Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичиг барив

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв.

Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн “Солонгосын шинэ боломж” бодлогын хүрээнд хоёр улс хамтран ажиллах нөөц боломж буйг Ерөнхийлөгч уулзалтын үеэр цохон тэмдэглээд БНСУ-ын дэвшүүлсэн Солонгосын хойгийн энхтайван, хамтын ажиллагааны санаачилга болон 2021 оны 5 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдах “Ногоон өсөлт ба Дэлхийн 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл–P4G” уур амьсгалын асуудлаарх олон улсын хуралд БНСУ-ын Засгийн газар анхаарч ач холбогдол өгч буйг Ерөнхийлөгч тэмдэглээд энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэв. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан Элчин сайдад баяр хүргэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Цэгмэд: “Нийслэл хүүхэн”-ий Ажаагаас хойш тав, зургаан дүрд тоглолоо

“Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүрд тоглосон жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн хэд хэдэн кинонд таныг харлаа?

-Баярлалаа, урлагийн буян.

-“Нийслэл хүүхэн” киноны Ажаа гэж хүн бүр дууддаг хөөрхөн эмээгийн дүрээр од болж байна даа?

-Ажаагаас хойш тав, зургаан ажил орж ирсэн. Ддиш, Look TV, Юнивишн багцаар л яваад байгаа юм гэсэн. “Карантины хүүхдүүд” л гэнэ. “Амар байна уу, Ким” л гэнэ. Бас нэг удганы тухай кино бий. Заримынх нь нэрийг тогтоогоогүй ээ.

-Ойр ойрхон эмээгийн дүр бүтээхээр нэгийг нь нөгөөгөөс нь ялгаруулах хэцүү юү?

-Яалаа гэж. Сурсан эрдмийнхээ оройд нь хүрээгүй ч зах зухаас нь чаргууцалдаад зуураад, базаад авсан юм болохоор “Нийслэл хүүхэн” киноны эмгэний дараа Ким солонгос охины хадам ээж боллоо. Хүлээж авахад бас өөр байх талаас нь өөрийгөө элээж, ирлэж, хуурайдна шүү дээ. “Нийслэл хүүхэн”-ий эмгэн бол жавхалзсан, тачигнасан, хүнээр хүн хийх гэж хичээж байхад тэр Кимийн ээжийн дүр хоорондоо 15-20 хоногийн зайтай л орж ирж байгаа ажил шүү дээ. Хэрвээ хэлийг нь мэдэхгүй солонгос бэр ороод ирвэл хүүгийнхээ төлөө бүхнээ л зориулна. Тийм маягтай байх жишээтэй. Дараа нь Лүн суманд очиж зураг авсан, бас нэг хөдөөгийн эмгэний дүр. Сайхан зээ охин нь удганы угтай болж, ухаан алдаж унаад болдоггүй. Эмгэн рүүгээ хайч хүртэл шиднэ. Тэрийг аргалахын тулд бас яах вэ. Ингээд огт өөр өөр байхын тулд хувь хүнээс зөндөө зүтгэл шаардана даа.

-Ажаа эмээ хөөрхөн дүр л дээ. Гэхдээ бэрээ бол харцаараа удирдах шахдаг хатуухан хадам ээж юм шиг ээ. Бодит амьдрал дээр та ямархуу хадам ээж вэ?

-Амьдрал дээр би Ажаагаас огт өөр хадам ээж. Миний бага хүүгийн эхнэр ихрийн өрөөсөн байгаа юм. Дархан бэр шүү дээ. Тэр бэр маань найзууддаа “Хүүгээсээ илүү намайг өмөөрдөг” гэж ярьсан гэсэн. Бэр, худтайгаа дотно, сайхан харилцаатай. Бэрдээ сайн байвал амьдрал сайхан болно. Бэр маань ч намайг сайн сонсдог, хүлээн зөвшөөрдөг.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны тамирчин байсан чадварыг ашигласан хөөрхөн хэсэг байдаг даа. Толгой дээрээ бол ядах юмгүй л тогтож байна лээ. Та одоо ч дасгал хөдөлгөөн хийдэг үү?

-Өглөөний дасгал байнга хийнэ. Одоо энэ коронагийн үед гэртээ л пижигнээд байна шүү дээ. Гадаа гарах арга байхгүй. Гэртээ цаг минутаа харж байгаад дороо зөөлөн гүйнэ. Амьсгаадаад хөлрөөд эхлэхээр нь өөртөө таарсан дасгал хийнэ. Дал гарсан хүн чинь залуудаа хийж байсан дасгалаа нэг их хийхгүй. Таарсан юмнуудаа хийгээд байхаар хар багадаа хийж байсан сунгалтын дасгалууд, энээ тэрээ юмнууд чинь хэвээрээ хадгалагдаж үлддэг юм билээ. “Нийслэл хүүхэн” кинон дээр дасгал хөдөлгөөн оруулсан нь миний санаа биш. Зохиолд энэ тухай бичигдээгүй. Нэг өглөө үүрээр найруулагчийн группийнхэн намайг дуудахаар нь нойрмогдуу очсон чинь “Та илүү гэрийнхээ гадаа тэрлэгээ дэвс, энэ дээрээ дасгал хийнэ дээ” гэсэн. “Ямар юмаа хийх вэ” гэсэн чинь “Та драмын театрт 70 насныхаа ойг тэмдэглүүлж байхдаа толгой дээрээ хөлөө өргөөд шуугиулсан байна лээ, тэрийгээ хий” гэсэн. “Аан за, тэрийг хийх юм уу” гээд хийлээ. “За болчихлоо” гэсэн. Сүүлд киногоо үзсэн чинь төө тэнд байгаа хоёр нөхөр гэрээсээ гарч ирээд “Хүүе, тэнд нэг хүн гацчихсан байна” гэсэн чинь Б.Баатархүү “Ажаа л дасгалаа хийж байна шүү дээ” гэх байдлаар оруулсан юм билээ. Найруулагч, Ааяа, Б.Баатархүү гурав нийлж байгаад Ажаа гэдэг хүний дүрийг тодотгоход онцлог нь ийм байна шүү. Залуудаа энэ хүн олби оготно шиг спорт хөөгөөд гүйж байсан гэдгийг тодотгоё гээд ингэж оруулсан юм билээ.

-”Мартагдсан дууль” кинон дээр та гурван найз эмэгтэйн нэгний дүрд тоглодог шүү дээ. “Алив нэг татчихъя” гээд нөхрөөсөө эмээсэн, хойшоо яарсан эмэгтэйн дүрийг сайн гаргадаг?

-Гучин хэдтэй л байсан даа. Уг нь намайг агсам тавьдаг эмэгтэйн дүрд тоглуулах гэхээр нь би дүрээ солиулсан юм. Социализмын үед найруулагчийн оноосон дүрийг “Би үүнд тоглохгүй ээ” гэж хэлдэг зоригтой хүн байгаагүй. Тухайн үедээ би зоригтойдоо биш, амьдралын байдлаас шалтгаалаад “Би нөхөртэй эмэгтэйн дүрд тогломоор байна. Гадаад дотоодын хүнтэй явалддаг эмэгтэйн дүрд тогломооргүй байна” гээд аминдаа дүрээ голсон чинь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч “Чи тэгвэл Улаанбаатар яв, дүрээ голдог жүжигчинг бид авахгүй” гэлээ. Дарханд зураг авсан юм. “За за би явъя” гэсэн чинь найруулагч “Энэ ер нь явах нь байна шүү” гэж бодсон шиг байгаа юм “За, чи тэгвэл даруу Дэжидэд нь тогло” гэж зөвшөөрсөн юм. Даруу Дэжид нь нөхөргүй хоёр найздаа хань болж, “Өвгөн чинь юм хэлэхгүй биз дээ. Юунд нь дав дув гээд байгаа юм бэ” гэхэд нь “Яахав, дараа гарахаа бодъё” гэдэг шүү дээ.

-Та “Өөрийгөө тоодоггүй хүн” кинонд өвгөн нь гэнэт муудахад сандраад гүйж байгаа эзэгтэйн дүрийг бас их сайхан гаргасан даа. Та туслах дүр мөртлөө сэтгэлд үлдсэн дүрүүд бүтээдэг. Дүр дээрээ их ажилладаг уу?

-Баярлалаа. Туслах дүр дээр ажиллахын тулд тэр дүрийн намтрыг би өөрөө бичдэг юм. Туслах дүр ч бодит хүн шүү дээ. Намтар гараад ирэхээр энэ хүнтэй төстэй амьдралтай ямар хүн байна гэж хайхаар нэг хүн гараад ирнэ. Түүнийгээ хараад судлаад байхаар нэг онцлог ажиглагдана. Жишээлбэл, Янжмааг хараад байхаар инээдэг юм уу эсвэл “Буруу хойшоо” гээд цочдог ч юм уу байх жишээтэй. Тэгэнгүүт түүнийг нь бариад авдаг. Туслах дүр жижигддэггүй юм даа. Жижиг дүр ч уран бүтээл.

-Тийм болохоор та “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн байх л даа?

-Үртэй хүн жаргалтай гэдэг. Үр хүүхэд төрүүлж үзээгүй өрөвдмөөр эмэгтэйн зовлонг гаргахын тулд бас судалгаа явсаан. Яалт ч үгүй зүрхэндээ нулимстай дүр. Тэгээд л шагнал авсан байж магадгүй ээ, хөөрхий.

-Та Польшид 15 жил амьдарсан гэсэн үү?

-Тэгсэн. Амьдрал судалсан. Гурван дээд сургууль төгсөхийн дайтай болсон. Тэнд миний өсгөсөн хүүхэд түрүүч нь 33 хүрчихсэн явж байна. Намайг “Марка Поло” кинонд тоглож, Унгарт хоёр сар хагас зураг авалттай байхад Варшаваас аав ээжтэйгээ ирсэн. Тэр хүү Америкт сурдаг мөртлөө зуныхаа амралтаар ээж, аав хоёртойгоо над дээр очсон. Миний хамгийн анх өсгөсөн польш хүүхэд байгаа юм. Түүнээс хойш хоёр ихэр хүүхэд, бас нэг хүүхэд нийтдээ долоон хүүхэд өсгөсөн юм. Заримыг нь өлгийтэй байхаас нь арван сар хүргэнэ. Заримыг нь тав зургаан сартай байхаас нь ой өнгөртөл нь харна. Тэгээд л дараагийн айлд шилжинэ. Айлууд нь “Энд нэг хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй монгол эмгэн байна, жүжигчин юм гэнэ ээ, найдвартай хүн шүү, танайх авах уу” гээд бие биедээ дамжуулчихна. (инээв) Ийм маягаар хүүхэд асардаг ажил хийхийн хажуугаар бас зүгээр суухгүй шүү дээ. Шинэ барилгын цонх угаана. Баян айлын гэр цэвэрлэнэ. Польш эмэгтэйчүүд юм индүүдэх дургүй. Индүүний халуун уур хүний эрүүл мэндэд тааламжгүй гэж үздэг. Би сард хоёр удаа нэг том профессорынд очиж, 54 цамц индүүддэг байлаа.

-Ямар ч олон цамцтай юм бэ дээ. Та ч мэргэжлийн өндөр түвшинд индүүдэх нь ээ?

-Өдөрт гурван цамц өмсдөг юм гэнэ билээ,тэр том профессор. Найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг” гэдэг кинонд тоглосон юм. О.Бат-Өлзий намайг “Үүнийг А.Цэгмэд эгч л хийж чадна. Гэрийн үйлчлэгчийг бүр супер, европ стандартаар хийж байсан” гээд сонгосон шүү дээ.(инээв)

-Та удаан хугацаагаар завсарлаж байгаад үзэгчдэдээ буцаж ирлээ. Хүн бүрийн гялалзах хугацаа өөр. Магадгүй та 70 насандаа шуугиулах ёстой юм байлгүй дээ?

-Тийм. Бурхнаас өгсөн цаг хугацаа байх аа. Зах зээл эхлэхэд театр нь тарж, ажилгүй болсон. Тэр дунд болох ёстой юм болдгоороо болоход энэ нэг хүн орон зайгаа яаж олох нь вэ гэж бурхан намайг сорьсон байх. “Олвол аз чинь олохгүй бол хохь чинь” гэсэн юм байлгүй. Юунд баярладаг гэхээр урлагийн сайхан эхлэл байвч төгс гүйцээж чаддаггүй тийм сайхан мэргэжил надад заяасан болохоор нэг их гандаж, зэвэрчихгүй хоцрогдчихгүй байхыг хичээсэн. Польшид 15 жилийг өнгөрүүлсэн туршлага намайг улам хурцалж, юм бодуулсан байх. Байнга урлагийнхаа төлөө оюун санаа, бие бялдрын хувьд бэлэн бай гэж бурхны зарлиг шиг цаанаасаа тушаасан байх гэж баярладаг юм.

-Эргээд кинонд тоглоход төсөөрсөн юм шиг санагдсан уу?

-Би чинь театрын жүжигчин хүн тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дүрд голдуу тоглож байсан болохоор “Ану” хатан киноны түүхэн дүрд тоглох их л том хариуцлага юм билээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгт маш их баярладаг. “Би Дарабалжи хатнаа олчихлоо. Кино проб хийх хэрэггүй. Би хүүхэд байхдаа үзэж байсан “Нэр төр” жүжгийн Пагмын дүрд тоглосон эгчийг олчихлоо” гэж хэлж байсан. Өмнөд Монголд багшилж байхад намайг дуудаж авчирч тоглуулсан юм. Эхэндээ камерын өмнө сандарч байна лээ. Яагаад гэвэл “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Гал хам”, “Их замын тоос”, “Анхны яргуй”-гаас хойш завсарлаж байгаад, дахин кинонд зураг авахуулсан юм. Би театрын жүжигчин байсан учраас ерөнхий зураглаач Д.Ангараг, Ардын жүжигчин Г.Равдан нар их түшиг болсон. Театрын тайзан дээр тоглох, кинонд тоглох өөр гэдгийг тэд надад хэлэхгүйгээр мэдрүүлсэн. Хэрвээ би театрт хүүхдийн дүрд тоглож байсан бол 650 үзэгчид хүргэхийн тулд ёстой хэтрүүлээд өгнө шүү дээ. Харин камерын өмнө хэтрүүлэх л юм бол худлаа болно гэдгийг тэгэхэд мэдэрсэн учраас “Ану” хатан кино бол өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байгаагийн маань эх суурь нь болсон. Тийм учиртай.

-Одоо таны нэг өдөр ямархуу өнгөрч байна вэ. Өдрийн дэглэм барьдаг уу?

-Өглөө босоод дасгалаа хийнэ. Өглөөний цайгаа ууна. Хүний өдөрт иддэг хоол ундны хэмжээ гарын таван хуруутай адил. Өглөөний цай чигчий хуруу шиг жаахан бага. 11 цагийн үед түүнээс арай ахиу. Өдөр бол сайхан амттай хоол, хүссэнээрээ иднэ. Дараа нь бага шиг юм иднэ. Орой бол эрхий хуруу шиг багахан хэмжээтэй иднэ. Гарын таван хурууны хэмжээгээр өдөртөө хооллох хэрэгтэй гэж боддог доо. Ойрд би Соёрхын Пүрэвсүрэнгийн номуудыг их уншиж байна. Сая энэ хүн “Хавт Хасар” зохиолоороо “Алтан Өд” хүртсэн. “Хайр нандин” богино өгүүллэгийн түүвэрт оюутнууддаа хэлж өгөх гоё санаанууд байдаг юм. Би “Зохиомж” дээд сургуульд багшилдаг л даа. Удаан телевиз ширтэх, утас маажихаас зугтах маягтай. Гэхдээ утас маань байнга нээлттэй байдаг юм. Киноныхон залгавал хаагаад хаячихаж болохгүй.

-Та сошиалд идэвхтэй байх юм аа?

-Заримдаа хамаагүй шүүмжилж байж буруудна аа. Тэгээд постоо устгана шүү дээ. “Эхиймаа” киноны дараа бужигнуулсан. Жаахан шүүмжилсэн пост оруулсан чинь зарим нь ч “Зөв, ингэж зоригтой дуугарахгүй бол хэн дуугарах вэ” гээд. Зарим нь та Ц.Алдармаагийн анхны уран бүтээлийг харлуулах гэж байгаа юм шиг пост хийлээ гэсэн. Би тэгээд постоо хоёр хонуулаад татсаан.

-Хичээж хийсэн уран бүтээл нь хасагдаж, танагдахаар ямар ч уран бүтээлчийн хувьд сэтгэлд юм хуралдана, хэлж яримаар санагдах үе байдаг даа?

-Харин тийм. “Зоорь-2” гээд аймшгийн кино бас телевизээр гараад байна лээ. Хүүхдүүд бас их сонин, аймшгийн кинонд дуртай юм билээ. Гудамжаар явж байсан чинь “Хөөе, нөгөө муу хөөрхий хэлмэгдсэн эмээ энд явж байна” гэж байсан. Түүн дээр миний тоглосон дүрийг таазнаас дүүжилж байгаад хана савдаг, зомбидуулна гэж ярьдаг шүү дээ, тийм хэсэг гардаг юм. Тэгэхэд шатнаас унаж байгаа хэсэгт орлон тоглогч авна гэхээр нь би “Үгүй, би өөрөө хийнэ” гэсэн юм. Тэр чинь 2018 оны кино. “Таныг гэмтчихвэл хэн хариуцах юм бэ” гэхээр нь “Би гэмтэхгүй ээ, спортын хүн чинь яаж унахаа мэднэ” гэсээр байгаад тоглосон.

-Та ер нь ирсэн урилгыг хүлээж аваад тоглоод л байна уу?

-Үгүй гэдэггүй юм. Заримдаа миний оюутнууд клип хийлгэнэ гэдэг. Зарим нь “Анхныхаа киног хийнэ” гэдэг. Тэдэндээ бол үгүй гэж хэлж чаддаггүй. Хөөрхий минь, багш нь дэмжихгүй бол хэн дэмжих вэ. “Тэдэн төгрөгөөр тоглоно” гээд гэдийчихвэл миний шавь гомдоно шүү дээ. Тэгж бодоод үгтэй ч бай үггүй ч бай бага ч бай, гол дүр биш ч бай яваад л байгаа.

-Та Цагаан сараар хуулиа л дагав уу, яав?

-Өө, хууль дүрэм нэг жаахан зөрчигдчих шиг болно лээ. Яг л сайхан гэртээ байсан чинь телевизийн нэвтрүүлэгт оролцооч гэлээ. Гэхдээ арваад хоногийн өмнөөс над руу ярьсан юм. “Монгол ёс заншилтай холбоотой Цагаан сарын нэвтрүүлэгт хүүхэд насны чинь Цагаан сарын тухай яриулах гэсэн юм” гэсэн. “Таны яриа их таалагдаж байна” гээд нэлээд яриулж авсан юм. Шинийн нэгэнд цаг нь багтаагүй зайлуул, нөгөө коронагийн мэдээ орж ирээд, саяхан гаргах шиг болно лээ. Гэртээ байсан чинь унаагаар сапп гэж аваад, буцаагаад авчирсан.

-Цагаан сарын өмнөхөн баахан хүмүүс шагнал авав даа. Таныг гавьяат болчихлоо гээд зарим нь андуураад байх шиг байсан?

-Зарим нь андуураад, зарим нь энэ хүн болчихоосой гээд зөндөө л юм бичсэн байсан. Ард түмэн сэтгэлээрээ энэ шагналыг өгөөд байгаа юм байна даа гэж ойлгоод урамтай гоё байсан.

-Төрийн түмэн нүд харах байх аа. Үзэгчийн хувьд удахгүй сайхан мэдээ дуулдана гэж найдаж байна?

-Би л настай хүн гээд насаараа түрээ бариад гавьяа шагнал авах гээд байвал намбагүй л юм болно. Нас бол яах вэ. Бүтээлээр авах учиртай. Итгэлт баяны дайтай дүр бүтээчихээд бардам явж байхад яах вэ. Тэгээгүй байж наана нь горьдоод хэрэггүй. Маршал Х.Чойбалсанг улс удирдаж байх үеэс эхлээд, хичнээн ч төрийн нүүр үзэв. Олон нийгэм үзэж байгаадаа баяртай байдаг. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор гимнастик хийгээд явж байсан хүн одоо ч гимнастикаа хаяагүй байгаадаа гимнастикийн Г.Норов багшдаа баярлаж явдаг даа. Спортын мастер байлаа шүү дээ. Миний үеийн жүжигчид дотор спортын мастер бөгөөд жүжигчин хоёрхон л байсан юм. Нэг нь циркийн Д.Дамдин гуай. 40 жилийн ойг нь үзэж байсан хүн одоо 100 жилийн ойг нь үзэх гэж байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Би чинь хэдэн ч алтан аяганаас ус уухын дайтай явна даа.

Categories
мэдээ нийгэм

ЗГОНХХ: 30-50 хувийн дүүргэлттэйгээр үзвэрийн үйлчилгээг нээхээр төлөвлөж байна

ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас ААН-үүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээгээд явна. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд нийтлэг түр журмыг боловсруулаад танилцуулсан. Хоёрдугаар сарын 20-н гэхэд энэ журмыг дэлгэрэнгүй танилцуулна. Жишээлбэл, үзвэрийн танхимд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлан 30-50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж болохоор зааж байгаа. Фитнесс заал мөн үүнтэй адилхан. 13 төрлийн 57 үйл ажиллагаанаас хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байгаа. Бүх үйл ажиллагааг нэг дор нээхэд эрсдэлтэй. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслээд шат дараатайгаар нээнэ. 23-ны өдрөөс дийлэнх бизнесүүд нээгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын тайлант хугацааг энэ сарын 26-ныг хүртэл сунгалаа

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан хоёрдугаар сарын 26-ныг хүртэл сунгажээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан авч байгаа.

Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХХОАТ-ын тайланг 110 мянган мянган иргэн ирүүлснээс 32 мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа хүргүүлжээ.

/Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

/Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  • Хүсэлт
  • Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх АНХНЫ жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх ДАРААГИЙН жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 63 мянган өрх шинжилгээнд хамрагдаж дууслаа

Баянгол дүүрэгт “Нэг хаалга–Нэг шинжилгээ” ажил амжилттай хэрэгжиж, 63 мянган өрхийг шинжилгээнд хамруулж дуусчээ. Тодруулбал хоёрдугаар сарын 11, 12, 13, 17-ны өдрүүдэд суурин 56 цэг, явуулын 97 цэгүүд дээр шинжилгээг авсан байна.

Ажлын хэсэгт:

– БГД, БЗД, СБД, СХД, ХУД, болон ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, УБТЗ-ын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд

– Дүүргийн ЗДТГ, 25 хороодын ажлын алба, харъяа хэлтсийн албан хаагчид

– Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын Цагдаагийн Хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид

– Наркологийн эмнэлгийн хамт олон

– Мөн тээврийн үйлчилгээ үзүүлсэн “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч нар үүрэг гүйцэтгэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Тусламжийн өвс, тэжээл эзэндээ хүрч буй эсэхийг “Тэжээл” аппликэйшнээр хянаж байна

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл”-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад нэг өрхөд дунджаар 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гарсан.

Нийт 45 мянга гаруй малчин өрхөд 11,800 тонн тэжээл хүргүүлэх тус ажлыг аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тусламж эзэндээ хүрсэн эсэх бүртгэлийг “ТЭЖЭЭЛ” аппликэйшнээр дамжуулан баталгаажуулж байна.

2021 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар:

  • Говь-Алтай аймагт нийт 630 тонн тэжээл ирснээс 330 тонныг 10 сумын малчин өрхүүдэд олгосон. Одоогоор 300 тонн тэжээлийг аймаг хүлээж аваад сумуудад тараах ажлыг зохион байгуулж байна.
  • Өмнөговь аймгийн 10 сумын 4,017 малчин өрх тусламжид хамрагдана. Гурван тэс суманд 149 тонн тэжээл олгохоос 132 тонн тэжээл олгосон. Бусад суманд хүргэх ёстой тэжээлийг 100 хувь хүргэсэн, сумдаас малчдад олгох ажил үргэлжилж байна.
  • Баянхонгор аймагт 790 тонн тэжээл ирснээс жигд хүртээмжтэй олгох зорилгоор сум бүрд 35 тонн, өрх бүрд хоёр тонноор хувиарлан түгээсэн. Нэмж 2,000 гаруй тонн тэжээл ирэхээр хүлээгдэж байна.
  • Дундговь аймагт 1,878 тонн тэжээл ирэхээс 936 тонныг нь малчдад тараагаад байна.
  • Өвөрхангай аймагт 16,398 өрхөд 4,100 орчим тонн тэжээл олгохоос 920 тонныг олгожээ.
Categories
мэдээ цаг-үе

ГХЯ: МИАТ компани тийзний үнээ бууруулна


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: УОК-оос гадаад улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлах хоногийг бууруулах, тусгай үүргийн нислэгийн хуваарийг урьдчилан 2-4 сараар батлах, иргэд тусгаарлагдах зочид буудлаа өөрсдөө сонгох, МИАТ компанийн тийзийн үнийг бууруулах шийдвэр гарсан.

Гадаад улсаас ирэх иргэд хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой. Гадаадаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлахаар болсон.

Маргааш Сөүл рүү, хоёрдугаар сарын 24-нд Турк улс руу, хоёрдугаар сарын 26-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Үүнээс гадна хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын хөл бөмбөг, жудогийн шигшээ багийн тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулах бэлтгэл сургуулилалтыг хангах үүднээс Хүннү айр компани Казахстан руу нислэг үйлдэнэ. Дээрх онгоц буцахдаа Казахстаны Алматы хотоос 85 орчим монгол иргэнээ авчирна. Гуравдугаар сарын 7-ны өдөр Япон улсад зарлагдсан онц байдал цуцлагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Японд хөдөлмөр эрхлэх зохих ангиллын визтэй болон тус улсад суралцах оюутнуудыг хилээр нэвтрүүлэх боломж нээгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Орон гэргүй иргэдийн дундаас батлагдсан тохиолдол бүртгэгдсэн

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа. Тэдний дундаас батлагдсан тохиолдол гарсан. Тухайн иргэний хавьтлыг нь бас тусгаарласан” гэх тайлбарыг өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Улсын Онцгой комисс, Хотын дарга, Цагдаагийн ерөнхий газартай хамтарч нийт орон гэргүй 850 орчим иргэний судалгааг гаргасан. Нийгмийн хамгааллын төвүүдэд байршуулж, байраар хангасан. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 107 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Хороо, дүүргээс нь ч гэсэн тэдгээр иргэдийг орон байраар хангах, хоол ундаар хангах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн анхааралд

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан иргэд анхаарна уу. Үүнд:

КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын PCR буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• Коронавирусийн шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

• Тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг буюу нийт 710,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг нийт 430,000 төгрөг байна.
• Дээрх төлбөрийг иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
• Тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой. Тухайн иргэн өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, төлсөн төлбөрийн бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын 11-318277, 1800-1105 дугаараар холбогдоно уу.
• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.

ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.
• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.

БУСАД АНХААРАХ ЗҮЙЛ

ХЭРЭВ ТАНТАЙ ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДСӨН БОЛ ЭСЯ-НЫ ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, 02-798-1950 ДУГААРТ ДАРУЙ ХОЛБОГДОЖ ШИНЭЧИЛНЭ ҮҮ.

1. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ийн Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу.
2. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй.
3. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана.
4. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байгааг иргэд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн нэг бүрийг УОК-ийн Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй болно.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Мөнхтүшиг: Гуравдугаар сард Сөүлийн чиглэлд зургаан нислэг үйлдэнэ

Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаад орнуудаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаар танилцуулав.

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.

Тэгвэл энэ сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Энэ сард дөрвөн нислэг төлөвлөж байсан бол өөрчлөгдөж, нийт долоон нислэг болсныг Л.Мөнхтүшиг хэлж байна. Харин гуравдугаар сард нийт 12 нислэг хийхээс зургаа нь Сөүл рүү хийх транзит нислэгүүд байна гэв. БНСУ-д халдварын тоо нэмэгдэж байгаа тул транзит нислэгээр авчрах иргэдээ Сөүлээс ирэх иргэдээс тусдаа авчрах юм байна.

Гуравдугаар сард Токио руу гурван удаагийн нислэг үйлдэнэ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 10 хоног, гэрт нь дөрөв хоног тусгаарлана гэв.

Шуурхай штабаас өгч буй мэдээллээр нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ гэлээ.