Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүллээ

УОК-оос Үндэсний их баяр наадмын талаар гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “УОК баяр наадмыг хойшлуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.” гэлээ.

Түүнчлэн “Нэгэнт хийсэн урлаг соёлын видео контентуудыг видео хэлбэрээр баярын өдрөөр цацахаар төлөвлөж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Япон улс руу 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр 50 сорьцноос 5 сорьцонд Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүсийг бид тусгаарласан. Тархалт байхгүй. Манай улсад альфа хувилбар тархалттай байна” гэлээ.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “ЭМЯ эрсдэлийн үнэлгээг цаг тухайд нь хийсэн. Наадмыг өнжих, цуцлах, хойшлуулах, мөн гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах асуудлыг хэлэлцсэн. Монголд Дельта хувилбар ороод ирсэн юм биш биз гэсэн асуудал яригдаж байна.

Өнөөдрийн судалгаа шинжилгээний дүнд Монголд альфа хувилбар байна. Дельта хувилбар байна гэж эцэслэж тогтоогдоогүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 9-н хүртэл товлогдоод байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг сэргээжээ

“КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг хойшлуулсан тухай мэдээлсэн.

Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзах үеэрээ энэ талаар ярилцаж, долдугаар сарын 9-н хүртэл товлогдсон нислэгээр Сөүлээс эх орондоо ирэх гэж байсан 1000 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж буй тул Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх хүсэлтийг холбогдох газруудтай хамтран нааштайгаар шийдэх хүсэлтийг тавьжээ.

Хүсэлтийн хариу БНСУ-ын Зам тээврийн яамнаас саяхан ирсэн бөгөөд Улаанбаатараас зорчигчгүйгээр Сөүл хүрч, монгол иргэдийг авчрах Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг эргэн сэргээж буйг мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Эмнэлгийн ажилтнуудыг ээлж дараагаар амраах, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байна” гэв

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа.

Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм.

Энэ үеэр коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцлээ. Тэрбээр нөхцөл байдал хүнд байгааг хэлээд, эмнэлэгт 6585, гэрээр 23684, тусгаарлах байранд 481 иргэн эмчлүүлж байгааг танилцуулав. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгааг хэлсэн юм. Үндсэн болон коронавирусийн эмчилгээ, үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, ажилтнууд туйлдах, халдвар авах, ажлаасаа халшрах, гарах болсон байна. Иймд эмнэлгийн ажилтнуудыг ээлж дараагаар амраах, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлж байлаа.

Түүнчлэн ойрын өдрүүдэд бороо хур их орж байгаа. Иймээс үер, усны аюулаас сэргийлэх талаар анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан завьт эргүүлийнхэн өдөр тутам үүрэг гүйцэтгэж, зургаан хүний амь авраад байгааг хэлэв. Мөн бороо их орж байгаатай холбоотойгоор Туул голын усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг сануулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа

Улсын онцгой комисс хуралдаж эхний ээлжид Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Улсын онцгой комиссын уг саналыг Засгийн газар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж наадмын бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ. Нээлтийн урлаг соёлын арга хэмжээний зураг авалт, хүчит бөхчүүдийн бэлтгэл Хүй долоон худагт эхэлсэн.

Гэвч өнөөдөр /2021.07.01/ УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийж наадмыг хойшлуулах санал гаргасан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Коронвирусийн халдварын тархалт ихээр нэмэгдэж байгаа бөгөөд ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд тодорхой санал, санаачилга гаргаж, Засгийн газар, УОК-д хандаж байна. Юуны өмнө улсын баяр наадмыг хойшлуулах саналыг гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд хүлээн авсан” гэлээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг маргааш 09:00 цагт товлосон бөгөөд наадмын асуудлыг хэлэлцэхээр байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.01) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өргөн мэдүүллээ.

Зөвшилцөх саналд:

1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэнэрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;

4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;

7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг;

Зураг нээх

11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;

12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;

13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;

14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;

15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;

16. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийи Баатаржавыг;

17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;

18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;

19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;

20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;

21. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;

22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;

23. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;

24. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг тус тус томилохоор тусгасан байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнсний дэмжлэг үзүүлжээ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусийн халдвар авсан, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын 232 эмч, ажилтанд өнөөдөр хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олгожээ.

Энэхүү дэмжлэгийг үзүүлэх хүсэлтийг НЗДТГ-аас Монголын улаан загалмайн нийгэмлэгт хүргүүлж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын эмэгтэй гишүүд наадмыг хойшлуулах хүсэлтийг УОК, ЗГ-т хүргүүллээ

УИХ-ын эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах хүсэлтийг Улсын онцгой комисс, Засгийн газарт хүргүүлснээ мэдэгдлээ.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Улсын баяр наадмыг хойшлуулах шаардлагатай гэж тэд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

48 дугаар сургуулийн хажууд барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлөв

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын 48-р сургуулийн хажууд байсан хашааг буулгаж, хашаанд байсан нүхэн жорлонг булахаар болжээ.

Сургуульд ойрхон нүхэн жорлон байх нь хүндрэлтэй. Хүүхдүүд танхимаар хичээллэхэд урин дулааны цагт цонхоо онгойлгоход өмхий үнэртдэг, жорлонгийн хог сургууль руу хийсдэг байсан. Иймд хашааг буулгаж, нүхэн жорлонг булахын тулд сургуулийн захиргаанаас хөөцөлдсөн боловч сүүлийн гурван жилийн хугацаанд энэ асуудал шийдэгдээгүй. Энэ удаа I хорооны Засаг дарга, мэргэжлийн хяналт, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсанаар асуудлыг хоёр сарын дотор шийдвэрлэж өглөө хэмээн тус сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг ярилаа.

Нүхэн жорлон бүхий хашаалсан 390 ам.метр хэмжээтэй уг газар 2010 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар таван жилийн хугацаатай иргэний эзэмшилд шилжсэн боловч газрыг ашиглаагүй юм байна. Газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хийсэн бөгөөд чөлөөлсөн талбайг тохижуулан нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах юм байна.

“Нүхэн жорлонг хоёр үе шаттайгаар ариутгаж, хөрсөнд аюулгүй болсны дараа булна” гэж I хорооны Засаг дарга Г.Чинбат мэдээлэв. Баянзүрх дүүргийн I хороо нь 3000 өрх, 10 мянга гаруй иргэнтэй. 48-р сургууль нь 4300 сурагчтай бөгөөд модон хашаа унаж, хадаас нь ил гарсан байх зэрэг хүүхэд явахад аюултай нөхцөл үүссэн байжээ.

Categories
гадаад мэдээ

Доналд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Fox News телевизийн эфирт хөтлөгч Шон Хэннититэй ярилцах үедээ тэрээр ингэж мэдэгдсэн байна.

Тэрээр өөрөө эхэлж энэ сэдвийг хөндөөгүй ч сэтгүүлчийг асуухад “Тийм” гэж хариулжээ. Үүнээс өмнө тэрээр яг энэ сэдвээр олон нийтэд нэг ч удаа мэдээлэл өгч байгаагүй. Түүний шийдвэр БНН дотор болон гадна талд хөдөлгөөн үүсгэж магадгүй байсан учир тэр юм. Өрсөлдөж гэмээ нь сунгаанд ялах чадвартай, нөгөө талаар нэгдүгээр сарын 6-нд Капитольд болсон үймээнд буруутгагдаж, дахин нэр дэвших эрхгүй болох гэх мэт олон салаа зам байгаа бөгөөд одоо нэгэнт мэдэгдэл хийсэн тул үүнээс улбаата үйл явдлууд өрнөх нь тодорхой болов.

Доналд Трамп ноднин Жо Байденд ялагдаж, албан тушаалаа орхихдоо сонгуулийг “Зууны гэмт хэрэг” хэмээн нэрлэж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүй, дотоод хэргийн яам​ “Шилдэг яам”-аар шалгарчээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны амжилтаараа төрийн захиргааны төв байгууллагуудаа манлайлсан байна.

Тус яамыг “Шилдэг яам”-аар шалгаруулж, цом, батламж олгожээ. Уг шагналыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарт гардуулан өгчээ.