Австрали улсын засгийн газар цар тахлын гамшигт хүнд нэрвэгдсэн Энэтхэг улсаас эх орондоо буцаж ирэхийг оролдсон иргэдэд хатуу шийтгэл оноохоор болжээ.
Тус улс энэ долоо хоногийн эхээр Энэтхэгээс иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэг болон ердийн нислэгийг тавдугаар сарын дунд хүртэл зогсоох шийдвэр гаргасан юм. Ингэснээр Энэтхэгт байгаа Австралийн 9000 гаруй иргэн хүнд байдалд орсон байна. Тэдгээрийн 650 нь эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа ажээ.
Гэтэл Пүрэв гарагт Австралийн крикетийн хоёр тамирчин Катараар дамжин эх орондоо буцаж ирсэн нь засгийн газрынхаа хоригийг зөрчсөн хэрэг болсон байна. Тиймээс Даваа гарагаас эхлэн Австралийн засгийн газар Био Аюулгүй байдлын хуулийн хүрээнд онцгой арга хэмжээ авч, хилийн хоригоо улам чангатгахаар болсноо өчигдөр зарлажээ.
Тодруулбал Австралид ямар нэг замаар буцаж ирэхийг оролдсон хүн бүрт 66.000 австрали долларын торгууль оноох, эсвэл тав хүртэл жил шоронд хорих ял оноохоор болсон байна.
Хэрвээ улс орныхоо био аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан гэж үзвэл дээрх хоёр шийтгэлийг давхар оногдуулахаар болжээ.
“Засгийн газарт энэ шийдвэрийг гаргахад хэцүү байлаа. Гэхдээ Австралийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, коронавирусийн цар тахлыг хяналтаасаа алдахгүй байхын тулд ингэх шаардлагатай юм” гэж тус улсын холбооны засгийн газрын эрүүл мэндийн сайд Грэг Хант өчигдөр орой мэдэгдсэн байна.
Хатуу хориг ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ.