
Хүмүүс бид хоорондоо яг адилхан боловч өмссөн хувцсаараа л ондоошиж дээр, доор хэмээн ялгагддаг. Гэвч шинээр нэг даавуун подволк үйлдвэрлэхэд 2700 литр ус зарцуулдаг. Хувцас үйлдвэрлэл дангаараа дэлхийн нийт агаарын бохирдлын 10 хувийг үүсгэж,жилд 20 тэрбум тонн хувцасны хаягдал гарч байгаль орчныг бохирдуулдаг. Шинээр хувцас худалдаж авах сайхан ч байгаль дэлхийд үлэмж хор хөнөөлтэй байх нь. Тиймээс орчин цагт хуучин хувцсыг төрөл бүрийн загвартай хослуулан дахин өмсч, гангардаг “vintage” хэмээх загварын шинэ урсгал залуусын дунд ихээхэн дэлгэрч, энэ чиглэлийн зах зээл хүчээ авах болсон.
Монголд ч бас ийм дэлгүүр байдгийг та мэдэх үү? 70, 80, 90-ээд оны хуучны цор ганц хувцаснуудыг оруулж ирэн,хувцас загварын шинэ соёлыг монгол залууст түгээж буй “Tako vintage clothing” дэлгүүрийн талаар сурвалжиллаа.

Энэ төрлийн хуучин хувцас нь хямд үнэтэй “комиссын бараа” гэдэг ойлголтоос ялгаатай бөгөөд байгаль орчноо хамгаалж буй ухаалаг сонголт болдог гэдэгт гол агуулга нь оршдог гэнэ.
“Tako vintage clothing” дэлгүүр нь 2019 оны наймдугаар сард хуучны хувцсыг борлуулах чиглэлээр Монголд анх удаа үүд хаалгаа нээжээ. Тус дэлгүүрт бүх төрлийн хувцас, бөгж, ном, пянз тоглуулагч гэх мэт ховор нандин бараанууд цөм онлайнаар худалдаалагддаг. Үнэ ханшийн хувьд барааны нэр төрлөөс хамаарч 30 мянгаас 350 мянган төгрөгийн үнэтэй. Тэр тусмаа 70, 80-аад оны тренд хувцаснуудыг одоо үед аль ч зах, дэлгүүрээс олохгүй.Тиймээс ч хамгийн үнэтэй хувцас 350 мянган төгрөгөөр үнэлэгдэж байжээ. Нээгдээд удаагүй ч тогтмол худалдан авалт хийдэг байнгын үйлчлүүлэгчидтэй болж амжсан гэлээ.
Энэ талаар тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Цэлмэнтэй ярилцлаа.

-Хуучны хувцаснуудыг борлуулдаг “thrift shop” бол гадны орнуудад түгээмэл боловч Монголд харьцангуй шинэ ойлголт. Яагаад энэ дэлгүүрийг нээх болов?
-Анх Playtime наадамд оролцоод өвөрмөц, донжтой хувцасласан олон залуусыг харсан. Нөгөөтэйгүүр тухайн хувцасныхаа соёл, үнэ цэнийг нь мэдэхгүй зөвхөн яавал бусдад гоё харагдах вэ гэж боддог юм шиг санагдсан. Монголд хуучин хувцас гэхээр комисс буюу хямдхан хувцас гадаадаас оруулж ирээд амьдралын түвшин доогуур хүмүүс авдаг зүйл гэж ойлгодог. Гэтэл “thrift shop” бол коммисын дэлгүүрээс агуулгаараа арай өөр. Би хуучин хувцсанд хүний муу энерги шингэдэг гэж огтхон ч боддоггүй. Монголд л ийм ойлголт, мухар сүсгийн шинжтэй зүйл яваад байдаг. Англи, Америк, Японд гэтэл хуучин хувцасны зах зээл загварын салбарынх нь том хэсэг болчихсон. Тиймээс авсан хувцсаа хайрлаж хэрэглэдэг, байгальдаа ээлтэй сонголт хийдэг энэ зүйлийг монгол залуучууддаа таниулъя гэж зорьж, хоёр найзтайгаа хамтраад эхлүүлсэн.
-“Vintage” хувцасны соёл бол коммисын хувцаснуудаас агуулгаараа ялгаатай гэлээ. “Vintage” гэдэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ. Энэ талаар тайлбарлавал?
-Thrift shop анх Америкт хандивын хувцаснаас үүсэлтэй. 1990 оноос бизнес болон загварын урсгалд хүч түрэн орж ирсэн байдаг. Vintage гэдэг үг сонгодог гэж орчуулагддаг боловч урсгалынх нь хувьд аваад үзвэл “хуучны загварын мөртлөө хуучин хувцас” гэж ойлгож болно. 1960 оны загвар дахиад давтагдахгүй. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй, 1960 оноос хойш өдийг хүртэл цэвэрхэн хадгалагдаад ирсэн тэдгээр хувцаснууд бидний мэдэхгүй тухайн цаг үеэ өгүүлдэг. Түүнчлэн дахин шинээр хувцас авах сонголтыг нэгээр ч болов багасгаж байгаа гэдэг үүднээс нэмж хог хаягдал үүсгэхгүй байгальд ээлтэй гэсэн үг. Товчоор хэлэхэд “хувцасны үнэ цэнийг хүмүүст ойлгуулах салбар” гэж тодорхойлмоор байна.

-Бараануудаа хаанаас, яаж татдаг вэ?
-Миний хувьд Япон улсад долоон жил амьдарсан. Тиймээс энэ төрлийн Япон дэлгүүрүүдээс сардаа 30-50 бараа татаж авдаг. Монголд шинэлэг зүйл болохоор хэт үнэтэй биш, загварын хувьд монгол залуусын сонирхолд нийцсэн, шинэвтэр хэрэглэсэн зүйлсийг оруулж ирэхийг хичээдэг.

-Залуус хэрхэн хүлээж авч байна?
-Мэдээж шинэ болохоор хүмүүс эхэндээ ойлгохгүй хуучин хувцас юм уу гээд буцааж байсан тохиолдлууд бий. Гэсэн ч залуус маань эерэгээр хүлээж авч, байнга юм авдаг хүүхдүүд ч бий. Зүгээр гаднаас хувцас оруулж ирээд зарж байгаа гэхээс илүү ач холбогдлыг нь нийгэмдээ таниулахыг зорьж ажилладаг. Борлуулалт их хийх гэхээсээ илүү эхлээд таниулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон.

-Хувцасны загвараа сонгоно гэдэг мэдрэмж шаардсан ажил. Таны хувьд тэгэхээр урлагтай ойрхон ажилладаг хүн бололтой?
-Манай аав, ээж хоёр хувцасны чанар, загварт анхаардаг угаас хувцасны мэдрэмж өндөртэй хүмүүс бий. Миний хувьд Япон улсад архитектурийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо бол контент үйлдвэрлэлийн “Vadda” компанид дэлгүүрийнхээ хажуугаар ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн улсуудын өглөөний цайг туршиж үзүүлэнгээ тухайн орныхоо талаар мэдээллийг өгдөг “Өглөөний цай” нэртэй контентыг найз охиныхоо хамт хийдэг. Өглөөний цайгаа ууж хэвшье гэдэг уриатай. Монгол залуустаа шинэ соёлыг түгээе гэж гадаадад суралцах хугацаандаа тээж явсан зорилгынхоо дагуу төлөвлөсөн ажлуудаа цэвэр өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд л хийж явна даа.

Ч.БИНДЭРЪЯА