Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгийн Ерөө сумын уурхайд ажиллахаар очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр Сэлэнгэ аймгаас холбогдох мэдээллийг танилцуулсан бөгөөд “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компани 2021 оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн.

Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цаг гарч, батлагдсан. Иймд аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Болортуяа: Онгоцонд төрнө гэж бодоогүй, Монголдоо ирье л гэж бодсон

Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр ихэр охид мэндэлсэн. Тэнд байсан зорчигчид ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн памперс өгч байжээ. Агаарын хөлгийн ахлах үйлчлэгч Т.Алтанхуяг “Гэнэт хэрэгцээ тохиолдоход зөвхөн эмч хүн ашигладаг цүнх байдаг. Түүнд хүй тасдагч, хүчилтөрөгч амьсгалуулагч байдаг. Гэхдээ тэр нь нэг ширхэг л байдаг. Хоёр ихэр хүүхэд төрсөн учраас нэгэнд нь том хүний хүчилтөрөгч амьсгалуулж байсан” хэмээн “Цагийн хүрд”-ээр ярьсан удаатай. Ихрүүдийн ээж Д.Болортуяатай холбогдож ярилцлаа. Тэрбээр “Онгоцонд төрнө гэж бодоогүй, Монголдоо ирье л гэж бодсон” хэмээн хэлсэн юм.


-Нутаг ус хаана вэ?

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынх.

-Туркт хэр удсан бэ, юу хийж байв?

-Туркт гурван жил болсон. Оёдлын үйлдвэрт ажиллаж байсан.

-Монголоо зорьж ирэхэд амаргүй байсан уу, хэр их хөөцөлдсөн бэ?

-Ер нь их хөөцөлдсөн. Дөрөвдүгээр сард Монгол руугаа нисэх гээд билетээ бичүүлчихсэн байтал нислэг зогсож, хил хаагаад, тусгай үүргийн нислэг хүлээгээд долдугаар сарыг хүргэсэн дээ. Жирэмсэн байсан учраас наашаа явах гээд билетээ бичүүлчихсэн байсан юм.

-Туркийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Хэцүү байсан л даа. Карантинтай, ажилгүй.

-Тусгай үүргийн онгоцонд орохдоо өвдөж байсан юм уу?

-Үгүй. Уг нь зүгээр байсан л даа. Онгоц хөөрөхөд л бие эвгүйрхээд явчихсан.

-Ихрүүд долоон сартайдаа мэндэлсэн гэхээр бас ус уух хувьтай л байж дээ?

-Тийм ээ.

-Онгоцонд яг юу болсон бэ?

-Онгоц хөөрсөн хойно өвдөж эхэлсэн. Онгоцонд ХӨСҮТ-ийн эмч явсан л даа. Эмч даралт нь их байна гэсэн. “Онгоцонд хүн амаржих гээд байна, эмч байна уу” гэж зарлахад зорчигч дундаас дөрвөн эмч гарч ирсэн.

-Үнэхээр азтай тохиолдол байна. Олон эмч нисч таарчээ?

-Нярайн сэхээний эмч, бас эх баригч эмч, хүүхдийн эмч байсан. Сэхээний эмч нь тэтгэвэртээ гарсан Отгончимэг гэж эмч байсан. Дандаа эх баригч, хүүхдийн эмч нар байж таарсан даа.

-Хэр удаан өвдсөн бэ?

-Өвдөж эхлээд онгоцны хойд хэсэгт очоод нэг их удаагүй төрсөн байх аа. Хэр удсан, ямар хугацаа өнгөрснийг ч анзаараагүй. Нислэг найман цаг үргэлжилсэн.

-Ихэр охид таны хэд дэх төрөлт байсан бэ?

-Гурав дахь.

-Та бие сайтай хүн шиг байна аа?

-Харин даралт гэж мэддэггүй, даралт нь ихэссэн байна л гэсэн. Бие уг нь гайгүй. Гэхдээ энэ удаа төрөн төртлөө хордлого өгсөн л дөө.

-Ихрүүд төрснийхөө дараа ямархуу байдалтай байв?

-Эхнийх нь төрөнгүүтээ уйлсан. Гэхдээ амьсгал нь тасалдаад л байсан. Дараагийнх нь уйлаагүй. Гэхдээ нөгөө ихрээ бодвол гайгүй, өөрөө амьсгалаад байсан л даа.

-Дутуу төрсөн хүүхдэд тусгай арчилгаа шаардлагатай. Инкубатор байхгүй үед ээжийнх нь цээжинд наах арга байдаг гэж сонссон, онгоцонд яаж аргалав?

-Онгоцонд жижиг жижиг баллонтой хүчилтөрөгч байдаг юм билээ. Түүгээр нь амьсгалуулж байсан. Нэгэнд нь буун буутлаа хүчилтөрөгч залгаатай ирсэн. Нөгөөд нь хэсэг байж байгаад жаахан тасалдах гээд ирэхээр нь залгаад байсан. Сэхээний эмч л бүгдийг нь зохицуулсан л даа.

-Дутуу төрсөн хүүхдийг ээжийнх нь цээжин дээр тавьчихаар дулаанаа алддаггүй гэж сонссон?

-Тэгэх боломж байхгүй сэрүүхэн байдаг юм билээ. Онгоцонд хүмүүст өгдөг бүтээлэг байдаг юм билээ. Түүгээр хүүхдүүдийг ороогоод, намайг ч тэрүүгээр хучсан.

-Таны бие ашгүй тогтвортой байжээ?

-Дусал залгаад, эх баригч эмч намайг асраад, нөгөө эмч нар нь ихрүүдийг асраад ирсэн. Онгоцны үйлчлэгч нарт тахианы шөл байсан. Түүнээсээ надад өгөөд, эхлээд юм идэж чадахгүй байсан, сүүлдээ арай гайгүй болоод шөлийг нь уусан.

-Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?

-Аав нь нэр өгсөн л дөө. Угаасаа манай хүүхдүүд энхтэй. Тэгээд Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэрлэсэн.

-Аав нь нислэгийн үеэр хамт байж чадаагүй гэсэн үү?

-Байгаагүй. Дараа сарынх нь нислэгээр ирсэн. Нэр нь ороогүй.

-Гэр бүлийн хүмүүсийг салгаад өгчихдөг юм уу. Таныг жирэмсэн хүн гээд харж үзсэн юм болов уу?

-Миний нэр ч ороогүй байсан юм аа. Манай хүн консул руу утасдаж байж арайхийж багтсан шүү дээ.

-Тусгаарлалтад бас нэлээд удсан уу?

-Онгоц буухад ХӨСҮТ-ийнхэн ирж авсан. 21 хоног 14 хоногоо ХӨҮСТ-тэд тусгаарлагдсан. Тэнд угаасаа төрөх тасаг байдаг юм билээ. Тэнд бид гурав л байсан даа. Биднийг байхад бас гадаадаас ирж тусгаарлалтад байсан хоёр ээж ирж төрсөн.

-Нислэгийн үеэр халдвартай хүн байвал халдвар авах эрсдэлтэй байдаг шүү дээ. Үүнд санаа зовж байв уу?

-Тэр халдвар малдварыг ч мэдэхгүй. Бүгдээрээ эхэндээ масктай байсан. Сүүлдээ ч маскаа авчихсан л байсан.

-Төрөх гээд амь наана там цаана байхад ч бусад юманд санаа зовохтой манатай байдаг л даа?

-Тэр үед халдварын тархалт гайгүй байсан л даа.

-Одоо ихрүүд ямархуу байна?

-Дажгүй ээ. Одоо бараг долоон сар хүрлээ.

-Жин нь хэр нэмэгдэв?

-Жинлүүлж амжаагүй л байна. Эмнэлэг эрсдэлтэй бүс гээд очихгүй байгаа. Таван сартай жинлүүлэхэд зургаан кг байсан. Одоо түүнээсээ нэмэгдсэн.

-Аав нь хүүхдүүдээ харах гэж их хүлээсэн үү?

-Аав нь сарын дараа нисч ирсэн. 21 хоног тусгаарлалтад байсан.

-Онгоцонд амаржлаа гэхээр санаа нь зовсон байх даа?

-Онгоцонд төрсний дараа консул руу мэдэгдсэн юм билээ. Гайгүй байгаасай л гэж бодсон гэсэн.

-Нөхөр чинь юу хийдэг гэсэн бэ?

-Соёлын төвд сантехникч.

-Онгоцонд төрсөн хүүхдүүд онгоцоор үнэгүй нисэх эрхтэй болдог билүү?

-Хоёр хүүхэдтэйгээ бүх насаараа үнэгүй нисэх эрх өгсөн шүү дээ. МИАТ-ийнхэндээ эмч, үйлчлэгч нартаа баярлаж талархаж явдаг шүү.

Categories
гадаад мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Навальныйг суллахыг шаардан дахин жагсчээ

Энэ сарын 23-ны өдөр Оросын 122 хотноо сөрөг хүчний удирдагчдын нэг А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал өрнөсөн. Хэв журам сахиулагчид жагсаалыг хүчээр тараахыг оролдсон агаад энэ үеэр үймээн дэгдсэн билээ. Тухайн үед эмх замбараагүй байдалд турхирсан гэх хэргээр дөрвөн мянга орчим хүнийг саатуулсан тухай мэдээлж байв.

Баривчлагсдын дунд хүүхэд, залуучуудаас гадна сэтгүүлчид олноороо өртсөн. А.Навальныйгийн штабаас хууль бус жагсаалаа долоо хоногийн дараа дахин үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн удаатай. Үүний дагуу өнгөрсөн ням гаригт ОХУ-ын нийслэл Москва болон бусад хотод жагсаал болсон байна. Гэхдээ энэ удаад жагсаалд хамрагдагсдын тоо цөөн байсан. Жагсаалын үеэр иргэдийг олноор нь саатуулсан талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Оросын эрх баригчдын зүгээс цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед жагсаал цуглаан хийх нь хууль бус бөгөөд хүчээр тараахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Олон нийтийн сүлжээгээр жагсаалд нэгдэхийг уриалсны дараахан хүчний байгууллагынхан аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд байжээ. Жагсаал өрнөхөөс сэргийлэн Москва хотын эрх баригчид метроны гол долоон өртөөг хаасан байна. Мөн явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим газарт төмөр хаалт бүхий хашлага тавьсан талаар Москва хотын Дотоод хэргийн яамны ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн, хотын зарим дэлгүүр, кафег хааж, согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хориглосон аж. Мөн хууль бусаар жагсаал, цуглаан хийх болон оролцохыг уриалбал Эрүүгийн хуулийн зүйл ангиар хариуцлагад татагдахыг иргэддээ анхааруулжээ.

Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальный нь өдгөө Москва хотын “Матросская тишина” саатуулах байранд хоригдож буй. Тэрбээр дэмжигчдэдээ хандан “Жагсаал цуглаанд оролцоцгоо, юунаас ч битгий ай. Хэн ч хүчирхийлэл, авлига ноёрхсон оронд амьдрахыг хүсэхгүй” гэж уриалжээ.

Тэрээр өнгөрсөн наймдугаар сард онгоцонд сууж явахдаа бие нь муудсанаас онгоц ослын буулт хийсэн. Хожим түүнийг хордуулсан нь тогтоогдсон. Тэрээр А.Навальный ХБНГУ-д эмчлүүлж байгаад таван сарын дараа нутаг буцахаа мэдэгдсэн. Гэвч түүнийг нисэх онгоцны буудалд газардах үед нь саатуулан хорьсон билээ. Учир нь Оросын шүүхээс түүний тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад хил давсан гэх үндэслэлээр нэгдүгээр сарын 18-нд баривчлах шийдвэр гаргасны дагуу ийн саатуулсан юм.

Сануулахад, А.Навальныйгийн Авлигатай тэмцэх сангийн YouTube цахим сүлжээнд өнгөрсөн долоо хоногт “Путинд зориулсан ордон” нэртэй эрэн сурвалжлах баримтат бичлэгийг байршуулсан. Уг видеог 100 сая гаруй хүн үзжээ. Дүрс бичлэгт онцолсноор В.Путин Хар тэнгисийн эрэг дээр харш барихдаа 1.1 их наяд евро зарцуулсан гэжээ. Харин Оросын тэрбумтан, бизнесмэн Аркади Ротенберг бямба гаригт В.Путины нууц харш гэгдээд буй цогцолборыг өөрийн эзэшмлийнх нь гэж мэдэгджээ. Тэрээр Оросын төрийн тэргүүний эртний найз агаад жүдогийн хамтрагч нь аж.

Тэрбээр дээрх харшийг хоёр жилийн өмнө худалдаж авсан хэмээн тайлбарлажээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын энэ үеийг даван туулахад Онцгой байдлын бие бүрэлдэхүүний зохион байгуулалт ихээхэн хамааралтай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллалаа.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Гаргасан шийдвэрүүд хэн ч хаанаас нь харсан ойлгомжтой байх нь чухал байна. Аливаа асуудлыг эзэнжүүлж ажиллана” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид үндсэндээ дайнтай үед ажиллаж амьдарч байна. Энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамааралтай. Манай онцгой байдлынхаа байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг харин цар тахал шинэ зүйл учраас таагүй ажилласан. Тиймээс бид ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт вакцины төлөвлөгөөг гаргана. Газар хөдлөлт болоход хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан. Бид гамшгийг хөөх биш урьдчилан хамгаалах хэрэгтэй.

Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судал” гэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“Рио тинто”-гийн Зэсийн группийн ерөнхий захирал Б.Болд: Засгийн газрын байр суурийг ойлгож хүлээж авч байна

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм менежмэнтийн бүрэлдэхүүнээ өөрчилснөө зарлалаа. “Рио”-гийн шинэ удирдлага Зэсийн группийн ерөнхий захирлаар Б.Болдыг томилсон нь олны анхааралд байна. Якоб Стаусхолм “Би Рио Тинтог нутгийн ард иргэд, Засгийн газрууд болон бусад гол оролцогч талуудтай харилцан итгэлцсэн түншлэлийг бий болгосон компанийн хувиар дахин бүтээмээр байна” хэмээн онцолжээ. “Блүүмбэрг” түүний энэ мэдэгдлийг “Зөрчилдөөн, маргаан ихтэй байгаа төслүүддээ “Рио Тинто”-ийн нэр хүндийг сэргээхэд анхаарна гэсэн санаа харагдаж байна” гэж тайлбарлажээ. Зэсийн групп Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж, төслүүд хэрэгжүүлдэг юм.

Хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ тухайд Б.Болд “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг. Монгол Улсын иргэний хувьд Рио тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортойхарилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюу толгой бол Рио Тинто болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэж хэллээ. Мөн тэрээр “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсч буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстай хамтран ажиллаж, Оюу толгойн дэлхийд өрсөлдөх гүнийуурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.

Б.Болдын тухайд одоогоос найман жилийн өмнө “Rио тинто”-ийн Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр томилогдож байсан билээ. Харин 2015 оноос “Рио Тинто”-ийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр, маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар томилогдсон юм. Үүнээс жилийн дараа түүнийг “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар томилж байв. Тэрээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн тоонд багтаж байсан удаатай. Б.Болд “Рио”-д ажиллахынхаа өмнө 1999-2007 онд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Дараа нь эх орондоо ирж 2009-2011 онд “New­Com” группийн гүйцэтгэх захирал, 2010-2012 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн захирал, 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

“Рио Тинто” Хөнгөн цагаан, Зэс, Төмрийн хүдэр болон Эрдсийн групп гэсэн бизнесийн бүтцээ хадгалахаар болжээ. Зэсийн группт харьяалагдаж байсан очир эрдэнийн бизнесийг Эрдсийн групптэй нэгтгэхээр болсноо зарлаад байна. Дашрамд онцлоход, өмнө нь Монголын Засгийн газартай хийх гол яриа хэлэлцээг ахалж явсан Арнауд Суарат “Рио Тинто”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал болжээ.

“Рио”-гийн зүгээс удирдлагын багаа шинэчилснээ “Компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхэд илүү их анхаарал хандуулахыг зорьж байна” хэмээн тайлбарлажээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 1. Сумъяа гариг. Билгийн тооллын 19, цагаан луу өдөр. Өдрийн наран 08:20 цагт мандан 17:52 цагт жаргана. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 19-21 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Шинэ Засгийн газрын анхны ажил бүх нийтийн вакцинжуулалт байх ёстой” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн
газрын гишүүдийг хүлээн авч
уулзлаа” хэмээх нийтлэлийг I- II-Vнүүрнээс уншаарай.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ “Сайн засаглалыг бүрдүүлэхийн
тулд манай Засгийн
газар хэвлэл мэдээллийн
байгууллагынхантай нягт
хамтран ажиллана” гэв.

Экспортлогчдн
холбооны тэргүүн, уул
уурхайн зөвлөх инженер,
доктор, профессор Д.Галсандорж “Хөрөнгө оруулалтын
гэрээ хариуцлагын тогтолцоотой,
харилцан ашигтай байж л олон жил
мөрдөх боломжтой” хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Шинэ Засгийн газрын анхны ажил бүх нийтийн вакцинжуулалт байх ёстой” хэмээн өгүүллээ.

Баримт, үйл явдлын VII нүүрт Хуульч Н.Ариунболд “Шүүх эрх мэдэл улс төрийн
намаас хараат болох эрсдэл үүсээд байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ