Categories
мэдээ цаг-үе

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргүүд нэгнээ дээрэлхсэн асуудалтай холбогдуулж тайлбар хийжээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргүүд нэгнээ дээрэлхсэн асуудалтай холбогдуулж тайлбар хийжээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

“Энэ ёс зүйгүй үйлдэл 032 дугаар ангид болсон байна. Цацагдсан бичлэг өмнөх оных. Өнгөрсөн оны 10 дугаар сард халагдаад, нутаг буцсан цэргүүд 5 сард ирсэн шинэ цэргүүдээ дээрэлхсэн явдал байжээ. Тиймээс ЗХЖШ болон холбогдох албаныхан нутаг буцсан цэргүүдийг олж, илрүүлэх, шалгалт хийх, хуулийн хариуцлага болон бусад алба хаагч нараас уучлалт гуйлгуулна. Мөн холбогдох хүмүүстэй ч хариуцлага тооцно” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

МИАТ: Ирэх сарын нэгнээс тусгай нислэгийн үнэ 15 хувиар хямдарна

Гадаад харилцааны яамнаас гадаадын оронд гацсан иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.2.26/ мэдээлэл хийлээ.

“МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.ӨЛЗИЙБОЛД :

-Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул манай компанид Улсын онцгой комиссоос бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл өөрчлөлт оруулахаар болсон. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон болж байна. Токио чиглэлд 59150 иений тариф 51050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болж байгаа. Мөн Нурсалтаны тариф 364314 ам.доллар болж байна.

Categories
мэдээ нийгэм

СЗХ-ноос анхааруулга гаргажээ

Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй.

Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг.

Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

“Анна Каренина” жүжиг ирэх сарын 4-нөөс дахин тоглогдоно

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж, өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 3-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийж, нэг сарын хугацаанд 12 мянган хүн үзжээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 4-нөөс дахин тайзнаа тоглох гэж байна.

Үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

“Hyundai” компани 82 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татжээ

“Hyundai” компанийн үйлдвэрлэсэн автомашинд гал гарсан тухай мэдээллүүд цацагдаж, батерейг солихын тулд дэлхийн хэмжээнд 82 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татахаар болжээ. “Hyundai” компани тэдгээр автомашинуудыг эргүүлэн татсанаараа түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэйд тооцогдох татан авалтыг хийх бөгөөд энэ нь ойрын ирээдүйд цахилгаан автомашины доголдол нь асар их зардал үүсгэж болзошгүйг автомашин үйлдвэрлэгчид сануулж байгаа юм.

Ихэнх автомашин үйлдвэрлэгчид эргүүлэн татах зардлаа олон нийтэд зарладаггүй тул нарийн тоо баримт байдаггүй. Гэсэн хэдий ч буцаан татахад Hyundai-д нэг их наяд солонгос вон буюу 900 сая долларын өртөг шаардагдана гэсэн мэдээлэл байна.Тээврийн хэрэгслийн хувьд дунджаар 11000 доллараар зарагддаг тул эргүүлэн татах нь түүнийг давуулсан хэмжээний өртөгтэй юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд автомашиныг эргүүлэн татах дундаж өртөг нь нэг тээврийн хэрэгсэлд 500 орчим доллар байсан гэж автомашин, үйлдвэрлэлийн практик компанийн захирал Майк Хелд дурьдсан байдаг. “Ерөнхийдөө автомашины үйлдвэрүүд хэрэглэгчийн цахилгаан барааны салбарт учирсан батерейг эргэн санах зарим томоохон зардлаас зайлсхийхийг хүсч байвал батерейны аюулгүй байдал, бат бөх чанар улам бүр чухал болох болно” гэж тэрээр мөн онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй хуурамч шатахууны талаар ярилцлаа.


Хуурамч шатахуун манай улсад худалдаалагдаж байна гэсэн мэдээлэл гараад удаж байгаа. Үүнийг яг юугаар нотлоод байгаа юм бэ. Сүүлийн үед УИХын гишүүд ч хуурамч шатахууны асуудлыг хөндөж, УИХ дээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Манай улс борлуулагдаж байгаа нефтийн бүтээгдэхүүндээ хяналт тавьж чаддаггүй юм уу?

-Юуны түрүүнд хуурамч шатахууны түүхийг эхлээд ярих ёстой. Гишүүдийн чуулган дээр яриад байгаа асуудал бол өнөөдөр үүссэн зүйл биш. 2012 оноос эхэлсэн асуудал. Тодруулбал, тухайн үед Ерөнхий сайд байсан С.Батболдын захирамжаар Засгийн газар хуурамч шатахуун оруулж ирэх нөхцөл боломжийг анх бүрдүүлсэн. Засгийн газрын 110 дугаар тогтоолоор нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу, завсрын бүтээгдэхүүнүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингээд хуурамч шатахууны түүхий эдийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин 2015 онд Засгийн газар 178 дугаар тогтоол гаргаж өмнөх тогтоолыг гурван жилийн хугацаатай сунгасан. 2021 оны тавдугаар сард нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу, завсрын бүтээгдэхүүнүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлсөн хуулийн үйлчлэл нь дуусна. Үүнээс хойш гаалийн татвартай болгох уу, үгүй юү гэдэг асуудал яригдана.

Засгийн газар дахин тогтоол гаргаж шийдэх юм байна. Тийм үү?

-Тийм ээ, Засгийн газар дахин шийдэж, тогтоол гаргана. Бидний санаачилсан Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн албан татвартай болгох хуулийн төсөл дөрвөн жилийн хугацаанд Сангийн яаман дээр очиж унасан. Ингэхдээ энэ хэлэлцэх асуудал биш байна, дотоодын хяналт шалгалтаар шийдэх ёстой, хуурамч шатахууныг тогтоохгүй гэсээр байгаад унагаасан. Харин өнгөрсөн намрын чуулганаар Уул уурхайн яамныхантай хамтраад хуулийн төслийг УИХ-д өргөн барихад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнд баяртай байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Анандбазар нарын яриад байгаа зүйлүүд үнэн. Гэхдээ зарчмын хувьд зөв ойлголттой байхгүй бол болохгүй. Иргэд 300 литр дизель түлшин дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг, А80 шатахуун дээр актав нэмээд А92 гаргадаг юм байна гэж ойлгоод байгаа нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр. Энэ бүхнийг гааль болон онцгой албан татвар төлөлгүйгээр оруулж ирээд, хуурамч шатахуун хийгээд борлуулаад байгаа юм. Хаврын чуулганаар энэ хуулийн төсөл батлагдаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочихвол хуурамч шатахууны асуудал хумигдана. Хуурамч шатахуун үйлдвэрлээд байгаа бүлэглэл байна.

Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг бүлэглэл байна гэлээ. швейцарь, ОХУын компани байдаг гэсэн мэдээлэл байсан. энэ бодитой юу?

-“Терафигура Монголиа” гэдэг компани үндсэн том компани нь. ОХУ-ын Миша гэдэг нөхөр захирал нь. Эдний ард улс төрийн томоохон бүлэглэл бас бий. 2012 онд С.Батболд энэ тогтоолыг яагаад баталсан юм. Сангийн сайд нь яагаад үүнийг дэмжиж оруулж ирсэн юм. Улс төрийн том бүлэглэлийн дэмжлэг байхгүй бол энэ хэзээ ч дэмжигдэхгүй асуудал.

-2012 оноос өмнө манай улсад хуурамч шатахуун гэсэн асуудал байхгүй байсан юм уу?

-Байгаагүй. Хуулийг нь гаргаж ирээд хуурамч шатахуун үйлдвэрлээд, мөнгө угаах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн. Түүнийг нь гүйцэтгэдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Үүний ард маш том бүлэглэл байгаа. Шатахуун бол онцгой бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнээр оролдоно гэдэг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хэрэг.

-2012 оноос хойш нефтийн завсрын бүтээгдэхүүнийг татваруудаас чөлөөлсөн. энэ хугацаанд манай улс хэдий хэмжээний татвар авах байснаа алдаад байна вэ?

-Өмнө нь Онцгой албан татварын тухай хуульд керосин, нафта тус бүрээс нэг тонн тутамд 160 мянган төгрөгийн татвар авдаг байсан. 2019 оны сүүлийн байдлаар 1.3 сая тонн орж ирсэн байна. Ингээд бодохоор 220-иод тэрбум төгрөгийн Онцгой албан татварыг авч чадалгүй хаясан байна. Манай улсын керосины хэрэгцээ 10 мянган тонноос хэтэрдэггүй. Уул уурхайн зориулалттай 10 мянган тоннын л хэрэглээ байхад жилд 200 гаруй мянган тонныг оруулж ирж байна. Энэ хаашаа орж байна вэ гэхээр хуурамч шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэхэд зарцуулагдаж байгаа.

Манай улсад борлуулагдаж байгаа шатахууны хэдэн хувь нь хуурамч гэсэн үг вэ?

-Монгол Улсын шатахууны хэрэглээ жилд 2.1 сая тонн. Үүний 20 орчим хувь нь хуурамч шатахуун. Жилд 200,300 мянган тонн завсрын бүтээгдэхүүн оруулж ирж байна шүү дээ.

Мэргэжлийн хяналтын газар ч юмуу, улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?

-Манай холбоо үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болж байна. Үүнээс хойш харахад Монголд бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага нэг ч байхгүй. Яагаад гэхээр Мэргэжлийн хяналтын чиг үүрэг арай өөр. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналтад тавьдаг. Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 10 литр шахаж байна уу, 9.5 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг гэж байгаа. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага байхгүй. Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л яриад байгаа. Монгол Улсад МNS:2016, МNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.

П.ЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш “Спутник V” вакцины 10 мянган тун ирнэ

ОХУ-ын коронавирусийн “Спутник V” вакцины 10 мянган тунг маргааш хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

Монгол улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын коронавирусийн “Спутник V” вакциныг бүртгэж, манай улс уг вакциныг хэрэглэх зөвшөөрөлтэй 23 дахь орон болсон.

Ингэснээр цаашид иргэдэд дөрвөн төрлийн вакцинаас сонгон хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

“Спутник V” вакцин нь өндөр үр дүнтэй, аюулгүй болохыг баталсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтын үр дүнгийн талаарх тайланг олон улсын анагаах ухааны “The Lancet” сэтгүүл хоёрдугаар сарын 2-нд нийтэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 16 тохиолдол илэрчээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“Сүүлийн нэг хоногт 30 хүнээс халдвар илэрлээ. Үүний 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний голомттой холбоотой байна. Ойрын хавьтлын 630 хүн байгаа учраас гадуур халдварын голомт томрох эрсдэл бий тул ард иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сайтар баримтлахыг анхааруулж байна” гэв

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 30 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2831 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлыэ талаар Засгийн газрын ордноос холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүнд шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрлээ. Уг 30 хүний 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч, гэрийн тандалт, ажиглалтад шилжлээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1989, улсын хэмжээнд 2831 боллоо. Үүнээс 2150 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж буй 666 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 78, хөнгөн 580 байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг маргааш болж хойшилжээ

МИАТ ТӨХК-ийн 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт цаг агаараас шалтгаалан өөрчлөлт орж, 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөжээ.

Өмнөд Солонгосын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтойг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.