Categories
мэдээ нийгэм

​Хорих байгууллагуудад хүмүүжигчдийн тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргуудад хүндэтгэл үзүүллээ

Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/-ноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, түүхэн амжилт гарган аваргын алтан медаль хүртсэн билээ.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МУГТ, их мастер, дэд хурандаа Т.Батчимэг хорих ял эдлүүлэх албаны сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар ШШГБ- ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчдын төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээнд амжилттай оролцсон найман хүмүүжигчид талархлын бичиг гардуулан, хувийнхаа зүгээс нийт 500 мянган төгрөгөөр шагнажээ.

Мөн цаашид шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шатар, сурах бичгийг 415, 423, 427, 435-р нээлттэй, хаалттай хорих ангиудад тус, тус гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

МГТИС энэ жил 110 оюутанд тэтгэлэг олголоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) 2021-2022 оны хичээлийн жилийн “Тэтгэлэг гардуулах арга хэмжээ” болж өндөрлөлөө. “Covid-19” өвчний улмаас энэхүү арга хэмжээг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 110 оюутан тэтгэлгээ гардан авсан байна.

Энэ хичээлийн жилд тус их сургуулийн тэтгэлгүүдийн төрөл болон тоо хэмжээ нэмэгдэж, нийт оюутны 40 орчим хувь нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал бүхий тэтгэлгүүдийг хүртсэн байна. Үүнээс 48 оюутан Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлэг, 62 оюутан Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэн боллоо. Арга хэмжээнд МГТИС-ийн удирдлагуудаас гадна ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Европын Сэргээн босголтын банкны(KfW) төлөөллүүд оролцож, оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

МГТИС нь жил бүр олон тооны оюутныг Монгол-Герман хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, инженерийн боловсролыг тэгш хүртэмжтэй түгээдэг юм. Тиймээс 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 3.8 тэрбум төгрөгийн тэтгэлгийг давхардсан тоогоор 535 оюутанд олгоод байна.

Мөн ХБНГУ болон БНХАУ-д зуны хөтөлбөрийн хүрээнд 14 хоногоос нэг семестрээр суралцах, гаднын компаниудад гурван сарын турш цалинтай дадлага хийх боломжийг олгодог.

Тус их сургууль нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд чанартай боловсролыг сурагчдад түгээдэг юм. Тухайлбал олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN байгууллагаас гардан авжээ.

Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм.Түүнчлэн 2020 оны хичээлийн жилээс Мехатроник инженер, Эрчим хүч, цахилгааны инженер гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдгээр бүх хөтөлбөрийн сургалт 100 хувь Англи хэл дээр явагддагаараа онцлогтой.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Эрээн хотод “Covid-19”-ийн батлагдсан тохиолдол 18 боллоо

Хятад улсын Эрээн хотод сүүлийн 24 цагийн хугацаанд “Covid-19”-ийн халдварын тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 18 боллоо.

Монгол-Хятадын худалдааны томоохон боомт болох Эрээн хотод энэ сарын 13-нд цар тахлын нэг тохиолдол илэрсний улмаас манай улстай хилээ хаагаад байгаа билээ. Үүний улмаас Хятадаас орж ирдэг импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсоод байгаа юм.

Мөн Алшаа аймгийн Эзнээ хошуунд сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн халдвар авч нийт тохиолдлын тоо 132 болсон аж. Тус хошууны нутаг дэвсгэрт Монгол-Хятадын нүүрс тээвэрлэлтийн гол гарцуудын нэг Сэхээ боомт харъяалагддаг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Баярсайхан, О.Бямба-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарлаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

-54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй аравдугаар сарын 31-ний орой тулалдана.

-71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шөвгийн 16-д ОХУ-ын Вадим Мусаевтай аравдугаар сарын 31-ний шөнө тулалдана.

О.Бямба-Эрдэнэ

-60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  • -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
  • -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 30-ны шөнө Тайванийн Лай Чу-Энтэй тулалдана.
  • -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

  • -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  • -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гарчээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос “Ковид 19” халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу гаргажээ.

Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчидод өөрчлөлт ороогүй байна.

Тиймээс дээрх өдөр Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газраа хандахыг зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ

АНУ-д 5-11 насны хүүхдүүдэд “Pfizer” вакцинд хэрэглэхийг зөвшөөрлөө

“Pfizer”, “BioNTech” компанийн хамтран боловсруулсан коронавирусний эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай горимд хэрэглэхийг АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас батламжилжээ.

Нийт 3100 гаруй хүүхдэд хийсэн вакцины нөлөөллийг судалсан бөгөөд 5-11 насны хүүхдүүдийн дархлааны хариу урвал нь 16-25 насны хүмүүсийнхтэй ойролцоо гарсан байна. Түүнчлэн вакцины Ковид-19-өөс сэргийлэх үр нөлөөлөл нь 90.7 хувьд хүрсэн байна.

Ирэх долоо хоногт АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв вакцины хэрэглээний эмнэлзүйн удирдамжийг хэлэлцэх болно гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголоос Чех улс руу анх удаа авто замаар тээвэр хийлээ

Монголын тээвэрчид Европын холбооны Бүгд Найрамдах Чех улс руу 2021 оны арадугаар сарын 11-нээс авто замаар тээвэрлэлтийг анх удаа гүйцэтгээд байна.

“Монтрансавто” ХХК болон “Хар анар” ХХК-ийн дөрвөн автомашин БНХАУ-ын Эрээн хотоос дамжин өнгөрөх ачаа ачаад 2021 оны аравдугаар сарын 23-нд Бүгд Найрамдах Чех улсад хүргэлээ.

Уг тээвэрлэлтээр маск, эмнэлгийн бээлий, тоног төхөөрөмжийг Чех улсад хүргэсэн байна. Эдгээр тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу дараалал харгалзахгүй нэвтрүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос дэмжлэг үзүүлэн ажиллав.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тусгагдсан.

Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

2021 оны 08 дугаар сарын 19-нд Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурснаар Монголын тээвэрчид хэлэлцээрийн хүрээнд нийт 12 улстай олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой боллоо.

Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс тус яамны зүгээс Европын холбооны гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож, улмаар 2011 онд Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн тунхаглаж, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.

Монгол Улсаас Европын Холбоонд экспортлож буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, хивс, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт, үнэт металл, монгол гэр багтдаг.

Харин Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, шоколад, цай, лаазалсан ногоо, жимс, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн голчлон импортолж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1443 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1443 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 841 нь Улаанбаатарт, 599 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 11 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1649 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар 17397 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн: 8189
  • Хүндэвтэр:6716
  • Хүнд: 2127
  • Нэн хүнд: 365 хүн байна.

Гэрийн хяналтад 51509 хүн байна.

May be an image of map and text

Categories
мэдээ спорт

Монголын баг Абу Дабигийн их дуулгын шөвгийн наймд шалгарлаа

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн цуврал тэмцээний Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ.

Дэлхийн шилдэг 14 баг оролцож буй тус тэмцээнд Монголоос “Ulaanbaatar MMC Energy” баг оролцож байна.

Тэд “B” хэсэгт Токиогийн олимпын аварга Латвийн “Riga” багтай эхний тоглолтоо хийж 21-16 харьцаагаар хожигдлоо.

Харин хоёр дахь тоглолтоо Саудын Арабын “Jeddah” багтай хийж 18-15 харьцаагаар хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.

Хасагдах шатны тоглолтууд өнөө орой 20:00 цагаас эхлэх бөгөөд “Ulaanbaatar MMC Energy” баг Сербийн “Liman”-тай тоглоно.

Хэрэв ялбал хагас шигшээд АНУ-ын “Princeton”, Сербийн “UB” багуудын ялсантай тоглох учиртай.

Монголын баг Абу Дабигийн их дуулгын шөвгийн наймд шалгарлаа