Categories
мэдээ нийгэм

Улсын Дээд шүүхийн хурал ирэх долоо хоногт болно

Хууль хяналтынхны холбогдсон хар тамхины хэргийг шүүх шударга шийдсэн үү?

Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм. Журмын дагуу шүүх хуралдаан хийх бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ.

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна.

Харин арванхоёрдугаар сарын 9-нд болох Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар 12 хэргийг хэлэлцэнэ. Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан арванхоёдугаар сарын 11-ний Баасан гарагт болох товтой байгаа аж.Бүх нийтийн бэлэн байдлын үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Батлагдсан болон сэжигтэй, тусгаарлах байр, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг ажлаас халахыг хориглоно

Баянгол.МН

Засгийн газрын арваннэгдүгээр сарын 29-ны хуралдаанаас нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020.12.11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгахаар болсон. Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргав. Ингэснээр:

-Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.

-Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа

-Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага

-Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа

-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа

-Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тэвэрлэлтийн үйл ажиллагаа

-Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

-Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа

-Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа

-Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

-Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа

-Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

-Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

-Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарахгүйгээр үргэлжлэхээр болсон юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас “Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар”-ыг гарган, баталжээ.

Хязгаарлалтад үл багтаж байсан болон 2020.12.01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа нь эхэлж буй нийт 18 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү зааврыг мөрдөж ажиллах бөгөөд, уг баримт бичгийн хэрэгжилтэд Нийслэлийн онцгой комисс хяналт тавих юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна

Өнөөдөр

Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. 1988 онд анх 140 орны төлөөлөгчийн санал нэгтэйгээр тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Харин манай улсын хувьд 1990 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ. Монгол Улсын хэмжээнд аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, нийт тохиолдол 305 болсныг ҮСХ-ноос мэдээлсэн юм.

Дэлхийн ХДХВ/ДОХ-ын тархалт
ДОХ-ыг үүсгэдэг вирусийн халдвар ХДХВ бол дэлхийн хамгийн том нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Гэхдээ ХДХВ-ийн шинэ халдварыг зогсоох, ХДХВ-ийн халдвартай хүн бүр ХДХВ-ийн эмчилгээнд хамрагдах боломжоор хангахыг дэлхий даяараа хичээж буй.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн тоо – Дэлхий даяар 2019 онд ХДХВ / ДОХ-той 38 орчим сая хүн бүртгэгдсэнээс 36.2 сая нь насанд хүрэгчид, 1.8 сая нь хүүхдүүд (<15 нас) байжээ.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн бараг 80% нь шинжилгээнд хамрагдаж, ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэддэг аж. Шинжилгээ нь эмчилгээнд хамрагдахад зайлшгүй шаардлагатай эхний алхам юм.

ХДХВ-ийн шинэ халдвар: Дэлхий даяар 2019 онд 1.7 сая хүн ХДХВ-ийн халдвар авсан нь 2010 оноос хойш ХДХВ-ийн шинэ халдвар 23% -иар буурсан үзүүлэлт болжээ.

Шинээр халдвар авсан тохиолдлуудын

1.5 сая нь насанд хүрэгчид

150,000 халдвар нь хүүхдүүд (<15 нас)

ХДХВ-ийн шинжилгээ: ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ нь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх, асрах, дэмжих үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай гол гарц юм. ДОХ-аас үүдэлтэй нас баралт 2004 оны оргил үеэс хойш 60%-иар буурсан байна. 2019 онд дэлхий даяар 690,000 орчим хүн ДОХ-той холбоотой өвчнөөр нас барсан бол 2010 онд 1,1 сая хүн нас баржээ. Бүс нутгийн нөлөө – ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудын иргэд байдаг. 2019 онд

Африкийн зүүн ба өмнөд хэсэгт ХДХВ-ийн халдвартай 20.7 сая хүн (54%),

Африкийн баруун ба төв хэсэгт 4.9 сая (13%),

Ази, Номхон далайн бүс нутагт 5.8 сая (15%),

2.2 сая (6%) ) Баруун ба Төв Европ, Хойд Америкт байв.

Бэрхшээл ба дэвшил
ХДХВ ба түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаарх шинжлэх ухааны ойлголтуудын ахиц дэвшил, дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэг, тэргүүлэх засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олон жилийн турш хүчин чармайлт гаргасаар байгаа ч ХДХВ-ийн халдвартай эсвэл ХДХВ-ийн эрсдэлтэй олон хүмүүс урьдчилан сэргийлэх боломжгүй хэвээр, одоо болтол эмчлэх арга нээгээгүй байна. Цаашилбал, ХДХВ-ийн халдвар нь зөвхөн хүний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй айл өрх, хамт олон, улс үндэстний хөгжил, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. ХДХВ-ийн халдвар хамгийн их тархсан ихэнх улс орон бусад халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал болон өөр олон ноцтой асуудалд нэрвэгддэг.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарт олбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

С.Баяр хорих 409 дүгээр ангид хоригдож байна

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болно. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товлогдсон ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг түр хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлууд орж байсан бол Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлуудыг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.

Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, НДШ төлдөггүй ажилтны тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзана

Хөл хорио тогтоосноос хойш 14300 тээврийн хэрэгслээр 29138 зорчигч хотоос  гарчээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг баталжээ. Улсын онцгой комиссоос баталсан хязгаарлалтад үл хамаарах 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ онцгой комиссын Шуурхай штабд хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргах бөгөөд дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа Нийслэлийн Онцгой комиссод хүргүүлэх юм байна.

Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна. Харин дүүргүүдийн онцгой комиссоос олгосон байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгох юм. Байгууллага, албан хаагч системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудасны covid-19 зөвшөөрөл хэсэгт хандаж авна.

Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзах юм. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгөх боломжтой.



Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Бурхны шашны ёс зүй ба хүнийг төлөвшүүлэх аргыг дэлхий нийт амьдралдаа хэрэглэж эхэллээ

-1937 ОНД БАРИГДСАН ЛАМ НАР, ЯМПОН ЦЭРГҮҮДТЭЙ ХАМТ УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ БАЙШИНГУУДЫГ БАРЬСАН-

Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөХцөлд энэ аюУлт өвчнөөс ангижирна

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан.

-Эхлээд цаг үетэйгээ холбоотой асуулт асууя. Хаа сайгүй хорио цээрийн дэглэм сахиж байна. Гандантэгчинлэн хийд ч нам гүмхэн л байх шиг?

-“Ковид-19” цар тахал өвчнийг Монгол Улс дотроо алдаж хөл хорио тогтоосон тэр өдрөөс эхлэн Засгийн газар, УоК, НоК-оос явуулж байгаа үйл ажиллагаа, өвчний тархалтыг тогтоох, зогсоох арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хүрэн хэрэмний дотор давхар хөл хорио тогтоож, тогтмол суудаг лам нарыг хөл хорионы чангатгасан нөхцөлд байлгаж, гаднаас орж гарах хөдөлгөөн бүгдийг хаасан. Хэрэм дотор байгаа лам нартаа долоо хоногийн турш тандалт хийж, “Ковид-19” шинж тэмдэг байна уу, үгүй юү гэдэг дээр ажиглалт хийсэн. Энд ямар нэгэн илрэл гарсангүй. Гадна байгаа лам нар ч нийтийн адил хөл хорионд байгаа. Харин гадна, дотногүй хөл хорионд байгаа лам нар тус тусдаа дарь-Эх бурхны уншлага, лонма жонма буюу монголчууд Навчин дээлт Дарь-Эх гэдэг тэр бурхны уншлага тарнийг тоолж байна. Навчин дээлт Дарь-Эх бурхан нь халдварт тахал, хижиг өвчнийг амирлуулах эрдэм үйлстэй юм. Мөн лхам бурхныг тахих, Манал бурхны уншлага, тарни унших тэргүүтнийг Гандантэгчинлэн хийдийн харьяа дацангуудын хурал уншлаганд нэмэн оруулж, лам нар гэр, гэртээ хурж байна. Олон нийтийн сүлжээгээр аль байгаа газартаа хурал номоо хурж, олон амьтны тухайд залбирал даатгал үйлдэж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тул энэ цаг үед сүсэг, сэтгэлээ хичээж эх болсон амьтан бүхний тухай залбирал даатгалаа үйлдэж суух нь чухал юм уу даа.

-Дэлхий нийтийг хамраад буй энэ айхавтар өвчин томуугийн үед монголчууддаа хандан хэлэх үгийг тань сонсъё гэсэн юм аа…

-Энэ цар тахал гарснаас хойш жил шахуу хугацаанд дэлхийн олон оронд тархаж хүмүүст зовлон зүдгүүр, үхэл хагацал авч ирж. Мөн хүн бүрийн түгээмэл хэрэгцээ эд таваар, идэж уух юмаар гачигдах тэргүүтэй эдийн засгийн их хямрал ч нүүрлэж байна. Харин Монгол Улсын хувьд өнөөг хүртэл цар тахлыг нутаг орондоо алдалгүйгээр барьж сэтгэлийн амгалантай байлаа. Гэвч зарим нэгэн хүний тэсвэр алдагдаж, хорионы үед өрөө хэсэх, дэглэм журмыг баримтлахгүй байх, хөл хорио тавигдангуут нөхөж буй мэт уулгалан энд тэндгүй явж бусдадаа халдаасан бололтой юм. Нүдэнд үзэгдэхгүй ч хавьтсан хүн болгонд халдаж байгаа асар аюултай өвчнөөс монголчууд бид сэрэмжтэй, тэвчээртэй байж түргэн зуурт гэтлэн давах хэрэгтэй юм. Манай орны хувьд урт удаан хугацаагаар үргэлжилбэл улсын эдийн засаг доройтох, ард түмний амьдрал сүйрэх том аюул нүүрлэж байгаа учир бүгдээрээ хичээх цаг иржээ. Ер нь бурхан багшийн айлдварт та өөрөө өөрийнхөө аврал шүү гэж байдаг. Хүн болгон хичээж хөл хорио болоод дэглэмээ барьж чадвал аюулт өвчнөөс аврагдана гэсэн үг. Мөн нөгөөтэйгүүр атгаг сэтгэл буюу хоосон хардах сэтгэл нь маш их сэтгэлийн дарамт үүсгэдэг бөгөөд бүх зүйлсийг сэжиглэн харж өөг нь хэлэлцэж, алдаа хайх нь бусдынхаа ажилд тотгор саад болдог. Орчин цагийн шинжлэх ухааны ойлголтоор дархлаа сулруулдаг. Энэ нь нийтийн эв зохицолд саад болж, бужигнаан үүсгэдэг муу талтай учир хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөхцөлд энэ аюулт өвчнөөс ангижирна.

-Сударт коронавирусийг 700 жилийн өмнө зөгнөсөн байдаг тухай та нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үнэн үү?

-Ер нь муу зүйлийг сайнаар эргүүлэх, урвуулах гэдэг логик бурхны шашинд байдаг. Өнөөгийн нийгэмд гэр бүлүүд завгүй их ажилладгаас ойр дотно байх хандлага хумигдсан. Тиймээс энэ хөл хорионы нөхцөлд бие биеэ хайрлах, хүндэтгэх, энэрэх, үр хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн тухай ярилцах, хүүхдээ ямар хүн болж байгааг ажиглан шинжлэх, гэр бүлийнхээ өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхой харж, гэр бүлдээ анхаарлаа сайтар тавих нь сэтгэлийн дарамтнаас гарах маш том ололт болох юм уу даа гэж бодогдлоо. Зарим тохиолдолд хэрэгтэй, хэрэггүй зүйлд алтан цагаа дэмий үрэх болжээ. Тиймээс өөрсдийгөө ойлгож мэдрэх чухал. Бидний нийтээрээ шүтэн биширдэг бурхны шашин хүнийг хөгжүүлэх, төгөлдөржүүлэх цогц сургалт, арга ухаан юм шүү дээ.

Эртний мэргэд вирус буюу нян нь бидэнтэй хамт оршин байдаг гэж үзсэн байдаг. Эртнээсээ мэргэдүүд энэ талаар ярилцаж, бичиж анхааруулж байсан байна. Үүний үндсэн дээр энэ вирусийг эмчлэх янз бүрийн эмчилгээний аргууд гаргасан гэсэн үг. Одоо ч гэсэн уламжлалт эмнэлгээ алдаагүй түвдүүд хуучин аргыг хэрэглэж амжилт олж байгаа нь харагдаж байна. Бидэнд ч эдгээр зүйлүүд бий.

-Бурхны шашин нь жаргалтай сайхан амьдралын эх үүсвэрийг дотоод сэтгэлд оршино гэж үздэг учраас бие биеэ хайрладаг, энэрдэг, нигүүлсдэг, харьцаа сайхан байхаас эхлэлтэй гэж үздэг. Буддын шашин өнөөдөр дэлхий нийтэд философи гэдэг талаасаа итгэл бишрэл, үнэлэмжийг дагуулдаг боллоо. Та буддын шашны хөгжлийн өнөөдрийн хандлага чиг баримжааны тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Бурхны шашин ганцхан өөрийн жаргалыг биш, бусдын сайн сайхныг эрхэмлэн энэрэл, нигүүлсэл, тусыг эрхэмлэх ухаан нь гол зонхилдог. Хүн ардаа энэрэл нигүүлсэлтэй, дотоод сэтгэлийг нь боловсруулах гэж нэлээн оролдсон улсын нэг нь Монгол Улс. Энэ нь бурхны шашинтай маш их холбоотой. Монгол оронд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Сүүлийн дэлгэрэлт буюу 400-гаад жил хүн ардынхаа ёс суртахууныг хөгжүүлэх тал дээр их нөлөөлсөн юм байна гэж хувь хүний үүднээс үздэг. Яагаад гэвэл эрдэмтэй мэдлэгтэй болсон хүмүүс ард түмний дунд явж ёс суртахууныг түгээдэг байж. Тийм ч учраас монголчууд ёс суртахууныг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай ард түмэн болсон түүхтэй юм. Ёс суртахууныг цөөхөн үгээр хэрэгжүүлж байсан. Нүгэл гэдэг үгээр маш олон зүйлийг хааж, бие, хэл, сэтгэл гурваар хийдэг бусармаг бүгдийг хасаж халж оронд нь ёс суртахууныг суулгасан гайхамшигтай ололт олсон байдаг. “Хулгай хийвэл нүгэл” болно гэдэг ганц үгээр хулгай тэргүүтэй гэмт хэргийг холдуулж байжээ. Тэгэхээр хулгай, худал, хүн амины хэрэг тэргүүтэн хүнд гэмт хэрэг гарах нь цөөхөн байж. Хэрэв хүн амины хэрэг гарсан бол тэр нутаг хошуугаар явдаггүй, тэр айлд ордоггүй, хэрэв хүний амь хөнөөсөн хүн орж ирвэл сан солха тавиулж, тэр айл ихэд цээрлэдэг байсан гэдэг. Иймэрхүү хэв маяг аж амьдралд нь хэвшил болоод тогтсон. Бурхны шашнаас тогтсон хүн ардын дотоод үзэл санаа, зан үйлийн хамгийн сайн тал нь байсан даа.

“БУРХНЫ ШАШНЫ ХЭЛМЭГДЭЛ ГАНЦХАН БУРХАН ШҮТЭЭНИЙГ УСТГАЖ, ЛАМ ХУВРАГИЙГ ХӨНӨӨСНӨӨР ТОГТОХГҮЙ ЮМ”


-Буддын шашны хэлмэгдэл гэж түүхчид яриад байх юм. Тэр нь яг юуг хэлээд байгаа юм?

-Хэлмэгдэл гэдэг бол Монголын ард түмний нийтийг хамарсан, ихээхэн уршигтай зүйл болсон юм. Гол хэлмэгдэгсэд нь лам хуврагууд, ноёд, баячууд байсан хэдий боловч үүнтэй давхардсан давхар хэлмэгдэлт явж Монголын айл өрх болгон аав ээж, ахан дүү, хань нөхдөө алдсан том гунигт явдалд унагасан байдаг. Хамгийн том хэлмэгдэл бурхны шашинд тохиолдсон юм. Эрдэм мэдлэгтэй лам хувраг, хувилгаад хутагт дээдсээ алдаж, шашны хувьд хүний нөөц буюу боловсон хүчин байхгүй болсон. Энэтхэг, Түвд, Монголын эрдэмтдийн бүтээл болсон ном судраа устгуулж, сүм дуганд залаатай байсан бурхан шүтээн болон эд өлгийн зүйлээ хураалгаж, хэмхчүүлж сүйтгүүлсэн. Монголын уран барилгын хосгүй нандин өв болох сүм дуганаа нураалгаж асар их гарз хохиролтой тулсан юм. Эд бүгд нь Монголын ард түмэн, Монгол Улсаас гарсан хохирол байсан юм. Эд байсан бол өнөөдөр асар их баялгийн хуримтлалтай байх байж дээ гэж харамсдаг. Бурхны шашны хэлмэгдэл ганцхан бурхан шүтээнийг устгаж, лам хуврагийг хөнөөснөөр тогтохгүй юм. Монголын ард түмэн уламжлалт зан заншил, соёл, эртнээс өвлөгдөж ирсэн сургаал ном бүгдийг үгүй хийсэн. Үүний улмаас ахас дээдсээ хүндлэх, бие биенээ хүндлэх нь алдагдсанаас гадна уламжлалт соёл заншил, жишээлбэл уул овоо тахих, цагаан сар, наадмаа хийхдээ мухар сүсгийн маягтай болж эхэлсэн явдал нь хэлмэгдэлтийн хорт үр нөлөө юм. Очоод зөвлөгөө авдаг эрдэмтэй хувраг, багш нарыг нь хөнөөсөн болохоор сүсэгтэй хүмүүс уул хаданд юмуу мод чулуунд хэлж, шинэ зан үйл гаргах шалтгаан болсон. Ер нь сүсэгтэн хүний эрхийг хаачихаар яах ч аргагүй байдалд орсон учраас дотоод талаасаа тэсэрч, дэлбэрч байгаа хэрэг л дээ. Хамгийн тод жишээ бол бид бурхан гэдэг үгийг хэлж ч чадахгүй болсон байна. Чөлөөт цаг ирж бурхан ном хуврагаа шүтээд, хурал номоо айлтгаад явж болдог цагт бурхны шашинд итгэл бишрэлтэй хүн ч гэсэн олны өмнө гараад ярихдаа тэнгэр ч гэдэг юмуу өөр ухагдахуун, үг хэлээр орлуулж яриад байгаа юм. Энэ нь хэлмэгдлийн үр дагавар гэж хэлэхээс өөр аргагүй. Тэр үгийг хэлж чадахгүй болтол сэтгэлд нь суулгаж өгсөн юм билээ.

Хэлмэгдүүлэлт гэдэг ганц үгнээс л гарцтай кино, зохиол тухайн үеийн нийгмийн үзэл сурталжсан, ангич, намч, чанарын бодлогод автаж зориуд зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж хийгдсэн урлаг, уран сайхан, зохиол бүтээл нь 1921 оноос өмнө юу ч байгаагүй мэт, Монголын ард түмэн соёл, зан заншил, урлаг уран сайхан, уламжлал, эрдэм мэдлэг бүгд байхгүй байсан мэтээр орчин үеийн залуучуудад ойлголт өгөх болсон. Шинэ зуун гарч архивын баримт материал, гадаад, дотоодын эрдэмтдийн олон янз судалгааны бүтээлд Эзэн богд Чингис хаанаас авахуулаад XX зууныг хүртэл баримтаар нотлогдож гарч ирж байгаа нь бидний уншиж мэдэх шаардлагатай зүйл болоод байна. Үүнийгээ уншиж үзэхгүй үзэл сурталжсан хандлагаар яваад байгаа нь залуучуудыг хоосон хийрхэх, хөнгөн нимгэн бодох, зүгээр нэг хэдэн ламыг хөнөөгөөд өнгөрсөн явдал мэт ойлгоод яваагийн шалтгаан нь байгаа юм.

-Тухайн үеийн сүм хийдийн бүтэц, одоогийн аймаг, сумын засаг захиргааны бүтэцтэй их адилхан байсан юм билээ. Энэ их сонирхолтой санагдсан. Төвлөрсөн том сүм хийд нь дэргэдээ сургууль, эмнэлэг, театраас эхлээд бүгд цогцолсон байсан юм билээ…

-Бурхны шашин нь эртний Энэтхэгийн цогт Наланда хийдийн уламжлал байгаа юм. Наланда хийдийн уламжлал нь 10 ухааны орон гэдэг асар их том ойлголт байдаг. Үүнийг сургадаг байсан нь монголчуудын дунд дэлгэрч мэдлэг болсон юм. Энэ бүгд бараг үгүй болсон доо. Одоо бид сэргээж ядаж явна. Жишээлбэл: “Дуун ухаан” буюу хэлний зүйн ухаан бол эрт үеэсээ санскрит, түвд, монгол хэлийг судлах арга зүй. Тэр устаж тасарсан. “Учир шалтгааны ухаан” гэж аливаа зүйлийн учир шалтгаан, логикийг нь олох, шинжлэн судалдаг ухаан. Тэр учир шалтгааны ухаан гэдэг үгүй болж. “Урлахуйн ухаан” буюу бие, хэл, сэтгэл гурвын хөгжлийн урлаг гэж ярьдаг. Бурхан шүтээн болоод ахуйн хэрэглээний янз бүрийн зүйлсийг туурвин бүтээдэг ухаан. Монголд маш их хурдацтай хөгжиж байсан. Өндөр гэгээний хийц, Дарьгангын хийц ч гэдэг юмуу тэндхийн, эндхийн хийц гэх мэтчилэнгээр урлахуйн ухаан машид дэлгэрч, хөгжил дэвшлийг олж, гайхамшгийг бүтээж байлаа. Эдгээр зүйлүүд хомсдож, ховордож ирсэн. Мөн хэлний урлаг гэж яруу найраг, уран зохиол тэргүүтнийг нэгэн үе зөвхөн үзэл сурталд тохируулан хэрэглэлээ шүү дээ. Чөлөөт сэтгэлгээ болоод, бурхны шашин, энэрэл нигүүлсэл, эвлэрэл нэгдлийн тухай ярих, бичих нь маш их хомсдлоо. Сэтгэлийн урлаг алга болсон. Бясалгал хийх, сэтгэлээ гэгээрүүлэх, сэтгэл судлал, өөрийн сэтгэлийг дотогшоо харах, бие, сэтгэлээ эрүүлжүүлэх ийм зүйлүүд ард түмний дунд маш ховордож үгүй болсон байдаг. “Тэжээхүйн ухаан” буюу анагаах ухаан гайхамшиг байсан даа. Энэ нь хувьсгалын үед бүр алга болсон.

Ардын уламжлалт эмчилгээг бүрэн зогсоогоод, Европ эмнэлэг хүчээр оруулж, ардын эмнэлгийн эмч, эм зүйч нарыг алж хөнөөгөөд, сүүлд үлдсэн цөөн маарамба нарыг байнгын хяналтад байлгаж эмийг нь хурааж авах, хүн үзүүлэхгүй байх хавчлага явуулж ардын эмнэлэг тасрахын даваанд хүрч үлдсэн байдаг. “Дотоод ухаан” нь бурхны шашны гүн сургаал юм. Энэ талаар хүнд ярьж болохгүй хэмжээнд хүрч, зөвхөн хэдхэн цөөхөн лам өвгөчүүд үзэж харж болох ийм хэмжээнд хүргэсэн байсан. Түүнээс гадна яруу найраг байна. “Яруу найраг” нь онолтой, Азийн олон орны яруу найргийг уншиж судалдаг байж. Үгээр шүлгийг яаж сайхан яруу хэлэх, үгийн чимэглэл, утгаар утгын нь чимэглэж хийх онол тэргүүтэн нь ихэд доройтсон. Эвсэн найруулах буюу эгшиг гийгүүлэгч, авиа зүйд маш сайн мэргэшсэнээрээ хүний яриа болоод, уран зохиол, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг яруу тунгалаг болгодог эдгээр зүйлүүд үгүй болсон. “Зурхай” нь орчлон ертөнцийн орчил, одон гаригийн судлал, ертөнц хоорондын хамаарал, бодьгал болоод хүмүүн төрөлхтөнтэй яаж холбогдож, шүтэн барилдаж байгаа энэ талаар голчлон судалдаг байсан.Тэр үгүй болж. Ийм олон зүйлүүдийг гээж хаяхад хүргэсэн хэлмэгдүүлэлт гэдэг асар их гарзтай зүйл болсон доо.

Энэ бүгдийг таны асуугаад байгаа хүрээ хийдэд суралцаж байж. Хүрээ хийд гэдэг ганцхан хурал ном уншиж, гүрэм дором хийдэг газар байгаагүй л дээ. Дацан нь сургууль байсан шүү дээ. Цанид дацан гэж байж, энд гүн ухаан буюу дотоод ухааны номд голчлон суралцана. Зурхайн дацанд тооны ухаан буюу орчин цагийн математикт суурилан тооцоолол, гариг эрхэс, хоорондын нөлөөллийг судална. Манба дацанд эмч бэлтгэх, анагаах ухаанд голчлон суралцана. Дацангууд үүсч үүнд шүтэж сургалт явж байсан. Урьдын түүхээс харахад сүм хийдэд боловсрол олгодог тогтолцоо байж, сүм хийддээ суралцаж гарсан хүмүүс ард түмнийхээ дунд явж энгийн иргэдэд гэрийн шавь сургалтын аргаар зааж сургаж явжээ. Энэ байдлаар монголчууд 10 ухааны номд суралцаж, ном хүртэж байжээ.

-Залруулахын тулд бид юу хийх ёстой юм бол?

-Угтаа сүм хийдийн нэртэй боловч энэ нь Монгол Улсын хөрөнгө юм даа. Сүм хийдэд хадгалагдаж байсан зүйлээс нэг сүмээс хураасан хөрөнгийг тооцоход 500 сая ам.доллар болох байж гэж тооцсон байдаг. Жишээлбэл, Егүзэр хутагтын хийд шүү дээ. 1000 гаруй томоохон сүм хийд Монгол нутагт байсан гэдэг байх. Энд асар их зүйлс хадгалагдаж, өвлөгдөж үлдсэн байсан. Хэрэв эдгээр зүйл одоо хүртэл байсан бол Монгол Улсын хөгжил дэвшил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засагт хэрэг болох байжээ гэдгийг бид чухалчилж ойлгох ёстой юм.

Монгол Улсад сүм хийдийн үйл ажиллагааг жигд явуулж, хөл дээр нь босгох ажил барагтай явагдсан. Амь насыг нь хөнөөсөн, хэлмэгдүүлэн хорьсны төлөө хувь хүмүүст нөхөн олговор олгосноос сүм хийдэд нөхөн олговор ч юм уу ядаж нийгэмд үйлчлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөөгүй л байгаа. 1990 онд шашин сэргэсэн цагаас сүм хийдэд хэлмэгдлийн нөхөн олговор гэдэг юм уу тохинуулах ажил явагдаагүй. Энэ нь сүм хийдийн үйл ажиллагаа тогтвортой явагдах боломж бүрдэхгүй байгаад байна гэсэн үг.

Хэлмэгдлийг засаг төрөөс харж үзээд ямар нэгэн хэмжээнд сүм хийдүүдийг ажиллах боломжийг нь гаргаж өгвөл нийгэмдээ хэрэгтэй. Хэт үл хэрэгсээд явчихвал нийгэмдээ дарамттай ч болж мэдэх юм гэдгийг бид сүүлийн 30-аад жил харж байна.

“УЛААНБААТАР ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАДЛАМ НАР ОРОЛЦОЖ БАЙСАН”

-Улаанбаатар хотыг барьж босгоход лам нар гол оролцоотой байсан юм билээ. их сонирхолтой түүх санагдсан…

-1911 оны тусгаар тогтнолыг Богд хаан тэргүүтэй оройлон, манлайлан удирдаж, Манжаас салгаж тусгаар тогтнолоо зарласан явдал бол 300-400-гаад жилийн бурхны шашны хөгжил дэвшлийн оргил үе нь гэж үздэг. Эрдэм номын талаар ч гэсэн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж өгөхийн тулд лам хуврагууд ард иргэд, ноёд баядтайгаа хамт оролцож Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг зарлаж байсныг энэ явдал харуулдаг.

Тэрнээс хойш 1921 оны хувьсгалд ч гэлээ лам хуврагууд, буддын шашинтай улсууд оролцсон нь ямар ч эргэлзээ байхгүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй удирдагч нар лам байсан, бурхны шашны шүтлэг бишрэлтэй хүмүүс байсан. Түүний баталгаа нь “Шашин, төрөө аваръя” гэсэн уриатай байжээ. 1921 он хүртэл явсан ноёд, баяд, лам, харгүй бүгдээрээ Монгол Улсын төлөө зүтгэснийг энэ байдал илэрхийлдэг юм.

1924 оны Үндсэн хуулиас хойш нэлээн хавчигдал, давчигдалтай болж эхлээд 1937 оны их хэлмэгдэлт явагдаж эдгээр хүмүүсийг дайсан мэт үзэж, амь биеийг нь егүүтгэж, хөрөнгө хогшлыг нь хурааж, эрх чөлөөгүй болгож, асар өндөр хэмжээний албан татвар татаж, үгээгүй ядуу болгох олон янзын ажил явагдсаны дараа үлдсэн лам нар хар болохоос аргагүйд хүрсэн. Хар ба энгийн иргэн бол гэж шаардаж, шахдаг байсан юм билээ.

Монгол Улсын иргэн, хүн юм хойно социализм, коммунизмын бүтээн байгуулалтад тэдгээр улсууд дээд зэргээр оролцсон. Яагаад гэвэл сүм хийдэд боловсрол олсон, бичиг үсэгтэй, нэлээн овсгоотой нь лам нар байсан учраас улсынхаа бүтээн байгуулалтад тэд тэргүүлэх хэмжээнд оролцсон байдаг. Энэ хожим үлдсэн бидэнд мэдэгдэж байна. Үүнийг судалж үзвэл их сонирхолтой судалгаа гарна гэж боддог. Үүнийг бидний үеийнхэн өвгөчүүдээс заримыг нь дуулж байсан. Лам нар их ажил хийсэн юм даа. Лам нарын артель гэж хамгийн түрүүнд байгуулж улсынхаа бүтээн байгуулалтад оролцсон юм. 1937 онд баригдсан лам нар, япон цэргүүдтэй хамт Улаанбаатар хотын анхны байшингуудыг барьсан гэж өвгөн лам нар ярьдаг байсан. Цаашлаад урлаг соёлын байгууллагуудад лам байсан хүмүүс оролцсон байдгийг олон хүмүүс ярьдаг. Түүний нэгэн жишээ Улсын циркийн хамгийн алдартай жүжигчин Данзан, Содном гуай, Улаан малгайт Лувсанжамц гуай тэргүүтэн олон хүмүүс урлагт зүтгэсэн.

10 ухааны оронд суралцсан, урлаг соёлын талд мэдлэгтэй хүмүүс нь тэд л байсан болохоор шинэ цагийн урлагийг судлах арай дөхөм байж. Сүхбаатарын хөшөөнөөс авахуулаад соёлын дурсгалд дан лам нар л оролцсон. Уран Данзан гуай, уран Жамбаа гуай гээд олон хүмүүс оролцсон юм билээ. Ядамсүрэн гуай тэргүүтэй төрийн шагналт зураачид мөн л лам байсан хүмүүс байдаг.

-Бурхны сургаалыг түгээн дэлгэрүүлэх нь шашны өөрийнх нь үүрэг үү, эсвэл төрийн үүрэг үү?

-1990 онд ингэж сайхан ярих боломжгүй, хэцүү хэвээр байсан. Ихэнх боловсролтой мэдлэгтэй улсуудыг нь егүүтгэсэн. Нийтийн дунд ярьж хэлэхийг сүүлийн 60-70 жилд хорьсон байсан. Ийм нөхцөл байдалд үнэхээрийн шашин ярьж, иргэд сүсэгтэнд ном айлдах боломжтой эрдэмтэй хүн ховор болсон байсан даа. Явцын дунд буддын шашныг судалсан, сургууль соёлыг нь төгсөөд ирж байгаа эхний аграмба, лхаарамба хоёр ч лам болсон, ингээд гавж, гэвш нар 20-30-аад хүн болсон байна. Монголд байгаа лам нар нь ч Шашны дээд сургууль, МУИС тэргүүтэй Европ, Америкт олон сургуульд магистр, доктор болж нэлээн боловсролтой болцгоосон. Одоо бол лам нар ард түмэндээ бурхны шашнаа таниулах ажилд идэвхтэй оролцож байгаа гэж үзэж байгаа.

Ард түмний хувьд энэ ном чинь дандаа түвдээр байх юм аа, монгол хэл дээр болгож болдоггүй юм уу гэж асуудаг байв. Тэр үед хүмүүст аваад өгөх орчуулга ховор байлаа. Одоо бол хэдэн мянган номыг орчуулаад, ойлгоход хялбар болгоод хэвлэсэн байдаг. Сонирхож байгаа хүмүүс нь өөрсдөө ирж үзэж судлаад, уншиж болох боломжтой болсон. Дээрээс нь Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, сүсэгтний холбооноос том сургалтууд явуулдаг болсон. Жэвзүндамба төв, Наро Банчэн төв, Асрал төв, Их хөлгөнийн уламжлалыг хадгалах төв гэх мэтчилэнгээр буддын мэдлэг, оюуны хөгжүүлэх сургалтууд явагддаг болсон. Нэг үеэ бодвол өөрөө мэдье гэвэл бүх боломж нь бүрдсэн. Гэхдээ гурван сая монголчуудад бүгдэд нь хүрэх арай л болоогүй байгаа. Бид хичээж л байна. Ард иргэд нь ном сургаалыг таньж мэдэхийн төлөө, лам хуврагууд нь сүсэгтэн олонд тайлбарлан таниулахын төлөө явах аваас амархан түгэн дэлгэрэх бололтой юм байна. Монголчуудын зан заншил, ахуй нөхцөлд нь хамгийн ойр байсан шашин нь буддын шашин.

“БУРХНЫ ШАШИН БОЛ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫГ ЗЭРЭГЦҮҮЛЖ ЯВДАГ НЬ ГАЙХАМШИГТАЙ ЮМ”

-Далай лам буддын шашинт оронд ирэхдээ уламжлалт зан заншил, соёлоо авч явах, уламжлалт шашнаа шүтэхийг уриалдаг. Манайд бол уламжлалт шашнаас гадна, олон шашнууд сүүлийн үед орж ирсэн.

-Энд тухайн ард түмний эрх ашиг байдаг юм байна гэж бодогддог. Тухайн орны эрх ашиг байдаг ч нийтийн үйлээр барилдсан гэдэг ойлголт ч байдаг. Яагаад гэвэл цаашилбал 2000 гаруй жил, наашилбал 400 гаруй жилийн түүхтэй бурхны шашин дэлгэрч, мандаж байсан Монгол шиг улсад зан заншил, соёл, уламжлал нь тухайн шашинтай нягт холбоотой болсон, ихэнх үйл явц нь бурхны шашнаас хамаардаг болсон ийм нөхцөл үүсдэг юм байна. Тийм учраас тухайн ард түмэн нь Хятадаас ч өөр, Оросоос ч өөр Монгол гэсэн төрхийг бий болгож өгдөг. Ер нь манай иргэд өөр шашин болоод өөр үзэл сурталд автаад ирэхээрээ монголчуудаасаа хэл яриа, үйл ажил нь шал ондоо болоод явчихдаг. Үндэсний баяр наадам, монгол дээл хувцас гээд бүх зүйлээ ад үзээд эхэлдэг. Гуравхан сая монголчууд өөрийн гэсэн дархлаатай байя гэж бодвол, өөрсдийн шашнаа эрхэмлэхээс өөр аргагүй юм уу даа гэсэн бодол байдаг юм.

-Улс орныг хөгжүүлэх гол үндэс нь хүн. хүнийг төлөвшүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. тэрний нэгэнд шашин ч бас багтана. Шашин нийгмийн хөгжилд ямар үүрэгтэй вэ. зарим шашингүй үзэлтнүүд шашныг нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог ч гэх нь бий…

-Олон улсад том зарчим байна. Жишээ нь Америк, Орос, Англи, Европын хуучин соёлт орнуудад хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх энэ талаа бодоод хэдий бээр шинжлэх ухааныг үнэлж үздэг болсон ч шашнаа хаялгүйгээр хамт аваад яваа харагддаг юм. Яагаад гэвэл хүний сүсэг бишрэл гэдэг аугаа зүйл юм. Түүнийг харгис, хүнд хөнөөлтэй биш л бол бүх нөхцөлд хүлээн зөвшөөрдөг. Монголын Алтан ургийн их хаадууд мөн тийм байсан байгаа юм. Мөнх хаан хэлэхдээ “Олон шашинтныг эзэлнэ гэдэг нэг хэрэг. Олон шашныг авах, үгүй нь өөр хэрэг” гэжээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж буй нийгмийн илрэл юм даа.

Миний хувьд Европыг хоёр хувааж үздэг. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмтэй улсууд нь Үндсэн хуулиндаа шашныхаа тухай зааж, сүсэглэж бишрэх эрхийг нь нээж өгөөд хамтран зэрэгцэн оршиж XXI зуунтай золгож байгаа. Нөгөө нэг тал нь шинжлэх ухаантай харшилсан ч гэж үздэг юмуу устгая, байхгүй болгоё гэсэн үзэл бодол байж. Тэр нь яван явсаар өөрөө өөрийгөө ялагдуулаад дуусчээ гэж бодогддог. Энэ талаас аваад үзэхээр шашин гэдэг бол хүнд ёс суртахуун суулгадаг нийтлэг чанар байна. Бурхны шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг нь гайхамшигтай юм. Тэр мэдлэгийн хэмжээнд байгаа зүйл нь орчин үеийн шинжлэх ухаантай харшилдахгүй байгаа нь гайхамшигтай гэдгийг нь баталж байгаа байдал. Цогт Наландагийн уламжлалт бурхны шашин шүтдэг монголчууд бурхны шашныг ойлгож мэдэхэд ямар нэгэн шинжлэх ухаан юмуу аливаа нэгэн ололт амжилттай харшилна гэх айдас төрөхгүй юм билээ. Тийм ч учраас бурхны шашин хэд хичнээн дэлгэрэх тусам нийгмийг улам бүлээрүүлж, эв нэгдэл тогтоох, энх тайвныг авч ирэх юм байна. Нигүүлсэл, хайр, энэрлийн сургаал нь эдгээр бүгдийг хүн төрөлхтөнд өгсөөр ирж. Иймээс бид бурхны шашнаа эрхэмлэж, хүүхдүүдийн суурь боловсролын дотор ёс суртахууны сургаал номуудаас оруулах хэрэгтэй. Бурхны шашны ёс суртахууны сургаалд шашин, бурхан, мөргө, итгэ гэсэн ойлголт огтоос байхгүй. Өөрөөр хэлбэл, хүнээ хүн болгож авахдаа шашнаа ашигла гэсэн санаа яваад байгаа юм.

-Тэгвэл ёс зүйтэй, жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?

-Шашин нь дээд зэргийн ёс суртахуун, энэрэл, нигүүлсэл, эх орноо хайрлах хайр, өөр бусдыг хайрлах хайр, ёс зүй гэх мэтчилэнг тогтоож өгдөг үүн дээр суурилсан шинжлэх ухаан байх аваас энэ шинжлэх ухаан жинхэнэ хүн төрөлхтний төлөө болж ирэх юм. Тиймээс шашин нь шинжлэх ухаантай хамт байж дутууг нь нөхөх хэрэгтэй юм уу гэж боддог юм. Бурхны шашныг хөгжүүлэх гэдэг ойлголт байхгүй юм, үнэхээрийн төгөлдөр сургаал гэдэг нь цаг хугацаа өнгөрөх, хүний оюун санаа хөгжих тусам батлагдаж байх шиг ажиглагддаг. Харин уг гүн ухаан, шинжлэх ухаан, сургаал номлолоор нь бид хүнээ хөгжүүлж авах боломжтой. Бурхны ном хүнийг хөгжүүлэх цогц ойлголт юм байна.

“БАРУУНЫ ЭРДЭМТЭД БЯСАЛГАЛЫГ МАШ НАРИЙН СУДАЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ХЭДЭН АРВАН САЯАРАА БЯСАЛГАЛ ХИЙДЭГ БОЛЛОО”

-Хөгжсөн орны иргэд, алдартнууд буддын шашныг ихэд сонирхож, шүтэх нь ихэсч. мөн бясалгалаар их хичээллэх болж. ямар учраас өөр шашинтай, өөр соёлтой хүмүүсийг бурхны шашин, бясалгал татаад байх болов?

-Буддын шашин 2500 жилийн түүхтэй, өнөөгийн шашнуудын хамгийн ахмад шашин хэдий ч шинжлэх ухаантай үзэл онол дүйцэж байгаа нь биднийг гайхшируулж, итгэл үнэмшлийг улам сэргээдэг. Бурхан багшийн айлдсан шүтэн барилдлагын онол, хоосон чанарын ухаан, энэрэл, нигүүлсэл, хүн өөрийн дотоод сэтгэлийг судалж, өөрийгөө боловсруулах арга зам нь үнэхээрийн гайхамшигтай.

Өнөө цагийн эрдэмтэд бурхны сургаалаас сэдэв авч судалгаа, шинжилгээ хийж байгаа олон зүйлүүд байна. Нэн ялангуяа бясалгал байгаа юм. Барууны эрдэмтэд бясалгалыг маш нарийн судалсны үндсэн дээр хэдэн арван саяараа бясалгалгадаг боллоо. Бурхны шашнаар суурь хийж, орчин үеийн шинжлэх ухаанаар баяжуулж бясалгал хийдэг ч болж. Далай багш айлдахдаа хүнийг боловсруулж, дотоод сэтгэлийг өөрчилж, жаргалтай сайхан амьдралд хөтөлж чадаж байвал тэр заавал бурхны шашнынх гэж бид өмчлөхгүй гэж айлдсан. Буддын шашин Европ дахинд маш их сонирхолтой байна.

Сүүлийн үед ажиглахад Далай багш Англи, Украин тэргүүтэй маш олон орны иргэдийн хүсэлтээр интернэтээр айлдвар айлдаж, тэдгээр хүмүүс сонсож, ярилцаж байна. Хүний төлөвшил, ёс зүй, ёс суртахуун хөгжүүлэх тухай хэлэлцүүлэг хийж, үүний үндсэн дээр курс дугуйлан байгуулагдаж, хүүхдүүдийн боловсролд ч нэвтрүүлж, олон зүйлийн ажил Европ тэргүүтэй улс орнуудад өрнөж байна.

Мөн Далай багштай хамтарч Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн ёс зүйн сурах бичиг, сургалтын хөтөлбөр хийсэн. Энэтхэгийн сургуулиуд эдгээрийг ашиглаж байгаа, Америк ба Европын бусад улсуудад сургалтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх үзэл бодлууд явж байна. Бурхны шашны ёс зүйн ба хүнийг төлөвшүүлэх арга дээр дэлхий нийт анхаарч амьдралдаа хэрэглэж эхэллээ. Бид буддын шашны уламжлалтай ард түмэн учир эдгээрийг харж үзүүштэй юм. Үүнийг манай улсад хэрэгжүүлэхэд маш хялбар. Эрдэм мэдлэгтэй гавж, гэвш, лхаарамба, аграмба нар нь байна. Хамтарч суугаад богино хугацаанд үр дүнг нь үзэж болмоор нөхцөл бидэнд байгаа. Үүнийг анхааран үзэж аваасай гэдгийг Боловсролын яам болоод бусад холбогдох хүмүүст хүсэлтээ тавих байна.

-Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх арга барилыг өнөө цагийн нөхцөлд тааруулан шинэчлэн өөрчлөх боломж бий юү. Буддизмыг шүүмжлэхээрээ зарим зан үйлийг жишээ татдаг шүү дээ. үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Зүй зохисгүй зүйлүүдийг өөрчлөхөөс өөр арга байхгүй дээ. Буддын шашин олон зууны турш дэлгэрч ирсэн, янз бүрийн нийгмийн үед оршсон, тухайн нийгэмд зохицолтой, одооны нийгэмд таарахгүй зан үйл ч байж болох талтай. Бид хуучин социалист нийгмийн үзэл суртлаар явалгүй шинэ нийгэмдээ тохируулахаас аргагүй юм. Бурхны шашны номлолд яв цав таарч байгаа шинэчлэлийг хийхээс өөр талгүй. Жишээ нь, хуучин цагт хирээ угааж болохгүй гэж ярьдаг байсан. Гэтэл бурхны шашны винайн ёсонд усанд орохоор барахгүй, орчин үеийн угаалгын өрөө мэт бүгдийг нь номд нарийн заагаад өгсөн байх юм. Түүнийг хуучин нийгэм шиг дагаж байх хэрэггүй, бурхны номоо дагаад, шинэ цагийн нийтийн байдалтай нийцүүлэн явж болохоор байна.

Эрт цагт ингэж ярих нь төвөгтэй ч байсан байж магадгүй. Халуун ус гэж байхгүй, цөмөөрөө нүүдэлчин, цөм таранги, хөдөө гадаа амьдардаг, мал сүргээ хариулаад явдаг, эрүүл байгальд, экологийн хүнс хэрэглэдэг ийм нөхцөлд нэлээн тэсвэртэй ч байсан байх. Орчин үеийн нөхцөл нь шал ондоо болсон газар дэлхий их бузартаж, экологи их сүйрч, бидний идэж ууж байгаа зүйлд хор хөнөөлтэй зүйл ихээхэн орж ирсэн. Энэ байдлаас болоод винайн ёсоо баримтлаад идэж уух, хоол хош, хувцас тэргүүтэндээ өөрчлөлт хийхээс аргагүй зүйл бий.

-Коронавирус гарсантай холбоотойгоор дэлхийн олон орны удирдагч нар гар барьж мэндчилэхгүйгээр янз янзын аргаар мэндчилдэг болсон байна лээ. монгол Улсын Ерөнхийлөгч ч гадны хүмүүстэй уулзахдаа алга хавсран залбирах маягтай мэндчилж харагдсан. үүнийг зарим хүмүүс шүүмжилж байгаа нь ч харагдсан…

-Их хэлмэгдэлтийн үеэс хэлбэр дүрсээ хүртэл өөрчилсөн олон юм байна. Монголчууд эртнээсээ гар барьж мэндчилдэггүй байсан. Тэр нь одоо ч үргэлжилж, гүнзгий сурталд автсан. Бид чинь гараа хамтатгаж юмуу, хоёр гарын алгыг дээш хандуулж амар мэнд, амгаланг айлтгая гэдэг байлаа. Энэ мэндчилгээ хэдийгээр хуучны юм шиг санагдаж болох авч, хөгжилт хүн төрөлхтөн хамгийн сайхан мэндчилгээ байна гэж хүлээж авч байгаа харагдаж байна. Английн ханхүү цар тахал гарсны хойно нэг арга хэмжээн дээр эхлээд болгоомжгүй гараа барих гэж явуулснаа гэнэтхэн цочиж гараа хамтатгаж залбирч мэндчилэхэд бусад хүмүүс нь дуурайж байгаа дүр зураг харагдана лээ. Дэлхий нийт шуугилаа. Дэлхийг удирдаж байгаа том гүрнүүдийн удирдлагууд уулзахдаа цөмөөрөө гараа хамтатгаж залбирч мэндэлж байгаа нь бидний уламжлалт мэндчилгээ хамгийн зөв мэндчилгээ болж, хамгийн орчин үеийн, хэнд ч хөнөөлгүй, сайхан мэндчилгээ болох нь батлагдаж байна. Гэтэл бид гараа барихаас гадна, тэврэлддэг, үнсэлддэгийг нь аваад бүр коронавирус тэргүүтэй асар халдвартай өвчин дэгдэж байгаа үед ийм мэт байвал өөрт болоод бусдад машид хортой болох нь байна.

Сүүлийн үед залуучууд гараа зангидаж байгаад зодолдох нь уу гэлтэй мэндчилж байгаа нь их л эвгүй харагдах юм. Тэрний оронд гараа хамтатгаад мэхийхэд цаад хүндээ асар хүндэтгэлтэй хандаж байгаа мэдрэмж өгдөг. Эдгээр уламжлалаараа мэндлэхэд яагаад болохгүй байхав дээ. Энэтхэг, Тайланд гээд Азийн олон оронд энэ мэндчилгээ гайхамшигтай дэлгэрсэн байдаг юм билээ. Тэр олон хүнтэй газар халдварт өвчин тарахгүй байхад нь сайнаар нөлөөлж байж ч болох юм. Энэ мэт өөрсдийн уламжлалт юмнаас зугтаахгүй оновчтой зүйлсийг нь авч явах, өвлүүлэх их чухал юм даа гэж залуучууддаа дахин дахин айлтгая. Аюулт цар тахал, коронавирусийн үед уламжлалт сайхан мэндчилгээгээ дадуулж, аливаа сайхан соёл уламжлалаа өвлүүлэхийг сүсэгтэн олон, залуучууддаа уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Мөнхболд: УОК, ЭМЯ, Засгийн газар ямар ч арчаагүй, ажил зохион байгуулах чадваргүй гэдгээ харууллаа


УОК-оос хөдөө орон нутгийн иргэдийг 119.mn сайтад бүртгүүлж коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. Хариу нь сөрөг гарсан иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс нутаг буцаах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр коронавирусийн шинжилгээ өгөхөөр бүртгүүлсэн иргэд бөөгнөрөл үүсгэж, эмх замбараагүй байдал гарснаар халдвар хамгааллын дэглэм алдагдсан юм. Энэ талаар иргэдийн шүүмжлэл газар авч УОК ямар ч хариуцлагагүй ажиллаж байна, хэдхэн хүний шинжилгээг асуудал үүсгэлгүй авчихаж чадахгүй байгаа нь тэдний нүүр царай мөн. Ийм ч төр засагтай байх ч гэж хэмээн бухимдацгааж байна. Шинжилгээ өгөхөөр очсон Хөвсгөл аймгийн иргэнтэй холбогдоход “Шинжилгээ өгөхөөр өглөө эрт ирсэн. Авсан цаг чинь хамаагүй, ирсэн дарааллаар нь оруулна гэж дугаарлуулсан. Өдөр 14:00 цагийн байдлаар 100 гаруй хүний ард зогсож байна. Хэрвээ өнөөдөртөө багтаж шинжилгээ өгч амжихгүй бол дахин 119.mn сайтаас цаг авахын тулд арванхоёрдугаар сарын 7-ноос нааш цаг байхгүй гэж дуулдана. Яах ч учраа мэдэхгүй зогсож байна. Шинжилгээнд хамрагдаад гэртээ харих гэсэн иргэдээрээ ингэж тохуурхаж болохгүй байх” хэмээн ихэд бухимдалтай байсан юм. Ингээд бид Өмнөговь аймгийн иргэн Д.Мөнхболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Та аль аймгийн хүн бэ?

-Намайг Д.Мөнхболд гэдэг. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. Улаанбаатар хотод түр барилгын ажил хийхээр ирсэн. Ажлаа дуусгаад буцах гэж байтал коронавирус гарч хөл хорионд орсон. Ингээд хөдөө орон нутгийн иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулсны дараа нутаг буцаах УОК-ын шийдвэрийн дагуу 119.mn сайтад арай гэж бүртгүүлээд СХД-ийн 19 дүгээр хороо 62-р сургууль дээр шинжилгээ өгөхөөр өглөө 08:30 цагт очсон. Миний шинжилгээ өгөх цаг 09:00 цаг байсан. Гэтэл шинжилгээ өгөхөөр очиход үүдэнд нь хүмүүс шавчихсан байсан. Ямар нэгэн зохицуулалт хийж байгаа ч хүн байхгүй. Ингээд цаг нь болохоор овог нэр, регистрийн дугаараар нь дуудаад оруулах юм болов уу гээд хэсэг харсан. Энэ зуур иргэдийн тоо нэмэгдсээр байсан. Ингээд миний шинжилгээ өгөх цаг болоход эх замбараагаа алдсан. Юун нөгөө 1.5-2 метрийн зай барих. Хүмүүс ирсэн дарааллаараа орно гэж зүтгээд цаг авсан бид нар ч цагаараа орно гээд бөөн юм болсон.

-Шинжилгээ өгсөн хэсэгт нь цагдаа, ЭМЯ, УОК-оос алба хаагчид зохицуулалт хийгээгүй юм уу?

-Аль байгууллагынх нь мэдэхгүй алба хаагчид 09:30 минутын үед ирсэн. Иргэд хэдий нь эмх замбараагүй байдал үүсгэчихсэн болохоор тийм ч амархан эмх цэгцэнд ороогүй. Сүүлдээ дарааллаа алдахгүй гээд бие биеэнтэйгээ наалдаж, тэврэлдээд зогсчихсон. Бараг бослого шахуу юм болж байсан. Энэ бол УОК,ЭМЯ, Засгийн газар ямар арчаагүй, ажилгүй, ажил зохион байгуулах чадвар муутай гэдгийг харуулж байгаа ганцхан жишээ. Юун нөгөө коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх. Тухайн иргэд дотор хэн нэгэн нь коронавирусийн халдар авчихсан явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгвэл тэнд байсан бүх хүмүүс халдар авах эрсдэлтэй байсан. Хатуу хөл хорио гээд сүржигнэж юу боллоо. Гэтэл ганц ажил олигтойхон зохион байгуулж чадаагүйгээс болж энэ олон хүний хичээл зүтгэл талаар нэг боллоо.

-Та бүртгүүлсэн цагтаа шинжилгээгээ өгч чадсан уу. Яагаад иргэдийн бөөгнөрөл үүссэн гэж бодож байна?

-Шинжилгээгээ авсан өгч чадаагүй. Шинжилгээ өгөх цагт эмч нар нь ч ирээгүй байсан. Сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ гэдэг байгалийн шалгарал болсон гэхэд буруудахгүй. Миний хувьд авсан цагаа үзүүлээд урд хэсэгт орж чадсан. Хамгийн гол нь 119.mn сайт нь ажиллахгүй байсан учраас цаг аваагүй иргэд хүрээд ирсэн юм байна лээ. Аргагүй шүү дээ. Анхнаасаа дутуу дулимаг мэдээллээр хангахаас гадна хагас дутуу үйлчилдэг сайт нээснээс болоод ийм завхарсан ажил болж байгаа юм шүү дээ. “Арванхоёрдугаар сарын 1-нээс хэдхэн хоног нээгээд дахиад орон нутгийн иргэдийг гаргахгүй” гэдэг мэдээлэл их гарсан. Тийм болохоор хөдөө орон нутгийн иргэд ямар нэгэн аргаар энэ шинжилгээнд нь хамрагдаад эхний ээлжийн автобусанд багтаад гэртээ харихыг л хүсээд байна шүү дээ. Айлаар олон хүн байна гэдэг хэн хэндээ амаргүй л байгаа шүү дээ.

-Та хэдэн цагт шинжилгээгээ өгсөн бэ?

-Үдийн 14:00 цаг өнгөрөөгөөд өгсөн. Хамгийн гол нь 5-6 хүн ороод 30-40 минут болно. Хариу нь гарах хүртэл бид гадаа хүлээхээс өөр аргагүй. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгааг ч хэлэх үү. Өчигдөр бас чамгүй хүйтэн өдөр байлаа. Би яахав гэхэд өндөр настай, нялх хүүхэдтэй хүн ч олон байна лээ. Тэд нарт бүр л хэцүү байгаа шүү дээ. Зарим нь өчигдөр амжихгүй бол хонож дугаарладаг юм бил үү ч гэж ярьж байсан. Ер нь цаашид УОК, Засгийн газар, ЭМЯ-ныхан ажлаа олигтойхон хийж чадахгүй ард иргэдээ ингэж хөлдөө чирээд байвал харамсалтай. Ер нь тэгээд энэ их хариуцлагатай хүнд хэцүү цагт мэддэг, чаддаг хүмүүст нь хүлээлгээд өгчих хэрэгтэй юм.

-Гэхдээ дараалалд эмх замбараагүй байдал үүсгэсэн нь иргэдийн ухамсрын асуудал гэж шүүмжлэх хүмүүс ч байна шүү дээ?

-Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг хүсэх хэн байх билээ. Би дээр хэлсэнчлэн хөл хорио тогтоосноос хойш ЗГ-аас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж гэртээ бүгчихээд ганц удаа гарахдаа аль болох эрсдэлд орохгүй байхыг л хичээнэ шүү дээ. Зураг, хараад шүүмжлэх амархан. Гэтэл бодит байдал дээр чиний урдуур хүссэн хүн бүр дайрч ороод байхаар чи дарааллаа алдахгүйн тулд ямар нэгэн алхам хийж л таарна шүү дээ. Ямар сайндаа л тас тэврэлдээд зогсох вэ дээ. Ядахдаа анхнаас нь ирсэн дарааллаар зайгаа бариад зогс гээд төр төмөр нүүрээ харуулаад зохицуулчихсан бол ийм завхарсан ажил болохгүй л байсан болов уу. Энэ бол нэг ёсондоо ард иргэдийнхээ эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө санаатайгаар өдүүлж байгаа гэмт хэрэг.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 1, Ангараг гариг. Билгийн тооллын 16, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.