Categories
мэдээ нийгэм

Банкны ажилтанд тавигдах суурь шаардлагын жишиг нэвтрүүлэв

2020 оны 12 дугаар сард Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол Улсын банкны салбарт ажиллах ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагыг бий болгож, арилжааны банкуудаар мөрдүүлэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлсэн.

Уг хөтөлбөрийг боловсруулахдаа манай улсын банкны салбарын онцлогт нийцүүлсэн бөгөөд банкны шинэ ажилтны суурь шаардлагыг хангуулах стандартыг бий болгосон юм.

Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар уг стандарт хөтөлбөрийг “жишиг” стандар болгон батлаж, цаашид нийт арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.

Монголбанкнаас уг жишгийг дараах 3 баримт бичгийн хүрээнд батласан.

● Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг

● Банкны ажилтны суурь шаардлагын жишгийг хангуулах шинэ банкирын сургалтын хөтөлбөр

● Шинэ банкирын онол, практик хосолсон болон мэргэшсэн банкирын сургалтын жишиг журам

Төслийн эхний шатны хүрээнд боловсруулсан эдгээр баримт бичгийг арилжааны банкууд өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдөж, сайн дураар хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Банкны ажилтнаас өндөр хариуцлага, ёс зүй, эерэг хандлагатай байх шаардлага тавигддаг. Өнгөрсөн хугацаанд банкууд өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод сургалтын хүрээнд шинэ ажилтнуудаа сургаж бэлтгэсэн. Харин уг төслийн хүрээнд банкны салбар нэгдсэн байдлаар ажилтнууддаа тавих суурь шаардлагын жишигтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банканд ажилд орж буй шинэ ажилтан нь боловсролын зэргээс үл хамааран, ажиллах хугацаандаа 9 сарын турш онол-практик хосолсон сургалтад хамрагдаж, батламж авдаг болно. Энэхүү батламж нь тухайн ажилтны хувьд ирээдүйд өөр банканд шилжин орсон ч хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн сертификат, баримт болох юм.

Шинэ банкирын жишиг суурь шаардлагыг хангуулах онол-практик хосолсон сургалтыг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн ноу-хауд тулгуурлан, Банк санхүүгийн академиас шат дараатайгаар ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Дээрх жишиг суурь шаардлага, үүнийг хангуулах жишиг журам нь одоогоор сайн дураар хэрэгжүүлэх хэлбэртэй байгаа ч ирэх жилүүдэд холбогдох хууль тогтоомж нь батлагдвал заавал мөрдөх шинжтэй зохицуулалтын журам болж шинэчлэгдэн батлагдах боломжтой юм.

Банкуудын хувьд энэ нь шинээр орж буй ажилтныхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөрөнгө оруулалт болж буйгаас гадна эцсийн дүнд харилцагч, иргэдийг санхүүгийн аливаа эрсдэлээс хамгаалах, санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэж үйлчлэхэд томоохон түлхэц болно.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Шаардлагагүй тохиолдолд гадаад руу зорчихгүй байхыг зөвлөж байна

Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу “Омикрон” хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.11.29/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкын улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байна.

Манай улсын хувьд Улсын онцгой комиссын шийдвэрээр ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй бөгөөд дээрх улсаас ирсэн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлахаар болсон.

Иймд иргэд тухайн улс оронд зорчиход тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцохыг зэрэгцээ онцын шаардлагагүй тохиолдолд гадаад улсад, ялангуяа халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д өнөөдрөөс жолоочгүй такси явж эхэлжээ

БНСУ-д өнөөдрөөс эхлэн жолоочгүй такси үйлчилгээ яваад эхэлжээ. Эхний ээлжинд Сөүл хотын Мапу дүүргийн Санам хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэг сар үнэгүй хүргэлт үйлчилгээ үзүүлэн он гараад үнэтэй болох аж.

Он гараад Ганнам дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард гэхэд Сөүл хотын Чонгечонд жолоочгүй автобус буюу автомат жолоодлоготой автобус явуулах аж.

Тус улсын эцсийн зорилго нь олон нийтийн тээврийн хэрэгслийг жолоочгүй, автомат болгох бөгөөд дэд бүтцийг таван жилийн дотор байгуулна гэдгээ мэдэгдэж, 148 тэрбум вон төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.


2021 оны 11 сарын 30-ны 20 цагаас 12 сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгороор 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12 дугаар сарын 2-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-р сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ” эхэллээ.

Энэ хүрээнд эрсдэл өндөртэй 7-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын айл өрхөд ахуйн гал түймэр, цахилгааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл хүргэх юм.

Ирэх 12 дугаар сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, “Тавантолгой түлш” ХХК болон хороодын дарга, хэсгийн ахлагч нарын 230 гаруй алба хаагч хамтран зохион байгуулна гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1384, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 91 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 84, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 182, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 55, эрүүлжүүлэх байранд хоносон 193, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно

CУИС-ийн судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийн анхны тоглолт өчигдөр боллоо.

Соёлын яам Соёл, урлагийг дэмжих сан, СУИС-ийн дэмжлэгтэйгээр бүтэж буй уг бүтээлд хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу; Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг соёлын биет болон биет бус өвийн олон элементийг оруулснаараа онцлог юм.

Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн чулуун судрын гайхамшгийг бүжгийн хэлээр амилуулж, эх түүх, өв соёлоо хойч үедээ уламжлуулж өвлүүлэх зорилготой энэхүү уран бүтээлийн цомнолыг Ардын багш, доктор, профессор С.Дулам, хөгжмийг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар бүтээсэн бөгөөд найруулагч, бүжиг дэглээчээр МУУГЗ Д.Баярбаатар, удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Б.Нямхүү, хувцасны зураачаар Б.Баярцэцэг нар ажиллажээ.

.

Categories
гадаад мэдээ

Японд “Омикрон” вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ

Япон улсад өнөөдөр “омикрон” вирусийн анхны тохиолдол бүртгэгдэв.

Эх сурвалжийн мэдээлснээр ням гаригт Токиогийн Нарита нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Намиби улсын дипломатч “Covid-19”-ийн шинжилгээ өгч, хариу нь шинэ төрлийн мутацид орсон омикрон хувилбараар халдвар авсан нь тогтоогджээ.

“Омикрон” хувилбарыг цааш тархахаас сэргийлж Японы засгийн газар арваннэгдүгээр сарын 30-наас нэг сарын хугацаатай гадаадаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ зарлаад байна.

Уг хилийн хориг Япон улсын оршин суугчдад нөлөөлөхгүй гэж ерөнхий сайд Фүмиёо Кишида мэдэгдсэн. Шинэ төрлийн омикрон вирус бүртгэгдсэн улс орнуудаас эх орондоо буцан ирж буй иргэд 10 хоногийн хугацаатай тусгаарлалтад орох ёстой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 524,286,746.44 төгрөгийн үнийн дүн бүхий 971,723 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Ариг гал” ХК (EER +14.97%), “Өндөрхаан” ХК (ONH+14.97%), болон “Төмрийн завод” ХК (TMZ+14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жидакс” ХК (SOH-12.12%), “Техник импорт” ХК (TEX- 10.87%) болон “Азык” ХК (ALD- 10.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 51,550 ширхэг нэгж эрх 31,375,637 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.39 хувиар буурч 39360.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,241,940,966,002.55 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

“Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав

“Toyota Motor” компани аравдугаар сард 627 мянган нэгж автомашин үйлдвэрлэснээ тайлагналаа. Өөрөөр хэлбэл гарц нь өнгөрсөн оны мөн үеэс 25.8 хувиар буурсан байна.

Харин тайлант хугацаанд “Toyota Motor” олон улсад 677 мянга гаруй автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар буурсан үзүүлэлт болов.

Хагас дамжуулагч болон эд ангиудын хомсдол автомашин үйлдвэрлэгчдэд нөлөөлсөн хэвээр байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. Мөн Зүүн Өмнөд Азид “коронавиус”-ийн халдварын тархалт өндөр байгаа нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм.