Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вирусийн мутациас шалтгаалж эмчилгээний хоног 21 болсонтой холбоотойгоор орны ачаалал нэмэгдэж байна

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

Орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар нөхцөлд байгааг мэдээлж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

Халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 11 төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Нийслэлийн халдварын тархалтын байдлыг ажиглахад сүүлийн сарын хугацаанд тархалт огцом нэмэгдсэн.

Хэвтэн эмчлүүлэлт, тусгаарлах байрнаас халдвар ихээхэн тархсан. Халдвар нэмэгдсэн долоо хоногоос дархлаажуулалт багассан.

Хоёр болон гурав дахь тунгийн идэвх багассан байна. Гуравдугаар тунд хамрагдаж байж эрсдэл багасна.

Сүүлийн дөрвөн долоо хоногт эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд нөхцөл байдалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Өнөөдрийн байдлаар 5986 ор бий. Гэтэл 109 хувийн илүү ачаалалтай ажиллаж байна.

Яармаг дахь НЗДТГ-ын шинэ байранд дэлгэсэн 120 орыг Хан-Уул дүүрэг дэх эмнэлэг рүү шилжүүлнэ. Үүнд 500 орчим сая төгрөг хэрэг болно.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

Мутацад орсон вирусийн улмаас эмчилгээний хугацаа 14-өөс 21 хоног болтлоо уртассан.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд оноштой. Үлдсэн 20 хувь нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс бий.

Орны тоог нэмэхгүй байгаа шалтгаан нь хүн хүчтэй холбоотой. Ор олноор нь дэлгэх нөхцөл мөн одоогоор хомс байна.

Нийслэлд сүүлд 152 ор шинээр дэлгэсэн ба дахин 300 орыг аравдугаар сарын 1-нээс дэлгэнэ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай 150 хүн байна.

Өнөөдөр нийслэлд 2000 гаруй хүн КОВИД-19-тэй тэмцэх чиглэлд ажиллаж байна. Гэвч нийтдээ 4000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрнэ.

Орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар нөхцөлд байгааг мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэг хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн орны эргэлт удааширсан. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөний хөнгөвтөр, хүндэвтэр гэсэн оноштой хүний тоо илүү их байна. Тиймээс цаашдаа нэн хүнд, хүнд гэсэн оноштой иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх тал дээр анхаарах талаар хэллээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ маргаашнаас эхлэн долоо хоног хилээ хаана

БНХАУ-ын Үндэсний баярын өдөр аравдугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр тохиож байна. Энэ өдрүүдэд тус улс хилээ хаана.

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг. Өнгөрсөн жилүүдэд хилээ 3-5 хоног хаадаг байсан бол энэ жил долоо хоног хаахаар болсон төлөвлөжээ.

БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу:

-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр);
-Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр);
-Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр);
-Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр);
-Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр);
-Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр);

-Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хилээ хаана.

Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтээ сумогийн холбоонд хүргүүллээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакухо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор хүргэлээ.

Түүний хүсэлтийг өнөөдөр батлах төлөвтэй байна.

Дээд зиндааны 45 башёд түрүүлэн дээд амжилт тогтоосон тэрбээр зодог тайлахаар төлөвлөж буйгаа дэвжээний багшаараа дамжуулан даваа гарагт холбоонд мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Хакухо гэмтэл бэртлийн улмаас Ёкозүнагийн хувиар 15 өдөр үргэлжилдэг башёд цаашид оролцох боломжгүй гэж үзсэн тул дэвжээгээ орхихоор шийдвэрлэжээ.

Сүмо бөхийн холбоо Ёкозуна Хакухог “ояката” болохыг зөвшөөрөх, Магаки эрх олгох эсэх талаар холбогдох хороог хуралдуулсан байна.

Уг хорооны дарга Имай Тамакигийн ярьснаар, Хакухогийн дэвжээн дээрх тактик, зан төлөвт шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байдаг тул түүнийг дасгалжуулагч болгоход санаа зовниж буйгаа зарим гишүүн илэрхийлжээ.

“Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахдаа олон талын санал бодлыг сонсож, түүнийгээ холбооны удирдах зөвлөлд хүргүүлнэ” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

Сүмо бөхийн холбоо Хакухог “ояката” дасгалжуулагч болохыг зөвшөөрөх эсэх шийдвэрийг мөн өнөөдөр албан ёсоор гаргах төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-аас аравдугаар сарын 1-нд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулна

УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр буюу аравдугаар сарын 1-нд АН-аас “Одоо боллоо” бүх нийтийн цуглаан зохион байгуулна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “20 орчим их наяд төгрөг зарцуулаад байна. Дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 17 хувийг ковидод зарцуулж байхад Монгол Улс ДНБ-ийхээ 60 хувийг ковидод зарцуулаад байна. Тэгсэн ч коронавирусийн халдварын тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. 20 их наяд төгрөг үр дүнгүй ашигласныг цар тахлын өнөөгийн нөхцөл байдал харууллаа.

Аравдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд ард иргэд, бизнзс эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, үйлчилгээний салбарынхан ирж дуу хоолойгоо хүргээрэй гэж урьж байна гэв. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар зохион байгуулах боломжоор хангаж ажиллана. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх яриа сонсогдож байна. Ийм зүйлийг цагдаагийн байгууллагаас зохицуулж ажиллана гэж итгэж байна” хэмээн хэлэв.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨНГҮЙ.

АН-аас Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг АН-д хүргүүлжээ.

Жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлийг жагсаал цуглаан зохион байгуулагч байгууллага хариуцлага хүлээн хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулаад, шаардлагыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид гардуулав.

АН-ын дарга М.Тулгат

“Бид долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Бензиний хомсдлыг шийдэх, төрийн буруу зохицуулалтыг нэн даруй халах, хөрш орнуудтай дипломат харилцаа явуулж чадахгүй байгаа Элчин сайд, дипломат албаны ажилчдад хариуцлага тооцох, цар тахлын хууль нэрээр төсвийг хяналтгүй байлгах асуудлыг зогсоож, энэ хуулийг нэн даруй цуцлах шаардлагыг хүргүүлсэн.

Засгийн газрын хуралдаанаар шаардлагуудын хариуг хэлэлцсэнгүй. Ямар ч хариу авсангүй. Тиймээс бид маргааш төв талбайд эсэргүүцлийн цуглааныг хийх болно. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, масктай ч гэсэн эрх чөлөөний төлөө дуугарч чаддаг юм гэдгээ харуулна” гэдгийг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 124 цэгт борлуулна

Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшийг гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 83-аар нэмэгдүүлж 124 байршилд борлуулалт хийхээр болжээ.

2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон. Цэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлсээр 600-д хүргэнэ гэж Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ.

Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд хүртээмжтэй байршлыг судалж нээх аж.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 8-ны дотор худалдан авалтын баримтаа бүртгүүлснээр III улирлын буцаан олголтоо авах боломжтой

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Тодруулбал,

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Иймд иргэд гуравдугаар улирлын буцаан олголтоо авахын тулд аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө худалдан авалтын баримтуудаа цахим системд бүртгүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газраас санууллаа. Аравдугаар сарын 8-ны дотор худалдан авалтын баримтаа бүртгүүлснээр III улирлын буцаан олголтоо авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Ганзориг: Хүмүүс хөл сийгээд байна гэдэг нь угтаа ясны сийрэгжилт бөгөөд хөлний цусны эргэлтэд өөрчлөлт орсон гэсэн үг

Манай улсад хамрын хөндийгөөр ходоод дурандах оношилгоог дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны доктор Г.Ганзоригтой ярилцлаа. Түүнээс мөн сүүлийн үед иргэдийн дунд нэлээд түгэх болсон өвдөгний өвчний шалтгаан, түүнийг хэрхэн эмчлэх талаар тодруулсан юм.


-Ходоодны дурангийн оношилгоог хамрын хөндийгөөр ямар ч зовуурьгүйгээр мэдээ алдуулалттай буюу ямар ч сөрөг нөлөөгүй хийж эхэлсэн гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Амны хөндийгөөр ходоод дурандахад дурангаа оруулах үед өвчтөнд зовуурь ихтэй.Үүнд, амьсгал давчдах, хүчтэй огиулах, зүрх дэлсэх, даралт ихсэх, зүрхний булчингийн хүчилтөрөгч багасах, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ буурах, шинжилгээний үед ярих боломжгүй юм. Ийм аргаар эдийн шинжилгээ авч, мөн мэс ажилбар эмчилгээ ч хийж болдог.

Тэгвэл хамрын хөндийгөөр ходоод дурандахад амны хөндийн дуранг бодвол огиудас бараг байдаггүй, амьсгал давчдахгүй, зүрх дэлсэхгүй, даралт өөрчлөгддөггүйн дээр зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ ч өөрчлөгдөхгүй. Мөн захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ буухгүй бөгөөд шинжилгээний үед эмчтэйгээ ярих боломжтой. Хамрын хөндийн дурангаар эдийн шинжилгээ авч болдог. Гэхдээ мэс ажилбар хийхэд хязгаарлагдмал боловч энэ нь эмчийн ур чадвараас л шалтгаална.


-Өмнө нь ходоод дурандах шинжилгээг амны хөндийгөөр хаймсуур оруулаад авдаг байсан. Хүмүүс тэрийг л мэднэ, яг энэ хамрын хөндийгөөр гэдэг нь өмнөхөөсөө ямар онцлогтой юм бол?

-Хамрын хөндийн дурангийн диаметр нь 5.4 мм нарийн. Харин амны хөндийн дурангийн хэмжээ 9.8 мм байдаг. Өөрөөр хэлбэл, хамрын хөндийн дуран нэг дахин нарийн гэсэн үг.

-Давуу тал нь юу вэ?

-Юуны түрүүнд шинжлүүлэгчид зовуурь шаналгаа маш бага юм.

-Цоо шинэ технологи гэж үзэж болох уу?

-Болно.Энэ бол хамгийн сүүлийн үеийн шинэ технологи.

-Хамрын хөндийгөөр гуурс оруулж шинжилгээ авахад эрсдэл хэр байдаг вэ?

-Хамрын гэмтэлтэй, хамрын төрөлхийн нарийсалтай хүнд хийх боломжгүй.

-Анх хаана, хэзээнээс ийм төрлийн шинжилгээ хийх болсон бэ?

-2000 оноос хойш хөгжингүй орнуудад хийгдэж эхэлсэн. Япон улсад өргөн хэрэглэдэг. Тус улсад ийм дуранг “Olympus”, “Fujinon”, “Pentax” зэрэг компаниуд үйлдвэрлэдэг байна.

-Ковидын халдвар ид тархаад буй энэ үед ийм төрлийн шинжилгээ хийлгэх нь хэр баталгаатай вэ. Халдвар авах эрсдэл хэр бол?

-Ер нь амны дурангийн ариутгалтай адилхан даа. Эрсдэл багатай.

-Иргэд хэрхэн хүлээж авч байна, сэтгэгдэл ямар байна вэ?

-Манайхаар үйлчлүүлсэн иргэдийн 96-97 хувь нь хамраар дахин дурандуулах хүсэлтэй гарч байна. Сэтгэл санааны хувьд айдасгүй гарч байна. Энэ аргын өөр нэг давуу тал гэвэл дурандуулж дуусаад хоол идэх боломжтой.

-Оношилгооны хувьд алдаатай гарч болох уу, магадлал хэдэн хувьтай вэ?

-Зуун хувийн баталгаатай оношилгоо эмчилгээ гэж хаана ч байхгүй л дээ. Гэхдээ ийм оношилгооны үнэмлэхүй дийлэнх нь зөв гардаг гэж хэлж болно.

-Харшилтай хүн оношлуулах боломжтой юу?

-Тийм ээ, боломжтой.

-Бүх насны хүн ийм оношилгоо хийлгэж болох уу. Эсвэл насны зааг бий юу?

-Ямар ч насны хүн оношлуулж болно.

-Даатгалтай хүмүүс 18 мянган төгрөг тушаагаад хийлгэж болно гэсэн үү?

-Тийм ээ.

-Шинжилгээг яг хаана, ямар газруудад хийж байгаа бол?

-Одоогоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийж байна.


-Таныг өвдөгний үений оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр мэргэшсэн гэж сонссон юм байна. Энэ талаар хэдэн зүйл тодруулъя. Ер нь өвдөгний үе гэмтвэл яавал зохилтой вэ?

-Үе нь булчин шөрмөс, мөгөөрс, яс гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ гурвын аль нэг нь гэмтэхэд нөгөө хоёртоо нөлөөлдөг учраас өвдгөө гэмтээсэн л бол мэргэжлийн эмчид хандаж тусгай дасгалуудыг сайн хийх хэрэгтэй. Тэгвэл 10, 20 жилийн дараа ч өвдөг, хөл тань өвдөж зовоохгүй байх боломжтой.

-Ямар төрлийн дасгал хийх шаардлагатай юм бол?

-Гуяны дөрвөн толгойт булчинг чангалах калергени, шилергени гэсэн хоёр ангиллын дасгал бий. Аль аль нь дотроо дөрвөн үе шаттай. Эдгээр дасгалыг тогтмол хийвэл тодорхой хугацааны дараа булчин өвдөхөө больдог. Жингээ бас бууруулах хэрэгтэй. Ялангуяа удаан суудаг ажилтай хүмүүс дасгалуудыг өдөрт гурван удаа 10-20 минутын зайтай тогтмол хийх нь зөв. Эс тэгвэл өвдөгний өвчин явсаар байгаад аажмаар ясны өвдөлт болж хувирдаг. Яагаад гэвэл өвдөг мөгөөрстэй учир хүн тухайн үедээ гэмтлээ мэдрэхгүй яваад байдаг ба булчингийн өвдөлт л мэдрэгддэг. Өвдөгний мөгөөрсөнд судас мэдрэл байхгүй учир өвдөж байгаа нь мэдэгддэггүй юм. Өвдөгний мөгөөрс гэмтсэнээс хойш тодорхой хугацааны дараа яснууд хоорондоо хавиралдаж, үений шингэний бүтэц алдагдаад эхлэхээр л илүү өвдөлттэй болж эхэлдэг бөгөөд мэс заслын эмчилгээ хийхээс өөр аргагүйд хүрдэг.

Хүмүүс надаас түүнчлэн яагаад хөлөө тэнийлгэж, нугалж болохгүй байгаа талаар их асуудаг л даа. Хүний өвдөг өвдөхөөр хөлөө жийж чадахгүйд хүрч атийж их унтахад хүрдэг. Үүнтэй холбоотойгоор булчингууд хатингаршиж, хөдөлгөөн нь муудчихдаг. Тэгээд хөл өвдөх тусам хүмүүс явдлаа хорьж хөлний хөдөлгөөнөө хязгаарлачихдаг. Тэр нь ч бас нэг талдаа зөв л дөө, явахаар өвдөөд байгаа юм чинь.

Тиймээс эмчийн зааж зөвлөсөн дасгалыг тууштай хийгээд байвал өвдөлт нь гурван сар, хагас жил, жил, эсвэл бүр хоёр жилийн дараа эрүүл хөлтэй болдог байна. Гэтэл манайхан амар хялбар аргаар эдгэрэх боломжтой гэж ойлгодог. Ганцхан долоо хоног, эсвэл хагас сарын дотор л эдгэрэхийг хүсээд байдаг юм.

Угаасаа үений архаг үрэвсэлтэй бол тодорхой хугацаанд дасгал хийж байж л эдгэрнэ. Харин гурван төрлийн эмчилгээ хийлгэх нь үр дүн муутай. Нэг дэх нь гэвэл хавдрын туяа болон шарлага эмчилгээ. Тэрхэн үедээ эдгээх мэт боловч эргээд өвддөг. Энэ бол буруу. Хавдартай эд эсийг үхүүлж байгаа юм чинь эрүүл эд эсийг ч шарж үхүүлнэ шүү дээ. Ийм эмчилгээнээс болж бүр дордох нь бий. Тэрхэн үедээ л өвчин намддаг боловч тодорхой хугацааны дараа сэдрэн өвдөлт нэмэгдэж, өвчин архагших явцыг түргэтгэдэг. Мөн эрүүл үеийн шөрмөс мөгөөрсийг гэмтээж мөгөөрс ясны бүтцийг алдагдуулж үхжүүлдэг.

Хоёр дахь нь зүү төөнүүрийн эмчилгээ. Ийм эмчилгээ өвдөгний ясны өвдөлтийн үед ямар ч нэмэргүй. Кальци, хондортин эмийг ясны сийрэгжилтэд уудаг болохоос өвдөгний өвдөлтийн үед нэмэр болохгүй. Яахав, зарим хүн өвчин намдаах эм хэрэглэдэг. Тэр нь хэсэг зуур ч гэсэн нэмэр болдог байх гэж би боддог. Гэхдээ өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөрөг муу нөлөөтэйг анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл өвдөгний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэхийн тулд нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд нэгдүгээрт, дасгал ба бариа засал, өөрийн гэсэн өвдөлтийн цэгийг олж дарж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, үений тариа гэж бий. Гэтэл манай энд тэндхийн эмч нар дексаметазон зэрэг гормоны төрлийн эмүүдийг хамаагүй зардаг болжээ. Тэдгээрийг их хэмжээгээр хэрэглэвэл бүтцийг алдагдуулаад тэрүүхэн үедээ өвчнийг намдаачихдаг боловч дараа нь ясны артерийн тэжээлийн судсуудад өөрчлөлт орж үхжил үүсгэдэг талтай. Тиймээс дексаметазоныг бага тунгаар гурав юмуу, зургаан сарын зайтай хийдэг юм. Гэхдээ энэ бол төгс эмчилгээ биш бөгөөд өвдөлтийг л намдаадаг.

Гуравдугаарт, эцсийн шатны эмчилгээ нь мэс засал. Мэс засал нь дотроо хоёр хуваагддаг бөгөөд үе солих ба (HTO) манайх хэлэхдээ тэнхлэг засах хагалгаа гэж хэлдэг. Ер нь мэс засал хийлгэсэн ч гэсэн булчингийн өвдөлт бүрэн арилдаггүй.Иймд тодорхой зохицсон сэргээн засах эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийдэг юм.

-Өвдөгний үе биш болоод байна гэдгээ яаж мэдэх вэ?

-Хүмүүс хөл сийгээд байна гэдэг дээ. Энэ бол угтаа ясны сийрэгжилт бөгөөд хөлний цусны эргэлтэд өөрчлөлт оржээ гэсэн үг. Үүнийг мэдэхийн тулд мэргэжлийн эмчид хандан рентген зураг авахуулах хэрэгтэй. Эмч хаана, ямар булчин өвдөж байгаагаас шалтгаалан тохирсон дасгалуудыг өвчтөнд зааж өгөх ёстой.Эмчийн зааж өгсөн дасгалыг сайн хийх хэрэгтэй . Ялангуяа коронавирусийн цар тахлын энэ үед дасгал хөдөлгөөн их хийх нь зөв. Халуурангуут хэвтээд байх тусам муу. Учир нь дасгал хөдөлгөөн хийж байж л дархлаа сайжирна шүү дээ.

-Монголчуудын хөл эрт мууддаг боллоо гэдэг болжээ. Энэ талаар судалгаа бий юү?

-Энэ нь таргалалттай шууд холбоотой. Хүн жин нэмэхээр өвдөгний дотор тал эхэлж өвддөг. Уруудаж өгсөхөд, ялангуяа доошоо уруудахад өвдөг илүү их өвддөг. Илүүдэл жин өвдөгний тань дотор талд нэмэлт ачаалал өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс жингээ хасч, дасгал хийгээд байхад өвдөлт багасна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮЭХ: Ирэх оны төсөвт цалинг 20 хувиар нэмэхийг шаардаж байна

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

МҮЭ-ийн хорооноос 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх шаардлага тавилаа.

Мөн цар тахлын үед хэрэгжүүлж арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүслээ.

МҮЭХ:

Монгол хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврээ авч чадахгүй нас барж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дураараа нэмэхээ бүр мөсөн хориглох ёстой. МҮЭХ тэтгэврийг өвлүүлэх талаар явна.

Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 төгрөгийн тэтгэвэртэй. Хүнд нөхцөлийг байхгүй болгож болохгүй. Хувийн тэтгэврийн даатгалын сан нь өндөр цалинтай хүнд л үйлчлэх боломжтой.

Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин дундаж цалингаас доогуур байна. Эрүүл мэндийн ажилчдын 80 хувь нь бага цалингаар ажиллаж байна. Ихэнх хувь нь гар дээр 500, 600 мянган төгрөг авч байна. Төр засгаас энэ заалтыг харж үзэхгүй байнаи гэлээ.

Боловсорлын салбарын ажилчдын тэтгэврийн насыг 50, 55 болгож өгөх хуулийн заалт гаргаж өгөхийг хүссэн. Тухайн ажилчин хүсэх юм бол цааш нь үргэлжлүүлэн ажиллах болох ийм заалтыг тусгаж өгөхийг хүссэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2650 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 265Е хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1138 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1512 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1204 болов.

Сүүлийн 24 цагт 6549 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20724 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн: 11424
  • Хүндэвтэр: 6765
  • Хүнд: 2145
  • Нэн хүнд: 390 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

​Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.

Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Энэхүү хугацаа өнөөдөр дуусна.

Иймд жолооч та хуульд заагдсан хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуульсан бол өнөөдрийн дотор төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.