МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр бусад сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс юугаараа онцлог ялгаатай байдаг вэ?
-УИХ, Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол онцлог нь тухайн сонгуульд ялсан улс төрийн намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр болон батлагдаж засаг захиргааны бүх нэгж, төрийн бүх алба зэрэг гүйцэтгэх эрх мэдлээр дамжин хэрэгждэг.Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон байна.
-Сонгогчдын зүгээс Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөөс юуг илүүтэй анхаарах ёстой бол?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд байх, Монгол Улсын хөгжлийн бодлого, төсвийн хуулийн зарчимд нийцсэн байх шаардлагыг хангаж байгааг харах хэрэгтэй. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, тарааж байгаа нэр дэвшигчдийн хөтөлбөрийн хураангуй танилцуулгыг харчих хэрэгтэй.Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа болж байгаа сонгууль учир сонгогч бид юуг анхаарах ёстой вэ гэдгийг илүү чухалчлах хэрэгтэй болов уу. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зүйлсийг хүртэл тодорхой дурдсан байгаа.
-Та гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцав уу?
-Тодорхой түвшинд уншиж үзлээ.
-Нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ, УИХ, Засгийн газраа сөрж биш, хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ гэжээ. Үе үеийн төрийн тэргүүнээс бид ийм л зүйлийг хүсдэг ч биеллээ олсон нь ховор. Түүний амлалт биелэх боломжтой юу?
-Хэрвээ сонгогдвол биелэх боломжтой. Хэдэн үндэслэл хэлэх хэрэгтэй байх. Нэгдүгээрт, бүх нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хяналт тавих байгууллага нь Үндэсний Аудитын газар байна.
Хуульд заасны дагуу нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад санал авах өдрөөс 37-гоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. Уг хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй. Тэгэхээр мөрийн хөтөлбөрт бичигдсэн амлалтууд өмнөх асуултад хариулсан хоёр шаардлагын хүрээнд боловсруулагдсан гэдгийг мэргэжлийн байгууллага шалгаад сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл өгсөн байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд засаглалын хувьд парламентын засаглалтай байхаар заасан байгааг нэр дэвшүүлж буй МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баталгаажуулах талаар тусгасан. Тэгэхээр нэр дэвшүүлж байгаа улс төрийн намын мөрийн хөтөлбөрт энэ зорилт байгаа учир улс төрийн зөвшилцөл саадгүй байх боломжтой.
-Мөн тэрээр эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг Ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, Их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх тухай тусгажээ. Энэ зөв шийдэл мөн үү?
-Одоогийн байдлаар улсын ЕБС-иуд гадаад хэлийг дунд ангиас заадаг санагдаж байна. Энэ зорилт хувийн сургуулиуд, төрөлжсөн сургуулиудад зориулагдсан болов уу. Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлалын үүднээс авч үзвэл эх хэлээ бүрэн эзэмших зайлшгүй шаардлагатай. Гэтэл дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэх болвоос гадаад хэл сайн эзэмших хэрэгтэй байдаг. Хувь багшийн хувьд төрөлх хэл, гадаад хэл хоёрыг зэрэг сайн заах хэрэгтэй гэж бодож байна.
-Нэр дэвшигч С.Эрдэнэ Монгол Улсын иргэн бус монгол хүнд харьяатын иргэншил авах асуудлаар онцгой анхаарна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа мөн эцэг, эх нь монгол гаралтай монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, эрх ашгийг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн байна. Энэ нь хэр зөв юм бэ?
-Гадаадад амьдарч байгаад тухайн улсдаа мэндэлсэн хүүхдийн хувьд насанд хүрэх үед иргэншлийн асуудал сонголттой байгаа. Тэгэхээр энэ зорилт нь давхар иргэншлийн асуудал хөндсөн болов уу. Хувь судлаачийн хувьд гадаадын иргэдийн давхар иргэншлийг дэмждэггүй. Энэ бол Аюулгүй байдлын язгуур эрх ашиг болох тусгаар тогтнолын асуудалтай алсуураа шууд холбоотой асуудал. Давхар иргэншилтэй иргэн төрийн сонгуульд оролцох бол яах вэ гээд олон асуудлыг хөндөнө. Тиймээс нухацтай хандах хэрэгтэй. Харин гадаадад байгаа өөрийн улсын иргэдийн эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт, түүнд үзүүлэх төрийн дэмжлэг,гадаадад төлж буй татварыг хэрхэн дотоодын татвартай уях гэдэг ч юм уу оюуны дайжилт хийж буй иргэдийн асуудлыг илүү хөндөж тавих хэрэгтэй санагддаг.
-Мөн Засаг захиргааны анхан, дунд шатанд хоосон улстөржилт, талцал хуваагдал асар их байгааг анхааран, үүнийг арилгах үүднээс сум, баг, дүүрэг, хорооны түвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна гэсэн нь Ерөнхийлөгчийн хийх ёстой үйлдэл мөн үү?
-Мөрийн хөтөлбөрийн зорилт дотор “улстөржилт” гэж бичих нь сонин санагдсан. Улс төр судлаачийн хувьд энэ нэр томьёо олон утгыг агуулдаг учир албан ёсны хэллэг байж чадах уу гэж харж байлаа. Зорилтын агуулгын хувьд ойлгож байна. Анхан болон дунд шатны засаг захиргааны нэгжийн удирдлагын тогтолцоонд улс төрийн намын эзлэх байр суурь маш өндөр байгаа нь үнэн. Энэ асуудал засаглал, сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой.Нэр дэвшигчийн хувьд хууль санаачлах бүрэн эрхтэй учир энэ зорилтыг дэвшүүлж болно.
-Нэр дэвшигч Д.Энхбат иргэд ядууралд орох эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг олгох бодлогыг дэмжинэ,халамжийг хавтгайруулахгүй гэжээ. Түүний энэ амлалт биеллээ олох боломжтой юу?
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тавигдах хөгжлийн болон төсвийн бодлогын чиглэлд нийцтэй байх шаардлагыг хэрхэн хангаж байгааг харах хэрэгтэй байх. Мөн Сонгуульд нэр дэвшигч нь “Эх орны хишиг”, Таван толгойн ногдол ашиг иргэдэд тараах, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг бүх нийтэд хишиг, хувьцаа, ногдол ашиг олгох, амлахыг хориглосон заалт байгаа. Тэгэхээр нийтийн хавтгай халамж бол хэн нь ч Ерөнхийлөгч болсон хэрэгжүүлэх боломжгүй.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд багтан төсөв захиран зарцуулах, төсвийн төлөвлөлттэй холбоотой эрхийн харилцаанд оролцох боломжгүй. Тэгэхээр энэ зорилт хэрэгжих боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Харин эрүүл мэндийн үйлчилгээний талаарх бодлогыг дэмжих тал дээр оновчтой санагдаж байна.
-Мөн түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэх шинэтгэлийг санаачлан ажиллана гэсэн нь анхаарал татаж байна л даа…
-Санаачилга нь хувь улстөрчөөс гарсан ч Ерөнхийлөгчийн институт цаана нь ажиллаж байна. Тэгэхээр ямар эрхийг шаардлагагүй бүрэн эрх гэж үзэх вэ, бэлгэдлийн Ерөнхийлөгч байх бол зөвхөн ёсчлох эрхтэй үлдэх улс төрийн хүсэл зориг байх уу гээд олон асуудлыг харах хэрэгтэй. Адаглаад сонгодог, хагас, бэлгэдлийн ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийн ялгаа болон төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийн асуудлаас эхлэх байх даа.
-Гурван нэр дэвшигч гурвуулаа авлигын эсрэг хууль тогтоомж санаачилж, авлигаас ангид байхад уриалж, соён гэгээрүүлнэ гэсэн байна. Хууль шүүхийн салбарт ч өөрчлөлт хийж, шударга шүүхийн тогтолцоог бий болгохоо амлаж. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ амлалт ганцхан Ерөнхийлөгч биш УИХ, Орон нутгийн гээд бүх сонгуулийн амлалтад орж ирдэг. Авлигын эсрэг, шудрага, ёс зүйтэй засаглалыг улсаараа хүсч байгаа. Тэгэхээр нэг талаас нийт сонгогчдын хүлээдэг амлалт. Нөгөө талаас биелээд хэрэгжээд байгаа нь харагдаад байдаггүй амлалт. Хувь иргэний хувьд дорвитой өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна.
-Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тус бүрийн онцлогийг нь судлаач хүний хувьд юу гэж харсан талаараа уншигчдадаа хуваалцаач?
-Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь улс төрийн намын үзэл баримтлал, онцлогийг шингээсэн байна. МАН-аас нэр дэвшигчийн хувьд эрх баригчтай хамт өөрийн зорилгыг биелүүлэх хүсэл зорилгоо шингээсэн “Шинэ цагийн уламжлалт Монгол Улс” байхыг амлаж. АН-ын нэр дэвшигчийн хувьд “Ардчиллыг өмчилсөн”шинжтэй хөтөлбөр болсон бөгөөд давуу тал нь ямар хуулиуд санаачлах талаар тодорхой дурдсан байсан. ХҮН-ийн нэр дэвшигчийн хувьд “Шинэлэг байхыг зөвхөн бид чадна” гэсэн агуулгатай, үүнийгээ батлахуйц бодлогын зөвлөлүүдийг байгуулах талаар амласан байгаа нь сонирхол татсан.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь гүйцэтгэх засаглал руу түлхүү чиглэсэн байгаа. Иймээс хамгийн гол анхаарах зүйлс нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд байх шаардлага, Монгол Улсын хөгжлийн бодлого, төсвийн хуулийн зарчимд нийцсэн байх шаардлагыг мөрийн хөтөлбөр хангаж байгаа эсэх, зургаан жилийн бүрэн эрхийн хугацаанд мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой эсэх, мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлэхийн тулд улс төрийн зөвшилцөл хийж чадах эсэхийг анхаарах хэрэгтэй.