Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2О20: О.Бурмаа эхний барилдаандаа 8:0 харьцаагаар ялагдлаа

Өнөөдөр /08.01/ Токиогийн Олимпийн чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй 76 кг-ийн жингээр эхэлж байна. Монгол улсын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдахаар сугалсан.

Барилдааны турш Японы бөх манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авсан. Японы чөлөөт бөхийн тамирчид хөлийг хаанаас ч авдаг онцлогтой. Манай бөх идэвхтэй сөхөж дайрсан ч оноо авч чадсангүй. Ингээд барилдаан 0:8 гэсэн харьцаагаар өндөрлөв.
Одоо түүнийг хожсон япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Минагавагийн хувьд шөвгийн наймд Эстонийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Маэтай барилдах юм.
Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Азийн гурван удаагийн аварга. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт. 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт.
Япон бөх 33 насандаа анх удаа Олимпод оролцож байгаа бол О.Бурмаа 39 настайдаа гурав дахь Олимпдоо оролцож байна.
Categories
мэдээ спорт цаг-үе

Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн эхний гурван медалийг Ямайкчууд хүртжээ

Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрлийн финалын шат өчигдөр болж эхний гурван байрыг Ямайкчууд эзэллээ.

Өдгөө 29 настай Элайн Томпсон-Хера 10.61 секундэд барианд орж олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол нутаг нэгт 34 настай Шелли-Ан Фрейзер-Прайс 10.74 секундээр мөнгөн медаль, 27 настай Шерика Жаксон 10.76 секундээр хүрэл медалийг хүртлээ.

Харин Ямайкчуудын араас Кот д’Ивуар, Швейцар, АНУ, Их Британийн тамирчид барианд оржээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд өчигдөр 1847 иргэнийг дархлаажуулжээ

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 31-нд н I тунд 1154, II тунд 693, нийт 1847 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.078.388 иргэн I тунд, 985.737 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 1993 жирэмсэн эх, 12-15 насны 30.075 /29.7%/, 16-17 насны 15.951 /47.1%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Уран мэхний гайхамшиг Чойжилын Бээжин

Миний бие ахмад бөхчүүдээс яагаад ч юм Бээжин аваргын тухай асуух дуртай сан. Бээжин аваргын барилдаан надад яг л шүлэг шиг тийм уран гоё, утга агуулгатай санагддаг. Жараад оны наадмын дүрс бичлэгийг үзэхүйд өөрийн эрхгүй цээж огшдог юм. Дамдин, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Уламбаярын Мижиддорж, тэмээ өргөдөг Жамъяндорж, Дэмүүл, Сосорбарам, Эрдэнэ-Очир гээд домогт арслангуудын идэр залуухан дүр тодрон, ёстой нөгөө зүлгэсэн зандан шиг тэднийг харахуйд бахдал төрдөг. Бага балчиртаа уулзаж дүр нь сэтгэлд үлдсэн хүн, мөн очиж үзсэн газар ус, үүнээс гадна зүгээр л нүдэнд ижил дасал болсон зураг хөрөг бодлын гүнд хадгалаатай оршдог нь сонин. Аавын минь төрсөн дүү, Хөшөөтийн голын малчин Жаргалсайхан ахын жаазанд Бээжин аваргын дэвж буй гоё зураг байдаг. Сүүлд мэдэх нь ээ, далан онд 36 насандаа түрүүлж монгол бөхийн эрхэм дээд аварга цолонд хүрчихээд тугаа тойрч буй торгон агшин нь юм билээ. Жагаа ахын минь ур хийц муутай хуучны модон жаазанд одоо хэр нь тэр зураг бий. Хөвсгөлийн Уйлган голын хүчит аваргыг Булганы Хишиг-Өндөрийн Хөшөөтийн голын малчин тэгж л хүндэтгэн хоймроо залжээ. Аваргын энэ зураг, алтан хараацайн уран хайчилбар шиг дүр байдал хөдөө буйдхан сумын балчир хүү миний сэтгэлд оршиж он цагийн уртад тодрон айсуй.

Бадамсэрээжид гуай, Эрдэнэ-Очир гуай, Өвгөнхүү гуай тэргүүт олон бөхчүүдтэй уулзаж, сүлд хийморь сэргээсэн яриа хөөрөөг нь сонсох хувь тохиосон. Тэр бүрийд Бээжин аваргын талаар асуусан байх юм. Эдүгэгээс 10 жилийн өмнө монгол бөхийн амьд домог болоод байсан Бадамсэрээжид арслантай өдрийн туршид хууч дэлгэж билээ. Хурц арслан маань бие тэнхлүүн сайхан байж дээ. Надад байхуу цай шалмаг гэгч нь хийж өгөөд тавтай тухтай суунгаа “Энэ цэвэр тонгороо мэх чинь манай Бээжин аваргын дархан мэхнийх нь нэг юм шүү дээ. Урт халимаг үснийх нь үзүүр бараг газар шүргэн алдаад тонгорч байгаа нь даанчиг урамтай” гэж сэтгэл сэргэтэл хэлсэн. Аварга маань тонгороо мэхийг босгож тонгорох, шигшиж тонгорох, ташаалдан буюу мухар тонгорох, тойруулан чирч тонгорох зэрэг бүх хувилбараар нь тэнцүүхэн хийдэг байж. Өвгөнхүү харцага “Аваргын тонгороо мөн хэцүү. Элэг дүүрээ доргиод л явчихна. Аарцаг руу хонгоороо цохиж тасхийтэл дуугарган баруун зүүнгүй тонгороогоороо газар шүргэж уран гоё хийнэ. Харсан хүн шагшрахгүй байхын аргагүй” гэж хэлдэг. Эндээс л Бээжин аваргын уран мэхний гайхамшиг нь мэдрэгдээд ирж байгаа юм.

Монгол бөхийн барилдааны үндсэн агуулга, мөн чанар нь уран мэхийг уралдуулан хийж, үзсэн хүний нүд баясан сэтгэлийн цэнгэл эдлэхэд оршдог болов уу. Наадамчид, үзэгч түмний өмнө сэрхийтэл олон сүлжээ мэх угсруулж, түүнийгээ урлагийн бүтээл шиг гоёор үзүүлж, ид хавыг гайхуулах нь бөх хүний үндсэн шинж юм. Иймдээ хуучны бөхчүүд одоогийн бөхчүүдээ голж, Ховдын Ванчинхүү арслангийн тухай домог мэт яригдаж, Бээжин аваргын барилдаан наадамчдын сэтгэлийг дэнслүүлж, Цэрэнтогтох аваргын ид гарч ирж байх үеийг ард түмэн мартдаггүй нь учиртай. Сүүлд залуу зургаан зааны үед үндэсний бөх дахин сэргэж ирсэн нь үнэн байх. Ахмад бөхчүүдийн дуртгал, бөх судлаачдын үнэлгээ, баримт сэлт, бөхийн зүтгэлтнүүдийн яриа хөөрөөнөөс анзаарахад монгол бөхийн барилдааныг урлаг болгон хөгжүүлэхэд онцгой нөлөөлж, хувь нэмрээ оруулсан хүн нь Бээжин аварга юм билээ. Бөх судлаач Авирмэд гуай 1970 оны наадмын тэмдэглэлдээ “Монгол үндэсний бөхийн барилдааны ур чадварыг төгс сайхан эзэмшиж уран гоё барилдаанаараа наадамчин олноо баясгаж явсан хурц арслан Бээжин энэ жилийн наадмаар угсраа олон мэхний уран гайхамшгийг үзүүлж…” хэмээн утга яруу бичсэн байдаг.

Аваргын түрүүлдэг жилийн наадмынх нь тухай Эрдэнэ-Очир арслан “Их шөвөгт Дамдин, Бээжин, Дэмүүл бид дөрөв үлдсэн. Дамдин намайг авч Бээжин Дэмүүл хоёр туналаа. Дэмүүлийг хав барьцнаас хөлөөрөө өсгийлдөн давсан. Манай Бээжин хоёр мөрөндөө мөн ч их бяртай. Сэнжигдэн бариад халахад нь хурууны үзүүр халуу оргиод дахиж барьж болдоггүй. Хав дөрвөлжин барьцнаас хөлөөрөө өхийлдөөд татах мэхээ гоё ч хийнэ. Дэмүүлийг яг л тэр мэхээрээ давсан” хэмээн бахархан хэлсэн бол “Бээжин аварга хүчтэй арслан Дэмүүлийг хэрхэн яаж хаях вэ гэдэг арга мэхээ урьдчилан сайтар боловсруулсан байгаа юм. Золгож байгаад барьцаа тавьж, хөлөө зөөж ухрангуут нь нөгөө гишгэж байгаа хөлийг нь хөлөөрөө суйлж тэгээд цээж рүү нь хүчтэй огцом түлхэхэд унана гэж тооцоолжээ. Үнэхээр онож зөв бодсоны хүчинд Дэмүүл арагш өнхрөөд явчихсан. Яаж унаснаа ч мэдээгүй гэдэг. Өөр мэхээр түүнийг хаях боломжгүй” гэж бөх судлаач Мягмар бичсэн удаатай.

Үеийнх нь бөхчүүд “Аварга барилдах бөхөө маш сайн судалж, бөх болгоны онцлогт тааруулан барилддаг байсан. Мэхэндээ онцгой бяртай. Хоёр талаараа ижилхэн барилддаг болохоор нэг талтай бөхийн аль талыг нь барьж барилдах вэ гэдгээ сайн мэддэг. Мэхийг нь хорих боломжгүй. Тухайлбал, баруун суйлахад хоригловол зүүн суйлна, болохгүй бол хөл суйлаагаа хийгээд давчихна, аюултай” гээд толгой сэгсэрдэг нь цаанаа нэгийг хэлнэм буюу. “Бээжингийн 13 мэх” гэсэн яриа ч байдаг. Дархан тонгороог нь дээр өгүүлсэн бол одоо дунгуйлдах, мурих мэхийг нь аваад үзэхээр цэрвүү барьцнаас дунгуйлдахыг дан сэнжигний, гарын шууны барьцнаас хасуйдан дунгуйлдах, шуунаас дунгуйлдах, мурих мэхийг суганы хонхорцог, зодогны ар хормой, элэг бүсний хажуугийн барьцнаас хөлөө тээглүүлэн, мөн ташаалдан мурих зэрэг олон хэлбээрээр хийдэг байжээ. Ингэж монгол бөхөд эргэлт авчирч, бөхийн барилдаанд шинэчлэлт хийсэн байна. Барилдааныг үзэхээр өнөөгийн залуусын хэлдгээр “кино” шиг л санагддаг.

Аваргуудын
уран гараа, дэвээ. Зүүнээс С.Цэрэн, Б.Түвдэндорж, Ч.Бээжин. 1960-аад он

Аваргын унасан газар угаасан ус нь Уйлган голын Барсага цахиурын уулс. Домогт гурван аваргыг төрүүлсэн монгол бөхийн өлгий нутаг. Зүүн Соёоны нурууны үргэлжлэл сарьдаг оргилууд, Холбоо долоон нуур, Даян дээрхийн агуй, Бадарын нуурын мөсөн агуй гээд байгалийн үзэсгэлэн цогцолсон газар. Төрсөн эцэг нь Цэвээний Даян гэж байжээ. Аваргыг нялх балчирт нь өнгөрч, ээж Норов нь Архангайн Хангай сумын гаралтай Лувсангийн Чойжилтой гэр бүл болсноор “Чойжилын Бээжин” гэж алдарших өлзий ерөөл бүрдсэн байна. Аваргын аав Чойжил хошуу даншиг наадамд сайн барилддаг хурдан шаламгай барилдаантай даншигийн заан цолтой бөх байсныг Цагаан-Үүрийн Ванчинхорлоо начингаас сонсож байлаа. Даншиг наадмаар бусад аймгаас ирсэн бөхчүүдэд түрүү өгөхгүйн тулд түрүүлнэ гэсэн бөхийн аманд Чойжилыг гаргадаг байсан бөгөөд нутгийн олон “Бөхийн аранга” гэж нэрийддэг байсан гэнэ. Тэгэхээр нутаг хошуундаа шаггүй барилддаг нэгэн байсан нь мэдрэгддэг. Бээжин дунд сургуулиа төгсөөд ар гэрийн гачигдлаар хөдөө гарч ээжийнхээ нутаг Эрдэнэбулганд сүү тосны заводад тасгийн эрхлэгч хийж байсан. Заводын туслах мастераар ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1954 онд Дотоод явдлын яамны тусгай батальонд цэргийн алба хааж, алба хаах хугацаандаа ротын бичээч, салааны туслах эвлэлийн үүрийн дарга, намын багш зэрэг ажил үүргийг гүйцэтгэсэн байна. Намтар цадигийг нь жаахан лавшруулаад сөхвөл НАХЯ-ны 5 дугаар тасагт төлөөлөгч, “Алдар”-ын нийгэмлэгийн хүндийн өргөлт, үндэсний ба чөлөөт бөхийн дасгалжуулагч, Ардын армийн арын албанд складын даргаар, 107 дугаар ангид хүнсний албаны даргаар ажиллаж армитай нэгэн насны амьдралаа холбосон хүн юм.

Бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг нь харахаар бахдам сайхан зураг тодордог. 1956 оны наадмын тавын даваанд түрүү жилийнх нь манлай бөх Төв аймгийн Оргодол арсланд өвдөг шороодсон бол дараа жил нь буюу тавин долоон онд Булганы Сайханы Цогзолоор тав давж начин цолонд хүрсэн. Архангайн Гүнсмаагийн Дамдиндорж, удам залгасан хүчтэн Өлзийсайханы Эрдэнэ-Очир арслан, Төв аймгийн Мөнгөнморьтын Нагнайдорж гээд нэг жилийн начингууд. Эдүгээ Нагнайдорж гуай сэрүүн тунгалаг байна. Тавин есөн онд болсон Монголын залуучууд оюутны анхдугаар наадамд 37 бөх тойргийн журмаар барилдсанаас 32 давж хоёрдугаар байр эзлэн улсын заан цол хүртсэн. Уг барилдаанд тухайн үедээ унана гэдгийг мэдэхгүй явсан Дамдин аваргыг дайраад ороод ирэхэд нь дагуулж тонгорон давж үзэгчдийг баясгаж байсан гэдэг. Бөхийн дэвжээнд зодоглож эхэлсэн цагаасаа л үзэгч олныг соронз мэт татсан бөх юм. 1961 онд 40 жилийн ойгоор Дорнодын Гүрбадам заанаар долоо давж улсын арслан, 1963 онд нэг нутаг усны Бадамсэрээжид арслангаар тав давж “Уран мэхт” чимэг хүртсэн. Энэхүү чимэг нь ард түмний сэтгэлд цол гуншин нь болж мөнхрөн үлдсэн юм. Баяр наадмын Төв комиссын дарга Лувсанравдангийн гарын үсэгтэй үнэмлэх хань, үр хүүхдүүдэд нь үнэт өв болон хадгалагдаж байна.

Жаран дөрвөн онд тухайн үед ид гарч ирж байсан Хорлоогийн Баянмөнх заан (домогт аварга)-аар долоо, Дарийн Дамдин аваргаар найм давж Мөнхбат аваргатай үзүүр түрүүнд үлдсэн. Мөөеө аварга Бээжин аваргын аюулхай руу хүчтэй мөргөснөөс унасан тухай тэр үеийн сонин хэвлэлд бичигдэн үлджээ. Жаран таван онд Мижиддорж арслангаар долоо, жаран долоон онд Булганы Хишигсүрэн начингаар тав, жаран найман онд начин Сүхбаатарын Дахийн Одсүрэн начин(одоогийн харцага)-аар зургаа, жаран есөн онд Өмнөговийн алдарт Манлайжаваар тав давж тус тус шөвгөрсөн. Ингээд далан оны аварга болдог наадамтайгаа золгосон. Улсын наадамд нийтдээ 26 жил зодоглохдоо 123 давж, 25 удаа өвдөг шороодон нийт давааны тоог барилдсан он жилүүдэд нь хуваахад дандаа шөвгөрөх хэмжээнд зодоглосон нь онцгой үзүүлэлт болохыг бөх судлаачид нарийвчилж гаргасан байдаг. Төрийн наадамд Дамдин аваргатай хамгийн олон буюу дөрвөн удаа таарч хоёрт нь хаясан, мөн Батсуурь, Баянмөнх, Цэрэнтогтох аваргууд, Бадамсэрээжид, Мижиддорж, Хайдав, Дэмүүл нарын хүчит арслангуудыг хаяж байсан нь монгол бөхийн оргил 60-70 онд ямар хэмжээний аварга гэдгээ бататган харуулсан. 1959 онд Цагаан-Үүрийн хоёр хүчтэн Дамдин Бадамсэрээжид нар төрийн наадмын түрүү үзүүрт үлдсэн амжилтыг 11 жилийн дараа дахин давтаж Дамдин, Бээжин нар үлдсэн нь бөхийн ховор сайхан тохиолдол. Үүгээрээ Цагаан-Үүрийнхэн, Уйлган голынхон бахархан ярьдаг нь мэдээж. Хоёр Мөнх эзгүй тэр жил нэг нутгийн хоёр хүчтэн үлдэхэд Дамдин түрүүлбэл Мөнхбатаас нэг түрүүгээр илүү гарах нь гэцгээж байтал Бээжин, аваргын зүүн хөлөнд гялсхийн орж тоос манан татуулан ард нь гарч шороодуулсан байдаг.

Бээжин аваргынхаа насны хань Галя гуайтай уулзан гэгээн сайхан дуртгалыг нь хуваалцаж яваадаа баярладаг юм. Эдүгээ 85 насны сүүдэр зэрэгцэж буй эл буянт хөгшин Түшээт ханы Сүжигт гүнгийн хошуу одоогийн Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Булганы Дашинчилэнгийн зааг нутагт Батжаргал ноёны хоёр дахь охин болж мэндэлсэн. Сүжигт гүнгийн хошуу нь 1719 онд байгуулагдсан бөгөөд Түшээт хан Гомбодоржийн гуравдугаар хөвгүүн Сидишир бэйлийн ахмад хөвгүүн Цэмбэлдоржоос эхлэн 11 хүн үе залгамжлан засаг ноён болжээ. Галя гуайн аав Батжаргал 1906 онд дөрвөн настайдаа сүүлчийн ноёноор үе залгамжлан залагдсан түүхтэй. “Би чинь Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын алтан ургийн хүн шүү” гэж хэлдэг нь ийм учиртай. Аав нь гучин найман онд улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн учир нагац эгч Нямжав, хүргэн ах Гончигцэрэн нар өргөн авч Галя гуай хүргэн ахаараа овоглож ирсэн. Юмны учрал тохиол гэдэг сонин. Бөх, моринд дуртай, шагай сайхан харвадаг, олонд солгой хэмээн алдаршсан аав Гончигцэрэн нь Яармагт наадам үзэж ирчихээд “Хөвсгөлөөс Бээжин гэж их гоё цэрэг иржээ. Даанч начин болж чадалгүй Оргодол арсланд уначихлаа” гэсээр охиндоо харамсангуй өгүүлжээ. Бээжин гэдэг тэр цэрэг ирээдүйн аварга, хайрт охиных нь насны хань байсныг хэн хэн нь яаж мэдэх билээ. “Би чинь эм найруулагчийн курс төгсөөд Батлан хамгаалах яамны эмнэлэгт сувилагчаар ажилласан. Энэ үед л ханьтайгаа танилцсан. Манай хүн НАХЯ-ны тавдугаар тасагт төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харьяаллын дагуу БХЯ-ны өдрийн эмнэлэгт тариа тариулах гэж ирээд биенээ харсан. Би чинь чамайгаа анх хараад л татагдсан гэж хань минь үнэн сэтгэлээсээ хэлдэг сэн” хэмээн залуухнаараа хорвоог орхисон хүний дээд ханиа зүрхэндээ хайрлан хадгалж яваа нь мэдрэгддэг. Аварга болчихоод ирэхэд нь хадаг сүүтэй угтсанаа дурсдаг. Мөн жил бүрийн наадмын өглөө гоёлын дээлээ өмсөн үр ач нараа дагуулж, ханийнхаа түмэн олноо цэнгүүлэн баярлуулж явсан төв цэнгэлдэх хүрээлэнг нар зөв тойрдгоо хэлэхэд нь нүдний нулимс гарч билээ. Ямар их хайр, ямар агуу сэтгэл, ханиа хайрласан дээдийн хүндэтгэл вэ.

Аваргын зургаан хүүхдийнх нь отгон, энэрэл хайрыг нь нэвчээж энэ орчлонд үлдсэн Хандсүрэн бүсгүйтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдсөн. Аав шигээ цэргийн хүн болно гэх чин хүсэлдээ хөтлөгдөн Батлан хамгаалахын их сургуулийг “Цэргийн холбооны команд-тактикийн офицер, цахилгаан холбооны инженерээр төгссөн тэрээр цэргийн ухааны докторын зэрэг хамгаалж, дэд профессор цол хүртэн аавынхаа алдрыг өргөж явна. “Аав, ээж хоёр минь хоёулаа царайлаг, тэгш сайхан биетэй, ааш зан дөлгөөн, гоё хосууд байсан. Монгол дээл өмсөөд цуг явахад нь би их дуртай. Гэрээс гарахаар нь тагтан дээрээ гүйн гараад л араас нь харж зогсоно. Тэднийгээ харж байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа хоёр л ийм хүмүүс байсан байх гэж бахархан боддог байж билээ” гэж хоёр нүдэндээ нулимс мэлтгэнүүлэн хэлдэг сэн. Ээж минь заримдаа авдарнаас аавын дээлийг гаргаад үнэрлэж байгаа харагддаг. Түүнийг нь харахад хайр хүндлэл хичнээн агуу гэдгийг үгээр хэлшгүй сайхан гэж Хандсүрэн доктор уулга алдсан. Ачит эцгийнхээ 85 насны ойд зориулж дуу бүтээлгэн дүрсжүүлж, “Уран мэхт аварга Чойжилын Бээжин” ном бүтээж хүний сайхан хорвоод ач буяныг нь хариулж явна.

Монголын ардын армиар овоглож олон зуун хүчтэн цагийн цагт төрж байгаа. Тэр бүхний алтан титэм нь Бээжин аварга байжээ гэж бодогдоно. Мэхээ заавал угсруулж, хурдан шалмаг уран гоё, даацтай хийдэг түүнийг хийморь сүлд нь тэгширсэн хүчтэн гэж бөхөд хайртай түмэн үнэлдэг. “Угсраа мэхээ алинаас нь эхлэх бол гэж барагтай бөх алмайрч зогсоод ойчихыг нь бишгүйдээ бид харсан. Гараа дэвээнийх нь сайхныг хэлж баршгүй. Ямартаа л бүжиг дэглэгч нэгэн “Дэвээд гарах нь мэргэжлийн бүжигчнийг санагдуулдаг юм шүү” гэж байхав” хэмээн бөх судлаачид нэгэн дуугаар хэлдэг юм. Улсын начин, хурандаа М.Гомбосүрэн “Миний гайхаж явдаг зүйл бол 30-40 жил болоход Бээжингийн мэхний нууц олон хувилбарыг хэн ч өвлөж үлдээгүй, сурсан хүн нэг ч байхгүй өдийг хүрсэн нь сонин. Энэ бол Бээжингийн гоц авьяас мэдрэмжтэй холбоотой болов уу” гэж дуун алдсан удаатай. Харин энэ тухайгаа аварга өөрөө “Монгол бөхийн барилдааны мэх маш олон янз. Түүнийг сайн эзэмшинэ гэдэг бол нэг ёсны урлаг юм шүү. Бөх хүн заавал давхар мэх хийж сурахгүй бол учраагаа хаяж чадахгүй. Нэг мэхэнд унадаг бөх гэж байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Ийнхүү монгол бөхийн түүхэнд уран мэхний гайхамшгийг үзүүлсэн хүчит аваргын он жилүүдийг цухасхан сөхлөө. Монгол наадмын чимэг нь монгол бөх, монгол бөхийн амин сүнс нь уран мэх билээ. Учир иймээс Чойжилын Бээжин аваргын алдар суу цагийн цагт оршном буюу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхбаатар: Төмрийн хүдрээрээ арматур үйлдвэрлэж байж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Барилгын материалын үнийн өсөлт барилгын салбарт томоохон сорилт авчрах шиг боллоо. Бараа материалын үнийн өсөлт, тэр дундаа арматурын өсөлтийн талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн нийтээрээ сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцэж байна. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн олон орон өнгөрсөн онд хөл хорио тогтоож, бүтээн байгуулалтын ажил зогсоод байсан. Харин өдгөө цар тахлын дараахь эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савлагаа үүсч, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдээд байна. Ковидын нөхцөл байдал эрүүл мэнд төдийгүй улс орнуудын эдийн засагт маш том сорилт авчирлаа. Манай улсын хувьд барилгын материалын 38 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Сүүлийн хэдэн сар хэд хэдэн шалтгаанаар барилгын материалын үнэ өслөө. Барилгын материалын орцонд 23 хувь нь арматур, 19 хувь нь цемент бетон зуурмаг байдаг.

Хятад улс дэлхийн төмрийн зах зээл дээр 60-70 хувийг үйлдвэрлэдэг. Төмөр үйлдвэрлэхэд төмрийн хүдэр маш чухал. Бид Дархан, Сэлэнгийн бүс нутгаасаа төмрийн хүдрээ баяжуулаад Хятадын зах зээлд олон жил экспортоллоо. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн гол тоглогч Австрали улс байдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Австрали худалдааны маргаанаасаа болоод тодорхой хэмжээгээр төмрийн хүдэр хомсодсон байх. Гадаад зах зээлд анализ хийж үзэхэд төмрийн хүдэр өнгөрсөн жилд найм дахин өссөн байна. Хятадад найм дахин төмрийн хүдрийн үнэ өснө гэхээр төмрийн эрэлт, нийлүүлэлтийн хомсдол бий болно. Тэр утгаараа түүхий эд нь хомсдоод ирэхээр БНХАУ-ын төмрийн үйлдвэрлэлд 2021 оны хоёрдугаар сараас эхлээд хомсдол бий болж эхэлсэн.

-Манай улс жилд хичнээн тонн арматур үйлдвэрлэдэг юм бэ?

-Монгол Улс өнгөрсөн онд гэхэд 210 мянган тонн арматур хэрэглэсэн байсан. Түүнээс 12.3 мянган тонн арматурыг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Түүний 70 хувийг БНХАУ-аас импортолдог. Манай улс дотооддоо жилдээ 50 мянган орчим тонн арматурыг үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд гэхэд 55.7 мянган тонн арматур үйлдвэрлэж байсан.

-Манай улсад энэ төрлийн төмөр үйлдвэрлэдэг 10 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний хүчин чадлыг цаашид сайжруулах боломж бий юү?

-Өдгөө манай улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 үйлдвэр бий. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Харамсалтай нь арматур үйлдвэрлэхгүй, үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулаагүй, хаягдал төмрийн нөөц, ажиллах хүчний хараат байдлуудаас шалтгаалан үйлдвэрлэлийг жигд явуулах боломжгүй байна. Эдгээр үйлдвэрүүд төмрийн хаягдлыг дахин боловсруулж, арматур үйлдвэрлэдэг юм. Тиймээс дотоодын төмрийн хаягдлын хэмжээнд баригдан, бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байна.

-Цементийн үнэ хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Монгол Улс цементээ дотооддоо үйлдвэрлэдэг болсноор цементийн үнэд зохион байгуулалт хийх боломж гарч ирсэн. Хомсдол бий болохын хэрээр төмөр металл эдлэлүүд дээр үнийн өсөлт нэмэгдсэн. Харин цементийн үнэ дөрвөн хувийн өсөлттэй гарлаа. Төмөр эдлэлүүд дээр 80-аад хувийн өсөлттэй байсан бол бид өнгөрсөн жил цементийн үйлдвэрүүдэд их анхаарсны үндсэн дээр цементийн үнийн өсөлт хөөсөрсөнгүй. Хөөсөнцрийн хувьд үнэ нь мөн л адил өсч байна. Хөөсөнцрийг Монголдоо үйлдвэрлэдэг гэдэг боловч түүхий эд нь бас л БНХАУ-аас орж ирдэг. Бараа бүтээгдэхүүний хомсдолоос гадна Замын-Үүд дээр бусад бараа материал овоорч эхэлсэн. Давхар тээвэрлэлтийн орох, гарах асуудал хүндээр тавигдаж эхэлсэн. БНХАУ,Монгол Улсад халдварын тохиолдол ихэсч байгаа учраас бараа бүтээгдэхүүн хүлээж авахгүй, оруулж гаргах нь хүндрэлтэй нэлээд цаг хугацаа өнгөрөөлөө. Монголын талаас ч уялдаагүй ажиллаж, алдаа оноо ч гарлаа. Зохион байгуулалт, хариуцлагагүйн улмаас эрэлт бий боллоо. Сүүлийн хоногуудад Замын-Үүдийн ачаа барааг оруулж гаргах тал дээр анхаарч овоорсон бараа материалыг татах арга хэмжээ хийгдэж байна.

-Цаашид барилгын материалын гол хэрэгсэл арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байгаа бол?

-Цаашдаа Монгол Улс хувийн хэвшлээ дэмжиж арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Арматур бол эцсийн бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн болгоход төмрийн хүдрээ олборлоно, тэгээд баяжуулна, боловсруулаад ганг нь гаргаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл цогцоор нь харах ёстой л доо. Эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр нь хэдий бий болсон ч ашигт малтмалын лиценз нь өөр компани дээр байдаг. Цогцоор нь харахгүй л бол төмрийн дан ганц үйлдвэрлэл байгуулаад хол явдаггүй. Арматурын үйлдвэрлэлийг дотооддоо дэмжихгүй бол барилгын материалын гол орц болсон арматур дээр хүндрэл үүсээд эхэллээ. Хэд хэдэн төсөл хөтөлбөр хийгдээд явж байна. Гэхдээ төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна л даа. Концессоосоо гэрээтэй, гэрээний асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд маргаан үүссэн байдалтай. Цаашдаа том бүтээн байгуулалтууд хийгдэхийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэлийн асуудалд бид цогцоор нь анхаарах шаардлагатай. Төр бодлогоороо арматур, төмөр эдлэл хийх гэж байгаа компани болон хувийн хэвшлийг дэмжээд явбал дахиад ковид шиг сорилт ирэхэд бид даваад гарчихна. Бид төмрийн хүдрээрээ арматураа үйлдвэрлэж байж л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно.

Арматурын үйлдвэр эрхэлнэ гэдэг цогц зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд тухайн компани тогны эх үүсвэртэй, устай газар үйлдвэрээ барина. Монголын төмрийн хүдрийг ашиглах гэж байгаа бол технологийг нь судална. Газраа аваад үйлдвэрээ барилаа гэхэд төмрийн хүдэр аваад баяжуулна, боловсруулна. Үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд Ашигт малтмалын компаниудтай удаан хугацаанд гэрээ хийх ёстой болно. Хамгийн эрсдэлтэй нь төмрийн хүдрийн үнэ өсчихөөр нөгөө хэдэн компаниуд чинь гэрээгээ цуцлаад урагш гаргачих талтай. Тиймээс түүхий эдээ нийлүүлэх компани маш найдвартай, урт хугацаандаа хамтарч ажиллах ёстой болж таарч байгаа биз. Яагаад манай цементийн үйлдвэр сайн ажиллаад байна гэхээр МАК, Монполимет өөрсдөө Цагаан шохойны ордтой. Өөрсдийн орд дээрээ олборлолт хийдэг. Түүхий эдийн хувьд хараат бус ажиллаж байгаа юм. Өнөөдөр Хар төмөрлөгийн алдаа бол баахан ордыг нь хувийн компани авчихсан. Нөгөө хэд нь баяжуулаад экспортод гаргаад байдаг. Тиймээс өөрийн ордтой компани арматурын үйлдвэрлэл явуулбал бүр сайн.

-Барилгын материалын үнэ өсөхөөр улсын төсвөөр баригдаж байгаа барилга байгууламжийн өртөг нэмэгдэж таарах болов уу?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 гаруй объект баригдаж байна. Үүнээс 350 гаруй барилга байгууламжид манай яам барилгын хөгжлийн төвөөр дамжуулж барилгын захиалагчийн хяналт тавьж байна. Барилгын материалын үнэ өсч байгаа учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ашиглагдах материалууд дээр нэмэлт хөрөнгө шаардагдана. 2018, 2019 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа дуусгах гэтэл барилгын материалын үнээс болоод төсвийн өртөг нь өсчихсөн. Улсын төсвөөр баригдаж буй олон ажлуудаа яаж хөрөнгө оруулалт санхүүжилтийг нь шийдэж хурдан дуусгах вэ л бодож байна. Цаг хугацаа алдах тусам улам үнэ өснө. Барилгын чанар муудна. Тиймээс үнийн индексийг салбар дунд ярьж байна. Ганц барилга бус бүх өрнөж байгаа бүтээн байгуулалтад барилгын материалын үнийн өсөлт яригдана. Энэ ажлыг хэрхэн шийдэх талаар Сангийн яам, Засгийн газарт танилцуулж, үнийн өсөлтийг судлаж байна. Мэдээж оны төсөвт нэмэлт гарч ирнэ гэсэн үг. Энэ тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-Ипотекийн зээлд хичнээн хүн хамрагдаад байна вэ?

-Одоогийн байдлаар ипотекийн зээлд 2020 онд улсаас 400 гаруй тэрбум төгрөгөөр 5644 хүн ипотекийн зээлд хамрагдаж байсан. 2021 онд долдугаар сарын 9-ний байдлаар 6917 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Хөдөө орон нутагт 1703 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үндсэндээ ипотекийн зээлийн хүртээмжийг нэг дахин нэмж, зээлийн хүүг нь буулгуулсны үр дүнд хагас жилийн байдлаар 6917 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үүний цаана иргэд ч, барилгын салбарынхан ч хожиж байгаа.

-Барилгын салбарт одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг шинэчилж Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулсан. Дараа нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон зураг төслийн магдлалын дүрэм журмыг шинэчлэх гэж байна. Манай барилгын хөгжлийн төвд 30 гаруй захиалагчийн хяналт тавьдаг инженер байдаг. Энэ бол олон барилга байгууламжид 30 гаруй инженер хяналт тавьж ажиллах боломжгүй. Тиймээс бид зөвлөх үйлчилгээг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Энэ дүрэм журмуудыг өөрчилж ирэх намар Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Ингэхээр хяналтын тогтолцоог авч хэрэгжүүлж байгаа нэг арга хэмжээ. Хоёрдугаарт, барилгын салбарт барилгын тусгай зөвшөөрлийг хоёр жилийн өмнөөс төр өөрөө шийддэггүй болсон. 8000 гаруй барилгын тусгай зөвшөөрлийн компаниудыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлээд бүрэн цахимжуулж байна. Цахимжуулснаар доод дунд шатанд хүнд суртал, тодорхойгүй байдлууд шийднэ.

Барилгын салбарт тусгай зөвшөөрөл авах гээд тулгамддаг асуудал юу байсан гэхээр инженер техникийн ажлын давхцал. Цахимжуулснаар тухайн компани өргөдлөө бөглөхдөө нийгмийн даатгал төлөхдөө инженер техникийн ажилтнаа оруулахад төрийн хур систем, дан системтэй бүгдэнтэй нь холбогдоод эдгээр инженер танайд бүртгэлгүй юм байна гээд гараад ирнэ. Ямар ч хүний оролцоогүй ажлыг шийдээд хэрэгжүүлээд явж байна. Урт хугацаандаа чанаргүй компани тендер авчихаад өөр компаниудад шилжүүлээд явдаг асуудал ч цэгцэрнэ. Хүнд суртал, авлига ч цэгцэрнэ. Энэ бол маш том шинэчлэл.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Монголын баг, тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр чөлөөт бөхийн тэмцээнүүд эхэлж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал эхэлж Э.Даваахүү цэц сорино. Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаа ба хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна.

Хоёрдугаар дасгал наймдугаар сарны 2-нд болж тэр өдрөө медалийн эзэд тодорно. (UBS, SBN, VTV)

10:28. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Бурмаа зодоглоно. Тэрээр эхний шатанд Японы Хирое Минагаватай барилдана.

Ялсан нь шөвгийн наймд Канад болон Эстонийн бөхчүүдийн ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

16:48. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын тавдугаар байрны шагналт Оросын 23 настай Альберт Батиргазиевтай тулалдана.

Тэдний ялсан нь Олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубийн Лазаро Алварез болон дэлхийн аваргын хүрэл медальт Тайландын Чачай-Дека Батди нарын ялсантай тулалдана. (NTV, TV8, TM)

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 01, Адъяа гариг. Билгийн тооллын 23, Гоё хүүхэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5:29 цагт мандан, 20:28 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.