Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт 9 иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж гэрээсээ гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос ирж, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг хянаж шалгахад есөн иргэн дэглэм зөрчин, гэрээсээ гарчээ. Сумын Засаг даргын захирамжийн дагуу Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийн хяналтыг чангатгах зорилгоор Мөрөн сумын 14 багийн зохион байгуулагчид, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчидтай хамтран эргүүл хяналтаар ажилласан байна.

Холбогдох албаныхан Мөрөн суманд гэрийн тусгаарлалтад байгаа 211 иргэний гэрээр халдвар хамгааллын дэглэм баримтлаж буй эсэхийг тодруулахаар хяналт шалгалтаар очжээ. Гэрээсээ гарч, дэглэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцон, тусгаарлах байранд байрлуулж, үйлчилгээний зардлыг тухайн иргэдээр төлүүлэх юм байна. Иймээс иргэдийг гэрийн тусгаарлалтын дэглэм, журмыг чанд сахин мөрдөх хэрэгтэйг Мөрөн сумын Онцгой комиссоос анхааруулав.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМ: Ачаа тээврийн 13 галт тэрэгний 674 вагоныг шалган нэвтрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгаа гэдгийг маш сайн ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө, өрөөл бусдыг хамгаалж, сонор сэрэмжээ өндөржүүлэхийг анхааруулсаар байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 202 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн аймгийн “Ахмадын сувилал”-д дараагийн шатанд шилжсэн долоон иргэн байгаа бөгөөд зургаан иргэний ажиглалтын хугацаа дуусч, гэрийн ажиглалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд хоёр ажиглалтын байранд 18 иргэн байгаа аж. Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 215 тээврийн хэрэгслээр 473 иргэн, орох чиглэлд 177 тээврийн хэрэгсэлтэй 366 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлсэн байна. Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 674 вагоныг шалган нэвтрүүлжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн ажлыг тасралтгүй, тогтмол хийж байна. Өнөөдрийн байдлаар 67 цэг байршлын 13722 м2 талбайд урьдчилан сэргийлэх, дөрвөн цэг байршлын 1673 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Categories
мэдээ цаг-үе

БЗД-т байрлалтай нийтийн байрны иргэдээс шинжилгээ авч байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн байрны иргэдээс шинжилгээ авч эхэлсэн талаар тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2021.01.28-ны өдрийн А/26 дугаар “Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байрны иргэдийг Коронавирус /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ПГУ шинжилгээнд хамруулах тухай” захирамж гарсан.

Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн байрны оршин суугчид та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговь аймгийн зарим сумдад хүчтэй шороон шуурга шуурч байна

Өмнөговь аймгийн зарим сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Ноён, Даланзадгад, Булган, Цогтцэций сумын нутгаар салхи секундэд 18-20метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна гэлээ. Аймгийн ихэнх нутгаар бэлчээр гарц тааруу, отор нүүдэл их байгаа. Иймд ялангуяа отор нүүдэлд яваа малчид, хол замд гарахаар төлөвлөсөн иргэд болгоомжтой байхыг анхааруулж байна. Аймгийн төв Даланзадгадад үзэгдэх орчин хязгаарлагдмал салхины хүч их байгаа тул Засаг даргын 7 хоног бүрийн ням гараг бүрт иргэдтэй уулздаг уулзалтыг цуцалжээ.

Хөдөө орон нутгийн малчдыг малаа бэлчээхгүй, ойр бэлчээрт байлгахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Шинэ сайд ирлээ гээд өөрчлөлт оруулж, хамт олныг айдаст автуулахгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнөх сайд Л.Цэдэвсүрэн болон салбарын ажилчидтай хуралджээ. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаст оруулсан байна.

Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзлаа. Ахиад ч үргэлжилж 3 хоногт багтааж бүх мэдээллээ авна. 3 хоногт ажлаа эрэмбэлнэ. Өмнөх сайдыг зөвлөхөөрөө урина.

Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн дарамт очихгүй. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого барьж ажиллана. Бас хурд ажлын бүтээмж л нэхдэг гэдгээ хэлэв. Хамтарч ажиллана” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Асрамжийн газрын 3 багш, 2 хүүхэд халдвар авсан нь батлагдсан

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Дотоодын халдвар гарсан 2020 оны 11-р сарын 11-нээс хойш 28 голомт үүссэн. Үүнээс долоон голомт идэвхтэй байна. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн ТҮК-ийн голомтоос 20- хүн
  • Х апартментийн СӨХ-тэй холбоотой голомтоос- 11 хүн
  • GB Tоwer-т байрлах ББСБ-ын голомтоос сүүлийн 2-3 хоногт – 24 хүн
  • Гутлын цехтэй холбоотой голомтоос- 10
  • Баянзүрх дүүргийн 26-р хороо, БЗД-ийн 5-р хорооны 6-р байр, БГД-ийн 12-р хорооны 1-р байранд гарсан гэр бүлтэй холбоотой голомтууд идэвхтэй байгаа бөгөөд эдгээр голомтоос 40 гаруй хүн халдвар авсан.
  • Микс пицца-тай холбоотой голомтоос 15 хүн
  • Хүүхдийн асрамжийн газарт голомт идэвхжиж гурван багш, хоёр хүүхэд халдвар авсан нь батлагдсан бол зургаан хүүхдийг ажиглан тусгаарлаад байна.

Халдварын цар хүрээ эрчимтэй тэлж байгаа энэ үед шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс гадуур явж байх эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ сахиж, аль болох гэртээ байхыг иргэдэд анхааруулъя” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМ: Өвөлжилт хүндэрсэн зарим сумын малчин өрхөд тусламжийн багц олгоно

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд зудын эрсдэл өндөр байгаа Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань зэрэг сумын зорилтот бүлгийн малчин өрхөд хорголжин тэжээл, уургаар баялаг рапсын шахдас, амин дэм эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг багц болгон олгох аж. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтот бүлгийн малчид буюу хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгон амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг ийнхүү үзүүлэх юм.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн нөөц боломжийг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ХӨСҮТ: Улаанбаатарт 37 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1779 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 11202 хүний сорьцод шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирус илэрлээ.

Эдгээр тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод хийсэн шинжилгээний хариунд илэрсэн байна. Одоогоор

  • Маш хүнд 1,
  • Хүнд 1,
  • Хүндэвтэр 65,
  • Хөнгөн 366 хүн эмчлэгдэж байна.

Ард иргэдийн дунд халдвартай боловч шинж тэмдэггүй хүн явж байх магадлал маш өндөр боллоо. Есөн том голомт эрчимтэй тархаж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш буюу 02-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Эрдэнийг АН-ын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ

Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна.

Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны 01-р сарын 29-ны өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасав.