлэн суулгавал артерийн судас, зүрхний клапаныг 3D аргаар хэвлэх туршилтуудыг эхлүүлэхээ мэдэгджээ.
Нисдэг цахилгаан такси
АНУ-ын Калифорни мужид байрладаг “Joby Aviation” компани нэг цэнэглэлтээр 240 хүртэлх км зай туулах чадвартай таван хүний суудал бүхий арав гаруй нисдэг цахилгаан такси үйлдвэрлэн туршиж, үйлчилгээнд ашиглах зөвшөөрөл авахыг зэхэж байна. Германы “Volocopter” компани ч нисдэг машинуудаа 2022 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. Тус компани 2024 оны Парисын зуны олимпийн наадмын үеэр нисдэг таксины үйлчилгээ үзүүлэх оператороор ажиллах эрмэлзэлтэй аж.
Д.Цэрэндолгор