Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг Хүүхдийн төлөө санд орлого төвлөрүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулав. С.Одонтуяа оюуны спортоор амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, уралдаан тэмцээнд оролцохоор шалгарсан ч явах зардал мөнгөгүй хүүхдүүдэд дэмжлэг олгох талаар тодруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа.

Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог энэ долоо хоногт хэлэлцэж, шийднэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Б.Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Х.Амгаланбаатарыг томилох, мөн Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийнг олонх нь энэхүү томилгоог дэмжлээ. Уг асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Уланд нь хүний цус хольсон “Satan Shoes” пүүзийг “Nike” компани шүүхэд өгчээ

АНУ-ын “Nike” компани барааны тэмдэгтийн эрхийг зөрчсөн гэж үзэн “MSCHF” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. “MSCHF” компани Lil Nas X рэппертэй хамтран хүний дусал цус бүхий 600 хос “чөтгөрийн” пүүз худалдаанд гаргажээ.

“NBC News” сувгийн мэдээлснээр, “Satan Shoes (Чөтгөрийн гутал)” нэртэй пүүз нь Nike Air Max 97 пүүзний загварыг өөрчилсөн хувилбар гэнэ. Эх загвар дээр пентаграм таван хошууны дүрс бүхий зүүлт нэмж, уланд нь дусал цус шахсан гэнэ. Үүнээс гадна пүүз дээр Luke 10:18 гэж бичсэн нь Тэнгэрээс муу ёрын сүнс бууж ирсэн тухай өгүүлдэг Лукагийн Евангели судрын аравдугаар бүлэг, 18 дахь хэсгийг илэрхийлж байгаа аж.

“MSCHF” компани пүүзний уланд ажилтнуудаас авсан цусыг шахсан гэж баталжээ. 666 хос пүүз даваа гарагт худалдаанд гарсан даруйдаа зарагдаж дууссан байна. Хос пүүзний үнэ 1018 ам.доллар гэнэ.

“Nike” компанийн нэхэмжлэлд тус компани ийм төрлийн пүүз гаргах зөвшөөрөл олгосон гэх ташаа ойлголтоос үүдэн “Nike” пүүзийг бойкотлох уриалга гарч буйг дурджээ. Ингэхдээ тус компанитай “чөтгөрийн” пүүз ямар ч холбоогүй гэж онцолсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Тусгай дугаарт ирсэн дуудлагын дийлэнх хувийг машин ачилт эзэлжээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр /2021.03.30/ иргэдээс нийт 360 дуудлага ирсэн байна. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 123 буюу 34.2 хувийг машин ачилт, 70 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршил, 55 буюу 15.3 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авах дуудлага эзэлжээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь УОК, НОК-оос гарсан шийдвэрүүд болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх албан ёсны, бодит мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад дамжуулан шуурхай шийдвэрлүүлж 24/7 цагийн хуваариар тасралтгүй ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ой хээрийн түймрийн дуудлага 69 хувиар буурчээ

Он гарсаар 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 69.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Apple компанийн бүтээгдэхүүний албан ёсны засварын хөтөлбөр Монголд хэрэгжинэ

Дэлхийн томоохон технологийн компани Apple өөрийн бүтээгдэхүүний албан ёсны засварын хөтөлбөр болох Independent Repair Provider хөтөлбөрийг дэлхийн бараг бүх улс оронд хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлажээ.

Анх уг хөтөлбөр 2019 онд АНУ-д хэрэгжиж эхэлсэн бол 2020 онд Европ, Канадад хэрэгжсэн юм.

Хөтөлбөрт шалгарсан оролцогчид Apple компаниас үнэгүй сургалт авч, сэлбэг, багаж хэрэгсэл, гарын авлага зэргээр хангагдах ажээ.

Өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Европ даяар нийт 1,500 гаруй этгээд Independent Repair Provider лицензтэй засварын үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.

Энэ долоо хоногийн сүүлээр эхний 38 оронд хөтөлбөр зарлагдах болсон ба үүнд Монгол улс багтжээ. Энэ холбоосоор хөтөлбөрийн тухай мэдээлэл авах боломжтой.

Бусад улсуудад Apple энэ оны сүүлийн хагаст хөтөлбөрөө зарлахаар болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг сонгожээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан байдаг.

Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу УИХ- гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа

#НүүхүүСуухууСудалъя мэдээллийн аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амьдрал, бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Цэгц Медиа Групп хамтран цахимаар амжилттай зохион байгууулж өнөөдөр гэрэл зургийн уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үед уралдаан маань зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авсанаас 33 гэрэл зурагчны 70 бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон юм.

“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн шагналт байруудад:

1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ

2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн

3-р байр Гэрэл зурагчин Ш. Гэрэлсайхан

Тусгай байр Гэрэл зурагчин Д. Баттулга

МГЗНХ-ны нэрэмжит шагнал:

1. Гэрэл зурагчин Б. Рэнцэндорж

2. Гэрэл зурагчин А. Сэргэлэн

3. Гэрэл зурагчин Г. Өнөболд нар тус тус шалгарсан билээ.

Үзэсгэлэнгийн зураг бүр Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөний өөр өөр өнцгийг харуулж чадсан билээ. Цаашид “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг 2 жилд нэг удаа зохион байгууллахаар төлөвлөж байна.

“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн цахим үзэсгэлэн, уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт гэрэл зурагчиддаа талархал илэрхийлье!

Categories
мэдээ цаг-үе

Л.Баттөр: Хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургадугаар сард одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан.

Энэ үеэр тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийжээ. Тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан байна.

Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газраас цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг өгнө

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
Хавдар судлалын үндэсний төвд 03 сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа гэлээ.
Хавдар судлалын үндэсний төвд ажилласны дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллав. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.

Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга – нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан юм.
Тодруулбал, КОВИД19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.