Засгийн газраас Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын цахим виз олгож эхэлсэн юм.
Тэгвэл 2021 оноос хойш 127 936 гадаадын иргэнд цахим виз олгосон бөгөөд цахим виз мэдүүлэх гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсэнийг албаныхан онцоллоо. Тодруулбал, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 орны иргэдэд 2023 онд 31 242 цахим виз, энэ оны эхний 11 сарын байдлаар 88 794 цахим виз олгосон нь өмнөхөөс 2.8 дахин өсжээ. 2024 онд цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 77 448, БНЭУ-ын 1 334, БНСУ-ын 677, Индонез Улсын 391, бусад улсын 8944 иргэн байна.
Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлнө. Үүний дагуу хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор шуурхай илгээж байгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд манай улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрджээ.