Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн Баянчандмань суманд зургадугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоолоо


Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань суманд зургадугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумдаас тус сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх аж.

Ингэхдээ зөвхөн PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдүүлэн зорчуулахаар захирамжилжээ.

Хөдөлгөөн хязгаарласан өдрүүдэд тус сумын худалдаа, үйлчилгээний газрууд 10:00-18:00 цаг хүртэл ажиллах ба сум дахь авто тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт 41 тохиолдол шинээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдвар 1134 болоод байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийд хоёрт орох өндөр барилгыг Санкт Петербург хотод босгохоор төлөвлөжээ

Өнгөрсөн долоо хоногт Шотландын барилга архитектурын компани Kettle Collective ОХУ-ын Санкт Петербург хотод баригдах дэлхийн хоёр дахь өндөр цамхагийн зураг төслийг танилцуулжээ.

703 метр өндөр Лахта Центр II нь АНЭУ-ын Дубай хотын 828 метр өндөр Бурж Халифагийн дараа орох өндөр барилга болох юм байна.

Гэхдээ 590 метрийн өндөрт байрлах дээд давхар нь хүн ажиллаж, амьдрах зориулалттай дэлхийн хамгийн өндөр давхар болж байгаагаа онцлог ажээ. Бусад өндөр барилгуудын хувьд ийм өндөрт алсыг харах зориулалттай нийтийн задгай танхим байрладаг байна.

Одоогоор дэлхийн хоёр дахь өндөр барилга нь 632 метр өндөр Шанхай цамхаг юм.

Санкт Петербург хотод өмнө нь баригдсан Лахта Центр цамхаг нь 462 метр өндөр. Европын хамгийн өндөр барилгад тооцогдох уг цамхагт одоо Оросын Газпром компанийн оффис байрладаг байна.

Kettle Collective компанийн дизайн хариуцсан захирал Тони Кеттл өмнө нь RMJM архитектурын компанид ажиллаж байхдаа Лахта Центрийн загварыг бас гаргаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

​Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. 10 тэрбум төгрөгийг зарцуулах тухай Соёлын сайд Ч.Номингийн баталсан тушаалд тусгасан томоохон дүнтэй ажлуудаас дурьдвал /төгрөгөөр/ :

  • Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 400 сая
  • 21 аймгийн брэнджүүлэх ажил- 1 тэрбум
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалан хийлгэх 1 тэрбум
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээх- 100 сая
  • Ардын хувьсгал 100 жил телевизийн контентийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах- 300 сая
  • Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад- 500 сая
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө, дурсгалуудыг сэргээх- 250 сая
  • Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл хийх /УДЭТ-ын “Хаадын хаан” жүжиг/ – 200 сая
  • Бүх ард түмний урлагийн их наадам- 500 сая
  • Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ- 100 сая төгрөг
  • Бусад арга хэмжээ- 1.2 тэрбум гэх мэтээр 10 тэрбум төгрөгийн задаргааг гаргасан сайд Ч.Номингийн тушаал 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарчээ.

Энэ жилийн баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулсан төсвийг яагаад ийм өндөр дүнтэй баталсныг Соёлын яамнаас тодруулахад, Жил бүр Үндэсний их баяр наадмын төсөв баталдаг. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа учир түүх, соёлын дурсгалаа сэргээх, сурталчлах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд Соёлын яам байгуулагдсан учир 100 жилийн ойд зориулсан бүх арга хэмжээний төсвийг Соёлын яаманд төвлөрүүлсэн байна” гэж хариулав.

Үндэсний их баяр наадам зохион байгуулахад 2018-2020 онд дунджаар 3 тэрбум төгрөг зарцуулж байв.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын найруулагчаар дөрвөн уран бүтээлч хамтран ажиллахаар болсон.

  • УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар (2016, 2017, 2018 оны Eрөнхий найруулагчаар ажилласан)
  • Үндэсний урлагийн их театрын найруулагч Г.Цоггэрэл (2019 оны Eрөнхий найруулагчаар ажилласан),
  • Херо энтертэйнмэнтийн найруулагч Б.Баатар (2020 оны Eрөнхий найруулагчаар ажилласан) нээлтийн тоглолтыг найруулах юм.
  • Харин Нийслийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн долоодугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болох амьд тоглолтыг хариуцахаар болсон билээ.
Categories
мэдээ нийгэм

Таван айлын газрыг чөлөөлж 20 айлын эко орон сууц барьжээ

Баянзүрх дүүрэгт таван айлын газар чөлөөлөөд 20 айлын дулаан алдагдалгүй эко орон сууц барьжээ.

Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллын зургаан дэд төвүүдэд таван га бүхий 20 эко хорооллыг таван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Эко хорооллын төлөвлөлт нь 15 хувь халамжийн түрээсийн орон сууц, 55 хувь нь түрээслээд өмчлөх орлогод нийцсэн орон сууц, 30 хувь нь зах зээлийн үнээр борлуулагдах орон сууц байна.

Categories
мэдээ нийгэм

“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр/2021.05.31/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурал нь “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгааг танилцуулснаараа онцлог байв.

“Нэгдүгээр хүүхэд” үндэсний хөдөлгөөний танилцуулга мэдээллийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хүргэж, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалаа.

"Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ

Мөн хэвлэлийн бага хурлаар ГБХЗХГ-аас 2021 он гарснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг танилцуулсан юм. Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийн баярыг” дэлхий нийтээр дэлгэрсэн Covid-19 цар тахлын үед цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж, “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаагаараа онцлог болж байна.

Анх 1925 онд Швейцарь Улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласнаас хойш, эдүгээ 96 дахь удаагаа тэмдэглэж байна. Монгол Улс 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн бүх нийтээр тэмдэглэх болсноос хойш 69 дэх жилийг угтаж байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

NASA-гийн хайгуулч Ангараг гаригийн үүлний зургийг даржээ

Ангараг гариг дээр даалгавар гүйцэтгэж буй NASA-гийн “Curiosity” хайгуулч робот гаригийн үүлний зургийг даржээ. Энэ нь мандаж буй нарны туяанд гэрэлтэж буй мөсөн талстууд хэмээн тайлбарласан байна.

Ангарагийн нимгэн агаар мандалд үүл харагдах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ жилийн хамгийн хүйтэн үед экваторын бүслүүрт үүсдэг.

NASA-гийн эрдэмтдийн тооцоолсноор энэ удаагийн үүл өмнө харагдаж байснаас харьцангуй өндөр буюу газрын гадаргаас 60 км-ээс дээш өндөрт үүсжээ.

Ангарагийн ихэнх үүл усны мөснөөс бүрддэг бол энэ удаагийн өндөр давхаргын үүл нь хөлдсөн нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл хуурай мөс байх магадлалтай аж.

Categories
мэдээ нийгэм

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 40.9 тэрбумын татвар төлжээ

Татварын албанд оны эхний тайлант хугацаанд 261 мянган иргэн хувь хүний орлогын албан татварын тайланг ирүүлжээ. Үүнээс хувиараа хөдөлмөр эрхлэгч 93 мянган иргэн үйл ажиллагааны орлогоос 40.9 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Татвар төлөгчдийн дийлэнх нь ХАА-н үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын салбарынхан байв.

Манай улсад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй иргэдээс жилд нэг удаа нийт орлогын цэвэр ашгийн 10 хувийг татварт суутган тооцдог. Нэг ёсондоо байгууллага, ААН-ээс гадна аливаа хэлбэрээр орлого олж буй хүн бүр улсад татвар төлөх үүрэг хүлээдэг.

Аймаг, сум, нийслэл, дүүргийн татварын алба тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж хувиараа хөдөлмөр эрхэлж, цахим худалдаа явуулж буй болон зах, худалдааны төвд худалдаа хийж буй иргэдийн татварын байдлыг тандан судалж, тайлан бүртгэл болон мөн хөндлөнгийн байгууллага, этгээдийн мэдээллийг үндэслэн татварын тооцоог нийлж хийдэг байна. Хувь хүний орлогын албан татвар буюу хувиар хөдөлмөр эрхлэлт дотроо газар тариалан хувиараа эрхлэх, ном, сонин сэтгүүл эрхлэн гаргах зэргээр долоон төрөл байна.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний явган хүний замаас авто зам руу илүү гарсан заадсыг засчээ

Энхтайваны гүүрний заадасны таг хөдөлж зорчих хэсэг рүү орж тээврийн хэрэгслээр зорчигчдод аюул учраад байсныг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас шуурхай арга хэмжээ авч хэвийн болгосон байна.

авто зам гэх мэтийн зураг байж болно авто зам гэх мэтийн зураг байж болно

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган, анхаарал, болгоомжтой, хөдөлгөөнд оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

“Ирэх 2022 онд 4000 гаруй айлын орон сууц хүлээж авах хүлээлттэй байна” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “2000 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Ирэх жил мөн 2000 айлын орон сууц ашиглалтад оруулахад бэлэн болоод байна” хэмээн ярьж, газар чөлөөлөлт сайн явааг танилцууллаа. Тэрбээр мөн “Орон сууцжуулах ажил удаашралтай байна гэж иргэд ярьдаг ч өмнө нь жилд 1500-2000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 3000-4000 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Таван компанийн барилга хүнд байдалтай байна. 27 байршлын 84 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжихээс 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд тендер зарласан, 32 талбайд орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Нийт 45 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 10473 айлын оройн сууц ашиглалтад орсон. Ирэх 2022 онд 4000 гаруй айлын орон сууц хүлээж авах хүлээлттэй байна” гэв.

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд инженерийн шугам, сүлжээнээс гадна борлуулалтад анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Сүүлийн үед Засгийн газар үүнд ихээхэн анхаарал хандуулснаар борлуулалт нэмэгджээ. Гүйцэтгэгч компанийнхан “Иргэдийн газрыг шууд орон сууцаар сольж, байранд оруулж байгаа. Анх төсөл хэрэгжихэд түрээсийн байранд байлгаж байгаад, байр ашиглалтад орохоор оруулдаг байсан. Гэхдээ иргэд хашаа байсан газраа орон сууцанд орох сонирхолтой байдаг” гэлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүрэгт хамгийн сайн хэрэгжиж байгаа гэнэ. Албаныхан дахин төлөвлөлтийг хийхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, барилгын компани газраа чөлөөлөөд явж байтал дунд нь ганц нэг айл газраа чөлөөлдөггүй. Миний өмч гээд тэр газраа барилга барих зөвшөөрөл авч, төлөвлөлтийг эвддэг. Хэрэв тухайн иргэн орон сууцжуулах төсөлд хамрагдахгүй бол хэрхэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй гэнэ. Мөн зарим иргэн газар худалдан авч, газраа чөлөөлж өгдөггүй. Нийслэл дээр саналаа нэгтгэж, болохгүй байгаа зүйлсийг салбар яамдаа хүргүүлсэн аж.

Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд ч мөн 100 гаруй иргэн газраа чөлөөлье гэтэл хоёр иргэн газраа чөлөөлөхгүй гэдэг. Үүнээс болж компани ажлаа эхэлж чадахгүй, хүнд байдалд ордог. Газар чөлөөлөлтөд төсөв хүндрэлтэй байдаг. 960 хүүхдийн сургууль барья гэхэд газар чөлөөлөлтөд л нэг тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Гэтэл нийслэлийн төсөвт 1.5 тэрбум төгрөг төсөвлөдөг. Тэгэхээр сургууль, цэцэрлэгээ барьж чадахгүйд хүрээд байна гэдгийг ярьж байлаа.

Categories
мэдээ спорт

Ази тивийн АШТ-ээс Монголын эмэгтэй боксчид 3 хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд Монголоос 5 тамирчин оролцсон билээ. Тус тэмцээнд 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Энэ сарын 21-31-нд явагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр Казахстаны шигшээ баг 10 жингийн 8 жинд тэргүүлж, илт давуу түрүүллээ. Харин үлдсэн 2 алтан медалийг Энэтхэг, Узбекистаны боксчид авсан байна.

Ази тивийн сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн АШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг танилцуулж байна.

Казахстаны шигшээ баг 8 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Узбекистан 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл, Энэтхэг 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл, Индонез 1 мөнгө, Монгол 3 хүрэл, Тажикистан 2 хүрэл, Шри-Ланк, Филиппин, Кувейт , АНЭУ тус бүр 1 хүрэл медаль хүртсэн байна.