Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 25 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт 40,217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 49 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,493 болсон бол үүнээс 1,802 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 678 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 86, хөнгөн 584 байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусээр өвчилсөн нэг хүн нас баржээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр “ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт биеийн байдал нь нэн хүнд байсан нэг хүн 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 12:56 цагт нас барлаа. Өвчтөн хавсарсан халдвартай, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдал болон коронавирусийн хүндэвтэр халдвартай байсан. Тухайн хүн хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 49 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2493 боллоо

Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өнөөдөр 40’217 хүнд шинжилгээ хийснээс 49 хүнээс коронавирус илэрлээ. 2492 илэрлээ. “Нэг өрх-нэг шинжилгээ” ажлын хүрээнд 10 хүнээс халдварыг илрүүлжээ. Ингэснээр олон нийтийн дундаас нийт 37 хүнээс халдвар илэрчээ.

-Батлагдсан тохиолдол: 2493

-Эдгэрэлт: 1802

-Эмчлэгдэж байгаа- 678

-Хил дээрээс буусан: 9

-Нас баралт: 2

-Зөөвөрлөгдсөн: 411

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 163 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт иргэдээс 1177 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, хулгайлах долоон хэрэг бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн 163 мэдээлэл ирсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60, хүний биед халдсан 32 хэрэг бүртгэгджээ. Үүнээс гадна 207 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн байгууллагууд он дуустал цалин хөлс нэмэхгүй байх хэмнэлтийн горимд шилжлээ

Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:

  • Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх,
  • Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх,
  • Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах,
  • Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх,
  • Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх,
  • Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчилах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх,
  • Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх,
  • Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх,
  • Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх,
  • Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.02.17/ цахим хуудсаараа дамжуулж “Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан” гэдгийг онцлоод “Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.
Харин өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна.
Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм. Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж, эрүүл энх байлгахыг юу юунаас эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна. Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХУД-ээс бусад дүүргийн шинжилгээний цэгүүд өнөөдрөөс ажиллахгүй

“Нэг хаалга- нэг шинжилгээ” ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 120’000 иргэнээс өчигдөр шинжилгээ авчээ. Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.

Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр таван зах, худалдааны төв нээгдэж байна

Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Харин томоохон зах, худалдааны төвүүдээр зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж бараа бүтээгдэхүүнээ татан авах боломж олгож байгаа юм. Үүний дагуу өнгөрсөн хоёр хоногт 34 зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс /2021.02.18/ дараах зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээж байна.

  1. Шинэ Сандэй-2 худалдааны төв
  2. Баянзүрх-2 зах
  3. Шинэ сансар зах
  4. Жанжин худалдааны төв
  5. Тумбааш худалдааны төв

Энэ сарын 16-наас үйл ажиллагааг нь эхлүүлсэн зах, худалдааны төвүүд:

  1. Барс-1 зах
  2. Барс-2 зах
  3. Хороолол зах
  4. Орхон зах
  5. Таван-Эрдэнэ зах
  6. Бест зах
  7. Лавай худалдааны төв
  8. Хулхан худалдааны төв
  9. Яармаг зах
  10. Их тойруу худалдааны төв
  11. Бүрд худалдааны төв
  12. Бүрэн плаза худалдааны төв
  13. Мөнх худалдааны төв
  14. Баянзүрх-2 худалдааны төв
  15. Натур худалдааны төв
  16. Жуков худалдааны төв
  17. Эко худалдааны төв
  18. Тэнгэр бөөний төв
  19. Өгөөж зах
  20. Сувдан тав худалдааны төв
  21. 21 худалдааны төв
  22. ЖМЖ худалдааны төв
  23. Алтай худалдааны төв
  24. Энхжин худалдааны төв.

Энэ сарын 17-ноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн зах, худалдааны төвүүд:

  1. Шонхор зах
  2. Нарантуул-2 зах
  3. Нарлаг дэнж худалдааны төв
  4. Баянгол худалдааны төв
  5. Фермерүүд худалдааны төв
  6. Бэлх зах
  7. Асайт худалдааны төв
  8. Баялаг ундраа зах
  9. Нарантуул өргөтгөл зах
  10. Итгэл худалдааны төв
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх нь эдийн засагт асар их хохиролтой байх магадлалтай гэв

Их, дээд сургуулийг хотоос нүүлгэж авто замын түгжрэлийг бууруулах талаар олон жил ярьж ирсэн. Үүнтэй холбоотой тодорхой төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан ч бодит ажил хэрэг болоогүй байна. Тэгвэл их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх нь бараг бүтэшгүй ажил хэмээн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид өгүүлж байна. Тэд “Сургууль нүүлгэхтэй холбоотой бүх талын нөлөөллийг тооцсон судалгаа байхгүй. Улстөрчид их, дээд сургуулийг нүүлгэвэл авто замын түгжрэл буурна гэсэн нэг талын өнгөц төсөөллийг барьж авч, олон нийтэд таалагдахын тулд байн байн ярьж явдаг сэдэв болгосон” хэмээж байгаа юм. Төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургуулийн 170 гаруй мянган оюутан нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний томоохон орлогыг бүрдүүлэгч, эдийн засгийн урсгалыг идэвхжүүлэх “араа шүд” байдаг. Тиймээс нийслэл оюутангүй болчихвол эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаанд зохих хохирол учирна хэмээж байна. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ер нь бүтэшгүй шахуу л юм сонсогддог. Наад зах нь сургуулиудыг хотоос нүүлгэлээ гэхэд багш нар яаж зохицож ажиллах уу. Олон улсад шуурхай, тээвэр авто замын дэд бүтцийн асуудлыг сайн шийдэх байдлаар зохицуулдаг. Энэ мэтээр саад бэрхшээлүүд их байна” хэмээсэн. Нөгөөтэйгүүр, Италийн алдарт архитекторч “Залуусгүй хот амьдралгүй байдаг” хэмээн хэлсэн байдаг аж. Тэгэхээр оюутан залуус нийслэлийн эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэг түлхэц байхаас гадна нийслэлийн амьдралд өнгө нэмдэг байна.

ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ СУРГУУЛЬ НҮҮЛГЭСНЭЭР ШИЙДНЭ ГЭВЭЛ ИХ Л ХАРАЛГАН БАЙНА

-Нийслэлээс их, дээд сургуулиудыг нүүлгэчихвэл түгжрэл буурна хэмээн тайлбарладаг. гэтэл наад зах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой харагддаг. таны хувьд асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Замын түгжрэлийг бууруулах зорилгоор л нийслэлийн их, дээд сургуулиудыг цөөлье гэж ярьдаг юм. Тэгвэл эдийн засгийн утгаар нь аваад үзвэл оюутнууд бараг л 170 мянган жуулчин л гэсэн үг шүү дээ. Тэдний эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хувь нэмэр маш их бий. Энэ үүднээс авч үзвэл нийслэлээс оюутнуудыг нүүлгэх нь хохиролтой зүйл. Хоёрдугаар чухал асуудал бол сургууль нүүлгэх нь үйлдвэр, аж ахуйн газар нүүлгэхтэй ижил зүйл биш. Яагаад гэвэл сургууль нь нийгэм, эдийн засаг, соёлын иж бүрдэл байдаг. Тийм учраас нийслэлээс сургуулиудыг нүүлгэлээ гэж бодоход багш нарыг нь яах гэж байгаа юм. Номын санг нь яах юм. Зарим сургуулийг бүр хөдөө рүү хаа хамаагүй нүүлгэчихнэ гэж яриад байна. Гэтэл оюутнууд зөвхөн танхимын хичээлээс гадна төв номын санд суух, бусад дагалдах практикт суралцах шаардлага бий. Энэ дагалдах иж бүрдлийг яаж цогцоор нь бүрдүүлж өгөх юм. Цаашлаад сурахын хажуугаар ажиллаж төлбөртөө нэмэр болж байгаа олон оюутан бий. Оюутнуудыг цагийн ажил, дадлагажигч ажилтнаар авч ажиллуулдаг олон газар байгаа. Тэгэхээр нөхцөл нь нэг бүрдэж өгөхгүй байна. Үүнийг бүрдүүлэхэд сургууль нүүлгэснээс илүү нэмэлт зардал гарна. Тэр болгоныг тооцсон юм уу.

Авто замын түгжрэлийг сургууль нүүлгэснээр шийднэ гэвэл их л харалган харж байна л даа. Олон улсад хотынхоо А, Б гэх зэргээр төвлөрлийн бүсүүдэд өндөр барилга барихыг хориглодог. Харин манайх оюутнууд түгжрэл үүсгээд байна гэчихээд хотын төвд байгаа яам, агентлагууд нь өргөтгөл гээд сургуулиас хэд давсан өндөр барилгууд бариад байдаг.

Үүнд ямар уялдаа байна аа. ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутныг нүүлгэчихээд байранд нь өөр албан газар орох, эсвэл хуучин байрыг нь нураагаад бүр өндөр барилга барьчихвал төвлөрөл, түгжрэл буурахгүй. Энэ хэдэн улсын сургуулийг нүүлгээд хоосорсон байшинг нь газартай тэгшлээд цэцэрлэгт хүрээлэн болгохгүй нь лавтай. Оронд нь орох байгууллага, аж ахуйн нэгж улам түгжирээ үүсгэнэ. Оюутнууд машинтай нь хэд билээ. Автобусаар л зорчиж байгаа. Харин оронд нь орсон албан хаагч болгон машинтай ирээд зогсчихвол нам түгжирнэ. Түүний оронд хотын төвд шинээр нэмж сургууль, өндөр сууц барихыг хязгаарлах асуудал бол зөв. Нүүлгэх гэхээс илүү байгаа зүйлийг байгаагаар нь үлдээгээд хотоо тэлж төлөвлөх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Оюутнуудыг хотоос гаргаснаар ар гэрт нь нэмэлт зардал үүсэх юм билээ?

-Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдран суудаг. Энэ хувиар тооцвол нийт суралцаж байгаа оюутны тал нь гэрээсээ их сургуульд суралцаж байна гэсэн үг. Тэд аав, ээжээсээ автобусны мөнгө л авч байгаа. Хэрэв сургуулийг нь нүүлгэчихвэл гэрээсээ явах хэрэгтэй болж байна. Үүнийг дагаад ар гэрээс нь дагалдах олон зардал гарна. Оюутан өөрөө ажиллах боломж хаалттай. Нөгөөтэйгүүр, оюутны байрны хүртээмжийн асуудал яригдана. Энэ мэтээр нүүлгэснээсээ давсан нэмэлт зардал гарах вий гэж болгоомжлоод байгаа юм. За яахав, баахан хөрөнгө мөнгө зараад нүүлгэлээ гэхэд хоосон байран дээр нь бусад аж ахуйн нэгж ирж орлоод түгжрэлийг улам л нэмнэ.

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргавал нийслэлд суурьшсан багш нар яах вэ?

-Харин тийм. Сургуулиудыг цэргийн анги шиг бодоод тушаал өгөөд нүүлгэчихнэ гэж бодоод байх шиг байна. Багш нар явдаггүй юм. Манайхан тэрийг ойлгохгүй байна. Багш явлаа гэхэд гэр бүлээрээ их сургуульд багшилдаг байх хэрэгтэй. Гэтэл ийм хүн цөөн. Тус тусдаа ажилтай. Эхнэр, эсвэл нөхрөө дагаад явлаа гэхэд энд байгаа ажлаа яах вэ. Хаяад очлоо гэхэд нэг нь ажилтай, нөгөө нь ажилгүй болох уу. Зарим нь дунд, ахмад үеийн багш нар нь хотод амьдраад, залуучууд нь очоод багшилж болно гэдэг. Тэгвэл их сургуулийн багш гэж тодорхой шалгуур хангасан хүмүүс байдаг. Тодорхой туршлага, зэрэг цол хуримтлуулж байж багшилж, эрдэм мэдлэг түгээдэг. Тэгэхээр насны хамаарал гарч ирэх гээд байгаа биз. Дан залуучууд очоод багшлаад байвал боловсролын чанарын асуудал хөндөгдөнө. Үнэхээр тэгж нүүлгэх гээд байгаа юм бол ШУТИС Эрдэнэтэд салбартай. ХААИС Дарханы Газар тариалангийн хүрээлэн дээр салбар байгуулаад явъя гэж байна. Үүнийг бол төр дэмжээд өгөх хэрэгтэй. Ийм л зүйл байж болно.

-Ер нь манайхан нэг л өнцгөөс хараад байх шиг?

-Ирэх есдүгээр сараас эхлээд их, дээд сургуулиудыг нийслэлд хичээллүүлэхгүй гэж нэг талаас нь харахаар Улаанбаатар хотод түгжрэл буураад сайхан болох мэт. Гэтэл энэ ганц өнцөг. Дэлхийн ихэнх хот хуучин суурьшлын бүсийг тэр хэмжээнд нь үлдээгээд нэмж шинэ төлөвлөлт хийгээд хотоо өргөжүүлээд явдаг. Манайх их, дээд сургууль, шинжилгээний байгууллагын хотхон байгуулна гэж зөндөө ярьсан. Нэг хэсэг Налайхад байгуулна гэсэн. Гэтэл газар олдохгүй байна гэв үү. Төрд газар олдохгүй байхтай яахав дээ. Дараа нь Багануурт барихаар боллоо. Зураг төсөл хийгээд л байдаг. Цаасан дээр хотхон нь “баригдаад” улсын мөнгө урсаад байна. Энэ байдлаас болоод сургуулиуд ч ажлаа төлөвлөж чадахгүй байна. Налайхад цогцолбор байгуулагдвал хувийн сургуулиуд нэг буланд нь өөрийнхөө хөрөнгөөр салбараа барина биз дээ. Гэтэл больчихсон шүү, Багануурт болсон гэнэ. Хувийн сургуулиуд шийдвэр гаргаж чадахгүй байна. Өнөөдөр их, дээд сургуулиудыг нүүлгэж асар их зардал гаргахын оронд байгаа зүйлийг байгаагаар нь үлдээж, нэмж төвлөрөл үүсгэхгүй байхад анхаарах учиртай. Харин хотоос гадна сургууль, шинжлэх ухааны цогцолбор барих ажлыг урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Хөшигтийн хөндийд Майдар хот барина гэж яриад байна. Тэндээ эртнээс Монгол Улсын ирээдүйн их сургууль, шинжлэх ухааны төвөө төлөвлөөд явах хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ: ХУВИЙН СУРГУУЛИЙГҮЛДЭЭЖ, УЛСЫНХЫГ НҮҮЛГЭВЭЛ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ГАЖ НӨЛӨӨ ҮҮСНЭ

-Их, дээд сургуулийг нийслэлээс нүүлгэх асуудал олон жил яригдаж байна. Нүүлгэсэн тохиолдолд нийслэлийн эдийн засагт ямар хохирол учрах вэ?

-Үүн дээр хоёр үндсэн асуудал байгаа юм. Юуны өмнө төвлөрлийг бууруулах, эдийн засгийн хөгжлийн бодлогыг түрүүнд барьсан гэхээс илүүтэй үлдэх газар, обьектод шунаж байна уу гэх асуудал юм. Яагаад гэвэл өмнөх улсын их, дээд сургуулиудын хувьчлалын үр дүнгийн асуудал одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа. Мэдээж их, дээд сургуулиудыг нүүлгэснээр хотын төвд газар, барилга байшин нь үлдэнэ. Хэрэв үүнийг хувьчилбал төвлөрлийг бууруулах үндсэн агуулгаасаа хазайна. Магадгүй хувьчлалаар улсын өмчийг шамшигдуулах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ объектуудад төрийн байгууллагуудыг оруулах нь зүйтэй. Хоёрдугаар чухал асуудал гэвэл нийслэлээс улсын сургуулиудыг нүүлгээд хувийнхыг үлдээнэ гэвэл буруу. Тэгэх юм бол хөгжлийн бодлогод асар их гаж нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл улсын сургуулийн багш нар нь хөдөө рүү нүүхгүй. Нийслэлд амьдрал нь тэгширчихсэн, гэр бүл ажлаа дагаад хөдөө рүү нүүх магадлал бага. Ингээд улсын сургуулийн багш нар хотод үлдэнэ. Хувийн сургуулиуд үлдэнэ. Улмаар нийслэл дэх улсын сургуулийн орон зайг хувийн сургууль эзэлж, үлдсэн багш нар нь эдгээр сургуульд ажиллаж дунд, урт хугацаандаа улсын сургуулийн нэр хүнд унана. Эцэг эхчүүд ч нийслэлд хувийн сургуульд өндөр төлбөртэйгөөр хүүхдээ сургах болно. Башлах боловсон хүчин нь энд үлдчих учир хувийн сургуулиудад давуу боломж үүснэ. Улсын сургууль руу оюутнууд, багш нар ч очих дургүй болно. Хэрэв нүүлгэхдээ хүрвэл хувийн сургуультай нь хамт нүүлгэх ёстой. Гэхдээ хувийн өмчийн асуудал учир их хэцүү л байх болов уу.

Г.БАТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхбаяр: Засгийн газар төсөвт тусгагдаагүй шинэ асуудлуудыг хөндсөн тул 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийх хэрэгтэй

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулжээ. Өнгөц харахад олон сайхан үр дүнг авчрахаар харагдаж байгаа ч иргэдийн амьдралд төсөөлсөн хэмжээнд үр өгөөжөө өгч чадах болов уу?

-Өнөөгийн үүссэн нөхцөл байдлын үндсэн шалтгаан нь халдварт өвчний тархалт буюу коронавирусийн дотоодын тархалт. Иймээс эдийн засаг, нийгмийн аливаа хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө халдварын тархалтыг хумих, хязгаарлах арга хэмжээний цаашдын төлөвлөгөөг маш тодорхой болгох, хэзээ ямар үр дүнд хүрэх гэсэн урьдчилсан таамаглалыг боловсруулан гаргаж бизнес эрхлэгчид, нийт иргэдэд танилцуулах шаардлагатай. Ковидын тархалт, хөл хорио тогтоосны улмаас өнгөрсөн хавраас хойш олон хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байгаа аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид юуны өмнө ойрын зургаан сарын дотор үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг төлөвлөхийн тулд бодитой, тодорхой мэдээлэл шаардлагатай байна. Тухайлбал, ирэх 3-6 дугаар саруудад нийслэл хотын хэмжээнд, мөн хөдөө орон нутагт ямар үйл ажиллагааг зөвшөөрөх вэ, ямар үйл ажиллагааг нээхгүй буюу хориглох вэ, дахин хөл хорио тогтоох арга хэмжээ авах уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Ийм тодорхой мэдээлэлгүй, эрсдэлтэй ойлгомжгүй байдал хэвээр үргэлжилсээр байвал бизнес эрхлэгчид, үүний дотор худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж байгаа иргэд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй байна. Ойрын зургаан сарын дотор том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэхээс илүүтэйгээр зогсонги байдалд ороод байгаа бизнесийн үйл ажиллагааг хэрхэн, аажмаар хэвийн байдалд шилжүүлэх вэ гэдэг төлөвлөгөө нь илүү чухал байна. Энэ явцдаа Засгийн газрын танилцуулсан дээрх төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байх нь зүйтэй болов уу. Барилга орон сууцны гэх мэт хөрөнгө эх үүсвэр ихээхэн шаардсан төслүүдийг богино хугацаанд эхлүүлэх боломж төдийлөн гарахгүй учир төсөл тус бүрийг хэрэгжүүлэх цаг хугацааны төлөвлөгөөг ч нарийвчлан боловсруулан гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Өнгөрсөн жилүүдэд манай улсад хэрэгжүүлж ирсэн олон тооны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээс үзэхэд бидтөлөвлөлт ба зохион байгуулалтын асуудалд ихээхэн алдаа гаргаж ирсэн байдаг. Иймээс тухайн төсөл тус бүрийн зохион байгуулалтыг аль яам, байгууллага, хэн удирдан зохион байгуулах вэ гэдгийг маш тодорхой болгох, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад явцын мониторинг үнэлгээг чанартай хийж байх шаардлагатай гэж үзэж байна.

-10 их наядын хоёр их наяд төгрөгийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулахаар болжээ. Санхүүжилтийг нь Засгийн газраас баталгаа гаргах, Хармагтайн алтны бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар хийнэ гэж. Ийм боломж бий юү?

-“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.Шийрэвдорж саяхан“Засгийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард Хармагтайн орд газрын Хойд бүргэдийн хэсэг газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах лицензийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанид өгч, мөн оны аравдугаар сард өрөмдлөг эхлэн арванхоёрдугаар сард алтны ордын эхний хэсгийг улсын нөөцөд бүртгүүлсэн. Хармагтайн бүлэг ордын ойролцоох “Хойд бүргэд” ордод 53.14 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 53.14 тонн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ сардаа(2021 оны нэгдүгээр сард) багтаан ТЭЗҮ-ийг батлуулж, ордыг ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээр сараас ашиглалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдэгджээ.Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс ийнхүү боломжтой гэж үзэж байгаа бол алтны ордыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болов уу гэж үзэж байна.

-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар болжээ. Та энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Монголбанкнаас өнгөрсөн 2020 оны есдүгээр сараас хойш репо санхүүжилтийн арга хэрэгслийг хэрэглэх шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн тавдугаар тогтоол,арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн зургадугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор хоёр жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн.

Улмаар Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосон. Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулна гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Монголбанк цаашид энэ бодлогыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Гагцхүү аж ахуйн нэгжүүдийн зүгээс шаардлага хангахуйц, тодорхой төслүүдээ танилцуулж, дээр дурдсан арилжааны банкуудад хүсэлтээ гаргах ёстой. Мөн эдгээр аж ахуйн нэгжүүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа болов уу. Монголбанкны зүгээс тодорхой хэмжээний эх үүсвэрийг зах зээл рүү гаргаж байна. Гагцхүү энэхүү зээлийн боломжийг бүрэн ашиглах нөхцөл боломж бүрдэх үү гэдэг нь өнөөгийн ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлогоос тодорхой хэмжээгээр хамаарах болно.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хоёр их наяд төгрөгийг зарцуулах юм байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн 2017-2019 онуудад сайн бүрдэж ирсэн бол 2020 онд тасалдаж, төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж байна. Энэ онд ковидын нөхцөл байдал үргэлжилж, хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа, хилийн боомтуудыг бүрэн нээх боломжгүй байгаа тул эдийн засгийн сэргэлт төдийлөн амар ирэхгүй, төсвийн орлогын бүрдэлт оны эхний хагас жилд тааруу байх төлөвтэй. Ийм нөхцөлд өнгөрсөн намар УИХ-аас баталсан Монгол Улсын 2021 оны төсвийг ихээхэн өөдрөг байдлаар, зарлага ихтэй байхаар баталсан. Харин одоо төсвийн тодотголыг хийх шаардлага үүссэн гэдгийг бодолцох ёстой.

Ийм байдлаар Монгол Улсын макро эдийн засгийн орчин 2021 оны эхний хагас жилд таагүй байх төлөвтэй байна. Эдийн засгийн сэргэлт аажим гурав ба дөрөвдүгээр улиралд л ажиглагдах төлөвтэй байгаа тул аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тийм хялбар бүрдэхгүй байх магадлалтай. Иймд Засгийн газраас танилцуулаад байгаа дээрх төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө санхүүжилтийн тооцоог нарийвчлан тооцож төлөвлөх, олон нийтэд дахин ойлгомжтой байдлаар танилцуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

-10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Энгийнээр мөнгө хэвлэх нь гэж ойлгож болох уу. Ер нь энэ шийдвэр нь хэтдээ эдийн засагт ямар үр дагавар авчрах бол?

-Засгийн газрын танилцуулсан мэдээлэлд дурдагдаж буй 10 их наяд гэдэг бол Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлагын 70 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Ковидын үед, төсвийн алдагдал өндөр хэмжээнд хүрсэн байхад, гадаад өрийн ихээхэн дарамттай байгаа нөхцөлд ийм хэмжээний эх үүсвэрийг гаргана гэдэг амар биш, хүнд хэцүү асуудал.

Сангийн сайд эдгээр танилцуулж байгаа асуудлын гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг нарийвчлан тооцож төлөвлөсөн байх ёстой. Ирэх дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдааны явцад эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, түүний санхүүжилтийн эх үүсвэрийн тухай асуудал хөндөгдөх болно. Иймээс Засгийн газар, Сангийн яамны зүгээс хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж, түүнээс улбаалан гарч болох үр дагаврыг олон талаас нь нухацтай тооцож байгаа гэж найдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх таван жилийн улсын хөгжлийн төлөвлөгөө, 2021 оны улсын төсөвт тусгагдаагүй шинэ асуудлуудыг хөндөж байгаа тул эдгээр төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өмнө төлөвлөж байсан зарим асуудлыг хойшлуулах (сумдын соёлын төв, музейн хөрөнгө оруулалт гэх мэт), улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болно. Ирэх 2022-2024 онуудад төлөгдөх ёстой гурван тэрбум гаруй ам.долларын өр, Хятадын төв банктай байгуулсан төгрөг-юаны своп хэлцэл зэрэг тулгамдсан өр төлбөр их байгаа нөхцөлд дахин өр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж болохгүй.

-Манай улсын хувьд цар тахлын эхэн үедээ эдийн засгаа орхигдуулсан тал бий. Харин одоо хамтад нь авч явахгүй бол энэ хоёр салбар хоёулаа цохилтод орох нь гэдгийг Сангийн сайд хэлж байна. Гэлээ ч багагүй хугацаа алдчихав уу даа гэж харагдаж байна.

-Ковидын анхны тохиолдол гаднаас орж ирсэн нөхцөлд манай холбогдох байгууллагууд ихээхэн цочирдож бэлтгэлгүй, төлөвлөөгүй цочмог арга хэмжээ авсан. Дотоодод халдвар тархсан нөхцөлд ямар төлөвлөгөөтэй ажиллаж, ямар арга хэмжээг ямар шат дарааллаар авах ёстой вэ гэдэг нь ч ихээхэн дутуу дулимаг байсан нь тодорхой болсон.

Бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохион байгуулалтын нийтлэг жишгээс харахад ковидоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гүйцэтгэх засаглал бүхэлдээ буюу Засгийн газар, Ерөнхий сайд нь удирдан явуулж байна. Гэтэл манай улсын хувьд халдварт өвчний асуудалд төдийлөн хамааралтай бус УОК гэсэн байнгын бус бүтэцтэй (орон тооны бус гишүүдээс бүрдсэн, өөрийн гэсэн албагүй) бүтцэд энэхүү үүргийг хариуцуулсан нь алдаатай шийдвэр байсан. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулиудыг үзсэн ч дээрх чиг үүргийг Засгийн газар, ЭМЯ хариуцан гүйцэтгэх ёстой гэдэг нь тодорхой байгаа. Энэ талаар би удаа дараа байр сууриа илэрхийлж, ковидтой тэмцэх асуудлыг Засгийн газар өөрөө удирдах ёстой гэдгийг олон удаа хэлж ирсэн.Нэгэнт удирдлага зохион байгуулалтын хувьд буруу газар байсан, чиг үүргийн хувьд оновчтой бус байсан тул УОК зөвхөн халдвартай тэмцэх асуудалд түлхүү анхаарч бусад асуудлыг орхигдуулж ирлээ.

Бидэнд өнгөрсөн хугацааны алдаа онооноос суралцах ёстой сургамж ч байдаг. 2000-2003 он, 2009-2010 онуудад тохиосон зудын гамшгийн дараа авсан хариу арга хэмжээ ч гэсэн өрөөсгөл, сайн төлөвлөөгүй байсны улмаас зудын хохирлоос үүдсэн эдийн засгийн асуудал нь олон жилийн туршид үргэлжилсэн нийгэм, эдийн засгийн ужиг асуудал болж, улс оронд ихээхэн дарамт болсоор байна. Нийслэлийн хүн амын төвлөрөл, авто замын түгжрэл, ЕБС, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хотын агаарын бохирдол гэх мэт энэ бүгд зудын үр дагаврыг буруу шийдвэрлэсэн явдалтай холбоотой үүссэн сөрөг үр дагавар юм. Улс орнуудын жишээ, сургамжийг үзэхэд ч халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг л урдаа тавиад бусад ЕБС-ийн сургалт, хичээл хоцрогдолт, ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгэм, эдийн засгийн бусад асуудлуудыг хойш тавьж болохгүй гэдгийг харуулж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, төр засгаас аливаа шийдвэрийг гаргахаас өмнө урьдчилан сайтар судалж, төслийг шат шатандаа олон талаас нь хэлэлцэн боловсруулж байх, гарч болзошгүй эерэг ба сөрөг үр дагаврын аль алийг нь тооцож байх, улмаар гарч болох сөрөг үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн арга зам, төлөвлөгөөг нэгэн зэрэг боловсруулж байх шаардлагатай.Ийнхүү оновчтой шийдвэр гаргах арга замыг “Бодлогын шийдвэр гаргах тогтолцоо” гэж нэрлэдэг. Манай бүхий л шатны төрийн захиргааны албан хаагчид үүнд сайтар суралцах, мэргэших шаардлагатай гэдгийг анхааруулъя.