Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Month: July 2021
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийв.
Тэрбээр тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаарх танилцуулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 164 санхүүгийн тайлан нэгтгэснээс бие даан дүгнэлт гаргасан 138 хамрагдаж, итгэл үзүүлсэн 7, аудитын түүвэрт 17, аудитад хамрагдаагүй 2 байгууллага байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 161.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 130.3 тэрбум төгрөгийн 137 алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 68 төлбөрийн акт тогтоож, 22.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 81, хариуцлага тооцуулах 3 албан шаардлага хүргүүлж, 8.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 234 зөвлөмж өгөв.
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 158 тайлан нэгтгэснээс дүгнэлт гаргасан 145, итгэл үзүүлсэн 8, аудитын түүвэрт 1, аудитад хамрагдаагүй 4 байгууллага байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 310.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 57.3 тэрбум төгрөгийн 151 алдааг аудитын явцад залруулж, 0.3 тэрбум төгрөгийн зөрчилд 90 төлбөрийн акт тогтоож, 148.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 219 албан шаардлага хүргүүлж, 104.4 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 339 зөвлөмж өгсөн гэлээ. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Бейсен нар асуулт асууж, тайлбар авав. Тухайлбал, ажлын байр шинээр болгох ажлын хүрээнд ямар ажил хийгдсэн болохыг тодруулж байв. Засгийн газраас баталсан 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байруудыг хадгалах чиглэлээр голлон ажиллалаа, үүнд иргэн, аж ахуйн нэгжид олгох зээл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхааран ажиллаж байна гэсэн тайлбарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авч дууссаны дараа “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоол болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийж, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар цалин, урамшууллын талаар асуулт асууж, тайлбар авав. Гишүүдийн зүгээс улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 50 хувиар нэмэгдсэн эсэх, нэг удаагийн хоёр сая төгрөг хүртэлх урамшуулалд ЗӨСҮТ-ийн ажилтнууд хамрагдах эсэх талаар тодруулахад, төсвийн тодотгол эрүүл мэндийн салбарт голлон чиглэгдсэн, улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудын үндсэн цалин бус өмнө нь хэрэгжиж байсан урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлсэн, харин хоёр сая төгрөг хүртэлх урамшуулалд ЗӨСҮТ-ийн ажилтнууд хамрагдана гэсэн тайлбарыг ажлын хэсгээс хийв.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн танилцуулыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан. Хуулийн төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагдсан бөгөөд зарчмын шинжтэй болон шинэлэг зохицуулалтыг танилцуулбал:
– Сургалтын байгууллага ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөсрдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгосон.
– Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгасан.
– Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах, эцэг эх хүүхдийнхэ сурах боломжийг хангах, аж ахуйн нэгж байгууллага стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийг үнэлэхэд оролцох, гэрээний дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын байгууллага, багштай хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгагдсан.
Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил нар уг хууль боловсролын тухай хуультай нийцсэн эсэх болон бусад асуудлаар асуулт асууж, уг хуулийн төслийг Улсын Их Хурлын харьяа Байнгын хороо болон Боловсролын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулах санал хэлж байв.
Ингээд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг сонссоны дараа “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 12 цаг 40 минутад 57.8 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг яам, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яамны холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцов.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад (КОВИД-19) халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүсэж байгаагаас гадна хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг төслийн танилцуулгад дурджээ.
Иймд төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн нийт 735.1 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийн 2021 он дуустал олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөг, аймгийн Засаг дарга нарын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тооцоолсон. Хэмнэгдсэн зардлыг “КОВИД-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулна гэж байлаа.
Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 597.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 13.731.7 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.796.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 15.748.3 тэрбум төгрөг болох ба төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3.691.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -8.8 хувьтай тэнцэх юм байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нар хүүхэд хамгааллын зардлыг төсвийн тодотголд тусгасан эсэх, банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын явцын талаар болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын цалин хөлс, эм эмнэлгийн хэрэгслийн төсвийн хүрэлцээний талаар асууж тодруулав.
Энэ удаагийн төсвийн тодотголыг “Бүхнийг ковидын эсрэг” гэсэн зарчмын дагуу хийж байгаагаараа онцлогтой. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхийн тулд бусад салбарын 2021 оны төсвийн хуулиар батлагдсан төсвөөс хэмнэж болох бүх зардлыг танаж байгаа. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 4.5 тэрбум төгрөгийг татахаар тодотголд тусгасан. Хүүхэд хамгааллын зардлыг одоогоор нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд 2022 оны төсөвт тусгана. Харин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тухайд хоёр салбарын дунд орхигддог. Цар тахлын эсрэг эм тарианы нөөцгүй, санхүүжилт дутагдалтай байдгийг салбарын сайд хэллээ. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хариултдаа, төсвийн тодотголоор 60 тэрбум төгрөгийг цар тахлын үед нэн шаардлагатай эмийн нөөц бүрдүүлэхэд нэмж зарцуулахаар тооцсон. Энэ хүрээнд тус эмнэлэгт шаардлагатай эм, тарианы нөөцийг бүрдүүлэх боломжтой гэлээ.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувийн саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж тус тус заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 11 цаг 37 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан байна. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан гэв. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой ба Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 300 төсөл, арга хэмжээг тусгасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 11.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас улсын төсвөөс 2.2 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 162.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.7 их наяд төгрөг, түншлэлээр 6.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай гэв.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, энэхүү баримт бичгийг сайн баталснаар 2022 оны улсын төсвийг нэгтгэх үйл явц цэгцрэх ач холбогдолтойг хэлж, хууль хоорондын нийцлийг хангахад бүх түвшиндээ онцгойлон анхаарахыг анхааруулж байв. Түүнчлэн яамд төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлд санаачилга гаргаж ажиллах шаардлагатайг, төсвийн сахилга батыг сахих, ингэснээрээ олон улсын түвшинд зээлжих зэрэглэл тогтвортой байлгах, улмаар санхүүжилт босгож, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэлэх шаардлага байгааг анхаарах саналыг илэрхийлсэн.
Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Аудитын энэ удаагийн дүгнэлт сайн гарсан нь ирэх жилүүдийн төсвийн оновчтой төлөвлөлтийн суурь болно
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ долоо хоногийн даваа гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.
Үндэсний аудитын байгууллага тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг хоёр байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт гаргасан. Аудитад Барилга, хот байгуулалтын яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 1 байгууллагад “Хязгаарлалттай” /ТОСК ТӨХХК/, 4 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Харин Зам, тээврийн хөгжлийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 55 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 байгуулагад итгэл үзүүлэн, 8 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 5 байгууллагад “Хязгаарлалттай”, 41 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгчсөн гэв. Зам, тээврийн хөгжлийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 байгуулагад итгэл үзүүлэн, 8 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 5 байгууллагад “Хязгаарлалттай”, 41 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд 122 зөвлөмжийг хүргүүлэн ажиллажээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 25 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс, аудитад 21 байгууллага хамрагдаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Үүнээс 2 байгууллагад “Хязгаарлалттай”, 19 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн байна. Эрчим хүчний яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 32 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 8 байгууллагад “Хязгаарлалттай”, 23 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн гэв. Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бол Үндэсний статистикийн хорооны тайланд 23 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 3 байгууллагад итгэл үзүүлэн, 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 19 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Т.Доржханд нар Монгол Улсын Ерөнхий аудитор болон Сангийн дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар энэ жил аудитын дүгнэлт маш сайн гарсан хэмээн тэмдэглэж, аудитын дүгнэлт ийм чанартай гарсан нь ирэх жилүүдийн төсвийн оновчтой төлөвлөлтийн суурь болно хэмээгээд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад талархаж байгаагаа хэлсэн. Цаашдаа аудитын байгууллага зөвлөмжийнхөө биелэлтийг шаарддаг, гаргасан дүгнэлтүүд нь улсын төсөв, хөрөнгийн үр ашигтай, зохистой зарцуулалтад нөлөө үзүүлдэг байхад анхаардаг байхыг санууллаа. Ийнхүү Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа, цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдсан.
Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсан бол Ж.Ганбаатар гишүүн үг хэлсэн. Гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй объектуудыг буулгаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим байршил дахь зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 34, 38 дугаар хорооны зарим байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил хийсэн. 34 дүгээр хорооны хувьд Орбитын тойрог орчмын нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан Түргэн үйлчилгээний цэг болон контейнер, төмөр чингэлгүүдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөллөө. Мөн 38 дугаар хорооны “Залуус” хотхоны гадна талбайн хуучны объектуудыг буулгалаа.
-Газар чөлөөлсний дараа тухайн газарт тохижилтын ажил хийх үү?
-Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо “Залуус” хотхонд 1300 орчим өрхийн 5000 гаруй оршин суугч амьдардаг. Оршин суугчид автомашины зогсоол, гарц нээх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Оршин суугчид ганцхан гарцаар орж, гардаг байсан юм. Зөвшөөрөлгүй объектуудыг чөлөөлснөөр 1400 ам метр талбайд 40-50 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улсын хэмжээний англи хэл дээрх уншлагын марафоны шилдэг уншигч, “Код бичих охидын хөтөлбөр”-ийн шилдэг оролцогч Н.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрээр нийт 232 ном, 2.541.139 үг уншсан амжилт тогтоогоод байгаа билээ.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Нямхүүгийн Номин-Эрдэнэ гэдэг. 17 настай. Сая 11 дүгээр ангиа төгссөн. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Лаборатори 2 дугаар сургуульд суралцдаг.
–Саяхан Лингорс цахим сургалтын төвөөс зарласан улсын хэмжээний англи хэлний уншлагын марафонд оролцож шилдэг уншигч болсон байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Саяхан Лингорсоос мэйлээр холбогдож “гурван жилийн ойн шилдэг уншигч болсон байна” гэсэн мэдээг дуулгасан. Тэр мэдээг сонсоод маш их баярласан.
Миний хувьд хамгийн анх 9 дүгээр ангидаа англи хэлний “аксесс” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд түүгээр дамжуулж “Хreading” цахим номын сантай танилцаж байсан. Гар утсаараа ном уншина гэхээр толгойд нэг л бууж өгөхгүй байлаа. Тэгээд 2020 оноос хойш эрчимтэй уншиж эхэлсэн. 2020 оны есдүгээр сард зарлагдсан уншлагын марафонд англи хэлний багшийнхаа саналаар оролцож эхний 5 байрт шалгарсан. Анх удаа марафонд оролцсон ч гэсэн амжилттай оролцож англи хэлний чадвараа ч гэсэн илт мэдэгдэхүйц сайжруулж чадсан. Тийм болохоор дараагийн марафонд багаараа оролцоод 200 гаруй багаас мөн л тавдугаар байрт орж байсан.
–Нийт 232 ном уншжээ. Хэзээнээс номонд дурлаж эхэлсэн бэ?
–Таван настайгаасаа л номтой найзалж эхэлсэн.
Багаасаа л төсөөллийн ертөнцөө бүтээгээд түүндээ амьдардаг байсан. Надад зузаан хавтастай цэнхэр өнгөтэй ном бэлэглэж байсан. Тэр цагааш хойш сайн найз минь болсон юм. Доторх үгийг нь уншиж чадахгүй ч гэсэн элэгдэж хуучиртал нь тоглодог байлаа.
Харин уншиж сурсныхаа дараа тэр номыг англи хэлээр бичигдсэн ном гэдгийг ойлгож, англи хэл сурах гэсэн шинэ мөрөөдөлтэй болж билээ. Түүнээс хойш номтой нөхөрлөж, ном ч сайн найзынхаа үүргийг тун амжилттай биелүүлж байна.
-Цахимаар ном унших, өөрөө номоо бариад унших хоёрын ялгааг юу гэж хардаг вэ?
-Надад номоо бариад суух нь үнэхээр гоё санагддаг. Шинэ номын үнэр бүр хамгийн гоё нь. Ном худалдаж авсныхаа дараа үнэрийг нь гартал хуудсыг нь эргүүлж үнэрлэдэг. Гэхдээ цаасан номоо бариад явахад жоохон хэцүү л дээ.
Харин цахим номын хувьд үнэхээр авсаархан гар утас таблетдаа 100, 200 ном зэрэг аваад явчихна гэсэн үг. Тэгээд дээрээс нь дэлхийн шилдэг зохиол, bestseller номуудыг Монголд хэзээ орчуулагдаж гарах бол гэж хүлээлгүй шууд унших боломжтой.
Цахим номын сангийн хамгийн том давуу тал нь хүссэн бүх номоо сонгож уншдаг. Харин цаасан номын хувьд заримдаа ховор ном олдохгүй тохиолдол бий.
–Англи хэл дээр цахим ном уншсанаар чиний хэлний түвшинд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Миний англи хэлний суурь мэдлэг зөв тавигдсан гэж боддог. Гэхдээ англи хэл сурахдаа гаргасан алдаа гэвэл зөвхөн дүрэм л хэрэгтэй гэж бодоод үргэлж дүрмийн хичээл үзээд л суугаад байдаг байсан юм. Энэ үедээ өөрийгөө сайжрахгүй байгааг ойлгоод арай өөр арга барилаар хэлний түвшнээ сайжруулъя гэж шийдээд сайт болон youtube-ээс судалгаа хийсэн. Тэгээд дуртай зүйлээ хийнгээ давхар англи хэлээ сайжруулах боломж нь ном унших гэдгийг ойлгосон. Тэгээд л тоохгүй орхисон цахим номын сангаа санасан даа.
–Өдөрт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ?
-Цаасан ном, цахим ном хоёуланг нь өдөр болгон уншдаг. Ихэвчлэн өглөө эрт босож номоо уншдаг. Ингэхдээ 1-2 цаг болдог. Харин уншлагын марафоны үеэр бараг 10 цаг ном уншдаг байсан.
–Ихэвчлэн ямар ном уншдаг вэ. Одоо ямар ном уншиж байна вэ?
-Миний хувьд уран зөгнөлт, шинжлэх ухаан, уран зохиол, хувь хүний хөгжил гээд бүхий л төрлийн номыг шимтэж уншдаг. Одоогоор бол Н.Энхсайханы “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” болон “Owl Hall” гэдэг ном уншиж байна.
Мөн М.Пүрэвмаа зохиолчийн “Сайн уу? Найз минь” гэдэг ном их сэтгэлд хүрсэн уншиж дуусгачихаад өдөржин л уйлсан ном доо. Мөн “Арьсан хүрэмтэй Мадонна”-г уншсаны дараа бас л толгойноос гарахгүй хэсэгтээ удсан шүү(инээв). “Jane Eyre”, “Anne of green gables” гэдэг номнуудын гол дүрүүд нь ихэвчлэн зоригтой хүчирхэг бүсгүйчүүд байсан болохоор их таалагдсан.
-Н.Номин-Эрдэнийн хувьд шилдэг уншигч болохоос гадна “Код бичих охидын хөтөлбөр”-т шалгарсан байсан . Яг ямар шалгуураар тэнцэв?
-Нийт III үе шаттайгаар сонгон шалгаруулалт явагдсан. Эхний шат нь анкет болон асуултын шат байсан. II шатанд 600 гаруй охидоос математикийн хичээлээр шалгалт авч, III шатанд 60 охиноос ярилцлага авч 30 охин үлдэж тэнцсэн.
-Танхимаар хичээл орохгүй амарсан. Энэ цаг үед цахимаар өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж байна уу?
-Хүүхэд болгон өөр өөр газарт өөр өөр орчинд амьдардаг болохоор тэдний хувьд боломж ямар байгааг мэдэхгүй байна. Миний хувьд бол сүүлийн хоёр жил үнэхээр олон зүйлс шинээр сурч өөрийгөө таньж мэдсэн хугацаа байсан. Google, youtube хоёроос мэдэхгүй зүйлсээ мэдэж ойлгож авах боломж бол нээлттэй байдаг. Үүнээс гадна “coursera” гээд үнэ төлбөргүй 3000 гаруй сургалттай сайт мөн манай Монголын “Tomyo”, “Hippocards” гээд хэрэгтэй олон аппликэйшн байдаг юм байна лээ. Гэртээ байхдаа хүртэл дэлхийн мэдлэгийг эзэмших боломж их байдаг шиг санагдсан.
–Үе тэнгийнхээ хүүхдүүдэд юу зөвлөмөөр байна. Өөрийн сурч мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцвал?
-Үргэлж шинэ зүйл сурч, бусдаас асууж, өөрөө бас судалгаа хийж сураасай гэж зөвлөмөөр байна. XXI зууны “Gen Z” бид болохоор мэргэжлийн чадвар эзэмшихээс гадна амьдралд хэрэгтэй бусад чадваруудаа одооноос сайн хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.
-Цаашдаа ямар чиглэлээр Их сургуульд орохоор төлөвлөж байгаа вэ?
-Би шинжлэх ухаанд их сонирхолтой. Энэ чиглэлээрээ мэргэжил эзэмших зорилготой байгаа. Англи хэлний мэдлэгээ улам гүнзгийрүүлж байгаад хэлний шалгалт өгнө.
Н.Номин-Эрдэнийн уншихыг санал болгож буй номнууд:
-М.Пүрэвмаа “Сайн уу? найз минь”
-Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”
-Charlotte Brontё “Jane Eyre”
-“Anne of green gables”
Н.ЦОГЗОЛМАА
Канад Улсад температурын гэнэтийн өөрчлөлт гурван өдөр үргэлжилж, гурав дахь өдрөө нэмэх 49.6 градус хүрч халсны улмаас 130 гаруй хүн амиа алджээ.
Ванкувер хотын цагдаагийн байгууллагын төвөөс мэдээлснээр “Хэт халалтын улмаас амиа алдсан оршин суугчид бүгд суурь өвчтэй байсан бөгөөд температурын гэнэтийн өөрчлөлт нь суурь өвчинд нь нөлөөлж, амиа алдахад хүргэсэн байж болзошгүй” гэжээ.
Харин Канад Улстай хиллэдэг АНУ-ын баруун хойд хил орчмын нутгуудад агаарын температур түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрч, олон хүн амь эрсдэв.
Ардчилсан нам 21:00 цагаас Төв талбайд зул өргөхөөр болжээ.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.
НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.
Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.
Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.
Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.
Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.
Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.