Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн спортын наадмыг 2023 он хүртэл хойшлууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас улс, аймгийн чанартай спортын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал “Монголын бүх ард түмний спортын XV наадам”-ыг 2022 онд, “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд зохион байгуулахаар болсон байна.

Манай улс 2021 он дуустал цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Энэ үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаж байгаа билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Astra Space”-ийн пуужин техникийн асуудлаас болж тойрог замд хүрсэнгүй

“Astra Space” компанийн ням гарагт хөөргөсөн туршилтын пуужин тойрог замд хүрч чадсангүй. Тэрхүү жижиг оврын пуужинг хиймэл дагуулыг сансарт гаргах зориулалтаар хөгжүүлсэн байна.

13 орчим метр өндөртэй пуужин газраас хөөрөхдөө тогтворгүй байсныг “Astra Space” мэдээллээ. Мөн хоёр минут гаруй хөөрсөн нислэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ гэдгээ мэдэгджээ.

“Astra Space”-ийн хувьцааны ханш долдугаар сард огцом буураад байсан бол өнгөрсөн долоо хоногт 21 гаруй хувиар өсчээ.

Эх сурвалж: Bloomberg TV

М.Эрхэс

Categories
мэдээ нийгэм

Дархан хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.

Тодруулж хэлбэл Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын засварын ажил 76.5 хувьтай, үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэлт, дулааны болон бохирын шугам хоолой солих 89 хувь, Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажил 87 хувьтай байна. Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас өнөөдрийн байдлаар 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа юм.
Барилгын ажил дууссан барилга байгууламжуудад тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд хийгдэх үлдсэн дотоод болон гадаадад хийгдэх сургалтууд Ковид-19 цар тахлын улмаас хийгдээгүй байна.
Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь авч үзвэл
  • Нийт бетон цутгалтын 91% хийгдсэн.
  • Хийц бүтээц угсралтын 92% угсрагдсан.
  • Тоног төхөөрөмж угсралтын 24% хийгдсэн.
  • Тоног төхөөрөмж худалдан авалтын 82% төслийн талбайд нийлүүлэгдсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Битүүгийн хүн чулуу


Уйгарын үед холбогдох хүн чулуун хөшөө.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс баруун тийш 8,5 км-т орших Битүү гэдэг газарт нэгэн том овор хэмжээтэй хүн чулуун хөшөө байх бөгөөд 10×10 м хэмжээтэй талбайд, 120 см өндөр товгор довжооны баруун хэсэгт азимутын 84 хэмийн чиглэлд хандуулан суулгасан.
Хүн чулууг саарал өнгийн боржингоор хийсэн бөгөөд хавтгайдуу оройтой, хоёр чихийг сөхөж өмссөн дугариг малгайг товгор, хонхор зураасаар дүрсэлсэн. Хөмсөг, хамрыг нэгэн үргэлж зураасаар сийлэн, өргөн дугариг царайнд нилээд зайтай зууван хэлбэрийн хоёр нүд, сахалгүй жижгэвтэр амыг хонхор зураасаар дүрсэлсэн. Хоёр чихийг тал цагариг хэлбэрээр товойлгон дүрсэлж доор нь хоёр ээмэг мэт зүйл унжиж байгаагаар гаргасан. Хоёр гараа гэдэсний өмнө авч цүлхэн бөөртэй, дэрэвгэрдүү амсартай ваарыг барихдаа хоёр эрхий хуруу нь цаад талд орсон бололтой, хос дөрвөн хуруу нь тодорхой мэдэгдэж байна.
Дөрвөн унжлага бүхий өргөн бүс бүсэлсэн нь товруун чимэглэл байхгүй, газраас цухуйсан өндөр 183 см, нүүрний өргөн 70 см, мөрний өргөн 77 см, бүсэлхийн өргөн 87 см, зузаан нь толгой хэсгээр 32 см, бүсэлхий орчим 48 см байна.
Хийц дүрслэл болоод дэргэд нь Түрэгийн дурсгалд байдаг хашлага, зэл чулуу байхгүй зэргээс үзэхэд энэ нь IX зууны Уйгарын үед холбогдуулж үздэг хүн чулууны төрөлд орох нь тодорхой.
Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч хичээл заахгүй

2021-2022 оны хичээлийн жил маргааш албан ёсоор эхэлнэ.

Гэхдээ хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүйг нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 286 сургуулийн 1-12 дугаар ангид 341,500 сурагч шинээр элсэн суралцана.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээс харвал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй сургуулиас 110 нь ойр орчимдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан буюу хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна.

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хичээл заадаг уламжлалтай.

Харин энэ хичээлийн жил цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй бөгөөд Ерөнхийлөгч хичээл заахгүй болохыг БШУ-наас мэдээлжээ.

2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ.

Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм.

Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гарчээ.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ:

– “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.

-Аймаг, дүүргийн Засаг дарга нарын үр дүнгийн хэрэгжилтийг хог хаягдлын менежмент, цахим шилжилт, ногоон байгууламж зэргээр дүгнэх шинэ журам боловсруулах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өглөө.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбогдуулан “Монголын бүх ард түмний спортын XV наадам”-ыг 2022 онд, “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд зохион байгуулахаар хойшлуулав.

-ХХААХҮЯ-наас танилцуулсан мэдээллээр ургац хураалтын урьдчилсан балансаас дүгнэхэд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн журмыг батлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, Засгийн газрын “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Монгол Улсын Засгийн газрын сургалтын тэтгэлгийн журмыг баталлаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг нь дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгоно. Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авна.

Монгол Улсын Засгийн газрын сургалтын тэтгэлгийг хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл олгохоор журамлав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ремдесивир” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2021 оны 04-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.

Уг жагсаалтад багтсан “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсаныг өөрчилж, тус эмийн тарилгын уусмал хэлбэрийг нэмлээ. Ингэснээр зах зээл дээр “Ремдесивир” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Авлигын гэмт хэрэгтэй холбоотой 89.5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

Засгийн газрын хуралдаанаар Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийлээ.

Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг орлогыг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд уламжлахаар боллоо.

Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Рио Тинто” компаниас захидал ирүүлсэн” гэв

“Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирсэн албан захидлыг Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” групп Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Захидалд юу гэж бичсэн талаар танилцуулъя. Захидалд тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйлаа. Мөн “Оюу толгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая. ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой гэв. Мөн Засгийн газрын эзэмшиж буй, “Оюу толгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. “Оюу толгой” компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн.

Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ түр азнахыг Засгийн газраас хүслээ. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ, Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй “Рио Тинто” группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ” гэв.