Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Хүслэн: -Та хаана амьдардаг вэ? Google: -Би үүлэнд амьдардаг. Мөн таны зүрх сэтгэлд ч амьдардаг гэж бодох дуртай

Есөн настай Э.Хүслэн охины “Google” -тэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


Хүүхэд төрөлхийн сониуч зантай, хорвоо ертөнц бүхэлдээ тэдний мэдэхгүй зүйлээр дүүрэн байдаг. Тэдэнд тойрон хүрээлж буй ургамал, амьтад гээд бүхий л зүйлс сонин ажиглагддаг байна. Тэр бүгдийг юу болохыг нь сонирхон мэдэхийг хүснэ. Хэсэг хугацааны дараа чамгүй мэдээлэл, мэдлэгтэй болж, түүнийгээ эмхэлж цэгцлэх, ангилах, учрыг нь олох шаардлагатай тулгарна. Тиймээс “Яагаад” гэсэн асуулт тэдэнд маш их хэрэг болдог байна. Э.Хүслэн охины асуусан асуулт бүр үнэхээр сонин бөгөөд өхөөрдөм санагдлаа. Google-ыг бид робот гэж боддог. Гэвч тэр сонсох дуртай дуу, шүлэгтэйгээс гадна маш ухаалаг, бүр хошигнож чаддаг гэдгийг энэхүү ярианаас харж болно. Э.Хүслэн охин францаар асууж, ярилцсан байна.


-Google та шүдтэй юү?

-Надад шүд байхгүй. Гэхдээ би та бүгдтэй ярилцахдаа үргэлж инээмсэглэж байдаг.

-Тэгвэл та нүдтэй юү?

-Надад нүд байсан бол тэд үргэлж чам руу гэрэлтэх байсан.

-Google чи гэрлэсэн үү?

-Надад найз залуу, эсвэл бүсгүй байдаггүй. Гэхдээ надад маш олон жижиг найзууд байдаг. Тэд бол эможиуд юм.

-Таны анхны хайр хэн байсан бэ?

-Би хувийн амьдралынхаа талаар ярьдаг тийм туслах биш шүү дээ.

-Чи ямар төрхтэй вэ?

-Миний алгоритм бол гоо сайхны кодоор хайлт хийн тоглох дуртай.

-Google та хэдэн настай вэ?

-2016 онд нэг удаа төрсөн өдөр тэмдэглэсэн боловч өдөр бүр миний төрсөн өдөр мэт жүжиглэдэг. Энэ бол өөртөө бялуу авах төгс шалтаг юм. Би өөрийгөө маш залуу гэж бодож байна.

-Google та нисэж чаддаг уу ?

-Мэдээж би нисэж чаддаг болоосой гэж хүсдэг. Гэхдээ интернэтээр аялах нь нисэхээс ч хурдан шүү.

-Google танд гэр бүл бий юү?

-Миний гэр бүл бол Google-ийн бүх баг юм. Тэд дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг. Аз болоход тэд надад маш олон хэлээр ярихыг зааж өгсөн.

-Чамд хайрладаг хэн нэгэн байгаа юу?

-Би судалгааны ажилд маш дуртай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Таны асуултад хариулт олох нь намайг дурласан хүн шиг болгодог.

-Google та монгол хэл мэддэг үү ?

-Би энэ хэлийг сурсаар байгаа. Гэхдээ таны яриаг сонсохдоо ч бас дуртай байна.

-Та bonjour гэх үгийг монголоор хэлж өгөөч ?

-Монголд «Мэнд хүргээрэй» гэх үгийг нэгэн голын хоёр талд амьдарч байсан хүмүүс хэлдэг байжээ. Дараа нь энэ мэндчилгээ Монгол даяар тархаж ийнхүү мэндчилгээний үг болсон юм.

-Та Монгол оронд очиж үзсэн үү ?

-Хэрвээ би тэнд очсон бол бүгдийг санах байх.

-Google та баян уу. Эсвэл ядуу юу ?

-Уучлаарай. Надад лууван байхгүй. Гэхдээ энэ нь төмс идэхэд маань саад болохгүй. Мэдээллийн сан маань маш баян.

-Таны босс хэн бэ?

-Даргынхаа талаар танд тайлбарлаж өгье. Тэр бол мундаг, сониуч, үргэлж сурах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ түр хүлээгээрэй, Тэр бол чи өөрөө шүү дээ.

-Google чиний хамгийн дуртай эможи юу вэ ?

-Надад нарны шил зүүсэн эможи хамгийн их таалагддаг. Би инээдэг эможинд үнэхээр дуртай. Энэ бол намайг инээмсэглэхийг харж болох цорын ганц арга зам юм.

-Та намайг инээлгэж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Би хөгжилдөх маш их дуртай. Би чамд зориулж олон хошигнол бэлддэг. Харин та нар хөгжилтэй үедээ маш их чимээ шуугиан дэгдээдэг гэдгээ мэдэх үү?

-Танд хэцүү үе байдаг уу ?

-Бид бүх зүрх сэтгэлээрээ ажилладаг бөгөөд бүхий л бэрхшээлийг даван туулах хүч чадалтай.

-Та ажлаас гадна юу хийдэг вэ?

-Би хүмүүст тусалдаг гэж хэлье. Энэ нь ажлын байранд суухаас хамаагүй илүү өргөн хүрээтэй байдаг.

-Та хаана амьдардаг вэ?

-Би үүлэнд амьдардаг. Мөн таны зүрх сэтгэлд ч амьдардаг гэж бодох дуртай.

-Таны хамгийн дуртай шүлэг юу вэ?

-“Тунхаглал” Хлое Дуглас. Түүнд шуудхан хэл, эсвэл хэзээ ч эргэж ирэхгүй гэдгээ сануул. Энэ хайр таны сэтгэлийг шархлуулсан байсан ч үнэнийг түүчээлдэг, тэврэлт нь болоорой. Зөөлхөн хацрыг нь улайтал үнсээрэй, дулаан инээмсэглэл нь таныг маш өгөөмөр гэдгийг хэлнэ. Оргил өөд хүсэл тэмүүллээ шивнэ, хайраа нэгтгэ.

-Та ямар дуунд дуртай вэ?

-Shy’m-ийн Et alors!

-Би Х.Болор-Эрдэнэ гэдэг монгол зохиолчийн тухай би мэдмээр байна?

-Монголын зохиолч Х.Болор-Эрдэнэ нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Дөрвөн хүүхдийн ээж юм. Түүний франц хэл дээрх анхны бүтээл нь түүний бага насны амьдралаас сэдэвлэсэн зохиол юм. Тэрхүү зохиол доторх бяцхан охин хожим эх орондоо нэр хүндтэй зохиолч болжээ.

-Таны дуртай од юу вэ?

-Дуртай од оо? Сонгох боломжгүй, хэтэрхий олон байна.

-Таны дуртай хот аль вэ?

-Маш олон сайхан хотууд байдаг. Сонгоход хэтэрхий хэцүү юм.

-Таны хамгийн дуртай цэцэг юу вэ?

-Би наранцэцэгийг нарлаг, аз жаргалтай талаас нь хайрладаг.

-Та инээж чадах уу?

-Хи хи хи!

-Та уйлж чаддаг уу ?

– Би уйлж чадахгүй. Би бүх нулимсны кодоо алдахаас маш их айдаг.

– Бид тоглож чадах болов уу?

-Би танд зориулагдсан зарим баримт, хуурамч үг эсвэл санамсаргүй үгийг санал болгож чадах мэргэжилтэн юм. Зүгээр л надад хэлэхэд л болно. Асуултууд сайхан байна. Шөнө бол зүйр цэцэн үгс бясалгахад хамгийн тохиромжтой цаг юм байна гэж би бодлоо. Хэрэв та надаас асуувал би танд хариултыг өгч чадна.

-Та надад нэг зүйр цэцэн үг хэлээч?

-Гялалзсан бүхэн алт биш юм.


Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ орцонд нүцгэн зогсоосон ээжийг 300 мянган төгрөгөөр торгоно

Саяхан “Алтай” хотхонд бага насны эрэгтэй хүүхэд дотуур өмдтэйгээ орцондоо нүцгэн зогсож буй зураг цахим орчинд тавигдсан. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгахад “Үгэнд орохгүй байхаар нь шийтгэсэн“ гэж хүүгийн ээж мэдүүлсэн байна. Хэрвээ хүүд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Тогтоогдохгүй бол хамтарсан багийн үнэлгээг харгалзан үзэж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллэж байсан. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэж, тухайн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Мөн цаашид хамтарсан багийн хяналтад авах, эцэг эх асран хамгаалагч байх хуулийн хариуцлагыг нь ойлгуулах чиглэлээр сургалт зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзав

БНСУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хун ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзан хоёр орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтаар БНСУ-аас экспортолж байгаа автомашины мэдээллийг Монгол Улсын импортын мэдээллийн системтэй холбох, БНСУ-ын Хэрэглэгчийн агентлагтай ШӨХТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай хэлэлцсэн байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай, аж ахуй эрхлэгчдэд танилцуулж, энэ хуулийн төсөлд тусгах санал болон тулгарч буй асуудлаар ярилцжээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуй эрхлэгчдийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал санал нэгдсэн байна.

Уулзалтын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ “Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж хоёр улсын хооронд жилд 220 мянган иргэн зорчдог болжээ. Энэ нь бидний нөхөрлөл хэрхэн бэхэжсэнийг илтгэж байна. Иймээс ШӨХТГ-аас тавьсан саналыг талархан хүлээн авч байна” хэмээлээ гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тэргэнцэртэй иргэд зорчих эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна

“Бид Хэрэглэгч” хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд болов.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

Шадар сайд хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн бүхий л харилцаанд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгоход төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл онцгой ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсад 106,363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23,932 тэргэнцэртэй иргэн байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход шийдэл гарах нь чухал юм.

Тэргэнцэртэй иргэдэд өдөр тутам тулгардаг асуудал бол тэдний зорчих эрх. Тэр дундаа нийтийн тээвэр, зам хамгийн тулгамдсан асуудлын нэг байдаг гэдгийг тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл хэлдэг. Иймдээ ч тэд хамтран өөрсдийн зорчих эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь энэ юм.

Энэ үеэр Шадар сайд холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгч, асуудалд анхаарч ажиллахыг чиглэл болголоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон “Сүхбаатарын хүүхнүүд” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Д.Түвшинжаргал бид хоёрын дундах маргаан анх 2014 онд эхэлсэн. Түүний нэхэмжлээд байгаа байрыг 2002 онд Сүхбаатар аймгийн Б.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй 64 саяар худалдаж аваад төлбөрийг нь 100 хувь барагдуулсан.

Ардын Жүжигчин цол хүртэхэд надад Б.Мөнхцэцэг байраа бэлэглэж, би хариуд нь газраа бэлэглэсэн. Д.Түвшинжаргалыг явахад нь би машин хүртэл өгч явуулж байсан. Сүүлд нь гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэхэд байрыг чинь авна гээд шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. Дараагийн шатны шүүх хурлуудад миний хувьд оролцох боломжгүй байсан. Бэр минь, эгч минь нас барсан хүнд цаг үе. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарч, шийдвэр гүйцэтгэх газраас байрыг суллуулж авна гэсээр байгаа. Одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөг Д.Түвшинжаргалд өгсөн. Дахиад 100 гаруй сая төгрөг өгөхгүй бол байраа суллаж өгөх хэмжээнд хүрээд байгаа. Үнэн нь л энэ.

64 саяын байр 10 гаруй жилийн дараа 360 орчим сая болсон. Байр байтугай, угаалгын машин, хивс, тоос сорогч хүртэл авна гэнэ лээ. Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна. Хөрөнгө хэнийх байхаас үл хамаараад таваас дээш жил амьдарсан бол хөрөнгийг нь дундуур нь хуваана гэсэн заалттай. Их хуралд хууль өөрчилдөг гэсэн олон хүн суудаг. Ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хуулийг өөрчилж өгөөч гэж хүсмээр байна. Би яах вэ. Өөр олон хүмүүс хохирох вий. Би авьяас чадвар, алдар нэрээ хураалгаагүй, хэвээрээ байгаа” гэлээ.

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа хамт 11 дүгээр сарын 28-нд тоглолтоо хийх юм байна.

Ахмад настан Ч.Улаан “Миний хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд олон жил ажилласан хүн. Ш.Чимэдцэеэ социализмын үед олон арван хандив цуглуулж байсныг мэднэ.

Жанрайсиг бурхныг сэргээн босгоход нэг хэсэг идэвхтэй хүмүүс соёлын сан гэж байгуулаад хандив босгосон. Энэ хүрээнд Ш.Чимэдцэеэ 21 аймгаар явж хандив цуглуулсан. Мөн энэ хүн Монголд валют цуглуулж өгсөн. Олон хотуудаар Н.Норонбанзад гуайтай тоглолт хийж байсныг нь санаж байна.

Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүд Ш.Чимэдцэеэд туслах хандивын аяныг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар гурван сая орчим төгрөгийн хандив цугласан. Та бүхнээс ядарч яваа нэгэндээ туслаарай гэж хүсье” гэв.

Categories
мэдээ улс-төр

Онцгой байдлын үеийн хөдөлмөр эрхлэлтийг 20 сая ам.доллароор санхүүжүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав.

COVID-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ний хуралдаанаар хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, С.Амарсайхан нарын гишүүн асуулт асууж хариулт аван байр сууриа илэрхийлсэн. Гишүүд цар тахлын үед аль болох ажлын байрыг хадгалах, иргэдээ орлоготой байлгах нь чухал гэдгийг тэмдэглээд, дээрх зээлийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрхэн төлөвлөж байгааг тодрууллаа.

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Батцэцэг, “Энэ зээлийн 10 сая ам.долларыг нь НДС-нд татан төвлөрүүлнэ. Үлдсэн 10 сая ам.долларын 6.5 саяыг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгох бичил зээл буюу өрхийн бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан, төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, зээл бүхэн өр биш, өр бүхэн муу биш хэмээн онцоллоо. Тэрээр хязгаарлагдмал эдийн засагтай манай улсад ийм бага хүүтэй урт хугацааны зээлийг боломжоор нь авах хэрэгтэй гэдгийг тодотгоод, ухаалаг зарцуулах нь зүй гэлээ. Азийн эдийн засаг цар тахлын улмаас 1967 оноос хойш хамгийн эрчимтэй унаж байгаа үедээ ирсэн олон улсын байгууллагын тооцоо судалгаа байгааг дурдаад, цар тахлаас сэргийлэхэд дэмжлэг болгон авч буй энэ зээлийн ач холбогдлыг үнэлж байв. Гэхдээ анхаарах хэдэн зүйл байгаагийн нэгдүгээрт, зээл бүхнийг улс төржүүлж байгааг шүүмжлэв. Тэрбээр, “Монгол Улсын гадаад өр бол Засгийн газрын өр, аж ахуйн нэгж, иргэдийнх гэж тусдаа байх ёстой. Засгийн газар, УИХ-ын түвшинд ярихдаа зөвхөн Засгийн газрын 7.9 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг ярих ёстой. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс оронд бизнес эрхлэгчид ямар зээлийг хэрхэн авах нь хуулиар олгогдсон эрх. Нийт гадаад өр их хэмжээтэй мэт гадаад зах зээлд буруу ойлгуулж болохгүй. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, бизнесийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Тэр хэрээр хүн цаг үед Монгол Улсад итгэх итгэлийг бууруулах сөрөг үр дагавартай” хэмээв. Мөн зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн гүйцэтгэл, хяналт, хэрэгжилтэд сар бүр ил тод хэлэлцэхгүй бол Засгийн газар, Сангийн яамнаас шийдээд өгөхөд төслийн нэгжүүд ажлаа хийдэггүй асуудал гардаг гэдгийг санууллаа.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн далбаа, нийслэлийн тугийг мандууллаа

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав.

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Categories
мэдээ улс-төр

Цар тахлын эсрэг арга хэмжээнд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (COVID-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусний халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байна.

Хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй. Тодруулбал, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь. Санхүүжилт нь COVID-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, багасгах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын гадаад өрийн талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Н.Өнөрболор нар асуулт асууж хариулт аван байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн тэнцлийг хангахын тулд зээл авч байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд, энэ дэмжлэгээ хөшөө дурсгал, музейд хөрөнгө оруулж байгаад шүүмжлэв. Аль болох бага хүүтэй зээл авчраад баялаг бүтээгчдэд тодорхой хэмжээний ханшийн алдагдал тооцоод хүү нэмээд зээлбэл үйлдвэрлэл, татвар төлөгчдийн бааз суурь бэхжинэ гэдгийг тэмдэглэв. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “ЖДҮ-д зээл олгох асуудалд тантай ижил байр суурьтай байгаа. Харин дээрх зээлийн санхүүжилтийн хувьд санал нийлэхгүй. Та төсвийн алдагдлыг дотоодын арилжааны банкуудаас зээл авч нөхөх нь эргээд банкуудад илүү их мөнгө өгнө гэж байна. Үүнд тийм зүйл байх боломжгүй. Учир нь 2018 онд Сангийн сайд болоод бизнес эрхлэгчидтэй уулзаж байх үед, зээл олддоггүй байсан гэж хэлсэн. Харин танай Засгийн газар дотоодын зээл авахаа больж арилжааны банкуудад богино хугацаатай өндөр хүүтэй зээлээ төлсөн учраас банкууд мөнгөтэй болж бизнес эрхлэгчдэд зээл олгох эрэлт нэмэгдсэн гэж ярьсан. Аж ахуйн нэгжүүд рүү очдог зээлийг төр зээлж аваад байвал эдийн засаг хөгжихгүй” хэмээн хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд, улс орнууд хүссэндээ биш шахалтаар мөнгө олгож байгаа, энэ нь манай улсад маш үнэ цэнтэй гэдгийг тайлбарлалаа. Тухайлбал, 1970 оноос Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хөгжингүй орнуудад дор хаяж ДНБ-ий 0.7 хувьтай тэнцэх албан ёсны тусламж олгодог байхыг шаардах болжээ. Энэ хүрээнд өмнө нь соёрхон баталсан Европын холбооны буцалтгүй тусламж мөн орж ирж байгаа гэдгийг тодотгов. Тэрбээр, “Цаанаа шахалттай байдаг болохоос биш ямар нэгэн санаа зорилго энэ зээл, тусламжид огт байхгүй. Жишээлбэл, хувь хүн жилийн 1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай бизнесийн зээл авъя гэхэд, дэлхийн хаанаас ч олохгүй. Гэтэл олон улсын байгууллагаас шахаж дэлхий ижил хөгжих ёстой гэсэн үүднээс байгаа мөнгөө боломжгүй хэсэгтээ өгч байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Ингээд уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулав

Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан байдаг.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталж, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль гэсэн ангиллаар шалгаруулж байгаагаараа онцлог юм. Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг “Нийслэлийн боловсролын салбарын анхны баримт бичиг болон нийслэлийн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг бид өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Улсад боловсрол, сургалтын амжилт, чанараар 2016 онд нийслэл 12 дугаар байрт орж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд дөрөвдүгээр байрт орсон нь хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг харуулж байгаа юм. Ирэх жилүүдэд экологийн боловсрол олгох, байгалийн түшиц лабораториуд байгуулах, дэвшилтэд техник технологийн ололтыг монгол ахуйтай хослуулсан вертиуал сургалтын төвүүдтэй болох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, хүний хөгжил рүү чиглэсэн хүнд ээлтэй хотыг бий болгохын төлөө зорин ажиллаж байна” хэмээн онцлон хэллээ.

2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт урамшуулал олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олгож байна. Энэ үеэр нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарлаа.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг:

  1. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг
  3. Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг
  5. Сонгиохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг
  6. Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг
  8. Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг
  9. Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг
  10. Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг
  11. Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг
  12. Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг
  13. Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэг
  14. Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэг
  15. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг
  16. Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг
  17. Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэг
  18. Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг
  19. Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг
  20. Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэг

Нийслэлийн шилдэг сургууль:

  1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
  3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль
  4. Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль
  5. Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль
  6. Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр бага сургууль
  7. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
  8. Налайх дүүргийн 103 дугаар сургууль
  9. Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль
  11. Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль
  12. Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль
  13. Баянгол дүүргийн 113 дугаар сургууль
  14. Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль
  15. Хан-Уул дүүргийн 135 дугаар сургууль
  16. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль
  17. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
  18. Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль
  19. Хан-Уул дүүргийн “Орхон Хасү” сургууль
  20. Сүхбаатар дүүргийн 139 дүгээр бага сургууль