Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүд

Амралтын өдрүүдэд дараах шинжилгээний цэгүүд ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэл гаргажээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон Зам, тээврийн хөгжлийн сайдын шийдвэртэй холбогдуулан тус яамнаас мэдэгдэл гаргажээ

Тс мэдэгдэлд,

“Баянзам тээвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү, Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй нар сүүлийн өдрүүдэд гүтгэлгийн чанартай мэдээллийг нийгмийн сүлжээгээр түгээж байгаа учраас Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргаж байна.

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалын 2 дахь заалтаар хатуу хучилттай зам барих хүртэл хориглосон байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 104 иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 235 иргэн, Дундговь аймгийн Өлзийт сумын 72 иргэнээс тус тус 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад хандан гаргасан “… сумын малчид, иргэд бидэнд ганц үлдсэн бэлчээр сайтай нутгаар минь хүнд даацын олон арван машин, олон арван салаа зам үүсгэж, бэлчээр талхлан, хог хаягдал үүсгэн малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, малын ноос, ноолуур үнэгүйтэх, хээл хаях, өвчлөх, малын нүд улайх, сохрох…” гэсэн утга бүхий өргөдөл, хүсэлтийн дагуу тус яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/73 дугаар тушаалаар Ажлын хэсэг томилон ажиллуулсан байна.

Ажлын хэсэг уг 3 аймгийн 7 сумын нутаг дамжин нүүрс тээвэрлэж байгаа авто замын дагуу нөхцөл байдалтай танилцахад тухайн орон нутгуудад олон салаа зам гаргаж /дунджаар10 км өргөн/ тээвэрлэлт хийх, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор өнгөрөх, хонох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй тээвэрлэлт гүйцэтгэх, их хэмжээний тоосжилт үүсэн үзэгдэх орчин хязгаарлагдсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж нутгийн иргэд, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдсон болно.

Давхардсан тоогоор 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүнд даацын 880 авто машинаар нүүрс тээвэрлэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 70-99 тонн нүүрс ачиж “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартын 5.8.1.1-т “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г зөрчиж байгаа нь мөн тогтоогдсон болно.

2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал гарсантай холбогдуулан тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгжээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Хэргийг Улсын дээд шүүхээс хяналтын журмаар шийдвэрлэх хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тул цаашид хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл түгээж ард, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцуулах ажлыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд түгээх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийлээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Ажлын хэсэг” хилийн боомтуудад энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Ажлын хэсгийн бүрэлдээхүүн “Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн “Замын-Үүд боомт” болон Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг”, “Сүхбаатар” хилийн төмөр замын боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Хилийн боомтуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Эдийн засаг агшиж, ажлын байр огцом буурсан энэ үед НДШ-ийг нэмнэ гэдэг цагаа олоогүй шийдэл

МҮЭХны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


Нийгэм, эдийн засаг хэцүү байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувь болгосныг иргэд эсэргүүцсээр байна. Энэ нөхцөл байдал хөдөлмөр эрхлэгчдэд ямар дарамт учруулах талаар ярилцлагаа эхэлье?

-Нэгдүгээр сарын 1-нээс төсөв төрийн, орон нутгийн өмчит болон 2020 оны гуравдугаар сараас хойш шимтгэл төлж эхэлсэн хүмүүс дээр хоёр хувь нэмэгдэж байгаа. Мөн долдугаар сарын 1-нээс бусад бүх шимтгэл төлөгч нар нэмэгдсэн дүнгээр төлнө. Эдийн засаг агшсан, ажлын байр огцом буурч, орлого буурсан үед цагаа олоогүй шийдэл гэж харж байна.

-“Тэтгэвэр тогтоолгохоос өмнө нас барж байгаа тохиолдолд тухайн иргэний насаараа төлсөн мөнгө нэгдсэн сангийн өмч болдог. 40 жил төлчихөөд 300 мянган төгрөгний тэтгэвэр авах маш хэцүү. Нийгмийн хамгааллын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй байнагэж та хэлж байсан. Энэ тухай ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай эрчүүдийн 50 хувь нь хөдөлмөрийн насандаа буюу 16-59 насны хооронд нас барж байна.

Эмэгтэйчүүдийн 24 хувь нь 16-гаас 55 насандаа нас барж байна. Энэ нь тэтгэврийн өгөөжөөсөө нэг ч төгрөг хүртэж чадахгүй байна гэсэн үг. Тэтгэврийг өвлүүлэх нэрийн дансны мөнгийг нь нас барвал үлдэгдлийг нь ар гэрт нь олгох шударга тогтолцоог бид олон жил ярьж байна. Ямар ч байсан өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэрхэн яаж хийх гээд байгаад гол учир байна.

Тэтгэврийн тэтгэмжийг тогтоохдоо дундаж нь таван жил байсныг долоон жил болгож сунгасан. Энэ нь тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдэд хохиролтой байна л даа?

-Нэг юм шийдэх гэж байна гээд нөгөө дийлэнх хэсгийг нь хохироох шийдвэр юм л даа. Сангийн сайдын санаачилга гэж ойлгосон НДҮЗ-тэй зөвшилцөөгүй юм билээ. Долоон жилийн өмнөх үнээр талхаа авч идэхгүй биз дээ. Тэтгэвэр ойролцоогоор арав орчим хувиар бага тогтох эрсдэлтэй.

МҮЭХноос энэ сарын 3-ны өдөр НДШийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХын дарга Г.занданшатар, Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Эргээд ямар нэгэн хариу авсан уу?

-Тодорхой хариу ирээгүй байна. Ямар ч байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхой шийдэл гаргаж хүнд үед нэмэх нь буруу, тэтгэврийн шинэчлэлээ хийж зохицуулах тал дээр уулзалт хийсэн.

Мөн МҮЭХноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмснийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 22-ны өдөр цахимаар жагсаал хийсэн. Үүнд МҮЭийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцсон байна лээ?

-Тийм. Гишүүдийн санал шаардлагыг бид төр засаг, шийдвэр гаргагчдад хүргэх ажлыг хийх үүрэгтэй. Цар тахлын үед хууль дүрмээ хүндэтгээд дуу хоолойгоо хүргэж байгаа хэрэг. Бид анхнаас нь дэмжээгүй. ОУВС-ын хөтөлбөр дууссаны дараа дахин авч үзэж нэмэхгүйгээр тэтгэврийн өгөөжөө нэмэгдүүлье өвлүүлье, алдаануудыг засах байх гэдэг хүлээлт байсан. 2019 онд бид бас тэмцэж байж хойшлуулах шийдвэр гаргуулж байсан. Ер нь УИХ хаврын чуулганаар уг асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ дөрвөн сар болгож хойшлуулмааргүй байна. Ийм хүнд үед УИХ бүтэн сар гаруй амраад баймааргүй юм, онцгой нөхцөлөөр яаралтай шийдэх хэрэгтэй байна.

УИХ ын зарим гишүүд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль санаачилсан байсан шүү дээ?

-Боломжтой хуулиудыг нь дэмжиж байгаа. Харин эрсдэлийг нь тооцох гэх мэт сайжруулах хэрэгтэй зүйлүүд байна. Тэтгэврийн шимтгэлийн дөрвөн хувийг нь албан журмаар сайн дураар тусдаа нэмэлт сан хэлбэрээр хуримтлуулах, 100 хувь өвлүүлэх, эрсдэлтэй үед авч болох гэх мэт сонголттой юм билээ. Уг нь хуримтлуулж байгаа бүх сангаа л ийм загвараар хийвэл иргэдэд ээлтэй. ХНХЯ-нд бид тодорхой саналуудаа өгсөн, тэтгэврийн хуримтлалын сангаа иргэд өвлөдөг болохоор зохицуулахаар төсөл бэлдсэн гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сангийн сайд асан Э.Бямбажав: У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засгийг тарамдуулахгүйгээр цар тахалтай тэмцэх оновчтой аргаа олж чадаагүй

Монгол Улсын Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч Э.Бямбажавтай ярилцлаа.


-Цар тахлын амаргүй нөхцөлд монголчууд аж төрж байна. Эдийн засаг айхавтар хүндэрч байна. Ер нь улс орны байдал ямар дүр зурагтай байна аа. Та бол бодитойгоор харж дүгнэж суугаа даа?

-Цар тахал бол зарлаагүй дайн, хэнийг ч ялгаагүй зовоох өвчин. Тэмцлээ үргэлжлүүлээд, улам чангараад байхыг л хичээх нь чухал. Манайхан зарлаагүй дайн, тахал гэдгийг тооцохгүйгээр төр засгаас, УОК-оос авч буй арга хэмжээ, тэмцлийг элдвээр муулаад байгаатай би санал нийлэхгүй. Монгол Улс 50, 60, 70 жилийн өмнө ямар эдийн засаг, материаллаг бааз, амьдрал ахуйтай байсан билээ, одоо хичнээн их хөгжиж сайн сайхан болоод байгааг одоогийн залуус даан ч үзээгүй, мэдэхгүй, сайхан нөхцөлд өссөн болохоор гадаад баян, хөгжилтэй орны байдал, хөгжил рүү тэмүүлэх нь ч аргагүй байх л даа. Урьдах байдлыг мэдэх байтугай, одоогийн Монгол Улсаа, эдийн засаг, боломж, хүч чадлаа мэдэхгүй байгаа нь харамсмаар. Залуус байтугай Монголын төр, засгийн болон намуудын зарим удирдлага, парламентын гишүүд ч нөхцөл байдлаа сайтар судлахгүйгээр хоорондоо хэмлэлдэж, өөр санал бодол хэлж бүгдийг эсэргүүцэж, элдвээр муугаар хэлэх нь чухал гэсэн байдлаар хандацгаах нь тун ч зохисгүй харагдах юм. Төр, засгаас авсан арга хэмжээ, зохиосон ажил бүрийг муугаар хүлээн авдаг, элдвээр үгүйсгэж эсэргүйцдэгээ зогсоомоор байна. Мэдээж өөр өөр санал, арга зам, бодол байна. Гэхдээ шийдвэр гарсан бол түүнийг эсэргүүцдэг, зогсоох, өөрчлөхийг боддог, бүх нийтийг уруу татах үйл ажиллагаа явуулдгийг болих цаг болсон.

Шийдсэн бол хэрэгжүүлэхийн төлөө бүгд зүтгэх учиртай. Эсэргүүцэх бус, шийдвэрээ хэрэгжүүлэх арга зам, гарц, шийдлийн талаар ярилцдаг болмоор байна. Тийм ээ, таны хэлсэнчлэн эдийн засаг хүнд байна. Зарлаагүй дайн болохоор өвчний аюултай эдийн засгийн хүндрэл давхцаад, энэ үед зөв гарц олох нь хамгаас чухал. Манайхан аль алиныг нь аргацаах арга хэрэглэж байгаа ч эдийн засаг сүрхий хүндэрч байгаа нь 2020 оны дүнгээс хэн ч дүгнэлт хийхээр байна. Жишээ нь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт тус тус урьд оноос 1 их наяд төгрөгөөр буурсан бол төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр багасч, зарлага нь 2 гаруй их наяд төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн орлого 200 тэрбум төгрөгөөр буурч байхад зарлага нь 700 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, урьд оноос 900 тэрбум төгрөгөөр өссөн бол уг сангаас тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо 2.5 сая (200 мянган хүнээр нэмэгдсэн) болсон. Импортын хэмжээ 800 сая доллараар буурч, улсын хилээр орсон, гарсан зорчигчдын тоо урьд оноос тус бүр 1.3 сая хүнээр цөөрчээ. Коронавируст 2.4 их наяд төгрөг зарцуулсан. Энэ бүгд нь Монгол Улсын эдийн засаг хүнд байгаагийн илэрхийлэл. Байдал цааш нь 2021 онд хэрхэн өрнөхөөс эдийн засгаа хэрхэн сэргээх, хүндрэлээс хэр богино хугацаанд гарах нь хамаарна. Гэвч одоогийн байдлаар макро түвшинд авч үзвэл бүр ч туйлын хүндрэлд ороогүй, харин микро түвшинд жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, байнгын тогтвор суурьшилтай ажлын байргүй хүмүүс зэрэг хүнд байдалд орсон, орж буй хэсэг байгаа. Төр, засаг хүнийг ажилтай болгож бага дунд ч бай байнгын орлоготой байлгах хатуу зарчим баримтлах, тийм боломж, нөхцөл бий болгоход бүх бодлого, ажлаа чиглүүлбэл зохино. Монголын эдийн засаг бидэндээ том боловч зөв бодлого явуулж, нүдийг нь олсон дэмжлэг үзүүлбэл дээш нь татах, хүндрэлээс харьцангуй бага хугацаанд гарах боломжтой. Монгол улс дампууралд ороход хүрээгүй, хоорондоо хэмлэлдэх, хэрэлдэхээ больж, нэгэнт гарсан шийдвэрээ зарим доголдолтой байсан ч хэрэгжүүлэхийн төлөө бүгд ажиллаж, бас зүтгэж чадвал, бодлого нь зөв байвал Монголын эдийн засаг сэргэх боломжтойн дээр байгалийн баялгаа зөв ашиглавал нэг их удахгүй хүчирхэг Монгол болно.

-Шинэ засаг эдийн засгийг даван туулахад хэр чадвартай харагдах юм бэ дээ?

-Шинэчилсэн Засгийн газартай болж, залуу хүн Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй байна. Эхлэлээс нь ажиглахад овоо залуу байж магадгүй ч юм шиг. Засгийн газрынхаа зорилтыг товчхон цэгцтэй тодорхойллоо. Түүнийгээ хэрэгжүүлэх ажлуудаа дэс дараатай зохион байгуулж эхэлж байна. Зорилтоо, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө бүгдийг чиглүүлж чаддаг, гүйцэтгэлийг нь тооцож ард түмэндээ ил тодоор илтгэн доголдол, дутагдлыг арилгах арга хэмжээг цаг алдахгүй авдаг, хэлснээр бус, ажлын гүйцэтгэлээр, үр дүнгээр зорилтоо хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байх нь чухал. У.Хүрэлсүх өөрөөс нь дутуугүйгээр Засгийн газраа аваад явчих Ерөнхий сайдаа бэлэн байна гэж итгэсэн, найдсан байх. Одоо шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ийнхүү итгэл, найдварыг хэрэгжүүлж идэвхтэй ажиллах өндөр шаардлага байна. Ер нь тэгээд Хүрэлсүхийн шийдвэр хэр зөв байж вэ гэдгийн хариуг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрын үйл ажиллагаа харуулах болно.

-Ингэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын алдаа оноог та юу гэж харж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэрхэн ажилласан бол?

-Алдаа, онооны харьцаа 35:65 байсан болов уу даа. Шийдэмгий байсан нь ойрын 10-15 жилийн Засгийн газруудаас илүү оноо гэж бодож байна. 2012-2016 онд маш хүндэрсэн Монголын эдийн засгийг дээш татах ажлыг Хүрэлсүхийн Засгийн газар гүйцэтгэсэн. Хүрэлсүхээс Монголын төр, засаг эдийн засгийн өндөр, нарийн мэдлэг, мэргэжил шаардаагүй, харин мэргэжлийн яамдынхаа саналыг зөв зүйтэй цэгнэж, зөв бодлогоор чиглүүлэх нь түүний чухлаас чухал зорилт, үүрэг байсан. 2020 оны эхнээс цар тахлын аюул олон улсын ч, Монголын ч төр, засгийн үндсэн бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд яалт ч үгүй саад бэрхшээл, хүндрэл үзүүлсээр байна. Энэ хүнд нөхцөл, зарлаагүй цар тахлын дайны үед Засгийн газрын явуулсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь улсынхаа эдийн засгийн чадавхын хэмжээ боломжийг чамгүй шавхсан. Ямартаа төсвийн боломжийн хязгаарлагдмал эх үүсвэр нь хүрэлцэхгүй болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд болон тодорхой төсөл хөтөлбөрийн эх үүсвэрийг ашиглан цар тахлын эсрэг арга хэмжээ авахад хүрсэн нь оновчтой бус боловч цар тахлын үеийн нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгохоос өөрөөр авч үзэх боломжгүй. Улсаас авч буй арга хэмжээ, зарцуулж буй хөрөнгө нь улсын статистикт бүртгэлтэй, эдийн засгийн микро ба макро түвшний бодлогын үзүүлэлт, үр дүнгийн нийлэл болж байх нь чухал. Үйлдвэр байгууллагаас авсан арга хэмжээ, улсын бодлогоор хэрэгжүүлсэн эдийн засгийн үзүүлэлтийг зөв дүгнэж цэгнэх нь чухал. Үндсэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын алдаанаас оноо нь илүү чухал боловч эдийн засгийг тарамдуулахгүйгээр цар тахалтай тэмцэх хамгийн оновчтой аргаа олж чадаагүй, цар тахлын дэгдэлтийг бүрэн дүгнэж, дэлгэрүүлэхгүй байх гарцаа олоогүйгээс улсын эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Засгийн газраас маш олон арга хэмжээ авмаар, цар тахлын хор холбогдлыг арилгамаар, олон хүмүүс, аж ахуйн нэгжид тусалмаар байвч Монголын хязгаарлагдмал эдийн засгийн, төсвийн боломж үнэхээр хүнд, сайхан зорилт хэрэгжүүлэхэд тээг болоод байгаа ч юм шиг ойлгогдох явдал бий.Тэгэхдээ та өөрийнхөө хөрөнгийн хэрээр, байгаа болон буй болгож болох мөнгөнийхөө хэмжээнд л бүх арга хэмжээгээ авахаас өөр арга, боломж байхгүй. Хоосон амлалт, эх үүсвэрээр баталгаажаагүй зорилт нь улсынхаа эдийн засгийг дампуурал руу л түлхэнэ. Улсын эдийн засгийн чадварын энэхүү хүнд байдлыг бодитой мэдэрч, биеэрээ туулдаг гол байгууллага нь Сангийн яам байдаг. Улс ардын аж ахуйн салбар бүрт, аймаг хот, сум болгонд авмаар арга хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр шаардсан зорилтууд маш олон байдаг ч төсвийн эх үүсвэр, орлого хязгаартай болохоор түүнд баригддаг. Үүнтэй холбогдуулан таны асуусан “Сайд Ч.Хүрэлбаатар хэрхэн ажилласан бэ” гэдэгт хариу болгоход Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан 1991-1995 оныхтой адил хүнд үеийг туулах үүрэг ногдсон. Төсвийг мэддэг, эдийн засгийн макро бодлоготой төсвөө уялдуулж чаддаг эдийн засагч. Бусдыг өөр шигээ тооцож, бусдад санаагаа ойлгуулах, төсвийн байдал ямар байгааг тайлбарлан, үндэслэлийг дэлгэрэнгүй мэдээлэх нь дутагдалтай байсан. Төсвийн тодруулга хийхгүй гээд 2020 онд нэлээд яриа, хэл ам болсон.Төсөв зохиох, тодруулах нь тодорхой нөхцөл, хэзээ юу болох, яаж цаашид өрнөх, тэрний дагуу улс орны байдал яаж өөрчлөгдөх, үйлдвэр, байгууллагууд хэрхэн ажиллах, ард иргэдийн амьдрал аж ахуй яаж өөрчлөгдөх зэрэг бүхий л нөхцөл байдал тодорхой болох, тооцоо хийх, төсвийн орлого, зарлагын өөрчлөлтийг тодорхойлон төлөвлөх боломжтой үед л төсөвт тодруулалт хийх боломж гардгийг бусдад ойлгуулах ажлаа орхигдуулснаас хоосон маргаан болж байсан. Иймээс зарим хүмүүс “төсөв гэж мангас” юм шиг “төсөв рүү мөнгө оруулж болохгүй, тэр уурхай, үйлдвэр, төслийн орлогоор тийм зүйлд зарцуулна” гэж төсвөөс гадуур санхүүжилт өсөх хандлага байгаа нь нэн харамсалтай. Нөгөө талаар маргаж зөрүүдлэхээс илүү бодитой тооцоо, үндэслэлээр батлан ойлгуулахгүй байснаас Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй, хэлж тайлбарлах нь учир дутагдалтай байснаас, мөнгө их байхад Сангийн яам, Хүрэлбаатар мөнгө өгч чадахгүй гээд байна гэх ор үндэслэлгүй ойлголт бусдад төрүүлсэн байж болох үндэс бий болов уу. Түүнээс биш Ерөнхийлөгч улсынхаа эдийн засгийн бодлогыг барьж буй яам руугаа ийнхүү үндэслэлгүй дайрах, төсвийн орлого хүнд байгаа, цар тахлаас болж үйлдвэрлэл зогсонги байгааг ойлгохгүйгээр “Сангийн яам харамлаад байна, Монголд мөнгө их байна” гэхгүй л байсан болов уу. Сангийн сайд нь үндэслэлгүй харамч байж болохгүй, байгаа мөнгийг зохистой зүйлд оновчтой зарцуулж байж л улс хөгждөг. Уг нь сангийн сайд нь “төмөр сайд” байж, бодлоготой, ухаантай, чадвартай, шийдвэртэй, улсын эдийн засгийн хөгжлийг харж чаддаг байх шаардлага зайлшгүй чухал. Залуус аа! Хоорондоо зохицож, ойлголцож ажиллахгүй бол улсын ажилд болон хувь хүмүүст хичнээн их хохиролтой болохыг дээрхи хоёр хүний харьцаа харуулж хэн хэнд нь сөрөг нөлөөллөө шүү дээ. Үүнээс сургамж авцгаавал зохино.

-Монгол Улсын төрийн сан хэцүүдсэн, данс улайсан гэх яриа бас гарах юм. Арай ч үгүй байх. Ер нь эдийн засаг хэзээ яаж сэргэх бол. Алт, зэс, нүүрс гээд эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ямар байх вэ?

-Төрийн сан хүнд байгаа нь бодитой, гэхдээ улайсан гэх нь арай ч юу бол? Монгол Улсыг Эрдэнэт,Таван толгой, Оюу толгойгоос гадна хувийн сектор аварч байгаа шүү дээ. Хувийн үйлдвэр аж ахуй, компаниуд цар тахалтай тэмцэн үйлдвэр үйлчилгээгээ чадан ядан зүтгүүлсээр төсөвт орлого төлсөөр л бүгдийг тэжээж байна гэж хэлж болохоор байна. 2020 онд тодотгосон төсвийн орлогоо бараг биелүүлсэн. Харин эдийн засгийн улирлын нөхцөлөөс хамаарч оны эхний үед орлого багатай байдаг болохоор энэ оны нэгдүгээр улиралд цар тахлын эсрэг тэмцэлд ихээхэн хөрөнгө шаардах үед “төрийн сан улайсан” гэх буруу ойлголт, үндэслэлгүй сурталчилгаа гарахаас сэргийлэх нь зүйтэй болно. Алт, зэс, нүүрс, хувийн секторынхон Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлсээр байх болно. Улсаас энэ чигэлээр шийдвэртэй бодлого ээлж дараатай явуулмаар байна. Миний бодлоор дараах тэргүүн ээлжийн зорилтууд тавимаар байна. Алтны “Хармагтайн орд”-д хөрөнгө зарцуулахаар Засгийн газар шийдэж байгаа нь маш чухал. Алтны үндсэн ордуудын ашиглалтыг өртөтгөвөл зохино. Алт бол шууд мөнгө. Дэлхийн зах зээлд зэсний хэрэгцээ нийлүүлэлтээсээ илүү байна. Зэсийн томоохон зарим ордууд нөөцөө шавхан хаагдах

байдалд орж байгаа болон нөхцөл байдлаас хамаарч дэлхийн зэсийн үйлдвэрлэл хэрэгцээнээсээ 20 гаруй сая тонноор бага болоод буй мэдээ байдаг. Зэсийн зах зээлийн үнэ ойрдоо өндөр хэвээр байна. Энэ нөхцөлд манайд зэсийн хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж байгаа тул тэргүүн ээлжийн бодлого болгож хөрөнгө зарцуулах чиглэл болгомоор байна. Нүүрсний тухай гэвэл, хэдийгээр байгаль орчны нөлөөгөөр цаашдаа нүүрсний хэрэглээг хязгаарлах боловч 2050 он хүртэл нүүрс хэрэглэсээр байхаар байна. Манайх шиг нүүрсний ихээхэн нөөцтөй улс үүнийгээ боломжит хэмжээгээр ашиглах нь чухал. Манай улсын нүүрсийг Хятад, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг олон орон худалдан авах сонирхол, хэрэгцээ бий. 1.2 тэрбум хүн амаа бүгдийг гэрэл дулаанаар хангахаа амласан Энэтхэгийн ерөнхий сайдад Монголын нүүрс хэрэгтэй. Австрали, Хятад зэрэг улсууд Энэтхэгт нүүрсээ гаргах бэлтгэлээ базааж, экспортолж эхлээд байна. Монгол Улс Энэтхэгт нүүрс гаргах бодлого, тээврээ цаг алдахгүй хэрэгжүүлмээр байна. Монгол шиг салхи, нар, газрын хөрсний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй орон нүүрсний ашиглалт саармагжиж байгаа үед энэ нөөцөө ашиглах сайхан боломж байна. Юуны урд Хятадын манайтай хөрш зэргэлдээ районуудад эрчим хүчний хэрэгцээ их, хангалт шаардлагатай байгаа боломжийг ашигламаар байна. Тэрчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд манай эрчим хүчийг авах сонирхолтойгоор барахгүй Монгол, Өмнөд Солонгос, Япон, Хятадын мэргэжилтнүүд хамтран боловсруулсан Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Монголын сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг цаг алдахгүйгээр идэвхтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаармаар байна. Энэ тал дээр манайх идэвх сул, ирээдүйн их боломжийг харахгүй байна даа гэж боддог. Сэргээгдэх эрчим хүчийг өртөг зардал, үнэ өндөртэй гэдэг. Зөвхөн Монголын хэрэгцээгээр бус хамтрагч орнуудын, наад зах нь Хятадын манайтай хөрш бүсүүдийн эрчим хүчний дутагдлын хэрэгцээгээр тооцвол зохино. Японы сэргээгдэх эрчим хүчний үнэ өнөөгийн манайхаас гурав дахин их байгааг ч харгалзах нь зүйтэй байх. Энэ төслийн технологийн шийдэл нь (Япон, Солонгост хүргэх) бэлэн төлөвлөгдсөн байхад Монгол идэвх гаргаж ажилламаар байна.

-Одоо тантай Оюу толгойн талаар нэлээд нухацтай ярья. Оюу толгойн гэрээ тойрсон асуудал их л яригдах юм. Дубайн гэрээний заалтуудыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цуцална гэдгээ мэдэгдсэн. Ер нь Оюу толгойн асуудал юу болоод байна аа?

-Би Оюу толгойн ашиглалтыг “Рио Тинто”-той хамтрахыг эсэргүүцэгч биш. Энэ ордыг Монгол Улс, манай ард түмэн ашиглах, байгалийн хишгээс нь хүртэх эрхтэй. Бусдад хамтран хүртэх эрх олгож болох ч тэр нь харилцан ашигтай байх ёстой. Гэтэл Оюу толгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, “Дубайн гэрээ” гэх санхүүжилтийн төлөвлөгөөний заалт, нөхцөлүүд хэт өрөөсгөл, “Рио Тинто”-ийн нэг талын сонирхлоор байгуулагдсан гэрээнүүд учраас Монголын сонирхолд үнэхээр нийцэхгүй байгаа. Оюу толгойн уурхай ажиллаж, “Рио Тинто” одоо ч багагүй орлого, ашиг олсоор байна. Монголын эдийн засагт “Оюу толгой” багагүй нэмэр болж, гааль, нөөцийн татвар төлж, монгол иргэд уурхайд ажиллаж, олон компаниуд туслан гүйцэггэгч, ханган нийлүүлэгч болж, энэ нь Монголын эдийн засаг, төсвийн орлогод эерэг нөлөөтэй байгааг үгүйсгэх боломжгүй. Эдгээрийн төсвийн орлого нь Оюу толгойн жилийн 1.1-1.2 тэрбум долларын орлогын 20 хүрэхгүй хувь байдаг. Гэхдээ өнгөрсөн 10 гаруй жилийн үйл ажиллагааг авч үзэхэд “харилцан ашигтай байх” зарчим ямар ч эргэлзээгүйгээр алдагдсан гэж хэлэхээр дүгнэлт, үр дүн гарч байна. Яахаар Рио Тонто илүү хожиж Монголын тал 2051 он хүртэл өрөнд баригдаж байх юм бэ? Энэ бол Рио Тинтогийн өөрийнх нь хийж, Монголын талд өгсөн тооцоолол гэдэг. Ямар санаа зовдоггүй, яахыг хүссэн бодлого, тооцоолол вэ гэдгийг Рио Тинтогоос Монголын иргэд асуух эрхтэй. Гэрээнүүдийн талаар товч юу нь болохгүй байгааг дурдъя. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээнд хэд хэдэн асуудал байна аа. Тус гэрээ 70 жилийн хугацаатай. Гэтэл Оюу толгой компани нь улсын доторх улс гэмээр 70 жил бүх төрлийн татварын тогтвортой нэг хууль, хувь хэмжээгээр ажиллана. Монгол Улсад татварын хууль өөрчлөгдөхөд Рио Тинто, Оюу толгойд хамаарахгүй атлаа татварын хэмжээ буурвал тэр ашгаас тэд хүртэнэ, татвар нэмбэл уучлаарай тэр нь “Оюу толгой”-д хамаарахгүй байх заалттай. 70 жил зам ашигласны төлбөр төлөхгүй, газрын, усны, бууны, нохойны төлбөр, татвар 70 жил хөдлөхгүй, одоогийхоор хэвээр байхаар гэрээнд заасан. “Оюу толгой” компани нь бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулан ихээхэн орлого олдог боловч бүтээгдэхүүнээ ямар үнэ, нөхцөлөөр борлуулж байгааг 34 хувийн эзэмшигч мэддэггүй, хамтарч худалдаа хийдэггүй, мэдээлэл өгдөггүй, нууц гэдэг. Орлого нь Оюу толгойн дансаар бүрэн дамждаггүй, Оюу толгойн компанийн үйл ажиллагааны талаар Монголын Засгийн газар (34 хувь эзэмшигч), ард иргэд бараг мэдээлэлгүй. Бүх орлогоо гадаадад байршуулах, чөлөөтэй зарцуулах эрхийг “Рио Тинто” эдэлдэг. Гэтэл энэ орлогын 34 хувь нь Монголынх шүү дээ. Ийм шударга бус нөхцөлтэй. Мөн “Рио Тинто”-д хөнгөлөлттэй нөхцөл олгосон гэрээг мөрдөх хугацаа хэт удаан, ядахдаа 30 жилийн дараа талууд 50:50-ийн харьцаагаар хувьцаа эзэмших, гэхдээ “Рио Тинто” 16 хувийг ТӨК-д үнэ төлбөргүй шилжүүлэхийг (элдэв болзолгүйгээр) заагаагүй. Тэрчлэн татварын тогтворжуулалт, элдэв хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой заалтуудыг 30 жилийн дараа хүчингүй болгоод, цаашид хэвийн нийтийн адилаар ажиллах зарчим тогтоогоогүй. Үнэн гэвэл энэ байна.

-Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэгт ямар асуудал байна?

-Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн шийдвэрийг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр зааснаас болж Монголын оролцоо бараг байхгүй болсон, эрх мэдлээ эдлэх боломжгүй. ТУЗ-ийн 9 гишүүний 6 нь “Рио Тинто”-ийн талынх болохоор тэд ямагт олонх, Монгол ямагт цөөнх, шийдвэр гаргахад ямар ч нөлөөгүй. Олонх шийддэг байж болох ч шийдвэрийг зөвшөөрсөн заалтад заавал хоёр талын төлөөлөл байхыг заадаг олон улсын нийтлэг зарчмыг “Оюу толгой” компанид хэрэглээгүй. Менежмэнтийн багийг “Рио Тинто” ганцаараа тодорхойлж ажиллуулахаар заасан нь хэт өрөөсгөл, нөгөө тал нь (34 хувь) ямар ч оролцоогүй, эрх мэдэлгүй болгосон. Яагаад хамтраад, ярилцаад менежмэнтийн багийг ажиллуулж болохгүй байна вэ? Эдгээр журмаас болж олон нийт, иргэд шүүмжлэлтэй хандаж, элдэв яриа, хэл ам, гомдол, хардалт их байгаа шүү дээ. Менежмэнтийн багийн төлбөрийн хэмжээг үндсэн хөрөнгийн зардал, үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс бодож олгохоор заасан нь аль болох хөрөнгө оруулалтыг элдэв аргаар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг ихээр өсгөн гаргах замаар багийн орлогоо (ажлын хөлсөө) боломжит хэмжээгээр их болгох хөшүүрэг болохоор журам тогтоосон. Менежмэнтийн багийг аль болох их зардал гаргаснаас бус, их орлого ашиг олсноос нь хамааруулан урамшуулсан ажлын хөлсний систем тогтоогоогүй,“их зардал гаргавал их хөлс олгоно” гэсэн дэлхийд хаана ч байхгүй зарчмаар менежмэнтийн хөлс төлөх журам тогтоосон нь хэтэрхий өрөөсгөл. “Рио Тинто” өөрийн томилсон менежмэнтийн багт ямар ч аргаар хамаагүй нөгөө талын зөвшөөрсөн аргаар их хөлс олгоно гэсэн хандлага гэж хэн ч хэлэх, хардах журам болсон. Оюу толгойн орд, Хөрөнгө оруулалалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, холбогдох эрхүүд, ашигт малтмалын бүх зөвшөөрлүүд, Оюу толгойн компанийн хөрөнгийг барьцаалан авсан зээлээсээ Монголын талын 34 хувьд “Рио Тинто” зээл болгон олгохдоо хөрөнгө оруулалтын санхүүжилт, үйл ажиллагааны зардлыг хольж менежмэнтийн багийн шаардсан “мөнгөн хөрөнгө”(3.1 дэх заалт) гэгчээр нэмэгдүүлж хувьцаа гаргах, зээл, өр болгох, хүүгээс хүү давхар бодох, АНУ-ын хэрэглээний үнийн индэксээр өсгөх гэх зэрэг олон арга давхар тооцоогоор маш өндөр (9.9 хувь) хүүтэй зээл олгохоор энэхүү гэрээнд зааснаас болж Монголын талын өр өссөөр байгаа. ХОГ-ээр 34 хувьд зээл олгох нөхцөл байх болохоос биш,аж ахуйн тооцоот байгууллагад түр зуурын хэрэгцээт зээл шаардагдах бол суугаа орны журам нөхцөлөөр ажилладаг олон улсад хэрэглэдэг зарчмаас гажсан журам тогтоосон. “Оюу толгой” компани зэсийн баяжмал, бусад бүтээгдэхүүнээ борлуулан орлогоороо зардлаа нөхдөг аж ахуйн байгууллага атлаа үйл ажиллагааны зардал нэрээр нэг хувь нийлүүлэгч нь нөгөө хувь нийлүүлэгчдээ өндөр хүүтэй (Liber +6.5 хувь) зээл олгосон гэж ТӨК-ийн өрийг нэмэгдүүлж байгааг өөрчлөх шаардлагатай болно. “Дубайн гэрээ”-г тохирч байх үеэс “Оюу толгой” компани жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 2.5-3 их наяд төгрөгийн орлого олж байсан атлаа эргэлтийн хөрөнгийн зээлийг нэг хувь нийлүүлэгч нөгөөдөө олгох гэдэг шударга бус заалтыг өөрчлөх нь зүйтэй болно.

-“Дубайн гэрээ”-ний бүтээн байгуулалт санхүүжилтийн талаар асууя?

-Энэ төлөвлөгөө гэх материалд ямар ч нотолгоо, үндэслэл нь тодорхойгүй олон тоон мэдээлэл оруулсан боловч тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтаар баталгаажихгүй байгаа. Жишээ нь, Монголын Засгийн газар Оюу толгойн төслийн үр ашгийн 53 хувийг татвар, роялтийн төлбөр, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр хүснэгтээр тооцоолол гаргаж заасан атлаа энэ талаар “Оюу толгой” ХХК болон “Рио Тинто” ямар ч үүрэг хүлээгээгүй. ”Монголын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын хэмжээгээр үйл ажиллагааны 7 жилд 9 тэрбум доллар нь Монголын ашиг ” гэж “Оюу толгой” компанийн өөрийх нь төлөө гаргаж буй зардлыг нэрлэсэн нь үндэслэлгүй. Дубайн төлөвлөгөөний дээрх хүснэгтэд заасан тоогоор бол “Монголын өр зөвхөн Монголын нутагт гарах зардлаас 4.3 тэрбум доллар болно” гэсэн зэрэг үндэслэлгүй, үүрэггүй, гэрээний тодорхой заалт зарчмаар нотлогдоогүй тоогоор Монголын талыг хуурах гэсэн юм шиг гэж хардахаар тоонууд бичсэн нь үндэслэлгүй. Дээрх хүснэгтэд “Хөрөнгө оруулалтын зардалд ногдох НӨАТ ба бусад татвар 7 жилд 0,6 тэрбум доллар” гэсэн атлаа Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр 7 жилд 2,2 тэрбум доллар буюу жилд 300 сая доллар гэсэн нь хоорондоо их зөрүүтэй, хийсвэр тооцоо хийсэн. НӨАТ-ийг “Оюу толгой” компани нь татварын тооцооллоор буцаан авдаг. Ийнхүү НӨАТ нь татвар ч биш, зардал ч биш шүү дээ. (Зөвхөн төлсөн, буцаан авсны зөрүүгээр гардаг) Тооцоолол нотлогдохгүй болохоор “Оюу толгой”компанийн бүх удирдлага менежмэнтийг хариуцагч “Рио Тинто” ямар хариуцлага хүлээхийг заагаагүй. Тиймээс ч одоо 2051 он хүртэл Монголын тал ногдол ашиг авахгүй, 22 тэрбум долларын өртэй болно гэж Рио Тинто тооцоолол ирүүлсэн нь дэндүү харамсмаар. Энэ гэрээнд оролцсон хүмүүс “Монголын тал хариуцлага хүлээхгүй болсон” гэж бичээд буй боловч тэр нь гэрээний заалт, нөхцөл, зарчим болоогүй. Оюу толгойн төслийн ТЭЗҮ-г “тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсийн төсөөллүүдэд тулгуурласан, Оюу толгойн үйл ажиллагаанд заавал мөрдөх баримт бичиг биш” гэж тодорхойлсон нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж ТЭЗҮ нь ямар ч эдийн засгийн үндэслэлгүй “Хэрэггүй цаас” гэсэн утгатай болгосон. Аливаа үйлдвэр байгуулахад түүнийг барьж байгуулагч, ашиглагч, төлөвлөгч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч, менежмэнт гүйцэтгэгч бүх байгууллагад удирдлага, чиглэл, мөрдөх баримт бичиг байдаг ТЭЗҮ-ийн зүй тогтлолыг үгүйсгэсэн. “Оюу толгой” ХХК-ийн 2010-2014 оны 5 жилийн санхүүгийн тайланг 5 хоногийн дотор хүлээн авахыг Сангийн яаманд, Монголын талаас үзүүлсэн татварын хөнгөлөлт нь 646,2 сая доллараас “багагүй” болохыг ажлын 2 хоногийн дотор Татварын ерөнхий газарт баталгаажуулах “яаралтай” үүргийг тус тус хүлээлгэж Монгол Улсын хууль зөрчсөн, жил бүр Сангийн яам, Татварын байгууллагад тушаах хуультай тайлан тэнцэлийг 5 жил өгөөгүй байсан. Жил бүр эсвэл гэрээг хэрэгжүүлэх явцад үзүүлэх татварын хөнгөлөлтийн 2009-2012 оны тооцоог 4-6 жилийн дараа 2015 онд хийх болсон. Уг хөнгөлөлтийн нийт дүн 646,2 сая доллараас бага байж болохгүй, заавал илүү байх үүргийг татварын байгууллага хууль зөрчсөн байсан ч баталгаажуулах ёстой гэсэн хууль зөрчсөн үүргүүд өгсөн. Татварын хөнгөлөлт (урд оны) нь 646,2 сая доллар болсон бол энэ хэмжээгээр “ТӨК”-аас“Оюу толгой” ХХК-д оруулсан хөрөнгө мөн хэмжээгээр нэмэгдэх асуудлыг шийдээгүй. Энэхүү 646,2 сая доллар нь Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтад хэн оруулсан хөрөнгө болох, түүнд ногдох хувьцаа хэнийх байхыг заагаагүй орхигдуулсан. Монголын Засгийн газар нь зээлийн барьцаанд Оюу толгойн уурхайн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлүүд, Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан бүх эрхүүд, “Оюу толгой” хувьцаат ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч Оюу толгой ордоо барьцаа болгон баталгаа гаргаж байгаа атлаа “Рио Тинто” баталгааны өндөр шимтгэл авч Монголын тал “ТӨК” нь ямар ч шимтгэл авахгүй байхаар зааж зээл, хүү, шимтгэл, төлбөрийн дүнгээс 1,9 хувиар бодож Монголын өрийг өсгөхөөр заасан нь ямар ч үндэслэлгүй. Төлөвлөгөөнд АМНАТ-ыг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад бусдыг орхигдуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан молибденд АМНАТ төлөхгүйгээр заасан. Тэрчлэн хүдэр дэх бусад металл эрдэс, бүтцүүдэд ч 30+20+20=70 жилд АМНАТ төлөхгүй байхаар болгосон. Товчхон хэлэхэд Оюу толгой дээрх үндсэн 3 баримт бичигт Монголын талын ашиг сонирхолд нийцэхгүй, “Рио Тинто”-ийн нэг талын сонирхлоор байгуулагдсан гэрээнүүдэд ядахдаа миний дээр жишээ болгосон зарчим, заалт, нөхцөлүүдэд өөрчлөлт оруулж харилцан ашигтай хамтын ажиллагаа болгох нь чухал. Үүний тулд хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж элдэв амбиц, хэт өөрийгөө хичээсэн нэг талын сонирхолгүйгээр ямар баримт бичгийн чухамхуу аль заалтад ямар өөрчлөлт, нэмэлт оруулбал хоёр талын сонирхлоо хамгаалах вэ гэдгийг хэлэлцэж тохирох нь зүйтэй гэж үзнэ.

-Тэгвэл таныхаар Оюу толгой дээр манай улс цаашид ямар байр суурийг барьж явах нь зөв бэ?

-Оюу толгой дээр урд дурдсанаар элдэв маргаангүй илэн далангүйгээр хоёр талд харилцан ашигтай байхаар хэлэлцээг цаг алдахгүйгээр идэвхтэй явуулвал зохино. Тэгэхдээ манай тал дараах байр суурь баримтлах нь чухал гэсэн санал байна. Үүннд, зөвхөн Оюу толгой ХХК-д зориулсан эхлээд 30 жил, цаашдаа 50 жил,70 жил баримтлах нөхцөл, журам, механизмтай, тэдгээр нь хөнгөлттэй, Монголын ижил аж ахуйн нэгжээс бага татвар төлдөг, тэр нь 70 жил мөрдөгдөх, тэрчлэн Монголын төрийн өрийг нэмэгдүүлж ногдол ашиг ойрдоо авах боломжгүй агуулга нөхцөл хандлагатай заалтуудтай, “Улсын доторхи улс” гэж үзэгдэх Оюу толгойн гэрээнүүдэд өөрчлөлт нэмэлт оруулж, Оюу толгойн баялаг орд, байгалийн хишгийг Монгол Улс, малчин ард иргэд хөрөнгө оруулагчтай хамтран харилцан ашигтай ашиглах нөхцөлтэй болгох нь чухал. Мөн уурхайн холбогдох баримт бичгүүдэд ядахдаа дээр дурдсан заалтуудаар зохих өөрчлөлт, нэмэлтийг оруулж, далд уурхайн ашиглалтыг дахин хойшлуулахгүй байхаар “Рио Тинто”-тай хатуу тохиролцоо хийж, гэрээнд заах. Татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын заалт бүх татварт хамаарах бус, хуульд заасан 4 нэрийн татвар тогтворжихоор тохирох. Гэрээний эхний хугацаа дуусахад (гэрээгээр бол 30 жил) аливаа хөнгөлөлт, татварын тогтворжилтын талаарх заалтуудыг цаашид мөрдөхгүй болгох. Талуудын оролцоог 50:50 болгохдоо “Рио Тинто” нь 16 хувийг ТӨК-д ямар нэг төлбөргүй, нөхцөлгүйгээр шилжүүлэн өгөхөөр тохирох. Уг нь энэ тохироог анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед 34 хувийн 15 хувь нь Монголын олгож буй эрхүүд, зөвшөөрлүүдийн үнэлгээ байж, зээлийг 34 хувь бус, 19 хувь байхаар тохирох байсан. Ийм нөхцөл байгалийн баялаг ашиглах эрхийн үнэлгээ Оюу толгой шиг удаан хугацаагаар ашиглах том ордуудын гэрээнд байдаг туршлага бий.

Монголын талын хувь оролцоонд “Рио Тинто”-ийн олгох зээл хэт өндөр хүүтэй, зээлийн үлдэгдлийг болон хүүг АНУ-ын үнийн (хотын) индексээр өсгөх, хүүгээс хүү бодох зэргээр Монголын өрийг нэмэгдүүлэх заалтуудыг өөрчлөх. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас ямар хүү, нөхцөлтэй зээл авсан байна, тэр хүү, нөхцөлөөр ТӨК зээлийг олгодог байх. Харин авах зээлийн хүү, нөхцөлийг талууд хамтарч тохирдог болох. Монголын талын эзэмшлийн 34 хувийг өөр төлбөрөөр сольж, хувь эзэмшихээ болих талаар гарч буй саналыг би хувьдаа дэмжихгүй, санал нийлэхгүй тул хэвээр нь үлдээж, гэрээнд өөрчлөлт оруулах. Роялтийн төлбөрөөр 30 жилд 34 хувийг нөхнө гэж байхгүй. Бусад орнуудад роялти 10 хувь хүртэл байдаг. Оюу толгой одоо жилд 1,2-1,5 тэрбум доллар, 2023-2024 оноос 5-6 тэрбум долларын орлого олох бол 2029 он гэхэд 29 тэрбум долларын орлого жилд олно гэж “Рио Тинто” тооцжээ. Энэ тооцоолол нь бодитой бол их орлогын ашгаас урт хугацаагаар 34 хувь хүртэх нь чухал шүү дээ. Харин хөрөнгө оруулалтыг цаашид өсгөхгүй байх талаар эцэслэн тохирох, хэрэв цаашдаа өсгөх бол Оюу толгой өөрөө шийддэг, хариуцдаг болгох нь зөв. Мөн уурхайн хаалтын менежмэнт, журам, хаалтын сангийн талаар тодорхой заах, гэрээнд зааснаар хаалтын санг ганцхан Монголын төр хариуцах бус, компани нь ногдол ашиг хуваахаас өмнөх ашгаасаа уг санг байгуулдаг болох. Газар доорх далд уурхайн хаалтын асуудал нь маш том, олон нөхцөл шаардах нь мэдээж тул хаалтын санг одооноос бүрдүүлэх шаардлагатай. Ингээд яривал маш олон санал байна. Нэг бүрчлэн ярина гэвэл сонины зай талбайд багтахгүй учир ингэсхийгээд больё.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 27. Санчир гариг. Билгийн тооллын 15, улаан морь өдөр. Өдрийн наран 07:37 цагт мандан 18:33 цагт жаргана. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана,үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам БНСВУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад уламжилж, Монгол Улсад ажиллах хугацаандаа хэрэгжүүлэх таван зорилтыг тодорхойлж, удирдагчиддаа танилцуулсан гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад хандан, “Олон жилийн туршлагатай дипломатч хүн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн тул хоёр орны найрамдалт харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн таны танилцуулсан таван зорилт биелэх өргөн боломжтой. Ялангуяа бизнес, худалдааны чиглэлд дэвшүүлж буй зорилтуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүд хаалга үргэлж нээлттэй” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Элчин сайдын таван зорилт дээр нэг зорилт нэмэх хүсэлтэй байна. Элчин сайд Таныг хэлний авьяастай, хятад, япон хэлтэй хүн гэж сонссон. Монгол Улсад ажиллах хугацаандаа Та монгол хэлийг заавал сураарай” гэж захилаа.

Уулзалтын үеэр Монгол Улс-БНСВУ-ын харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт бэхжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт ЕБС,цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 9-нөөс нээнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр (2020.02.26) хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

-Цэцэрлэгт хамрагддаг 7000 орчим хүүхэд байгаагаас эцэг эхчүүдийн 85% нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хамруулахыг зөвшөөрчээ. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө хүүхдүүдийг шинжилгээнд хамруулна.

-Гуравдугаар сарын 9-нд ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ.

-Дарханаас Улаанбаатар болон бусад аймаг руу зорчих иргэдийг smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэн, 7 хоногт 1 удаа гаргах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хувьд 30 хоногийн хязгаарлалт тавихгүй. Гэхдээ зөвхөн Дарханы харъяат иргэдээ хүлээн авна.

-Гуравдугаар сарын 1-нээс караоке, баар, кино театрын үйл ажиллагааг нээнэ. Цагийн хуваарьт хязгаарлалт тавихгүй, хуучин мөрдөж байсан хуваариараа ажиллана.

-Гуравдугаар сарын 1-нээс 18 нас хүртэлх насны хүүхдүүд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж болно

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын бүртгэл ирэх сарын нэгнээс цахимаар явагдана

Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж СЕХ-ноос мэдээллээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах сонголтоор бүртгүүлсэн төрийн албан хаагчдын сургалтыг 3 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд тодорхой хуваарийн дагуу явуулна.

Сонгуулийн ерөнхий хороо нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын бүртгэлийг 3 дугаар сарын 01-ний Даваа гарагаас эхлэн цахимаар зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна.

Сургалтын бүртгэл, сургалтын болон сорилын материалыг www.gec.gov.mn цахим хуудасны “СОНГУУЛИЙН ХОРОО” цэст байршуулах юм.