Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузааны эрчимшил буурч өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Урин дулаан цаг ирж, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч буйтай уялдаад мөс хэврэгшиж байгаа гол, мөрөн, нуурын мөс хэврэгшиж байна.

Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг 11:30 цагт хийлгэнэ

БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэхээр болжээ.

Харин дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм байна.

Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Зүй Ёс намын дарга Б.Насанбилэг: Өнөөдөр бид тусгаар улс ч маргааш аль нэг улсын хараат болсон байхыг үгүйсгэхгүй


Зүй Ёс намын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа.


-Зүй ёс намын зүгээс энэ жил болох Ерөнхийлөнчийн сонгуулийг угтаж “Мөнгөний сонгуулийг эсэргүүцье” уриалга гаргажээ. Мөнгөний сонгууль гэж юуг хэлээд байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийг сахин хамгаалагч,төрийн гадаад, дотоод тусгаар байдлын баталгаа, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлын илэрхийлэл, ард түмний төлөөлөл, иргэд ба төрийн хооронд тэнцвэр баригч, улс үндэстний эв нэгдлийн билэг тэмдэг юм.

Энэ үүднээс төвийг сахих учиртай Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулиар ялсны дараа бус сонгуульд нэр дэвшмэгц л намынхаа харъяаллаас татгалздаг байх, нэр дэвшүүлэх эрх эдэлдэг Улсын Их хуралд суудалтай нам эвслүүд намын харъяалал харгалзахгүйгээр төвийг сахисан, мэдлэг чадвартай, тулхтай, чигч шударга, олны хүндлэл хүлээсэн хүнийг олж нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлсэний дараа улс төрийн хүчний нөлөөллийг бууруулах үүднээс сонгуулийн зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн төрөөс дааж байх зэрэг сонгуулийг эрх тэгш, шударга явуулах боломж бол бий гэж Зүй ёс нам үзэж байна. Харамсалтай нь, Улсын Их хуралд олонхийн суудал эзэмшигч намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаазүй ёсны, шударга арга замыг эрэлхийлэхээс зайлсхийж, зөвхөн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд давуу тал олгосон сонгуулийн тогтолцоог бий болгосон байдаг.

Иймд 2 сарын 10-нд Зүй Ёс намын зүгээс өнөөгийн корона вирусын аюул хэвээр байгаа энэ хүнд цаг үед, ядаж л сонгуульд хэт их мөнгө зарахаас зайлсхийж, тэгш боломж, шударга ёсыг бага ч болов хадгалж үлдэх үүднээс “Мөнгөний сонгуулийг эсэргүүцье”уриалгыг гаргаж нийтэд мэдэгдсэн. 2020 оны 12 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсан бөгөөд 3-р сарын 1-нээс өмнө ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээгТөрийн аудитын дээд байгууллагаас зарлах гэж байна.

Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд нэр дэвшигч нь ухуулагч ажиллуулах, сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараах, самбар хийлгэж, байрлуулах, сонгогчидтой уулзалт хийх, ухуулах байр ажиллуулах, хэвлэл мэдээлэл ашиглах гэх мэтэд зарцуулж болох зардлын дээд хэмжээг зарлана гэсэн үг. Энэ нь зардлын дээд хэмжээ тул тултал нь зарлага гаргах шаардлага бол байхгүй. Гэхдээ энэ зардлын дээд хэмжээ хэт өндөр бол сонгууль шударга бус, мөнгөний сонгууль болж хувирна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөнгөөр өрсөлдөж, ялалт байгуулахын тулд эргээд барьцаалагддаг, бусдаас хараат байдалд ордог, шударга байх боломжгүй, хоёргүй сэгтэлээр улс эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, ард түмний төлөөлөл байх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Ийм шударга бус, мөнгөний сонгууль маш их мөнгөтэй, ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулж,улс төрийн хонжоо олж, эрх мэдэлийн тэнцвэрт байдалд нөлөөлөх гэсэн улс төрийн хүчин, бүлэглэлд ашигтай давуу тал үүсгэж, тэгш бус боломжийг л бий болгоход үйлчлэх нь тодорхой юм.

Тийм ч учраас Зүй Ёс намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөө барьцаалагдсан, хараат бус байхаас сэргийлж ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг зүй зохистой түвшинд байлгая гэдэг санаа санаачлагыг гаргаж, нийт иргэд дэмжигчдийн хамт дуу хоолойгоо төрийн холбогдох байгууллагад хүргэе гэж бодсон юм.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Яаж зардал багатай сонгууль явуулах вэ. Санал, хөтөлбөр байна уу?

Зардал багатай зохион байгуулах бодит боломж бол бий. Гол нь төрийн холбогдох байгууллагууд, улс төрчид Монголынхоо ирээдүйг бодож иргэний эр зориг гаргах шаардлагатай. Түрүүн хэлсэн, 3-р сарын 1-нээс өмнө сонгуульд зарцуулж болох зардлын дээд хэмжээг зарлана. Энэ дээд хэмжээг зүй зохистой түвшинд байлгах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэх юм. Жишээ нь хуулиараа 200 хүнд нэг ухуулагч ажиллуулж болно гэж байгаа. Сонгуулийн насны хүн 2 сая байна гэж тооцвол нийтдээ 10,000 ухуулагчийг зөвхөн нэг нэр дэвшигч ажиллуулах боломжтой гэсэн үг. Нэг ухуулагчид 1 сая төгрөгийн зардал гаргана гэж бодвол даруй 10 тэрбум төгрөгийн зардал болно. Дээр дурьдсан сонгуулийн сурталчилгааны зөвхөн нэг хэсэг нь шүү дээ. 10 тэрбум төгрөг зарцуулж чадахгүй нэр дэвшигчийн хувьд бол маш өндөр босго. Энэ 10 тэрбум төгрөгийг зөвхөн хувь хүнээс хандив авч цуглуулая гэвэл доод тал нь 3333 хүнээс хандив авах шаардлагатай болно. Аж ахуйн нэгжээс хандив авч бүрдүүлэе гэвэл доод тал нь 666 аж ахуйн нэгжээс хандивын дээд хэмжээгээр хандив цуглуулах шаардлагатай болно.УИХ-ийг сонгох сонгуульд орж байсан туршлагаас хэлэхэд энэ бол үнэнээр явбал дааж давшгүй даалгавар. Цаана нь самбар, сурталчилгааны материал, хэвлэл мэдээллийн зардал гэвэл тоймгүй их зардал гарна. Тийм ч учраас Зүй Ёс намын зүгээс ийм мөнгөний сонгуулийг эсэргүүцэж дараах 3 саналыг гаргасан байгаа.

Нэгдүгээрт, нэр дэвшигчид ухуулагч ажилуулахаа болъё, хоёрдугаарт, нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөр бүхий сурталчилгааны материалыг нэр дэвшигчдээс сонгуулийн ерөнхий хороо нэгтгэн авч, нэгдсэн журмаар хэвлэж сонгогчдод нэг л удаа тараая, /зардлыг нь төр даах ч юм уу нэр дэвшичдээс цуглуулж авч болно./ гуравдугаарт, хандивыг ил тод нэг дансаар хүлээж аван хэнд хэдэн төгрөгний хандив цугларсан, түүнийгээ хэрхэн зарцуулсныг ил тод мэдэгдэе гэж байгаа юм. Энэ санаа санаачлагад иргэд идэвхитэй хамрагдаж олон улсын туршлага, хувь хүний туршлагаасаа хуваалцаж байгаа тул Зүй Ёс намын зүгээс иргэдийн саналыг нэгтгэн Сонгуулийн Ерөнхий хороо, Төрийн Аудитын дээд байгууллагад шаардлага хүргүүлэх болно.

-“Мөнгөний сонгуулийг эсэргүүцье” уриалгыг хүмүүс хэр дэмжиж хүлээн авч байна вэ?

Иргэд дэмжиж сайнаар хүлээж авч байна. Шинэ, залуу нам болох Зүй Ёс намын хувьд гаргасан санаа санаачлагаа илүү олон хүнд хүргэхсэн гэж хүсч байна. Энэ боломжийг олгосон танай сонинд талархал илэрхийлье.

Аливаа зүйлд шинж тэмдэг, суурь шалтгаан гаж байдаг. Жишээ нь өнөөдөр нийгмийг хамарсан том аюул болсон “корона”-ийн шинж тэмдэг нь ханиах, халуурах, амьсгаа давчдах хэлбэр гэж ярьж байна. Суурь шалтгаан нь корона вирус буюу титэм вирус юм. Энэхүүсуурь шалтгаан болсон титэм вирусыг устгах буюу устгах аргыг нь вакцинаар дамжуулан хүний дархлааны системд зааж сургаж чадахгүй бол шинж тэмдгүүд алга болохгүй. Үүнтэй адилтган хэлбэл өнөөгийн манай нийгэмд авлигал, хээль хахууль, ажилгүйдэл, ядуурал, ёс суртахууны доройтол, хуулийн завхрал, айдас түгшүүр гээд төрөл бүрийн нийгмийн ялзралын шинж тэмдгүүд илэрчихээд, энэ нийгэм чинь ялзарч, дархлаагүй болчихлоо, арга хэмжээ аваач гээд аюулын харанга дэлдээд удаж байна. Суурь шалтгаан нь улс төрийн тогтолцооны ялзрал юм. Улс төрийн тогтолцооны тялзрал гэдэг нь улс төрийн институцууд нь бүлэглэлүүдээс хараат болж барьцаалагдсан, улс төрчид нь үүнтэй эвлэрч, улсын эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэсэн том эрх ашгаас илүүтэйгээр хувийн явцуу эрх ашгаа л боддог болсон, үүсгэсэн шударга бус тогтолцоогоо үхэн хатан хамгаалдаг болсон зэрэг ёс зүйгүй байдлаар илэрч байна. Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд нүүрлэсэн “титем вирус” нь мөнгөнд барьцаалагдсан улс төрчид, тэдний бий болгосон тогтолцоо гэж бид харж байна.

Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль нь улс төрийн тогтолцооны тулгын гурван чулуубайх учиртай. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлтээр 2028 оноос хойш улс төрийн нам нь бүх улс орныг хамарсан бүтэцтэй байх ёстой бөгөөд гишүүний тоо нь сонгогчдын нэг хувиас доошгүй /доод тал нь 30,000 орчим/ байх ёстой гэсэн заалт нэмж оруулсан нь энэхүү болзлыгхангаж чадах 1-2 хон нам, эвслийн эрх ашигт л үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл ард түмний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэг эрхийг боомилсон, төрийн эрх барьж байгаа 2 том намд л ашигтай, хяналт үгүй, хариуцлагагүй тогтолцоог бий болгох нөхцлийг хуульчилж авлаа. Сонгуулийн тухай хуулийн хувьд зөвхөн ерөнхийлөгчийн сонгууль гэлтгүй УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль гээд бүхий л шатанд мөнгөтэй нь ялах тогтолцоог хуульчилсан. Өөрөөр хэлбэл мөнгөтэй нь илүү танигддаг, мөнгөтэй нь илүү боломжтой байдаг, мөнгөтэй нь ялалт байгуулдаг, сонгогдсоныхоо дараа сонгогчиддоо биш мөнгөний эзэнд үйлчилдэг өнөөгийн шударга бус тогтолцоо Монголын нийгэмд нүүрлээд байгаа нийгмийн ялзралын суурь шалтгаан мөн гэдгийг иргэд ойлгож, биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

-Сонгуулийн үеэр гардаг зайлшгүй зардлаас гадна хэр их мөнгийг улстөрчид, улстөрийн намаас зарцуулдаг юм бол. Тоо судалгаа байна уу?

Сонгуулийн үеэр нэр дэвшигч 3 эх үүсвэрээс санхүүжих эрхтэй байдаг. Нэгдүгээрт иргэд аж ахуйн нэгжээс өгөх хандив, хоёрдугаарт намын хөрөнгө, гуравдугаарт өөрийн хөрөнгө.2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулж болох зардлын дээд хэмжээг 10.7 тэрбум төгрөг байхаар тогтоож, 6.8 тэрбум төгрөгийг улс төрийн намаас, 3.9 тэрбум төгрөгийг нэр дэвшигч өөрөө гаргахаар заасан. Улсын их хурлын сонгуулийн хувьд 2016 онд нам эсвлийн сурталчилгааны зардлын дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 5.9 тэрбум төгрөг болж өссөн. Энэхүү сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээ гэдэг нь зөвхөн хуулийн дагуу хэрэглэж болох зардлын хэмжээ бөгөөд тайлан тооцоонд тусгадаггүй далд санхүүжилт цаана нь өчнөөн тэрбумаар тоологддог нь хэнд ч нууц биш юм.

-Мөнгөтэй хүн сонгуульд ялалт байгуулдаг энэ тогтолцоо ямар үед алга болдог вэ?

Аливаа зүйлд шинж тэмдэг, суурь шалтгаан байдаг гэж ярилцлагын эхэнд хэлсэн. Энэ суурь шалтгааныг засаж залруулах тухай зогсолтгүй, тууштай ярих, бидний санаа санаачлагыг ойлгож дэмжих иргэдийн хүрээг тэлж, олны хүчийг нэгтгэж ажиллахаас өөр арга зам үгүй. Мөнгөний сонгуулийг халах, шударга өрсөлдөөнийг бий болгох, мөнгөөр биш, бодлогоор өрсөлддөг болох, барьцаалагдсан, явцуу бүлэглэлээс хараат бус, шударга, зөв хүнийг бид сонгуулиар гаргаж ирж, улмаар шударга бус тогтолцоогоо халж чадахгүй бол Монгол улс дархлаагүй, хүчгүй, сул, өрсөлдөх чадваргүй, иргэд нь ядуу, ажилгүй хэвээр байх болно. Ийм улсын ирээдүй ямар байх вэ гэдгийг бид бүгд маш сайн бодох цаг нь болсон. Өнөөдөр бид тусгаар улс ч маргааш аль нэг улсын хараат болсон байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Үр хүүхэддээ энэ сайхан орноо тусгаар тогтнолтой нь өвлүүлэн үлдээж, амь бөхтэй, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрах үндэс суурийг одоо л тавихгүй бол хожимдох вий.

Бид,УИХ-ын сонгуульд оролцсон Хүн нам, Социал демоакрат нам, Зүй ёс намын “Зөв Хүн Электорат”эвслээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бөгөөд эвслийн зүгээс “Ерөнхийлөгчөө захиалая” аянг зарлаад байна. Өөрөөр хэлбэл туйлшрахгүй, төвийг сахисан, ард иргэдийн эв нэгдлийн билэг тэмдэг болсон зөв Ерөнхийлөгч байх хүн нь хэн бэ гэдгийг иргэдээсээ асууж, тэдний захилгаар нэр дэвшигчээ тодруулах юм. Үүний хамт тэгш боломжийн төлөө Зүй Ёс намын зүгээс “Мөнгөний сонгуулийг эсэргүүцье” уриалгыг гаргаад байгаа билээ. Иргэд дэмжигчид, гадаадад байгаа Монголчууддаа хандаж, биднийг дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажиллахыг уриалж байна.Баярлалаа

Ярилцсан Д.ТУЯА

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 10-аар буурчээ

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл буюу хөл хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Б.Дашравдан: Гадаадад бизнес эрхлэгч монгол залууст хамтран ажиллах бизнесийн тогтвортой нэгдэл үгүйлэгдэж байна

-БИД ХУДАЛДААЧИН ҮНДЭСТЭН БОЛОХ ХЭРЭГТЭЙ-


“Дорнын түншлэл” Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдантай ярилцлаа.


-Юуны өмнө таны жиргээнд бичиж байгаа сэдвээр ярилцъя гэж бодож байна.Улс орнуудын паразитлан хөгжиж байгаа талаар бичсэн байсан.Ярилцлагаа паразитлан хөгжих буюу шимэгчлэн хөгжих гэж юуг хэлээд байгаа талаар эхлэх үү?

-Тэгье. Юуны өмнө хоёр зүйлийг тодруулъя гэж бодож байна. Нэгдүгээрт, эдийн засгийн шимэгчлэл, паразитлал гэхээр их муухай сонсогдож байж магад. Гэхдээ би энэ үгийг зохиогоогүй. Хятад судлаачийн бүтээлийг л товчлон хүргэж байгаа төдий. Үг биш утга дээр нь илүү фокуслахыг хүсье. Хоёрдугаарт, би Хойд Солонгос судлаач биш. Аливаа төрлийн төрийн дарангуйллыг дэмждэггүй ардчилсан үзэлтэй хүн. Сонгодог ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн. Баялаг бүтээгчдийг дэмждэг, төр аливаа бизнест хөндлөнгөөс бага оролцоосой. Нөгөө талаараа бизнесийнхэн ёс зүйтэй, шударга, ил тод аргаар баялгийг хуримтлуулж бүтээдэг байгаасай л гэж хүсч, чадлынхаа хэрээр нийгмийн сүлжээнд үзэл бодлоо түгээх гэж оролддог. “Хойд Солонгосын Эдийн засгийн паразитлал” нэртэй Хятад судлаач Жөү Ганы судалгаабий. Хятадын судлаачдын дунд сүүлийн үед “Хойд Солонгосын Эдийн засгийн паразитлал” гэсэн судалгаа хийгдэх болсон. Ганц Хойд Солонгос гэлтгүй Филиппин, Сенегал, Алжир, Вьетнам, Турк гэх улсууд хэрхэн цагаачдаараа дамжуулан бусад улсуудын Эдийн засгийн шимэгчилж буй тухай судалгаа юм.

20 гаруй жилийн өмнө Хятад өөрөө дэлхийн хамгийн том хуулбарлагч, бусад улсын эдийн засгийг Хятад гаралтнууд, цагаачдаараа дамжуулан шимэгчилж байсан туршлагатай учраас “эдийн засгийн паразитлалын судалгаа”-г өргөн хүрээнд хийх болсон. Гол зорилго нь Хятадыг ашиглаж хэн ашиг хийж буйг мэдэх юм. Энэ судалгааны явцад Хойд Солонгос Азийн хамгийн том паразит эдийн засгийг 2015 оноос хойш бүтээж буйг илрүүлэх болсон. Хойд Солонгос удахгүй 1978 оны Дэн Сяопиний эдийн засгийн нээлттэй хаалганы бодлогыг давтан хэрэгжүүлнэ. Ким Жөн Ун 2015 оноос жил бүр 500-1000 хүнээ оргодол нэрээр, албан ёсоор улсаасаа зугтаалгадаг. Тэд нар нь англи, хятад хэлтэй, компьютер, бизнесийн өндөр мэдлэгтэй 25-35 насны залуус байгаа юм. Хойд Солонгосын боловсролтой англи, хятад хэлтэй дүрвэгчид ихэвчлэн Малайз, Вьетнам, Индонез, Тайланд, Хятад руу очдог. Тэнд нь ЭСЯ-тайгаа холбоотой ах нар нь тосч авах авч ажилд зуучилдаг.Түүнчлэн гарааны жижиг бизнес эрхлэх мөнгийг нь өгдөг. Хойдууд одоо нүүрс зарах, зэвсэг нууцаар худалдах шаардлагагүй болж буй.Хойд Солонгосын зөвшөөрөлтэй дүрвэгчид анхандаа барилгын материалын худалдаа, оёдлын бизнес, хоолны газар ажилладаг байсан бол одоо онлайн худалдаа, электроникийн үйлдвэрлэл, олон улсын тээвэр зуучийн бизнес рүү орох болжээ. Тэд ихэвчлэн Манжуур, Казахстаны солонгосчуудтайгаа гэрлэдэг. Ким Жөн Ун “тахианы үүрэнд гавраа өсгөх үнэг” гэх Мэнзийн философийн сургаалыг эш болгон өөрийн бэлтгэсэн орчин үеийн Хойд Солонгосын бизнесийн шинэ үеийнхнийг Зүүн Өмнөд Ази даяар тараан байршуулсан нь амжилтад хүрч, тэдгээр залуус эхнээсээ хөрөнгийн эзэд болчихсон байна. Үүнийг Хойд Солонгосын эдийн засгийн Зүүн өмнөд Ази дах эдийн засгийн паразитлал гээд байгаа юм.

-Хойд Солонгосын эдийн засгийн паразитлал дээрээс асуухад эдгээр нутгаасаа гарсан залуус ямар боломжийг улсдаа бий болгоно гэж үзсэн бол. Эдийн засгийн паразитлалаас Хойд Солонгосын хэтийн зорилго нь юу байна вэ?

-Жөү Ган профессорын тооцсоноор 2025-2030 оны хооронд Ким Жөн Ун Хятадтай хиллэдэг хойд хэсэгт эх газрын, Шар тэнгисийн эрэг дээр далайн боомтын гэсэн худалдааны хоёр чөлөөт бүс бий болгохоор ажиллах болов уу. Мөн далайн чөлөөт бүстэйгээ зэрэгцүүлэн Казино байгуулна гэж үзсэн байна лээ. Хойд Солонгос хоёр чөлөөт бүс байгуулахад гол хөрөнгө оруулагчид нь 10-15 жил Хятад, Зүүн Өмнөд Азид тогтвортой бизнес эрхэлсэн Хойдын дүрвэгчид байх болохоос Хятад, Өмнөд Солонгос, Япон, Америкийн хөрөнгөтнүүд орж ирээд дураараа дургихгүй байх нь Кимийн хувьд амин чухал асуудал юм гэж үзсэн байгаа юм. Хойд Солонгос 2015 оноос хойш нутгаасаа гаргасан залуучуудаа эргэж дуудна. Тэр залуучууд нь баруунд гараад 5-10 жил бизнес эрхэлчихсэн, капиталтай болчихсон хүмүүс эх орондоо хөрөнгө оруулалтаа хийнэ. Одоо тэр хүмүүс ч эх орондоо татвар өгч байгаа. Энэ жишгээр Филиппин, Вьетнам, Зүүн Европын улсууд Африкийн улсууд, Армен, Гүрж, Лаосчууд эдийн засгийн паразитлалыг хийж байна. Филлиппин гэхэд гэрийн үйлчлэгчдээрээ дамжуулаад эдийн засгийн паразитлалыг хийсээр байгаа. Эдийн засгийн шимэгчлэл гэдэг эх нутагтаа бизнес хийхгүйгээр залуучууд гадаадад очиж сурдаг, тэндээ бизнес хийдэг. Тухайн улсынхаа боломжоос мөнгө олоод олсон мөнгөө эх нутагруугаа явуулдаг үзэгдэл. Үүнийг заавал системтэй хийх ёстой. Манай улс үүнийг төрөөс хийдэггүй юм аа гэхэд худалдааны бизнесийн клубүүд хийж болно.

-Манай улсын хувьд эдийн засгийн паразитлалыг хийх ямар боломжууд бий гэж харж байна?

-Манай улс хүн ам цөөнтэй. Жөү Ган судлаачийн өвөг нь Хорчины Монгол хүн бөгөөд “Хятад дахь Хойд Солонгосийн эдийн засгийн паразитлал” гэсэн судалгаанд Орос, Хятадад суудаг уугуул монголчууд, Монгол Улс болон АНУ, Япон, Солонгос дахь монгол хүмүүс нэгдэн бизнес эрхлэх олон улсын платформыг зохион байгуулж болохыг бичсэн байсан. ОХУ гэхэд манай үйлдвэрлэсэн бараанд өндөр татвар тавьдаг. Монголд үйлдвэрлэсэн барааг Хятадад гаргая гэхээр Хятад өөрөө үйлдвэрлэгч орон боломжгүй. Эдийн засгийн паразитлал, шимэгчлэл гэдэг нь Хятадад орж ирсэн гадаадууд гар хоосон орж ирээд, ажилчин-хувь эзэмшигч-эзэн гэсэн дарааллаар өсөн дэвжээд ирээдүйн ашгаа өөрийнхөө эх нутаг руугаа илгээх үзэгдлийг товчхондоо хэлээд байх шиг.Энэ утгаараа бид ч бас эдийн засгийн паразитууд. Бид арга эвийг нь олчихвол дотооддоо үйлдвэрлэсэн бараануудаа зарах бүрэн боломжтой. Бид гадаадад бизнес эрхлэх зорилгоор худалдааны бизнес клуб байдлаар ажиллаж, мэдээллээ солилцох ёстой. Манайхан нийтлэл бичихээр хэт ерөнхий том том сэдвээр яваад байдаг. Угтаа бид нарийвчилсан, тухайлсан нэг асуудлаар асуудалд хандаж сурмаар байгаа юм.

-Худалдааны бизнес клуб байгуулах ёстой гэж байна л даа. Энэ клубийг хэрхэн байгуулах вэ?

-Улаанбаатарын бизнес зөвлөл юм уу, Худалдаа аж ахуйн танхим худалдааны бизнес клубийг санаачилж болно. Хятадаас хөрөнгө оруулалт татчихсан хүмүүсийг нэгтгэж уях хэрэгтэй. Монголд байдаг БНХАУ-ын Жөжян мужийнхан л гэхэд Улаанбаатарт эрх ашгаа хамгаалдаг бизнесийн нийгэмлэгтэй байх жишээтэй. Өвөр Монголын Баяннуур аймгийн, Хэбэйнхэн гээд үргэлжлүүлээд байвал бараг бүгд л ийм нийгэмлэгүүдтэй. Гэтэл Хятадад бизнес эрхэлдэг монголчуудын бизнес клуб, тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэгдэл нягтрал алга. Бид бодитоор л нэгдмээр байна. Гадаадад бизнес эрхлэгч монгол залууст хамтран ажиллах бизнесийн тогтвортой нэгдэл өгүүлэгдэж байна.

-Түүнчлэн та Африк, Ази, Европын улсууд руу Хятадаас монгол залуус хэрхэн ре-экспорт хийдэг талаар жиргэсэн байсан. Монгол залуучууд яаж ре-экспорт хийх буюу экспортыг дахин дамжуулах бизнес эрхэлдэг бол?

-Одоогийн байдлаар Хонконг, Тайваньд сурч байгаа залуучуудыг оруулахгүйгээр 10 мянга гаруй оюутан БНХАУ-д суралцаж байна. Хятад улсад байгаа гадаад оюутнуудынхаа тоогоор манайх эхний тавд жагсдаг. Тоогоороо олон боловч чанарын үзүүлэлтээрээ хангалтгүй санагддаг. Дийлэнх нь бизнесийн удирдлага, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлээр сурдаг. Сайн залуучууд бий боловч ихэнх нь цаг нөгцөөх байдалтай суралцаад байна. Хятадад их, дээд сургууль төгсөөд англи, хятад, франц хэлтэй болсныхоо үндсэн дээр Хятадын бараа бүтээгдэхүүнийг Африк, Латин Америк, Азийн улсууд, Зүүн Европ, ОХУ руу гаргадаг монгол залуучууд бий болсон. Ингэхдээ дандаа хятад хамтрагчтай. Өөрөөр хэлбэл, Хятад улсад амьдарч байгаа мөртлөө Хятадад хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч болж байгаа залуучууд байна. Манай залуучууд дундаас Хойд Африк руу электрон бараа гаргадаг, Индонез Лувак кофег Хятад руу импортолдог Энэтхэг-Хятадын хооронд сонгино, халуун ногооны арилжаа эрхэлдэг гээд олон шинэ бизнестэй залуус гарч ирж байна. Тэд бүгд л анх Хятадад оюутан болж очсон залуус. Тэндээс л боломжоо босгосон. Үнэндээ эндээс чемодантай хувцастайгаа очоод л өнөөдөр хөл дээрээ босч буй хүмүүс. Бас нэг зүйл хэлэхэд бид хилийн гадна байгаа монгол үндэстнүүдээ хэрхэн үзэх вэ гэдэг туйлын эмзэг асуудал байна. Энэ ойлголтыг эртхэн цэгцлэх хэрэгтэй. Бид хувь заяаны эрхээр Хятад болон Оросын, өөр бусад орны иргэншилтэй болсон монголчуудаа ойлгож, хүндэлж, хайрлаж чадвал соёл, эдийн засгийн шинэ шинэ боломжуудтай болохоор байна. Жишээлбэл Шанхай, Гуанжөүд офисстой Ложистикийн тээвэр хийдэг компанитай Урнаа гээд Японд сургууль төгссөн, өмнөд монгол эмэгтэй бий. 3000 хүнтэй бизнестэй. Тэдний компанид монгол, өмнөд монгол, буриад, халимаг гээд нийт ажилчдынх нь 80 гаруй хувь нь монгол үндэстнүүд ажилладаг. Европ, Африк руу эргэлттэй. Зимбабве юанийг мөнгөн тэмдэгтээрээ ашиглаж эхэлснээс хойш Харарегийн валютын ченж эхнэр нөхөр хоёр Жаргал юанийн саятнууд аль хэзээний болсон. Нөхөр нь Өмнөд монголын Баяннуурынх, эхнэр нь Хөвсгөлийнх. Монголдоо амьдрах гээд ирэхээр нь хужаа нөхөртэй хүүхэн гээд хөөгөөд явуулсан.

-Гадаадад бизнес эрхэлж байгаа залууст улсаас нь ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?

-Энэ залуучуудын дийлэнх нь Монголд орж ирж бизнес хийхгүй. Би Хятадад бизнес хийдэг байлаа гэж бодъё. Би Хятадын Ийвүү хотоос электоран бараа хойд Африкийн улсууд руу зардаг байя. Угтаа би Монголд компаниа бүртгүүлмээр байгаа юм. Гэтэл өнөөдөр төр намайг яаж дээрэмдэхийг мэдэхгүй. Төсөөлөл байхгүй. Төр биш юм аа гэхэд өөр нөхдүүд орж ирээд миний бизнесийг булаах бүрэн боломжтой. Монголчууд бие биенээ дэмждэггүй. Тиймээс би Монгол руу орж ноу-хаугаа хуваалцаж байсны оронд мөрөөрөө Араб Африк Хятадтайгаа хэлэлцээ хийж байсан нь дээр. Энэ систем рүү залуучууд орчихсон. Гадаадад бизнес хийж байгаа залуучуудад хэд хэдэн асуудал тулгардаг. Сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Эдгээр залуучууд өөр өөрсдийнхөө боломжоор бизнес хийж байгаа болохоос өргөн утгаар нь бизнес яаж хийх вэ гэдэг олон улсын эрх зүйн мэдэгдэхүүн байдаггүй. Энэ зөвлөгөөг Монголоос авмаар байдаг. Гэтэл манайд олон улсад зөвлөгөө өгдөг нэг ч компани байдаггүй. Энэ талаар ойлголт бүр огт байхгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхим юм уу эсвэл өөр бизнесийн клубүүд хилийн чандад бизнес хийж байгаа залуучууддаа сэтгэл зүйн дэмжлэг өгдөг, олон улсын хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгдөг, санхүү бүртгэл хөрөнгийн бирж дээр яаж ажиллах тал дээр зөвлөгөө өгдөг үйлчилгээг төвлөрүүлэх ёстой. Бидэнд онлайн худалдааг хөгжүүлэх маш том боломж бий. 1.500 мянган хүн амтай хотын зах зээл жижигхэн зах зээл биш. Бид худалдаачин үндэстэн болох хэрэгтэй. Үүний тулд маш сайн системтэйгээр бэлдэх ёстой. Тэгэхгүй бол монгол залуучууд бусад орныхтой харилцсаар байгаад ууслаа ш дээ.Татвараа тэнд төлөөд эрдэм ном сурсны хэрэг байхгүй болчихоод байна л даа.

-Хятадын худалдааны онцлог юу юм бэ?

-Манай эдийн засаг дэлхийд 133-т орж байгаа. Монгол, Хятадын худалдааны асуудлыг ярихын тулд манайх хэтэрхий улс төрийн түвшинд том том төслийг яриад байдаг. Бизнес хийхийг нь дагаж хуйлраад байдаг. За яахав, энэ харилцаа нь явж байг гэхэд хүн хоорондын харилцааг сайжруулах хэрэгтэй. Манай улсын хамгийн том давуу тал Хятадад дөрвөн сая монгол үндэстэн байна. Хилийн хойно нэг сая орчим буриад,халимаг, Тува үндэстнүүд байна. Энэ бүгдээс харахад Евразийг холбосон чөлөөт худалдааны дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх маш том боломж бидэнд бий. Арменуудын нэг туршлага байдаг. Эх нутагтаа байгаа армен хүн заавал гадаадад байгаа хоёр арментай найзлах ёстой. Монголд байгаа залуучууд бизнес хийх гэж байгаа бол гадаад иргэншилтэй заавал хоёр монгол найзтай байх ёстой. Хүн хоорондын контакт сайн байж бизнес явна.

-Хятадуудтай худалдаан дээр яаж харилцах ёстой юм. Хэрхэн үр ашигтай эдийн засгийн харилцаа үүсгэх вэ?

-Яг өөрсдийнх нь аргаар харилцах хэрэгтэй. Хятад хүнтэй харилцахын тулд хамгийн багадаа хоёр жил найзалж явах хэрэгтэй. Манайхан хонь, адууны маханд дуртай юм чинь өөрийнхөө дуртай зүйлийг хүмүүст зарах гээд байдаг. Хятад, солонгосчуудтай худалдаа хийхийн тулд юунд нь дуртайг нь мэдэж байж тэрийг нь үйлдвэрлэх, эсхүл зуучилдаг байх хэрэгтэй. Манай эсгий таавчигийг хаана ч авахгүй. Эсгийгээр таавчиг биш олбог хийж Өмнөд Хятадад зарах гарц бий. Бээжингээс урагш нийтийн халаалт байхгүй, кондейшн асааж өвлийг давдаг. Хятад эмэгтэйчүүд гэр, оффистоо олбог сандал дээрээ тавьж суух нь хэвшил болсон зүйл. Үйлдвэрлэгч худалдан авагчийнхаа хэрэглээг тооцох нь чухал.Түүнчлэн Хятадын авлигын нөхцөлийн талаар сайн мэдэж байх ёстой. Заавал томоор сэтгээд байх хэрэггүй. Хятадууд ямар бэлэг авч сэтгэл нь хөдөлдөг гэдгийг мэдэж байх ёстой. Хоолонд орж байхдаа ямар цай, дарс уудаг.

Ямар үг хэлэхэд сэтгэл нь хөдөлдөг вэ гэдгийг мэдэж байх ёстой.Монголд бизнесийн соёл төлөвшөөгүй. Манайхан ёс зүйгүй бизнес хийсээр байгаад гайгүй мөнгө, төгрөгтэй хүмүүсийг 10 жилийн өмнө хөөгөөд гаргачихсан. 2013 он хүртэл уул уурхайн бүүм явлаа. Тэгэхэд маш олон хятад, өмнөд монголчууд банкнаас зээл аваад Монголд нүүрс алтны уурхайд мөнгө хийчихсэн. Монгол талынх нь хулхидаад одоо хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 100,100-гаараа шоронд орчихсон. Иймэрхүү байдалтай байвал Хятад, Солонгос, Зүүн Өмнөд Азиас дандаа нутагтаа шахагдчихсан ёс зүйгүй авлига өгдөг нөхдүүд л манайд орж ирнэ. Бид худлаа ярихгүй бол жинхэнэ гадаадын хөрөнгө оруулагчид ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, хэвийн горимд шилжлээ

Нийслэл хот 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн буурч, шар түвшинд шилжлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд явагдсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 442303 өрхийг шинжилгээнд хамруулж, массын дунд, далд, шинж тэмдэггүй байсан 102 тохиолдлыг илрүүлсэн байна.

Шинжилгээний хүрээнд 287037 иргэн явуулын багаар, 155266 хүн суурин цэгт ирж шинжилгээ өгчээ. Ийнхүү өнөөдрөөс нийслэл хотын иргэд бизнесүүдээ нээн, амьдралын хэвийн горимд шилжихээр болж байна.

Хөл хорионы дэглэм буурна гэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр засаг гээд бүх түвшиндээ хариуцлагаа нэмэгдүүл гэсэн үг гэдгийг ойлгож, хамтдаа хариуцлагатай байцгаая.

Categories
мэдээ нийгэм

“Чанга гар”-ыг нэг жил үзүүллээ, сайхан байна уу?

Манай нийгэм байсхийгээд л нэг хүний удирдлагад орох ёстой, чанга гараар удирдуулах цаг нь болжээ гээд шуугьцгаадаг. Тэгээд Орос, Хятадыг жишээ болгон “Хоёр хөршөө сайн хар, хөгжил дэвшил нь ямар мундаг байна. Монголд одоо Путин шиг, Си Жиньпин шиг удирдагч хэрэгтэй байна, чанга гар удирдаж л улс орон хөгжинө” гээд хаа сайгүй ярьж бичицгээдэг. Ялангуяа хоёр хөршийн удирдагчид ганц хүний дэглэмээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж урт удаан хугацаанд улс орноо удирдах шийдвэр гарах үеэр “чанга гар”-ын тухай бүр илүү яригдаж, нийгмийг бараг бүхэлд нь хамарна. Улс төр, нийгмийн судлаачид сүүлийн таван жилд хоёр хөршөөс ардчиллын эсрэг явуулж байгаа үйл хэрэг, үзэл санааг дэмжигчид манай нийгэмд цар хүрээгээ улам тэлснийг, мөн чанга гар хэрэгтэй хэмээн ятган ухуулах хүмүүс хаанаас ч юм гарч ирэн нэмэгдсээр төд удалгүй хүчийг авсныг баримт судалгаатай хэлдэг.

Тэгвэл монголчууд бид сүүлийн бүтэн нэг жилийн хугацаанд “чанга гар”-ыг үзэж, “чанга гар”-ын дор амьдарлаа. 2020 оны эхээр Монголын төр ковидын халдварыг дуулсан даруйдаа шууд сургууль цэцэрлэгийг хааж, залгуулаад нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж албан байгууллагуудын үүд хаалгыг янгинатал түгжсэн. Үндсэндээ ковидын халдвар дотооддоо гараагүй, иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг аль болох чандлан сахиж байхад бүгдийг хорьж цар тахлын тухай олон нийтийг дарангуйлсан хууль журам гаргаж баталсан. Ковидтой холбоотой аливаа мэдээллийг ЭМЯ, Улсын онцгой комисс л хууль ёсны дагуу мэдээлэх эрхтэй, бусад хэвлэлийн газрууд болох сонин, зурагт, радио, цахим сайт дур мэдэн олон нийтэд мэдээлэл хүргэх эрхгүй, хэрвээ олныг төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн амыг барьж багалзуурдах гэж дайрсан. Мөн тухайн иргэн өөрийн дуу хоолойгоо хэний ч хамааралгүй хүргэдэг хувийн орон зай цахим сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болж, төр засгийг шүүмжилсэн, УОК болоод шуурхай штаб, Эрүүл мэндийн яамныхны алдаа дутагдлыг хэлсэн бол Зөрчлийн хууль болон бусад хуулиар шийтгэл хүлээдэг болсон.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан хуучны До яам шиг алба байгуулагдсан. Ингээд ковидын мэдээлэл хийхдээ өглөө бүр “Тухайн иргэн явсан газар орноо хэлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу гурван жил хүртэлх хорих ялтай. Бусдад санаатайгаар өвчин халдаасан бол 1-5 жил хүртэл хорих ял эдлүүлэх хуультай. Цахим орчинд худал мэдээлэл түгээсэн 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчиллаа, 590 иргэн хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох хуулийн арга хэмжээ авлаа” гэх “До яам”-ны мэдээллийг байн байн иргэдэд айдас түгшүүртэйгээр хүргэж ард олныг сэтгэл санааны дарамт, цочролд оруулдаг байсан. Амгалан хурандаагийн ахалсан албаны ганцхан удаагийн мэдээллийг хүргэхэд ийм байна. Мөн “Монгол Улсын хилийг 20 километр дотогш татсан уу” хэмээн цахимд гарангуут цагдаагийнхан маш шуурхай ажиллаж тухайн мэдээллийг анх гаргасан байж болзошгүй нэр бүхий таван хүнийг албадан саатуулж баривчилсан. Улсынхаа эсрэг гэмт хэрэг хийсэн мэтээр цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийн Баатархүү гэж нөхөр тэр дор нь сүр дуулиантай мэдэгдэл хийж байсан.

Эх орныхоо газар нутгаас 20 километр газрыг хоёр хөршийнхөө нэгд өгчихсөн юм биш биз хэмээн хардаж асуусныхаа хариуд, иргэн хүнийхээ мэдэх эрхийн хүрээнд мэдээллийг гаргаж тавьсныхаа үр дүнд бараг л төрийн эсрэг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгогдсон. Уул нь мэдээллээ гэж пижигнэх биш, энэ мэдээлэл худал бол худлаа шүү гэдгээ маш түргэн хэлэх хэрэгтэй байсан юм. Хил дотогш татсан, худал мэдээ хоёрын аль нь айхавтар үр дүнтэй вэ гэдэг нь хэний ч мэдээжийн асуудал. Хил хязгаараа хэн нэгэн нь хэн нэгэнд найр тавиад өгч байснаас худал мэдээлэл ч болтугай тараагаад ингэж сэрэмжлүүлж байдаг иргэдтай байсан нь хамаагүй дээр шүү дээ. Яг ийм байдлаар цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн хичнээн иргэний мэдээлэл устгагдсаныг тааварлахын аргагүй. Ямар чиг байсан цагдаагийн нэг удаагийн мэдээллээр “21 төрлийн хууль бус контентыг устгалаа” гэж мэдэгдсэнийг санаж байна. Ингэж УОК шуурхай штаб нь өглөө бүр шүд зууж ирээд л барина, хорино, торгоно, устгана гээд мэдэгддэг. “Бидний ажил үүргийг хошин урлагийн жүжигчид элэглэн доромжилж, нэр төрд минь зориудаар халдлаа, үүнийг зохих газарт нь өгч шалгуулна” гээд яаж даналзаж, тачигнаж байсныг бид мэднэ. За тэгээд гэрээсээ гарах эрхгүй, тухайн байранд сэжигтэй ганц тохиолдол гарсан бол байраар нь хичнээн ч хоногоор хамаагүй шорон шиг хорьдог, цагдаагийн битүү бүслэлтэд байлгадаг. Хөдөөнөөс автобус дүүрэн хүмүүс ирэхэд цаад газраас нь зүгээр гэж явуулчихаад 22-ын товчоонд өдөржин саатуулж, гадаа гарган бие засуулах нь бүү хэл хоорондоо ярихыг нь бараг хориглон цагдаа нар үүд хаалгыг нь түгжиж зогсоод, өдөржин байсан хүмүүс аргаа барахдаа нэг нэгийгээ халхлан автобусан дотроо хувинд бие засаж, эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг гутаан доромжилсон. Энэ тохуутай байдал нь хүний аминд ч хүрсэн гээд нэг жилийн хугацаанд монголчууд минь юу эсийг үзэв. Алхам тутам бүрт хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, ардчиллын амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг яаж боомилж, эрхтэн дархтнууд хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэл рүү яаж дайрч, нийгмийг тэр чигт нь амыг нь барихын төлөө улайран тэмцсэнийг бид хангалттай харлаа, үзлээ, бие сэтгэлээрээ мэдэрлээ. Энэ хугацаанд хувь хүн гэдэг бол юу ч биш, түүнийг яаж ч дээрэлхэж ямар ч эрхийг нь гутаан доромжилж болдог юм байна гэдгийг бид яс махандаа ортол ойлгов. Хүмүүс ямар амархан эрх мэдэлд дасч тэрнийгээ хамгаалах гэж бусдыгаа гөлөг нохой болгодгийг наад захын жишээгээр хэлэхэд энэ өвөл цагдаа нар шиг эрх мэдэлтэй баян жаргалтай монгол хүн та харав уу? Гадаа байж үл ялиг даарсныг нь эс тооцвол.

Тэгэхээр монголчууд минь “чанга гар” гэдэг, нэг хүний удирдлагад байна гэдэг үнэхээр хүсмээр зүйл байна уу? Огтоос хүсэх юм биш байгаа биз дээ! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, төр засгаа шүүмжилбэл ардын дайсан болдог, цаашлаад төрийн гэмт хэрэгтэн, магадгүй төрийн эргэлт хийхийг санаархсан хүн болж хувирдаг, алхам бүртээ бусдын эрхэнд айдас түгшүүртэйгээр амьдарна гэж бодохоор юу болох уу. Ганцхан жилийн дүр зургаас харахад бид ямар дэвшилтэт, эрх чөлөөт нийгэмд өөрсдийнхөө дур зоргоор, аз жаргал дүүрэн, туурга тусгаар улсын иргэн гэсэндээ толгой дээгүүр амьдарч ирснээ яс махандаа тултал ойлгож байгаа байх хэмээн горьдож байна. Ардчилсан орон гэдэг бол хүн төрөлхтний өөрсдийн дураар амьдарч болох энгийн сайхан жишиг. “Социализмын үед сайхан байлаа, ардчилал гарч ирснээр бид ядуу гуйлгачин амьдарч байна” гэж хэлэх хүмүүс байдаг. Энэ бол дэндүү өнгөцхөн бодол байх аа. Ерэн оноос хойш монголчууд улс шиг улс болох гэж унаж босч яваа. Түүнээс өмнөх 300 жилд бид бусдын мэдэлд байсан. Эхний 200 жилд нь Монголын хувь заяаг Бээжинд шийддэг байсан. Дараагийн 80 жилд нь Москвад шийддэг болсон. Крымлын гинжнээс уяатай байхад Монголын өнгөтэй өөдтэй, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхнийг орос ах нар хядсан. Ихэнх Ерөнхий сайд нарыг Москвад егүүтгэсэн, жишээлбэл Монгол төрийн хамгийн шударга сайд гэгддэг Агданбуугийн Амарыг Монголын төрт ёсны баяр наадмын өдөр монголчуудад бэлэг барьж байгаа мэт хорсолтойгоор буудсан. Монголын агуу удирдагч гэгддэг Чойбалсанг монгол түмний баяр Цагаан сарынх нь өмнө алаад шарилыг нь нааш нь явуулсан байдаг. Сүүлд монгол төрийг 44 жил удирдсан Цэдэнбалын эмгэнэлт хувь заяаг бид мэднэ. Ардчиллыг үгүйсгэж, чанга гарыг хүсэхэд ийм л хувь заяа биднийг хүлээж байгаа.

Монголд ардчилсан хувьсгалыг байгуулалцсан хүмүүсийн нэг Э.Бат-Үүл “Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. “Чанга гар” хэрэгтэй хэмээх олон түмэн цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас дарангуйлагч болох тэр хүн зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийнхөө удирдагчийн хөнжилд орж таарна” гэдгийг шуудхан хэлдэг. Ингэснээр Монгол төрийн асуудал урьдынх шиг Москвад юм уу, Бээжинд шийдэгдэх гунигт түүх давтагдана, нүүрлэнэ. Хэрвээ тийм цаг ирвэл Үүл баатрын хэлсэнчлэн Монголын уул уурхайн баялаг тэр дотроо стратегийн ордууд (Оюу толгой,Таван толгой, Эрдэнэт)-ыг хоёр хөрш шийднэ, мөн Монголын гадаад бодлого ямар байх, ямар улстай харьцах, олон улсын ямар байгууллагад элсэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын индэр дээрээс үг хэлэх зэргийг гадаадад шийднэ. Монголыг хэн удирдахыг шийднэ, тавиул Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд бий болно. Халимаг, татар, уйгар залуучуудыг шоронд хорьсон шигээ монгол залуусыг бөөнөөр нь тууж аваачиж хорино. Монголчуудын өргөн хэрэглэж байгаа интернэтийн facebook, google, youtube, twitter зэрэг Америкийн платформуудын оронд Оросын яндекс, контакт, телеграм Хятадын wechat, weibo, baidu буюу Москва, Бээжингээс зөвшөөрсөн интернэт ертөнцөд амьдарна. Хүссэн хүсээгүй ийм байдал бий болно.

Путины эсрэг тайван жагсаал хийхэд ард иргэдээ яаж хорьж тамлаж байгааг, Си дарга авлига нэрээр Хятадын сэхээтэн бүхнийг цаанаа хядаж байгааг бид мэдэж л баймаар. Ардчиллын замаар явснаар ядуу гуйлгачин болсноо гайхаж газар сайгүй зүхдэг. Гэтэл бүтэн жилийн хугацаанд хил хаалттай байхад бид хэнээс ч гуйлга гуйлгүй сайхан амьдарч болж байна. Хуучин нийгмийн үед ингэсэн бол ёстой сүйрчихсэн, жинхэнэ ядуу гуйланчлал гэдэг чинь нүүрлэчихсэн, өлссөндөө нэгнээ барьж идэхдээ тулчихсан байгаа. Ерэн онд ганц орон хилээ хаахад л дэлгүүрийн лангуу хоосорч нийтээрээ картын бараанд орж байсан. Орос, Хятад шиг ганц хүний дэглэмд орно, “чанга гар”-аар удирдуулна гэдэг үнэндээ хүсмээр зүйл биш гэдгийг маш товчхоноор хэлэхэд ийм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс иргэд 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд орон нутаг руу зорчино

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон. Харин өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа.

Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтрэх юм.

Үүнтэй хоблогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд найман газар хэсэгчилсэн хөл хорио тогтооно

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас өнөөдрөөс зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тодруулбал,

ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

ХУД, 12-р хороо, 62-р байр

ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

ЧД, 19-р хороо, Дээд салхит 1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Бямбажаргал: 2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий

Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор уг хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ойлгож байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажил ид өрнөж байна. Үүний дагуу хийгдэх нэг чухал хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. 1992 оноос хойших Ерөнхийлөгчийн институцийг бид гурван хэсэгт хуваан үзэж болно. Ингэж хуваах нь засаглалын суурь бүтцэд анх буюу 1992 онд хагас Ерөнхийлөгчийн маягийн засаглал, хожим 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Парламентын засаглал тийш хандсан, улмаар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрэн Парламентын засаглал бүхий тогтолцоог нэг мөр баталгаажуулсан явдалтай холбоотой. Энэ нь 2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий гэдэгт гол ач холбогдол нь байгаа юм. Иймд шинээр батлагдах хууль дээрх агуулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилсэн найруулгын түвшинд батлагдах гаргах учиртай.

-Та сая хэллээ 1992-2000 он, 2000-2019 он хоорондох, 2019 оноос хойших Ерөнхийлөгчийн институцийг зарчмын ялгаатай гэж, энэ зүйлийн тодруулахгүй юу. Одоо батлагдах хууль чухам яагаад өмнөх хуулиудаас ялгаатай юм бэ?

-Гол ялгаж буй шалтгаан нь засаглалын хэлбэртэй холбоотойг. Бүгд найрамдах улс дах засаглалын хэлбэрийг ангилах гол шалгуур нь Засгийн газрыг хэн байгуулж, тэр нь хэний өмнө хариуцлага хүлээж буйгаар Парламентын, Ерөнхийлөгчийн, Холимог гэх зэргээр ангилдаг. Манай орны хувьд 1992 оны Үндсэн хуулиар хэдий сонгуулийн үр дүнд олонх болсон нам засгийн газрыг байгуулахдаа заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж Ерөнхий сайдыг томилохоор зохицуулж байв. Энэ үед Ерөнхийлөгчийн оролцоо Засгийн газрыг байгуулахад өндөр байсан учраас Да.Ганболд гэж хүнийг Н.Багабанди Ерөнхийлөгч найман удаа буцааж эцэст нь өөр хүнийг томилсон. Энэ нь манай улс холимог буюу хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байсны нотолгоо. Гэхдээ энэ байдал нь анх 1992 онд Үндсэн хууль төсөл санаачлагчдын саналыг “281” холбоо гуйвуулсантай бас холбоотой байдаг. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Парламентын засаглал руу том алхсан бөгөөд нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг Ерөнхийлөгчөөс шууд хамааралгүйгээр буюу олонх болсон нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа гаргаад түүнийг долоо хоногт Ерөнхийлөгчтэй зөвшилцөж санал гаргаагүй бол шууд УИХ-д оруулан засгаа байгуулах боломж бүрдсэн.

2019 оны өөрчлөлт бол өмнөх 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн санааг улам бүр гүнзгийрүүлж Ерөнхийлөгчийн институцийг төрийн эрх мэдлийн хяналт тэнцэлд илүү бэлгэ тэмдгийн чанартай байж түүнд цаашид гүйцэтгэх эрх мэдэлд хязгаартай оролцох агуулгаар зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулсан. Энэ дагуу нөгөө талд нь Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлэх, ачааны хүндийг үүрэг боломжийг олгосон.

-1992 онд анх Ерөнхийлөгчийн институцийг төсөл боловсруулагчдын төсөөлж байснаас өөрөөр баталсан гэдэг юу гэсэн үг вэ?

-Монгол Улсад Ерөнхийлөгч гэх албан тушаал анх 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиас эхлэлтэйгээр бий болж БНМАУ-ын Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар Ардын Их Хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгож байсан. 1992 оны Үндсэн хуульд өмнөх төрийн тогтолцооны олон элемент уламжлан орсон байдаг. Ерөнхийлөгчийн институцийг Үндсэн хууль боловсруулсан ажлын хэсэг, ариутган шүүсэн Улсын Бага Хурал төрийн эрх мэдлийн хяналт тэнцэлд УИХ-аас сонгогдох агуулгаар бодож боловсруулсан болох нь эргэлзээгүй. Гэтэл Ардын Их Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад анх бодож байсан зүйлсэд зарим нэг өөрчлөлт орсон. Учир нь тухайн үед “281” гэх тодотголтой хэсэгт депутатууд Ерөнхийлөгчийг шууд иргэд сонгох ёстой гэдэг хөдөлгөөн өрнүүлж тэдний санал, шахалтаар төслийг өнөөгийн хэлбэрээр өөрчлөн баталсан түүхтэй. Энэ үед анх бодсон зүйл явцдаа өөрчлөгдөж сүүлд нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай байхаар нэг талаас “281”-ийн холбооны санал, нөгөө талаас УИХ-аас хууль гаргах замаар хоёр дахь шатны сонгуулийг хийх гэх “анхдагч төслийн санал” аль аль нь зэрэг дэмжигдсэн хэрэг. Тэр үүднээсээ тухайн үед төсөл санаачлагчид УИХ-аас Ерөнхийлөгчийг томилдог, мөн огцруулдаг, Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцдаг, Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-д суудал бүхий нам нэр дэвшүүлдэг гэдэг заалт үлдсэн юм. Харин дээрх гажуудлаас үүдэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд орж ялалт байгуулах нэр дэвшигч аль ч УИХ-ын гишүүнээс өндөр саналтайгаар, мөн ард түмний төлөөлөл гэж хэлэн засгийн бодлогод өөрөө мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцох зэргээр олонхын Засгийн газрыг улс төрийн шалтгаанаар шахан гаргаж нэг талаар Гүйцэтгэх эрх мэдэлтэй эн булаацалдах, дахин нэг Засгийн газрын үүрэг гүйцэтгэх гэсэн амбиц бүхий субьект болж хувирсан байдаг. Тийм ч учраас 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго Гүйцэтгэх эрх мэдлийн ачааны хүндийг зөвхөн Засгийн газар байх чиглэлд томоохон зарчмын шинжтэй алхам хийсэн хэрэг.

-Тэгвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл байхыг зөвшөөрөх вэ. Нөгөөтэйгүүр ямар эрхүүд нь хязгаарлагдаж байгаа бол?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямартаа ч гүйцэтгэх эрх мэдэлд оролцох Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж чадсан. Энэ нь дараахь байдлаар хийгдсэн. Нэгт, Засгийн газрыг байгуулах хүрээнд Ерөнхийлөгчид байсан эрх болох Үндсэн хуулийн 33.1.2-т заасан эрхийг хүчингүй болгож, Засгийн газрыг эмхлэн байгуулах 39.2-т шинээр оруулсан. Хоёрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг заасан 33 дугаар зүйлийн 33.4-т өмнө байсан Ерөнхийлөгчид хуулиар бүрэн эрх олгож болох заалтыг хязгаарлаж зөвхөн түүний үндсэн бүрэн эрх гэж 33.1-т заасан 12 орчим бүрэн эрхийг л хуулиар зааж болох гэх томоохон өөрчлөлт оруулсан. Гуравт, Ерөнхийлөгчийн өөрийнх нь саналаар Үндсэн хуулийн 26.1-т түүний хууль санаачлах эрхэд хязгаар тогтоож болох заалтыг оруулсан. Чухамдаа энэ шалтгааны улмаас Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгож байх болсон. Иймд Ерөнхийлөгчид 1992 оноос хойш өөрөө болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс санаачлан 40 орчим хуулиар түүний үндсэн бүрэн эрхэд үл хамаарах эрхийг олгосон хуулиудыг өөрчлөх шаардлага гарч түрүүчээсээ Шүүхийн тухай хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилдог, Сахилгын хорооны гишүүдийг томилж байсныг хязгаарласан. Товчдоо энэ мэтээр түүний бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрх болон Үндсэн хуулийн өөр хэсэгт буй бусад бүрэн эрхийн хүрээгээр хязгаарлах, мөн хууль санаачлах эрхэд хязгаарлалт тогтоох буюу Засгийн газар бодлогоо дэвшүүлэн санаачлах асуудлаар хууль давхар санаачлахгүй байх зэрэг асуудал шинэ хуулиар зохицуулагдах шаардлага үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оноос хоших буюу 1992-2019 он хүртэлх Ерөнхийлөгчийн бүрэн эрх зарчмын ялгаатай гэж хэлж болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхээр маргаан үүсч буй. Хуульчдын зүгээс хоёр өөр байр суурь илэрхийлсээр өнөөдрийг хүрлээ. Тэрээр дахин нэр дэвших боломжтой юу?

-Шууд хэлэхэд, хууль зүйн хувьд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Яагаад гэвэл анх 2019 оны зургаадугаар сард нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан хоёр хүн буюу найман жил ажилласан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу дөрвөн жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвшиж улмаар нэг удаа улиран сонгогдож болох байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболд даргын гаргасан саналаар хасаж цаашид өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн зөвхөн өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдах болсон. Энэ нь дараах үндэслэлтэй. Нэгдүгээрт, 1992 оны Үндсэн хуулийн зорилго буюу анхдагч үзэл санаа ёсоор бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно гэдгийн дагуу нийтдээ найман жил ажиллах боломжтой байхаар заасан. Гэтэл одоо өмнө нь нэг удаа болон хоёр удаа сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдвол шууд 14 болон 12 жил ажиллах болж буй юм. Энэ нь Үндсэн хуулийн анхдагч үзэл санаатай огт нийцэхгүй. Хоёрдугаарт, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүчингүй болсон нэг заалт бол Үндсэн хуулийн 31.7-д байсан Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэх заалт. Энэ заалт одоо Үндсэн хуульд байхгүй учир зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох гэх агуулгаараа өмнө Ерөнхийлөгчөөр нэг бүрэн эрх буюу дөрвөн жилийн хугацаанд ажилласан гурван хүний хувьд шууд одоо сонгогдох эрх нь шууд хязгаарлагдах болж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд бичээгүй л бол шууд хориглогдох Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой болдог. Гуравдугаарт, анх төсөлд 2025 оноос Ерөнхийлөгчтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн заалт хэрэгжихээр заасан байсан нь өөрөө санамсаргүй хэрэг огт биш юм. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх Ерөнхийлөгчийн институцийг агуулгын хувьд өөрчилснийг өмнө би хэлсэн. Үүний дагуу одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийн хувьд дахин дээрх бүрэн эрийг эдлэхгүй болж буй хэрэг. Гэтэл 2025 хүртэл дээрх хугацааг хойшлуулсан байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь санал гаргаж шууд түүний эрх зүйн байдалд халдсан нь нэг талаасаа одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг.

-Тэгэхээр тэд хуулийг эцэст нь хэрхэн, яаж хэрэгжихийг бүрэн дүүрэн ойлгоогүй хэрэг үү?

-З.Энхболд дарга дээрх хууль зүйн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байна гэж бол байхгүй. Ойлгохын дээдээр ойлгож бүр зориулж хийсэн мэт харагдаж байгаа. Одоо бодоход хэн нь чухам Ерөнхийлөгч байсан юм болдоо гэж хүртэл бодогдохоор. Түүний энэ санал 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг хэлэлцэхэд гарсан юм билээ. Мөн тэр хуралдааны тэмдэглэлийг үзвэл Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг хэрэгжих хугацааг 2021 он болгон өөрчилж буйг, улмаар ингэж өөрчлөх нь зөв мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороотой холбоотой хэсгийг бүр 2020 оны тавдугаар сарын 20-нд гэх хэрэггүй, маргаашнаас хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэх зэргээр дээрх байнгын хорооны тэмдэглэлд туссан байдаг юм билээ. Тэгээд харахаар ямар ч байсан Ерөнхийлөгчийн албан ёсны байр суурь л гэж хэлж болхоор байгаа юм.

-Одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэж байна. Энэ асуудлаар одоогийн Ерөнхийлөгч Цэцэд хандахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэцийн гишүүд өөрөөр тайлбарлах боломжтой юу?

-Харилцааны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор дээрх асуудал үүсч буй. Энэ зүйлийг 2010 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуульд Ерөнхийлөгчид хэд хэдэн тодорхой бүрэн эрх олгосон. Тухайлбал, Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томьёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл хориг тавьж болохоор, хэрэв хориг тавихгүй гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурж, төрийн тамга дарж нотлон баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгалдаг. Тэгвэл Ерөнхийлөгч энэ эрхээ эдэлж 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж нэмэлт, өөрчлөлтийн Үндсэн хуулийн уг эхэд оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар өөрийн бүрэн эрхээ эдэлсэн хэрэг. Түүнчлэн нэр дурдаад буй Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол өөрөө Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байхаар түүний дөрөвдүгээр зүйлд заасан байдаг. Энэ нь дагаж мөрдөх журмын хууль өөрөө Үндсэн хуулийн нэгэн хэсэг гэсэн үг юм. Гэтэл Цэц Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж буй эсэхийг хянадаг болохоос Үндсэн хуулийн нэг заалт, нөгөө заалттай нийцэж буйг бол хянах эрхгүй байдаг. Нэг үгээр хэлбэл, яг энэ асуудлаар цаашид хэн ч, тэр дундаа Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхгүй болсон. Энэ нь түүнийг энэ талаар Цэцэд хадах боломжгүй болгож буй юм.

-УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох хугацааг ирэх зургадугаар сарын 9-нд байхаар товлон зарласан. Ийнхүү товлон зарласан нь хэр зөв юм бэ?

-Зөв, эсвэл буруу гэхээс илүү бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудал. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх энэ жил дуусгавар болж буй буюу тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж улмаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болохоор заасан. Тэгэхээр энэ бол хуулиар зохицуулах бүрэн боломжтой асуудал юм. Анх буюу 1993 онд энэ харилцааг Ерөнхийлөгчийн сонгуулийг түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй, 60-аас дээшгүй хоногийн өмнө явуулна гэж зааж улмаар ээлжит сонгууль явагдаж ирсэн. Одоогийн шинэ сонгуулийн хуулиар зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулахаар заасан. Тэгэхээр өнөөгийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн учир анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн агуулгаас зөрөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгууль 2017 онд сонгууль зургаадугаар сард зохион байгуулагдаж байсан тул зургадугаар сарын 9-ний өдөр сонгуулийг зохион байгуулахад ямар нэг зөрчил бол гаргахгүй.

-УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд хийхээр товлон зарласан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд хандсан. Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох Үндсэн хуулийн заалт өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тийм байхад өмнөх шигээ дөрвөн жилээр Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь буруу гэж тэрээр хэлж байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-Монгол төрийн нэрт зүтгэлтэн, хариуцлагатай алба хашиж байсан хүн гэхэд тун хариуцлагагүй санал, санаачилга гаргаж байгаа гэж харагдаж байна. Учир нь түүний хэлж буй харилцааг үндсэн хуулиар өөрт нь бус харин түүнийг дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулж байгаа. Магадгүй тэр хуулийг олж үзээгүй, эсвэл зориуд дээрх байдлаар мушгиж байгаа болов уу. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Харин түүний дагуу УИХ-ийн баталсан хуваарийн дагуу УИХ энэ хавар Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн батлах юм. Иймд одоогийн Ерөнхийлөгч хэдийгээр Үндсэн хуулиар хориглогдсон боловч (33.4-т заасны дагуу) бусад хуулиар олгосон зарим бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Мөн тэрээр тангараг өргөж, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль одоо хүчин төгөлдөр бөгөөд энэ хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд буюу дөрвөн жил бүрэн эрхтэй байхад нийцэн гарсан. Нэгэнт шинэ хуулиар Ерөнхийлөгчийн харилцааг зохицуулж буй Ерөнхийлөгчийн тухай хууль өөрчлөгдөөгүй болохоор тэр хуулийн зургаадугаар зүйлийн 1-д заасан түүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэдэг заалт хэрэгжиж буй хэрэг. Иймээс энэ харилцааг хууль зүйн хувьд бол процедур тогтоож буй дагаж мөрдөх хуулийн дээрх зохицуулалтаар зохицуулж байгаа. Тиймээс ямар нэг эргэлзээгүйгээр сонгууль энэ жил буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болж буй учир явуулах юм.

-Мөн тэрээр 2023 онд ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэж байна. Энэ нь боломжтой юу?

-Сая би хэлсэн дээ. Тэгэх ямар ч хууль зүйн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, ард түмний сонгох эрхийг шууд хууль баталж хулгайлж авч хэрхэвч болохгүй. Хэрэв тэгвэл төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг болох талтай. Мөн зөвхөн Х.Баттулга гэдэг хүнд зориулж буй Ерөнхийлөгчийн хувьд нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль дөрвөн жил байхаар зааж, бүрэн эрхийг хэрэгжүүлж буйг санах хэрэгтэй. Түүнээс биш зургаан жил гэж тэр хуульд заалт байхгүй юм.