Categories
мэдээ нийгэм

DNN-БАРИМТ: Түлэнхийн төв ба Хууль хяналтын байгууллагын гял цал өргөө

Шүүх, цагдаа, прокурор, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас эхлээд яамд, хотын захиргаа, дүүргүүд гээд ихэнх төрийн байгууллага том гэгч нь сүрлэг байшинд нүүж оров.

Өргөтгөл нэртэй үндсэн байрнаасаа том байгууламжийг бүтээн босгоно. Чухам тус том том орд харш маш богино хугацаанд сүндэрлэчихдэг нь хачирхалтай.

2017-2021 онд улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар
6.5 их наяд төгрөгийн
санхүүжилт батлагдсан
боловч энэ онуудад 4.3
их наяд төгрөгийн ажил хийгджээ.

Түүнчлэн 7-10 жилийн өмнө эхэлсэн 250 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 барилга, байгууламжид 2022 оны төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна.

Ингээд эмнэлэг, сургуулиас илүү төрийн байгууллагын барилгад өргөтгөл, шинэчлэл хийсэн байдлыг дурдъя.


2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ЦЕГ-ын төв байрны дэргэд Улсын мөрдөн байцаах газрын барилгын шавыг тавих ёслол болж байв.

Гэтэл 2021 оны төсвийг өмнөх оноос 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, 650 алба хаагчийн орон тоог нэмж, 13.4 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгчээ.


Мөрдөн байцаах албаныхан найман сарын хугацаанд гурван давхар хуучин барилгын суурин дээрээ есөн давхар 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байр барьсан.


Хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалт төсөвгүй царцчихдаг.

Төрөх эмнэлгүүдийн дүр төрх хөөрхийлөлтэй дүр зурагтай. Нэгдүгээр эмнэлэг, Хавдрын эмнэлгийн өргөтгөл шийдвэрлэгдээгүй байхад л Тагнуулын Ерөнхий Газрын шинэ барилгыг дор нь бариад орчихно.

Түүнчлэн хэзээ нүүж орох нь тодорхойгүй нийслэлийн шинэ “Хангарьд” ордон хотын захад баригдаад дууссан. Төрийн байгууллагууд үнэхээр л шинэ оффис, тохитой байргүй бол ажиллаж чадахгүй болчихсон гэмээр…

Одоо Хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгон ажиллаж байгаа юм.

Тагнуулын ерөнхий газрын өргөтгөл, шинэчлэлийн ажил нэлээд их хэмжээний төсөв яригдаж байв. Жил хүрэхгүйн хугацаанд өнгө зүсээ засаж, өргөтгөсөн барилгын жишээ.


Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос
зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ашиглалтад
орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Ашиглалтад
орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй аж.


Монгол Улсын Засгийн газар Эх хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж 2021 онд улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 964.2 сая төгрөгийн барилгын засвар 33.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч санхүүжилтийг цаашид тогтвортой нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна.

Иймээс 2022 оны төсөвт ЭХЭМҮТ болон Улсын хүрээ амаржих газруудад иж бүрэн засвар өргөтгөлийн ажлууд хийхээр тусгажээ. Энэхүү ажлаа дорвитой хийгээсэй гэж хүснэ. Тэгж байж иргэдээс бага ч болов бонус авах биз төр.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний гол төв болсон Эх нялхсын Эрүүл мэндийн төвийн барилга олон жил шүүмжлэл дагуулсаар ирсэн. Ялангуяа 2020 оны дөрөвдүгээр сарын энэ зураг тухайн үедээ цахим орчинд тархаж нэлээдгүй хэл аманд өртөөд амжсан.

Тохь тухтай барилга байгууламж сүндэрлэсээр байдаг ч Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалж байгаа ганц эмнэлэг нь ийм байх.


Татварын ерөнхий газрын байр тухайн үедээ 3 тэрбум 750 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгөөр боссон байна. Орчин гэж дээд зурагнаас эрс тэс харагдана.



Тухайн үед Хууль зүйн яамны өргөтгөлийн оронд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол 5-6 сургууль, эсвэл 10 гаруй цэцэрлэг босгох байжээ.

ГЭТЭЛ өнөө муу “Түлэнхийн төв” ор сураггүй. “Спортын ордон”, “Мөсөн өргөө”, Цагдаа хүчний байгууллагын барилга гээд маш олон, том барилгууд нээлтээ хийгээд амжсан. Тус эмнэлгийн байр л бахь байдгаараа.

Түлэгдэлтийн улмаас жилд ирж буй 4000 хүний 2800-3000 нь 0-5 насны хүүхэд байдаг аж. Өнөөдөр орны хүрэлцээ хангамжаас шалтгаалан нөхөн сэргээх мэс засал хийж, түлэнхийн дараахь асуудлыг шийдэх ямар ч боломжгүй олдохгүй байгааг эмч нар учирлана.

“Түлэнхийн төв”-д өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд 54 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хоёр жижигхэн өрөөнд 12 эмч хуваагдан сууна. Агааржуулалт байхгүйн улмаас эмнэлэгт халдвар тархах эрсдэлтэй байдаг гэнэ.

Төсвийн мөнгөөр гял цал гийсэн барилга барихаас төр нэгэнтээ ичих ээ байж ээ…


Нэг чухал тоо дурдахад Нээлттэй нийгэм форумын
судалгаанд 7-10
жилийн өмнө эхэлсэн 250
тэрбум төгрөгийн төсөвт
өртөг бүхий 26 барилга,
байгууламжид 2022 оны
төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн
санхүүжилт төлөвлөжээ.

Дуусгаагүй барилгын төсөвт өртөг 280 саяас 11 тэрбум төгрөг хүртэл өссөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 2013 онд эхэлсэн Найрамдал зуслангийн усан спорт цогцолборын санхүүжилтэд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 






Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.12.02-12.03/

10.00

· Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдсэн

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Тус автомашин нь 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Л.Оюун: Ийм цаг үед, энэ нийгэмд хөдөлмөр хийх чадвартай хүнийг битгий халамжил

Эдийн засагч, судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Цар тахал үргэлжилсэн, гаднаас ерөнхийдөө тусгаарлагдсан хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Улс орны хэмжээнд, өрх гэрийн хувьд эдийн засаг ямар байдлаар өөрчлөгдөж байгааг та зурагласан болов уу?

-Цар тахал эдийн засгийн хувьд манайхыг төдийгүй дэлхийг хоёр жил гаруй шалгалаа. Засгийн газар үүргээ гайгүй сайн биелүүллээ. Цаг тухайд нь тодорхой арга хэмжээнүүд аваад явсан. Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Би Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд ажиллаж байсан. Вакцин гараагүй байх үед энэ халдварт өвчнийг барихын тулд хөл хорихоос өөр арга байгаагүй. Вакцин гарснаас хойш гэгээ татаад, бас ч гэж нэг зүйлд найдвар төрж хөл хориог бага багаар цуцлаад, тэр хооронд эдийн засгаа сайжруулахын тулд аж ахуйн нэгжүүд, иргэдээ дэмжиж ирсэн. Ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг иймэрхүү том шокууд байсхийгээд шалгадаг юм. Ер нь манайх иймэрхүү шоконд бэлэн байна уу, үгүй юү гэдгээ шалгууллаа. Ийм зүйл дээр дараагийн том эргэлт хийж, үйл ажиллагаагаа шинэ орчин нөхцөлтэйгөө зохицоод ажиллаж чадсан нь “амьд” үлдэнэ. Харин дасан зохицож чадаагүй нэг нь яалт ч үгүй үйл ажиллагаагаа зогсоох л байх. Мэдээж хүмүүсийн хувьд айхавтар том сургамж өглөө. Мөнгөний гэнэтийн том хэрэг гардаг юм байна гэдгийг ойлгуулсан. Манайх “Гай газар доороос, гахай модон дотроос” гэж хэлдэг шүү дээ. Ийм үед өөрийгөө аваад, хариуцаад явчих чадвартай байх ёстойг өрх гэрт, хувь хүмүүст ойлгуулсан үе боллоо гэж харж байна.

-Хилийн хараат байдлыг энэ хугацаанд их ярилаа шүү дээ. Нээрээ л хил хаагдахад нарийн ногооноос эхлээд тасарч, олон зүйлийг ойлгууллаа. Харин нөгөө талд болгоод, босгоод ирж байгаа нь ч олон байна. Нэг ёсондоо дотоодын үйлдвэрлэл хөгжих ёстой гэдгийг харууллаа?

-Яг иймэрхүү сорил гараад ирэхээр хүмүүс янз, янзаар тайлбарлаж байна. Ерөнхийдөө өөрөө өөрсдийгөө аваад явчих боломжтой эдийн засагтай байх ёстой юм байна гэдгийг хил хаах үеийн нөхцөл байдал хэллээ шүү дээ. Бид малтай, газартай, будаа тариатайгаа байгаа, ногоо цагаагаа тарьчихаж байна. Учиргүй өлсөөд ойчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ цаашид нарийн ногоо, түлшний шуудай, эсвэл хамгаалалтын хувцас зэргийг өөрсдөө үйлдвэрлэж болох хэрэглээнүүдээ хийчих ёстой юм байна. Үүнд Засгийн газар бодлогоор дэмжээд өгөх ёстой юм байна. Юмыг өөдрөгөөр харж болно. Тэгвэл гарц харагддаг. Хэрэв гутранги үзлээр харвал хий л бухимдал үүсгэдэг.

-Манай мөнхийн сэдэв дотоодын үйлдвэрлэлийн хөгжил. Үеийн үед эрмэлзэж ирсэн сэдэв. Өнөөдрийн нөхцөл байдал энэ хөгжилд сайн түлхэж өгсөн мөчлөг болов уу даа?

-Ер нь олон улсын туршлага, хөгжлийн түүхээс харахад иймэрхүү том хямралын дараа эдийн засаг хурдан сэргэдэг. Учир нь эрэлт үүсчихсэн учраас түүнийг хангахын тулд үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжих нөхцөл нь бүрдэж эхэлдэг. Энэ хямрал, цар тахлын дараа түрүүн хэлснээр өөрчлөгдөж чадсан аж ахуйн нэгжүүд нэлээд хурдан сэргээд хөгжөөд явчих болов уу.

Мөнхийн сэдвийн хувьд үнэхээр мөнхийн сэдэв мөн. Их ч олон мөнхийн сэдэв байна. Ганц уул уурхайгаас хараат эдийн засаг байгаад байгаа, манайд. Одоо энэ чинь болохгүй нь гэдгийг харуулж байна. Түүхийгээр нь бүтээгдэхүүнээ экспортлоод байж болохгүй нь. Уул уурхайн түүхий эдээс гадна махаа, ноолуураа түүхийгээр экспортолж байна. Тэдгээр дээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр голлож анхаарах цаг болсон. Үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь түүн дээр л гарч ирнэ. Харин үүнийг Засгийн газар дэмжинэ. Дэмжихдээ дотоодын зах зээлээ хамгаалсан бодлогоос эхлэх ёстой. Гаалиар орж байгаа бараануудыг харахад манайд үйлдвэрлэдэг, импортоор авахгүй байж болохоор бараа байх нь элбэг. Хуурай сүү гэх мэт. Үүнийг судалгаа хийгээд аль алиныг нь дотооддоо үйлдвэрлэх вэ гэдгийг харж байгаад түүн рүүгээ Засгийн газар бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Манайд нэг ийм асуудал байдаг юм. Дэмжинэ, дэмжинэ гээд байдаг. Яг яаж дэмжих юм бэ гэж. Энэ нь ерөөсөө л хийх гээд байгаа, хийгээд байгаа, эрмэлзээд байгааг олж санхүүжүүлэх тухай юм. Хавтгайруулж болохгүй. Тэр дотор зүгээр мөнгө авчихаад юмаа хийхгүй байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүд байдаг. Би болж л өгвөл үүнийг хэлэхийг хүсдэг. Чадаж байгаа нэгнээ, чадах гээд байгаа нэгэндээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Яг ингээд дэмжчих л дээ гэсэн агуулгыг та хэлээч?

-Үүнийг мэдэх амархан. Аж ахуйн нэгжийг бол тайлан тэнцэл, банкаар орж гарч байгаа мөнгийг нь харчихна. Энэ байгууллага үнэхээр юм оролдоод, мэрийгээд байна уу гэдэг нь харахад амархан. Хавтгайруулна гэдэг аливаа авч байгаа гоё арга хэмжээний үр дүнг муу болгочихдог.

Жижиг аж ахуйн нэгжүүд дээр гарч ирээд байгаа нэг зүйл бол шинжлэх ухааны үндэстэйгээр олон зуун жил туршигдаад ирсэн бизнесийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулаач гэж хэлмээр байна. Бизнесийг явуулахад гурван хүчин зүйл гээд ярьдаг. Сүүлийн үед дөрөв дэх хүчин зүйл ороод ирсэн. Тэр нь бизнесийг аваад явчих ур чадвар. Тэр ур чадвар нь онолын үндэстэй, дүрмийн дагуу, ёсоор нь бизнесээ хийх чадвар юм. Урсгалаараа, хар муйхраар явж болохгүй гэдэг нь харагдаад байгаа учраас бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийгөө боловсруулаад, туршлага судлаад явах ёстой юм.

-За тэгвэл өрх гэрийн хэмжээнд ямархуу дүр зураг харагдаж байна вэ. Дэлгүүрийн лангуун дээрх архины үнэ 50, 100 мянга, түүнээс цааш үнэтэй нь байсаар байгаа энэ үед тансаг хэрэглээгээ танаж бүсээ чангалбал боломжууд байгаа биз дээ?

-Өрх гэрийн хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй байна. Өнөөдөр бол бэлэнчлүүлдэг нийгэм биш. Угжны хурга шиг байх нийгэм өнгөрсөн. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жил боллоо. Энэ нийгмийн онцлог нь хэн чадалтай, авьяастай, хөдөлмөрлөж чадаж байгаа нь сайхан амьдрах шударга нийгэм. Өнгөрсөн хугацаанд жаахан бэлэнчлэх гэсэн, Засгийн газар нь халамжлах гэсэн бодлого явагдаж ирснийг шударга хэлнэ.

Хөдөлмөр хийх чадвартай хүнийг битгий халамжил. Харин ажил хийх гэсэн эрмэлзлийг нь бий болго. Түүн дээр нь жинхэнэ тусламж үзүүл. Мэдээж үүнийг дэмжихийн тулд олон сайхан аргууд байдаг. Эдийн засгийн том хөшүүргүүд байдгаас татвар гээд том хэрэгсэл байна. Ажлын байраа хадгалсан, ажилчдаа тогтвортой ажиллуулсан, ажлын байраа нэмсэн аж ахуйн нэгжийг татвараар нь хөнгөлөөд урамшуулаад явах гоё арга хэрэгсэл байна.

Нэг зүйл онцолж хэлэхэд, таваар мөнгөний харилцаанд суурилсан зах зээлийн эдийн засгийн энэ тогтолцоон дээр анхаарах зүйлүүд шинээр их гарч ирж байна. Хүмүүст хатуу сонсогдож магадгүй. Хүмүүс хандивын тоглолт гээд л хийдэг. Зовсон нэгэндээ туслалгүй яах вэ. Гэхдээ ийм эрсдэл тохиолдож магадгүй гэдэг гэнэтийн тохиолдолд бэлэн байж сурмаар байна. Ер нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоог араатны нийгэм ч гэж хэлдэг. Байгалийн хуулиар чадалтай нь үлдэж, чадалгүй устдаг. Яг тэр хуулийн дагуу энэ тогтолцоонд чадалтай, мэрийсэн нь, хөдөлмөрлөсөн нь, хичээсэн нь сайхан амьдарна гэдэг утгаараа аятайхан нийгэм. Гагцхүү манайхны сэтгэлгээ үүн рүүгээ сайн орж өгөхгүй, юм л бол нэхсэн, шахсан байдалтай байгаад байна. Үүнийг л засмаар байна.

-Та монголчуудын санхүүгийн боловсролоор томоохон судалгааг саяхан хийж дуусгасан гэж дуулсан. Ямар үр дүн гарсан нь сонирхол татаж байна?

-Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол арга зүйн судалгаа хийж шинжлэх ухааны доктор зэргийг хамгааллаа. Түүн дээр бид өнгөрсөн боловсролын тогтолцооны түүхэн үеийг ч үзлээ. Иргэдийнхээ эдийн засгийн сэтгэлгээг нэн эртний Монгол Улсаас эхлээд судаллаа. Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролыг дотооддоо ч, олон улсын байгууллагууд ч дүгнэж ирсэн. Судалгаагаар бид бүр дор түвшинд биш, гэхдээ санхүүгийн мэдлэг байгаа ч чадамж алга гэсэн нэгдсэн дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс мэдээд байна, гэхдээ хэрэгжүүлдэггүй юм байна. Дээрээс нь манайд өнөөдөр санхүүгийн боловсролын хос сэтгэлгээ зэрэгцэж оршоод байна.

Зах зээлийн эдийн засгийн сэтгэлгээтэй суурин хүмүүс байхад манай улсын мөн чанар болсон малчдын маань сэтгэлгээ түүн рүү орж чадаагүй, хос сэтгэлгээтэй байна гэдэг нь харагдсан. Үүнээс бид санхүүгийн боловсролд нэлээд анхаарах хэрэгтэй болчихсон байна. Жишээ нь, нийгмийг авардаг, хөгжүүлдэг гол зүйл боловсрол. Боловсрол нийгмийн шинжлэх ухааны нэг салбар.

Нийгэм өөрчлөгдөхөөр боловсрол дагаад өөрчлөгдөөд явдаг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жил болчихсон болохоор нийгэм өөрчлөгдчихөөд байхад сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой юм байна гэдгийг баталж байна. Энэ хүрээнд хийх ажил их байна. Санхүүгийн боловсролыг бий болгох армийг их сайн бэлдэж өгмөөр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өдөртөө зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

2021 оны 12 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Улз, Халх голын хөндийгөөр, 4-нд Монгол-Алтай, Хархираа, Түргэн, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч өө, танай албатууд яагаад ард түмнээрээ тохуурхаад байна

Хүүгийн гэрт албаны том хүмүүс дүүрчээ. Хөдөөний гэмгүй хоёр ард юу болоод байгааг ойлгож ядан сууна. Ирсэн албаны том дарга “Би нэг хүн дагуулж яваа” хэмээн дуулгав. Гэрийн эзэд бас л айхавтар том дарга орж ирэх юм байх даа гэж бодож байгаа бололтой хавчганан үүд өөдөө харцгаана. Гэтэл саяхан Их сургуульд явсан хүү нь ороод ирдэг байгаа. Аав нь ёс бодож мэнд амар болно. Ээж нь өөрийн мэдэлгүй голын дуугаараа “Миний хүү” хэмээн ямар ч жүжиглэлгүй дуу алдлаа.

Ямар энхрий зөөлөн, ямар их хайр илэрсэн гэж санана. Хүүгээрээ бахархах, хүүгээ хайрлах нь эхийн нүдэнд нэвт харагдаж уншигдана. Үзэж байсан хүмүүс өөрийн эрхгүй энэ зураглалыг хараад нүд нь чийгтэхээр. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж энийг л хэлдэг байх даа. Тэгвэл тэр хүүг гадаадад тэтгэлгээр сурахаар шалгарсныг дуулгах гэж яаж дээрэлхсэн гэж санана. Бодвол Их сургуулийн мундаг дарга багш байлгүй, нэг эмэгтэй түүнийг дуудаж оруулж ирээд ял тулган байцаагаад л яг л ногоон малгайтан шиг “Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу, яг одоо хэлбэл ялгүй” гэж хэлсэн ч бил үү, яалаа даа. Яг л цатгалан муужгай хулгана барьчихаад идэхгүй тоглож, тамладаг шиг тэр хүүгээр доог тохуу хийж маягласан. “Та тэтгэлэгт тэнцжээ” гээд л бол оо биз дээ.

Тэгж тоглоом хийж ард түмнийхээ хүүгээр наадах эрх тэр хүмүүст байгаа юу. Тэгж дорд үзэж тоглоом наадгай хийх байсан юм бол яах гэж тэр хүүг тодруулсан юм бэ. “Чамд бол ахдаж байна” гэж тэнд очсон бүх хүн биеийн хэлэмжээр хэлээд байсан. Бидний муусайн хүүхдүүд айхгүй яах юм. Дөнгөж гэрээсээ холдож үзэж байгаа, дээрээс нь Их сургуульд ороод, хүн танихгүй, ёс мэдэхгүй хүүхдийн нүдийг хагалчих гээд яаж байгаа нь тэр юм бэ. Ерөнхийлөгч өө, та үнэн сэтгэлээсээ ард түмний хүүхдийг сургах гэж байгаа юм бол тэр хүүгийнд очиж ихэс дээдсээрээ гайхуулсан хүмүүстээ арга хэмжээ ав.

Бас ард түмний мөнгөөр хаа байсан баруун аймаг явж гайхуулж байхаар ганц и-мэйл бичээд л, үгүй бол сумын даргад нь утсаар хэлээд болно биз дээ. Таны албатуудын биеэ тоож өөрсдийгөө ихэд бодсон зан нь хэтрээд байгаа юм биш үү. Аль эсвэл та ингэвэл гоё гэж хэлж, хийлгүүлж байгаа юм уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун 4 зам орчимд агаар маш их бохирдолтой байна

Агаарын чанарын индексээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Баруун 4 зам /245/ орчимд агаар маш их бохирдолтой байна.

Агаарын чанарын албанаас нийт 15 байршилд агаарын чанарын индексийг хэмждэг бөгөөд:

  • Мишээл экспо орчимд агаар хэвийн /70/
  • Нисэх орчимд агаар бага зэргийн бохирдолтой /104/
  • Толгойт орчимд агаар бага бохирдолтой /138/
  • МҮОНРТ орчимд агаар бага бохирдолтой /117/
  • Амгалан орчимд агаар хэвийн /53/
  • Баруун дөрвөн зам орчимд агаар бохирдолтой /245/
  • 100 айл орчимд агаар бага бохирдолтой /102/
  • Ургах наран орчимд агаар бага бохирдолтой /103/
  • 1-р хороолол орчимд агаар хэвийн /99/
  • Баянхошуунд орчимд агаар бага бохирдолтой /106/
  • 5 буудал орчимд хэвийн /98/
  • Богд хааны ордон музей орчимд агаар бага бохирдолтой /106/
  • Монгол газар орчимд агаар бага бохирдолтой /103/
  • Бөхийн өргөө орчимд агаар бага бохирдолтой /118/ гэсэн үзүүлэлттэй байгааг agaar.mn мэдээллээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Батнайрамдал: Уул уурхайгаас олсон орлогоо зарцуулахад биш, арвижуулахад анхаарах цаг болсон

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсын төсөв уул уурхайгаас нэлээд хамааралтай байдаг. Хоёр хөрш хилээ хаачихлаа. Уул уурхайн салбарын одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Уул уурхайн салбар Монгол Улсын тэргүүлэх салбарууд дундаас хамгийн өрсөлдөх чадвар сайтай салбар. Манай салбарын бүтээгдэхүүн шууд гадаадын зах зээлд өрсөлддөг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний, төсвийн орлогын 30 хувийг дангаараа уул уурхайн салбар бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний төсөвт тодотголоор орсон гүйцэтгэлийг харьцуулахаад үзэхээр зэсийн баяжмал, төмөр, алт, цайр, хайлуур жоншны хувьд энэ онд экспортлохоор төлөвлөсөн хэмжээндээ оны төгсгөлд хүрчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэг ёсондоо гүйцэтгэл 87-107 хувьтай байна. Харин нүүрсний хувьд гүйцэтгэлийн хувьд хамгийн тааруу дүнтэй байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 52.3 хувьтай буюу 13.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Ковидын нөхцөл байдал иргэдэд уул уурхайн салбарын ач холбогдлыг илүү ойлуулсан болов уу гэж боддог. Өмнө нь иргэд төсөв хаанаас, юунаас бүрддэг, манай эдийн засагт юу чухал талаар нэг их анзаардаггүй байсан. Цар тахлын хүнд хэцүү цагт уул уурхайн салбарынхан цалин хөлс, цахилгаан, дулааны үнийг тэглэхэд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй сайжруулсан түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлж байна. Нэг ёсондоо уул уурхайн салбарын үр өгөөж айл бүрийн гэрт дулаан, цахилгаан болж хүрч байгаа нь энэ хүнд үед уул уурхайн салбар үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

-Манай улс гадагшаа худалдан борлуулж болох юу л байна өөрсдийн нөөц бололцооны хэрээр борлуулж, мөнгө олохыг зорьж байна. Бид уул уурхай, хөдөө аж ахуйн хичнээн их бараа бүтээгдэхүүн олборлоод, үйлдвэрлээд ч гадагшаа гаргах боломжоо нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед яах ёстой вэ?

-Саяхан Дэлхийн банкны санхүүжилтээр Монголын Эрдэс баялаг, уул уурхайн салбарыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна, дэлхий даяар явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт манай салбарт хэрхэн нөлөөлөх талаар цогц судалгаа хийлгэсэн. Уг судалгаагаар гарсан үзүүлэлтийг сайжруулахын тулд Хөгжлийн сан байгуулах зайлшгүй хэрэгцээ байгаа нь улам тодорхой болсон. Тухайлбал, дэд бүтэц, ус, түлш, боомтын асуудалд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх механизм нь бүрдэх юм.

Энэ асуудал зөвхөн уул уурхайн салбарын асуудал огтоос биш бөгөөд Монгол Улсын эдийн засгийг бооомилж, чөдөр тушаа, хязгаарлалт тогтоож байгаа асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх бодлого, Хөгжлийн сан байгуулах хуулийн төсөл ч Монгол Улсын эдийн засаг хөгжихөд чөдөр, саад болж байгаа хүчин зүйлүүдийн эрх зүйн орчныг нь өөрчилж шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барих шаардлага нь цаг хугацааны хувьд урган гарч ирчихээд байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулснаар үр өгөөжөө өгөх эсэх нь цаг хугацааны асуудал юм байна. Тэгвэл яг одоо манай улсад үүсээд байгаа нөхцөл байдалд та ямар байр суурьтай байна вэ. БНХАУ зөвхөн чингэлэгээр тээвэр хийх тухайгаа мэдэгдчихлээ. Үүнд бид бэлэн үү?

-Манай улсын нүүрсний экспортын 95 хувь нь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор дамждаг. БНХАУ-ын талаас тавьсан зөвхөн чингэлгээр тээвэр хийх шаардлагын тухайд байгаль орчинд ээлтэй, хоргодол бага байдаг учраас стандартын дагуу ийм шаардлага тавьсан. Манай улс одоог хүртэл задгай тээвэр хийж ирсэн. Цаашид харин чингэлэгт тээвэрт шилжих бодлого баримталж байгаа.

Тиймээс саяхан Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминал барьсан. Энэхүү терменал нь цар тахлын нөхцөлд хүн хоорондын харилцаа бага учраас богино хугацаанд, их хэмжээний тээвэр хийх боломж олгох юм.

-Чингэлэгт тээврийн терминал хэзээ ашиглалтад орох юм бол?

-Чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг манай яам санаачлаад ажил хэрэг болгосон. 2021 оны долдугаар сард Гашуунсухайт, Таван толгой орд дээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд болох Эрднэс Таван толгой, Энержи Ресурс болон Жижиг Таван толгой компаниуд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтдаа ярилцаад өөрсдийн хөрөнгөөр Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтыг үндсэндээ хоёр сарын дотор дуусгасан. Уг терминалын хүчин чадлын хувьд жилд задгай тээврээс гадна паралелиар 8-19 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Хоёр талын хилийн боомт тохиролцоонд хүрчихвэл ашиглалтад ороход бэлэн болчихсон байгаа. Мөн Шивээхүрэн боомтод өөр нэг Чингэлэгт тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. Тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уг бүтээн байгуулалтыг явуулж байна. Ажлын явц 60-65 хувьтай үргэлжилж байна. Дараа жил гэхэд бүрэн ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ хоёр Чингэлэгт тээврийн терминал хоёулаа ашиглалтад орчихвол нүүрсээ үндсэн хоёр том боомтоор дамжуулан задгайгаар тээвэрлэхээс гадна чингэлэгт тээврээр явуулах боломжтой болно. Нөгөө талаас Гашуунсухайтын чингэлэгт тээвэр ашиглалтад орсноор Эрдэнэс Таван толгойн нүүрсийг амнаас нь биш хил нөхцөлөөр зарах боломжтой болно.

Тухайлбал, Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьд хил нөхцөлөөр нүүрсэн дээр тендер зарлаад гэрээ хийснээр үнийн хувьд хамаагүй дээрдсэн үнэлгээ орж ирж байгаа. Чингэлэгт тээврийн терминалаар тонн нүүрс 204 ам.доллараар зарагдахаар гэрээ хийгдсэн.

-Энэ жил уул уурхайн салбараас хичнээн төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бэ. Одоогийн байдлаар гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Уул уурхайн салбарын нийт орлого бүрдүүлэлтийн хувьд одоогийн байдлаар төлөвлөсөн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байгаа. Учир нь зарим төрлийн байгалийн баялаг тухайлбал, зэсийн хувьд төлөвлөснөөр өндөр үнэтэй борлуулагдсан. Эхний арван сарын байдлаар төсөвт төвлөрүүлэх орлогын тухайд уул уурхай, эрдэс баялгийн салбар 3.7 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 30 хувийг бүрдүүлээд байгаа нь төлөвлөгөөнд тусгасан орлогоо давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна.

-Ирэх оны төсөвт уул уурхайн салбар хэдэн төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бэ. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлсөн нь хэт өөдрөг төсөөлөл, үүнийг биелүүлэх боломжгүй гэж үзэх иргэд ч байна?

-Ирэх жилийн тухайд 36.7 сая тонн нүүрс экспортпохоор тусгасан нь хэт өөдрөг төсөөлөл мэт харагдаж байгаа боловч ийм хэмжээний нүүрс экспортлох боломж хангалттай бий. Ирэх 2022 оны тухайд бид Чингэлэгт тээврийн хоёр терминал ашиглалтад оруулчих учраас цар тахал гарахаас өмнөх жил буюу 2019 онд экспортолсон 37 сая тонны хэмжээнд хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, чингэлэгт тээвэр хийдэггүй, задгай тээвэр хийж байх үедээ 37 сая тонн нүүрс экспортолж чадсан юм чинь одоо задгай тээврээр хийж байгаа нүүрсний экспорт дээр нэмээд 20-30 сая тонн нүүрс гаргах боломжтой болох учраас 36.7 сая тонн нүүрс ирэх онд гаргах боломжтой гэж бодож байна.

-Чингэлэгт тээвэр гэхээр битүү саваар нүүрсээ тээвэрлэх юм байна гэж ойлголоо. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Бидэнд хэр хэмжээний чингэлэг бэлэн байна вэ. Бэлтгэл байдлаа бүрэн хангачихсан уу?

-Ачаатай чингэлгээ гаргаад эргүүлээд хоосон чингэлгээ авчихна. Чингэлэг байнга эргэлдэх учраас асуудал гэж бодохгүй байна. Бидэнд хангалттай чингэлэг бий.

-ОХУ-ын Росснефть компанид давуу байдал олгохын тулд хуулинд өөрчлөлт оруулах гэж байна гэсэн шүүмжлэл байна. Энэ ямар учиртай юм бол?

-ОХУ-ын Росснефть компанийн охин компани болох Росснефть Аэриотой Төрийн өмчит Эрчис Ойл компани хамтарч, хамтарсан компанийн зарчмаар Шинэ нисэх онгоцны буудалд онгоцны түлш нийлүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тохирсон. Үүний хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь онгоцны түлшин дээр Росснефтьтэй төрийн өмчит компани хамтран ажиллах бололцоог нь нээхийн тулд юм. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т Монгол Улсад газрын тос импортолж байгаа гадаадын аж ахуйн нэгж зах зээлийн 30-аас илүү хувийг эзэмшдэг бол дотоодод жижиглэнгээр зарахыг хориглосон заалт бий. Тиймээс зөвхөн онгоцны түлшийг уг заалтаас гаргаж өгч, онгоцны түлш дээр хамтарсан компани байгуулах боломжийг нээж өгч байна гэсэн үг. Одоогийн байдлаар Монголд хийж байгаа нэг тонн онгоцны түлшний сумалгаа Монголоос нислэг үйлдэж байгаа улс орнуудтай харьцуулахад тонн тутамдаа 180-250 доллараар илүү байдаг. Росснефть Аэриотой Төрийн өмчит Эрчис Ойл компани хамтарсан компани байгуулж, онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлж, дээрх үнийн зөрүүг арилгах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр шатахуунаа авч үүний үр дүнд агаарын тээврийн либералчлал, онгоцны тийзийн үнийг цаашид үе шаттайгаар бууруулах тал дээр хийгдэж байгаа томоохон алхам гэж ойлгож болно.

-Салбарынхаа цаашдын шинэчлэл, хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх талаар бид үргэлж ярьдаг. Эдийн засгаа төрлжүүлэх үндсэн процесс уул уурхайн салбарт цаашид явагдах ёстой. Манай салбар дараагийн түвшнийхээ хөгжилд хүрч байж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын эдийн засаг илүү тэлэх, бусад салбарынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахуйц хөрөнгө оруулалтууд хийх боломж бүрдэх юм. Уул уурхайн салбарын хувьд сүүлийн 30 жил хайгуул, олборлолтод төвлөрч байсан. Энэ утгаараа Оюу толой, Эрдэнэс Таван толгой, Энержи ресурс зэрэг томоохон ордуудыг нээн илрүүлж, ашиглалтад орууллаа. Тэгвэл одоо дараагийн 30 жилд илүү их нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулалтын чиглэл рүү анхаарах ёстой. Энэ салбар стратегийн томоохон ач холбогдолтой хөрөнгө оруулалтуудыг шаарддаг. Тиймээс дэд бүтцийг сайжруулах, усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нөгөө талаас уул уурхайн төрийн өмчит эзэмшлүүдийг зөв менежмэнт рүү оруулахын тулд бид Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барихад бэлэн болоод байна. Уг хууль 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаж байгаагаас гадна, эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай уялдаж зайлшгүй хийгдэх ёстой томоохон реформын нэг болоод байна.

-Яагаад заавал Үндэсний баялгийн сан байгуулах ёстой гэж үзэж байна?

-Үндэсний баялгийн сан, тэр дундаа Хөгжлийн сан байгуулагдсанаар томоохон мега төслүүдийг хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа тэлэх боломжтой болно. Тиймээс санхүүжилтийн механизмыг ойлгомжтой болгох ёстой. Ийм механизм одоо манайд бүрэлдээгүйгээс үүдэн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой- Зүүнбаян, Таван толгой цахилгаан станц зэрэг тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт шаардсан томоохон төсөлүүдийг зөвхөн Эрдэнэс Таван толгой гэдэг ч юмуу нэг компанидаа хэтэрхий ачаалал өгч, нэг удаагийн шийдэл байдлаар ажиллаж байна. Засгийн газрын нэг удаагийн тогтоолоор том том шийдлүүд гарах гээд байдаг. Энэ тогтолцоо нь эргээд урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтэйгөө уялдаж байгаа эсэх, салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн хангаж байна вэ зэрэг олон асуулт, асуултын тэмдэг болон үлдчихээд байна. Тиймээс зөв голдиролд оруулахын тулд олон улсад хэрэгждэг Үндэсний баялгийн сангийн зарчмаар Хөгжлийн санг байгуулах ёстой. Энэ нь томоохон мега төслүүдийг цаашид санхүүжүүлэх механизм нь болно гэж харж байгаа.

-Манай улсад олон төрлийн сан байсан. Одоо ч байгаа. Үнэндээ элдэв сангуудын үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл тааруу байна. Бусад сангаас Хөгжлийн сан менежмэнтийн хувьд юугаараа онцлог байх вэ?

-Сан гэхээр төсвөөс мөнгө авдаг Засгийн газрын тусгай сан гэж ойлгох иргэд олон байна. Өнөөгийн нөхцөл байдалд санг энэ өнцгөөс харах нь өрөөсгөл. Гадаадын онуудад сангийн талаарх ойлголт өөр байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд оруулж ирж байгаа Хөгжлийн сан бол төсвөөс мөнгө авах сан биш. Бэлэн мөнгө тараах сан ч биш. Ерөөсөө төрийн өмчит компаниудыг дэлхийн Үндэсний баялгийн сангийн зарчмаар явуулдаг эрх зүйн зохицуулалт бүтцийг уг хуулиар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийг хэрхэн зөв менежмэнтээр удирдах зохицуулалтыг оруулж ирсэн гэсэн үг. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулиар орж ирэх Хөгжлийн санг ЖДҮДС, ТЭДС-тай адилтгаж ойлгож болохгүй. Энэ бол өглөө, орой шиг ялгаатай ойлголт.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан гэсэн хоёр баялгийн сантай байхаар тусгасан юм билээ. Гэтэл Ирээдүйн өв санд төвлөрсөн мөнгийг 2030 он хүртэл зарцуулах ёсгүй байтал эрх барьж байгаа намын олонхын шийдвэрээр ирэх онд зарцуулахаар болчихлоо. Тэгэхээр Хөгжлийн санд төвлөрсөн мөнгийг мөн төрийн эрх барьж байгаа нам эвсэл олонхын хүчээр зорилгоос нь гажуудуулбал яах вэ?

-Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шүү дээ. Бүрэн эрхийн хүрээнд юунд хөрөнгө оруулж болох, юунд болохгүй вэ гэдэг бүх зохицуулалтыг хуульдаа тусгаж өгнө. Харин хууль батлагдаад хэрэгжих явцад аль нэг эрх баригч нам хуулийг өөрчлөх эсэхийг би одоо хэлж мэдэхгүй. Ер нь бол бид олон улсын зарчим руу явах цаг болсон. Эрдэнэс Монгол Баялгийн сан гэж байгуулж байсан. Хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас ямар байдалд хүрдэг вэ гэдгийг харлаа. Эрдэнэс Монгол өнөөдөр ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд байна. Энэ байдлыг одоо шинэчлэх цаг мөн. Шинэчилж байж л бид уул уурхай төрийн өмчит компаниудыг зөв удирдлага, менежмэнтээр хангана. Цар тахлын нөхцөл байдал ч биднийг өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдгийг хангалттай харууллаа.Тиймээс зөв голдирол, менежмэнт рүү оруулъя. Сайн засаглалаар ажиллах эрх зүйн зохицуулалтыг гаргаж ирэх ёстой. Үүний үр дүнд уул уурхайн салбар илүү хүчирхэгжиж, олон улсад өрсөлдөх чадвартай болж, илүү орлого төвлөрүүлнэ. Бид уул уурхайгаас олсон орлогоо зарцуулахад хэт анхаарч байна. Одоо арвижуулахад анхаарах цаг болсон. Тиймээс арвижуулах эрх зүйн зохицуулалтаа бүрдүүлэх ёстой.

-Танай салбартай шууд холбоогүй ч байж болно. Та калмар гэж чухам юу болох талаар мэдэх үү?

-Калмар гэж юу болох талаар мэднэ л дээ. Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр таван ширхэг калмар бий. Калмар гэдэг чинь чингэлгийг өргөж, ачиж буулгадаг төхөөрөмж шүү дээ. Нэг ёсондоо кран шиг гээд хэлчихвэл ойрхон тусах болов уу. Чингэлгийг калмараар өргөөд төмөр зам, тээврийн хэрэгсэл дээр ачиж буулгадаг юм.

-Та дуулсан бол Замын-Үүдийн хилийн боомт дээр калмар хоёр ширхэг байдаг. Түүний нэг нь эвдэрчихсэн учраас ачаа тээшийг зөөвөрлөх ажил удааширсан юм билээ?

-Замын-Үүдэд ийм асуудал үүссэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Үүссэн байлаа ч шийдвэрлэх эрх бүхий яам нь манай яам биш шүү дээ. Калмарын хувьд өртөг өндөртэй. Ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Бид чингэлэг тээврийн терминал байгуулахад зайлшгүй калмар хэрэг болсон учраас таван калмар авсан. Эдгээрийн тусламжтайгаар жилд найман сая тонн нүүрс чингэлэт тээврээр тээвэрлэх боломж бүрдэнэ. Калмарын тоог нэмэгдүүлснээр жилд 19 сая тонн хүртэл экспортлох боломжтой. Калмарын хүчин чадлаас чингэлэгт тээврийн хүчин чадал шууд хамаардаг. Тиймээс үнэхээр Замын-Үүдэд калмарын асуудал тулгамдсан бол холбогдох албан тушаалтнууд шуурхай арга хэмжээ авах тал дээр анхаарч ажиллавал шийдэж болох асуудал байх.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 2, Бархасбадь гариг. Билгийн тооллын 28, салхины эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8:22 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтэйн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.