Categories
мэдээ цаг-үе

“Нэг өрх- нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 26 тохиолдлыг илрүүллээ

Коронавируст цар тахлын цаг үеийн асуудлаар 11 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

“Одоогоор мөрдөгдөж буй хатуу хөл хорионы үр дүнд 5 хоногийн хугацаанд 26 хүн халдвартай гэдгийг олж тогтоолоо. Хоногт олон нийтийн дунд халдвартай 5-6 иргэн байгаа нь нотлогдож байна. Тус ажлын хүрээнд халдвар нууц үедээ ямар түвшинд байгааг олж тогтоосноор хэвийн горимд шилжих суурь нөхцлийг хангаж байгаа юм. 12 хоногийн хөл хорио гэдэг халдварын нууц үеийг хоёр удаа дүйх хэмжээний хугацаа. Халдвар авсан иргэн 12 хоногийн хугацаанд халдвар авсан эсэхээ бүрэн мэдэх боломжтой хугацаа гэсэн үг. “Нэг өрх- нэг шинжилгээ” ажил эхлээд 5 хонож байна. Одоо 7 хоног үлдсэн тул энэ хугацаанд ард иргэд тэвчээртэй байж, гэртээ байхыг уриалж байна.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нээгдэх 24 зах, худалдааны төвүүд

Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаад байгаа ч хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслахгүй байхын тулд хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг өнөөдөр (2021.02.16)-өөс эхлэн үе шаттайгаар нээж байна. Мөн хөл хорио дуусах хүртэл 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээж, ээлжээр ажиллуулах юм. Хуваарийн дагуу өнөөдөр дараах 24 хүнсний бөөний төв нээгдэх бол маргааш хүнсний 10 худалдааны төв ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 33 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо

ЭМЯ-наас коронавируст цар тахлын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагт 37530 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо. Үүнээс 24 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол “Нэг өрх, нэг шинжилгээ”-нд хамрагдсан 9 хүнээс тус тус халдвар илэрсэн байна. Тодруулвал Чингэлтэй дүүргийн II, VI, XII хорооноос халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Халдварын нэг тохиолдлыг олох нь чухал. Хөл хорионы үр дүнд халдварын тархалт 40 хувиас 30 хувь болж буурсан. Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд бүртгэгдсэн” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн эсрэг вакцин энэ сарын сүүлээр Монголд орж ирнэ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй өчигдөр цахимаар хуралдаж, коронавируст халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар мэдээлэл солилцлоо.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын сүүлээр Монгол руу илгээхээр төлөвлөөд байгаа аж.

ДЭМБ-аас Астразенека вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг өнөөдөр олгосон юм. Ингэснээр ирэх сарын дунд үеэс тус вакциныг манай улс руу оруулж ирэх боломжтой боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулна

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох бусад албаныханд коронавируст цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын тухай танилцууллаа.

Тэрбээр “Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. COVAX хөтөлбөрөөр авах вакцинаар эхний ээлжид

  • Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд,
  • Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид,
  • 50-иас дээш насныхныг хамруулах юм.
Categories
мэдээ цаг-үе

“Коронавирусийн вакциныг хийхэд сургууль, цэцэрлэгийн байрыг ашиглана”

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох бусад албаныханд COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын тухай танилцууллаа.

Хадгалалт

Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий. Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн” гэлээ.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 нэгж бий

Түүнчлэн дархлаажуулалт хийх ажлын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Манай улсад дархлаажуулалтын 548 нэгж бий. Анхан шат буюу сум, өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын нэгжүүд ажиллаж, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд вакциныг хадгалах, түгээх ажил зохион байгуулагддаг. Коронавируст халдварын үед салбар хоорондын оролцоотойгоор вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тул бусад салбар чиг үүргийнхээ дагуу ажиллана. Тээвэрлэлтийн үе болон дархлаажуулалтын нэгж цагдаагийн байгууллагын хамгаалалтад ажиллана.

Дархлаажуулалтыг зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай газарт хийх шаардлагатай тул өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хамгийн ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж, түүндээ зохион байгуулахаар төлөвлөсөн.

Зорилтот бүлгийн хүн амаас шалтгаалан тухайн нэгжид хэдэн хүн ажиллах тоог тогтоосон. Нэг нэгжид хамгийн багадаа 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажиллагаанд нийт 11,605 хүн оролцох бөгөөд үе шаттайгаар сургалтад хамруулж, бэлдсэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д вакциныг хүлээн авахтай холбогдуулан бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Вакцин Монголд ирэхэд хадгалах хөлдөөгч, бусад зүйлтэй танилцана. Бэлэн болсон гэж үзвэл энэ долоо хоногт вакцинаа татах ажлыг хөөцөлдөнө. Тэгэхээр “Нэг хаалга, нэг шинжилгээ”-г дуусгах үеэр вакцинжуулалт яаралтай хийх шаардлагатай. Хамгийн эхний тунг Ерөнхий сайд миний бие өөртөө тариулж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол орон ядарсан орон биш ээ

Бид улс орныхоо хөгжилд сэтгэл дундуур байдаг. Эдийн засаг нь ганцхан уул уурхайгаас хараат байна, төсөв үргэлж алдагдалтай байх боллоо, өр зээлэнд баригдчихлаа гэж халагладаг. Мөнхийн хөрш болсон хоёр том гүрэнтэйгээ харилцаж чадахгүй, хэтэрхий нунж дорой байснаасаа болж татварт дарлуулж суугаагаа гайхдаг. Цаашлаад улстөрчид нь авлигад идэгдчихлээ, төрийн түшээд гэж ард түмнийхээ тархийг угаахаас өөрийг чадахгүй амьтад байх юм гэж орилцгоодог. Бид цаг үргэлж л Монгол Улсад болж бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэцгээж, салбар бүрийнхээ алдаа мадгийг ам уралдан ярьцгаадаг. Энэ улс хэзээ мөдгүй дампуурч, тусгаар тогтнолоо алдах нь гэж сүржигнэдэг хүмүүс ч цөөнгүй байдаг нь үнэн.

Гэвч цар тахал гарсан энэ хоёр жилд бид тийм ч ядарч зүдэрсэн, яадгаа алдсан орон биш гэдгээ мэдэрлээ. Цар тахлаас болж анх удаа хөл хориход бид дээр дооргүй сандралдсан даа. Гурил, будаа, элсэн чихрээ хэдэн арван кг-аар нөөцөлж, ерөөсөө нэг оройд бужигнацгаагаад л нийслэлийн зах, дэлгүүрүүдийн лангууг хоосолчихсон. Одоо л хүнсээ нөөцөлж авахгүй бол дахиад олдохгүй, манай улс хэзээ ч хүнсээ татаж чадаа билээ ядаж л өлбөрч үхэхгүй байх минь гэсэн сэтгэхүйгээр байгаа бүх мөнгөө шавхаад хүнсээ цуглуулсан нь энэ. Одоо ингээд л өлсгөлөн нүүрлэх юм бодоцгоосон.

Ингэж бужигнаснаас хойш дариу нэг жил өнгөрчээ. Энэ удаад Цагаан сарыг угтаж улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, мөн л хатуу хөл хорио тогтоолоо. Өнөөх бужигнасан олон дахин айж мэгдэж, шуудай шуудайгаар нь гурил, будаагаа нөөцлөх болов уу гэтэл ер тийм зүйл ажиглагдсангүй. Ёсыг бодож хэдэн хэвийн боов, тавгийн ааруул, чихрээ л цуглуулав бололтой. Жилийн өмнө л өвчин тусахаасаа бус өлбөрч үхэх вий гэдгээсээ айж суусан монголчууд энэ удаад тэс өөр ааш аяг гаргасан нь яалт ч үгүй төрдөө, улс орондоо итгэж байгааг харууллаа. Монгол Улс ядруу орон биш гэдгийг иргэдийн энэ хандлага бүрэн дүүрэн илэрхийллээ. Очоод авчих юмтай хүмүүс юундаа ч сандрах билээ.

Үнэхээр л бүтэн жилийн турш хил хаалттай байлаа. Бид бүтэн жил “цоожтой” гэрт сууцгаасан. Энэ хугацаанд бид яг л өөрсдийнхөө нөөц бололцоогоор амьдарлаа. Ард түмнээ гурил, будаа, элсэн чихрээр лав тасалсангүй. Махаар тасрахгүй нь ч ойлгомжтой. Дотоодын үйлдвэрүүд маань чадах хэмжээндээ өндгөө түгээсээр байгаа. Нарийн ногоог эс тооцвол төмс, манжин, лууван дэлгүүрийн лангуунд өрөөтэй байж л байна. Тоо ширхэг нь эрс цөөрсөн бүтээгдэхүүн гэвэл виски л байх шив дээ. Дэлхий даяар цар тахал тархаж, хаа хаанаа амь амиа бодож байгаа энэ цаг үед виски зэрэг ч тансаг хэрэглээнд орох нь мэдээж. Бид хэтэрхий тансаг хэрэглээнд дасчихаад түүгээрээ нөхцөл байдлыг хэмжиж, хэцүү болгож хараад байж болохгүй л дээ.

Хоёр нийгэм солигдож, Орос хилээ хаасан тэр цаг үед бид картын бараанд орсон. Дэлгүүрийн лангуу бүрэн утгаараа хоосорч, бүх нийтээрээ гурилаа граммлаж авч идэж байлаа. Ийм хүнд хэцүү үеийг тахлын энэ үетэй харьцуулашгүй байна аа. Саяхан “Картаа хаячихаад хоногийн хоолгүй боллоо гэж уйлж зогссон цаг саяхан даа, тэр үеийг бодоход цаг сайхан болжээ” гэж хижээл насны эмэгтэй ярьж зогссоныг тод санаж байна. Тэр үетэй харьцуулахад бид өнөөдөр чадалтай орон болжээ. Иргэд анхны хөл хорио тогтооход яг тэр картын үеийн хүнд хэцүү цаг санаанд нь бууж бүгд дэлгүүр хоосолсон. Гэвч маргааш нь дэлгүүрт ороод урьд өдрөөсөө ч их бараатай болчихсон дэлгүүрийн эзэн дахиад хэдийг авах уу гээд малилзаад угтах үед л хүмүүс өөрсдийгөө арчаагаа алдсан оронд амьдарч байгаа биш ээ гэдгээ ойлгосон байх. Хэнээс ч, хаанаас ч хараат бусаар ард түмнээ гэдэс цатгалан байлгаж чадаж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн энэ 30 жилд ямар ч бэрхшээл тулгарсан гурван сая иргэнээ хүнсээр таслахгүй байх хэмжээний чадавхтай болж. Иргэдэд ч эх орноо ийм хэмжээнд хүрч чаджээ гэх итгэл гүн бат төрсөн байна. Өөрсдийгөө дутуу үнэлж голдог цаг нэгэнт ард хоцрох болжээ.

Гэхдээ бид үүнд ханаж болохгүй. Цаашид бидэнд анхаарч, төвлөрөх олон зүйл байна. Одоо бид дараагийн шатанд гарах хэрэгтэй. Хүнсээр төдийгүй бараа таваар, нэн шаардлагатай үед хэрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслээр өөрсдийгөө хангах хэмжээнд хүрэх ёстой. Иймийн тулд бид шинжлэх ухааны салбараа чухалчилмаар байна. Бид өнгөрсөн 30 жилд шинжлэх ухаан гээч хөгжлийн түүчээ болох ёстой салбараа ор тас мартчихсан. Ямар сайндаа улсын төсвийн 0.2 хувийг л шинжлэх ухаанд зориулаад байж байхав. Уг нь бидэнд энэ салбараа хөгжүүлээд аваад явах боломж бүрэн бий. Тэр болгон ойшоож тоодоггүй болохоос манай улсад эрдэм мэдлэгээрээ дэлхийн энд хүрсэн эрдэмтэн ч олон доо. Бүр гадныханд чаддаг, мэддэгээ зааж сургаж яваа нь цөөнгүй юм билээ.

Үүний тод жишээ бол цар тахал гарсны дараахан монгол эрдэмтэн коронавирус яаж ч мутацид орсон бай оношлох боломжтой оношлуур бүтээснээ зарласан явдал. Гэсэн ч төр засаг хэнэггүй зан гаргаж тэрхүү эрдэмтнийг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Ер нь цар тахал гарлаа гэхэд бид гадныхан хэзээ вакцин үйлдвэрлэх бол гэж амьсгаа даран чагнаснаас манай шинжлэх ухааны салбарт ямар нөөц боломж байгаа билээ гэдгийг тогтож хараагүй. Уг нь бид малын гоц халдварт өвчин болох шүлхийг дардаг вакциныг өөрсдөө хийж чаддаг шүү дээ. Бидэнд вакцин үйлдвэрлэх дадлага, туршлага, үйлдвэр байсан гэсэн үг.

Харин бид эрдэмтдээ сонсож, итгэл үзүүлье гэсэнгүй. Эрдэмтдээ “яаж чадах вэ дээ” гээд үл тоогоод орхичихсон. Энэ цаг үед улс орон болгон өөрийн гэсэн вакциныг гаргачихсан байж байна. Угтаа бид эрдэмтдэд бүхий л нөөц боломжоо дайчлаад үзэх итгэл хүлээлгэж, багахан төсөв мөнгө гаргаад өгсөн бол өнөөдөр сайн мэдээтэй л суугаа. Лав л монголчууд өөрсдийн гэсэн вакцинтай болчихсон, иргэд нь эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр тариулахаар болчихсон байх байсан биз. Эрдэмтдийн маань чадвар, чансаа вакцин хийж чадах хэмжээнд байсан учраас өнөөдөр энд халаглаад байгаа хэрэг л дээ. Бид вакцин хийж чадах байсан юм. Энэ мэтчилэнгээр бид шинжлэх ухаанаа үнэлэхгүй, дэмжихгүй байснаараа олон зүйлээс хоцорчээ. Харин одоо л шинжлэх ухаанаараа бамбай хийж хамт урагшилмаар байна.

Шинжлэх ухааны салбартай хаяа нийлүүлэн авч явах ёстой салбар бол мэдээж боловсрол. Хатуухан хэлэхэд, Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд уншиж, бичиж, тоолохыг л зааж сургадаг газар болжээ. Бие хүн болж төлөвшиж байгаа тэр үнэтэй цаг хугацаанд ядаж л сууж сурах, цагаа зөв зүйтэй төлөвлөхийг зааж, зорилго мөрөөдлөө тодорхойлж хэн болохоо шийдэхэд нь чиглүүлж чадахгүй байна. Их, дээд сургууль ч мөн ялгаагүй үүргээ биелүүлж чадахгүй байна. Жил жилийн диплом өвөртлөгчдөд мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгодог, эзэн болж чадах хүн нь хэд байгаа бол. Бодох л асуудал болсон. Одоо бид энэ салбараа өндийлгөх цаг болжээ. Багш нарын чадвар чансааг дээшлүүлэхэд анхаарах цаг нь ч болсон. Ерөнхий сайдын хэлж байгаачлан англи хэлийг хоёр дахь хэлээ болгох нь ч зөв. Үүнийг бүгд дуу нэгтэй дэмжих хэрэгтэй. Барууны боловсролыг нутагшуулъя гэж ярьж байгааг ч анхаарч үзэх нь зүйтэй. Боловсролын салбарт ямх ямхаар биш ингэж уг углуургаар нь өөрчлөлт хиймээр байна. Ингэж байж л ирээдүй хойч маань энэ техник технологийн эрэн зуунд бусадтай хөл нийлүүлж, цаашлаад түрүүлж алхана.

Өнгөрсөн хугацаанд бид хаа хаанаа хоногийн хоолоор тасрахгүйг хичээсэн. Тэр нь ч үнэхээр үр дүнд хүрснийг бид харлаа. Бид өнөөдөр ямар ч байдалд орлоо гэсэн бултаараа хоосон хонохооргүй болж. Одоо дараагийн шатанд гарахын тулд дээр дурдсанчлан шинжлэх ухаан, боловсрол цаашлаад үйлдвэрлэлийн салбартаа анхаарах хэрэгтэй байна. Хүн болгон шоргоолж шиг хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ бид дараагийн 30 жилд өнгөрсөн 30 жилийнхээсээ ч илүү үсрэнгүй хөгжиж чадна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Оюу толгойн үр өгөөжийн 53 хувь бол хэзээ ч, аль ч Засгийн газрын үед, гэрээг ямар ч байдлаар шинэчлэн хийсэн хатуу баримтлах зарчим

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Оюу толгойн асуудал мөн л нийгмийг талцуулсаар байна. Таныхаар яах ёстой вэ?

-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш энэ жил 12 дахь хавартайгаа золгож байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюу толгой төслийн барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа дуусч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойших 2013 оноос гэж тооцвол Оюу толгой төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээд найман жил болжээ. Өөрөөр хэлбэл, энэ төсөл баяжуулах үйлдвэрээ барьж байгуулаад, гадагшаа бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулж эхэлснээс хойш чамгүй олон жил өнгөрсөн байна.

2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой төсөл бүтээгдэхүүнээ экспортолж эхэлснээс хойш буюу 2013 оноос жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж төслийн мөнгөн урсгал эерэг болох үед буюу 2019 оноос хойш ногдол ашиг авахаар байсан. Ногдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийтдээ татвар хураамж, ногдол ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл Оюу толгой бүтээгдэхүүнээ экспортолж эхлээд найман жил, ногдол ашиг авах 2019 он өнгөрөөд хоёр жил болсон байна. Харин хоёр талын 2009 онд харилцан тохиролцсон гэрээний хэлцлүүд болон үр өгөөжийн түвшин бодит байдалд хэрэгжсэнгүй. Тэгэхээр Монголын тал хэлэлцээний ширээнд нөгөө талаа дуудах, Рио Тинтод байр сууриа хатуу илэрхийлэхээс өөр гарцгүй.

-Гэсэн ч хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж, тоймтой шийдэл гаргахгүй байсаар байна. Сүүлдээ Оюу толгойн асуудал төрийн өндөрлөгүүд үл ойлголцох хэмжээнд хүрч байна л даа.

-Засгийн газрын зүгээс маш ойрын хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж таарна, хүрсэн хэлцлийн үр дүнг нь УИХ-д шуурхай танилцуулах үүрэгтэй. Оюу толгой төсөлтэй холбогдуулан УИХ-аас 2019 онд тогтоол баталж гаргасан. Тогтоолын 1.3-т нөгөө талтай хийх яриа хэлэлцээнд манай талын хүрэх үр дүнг нь маш тодорхой зааж өгсөн байгаа. Харин бидний байр суурь, хэлэлцээнд баримтлах зарчим маань юу вэ гэж та бүхэн сонирхож байгаа байх.

Хамгийн анх Оюу толгой төслийг Монголын төр мэдээж өөрсдөө дийлэнх үр ашиг хүртэнэ, энэ төсөл ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнес харилцаанд орж байна вэ. Оюу толгой төслөөс мөн л үр өгөөж, ашиг хүртэхийн төлөө хэрэг. Тухайн үеийн эрх зүйн орчноор үр өгөөж нь татвар, хураамж болон ногдол ашгаар хэмжигдэх ёстой байсан. 2009 онд байгуулсан гэрээгээр уг төсөл Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт бодит үр өгөөжийн 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэйгээр хийсэн.

Цаашдаа Монголын тал одоогийн 34 хувь эзэмших нөхцөлөөр үргэлжлүүлэх үү, эсхүл энэ хувь эзэмших тогтсон сэтгэлгээнээсээ гарч бүтээгдэхүүн хуваах болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр 34 хувиа орлуулна уу, аль ч тохиолдолд хоёр талын анхлан тохиролцсон эдийн суурь зарчмыг л хадгалах ёстой. Монголын талын хүртэх бодит үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-д заасан эдийн засгийн суурь хэлцлийн дагуу нэрлэсэн үнээр нийт үр өгөөжийн 53 хувиас доошгүй байхаар хийсэн. Энэ тоо, энэ мөнгөн үр өгөөж бол Оюу толгой төслийг эхлүүлэх үед хоёр талын хатуу тохиролцож ойлголцсон эдийн засгийн суурь тооцоолол. Төслийн үр өгөөжийн 53 хувь бол хэзээ ч, аль ч Засгийн газрын үед, ямар ч гэрээг шинэчлэн хийсэн хатуу баримтлах зарчим. Энэ төслийн үр өгөөжийн 53 хувийг хэзээ ч буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөндөх ёстой. Энэ гэрээнд эхнээс нь оролцож, ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж, тухайн үедээ Дубайн гэрээг байгуулахыг эсэргүүцэж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан хүний хувьд би ийм байр суурьтай байдаг.

Одоо харин хоёр тал хоёр тийшээ хараад суугаад байж болохгүй. Харилцан бие биенээ хүндэтгэж хэлэлцээрийн ширээнд суух, гарц шийдлийг олох ёстой. Яриа хэлэлцээ гэдэг зүйл бол бизнест байдаг л асуудал. Гэрээг харилцан ашигтай байлгаж, талууд бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэх үүднээс яриа хэлэлцээг зайлшгүй хийх шаардлагатай.

-Ингээд харахаар бидэнд Оюу толгойн гэрээнээс авч үлдэж сургамж их байх шиг.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэрээний хэрэгжилтийг харахад Монгол Улсын Засгийн газар энэ төсөлд анхнаасаа хувь эзэмших нь зарчмын хувьд буруу шийдвэр байжээ гэж хардаг. Цаашид уул уурхай, стртатегийн төслүүд дээр баримтлах суурь зарчим, бодлогын гарц шийдлүүдээ Оюу толгой төслөөс улбаалж тодорхойлох хэрэгтэй байна. Хууль тогтоогчийнхоо хувьд, хуримтлуулсан туршлагынхаа хүрээнд тодорхой хуулийн төсөл өөрөө санаачилж ажиллая гэсэн бодолтой байна. Дараагийн томоохон төслүүдээ зөв залах үүднээс хууль эрх зүйн орчноо өөрсдийн онцлогт нийцүүлж сайжруулах, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох нь юу юунаас чухал байна.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах зөв юм уу, эсхүл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах вэ, тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох хэрэгтэй байна. Төрийн зүгээс цаашид бид татвараа ядаж бүрэн төвлөрүүлдэг байхад өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах вэ. Цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгжийг хэрхэн бий болгох, боловсон хүчнийг яаж чадавхжуулах, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц хэмжээнд тогтоох ёстой юу гээд олон асуудлуудыг шийдэж байж энэ мэт үндэстэн дамнасан компаниудтай өрсөлдөнө.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсан. Нөхөн төлөх боломжит хугацааг хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

-УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар миний өргөн барьсан Малчин болон хувиараа бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдлаа. Энэ хууль 2017 онд хэлэлцэгдэн батлагдаж, малчид, бизнес эрхлэгчид 2020 оноос 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болсон юм. Гэсэн ч энэ хууль өнгөрсөн 12 сарын хугацаанд бүрэн хэрэгжих боломж байсангүй. Нэгдүгээрт, цар тахлын нөлөөлөл иргэд, аж ахуйн нэгжид ихээхэн хүнд туссан. Мөн ихэнх аймгуудад зуд турхан нүүрлэж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэн малчдын амьжиргаа орлого муудсан. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 20-30 хувиар бууралттай байсан. Зөвхөн махны үнэ л тогтвортой, өмнөх онтойгоо ижил түвшинд байсан. Энэ нөхцөл байдлуудаас үүдээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль хэрэгжих боломж байгаагүй. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэвэрт гарч амжаагүй, боломжгүй байсан иргэдийг тэтгэвэрт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах хуулийн төсөл санаачилж, батлуулсан юм. Ингэснээр тус хуулийн үйлчлэл 2022 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Уг хуульд зөвхөн өндөр настай хүмүүс бус гуанз, лангуу ажиллуулдаг ч юмуу өөрөө өөртөө ажлын байр бий болгож хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 20 гаруй настай залуучууд ч хамрагдаж болно. 5, 10 жил нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж чадаагүй бол энэ ондоо багтаж нөхөн төлөх боломжийг л энэ хуулиар нээж өгч байгаа юм.

-Нийгмийн даатгалын сан хангалттай хэмжээний хөрөнгөө бүрдүүлж, бүрдүүлсэн байлаа ч эрсдэлгүй хадгалагдаж чадаж байгаа эсэхэд иргэд эргэлзэх болоод байна л даа.

-Яалт ч үгүй нийгмийн даатгалын тогтолцоон дээр шинэчлэл хийхгүй бол болохгүй болчихоод байна л даа. Жилээс жилд Нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдээд байдаг. Магадгүй дөрөв, таван жилийн дараа НДС дампуурах хэмжээнд хүрч мэдэх юм. Бид энэ асуудлаар Засгийн газарт тодорхой саналуудаа хүргүүлсэн. Энэ ондоо багтаж нийгмийн даатгалын бодлого дээр шинэчлэл хийх энэ асуудлуудыг хөндөж тавиач, энэ сан өөрөө өөрийгөө авч явдаг болох боломжийг хуулийн хүрээнд бий болгооч гэх саналуудыг гаргасан. Дээрээс нь нийгмийн цаг үеэс шалтгаалж, ажил мэргэжлээс хамаарч тэтгэвэрт үүссэн зөрүүг арилгах шаардлагатай байгаа.

-Намрын чуулганаар таны ахалж ажилласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдсан. Хуулиар ямар зохицуулалтуудыг хийсэн юм бэ?

-Засгийн газраас түргэвчилсэн горимоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Хуулийн үзэл баримтлал нь Газрын тосны үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтыг цаг хугацаанд багтаан хийх үүднээс салбар хоорондын байгууллагын уялдаа холбоог хангах, хил гааль, тээвэрлэлт, барилга байгууламжтай холбоотой зөвшөөрлүүдийг түргэвчилсэн горимоор өгөх тухай байсан. Хуульд эдгээр асуудлуудыг нарийвчилж тусгаж өгсөн. Дээрээс нь газрын зөвшөөрөл авах асуудал багагүй үүсдэг. Газрын тосны дамжуулах хоолой барихад л гурван аймгийн 10 гаруй сумдаар, 402 гаран га газрыг дамжихаар байгаа. Газрын тосны үйлдвэр өөрөө багахан хэмжээний хотын дайтай том бүтээн байгуулалт болно. Нийтдээ 10 гаруй үйлдвэр байгуулагдана. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор хил гааль хаагдаж уг төслийн үйл ажиллагаа саатах, барилга бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Ямартаа ч бид амласан ёсоороо 2025 оны эхний улиралд багтааж газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ үүднээс цар тахлаас үүсэх хүндрэл бэрхшээлийг бууруулахын тулд төр засгийн байгууллага түргэвчилсэн горимоор ажиллаж, ажлыг саадгүй явуулах нь чухал юм.

Түүнчлэн энэ хуулиар олгосон давуу эрхийн хүрээнд Засгийн газар Монгол газрын тос компанид газрын тосны эрэл хайгуул хийх боломжийг олгохоор болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг дагалдаж Газрын тосны, Барилгын тухай хуульд өөрчлөлтүүд орсон. Ингэснээр тус компани давуу эрхээр Монгол Улсын стратегийн үйлдвэр болсон газрын тосны үйлдвэрийг түргэвчилсэн горимоор барьж байгуулах, түүхий эдээр тогтвортой хангахаар болсон.

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны үнэ ханш багагүй хэмжээгээр буурна гэж харж байгаа. Үүн дээр ямар тооцоолол байна вэ?

-Тэгэлгүй яахав. Өндөр өртөгтэй газрын тосны үйлдвэрийг барьж байгаа гол шалтгаан нь энэ. Нэгдүгээрт, манай улс импортын газрын тосны хараат байдлаас сална. Цаашид газрын тосны үнэ хэд ч болж өсөө билээ. Тэр үед бид өөрсдийн гэсэн газрын тосны үйлдвэртэй байна гэдэг том давуу тал болно. Хоёрдугаарт, импортын газрын тосноос хямд өртөгөөр ард иргэд, аж ахуйн нэгжийг хангаж чадна. Уг төслийн ТЭЗҮ, эдийн засгийн тооцооллоор ямар ч тохиолдолд энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн импортын газрын тосноос даруй 30-40 хувь хямд байх боломж олгоно. Хамгийн гол нь бид түүхий эдийн тогтвортой байдал, хямд өртөгтэй түүхий эдийг бий болгох хэрэгтэй юм. Нэг сая тонн газрын тос үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадлаар нь авч үзэх юм бол бидэнд түүхий эдийн хангамж хангалттай бий. Гэсэн ч түүхий эдийн найдвартай хангамжийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтын хэмжээ, эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нэмэх шаардлага зайлшгүй бий. Энэ үүднээс ирэх дөрвөн жилийн хугацаанд бид Монгол Улсын газрын тосны салбарт эрэл хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хаврын чуулганаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих тодорхой хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж тавих болно. Нөгөө талдаа төрийн өмчит компани болох Монгол газрын тос компани өөрөө эрэл хайгуул хийж, Давст-31 гэх илэрц нь тогтоогдсон талбайд судалгааны ажлаа үргэлжлүүлэх эрхийг Засгийн газраас хуулиар олгосон. Ийм байдлаар бид газын тосны хараат байдлаас, үнийн өсөлтөөс гарах боломжийг бүрдүүлнэ.

-Засгийн газраас гуравдугаар сарын 1-нээс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлнэ гэж байна. Иргэд вакцины үр дүн, чанар зэргийг өөр өөрсдийнхөөрөө л тайлбарлаж байна. Огт итгэхгүй байгаа хүмүүс ч байх шиг.

-УИХ-ын гишүүний хувиар Засгийн газраас авсан мэдээллээр эрдэмтэн судлаачид, эмч нараас бүрдсэн баг энэ асуудал дээр ажиллаж байгаа юм билээ. Гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан гэсэн. Сангийн сайд голлож цар тахлын эсрэг вакцин авах яриа хэлэлцээг олон улсын байгууллагуудтай хийж байна. Вакцины тухайд магадгүй монгол хүний араншингаар заавал тэр улсын вакциныг хийлгэнэ гэх зэргээр байр сууриа илэрхийлж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр дэлхий дээр 8-9 төрлийн өөр өөр жороор хийгдсэн вакцин гарсан. Нэг талдаа иргэдийн аль вакцин нь хамгийн сайн эсэхэд эргэлзэж байгаа нь зөв. Энэ ч утгаараа бид иргэдэд сонголт хийх боломжийг нь олгох ёстой гэж харж байгаа. ОУВС-д хамрагдсан хөнгөлөлттэй вакциныг авч байна гээд муу вакцин нийлүүлэх асуудал байж болохгүй шүү дээ. Аль болох иргэдэд олон вакцинаас сонголт хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ёстой.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин хонь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 16.Ангараг гариг. Билгийн тооллын 5, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 07:57 цагт мандан 18:16 цагт жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна.