Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл бараалхлаа.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, шинжлэх ухааны салбарын хөгжлийг тууштай дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус академийн 100 жилийн ойг угтан Шинжлэх ухаан, инновацын анхны төв цогцолбор барих ажлыг санаачлан эхлүүлж, “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг санаачлан зохион байгуулах зэргээр шинжлэх ухааныг дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Академич Д.Рэгдэл үргэлжлүүлэн Шинжлэх ухаан, инновацын анхны төв цогцолборыг барих ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Цогцолборын цахилгаан холболтын дэд станцын барилгын ажил, газар шорооны ажил дууссан бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь олон улсын судалгаагаар гадаадад хэвлүүлсэн ном, бүтээлийнхээ тоогоор Азийн 46 орноос 20 дугаар байранд ордог талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, 2021 онд Шинжлэх ухааны академийн 100 жилийн ой тохиож байгааг онцолж, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулан ажиллана гэлээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цөлжилт, байгаль орчны доройтолтой тэмцэх, бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах учир энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачдыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн төрийн бодлого боловсруулах үйл явцад эрдэмтдийн судалгаа, санал, дүгнэлт онцгой чухал гэдгийг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр томилогдсон Ч.Лодойравсалтай гар нийлэн үр бүтээлтэй ажиллахыг захилаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны Шатрын дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчид болон Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх нарыг өнөөдөр (2021.06.30) хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэлэхдээ, дэлхий дахиныг хамарсан коронавирусын халдварт цар тахлын улмаас спортын олон арга хэмжээг цуцлахад хүргэсэн. Гэвч ОХУ-д удахгүй Шатрын дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээн нь шатрын спорт дэлхийн хэмжээнд эргэн ирснийг харуулж байна.

Дэлхийн шатрын холбооноос анх удаа Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэй шатарчдын ангиллыг оруулж, эмэгтэйчүүдийн цомын аваргыг тодруулах гэж байгаа нь манай шатарчдад том боломж олгож байна. Иймээс Та бүхэн сэтгэл зүй болон тэмцээний бэлтгэлээ сайн базааж, амжилт гаргахыг хүсье. Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгчийн хувьд тэмцээнд оролцох баг тамирчдад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Шатрын дэлхийн цомын тэмцээн ирэх долдугаар сарын 12-нд ОХУ-ын Сочи хотод эхлэх бөгөөд цомын аваргын төлөө 206 эрэгтэй, 103 эмэгтэй шатарчин өрсөлдөх юм байна.

Уг тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж, дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авсан Олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ, улсын сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Их мастер Д.Батсүрэн, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастерТ.Мөнхзул, урилгаар Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Мөнгөнтуул нар эх орноо төлөөлж оролцох юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж боллоо” гэв

Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамжийн бодлого руу зарцуулагдаж байна гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдааны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсөвт тодотгол хийвэл Эрүүл мэндийн салбарт нийт 735 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс төсвийн урсгал зардлаас 321 тэрбум төгрөг, бусад 400 гаруй тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулна. Мөн Хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжид 618.9 тэрбум төгрөг зарцуулна. Ингээд нийтдээ 940 тэрбум төгрөгийн цэвэр нэмэлт зардал гарна гэдгийг Сангийн сайд мэдээлсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг. Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Найман аймаг баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийджээ

Коронавирусийн халдварын тархалт орон нутагт нэмэгдэж байгаатай холбоотойгоор баяр наадамд зарцуулах төсвийг цар тахалтай тэмцэхэд зарцуулахаа зарим аймаг мэдэгдээд буй.

Одоогоор баяр наадам зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн найман аймаг байна. Үүнд:

  • Баянхонгор
  • Дархан-Уул
  • Дорнод
  • Орхон
  • Өвөрхангай
  • Сүхбаатар
  • Сэлэнгэ
  • Хэнтий

Баянхонгор аймгийн ИТХ

Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар сарын 29-ний хурлаар наадам тэмдэглэхгүй байхаар шийджээ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ:

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болжээ.

Дорнод аймгийн ЗДТГ-аас гаргасан мэдээлэлд:

Дорнод аймаг болон сумдад баяр наадам зохион байгуулахгүй. Наадам тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөсөн зардлыг Ковид-19 халдвартай тэмцэх ажилд зарцуулна.

Орхон аймгийн Засаг дарга

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа баяр наадмын төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаа мэдэгдэв.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс

Өвөрхангай аймаг баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга:
Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай Засаг даргын захирамжийг хүчингүй болгосугай хэмээн захирамж гаргасан байна.

Хэнтий аймгийн ЗДТГ:

“Хэнтий аймаг наадам зохион байгуулахгүй. Аймгийн наадмын зардлыг “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд яаралтай хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

​ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн/ҮАБЗ/ нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томилсон тухай мэдээлсэн билээ.

Харин тус зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.

Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчимаа болгодог байна.

ҮАБЗ-ийн бүрэлдэхүүн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд:

  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга:

  • Ж.Энхбаяр
Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж байв. Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Лантуун дохио ТББ Засгийн газрыг шүүхэд өгчээ

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох
Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдлоо.

“Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр гаргасан.

Тус шүүхээс 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогч нарт албан бичгээр мэдэгдсэн болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд он дуустал тэтгэмж олгоно” гэв


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа.

Тэрбээр “2021 оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6.5 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлөл гаргаад байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт болон нүүрсний экспортын тоо хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, НДШ-ийг хоёр хувь бууруулсан зэргээс шалтгаалж, оны эцсээр тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 756 тэрбум төгрөгөөр тасрахаар харагдаж байна.

Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айл өрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна.

  1. Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
  2. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих тэтгэмжийг мөн он дуустал 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдүүдийн ялаас 2 жил хөнгөлнө

Өнөөдөр хэлэлцсэн Өршөөлийн тухай хуулийн төсөлд 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасахаар тусгажээ. Үүнд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдүүд ч багтаж байна.

• Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
• Хүн хулгайлах
• Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
• Бусдын эд хөрөнгийг хулгайлах
• Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах
• Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах
• Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
• Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
• Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
• Биеэ үнэлэхийг зохион байгуулах
• Хүн хулгайлах
• Хүнийг хүчээр алга болгох
• Заналхийлэх
• Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
• Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх
• Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах
• Хууль бусаар үр хөндөх
• Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх
• Эд хөрөнгө устгах, гэмтээх
• Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах
• Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
• Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
• Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
• Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах
• Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах
• Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих
• Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх
• Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах
• Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих• Хулгайлах
• Дээрэмдэх
• Залилах
• Хөрөнгө завших
• Мал хулгайлах
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зэрэг багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.06.30) Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөн барилаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

Хуулийн төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагдсан бөгөөд зарчмын шинжтэй болон шинэлэг зохицуулалтыг танилцуулбал:

1. Сургалтын байгууллага ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөсрдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгосон.

2. Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгасан.

3. Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах, эцэг эх хүүхдийнхэ сурах боломжийг хангах, аж ахуйн нэгж байгууллага стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийг үнэлэхэд оролцох, гэрээний дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын байгууллага, багштай хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгагдсан.

4. Захирал, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч (Орон нутгийн сургууль авдаг байсан бол одоо бүгд) нийгмийн түншлэл, үйлвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч, дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан, ХАБЭА, эмчид (шинээр нэмэгдсэн) 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно.

5. Багш, сургалтын менежер, арга зүйч-багш тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах. Захирал, дэд захирал, сургалтын менежер, арга зүйч ажлын 15, багш, дотуур байрын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт эдлэх.

Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн хууль санаачлагч үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.