Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос зенитийн шинэ пуужин туршлаа

БНАСАУ зенитийн шинэ пуужин туршжээ.

Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр пуужинг хөөргөсөн зорилго нь хөөргөгч аппарат болон шинэ пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг шалгах байжээ.

БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн бүтээсэн шинэ пуужингийн туршилт нь практикийн том ач холбогдолтой аж.

БНАСАУ өмнө нь есдүгээр сарын 28-нд анх удаагаа хэт авиан пуужин туршсан билээ. “Хвасон-8” хэт авиан пуужинг мөн Хойд Солонгосын Цэргийн шинжлэх ухааны академид зохион бүтээжээ. Туршилтын явцад шинэ хэт авиан пуужингийн чадвар, бат бэх байдал, техникийн үзүүлэлтүүдийг шалгажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарч, 10 га талбай шатжээ

Өвөрхангай аймгийн Тарагт суманд хээрийн түймэр гарч, 10га талбай шатжээ.

Тодруулбал, тус сумын Арвайн тал баг Хайрханы хишиг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд очжээ. Улмаар 16:23 цагт түймрийг цурманд оруулж, 17:13 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахмадын баярыг тохиолдуулан ахмадууд мод тарилаа

Өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон Улсын Ахмадын баярын өдөр. Жил бүрийн энэ өдөр улс эх орныхөө хөгжлийн төлөө зүтгэсэн ахмад буурай нартаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн хүрээнд Баянзүрх дүүргийн ахмадууд үр хойч, ирээдүйн байгаль дэлхийн сайн сайхны төлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Уг ажлыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, Ахмадын холбооны дарга нар санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд мод тарих ажлын үеэр 17 дугаар хорооны Засаг дарга Цэрэнмаа хэлэхдээ: “Өнгөрсөн он жилүүдэд ахмад настай буурайнуудад төр засаг, холбогдох удирдлагууд хүндэтгэл үзүүлж, эх орны төлөө өдий хүртэл зүтгэж байгаад талархал илэрхийлдэг. Тэгвэл энэ жилийн хүрээнд дүүргийн ахмадууд маань хамтарч эх орныхоо сайн сайхан, ирээдүйн төлөө одоо хүртэл зүтгэхэд бэлэн гэдгээ ойлгуулахын тулд ийнхүү мод тарьж байна” гэсэн юм


Ахмадуудын зүгээс ч мөн адил бид үргэлж эх орон, ирээдүйн сайн сайхны төлөө санаагаа чилээж, зүтгэсээр ирсэн. Биднийг голохгүй бол цаашид ч бид зүтгэж, хамтарч чадна гэсэн юм. Мөн “Ахмадын баяр”-ыг тохиолдуулж Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүрэгтээ “Ахмадын Өргөө” барихаа мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 42000 гаруй ахмадууд аж төрж, амьдран суудаг хэдий ч тэдний дуу хоолойг төрийн анхан, дунд, дээд шатанд хүргэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, залуу үеэ дэмжиж ажиллахад хамтрах “Ахмадын Өргөө” байхгүй. Харин бусад дүүргүүдэд 1-2 байдаг. Тиймдээ ч “Ахмадын өргөө”-г барьж байгуулах болсон” гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

​Зургаан жил ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхлэв


Замын-Үүдийн Дулааны цахилгаан станц 2015 онд баригдаж дууссан ч зургаан жилийн турш ашиглалтгүй гацаад байв.

Энэхүү станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ.

Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм.

Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, “Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах таван төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах долоон шугам хоолойг холбосноор өнөөдрөөс Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ.

Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.

Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг 1800-1200 утсаар хүлээн авч, шийдвэрлэж байна

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 23-29-ний хооронд дээрх тусгай дугаарт нийт 1024 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.39 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 42 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 33 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ковидын шинжилгээ авах үйл ажиллагааг өргөжүүлж есөн байршилд шинжилгээний цэгүүдийг ажиллуулж байна. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.

Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард олон улсын 84 нислэг үйлдэнэ

Иргэнийн нисэхийн ерөнхий газраас 2021 оны сүүлийн хоёр сард олон улсын 84 нислэг үйлдэх хуваарь гаргажээ.Тодруулбал ирэх арваннэгдүгээр сард 39, арванхоёрдугаар сард 45 хуваарьт нислэг үйлдэгдэнэ. Мөн хуваарьт нислэгээс гадна зорчигчдын хүсэлт, эрэлтийг харгалзан, агаарын тээвэрлэгчид нисэн очих улсын хилийн хориг, хязгаарлалтгүй тохиолдолд захиалгат нислэг үйлдэх боломжтой гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард МИАТ, Hunnu Air, Korean Air, Turkish Airlines, Asiana Airlines гэсэн агаарын тээвэрлэгчид долоон чиглэлд 29 нислэгийг нэмэлтээр үйлджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-аас Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, шаардлага хүргүүллээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ны өдөр АН-ын зүгээс төв талбай дээр “Одоо боллоо” уриатайгаар жагсаал цуглаан хийж буй билээ. Мөн АН-аас Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүллээ.

АН-ын шаардлага:

“Монгол Улсад сүүлийн 20 жилд болоогүй эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд байна. Цар тахал эхэлсэн үеэс, ирж буй аюул эрсдлийг Ардчилсан Нам анхааруулж, тодорхой шийдлүүдийг санал болгож байсан.

Өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын тархалт хяналтаас бүрэн гарч, 300 000 гаруй хүн халдвар авч, 1300 орчим иргэн амь насаа алдлаа.Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хомсдож, ажилгүйдэл ядуурал дээд цэгтээ туллаа.
Гэвч эрх баригч МАН алдаагаа засаж, албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцохгүй, ард түмнээ тахал, ядуурлын ангалд орхилоо.
Өдөр бүрийн эргэж буцсан буруу шийдвэр, хулгайд идэгдэж авилгажсан төсөв, иргэддээ биш хөшөө дурсгалд зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг зөрчсөн дарангуйлал зэрэг нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа энэ цаг үед Ардчилсан Намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тодорхой асуудлуудаар удаа дараа шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлсэнгүй. Иймд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

“Тэрбум мод” тарих ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хуралд үг хэлэхдээ Монгол улс 1 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж олон хүний талархлыг хүлээсэн.

Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулаад байгаа. Тус уулзалтаар “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаа. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу Тухайлбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод тарилаа.

Ганц ангийн байрлалаа ногоон төгөл болгох бус Налайх дүүргийг ногоожуулах, моджуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд аравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд тус дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнд 500 гаруй мод тарихаар төлөвлөжээ.

Үндэсний хэмжээнд яригдаж буй тус “Тэрбум мод” хөдөлгөөний талаар иргэд, албан байгууллага санал санаачилгатай, идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ. Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг олон хүн онцолж байгаа юм. Энэ талаар мэргэжлийн зарим хүмүүс ийн ярьж байна.

Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: -“Тэрбум мод” тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай.

Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: -Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэнийн мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй.

ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам: -Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй.

“Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: -Ойн тухай хуулийг шинэчилж, Хот, суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй.

“Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржав: -Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой.

МУИС-ийн багш Б.Оюунсанаа: -Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүч, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Тэгэхээр удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: -Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий”.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: -Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрсэлгээ бэлэн байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг боллоо

МУИС-ийн Стратегийн төлөвлөгөө 2016-2024-д бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтан орохоор заасан. Үүний тулд судалгааны хамрах хүрээ болон түвшинг сайжруулахаар “Олон улсын хамтарсан судалгаа хийдэг, дэд бүтцийг нь ашигладаг байгууллагын тоог нэмэгдүүлэх, судалгаа хийх, дэд бүтэц ашиглах” стратегитэй ажиллаж байна.

Их, дээд сургуулиудын чансаа тогтоодог “U-Multirank 2021” эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авсан байна.

“UMultirank” нь Европ дахь дээд боловсролын судалгааны хэд хэдэн төвүүдийн хамтран хөгжүүлсэн, бие даасан, хараат бус, (1) сургалт, (2) судалгаа, (3) мэдлэг дамжуулалт, (4) олон улсын хамтын ажиллагаа, (5) бүс нутаг/орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн 5 бүлэг үзүүлэлтэд суурилсан дээд боловсролын байгууллагын чансаа тогтоодог олон улсын эрэмбэ юм. Тус эрэмбэ нь 2014 оноос дэлхийн 80 гаруй улсын дээд боловсролын байгууллагуудын чансаа тогтоож эхэлсэн бол 2021 онд 1300 гаруй дээд боловсролын байгууллага тус эрэмбэд багтжээ. Тус эрэмбийг:

  • ХБНГУ-ын Дээд боловсролын төв (CHE)
  • Твентийн их сургуулийн Дээд боловсролын бодлогын судалгааны төв (CHEPS)
  • Лейдений их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны төв (CWTS)
  • Испанийн Мэдлэг, хөгжүүлэлтийн ажлын сан хамтран боловсруулдаг байна.

2021 оны U-Multirank эрэмбэд олон улсын хамтын ажиллагааны индекс гэх үзүүлэлтийг шинээр тооцож эхэлсэн бөгөөд тус үзүүлэлтээр мөн МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн эгнээнд багтан оржээ. Тус шилдэг 25 их сургуульд Европоос 21 их сургууль, Америк, Африк тивээс тус бүр 1 их сургууль, Азиас Японы Осака их сургууль болон МУИС багтан орсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

“Намрын ногоон өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа.


Өмнө нь есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд амжилттай зохион байгуулж, нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог борлуулж, 770 сая төгрөгийн худалдаа хийсэн гэсэн дүн гарсан. Мөн үеэр 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч худалдаа үйлчилгээ явуулсан юм. Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүсэлт гаргасны дагуу “Намрын ногоон өдрүүд”-ийг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна.


Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар барьж, босгоод байгаа юм. Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид байршиж, тарьсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийслэлээс олгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Сүхбаатарын талбай дахь зарим асарт нийслэлийн харьяа газар, алба, агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлаа иргэдэд танилцуулж байна. “Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.