Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтад оролцохоор Шотландыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Шотландыг зорилоо.

Уулзалт 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи ба Умард Ирландын нэгдсэн улсын Глазгоу хотноо болох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

НАМТАР

Бидний ачит ээж, эмээ, эгч Өлзийтийн Одхүү нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд бид нарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ө.Одхүү нь 1945 онд Дорнод аймгийн Халх гол сумын Баянбүрд гэдэг газарт төрсөн. Тэрээр 1954-1961 онд дунд сургууль, 1961-1965 онд Хүн эмнэлгийн техникум, 1968-1973 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг тус тус төгссөн,хүний их эмч мэргэжилтэй хүн байлаа.

Мөн 1976-1978 онд Зөвлөлт Холбоот Улсад мэргэжил дээшлүүлэх ординатурт, 1991 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар ЗХУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж байв.

Ө.Одхүү нь 1965-1968 онд Анагаах Ухааны Дээд Сургуульд лаборант, 1973-1982 онд Улсын Клиникийн Хоёрдугаар Тусгай Эмнэлэгт их эмч, 1982-1995 онд Сүрье Уушигны Эмгэг Судлалын Нэгдсэн Төвд дотрын их эмч, 1995-2001 онд Сонгино хайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн диспансерийн эрхлэгч, 2001-2006 онд Улаанбаатар Төмөр Замын эмнэлгийн Булагтай рашаан сувилалын даргаар ажиллаж байв.

Тэтгэвэртээ гарснаас хойш өөрийн хобби, сонирхлыг хөгжүүлж, “Зүймэл даавуун урлалын төв”-д суралцан, өөрийн гэсэн олон бүтээлээ туурвиж байв. Улмаар тус төвд зүймэл даавуун урлалын багш, сургагчаар олон жил ажиллаж, олон шавь нарыг төрүүлсэн. Мөн Улаанбаатар Төмөр Замын Ахмадын Хорооны тэргүүлэгчээр олон жил идэвхтэй ажиллаж байлаа.

Хайрт ээж, эмээ маань Хөдөлмөрийн Хүндэт Медаль, Ардын Хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан, Эрүүл Мэндийн Яамны Хүндэт жуух бичиг, Улаанбаатар хотын “Хүндэт эмэгтэй”,Улаанбаатар төмөр замын “Тэргүүний ахмад” тэмдгээр тус тус шагнагдаж байв.

Хайрт ээж, эмээ минь үр, ач, зээ, жич, гуч нараа үргэлж урамшуулан зоригжуулдаг, ажилсаг хичээнгүй, цэвэрч нямбай, залуу сэтгэлгээтэй, уран хүн байлаа. Таныхаа үнэт сургаалийг бид үүрд дурсан санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлэн явах болно.

Та минь алтан дэлхийнхээ ариун хөрсөндөө амгалан тайван нойрсдоо.

Гэр бүл, үр хүүхэд,төрөл төрөгсдөөс нь

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод шөнөдөө 4-6 хэм хүйтэн байна

Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. Харин маргааш өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг Лаост 3:2 харьцаагаар хожигдлоо

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод боллоо.

Монголын шигшээ баг өнөөдөр Лаосын шигшээ багтай тоглож 3:2 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ баг эхний тоглолтод хэсгийн толгой баг Тайландтай 1:1 харьцаагаар тэнцэж, хоёр дахь тоглолтод Малайзад 1:0 харьцаагаар хожигдоод байв.

Өнөөдөр өглөө Тайланд болон Малайзын шигшээ багууд 0:0 харьцаагаар тэнцсэнээр J хэсгийг Малайзын шигшээ баг 7 оноотой тэргүүлж Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Харин тэдний араас Тайланд 5, Лаос 3, Монгол 1 оноотой тус тус удааллаа.

Categories
гадаад мэдээ

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдварын 246.4 сая тохиолдол бүртгэгджээ

Өнөө өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн бүртгэгдсэн тохиолдлын тоо 246.394.420 болж нэмэгдлээ хэмээн Америкийн Жон Хопкинсийн Их Сургуулиас мэдээлжээ.

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар дэгдэж эхэлснээс хойш халдварын улмаас 4.995.18 хүн нас баржээ.

АНУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 45.953.186 болж, тахлын үеэр 745.668 өвчтөн нас баржээ. Энэтхэгт өвчний 34,260,470 тохиолдол бүртгэгдэж, 457,740 хүн нас барсан ба харин Бразилд 21.804.094 тохиолдол бүртгэгдэж, 607.694 хүн нас бараад байна.

Нөгөөтэйгүүр, Цар тахлын үед дэлхий даяар 6,9 тэрбум гаруй коронавирусийн эсрэг вакцины тунг тараажээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeters”-ийн мэдээлснээр ням гарагийн өглөөний байдлаар дэлхийн нэг сая хүн амд ногдох нас баралтын түвшин 642.8 байсан аж. АНУ-д 1 сая хүн амд 2.297 хүн, Энэтхэгт 328, Бразилд 2.833 хүн нас баржээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Монголд 4000 гаруй аргаль байна

Нүүдэллэн амьдардаг аргалийн тоо толгойг гаргахдаа давхардал үүсгэхгүй үүднээс Монгол болон Оросын талууд харилцан тохиролцсон хуваарь, маршрутын дагуу аргалийн тооллогыг 2019, 2021 оны аравдугаар сарын 22-27-ны хооронд хийлээ.

Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд тоологдсон газрынх нь солбицлын хамт тэмдэглэдэг.

Ийнхүү Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдож Монголын талын аргалийн тоо толгой дөрвөн мянгын босгыг давсан гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 12.5 мянган га талбай шатжээ

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн Үүдийн жаран гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж түймрийг унтраасан байна. Уг гал түймэрт 12500 га эрүүл талбай шатаж, хохирол амссан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас дархлаажуулалтын цэгүүд төлөвлөлтийн дагуу ажиллана

Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд аравдугаар сарын 31-ний өдөр ажиллахгүй. Ирэх сарын 1-нээс төлөвлөлтийн дагуу ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн бямба гаригт I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.534 (76.0 хувь), 16-17 насны 26.545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн Баасан гаригт хуралдаж, дараагийн долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Үүний дагуу УИХ ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2, МЯГМАР ГАРИГ

10.00 ЦАГ: ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН,

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  2. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний хоёрдугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсох
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  4. Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11.00 ЦАГ: НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Байнгын хорооны тогтоол батлах тухай /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

11.30 ЦАГ: ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/:

  1. УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ
  2. Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

14.00 цагаас ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Хүний эрхийн асуудлаар

14.00 цагаас ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Бусад /Хаалттай/

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3, ЛХАГВА ГАРИГ

10.00 цагт ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  3. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  4. Ажлын хэсэг байгуулах тухай /Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

11.00 цагт ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

14.00 цагт ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4, ПҮРЭВ ГАРИГ

10.00 цагт ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  1. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  7. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  8. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  9. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Жэнжоу хотын албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхлэв

Хятадын төв Жэнжоу хотын намын дарга Сюй Лиг Хэнань мужийн 13 гишүүнтэй Байнгын хорооноос чөлөөллөө. Тэрбээр Жэнжоу хотын намын дарга болон 93 гишүүнтэй мужийн намын хорооны гишүүний албан тушаалдаа хэвээр үлдэв.

Өнгөрсөн долдугаар сард Хэнань мужид болсон үерийн гамшгийн улмаас 302 хүн амиа алдсан юм. Үүнээс 292 нь Жэнжоу хотын оршин суугч байсан бөгөөд ихэнх нь метроны байгууламж дотор үерийн усанд боогдон эндсэн аж.

Хятадын төрийн зөвлөл наймдугаар сарын эхээр гамшгийг судлах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг гамшгийн хариу арга хэмжээг цогцоор үнэлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон билээ.

Байнгын хорооноос Сюй Лигийн огцорсон шалтгааныг гамшигтай шууд холбон тайлбарлахгүй байгаа ч түүнийг гамшгийн хариуцлагыг хүлээн Байнгын хорооны гишүүний албанаас чөлөөлөгдсөн гэж олон нийт үзэж байна.

Өдгөө 57 настай Сюй 2019 онд тус хотын намын даргаар томилогдож байв. Үүнээс өмнө зүүн нутгийн Жэжян мужид ажиллаж, Ханжоу хотын даргын албыг хэсэг хугацаанд хашиж байжээ.