Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Дэлхийн удирдагчид чуулж буй Глазго хотод Грета Тунберг тэргүүтэй идэвхтнүүд цуглажээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 26 дахь уулзалт Шотландын Глазго хотноо үргэлжилж байна.

“COP26” хэмээх уг чуулганы үеэр үзэл бодлоо илэрхийлэх гэсэн нийгмийн идэвхтнүүд хэдэн мянгаараа Глазго хотноо цугларчээ.

Тэр дунд “Fridays for Future” хэмээх нийгмийн хөдөлгөөнийг эхлүүлсэн Шведийн Грета Тунберг ирсэн бөгөөд ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон төрлийн хөдөлгөөнд оролцогчид иржээ.

Герман, Испани зэрэг олон улсаас хүмүүс урт зам туулан үзэл бодлоо илэрхийлэхээр ирцгээж байна гэж BBC мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замыг нээлээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын санаачилгаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажилласан. Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэх юм.

Авто замыг улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, 800 м явган хүний зам, 5 км дугуйн замтай, мөн 4 цэгт явган хүний гарц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой барьсан гэдгийг гүйцэтгэгч компани онцоллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 29-нд боллоо. Тус үзэсгэлэнд Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Адъяабазар, Ц.Энхжаргал нарын уран бүтээлүүд дэлгэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэн дөрвөн уран бүтээлчийн 110 бүтээлээс бүрдэж буйгаараа онцлог боллоо.

Дөрвөн өөр мэдрэмж, сэтгэлгээг нэг дор багтаасан нь сонирхууштай. Уран бүтээлчийн сэрэл мэдрэмж, оюун санааны бүтээлүүдийг ирэх сарын 14-ийг хүртэл Монгол арт галерейд үзэх боломжтой.

“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адъяабазар “Би олон төрлөөр бүтээл туурвидаг. Энэ удаад Монголын түүхийг харуулсан бүтээлээр оролцож байна. Дөрвөн өөр зураачийн арга барил, өнгө аяс харагдаж байгаа байх. Энэ нь онцлогтой болгож байна. Би өөрийнхөө арга барилаар байгалийн сэтгэмж, сэтгэлгээний онцлогоор зурсан 20 гаруй бүтээлээр оролцож байна. Монгол арт галерейн хамт олонд баярлалаа” гэлээ.

Мөн тус үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд “Энд миний сүүлийн үед бүтээсэн бүтээлүүд тавигдаж байгаа. Говь нутгийн байгаль, тэндээс төрсөн сэтгэгдлээс төрөн гарсан зураг гэхэд болно. Үүгээрээ би юу хэлэхийн хүссэн гэхээр хэчнээн цул энгийн элс мөртлөө олон төрлийн салст, гоё өнгө, сонин хэлбэр дүрсээс гоозүйн мэдрэмж авч болдгийг харуулахыг зорилоо. Уран зурагт нэгдүгээрт тавигддаг зүйл бол өнгө. Араас нь хэлбэр, зураас байдаг. Энэ гурван үндсэн элементээс уран зураг бүтдэг. Түүхэн, хийсвэр зураг ч бай энэ элемент үргэлж явагддаг. Тийм ч учраас бүхэл бүтэн хүний зан чанар, хүсэл мөрөөдөл, эрлийг харуулж чаддаг юм” хэмээлээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Энхжаргал “Дэлхий ертөнцийг дөрвөн өөр өнцгөөс мэдэрдэг уран бүтээлчид нэг дор чууллаа. Өөр өөрийн арга барилтай зураач нар олон байдаг. Би тийм төрөл жанраар бүтээл туурвидаг гэж ярих дургүй. Урлаг судлаач нар ангиллаж ялгана биз. Уран зургаар дотоод сэтгэлээ гаргахыг л зорьдог. Мөн сайхан, сайхан залуу уран бүтээлчид их төрөн гарч байна. Тэдний сэтгэмж соргог дэлхийн төвшинд сэтгэж байгаа бахарууштай. Хэдий тийм ч хэтэрхий нэг зүйлийн араас хөөцөлдөхгүй дотоод сэтгэлээ чангаж байгаасай гэж хүсдэг. Арга барил бол чөлөөтэй зүйл” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эхийн эндэгдэл гурав дахин нэмэгджээ

Цар тахлын үед эхийн эндэгдэл сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Энэ оны есөн сарын байдлаар 45 эх эндэж, 100 мянган амьд төрөлтөд 89.7 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс даруй гурав дахин өссөн үзүүлэлт аж. Энэ нь орны хүрэлцээгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, хүний нөөцийн бэлэн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг салбарынхан онцолжээ. Тодруулбал, энэ сарын 29-нд “Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөний үеэр уг асуудлыг хөндсөн юм.

Цаашид Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.1.3 дахь заалтад тусгагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гаргах аж.

Categories
гадаад мэдээ

Телевизийн алдарт хөтлөгч Игорь Кириллов 89 насандаа таалал төгсчээ

Зөвлөлт гүрний телевизийн гол нүүр царай, дуу хоолой болж байсан алдартай хөтлөгч Игорь Кириллов өчигдөр 89 насандаа таалал төгсжээ.

Тайван, тогтуун хоолойгоороо тэр Зөвлөлт Холбоот Улс анхны хиймэл дагуул сансарт хөөргөснийг, Коммунист Намын их хурлын шийдвэрүүдийг зарлаж байв. Улаан талбайд болсон бүх парад, томоохон арга хэмжээг зөвхөн Кирилловын тайлбартайгаар дамжуулдаг байжээ.

Он солигдох мөчид шинэ жилийн мэндчилгээг, Зөвлөлтийн удирдагчид нас барахад эмгэнэлийн мэдээг тэр л уншдаг байсан юм.

Харин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Кирилловын ажил хөдөлмөрийн замнал ч бас өндөрлөсөн байна.

1980-аад оны сүүлээс эхлэн дэлхий даяар телевизийн мэдээг тусгай хөтлөгч биш, сэтгүүлчид өөрсдөө уншдаг болсон нь бас үүнд нөлөөлсөн байх.

1932 онд Москва хотод төрсөн Кириллов театр урлагийн дээд сургууль төгссөнийхөө дараа 1957 оноос Зөвлөлтийн төв телевизэд ажиллаж эхэлжээ.

Тэрбээр 30 орчим жил Зөвлөлтийн төв телевизийн “Время” нэвтрүүлгийн үндсэн хөтлөгчөөр ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн улмаас 2926 хүүхэд, 994 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улсын хэмжээнд 67,567 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 49,840 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 17,727 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 48.3 хувь нь хөнгөн оноштой бол 51.6 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой-8,568
  • Хүндэвтэр оноштой-6,784
  • Хүнд оноштой -2,032
  • Маш хүнд оноштой -343 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 2,926 нь буюу 16.5 хувь нь хүүхэд бол 5.3 хувь нь буюу 994 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Японд парламентын доод танхимын сонгуулийн санал авах байрууд нээгдлээ

Засгийн газрын тэргүүнийг сонгох, улсын төсвийн төслийг батлахад дээд танхимаасаа илүү эрхтэй Японы парламентын доод танхимын сонгуулийн санал авах 46 мянга гаруй байр ням гарагт орон даяар нээгдлээ.

Сонгогчид 07:00-20:00 цагийн хооронд санал өгөх эрхээ эдлэх боломжтой. Японы доод танхимын 465 гишүүний 289 нь нэг мандаттай тойргоос, 176 нь 11 бүс нутагт намын жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн есөн намаас нийт 1051 улс төрч нэрээ дэвшүүлсэн байна.

Доод танхимыг тараахаас өмнө түүний 276 суудлыг Ерөнхий сайд Кишида Фүмио тэргүүтэй эрх баригч Либерал Ардчилсан нам (ЛАН) хянаж байсан бол 29-ийг нь эрх баригч эвсэл дэх ЛАН-ын жижиг түнш Комейто намын депутатууд эзэлж байв. Тэд хамтдаа үнэмлэхүй (305) олонх байсан ч Үндсэн хуулийн олонх (310) биш байв. Харин сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн Ардчилсан нам (ҮХАН) 112 суудалтай байв. Коммунист Нам 12 суудал, Японы Сэргэн мандалтын нам 11, Ардын ардчилсан нам 10 мандаттай байсан бол үлдсэн суудлыг бусад жижиг намууд эзэлж байжээ.

Энэ удаагийн сонгуулиар есдүгээр сард Кишида намын даргаар сонгогдсоны дараа ЛАН хэдэн суудал авах вэ гэдэгт, мөн Үндсэн хуулийн Ардчилсан нам доод танхимд төлөөллөө нэмэгдүүлж чадах эсэхэд гол анхаарал чиглэж байна.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүн харилцан адилгүй гарсан байна. Бүх санал асуулгуудын дүнгээс харахад, эрх баригч нам суудлынхаа талыг алдах төлөвтэй байгаа юм. Гэхдээ зарим санал асуулгын дүнгээр ЛАН доод танхимд суудлынхаа талаас илүү хувийг (465 суудлын 233-ыг) авч үлдэх бол зарим нь олонхын суудлаа алдана гэж таамаглаж байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэнэ

Энэтхэг улс 2022 онд дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун коронавирусийн вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн вакциныг аль болох хурдан хүлээн зөвшөөрөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриаллаа.

Энэ тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гаригт Хорийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мэдэгджээ.

“Энэтхэг улс дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үргэлж нухацтай ханддаг. G20-ийн дээд хэмжээний уулзалтын индрээс би Энэтхэг улс ирэх онд 5 тэрбум гаруй тун вакциныг дэлхий дахинд гаргахаар бэлтгэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. Энэтхэгийн энэ амлалт нь дэлхийн даяар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд ихээхэн түлхэц болно. Тиймээс Энэтхэгийн вакциныг ДЭМБ аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй чухал юм” гэж Моди мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн эмийн хүчирхэг үйлдвэрүүдтэй тус улс дэлхийн 150 гаруй оронд коронавирусийн вакцин нийлүүлсэн гэдгийг сануулжээ.

Ерөнхий сайд мөн вакцины олон улсын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх механизмын асуудлыг хөндсөн байна. “Эдийн засгийг сэргээхийн тулд олон улсын аялал жуулчлалыг эрчимжүүлэх шаардлагатай. Үүний тулд бид вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх ёстой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Моди “дэлхийн санхүүгийн бүтцийг илүү шударга болгохын тулд” томоохон корпорацуудад 15 хувиас доошгүй татвар ногдуулахыг дэмжсэн “G20”-ийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянгол сумынхан шинэ Соёлын төвтэй боллоо

Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Баянгол суманд шинэ Соёлын төв барьж ашиглалтад оруулаад байна. Хоёр давхар, 24 өрөөтэй, 250 хүний суудалтай уг барилгын ажлыг “Тэрхийн ундраа” ХХК барьж гүйцэтгэжээ.

Баянгол сумын Соёлын төв 1978 онд баригдсан бөгөөд өдгөө хуучирч, соёл, урлагаар иргэдэд үйлчлэх боломж хязгаарлагдмал болсон тул шинэ барилгатай болгох ажлыг УИХ-ын гишүүн С.Чинзориг 2019 оноос хөөцөлдөж эхлүүлсэн аж.

Categories
гадаад мэдээ

Тонга улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Номхон далайн бяцхан арал улс Тонгад өнгөрсөн Баасан гарагт коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.

Шинэ Зеландаас эх орондоо эргэж ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн байна. Уг хүн нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан нэгэн байжээ.

Тонга улсын ерөнхий сайд Похива Туйонетоа тус улсын гол арал болох Тонгатапуд ирэх долоо хоногт хөл хорио тогтоож болзошгүй байгааг мэдэгдсэн байна.

Саяхныг хүртэл Тонга улс нь коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүй дэлхийн сүүлчийн улсуудын нэгт тооцогдож байв.

Шинэ Зеландаас зүүн хойд зүгт оршдог Тонга улс нь 100,000 гаруй хүн амтай.

Сүүлийн байдлаар тус улсын хүн амын гуравны нэг орчим нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.

Баасан гарагт Шинэ Зеландын Кристчөрч хотоос ирсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нийт 215 хүн эх орондоо ирсэн юм байна. Тэдний дотор Токио 2020 олимпын наадамд оролцсоныхоо дараа Шинэ Зеландад гацсан Тонгагийн үндэсний шигшээ багийн тамирчид байжээ.

Номхон далайн арал улсуудаас одоо Тувалу улсад Covid-19 өвчний ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Үүнээс гадна Умард Солонгос, Туркменистан улсууд албан ёсоор ганц ч тохиолдол илрээгүйг ДЭМБ-д мэдэгдээд байгаа. Гэхдээ эдгээр улсуудад өвчлөл гарсанд мэргэжилтнүүд эргэлзэхгүй байгаа юм.