Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын тэшүүрчид “Дэлхийн цом”-д өрсөлдөж байна

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/-ны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 3 дахь гараа энэ сарын 3-5-ны өдрүүдэд болж байгаа талаар тус хотоос спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.

“Бээжин -2022” өвлийн олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьж буй бөгөөд Монголын 2 “Ган хөлөгтөн” оролцож байна.

Эрэгтэй бөөн гараанд манай тэшүүрчин 22 настай Зоригтбаатарын Ялалт өчигдөр уралдсан бол эмэгтэй бөөн гараанд 26 нас тамирчин Алтан-Очирын Зул өнөөдөр /12.05/ хурдаа сорих юм.

Өвлийн 2002 оны Солт Лэйкын олимпын тэшүүрийн тэмцээн болсон, олимп, дэлхийн олон рекорд тогтоогдож байсан түүхт Olympic Oval ордны мөсөн дээр Унгарын Шандор Лю Шаолинь, Холландын Сюзанне Шультинг, Ютта Лийрдам, Шведийн Нильс Ван дер Пул нарын олимп, дэлхийн аварга олон шилдэг тамирчид энд уралдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргалаа

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас АНУ-ыг зорих гэж байгаа иргэдийн анхааралд зориулж анхааруулга гаргасан байна. Элчин сайдын яамны зүгээс АНУ-ыг зорьж байгаа бүх иргэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавигдаж буйг уламжиллаа. Тиймээс АНУ руу зорчих гэж байгаа иргэдийг шинжилгээгээ зохих хугацаанд нь өгөхийг Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сандаг-Очир: УИХ Ковидын хуулиар Засгийн газарт бүх эрхээ өгсөн нь маш том итгэлцэл

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-2022 оны төсвийг иргэд, судлаачид ихээхэн шүүмжилж байна. Хоноцын сэтгэлээр хандлаа гэсэн шүүмжлэл их байна л даа. Ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүний хувьд та юу хэлэх вэ?

-Анх удаа л ийм том хэмжээний төсөв оруулж ирлээ. Энэ хэмжээний орлогыг бүрдүүлж ажиллана гэж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх, тээг гацаа болж гацчихаад байгаа асуудлуудыг урагшлуулна гэсэн зорилттой ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан томоохон ажил, арга хэмжээг 2022, 2023 онд л багтааж хэрэгжүүлэхгүй бол хугацаа үлдсэнгүй. Тиймээс цаг хугацааны хувьд 2022 оныг алдаж болохгүй байгаа юм. Үнэхээр эрх барьж байгаа бол хийе гэсэн зүйлүүдээ зориглоод бүх шатандаа хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Соёлын яам байгуулахыг ихэнх иргэд дэмжсэн. Соёл бол Монгол Улсын дархлаа гэж үзэж байсан. Тиймээс байгуулсан. Соёлын яамны хийх ажил нь юу юм бэ. Таны асуух гэж байгаа асуултыг гадарлаж л байна л даа. Төсөвт хэтэрхий их хөшөө дурсгал, музей зэрэг байна. Олон нийт цаг үеэ олсонгүй хэмээн төсөв батлахын өмнө болон хойно ихээхэн шүүмжиллээ. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байхаар зохицуулчихсан. Тиймээс яамд Засгийн газрынхаа саналыг авч боловсруулаад УИХ-д төсвөө өргөн барьсан. Гишүүд болон Засгийн газар нэг л баг хамт олон шүү дээ.

Зарчмын хувьд бүхий л талын ажил, асуудлыг оруулж ирсэн, өргөн утгаар нь харсан төсөв болсон. Өөрөөр хэлбэл, соёл, боловсрол, эрүүл мэнд, томоохон төслүүд гээд аль нэг асуудлыг нь орхигдуулахгүй юм байна гэж харсан.

Хамгийн гол нь УИХ, Засгийн газраас үл хамаарах гадаад нөхцөл байдал амаргүй байна шүү дээ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Үүнээс болж машинаар тээвэрлэх нүүрсний экспорт гацчихлаа. Вагонаар гаргана гэж байна. Гэтэл төмөр зам нь юу билээ гээд шалтаг шалтгаан зөндөө байна. Засгийн газрыг шүүмжилье гэвэл зөндөө л юм бий. Ажил хийж байгаа хойно алдаа гарна. Гол нь биднээс үл хамаарах шалтгаанууд цаана нь маш их байна. Зөвхөн Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд үүсээд байгаа асуудал биш.

Дэлхий нийтээрээ л асуудалтай байна. Европ гэхэд эрчим хүчний хямралд орчихсон байх жишээний. Тиймээс энэ хүнд цаг үед Засгийн газрын ажлыг гацааж шүүмжлэхээсээ илүү яаж дэмжиж вэ яаж хүнд цаг үеийг давж гарах вэ, гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Төсвийн дийлэнх хувийг ард иргэдийнхээ эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа шүү дээ.

Арванхоёрдугаар сарын 31-нээр Ковидын хууль дуусгавар болно. Ковидын хуулиар УИХ Засгийн газарт бүх эрхээ өгсөн. Засгийн газар бүх эрх мэдлийг авч хэрэгжүүлээд явж байна. Энэ бол маш том итгэлцэл. Одоо бид маш хурдтай ажиллах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн салбар, Засгийн газар, УОК-ынхоо үйл ажиллагааг дэмжье гэдэг үүднээс л би асуудалд хандаж ирсэн. Төсөв дээр ч тэр, Ковидын хуульд ч тэр. Харин үр дүн эерэг гараасай, нэг ч гэсэн иргэний амь нас аврагдаасай, нэг ч болтугай аж ахуйн нэгжийн эдийн засгийн байдал сайжраасай гэдэг үүднээс хандаж ирсэн. Мэдээж хорхойг нь авчихсан юм шиг нэг өдөр сайхан болохгүй. Цаг хугацаа орно. Уг нь нааштай үр дүн гарч байна. Улаан бүсээс шар бүс рүү орох боломж ойрхон байна.

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр та тэвчиж болох зардлуудаа тэвчье, үйлдвэрүүд барья гээд чухал саналууд хэлж байсан…

-Төсвийг 76 хэсэгт хувааж үр ашиггүй болгож байна гэдэгтэй би санал нэгддэг. Би “төсвийг 76 хэсэгт хувааж, түүнийгээ урсгал засвар, усан бассейн зэрэгт зарцуулж байхаар үүнийгээ нэг удаадаа тэвчиж болдоггүй юм уу. Нөхцөл байдал амаргүй байна шүү. 21 аймаг, есөн дүүрэг гээд нийт 30 газар байна. Нэг дүүрэг, нэг аймагт доод тал нь тав, дээд тал нь 10 тэрбум төгрөгөөр төсөвлөж хоёр, хоёр үйлдвэр барья. Нэг үйлдвэр 50-100 ажлын байр бий болгох үйлдвэртэй болъё. Ядаж сайжруулсан түлшний уутыг нэг дүүрэг нь хийдэг байя. Засгийн газар аль аймагт юуны үйлдвэр байгуулах вэ гэдгийг давхцуулахгүй гаргаж түүнийгээ бодлогоор дэмжье. Нийт 30 газарт 300 тэрбум төгрөг л болох нь. Доод тал нь 50-100 ажлын байр гээд бодохоор гурван мянган ажлын байр бий болно. Цаана нь доод тал нь 30, ихдээ 60 үйлдвэртэй болох боломжтой” гэсэн саналыг намын бүлгийн хуралд дэвшүүлсэн. Харамсалтай нь тойргийн зовлон их байна. Үүнээс гадна улсын төсвөөр үйлдвэр барих нь зохимжгүй гэдэг асуудал, тайлбараар миний санал дэмжигдээгүй. Болдогсон бол нэг удаа тэвчээд хэдэн үйлдвэртэй болчих юмсан гэж боддог.

-Энэ жил танай тойрогт онцлох ямар ажлууд хийгдэхээр байгаа вэ?

-Манай тойрог их онцлогтой. Жишээ нь, Хэнтий аймаг гэхэд гурван гишүүнтэй. Баянзүрх дүүрэг гэхэд таван гишүүнтэй. Гэтэл Налайх, Багануур, Багахангай гурав хоёр гишүүнтэй. Хүн амын хувьд цөөн боловч иргэдийн өмнө тулгамдсан асуудал адил л байдаг. Тиймээс байгаа мөнгөө гурван дүүрэгтээ хуваахгүй бол асуудалтай шүү дээ. Ирэх жил дүүргүүдээс саналаа авч эрэмбэлж байгаад хийх бүтээн байгуулалтын төсвийг тусгана.

Гишүүн бүр л манай тойргийн энэ асуудлыг шийдэх төсвийг нь тусгаад өгчихөөч гэж сайдууд руу орж байгаа шүү дээ. Бодлогоор нэг гишүүн дөрвөн тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй шүү гэсэн зарчим барьсан юм билээ. Багануур дүүргийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудал, ахмадын хөгжлийн төв гээд томоохон гурав, дөрөвхөн төсөл арга хэмжээг суулгасан. Налайх дүүрэг нийслэлийн төвтэй ойр байдаг гээд жилийн жилд хаягдаж ирсэн юм билээ. Нийгмийн асуудал нь нэлээн бугшаад овоорчихсон байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудал нэлээн тулгамдсан байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан сүүлийн хоёр жилд нь хотын даргаар ажилласны хувьд тулгамдсан асуудлыг нь үе шаттай шийдээд явж байна. Долоон хороонд цэцэрлэг, сургууль, спорт цогцолбор барихаар суулгасан. Төсөвт суулгасан ч түүнийг ажил хэрэг болгоно гэдэг нь их төвөгтэй байдаг. Зураг төсөв нь өөрчлөгдөнө, зарим бараа материалын үнэ 40-50 хувиар өсчихсөн байх жишээний. Засгийн газар арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх жилийн зарим тендерүүдийг зарлана гэж байна. Тендерийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол дөрвөн сараас хойш тендер нь зарлагддаг асуудал бий. Зураг төсвөө хийж байна гээд 6-7 сараас тендерээ зарладаг. Ажил явах улиралд нь тендерээ шалгаруулаад өнгөрүүлчихдэг. Хэрвээ маргаан гарвал нэг, хоёр сараар хойшилсоор байгаад 9-10 сараас ажил нь эхэлдэг. Төсвөө хуваарилаад баталдаг. гэтэл ийм байдлаар явбал баталсан төсвөө шингээж татахгүй татуулчих вий дээ гэсэн болгоомжлол их байна. Тиймээс ч Засгийн газраас өвөл, хаврын улирлыг ашиглаж зураг төсвөө хийж тендерээ эрт зарлаж, маргаантай асуудал гарвал хурдан хугацаанд маргааныг нь шийдэж тавдугаар сар гэхэд ажлаа бодитоор эхлүүлчихмээр байна гэж байгаа. Тэгвэл ямар ч барилгыг онд нь багтаагаад барьчихаар байгаа юм.

-“Налайхын замд явган хүний гарц байхгүйгээс иргэдийн амь нас эрсдэх аюул нүүрлээд байна. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд цементийг нь сэтлээд явган хүний зам тавиад өгч болох уу” хэмээн тойргийн иргэд санал гомдлоо манай сонинд ирүүлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ийм асуудал байгаа гэдгийг өөрөөс тань сонсож байна. Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсон гишүүнд хаягласан ийм санал, гомдол ард иргэдээс өнгөрсөн хугацаанд ирээгүй. Тиймээс сайн мэдэхгүй байна. Анх зураг төсөв нь хэрхэн яаж хийгдсэн, гүйцэтгэлийн явц нь яасан зэргийг анхнаас нь би оролцоогүй учраас мэдэхгүй байна. Зураг төслөөрөө л хийгдсэн байх ёстой. Хонхорын автобусны буудлын нөгөө тал нь гарц бий. Тэр гарцаар Хонхорын иргэд зам гараад явж л байдаг. “Оргил” супермаркетын хажууд бас гарц байдаг.

Иргэдийн өмнө энэ мэт тулгамдсан асуудал үүссэн бол тухайн асуудлыг холбогдох газарт нь уламжилъя л даа. Яг аль хавийн иргэдэд юм бол. Баянзүрх, Амгалан хавийн иргэд үү, эсвэл цаад талын ногоон нуур уу, эсвэл хонхрынх уу. маш олон байршил байдаг. Үүнийг тодруулж, холбогдох газарт нь уламжилъя. Одоогоор ийм асуудлаар миний нэр дээр хаягласан гомдол, санал ирээгүй байна.

Хэрвээ Ургах наран, Баянзүрх, Хонхор Баянзүрх дүүргийн хороод л доо. Тиймээс надад ямар нэгэн санал, гомдол ирээгүй байх. Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүнд санал ирсэн байхыг үгүйсгэхгүй.

-Шүүх байгуулах тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж байгаа юм билээ. Энэ хууль батлагдвал Налайх, Багахангай, Багануур дүүргийн шүүхийг нэгтгэнэ гэж байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүх байгуулах тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдах байх. Ингэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд Шүүхтэй зөвшилцөж, гарсан саналаа Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-д өргөн барих байдлаар процедур нь явна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд нээлттэй сонсголоор сонгогдсон. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэхэд нь би саналаа хэлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болоод Шүүхийн Ерөнхий зөвлөлд саналаа хүргүүлсэн. Ингэхдээ эхлээд гурван дүүргийн шүүхээс санал авсан. Иргэдтэй уулзсан. Шүүхийн тухай хуулийн гол зорилго нь шүүхийн үйлчилгээ иргэнд ойртуулах ёстой. Иргэний, эрүүгийн, захиргааны хэргийн маргаан зэрэг шүүхийн үйлчилгээг иргэд түгээмэл авдаг. Энд нэг онцлог бий. Багануур дүүргийнхэн гэхэд Төв аймгийн газар нутаг дээгүүр дамжиж явж байж дүүрэгтээ очдог.

Наана нь ч, цаана ч Төв аймгийн иргэд оршин суудаг. Багануур дүүрэг бүс нутаг болчихоод байгаа юм. Төв аймгийн Эрдэнээс авахуулаад Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал зэрэг сумдын иргэд боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, төрийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг Багануур дүүрэг үзүүлдэг. Дүүрэг албан ёсоор 30 мянган хүн амтай ч энэ сумдын иргэд манай дүүргээс бүх төрлийн үйлчилгээг авдаг. Жишээ нь, Мөнгөнморьтын малчин малаа дагаад Төв аймагт амьдардаг ч эхнэр хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгээ бараадаад Багануур дүүргийн иргэнд харьяалагдаж төрийн бүх үйлчилгээг авдаг. Ийм онцлог дүүрэг л дээ. Тэгэхээр Мөнгөнморьт сумын иргэн шүүхийн үйлчилгээ авахын тулд 60 км зайд орших Багануураас авсан нь дээр үү, эсвэл 200 км явж Төв аймгаас авах нь хялбар уу. Бид үүнийг л яриад байгаа юм. Багануур дүүргээс авах нь иргэдэд цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд илүү хялбар биз дээ.

Дарга нар өрөөнд сууж байгаад тойргийг нь хуваарилчихвал тэнд байгаа зовлонг мэдэхгүй шүү дээ. Тэндхийн оршин суугчид л онцлог, зовлонгоо мэднэ. Тиймээс би дарга нарт Шүүхийн тухай хууль байгуулахдаа ийм онцлог байдаг шүү. Энэ онцлогийг нь харгалзаарай. Тэгвэл иргэнд шүүхийн үйлчилгээг ойртуулах гээд байгаа зорилго ч амилна шүү. Багануур дүүрэгт нэг тойрог байгуулаад тойрсон сумдынх нь иргэдийг нэгтгээд нэг тойрог болгочих. Тэгвэл ард иргэдэд нь их хялбар болно гэдгийг хэлээд байгаа юм. 2015 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа ингэж хийсэн юм билээ. Тэр үед иргэдэд амар байсан ч засаг захиргааны нэгжээ дагаагүй байна гээд уначихсан юм билээ. Энэ хуулийн тойрог байгуулахыг дэмжиж байгаа. Тойргийн зарчмаар явахдаа онцлогийг нь мэдэрч, ойлгож иргэндээ шүүхийн үйлчилгээг ойр байлгах талаас нь бодох хэрэгтэй. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Хонхор орчмын иргэдийн шүүхийн үйлчилгээг Налайх авчихмаар байгаа юм. Тэгвэл хотын түгжрэл рүү явж байхаар цаашаагаа Налайх руу 10 минут давхиж очоод шүүхтэй холбоотой үйлчилгээг авчихдаг байвал илүү хялбар.

Нэгдүгээрт, төсөв хэмнэх үүднээс, хоёрдугаарт, тойргийн зарчмаар гээд Багануур дээр иргэний хэргийн асуудлыг хариуцуулаад Налайх дээр эрүүгийн хэргийг нь хариуцуулчихаар Налайхын иргэд Багануур дээр очиж иргэний хэргийн асуудлаа шийдүүлнэ, Багануурын иргэд болохоор Налайх дээр очиж эрүүгийн хэргийн асуудлаа шийдүүлнэ гэхээр одоогийн байдлаасаа нөхцөл байдал нь дордчихож байгаа юм. Ингэж дордуулчихав аа гэж гишүүнийхээ хувьд санаа зовж, саналаа хүргүүлсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир: Ядарсан иргэдийн сэтгэл зүйг жижигхэн юмаар хуурдаг улстөрчдийн технологи Ерөнхийлөгчийн тэтгэлэг гардуулах үйл явцаас тодорхой харагдлаа

Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очиртой ярилцлаа.


-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдэд тэтгэлэгт тэнцсэн мэдээг дуулгаж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн. Тухайн бичлэгийн талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Уг бичлэгийг үзээд танд ямар сэтгэгдэл төрөв?

-Тэтгэлэгт хөтөлбөр зарлаж хот, орон нутгийн шилдэг оюутныг дэлхийн шилдэг Их, дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломж олгох нь боловсролын салбараар дамжаад үндэстнийхээ хүний нөөцөд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт уу гэвэл тийм. Энэ асуудалд Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүд анхаарал хандуулж ирсэн учир Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг буруу гэж харахгүй байна. Гагцхүү зөв зүйлийг зөв аргаар хийх ёстой болохоос буруу аргаар муйхарлах нь үр дүнгүй зүйл болдгийг бид бүгдээрээ харлаа.

Хувь хүний нууц, алдар хүнд гэх хүн төрөлхтөнд нийтлэг жишгээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний заяагдмал эрхийн салшгүй суурь ойлголт байдаг. Манай улс уг жишгийн дагуу 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа хүнээ гэсэн “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооно” хэмээн тунхагласан. Хүн гэдэг чинь дуудах алдраасаа эхэлж байгаа юм шүү дээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн бичлэг дээр хүний эрхийг зөрчсөн, хүмүүнлэг Үндсэн хуулиа үл огоорсон зөрчил гарлаа. Бичлэг эхлэх мөчид тэтгэлэгт тэнцсэн хүүхдийг өрөөнд дуудан оруулж ирээд “Чи намайг таних уу” хэмээн захирал багш асуусан. Хүн хүнийг танихгүй байгаагийнхаа төлөө гэмтэн болж болохгүй. Ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “Чи сургуулийн нэр хүндэд халдах хэрэг хийсэн байна. Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гэх мэтээр асуулт үргэлжилнэ. Захирал багшийн үгийн сонголт бүдүүлэг хийгээд хатуу байгаа нь дээрх ярианаас тодорхой харагдаж байгаа байх. Энэ сургуульд та ямар шалгуураар орж ирсэн бэ.

Ёс журмын дагуу орж ирсэн үү гэх захирал багшийн асуултад хариулахын тулд тухайн оюутан төлбөр төлөх боломжгүй учраас өргөдөл бичиж орсноо учирлаж байна. Их, дээд сургуульд сурахын тулд төлбөр төлөх боломжгүй амьдралтай байгаа нь тухайн хүүхдийн буруу огтоос биш. Амьдралын боломж тааруу байгаа нь түүний аав ээжийн, эсвэл хүүхдийг нь түмэнд илчлэх шалтгаан биш. Энэ бол хуулиас илүү ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн асуудал болсон. Үүний шүүгч нь иргэд болж, үгээ хэлж байх шиг байна.

-Монгол Улсын Их, дээд сургуульд оюутан элсүүлэх журам бүгдэд ойлгомжтой байх ёстой бөгөөд Их, дээд сургуульд элсэн орох босго оноо, шалгуур үзүүлэлтийг хангасан оюутан, сурагчдыг элсүүлэх ёстой. Гэтэл захирал багш “Чи ямар журмаар орж ирсэн бэ. Журмын дагуу элссэн үү” гэх мэтээр асууж байгаа нь хуульчилсан журмаас өөрөөр оюутан элсэж болдог юм байна гэх ойлголтыг төрүүлээд байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Яг тийм. Боловсролын байгууллага үргэлж шилдэг хүүхдүүдийг элсүүлэхийг зорьдог. Тийм учраас хүүхдээ шилдгийн тоонд багтаахыг зорьдог, сайн сургуульд суралцуулахыг хүсдэг эцэг эхчүүд олон бий. Тийм учраас хуульчилсан журмаар бус ар, өврийн хаалгаар оруулахыг хүсдэг, элдэв арга саам хайдаг тохиолдол зөвхөн манай улсад төдийгүй олон улсад байсан. Үүнтэй хүн төрөлхтөн тэмцэхийн тулд мэргэжлийн ёс зүйн код гэдэг зүйлийг гаргаж, түүгээрээ шударга бусаар оюутан элсүүлж авдаг асуудлыг бодохгүй, ярихгүй, хийхгүй байх зарчим баримталдаг

Хэдүй манайд ийм ёс зүйн код элбэг хэрэглэж эхлээгүй байгаа ч монголчууд эртнээс аав, ээж, багш гурваас хүлээдэг асар өндөр ёс зүйн кодтой. Уламжлалт талаасаа эдгээр гурван хүний ёсзүй гэдэг бол монгол хүний хувьд хамгийн дээд ёс зүй байдаг. Тийм учраас “Нэр хугарахаар яс хугар”. “Хүн нэрээ тогос өдөө” гэхчлэн хүчтэй үгийг аав, ээж, багш нар их хэлдэг. Багш хүн шавьдаа хичээлээс гадна үйлээрээ ёс зүйг үлгэрлэх ёстой гэдэг. Ийм энгийн ойлголтыг ухамсарлахад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т зааснаар “… хүний нэр төр халдашгүй зүйл юм” гэдгийг мэддэг байх албагүй.

-Гадаадын Их, дээд сургуульд оюутнуудыг сургах талаар мэдээг заавал 2200 км зам туулж, ар гэрт нь багаараа очиж дуулгаж, бичлэг хийж цахим орчинд түгээх нь хэр зохистой үйлдэл юм бол?

-Өндөр хөгжилтэй улс оронд бол гадаадын Их, дээд сургуульд ямар нэгэн оюутан тэнцсэн талаарх мэдээллийг ийм сүр дуулиантай байдлаар олон нийтэд түгээсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний баг хамт олон үнэндээ түүхэнд байгаагүй ичгэвтэр байдалд орно. Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаа энэ үед нэгийг нь нөгөөгөөр нь өрөвдүүлэх, өрөвдүүлсэн нэгэнд нь тусалсан нь нийгэмд гол дүр болж тодордог технологи бий болчихлоо. Ийм технологиор ажиллавал нийгмийн баатар болох талаар Ерөнхийлөгчид зөвлөсөн тэр зөвлөхүүдийн тархины хэмжээтэй ярих ч юм алга. Бодит байдал дээр 2200 км газар онгоцоор нисэх, аймгийн төвөөс сумын төв хүрэх жийп маркийн автомашины шатахууны зардал, тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдийн аав ээжид учруулсан хүндрэл, бичлэг хийх баг хамт олон гээд нийт гаргасан зардал хэдэн төгрөг болсон бол. Энэ мөнгө Ерөнхийлөгчийн халааснаас гараагүй. Харин татвар төлөгчдийн мөнгө. Энэ бүх зардал чиргэдлийн эцсийн үр дүн тэтгэлэг авсан хүүхдийн аав, ээжийн нулимсыг иргэдэд харуулж, ядарсан айлын хүүхдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээн тэтгэлээ гэх дүр зургийг харуулахыг зорьсон. Тэр зорилгоо ч биелүүлсэн.

-Манай улсад ажил гүйдэл, ядуурал, архидалт гээд тулгамдсан олон асуудал байна. Иргэд ч бухимдалтай байна. Гэтэл санаатайгаар иргэдийн тархийг угаах, хэн нэгнийг баатар болгох өнөөгийн нийгэмд их амархан болчихсон мэт санагдах боллоо?

-Эрх баригчид ерөөсөө иргэдээ ядуу байлгах сонирхолтой. Ядуу иргэдийн сэтгэл зүйг ийм хямдхан, жижигхэн юмаар хуурч, пиар хийдэг өнөөгийн улстөрчдийн технологи Ерөнхийлөгчийн тэтгэлгийг гардуулах үйл явцаас тодорхой харагдаж байна. Ядарсан иргэд баатарлаг үйл бүтээж байгаа дүр зургийг хараад манай улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ дэлхийн хаана ч байхгүй хамгийн шилдэг ажил санаачиллаа. Иргэдээ харж үздэг хамгийн шилдэг удирдагч гэх пиар хийхийг зорьсон.Тийм учраас эрх баригчид иргэдээ бодлогоор ядуу, боловсрол нимгэн амьдруулахыг оролдож байна. Английн хошин зүйр үг бий. Хаан “Иргэдийг ядуу байлгахыг би мэдье. Хамба ламтан та тэнэг байлгахыг нь мэд. Хоёулаа хамтын хүчээр иргэдээ захиръя” гэдэг. Энэ шоглоом, эмгэнэл мэт боловч манай нийгмийн бодит дүр төрх болчихлоо. Улс төрд хоёр том гажуудал үүсээд байна.

Нэгдүгээрт, улсын үрэлгэн төсөв, хоёрдугаарт, ямар ч өгөөжгүй хөрөнгө оруулалтууд. Барууны оронд төрийн өндөр албан тушаалтнууд татвар төлөгчийн мөнгийг зарцуулж байгаа учраас татвар төлөгчдийн дунджаас дээгүүр хувцаслаж, хооллож болохгүй гэсэн маш энгийн ёс зүйн код бий. Гэтэл манайд эсрэгээрээ. Улстөрчид нэр хүндээ хамгаалах биш, нэр хүндээ өсгөх технологийн боол болчихсон. Тэдний хувьд рейтинг унана гэдэг цаазын тавцан шиг санагддаг. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн өөрийнхөө пиарыг өсгөхөд хайр гамгүй зарцуулдаг. Үүний хамгийн том илрэл нь тэтгэлэгт хамрагдсан хүүхдийн жишээ боллоо.

-Өнгөрсөн хугацаанд олон арван тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байсан. Хамгийн гол нь шударга, ил тод хуваарилагдаж байв уу?

-Манай улсын бас нэг эмгэнэлтэй сэдэв уг бичлэгийн хүрээнд ил болсон нь Монгол Улсын тэтгэлгийн түүх. Өнгөрсөн бүх хугацаанд буюу 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл их хэмжээний тэтгэлгүүд зарлагдсан. Зарлагдсан тэтгэлэгт хэн хамрагдаж ирсэн бэ гэвэл улстөрч, даргын хүүхэд хамрагддагаас гадна хамгийн гайхалтай нь төлбөрөө төлөх бүрэн боломжтой айлын хүүхдүүд улсын тэтгэлгээр суралцсан байдаг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр манай улсын тэтгэлэг бол ар өврийн хаалга, танил тал, авлигажсан сүлжээгээр олддог болсон. Өнөөдөр ч тийм байгаа.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ил тод шударгаар явуулъя гэвэл процессыг нь шударга болгох ёстой. Энэ бол боловсролын салбарынхны гол ажил. Ерөнхийлөгч тэтгэлэгт хөтөлбөр санаачилж болно. Түүний гүйцэтгэлийг хийх яам, их дээд сургуулиуд нь бэлэн байгаа шүү дээ. Чаддаг чаддаг юмаа л хиймээр байна.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5, Адъяа гариг. Билгийн тооллын 1, Гар одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:25 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо

ОХУ-ын нийслэл Москвад “Кубок Алроса” буюу “Москва Гран-при” бөхийн шоу тэмцээн өчигдөр боллоо.

Тэрбээр 125 кг-ын жинд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт, “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга ОХУ-ын Сергей Козыревтэй халз барилдаж цэвэр ялагдлаа.

М.Лхагвагэрэл 3:5-аар ялагдаж яваад өрсөлдөгчийнхөө ард гарсан ч давхар тохуулж дөрвөн оноо алдаж, улмаар даралтад орсноор барилдаан өндөрлөв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв


Говьсүмбэр аймгийн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Чойр хот байгуулагдсаны 30, Сүмбэр сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын цол олгох барилдаан энэ оны 11 дүгээр сарын 30-нд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо.

Барилдаанд 128 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Сүмбэр сумын харьяат “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж аймгийн хурц арслан” болжээ. Харин Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн нэмэх начин О.Жавхланбаяр үзүүрлэж аймгийн заан цол тус тус хүртсэн байна.

Шөвгийн дөрөвт Сүмбэр сумын харьяат, Хилчин спорт хороо, “Тэс Сүмбэр” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Сүмбэр сумын харьяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Гончигтавхай нар шалгарч чимэг нэмсэн аж.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил Говьсүмбэр аймаг баяр наадмаа зохион байгуулаагүй бөгөөд зөвхөн цол олгох барилдааныг л зохион байгуулсан нь энэ юм.

Categories
гадаад мэдээ

Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Засгийн газрын санхүүжилтийг ирэх оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас баасан гарагт мэдээлжээ.

Энэхүү барим бичиг батлагдсанаар “шатдаун” буюу Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийж байгаа юм. Конгрессын хоёр танхимд пүрэв гарагт уг хуулийн төслийн талаар санал хураалт явуулсан бөгөөд Төлөөлөгчдийн танхимын гишүүд 221-212 саналын харьцаагаар, Сенатын танхимын гишүүд 69-28 саналын харьцаагаар тус тус батлан Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Ташрамд дурдахад, АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа xамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-нд түр зогсож, “шатдаун” 35 хоног үргэлжилсэн билээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт таван тэрбум гаруй ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорноговь аймгийн Сайншанд суманд “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар багт “Иргэдийн хөгжлийн төв”шинээр ашиглалтад орлоо.

Анхан шатны төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор дээрх Иргэдийн хөгжлийн төвийг орон нутгийн төсвийн 393.0 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.

Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орсноор багийн ажлын алба, багийн Иргэдийн Нийтийн Хурлын танхим, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлэг нэг дор байрлаж, 3500 иргэнд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрдлээ гэж албаныхан онцлов.

Сайншанд сум найман багтай бөгөөд өнгөрсөн баг тус бүр дээр Иргэдийн хөгжлийн төвийг нэг зураг төслөөр жишиг байдлаар байгуулсан байна.