Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ

МИАТ ТӨХК 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд,

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр Тусгай үүргийн болон бусад нислэгүүдийг цар тахлын халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг баримтлан өндөр хяналтын дор үйлдэж байгаа билээ.

“Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр “МИАТ компанийн онгоцоор Анкарагаас ирсэн зорчигчдоос Дельта вирус илэрлээ” гэсэн худал ташаа мэдээлэл тараасан нь МИАТ компанийн болон зорчигч үйлчлүүлэгчдийн нэр хүндэд цаашилбал Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

МИАТ ТӨХК нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр БНТУ-ын Анкара хотын чиглэлд нислэг үйлдээгүй, нисгэх багийн гишүүдээс мөн МИАТ компанийн зорчигчдоос Дельта вирусийн халдвар илрээгүй болно.

Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ мэдээлэл хүргэхдээ мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг хүргэх тал дээр анхаарч хамтран ажиллахыг хүсье.” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ буужээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнэ ханшийн судалгааг долоо хоног бүр тогтмол гаргадаг. Тус газрын мэдээлснээр үхрийн махны үнэ дунджаар 400 төгрөгөөр буурч кг нь 14722 төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, “Хүчит шонхор” захад үхрийн ястай мах кг нь 11500 төгрөг бол “Саруул” захад 16500 төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины махны үнэ ч бас хямдарч 224 төгрөгөөр буурснаар кг нь дунджаар 9300-11200 төгрөгийн үнэтэй байна. Зах худалдааны төвүүдийн байршлаас хамаарч махны үнэ харилцан адилгүй үнэтэй байгаа юм. Дашрамд дурдахад, ногооны үнийн тухайд, төмс хямдарч кг нь 944 төгрөг, луувангийн үнэ өсч кг нь 2487 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-т ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2021.07.30/ Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж, тус газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, Д.Өнөрболор нар, мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төвийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нарын албан тушаалтнууд танхимаар оролцсон бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, удирдлага, төлөөллүүд цахимаар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд тус тусын ажлын чиглэлээр ажлын хэсгийн гишүүдэд товч мэдээлэл өгөв. Газрын дарга Б.Бямбадорж тус газрын бүтэц зохион байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг танилцуулсан. Тэр дундаа нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил, 2022-2024 онд хийгдэх ажлуудын хөрөнгө оруулалтын төсөөлөл, цалин хөлс, урамшууллын өсөлт, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд буюу халдварт өвчин, төрөлт, эх, хүүхдийн эндэгдэл, нас баралт, анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ, “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ажлын ачааллаас шалтгаалсан хүний нөөцийн хомстлыг шийдвэрлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалд шилжих бэлтгэл ажлыг хангах, цахимжуулалтыг нэвтрүүлэх, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн хангалтад эрс шинэтгэл хийх, барилга, инженерийн байгууламжийг шинээр барих зэрэг тулгамдсан асуудлыг танилцууллаа.

2020 оны наймдугаар сард Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон. Ингэснээр эмнэлгүүдийн хооронд чөлөөт өрсөлдөөн бий болж, өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоонд шилжээд байгаа юм. Өнөөдрийн уулзалтад оролцсон ажлын хэсгийн гишүүд болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлснээр энэхүү шинэчлэл бүх шатлалын эмнэлгүүдэд хэрхэн хэрэгжиж байгааг бүх талаас нь хөндөн асуулт, хариулт өрнүүлж, санал бодлоо солилцов. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төсөв, төсвийн хүрэлцээ, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүтцийг оновчтой болгох, өрхийн эрүүл мэндийн төвд нэг иргэнээр тооцож олгодог санхүүжилтийн тариф хүрэлцээтэй эсэх, цар тахлын үед цахим технологийг нэвтрүүлэх, амжилттай ашиглах, эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлэх зэрэг олон асуудлын талаар ажлын хэсгийн гишүүд, оролцогчид асуулт асууж, салбарын удирдлагууд хариулт өглөө. Үргэлжлүүлэн оролцогчид болон ажлын хэсгийн гишүүд санал, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжсан шинэчлэл хийж байна. Санхүүжилт, хариуцлага хоёрыг хамтад нь авч үзэж байж гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд шийдэгдэнэ. Системийн хэмжээний гажуудлуудыг засах нь манай ажлын хэсгийн үүрэг, зорилго. Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэчлэлээс ухрах ёсгүй. Харин энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ямар алдаа, дутагдал гарч, ямар асуудал шийдвэрлэх шаардлагатайг тооцоо судалгаан дээр үндэслэн зөв тогтоож, эрүүл мэндийн салбар, Засгийн газар, Улсын Их Хуралтайгаа хамтран, хамтын хүчээр засаад явна хэмээн байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ, юуг нь засаж сайжруулж байж цаашид үр өгөөжтэй болгох ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд эрүүл мэндийн шат шатны байгууллагын түвшинд уулзалт зохион байгуулж байна. Найм, есдүгээр сард газар дээр нь танилцаж ажиллаад, аравдугаар сард намрын чуулганд асуудлыг танилцуулна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах санал, дүгнэлтээ оруулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир эрүүл мэндийн салбарт нөхцөл байдал ямархуу байна вэ, нэн түрүүнд тулгамдсан, шийдвэрлэх асуудал аль нь вэ гэдэг нь хоёр удаагийн уулзалт болон бодлого тодорхойлох байгууллагад ажиллахад нэлээн тодорхой боллоо. Цаашид дүүрэг, аймаг, сум, хорооны эмнэлэгт очиход ойлгомжтой болно. Эрүүл мэндийн салбар ажлаа хэвийн, чанартай явуулахад эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байвал бид түүнийг хийгээд явна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин эрүүл мэндийн салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгддэг. Харамсалтай нь үрэн таран болгочихдог асуудал байна. Тэгсэн хэрнээ хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга дээвэр ч үгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байхад хүлээгээд авчихсан, одоо шаардлага хангадаг болгохын тулд дахиад төдөн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, шийдүүлж өгөөч гээд сууж байна. Ийм хариуцлагагүй байдал гаргахгүйн тулд ямар хяналт хэрэгжүүлэх вэ, дахиж давтагдах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд ажлын хэсгийн гишүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан хаагчдын өрөө тасалгаагаар орж, ажил байдалтай нь танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дарханы Хонгор суманд тарвага нутагшуулжээ

Дархан-Уул аймагт тарвага нутагшуулахаар арван монгол тарвагыг Хустайн байгалийн цогцолбор газраас барьж Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт сэргээн нутагшуулжээ.

Тарвага нүхэнд амьдардаг тул цөлжилтөөс сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй. Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.

Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас ирэх онд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Манилад ирэх долоо хоногоос хатуу хөл хорио тогтооно

Филиппиний нийслэл Манила хотын бүсэд “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан ирэх наймдугаар сарын 6-20-нд хатуу хөл хорио тогтооно тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке баасан гаригт мэдэгджээ.

Шинэ хязгаарлалтуудын хүрээнд зоогийн газруудыг дотор болон гадаах талбайдаа үйлчлүүлэгч хүлээн авахыг хориглох бөгөөд зөвхөн авч явах, хүргэх үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх аж.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд, “COVID-19” халдварын үзүүлэлтүүд ийнхүү эрс нэмэгдэх болсонд коронавирусийн хурдан халдварладаг “Дельта” хувилбар нөлөөлсөн хэмээн үзэж байна. Эрүүл мэндийн яам одоогоор уг хувилбараар халдварласан 216 тохиолдлыг илрүүлжээ. Мөн “Дельта” хувилбараар халдварласан найман өвчтөн нас барсан байна.

Categories
гадаад мэдээ

Сидней хотод “Дельта” хувилбар тархаж, хөл хорио тогтоожээ

kkpk

Австралийн Засгийн газар цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч байна. Тус улсын Сидней хотод халдварын тоо өсжээ. Иймд ирэх долоо хоногт олон үйл ажиллагааг хаан хязгаарлана. Үүний тулд олон зуун цэргүүдийг дайчлах болжээ.

Зургадугаар сараас хойш Сиднейд ковид-19-ийн дельта хувилбарын 3000 тохиолдлыг бүртгэж, есөн хүн нас баржээ. Даваа гарагаас тус хотод хатуу хөл хорио тогтооно.

Хөл хорио наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэд үндсэн хэрэгцээт зүйлсээ худалдаж авах, бусдыгаа эргэх, дасгал хийх тохиолдолд л гэрээс гарч болно. Мөн гэрээсээ 10 км-ын зайд л явах эрхтэй. Иргэд эдгээр дүрмийг мөрдөж буй эсэхэд зэвсэггүй цэргүүд хяналт тавина.

Сидней Австралийн хамгийн том хот бөгөөд баасан гарагт 170 тохиолдол бүртгэжээ.

Categories
мэдээ спорт

Бет Шривер олимпод өөрөө санхүүжилт босгон оролцож, алтан медаль хүртлээ

Их Британийн дугуйчин, 22 настай Бет Шривер Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн юм.

Эрэгтэй дугуйчдыг дэмжих зорилгоор Их Британийн Дугуйн холбоо түүний санхүүжилтийг зогсоожээ. Иймд тэрээр бэлтгэл хийхийн сацуу сувилагчийн сургуульд туслах багшаар ажиллан, 2019 оноос хойш дугуйн аялал зохион байгуулж, 50 мянган фунт стерлингийн зардлаа өөрөө цуглуулсан аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 31-ний 20 цагаас 08 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 2,3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 2,3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөшигийн хөндийн тууш замын хөдөлгөөнд оролцох иргэдийн анхааралд

Тууш замд дараах зүйлийг хориглоно.

а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;

б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;

в/ 5.17 буюу 6.12 тэмдгээр заасан зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох;

г/ ухрах болон буцаж эргэх;

д/ жолоодлогын дадлага хийхийг тус тус хориглоно гэж заасан боловч тус замаар иргэд жолооч нар зорчихдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноор эвдрэх, шатахуун дуусаж түр зогсох, дугуй хагарах, замаа буруу сонгон орсноор буцаж эргэн урсгал сөрөх зэрэг зөрчлүүд нийтлэг гарч байна.

Иймд иргэд жолооч та бүхэн .

Categories
гадаад мэдээ

АНУ-ын эдийн засаг 6.5 хувиар өсчээ

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувиар өслөө гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээлжээ.

Одоогийн байдлаар АНУ-ын эдийн засаг цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очоод байна. Мөн ДНБ-ий 70 орчим хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал мэдэгдэхүйц нэмэгдэж, 11.8 хувиар өсчээ. Түүнчлэн капитал хөрөнгө оруулалт 8 хувиар өссөн байна.

ДНБ ийнхүү өсөхөд коронавирусийн эсрэг вакцинжуулалт, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээнүүд үр нөлөөгөө үзүүлжээ.