Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэг залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно

Багануур дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Учир нь 2022 онд Багануур дүүрэг залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох юм.

Энэ үеэр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар тэднийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Уулзалтад Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Одмандах тэргүүтэй таван хүн оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Үнэ хөөрөгдөж тээвэр хийсэн иргэн, ААН-үүдийг 38 сая төгрөгөөр торгожээ

БНХАУ-тай залгаа хилийн боомтууд дээр саатал үүссэнийг далимдуулж ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэн, ААН-үүд хөлсөө нэмсэн.

Тэгвэл уг асуудал дээр ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна. Улмаар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 19-ны хооронд үнэ хөөрөгдөн тээвэр хийсэн есөн иргэн, нэг ААН-ийг зөрчлийн хэрэг нээжээ. Ийн 38 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон 243 сая төгрөгийг хураахаар болсон талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр хязгаарлалт тогтоогоогүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт /маш өндөр эрсдэлтэй/, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан санал зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа юу?

-Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн. Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа 7 дугаар сарын 04-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй.

Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг.

Тэгвэл хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн үг үү?

-Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна.

Ингэхийн тулд бүх талын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэж байж эрсдэл бага гарна. Мэдээж цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хязгаарлалтын үйл ажиллагааг тухай бүр авч шийдвэрлэнэ.

Гадны улс орнуудад вирусын мутацлагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаа учир эргээд хөл хорио, хязгаарлалтын дэглэмдээ шилжиж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Халдварын тархалт, нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвгүй тул цаашдаа бид бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж нийгмийн харилцаанд орох шаардлага тулгарч байна гэдгийг анхааруулмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын соёлын солилцооны хөтөлбөр маргааш эхэлнэ


Монгол, Хятадын соёлын солилцооны “Яруу алдрын 100 жил” арга хэмжээний нээлт боллоо. Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэ хүрээнд Монголын ард түмний Хятад Улсын болон тус намын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.

Соёлын солилцооны урлагийн тоглолт, төрөл бүрийн үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, Тус арга хэмжээ нь ирэх сарын 1-нээс есдүгээр сар хүртэл мэдээллийн сайтуудаар хүргэнэ. Энэхүү арга хэмжээг цахимаар Хятадын Төвийн радио телевизийн CRI сайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайт www.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайт ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 30-ны оройн 18:40 минутын орчимд уг осол гарсан байна. Урьдчилсан байдлаар автобус мөргөсөн байх магадлалтай, гэхдээ шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ.

No description available.

Замын хөдөлгөөнд дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой оролцоно уу.
Categories
мэдээ эдийн-засаг

ХасБанк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ

Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-ын дагуу системийн нөлөө бүхий банкууд 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй билээ.

Үүний дагуу 2021 оны 6 сарын 29-ний өдөр ХасБанкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөгөө Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан нарт тус тус хүлээлгэн өглөө.

Тус төлөвлөгөөг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ХасБанк ХХК болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ХасБанкны 100% хувьцаа эзэмшигч толгой компани)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэн батласан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуулийн хугацаанд нь дагаж мөрдөх зорилгоор ХасБанкийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн зохион байгуулах урьдчилсан арга хэмжээнүүдийг агуулсан талаар ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав мэдэгдлээ.

Сайн засаглал, тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын зөв бодлогоороо Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоож буй ХасБанк нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих, олон нийтэд хувьцаагаа нээлттэй гаргах ажлаа ийнхүү албан ёсоор эхлүүлж, бэлтгэл ажилдаа орлоо.

ХасБанкны тухай

Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ХасБанк Монгол орны дөрвөн зүг, найман зовхист байрлах 80 гаруй салбар нэгж, 1400 гаруй мэргэшсэн ажилтан, 5000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

ХасБанк нь ийнхүү түүхэн 20 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт 1.5 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн Монголын улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Мөн МХАҮТ-с тодруулдаг Монгол Улсын 100-ТОП аж ахуй нэгж, Монголын татварын албанаас тодруулдаг шилдэг татвар төлөгч зэрэг нэр хүндтэй жагсаалтад тасралтгүй багтсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Богдхан уулын ойд Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ

Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг.

Энэ оны зургадугаар сарын 7-12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг Ойн судалгаа, хөгжлийн төвөөс хийсэн байна.Судалгаанд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хурах, Шажин хурах зэрэг газрыг хамруулжээ.Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ.

Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах сөрөг нөлөөлөл ихтэй учир байгальд сөрөг нөлөөлөл багатай аргаар хөнөөлийн голомтыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэнг нээлээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улс, ОХУдипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам санаачлан “Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн зууны он жилүүдэд Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол тайзнаа амилуулж байсан билээ.

1930 онд Монгол Улсад уригдан ирсэн театрын мэргэжилтэн багш А.А.Ефремов нь К.С.Станиславский жүжиглэхүйн ухааны сургалтыг Монголд нэвтрүүлж, мэргэжлийн театр байгуулахад хувь нэмэр олуулж байсан түүхтэй.

Түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) ажиллаж байна.

Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагуудын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургийг дэлгэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймаг Монгол Улсын шилдэг аймаг боллоо

Ховд аймаг хууль тогтоомж төрийн бодлого, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 21 аймгаа тэргүүлж 2020 оны Монгол Улсын шилдэг аймаг болсон.

Тус шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авчээ.

Тус аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Шинэ ховд” хөтөлбөр хэрэгжин томоохон төслүүд амжилттай үргэлжилж, ажлын байр бий болж байгаа билээ.

Мөн Ховд аймаг 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 гаруй бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монголчууд 2021 онд Ардын хувьсгалаа ялалтад хүргэж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж. Урьд нь 2001, 2011 онуудад УИХ-аас тогтоол гаргаж, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойд зориулсан хүндэт медаль бий болгож байжээ.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.