Categories
мэдээ цаг-үе

Ж.Батсуурь: Миний хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзвэл ХАА-н салбарыг цогцоор нь хөгжүүлэх бодлого байсныг олж харна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Байнгын хорооны хурлын үеэр та махны үнийн талаар саналаа илэрхийлсэн. Таны энэ байр суурь сошиалд нэлээд шуугиан болж байна. Өмнөд Монгол, Эрээнд мах нэг килограмм нь 36 мянган төгрөгний үнэтэй байхад манай улсад найман мянган төгрөгний үнэтэй байна гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ талаарх санал бодлыг тань дэлгэрэнгүй сонирхмоор байна?

-Монгол Улсад төр байх ёстой. Төрөө ардчилсан сонгуулиар сонгож байна. Тэр хүмүүсийн бодлогоор хүмүүс хөгжих үү, эс хөгжих үү гэдгийг ард түмэн харж байдаг. Хөгжлийн талаар ярихаар нөгөө талд эдийн засгийг ярих болно. Өнөөдөр бид эдийн засаг гэхээр уул уурхайг л ярьдаг. Монгол Улс олон зуун мянган жил мал аж ахуйгаа дээдэлж ирсэн. Түүнийхээ ашиг шимийг хүртэж, борлуулж, хэрэглэж ирсэн түүхтэй шүү дээ. Уул уурхай бол нөхөгдөшгүй баялаг. Хэзээ нэгэн цагт дуусна. Харин мал аж ахуйн үйлдвэрлэл дуусашгүй баялаг. Хүн төрөлхтөн байх цагт байж л байх зүйл. Мал аж ахуйн салбараа дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүний төрлийг олшруулж, борлуулалтыг нэмэгдүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг үлэмж хэмжээгээр тэлэх боломж бий. Төсвийн байнгын хорооны хурал дээр миний хэлсэн үг, ярьсан зүйлийн гол санаа ийм байсан. Өнгөрсөн 2019 оны эцэст Монгол Улс 70.9 сая мал тоолуулжээ. Харин энэ онд 22.7 сая төл хүлээн авсан. Энэ жил 20 орчим сая мал эргэлтэд орох төлөвлөгөөтэй байгаа юм. Нийслэлийн иргэдийн амьдралын түвшин, цалин хөлс ямар байгааг ойлгож байна. Бэлчээрийн малын мах бол дэлхийд хаана ч байхгүй органик хүнс. Тиймээс малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх ёстой юм. Манайд тариалалтыг дэмжих сан, үнэ тогтворжуулах сан гэх зэрэг олон сангууд үйл ажиллагаа явуулдаг.

Үүн шиг малчдаа дэмжих сан байх ёстой. Амьдралын түвшин доогуурх өрх айл, өндөр настнууд, цэцэрлэгийн хоол хүнсэнд нийлүүлж буй махны үнийн зөрүүг тус сангаас гаргаж болно. Төр засаг ч бодлогоор дэмжиж дотооддоо үнийг барих боломжтой. ресторан, амралт зугаалгын газруудад чөлөөт зах зээлийн үнэлгээнд тулгуурлаад махаа худалдаж аваг л дээ. Чадалтай, тэнхээтэй, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа Оюу толгой, Таван толгой зэрэг гадны хөрөнгө оруулалттай олон мянган аж ахуйн нэгжүүд малчдын маань дөрвөн цагийн хатуу ширүүнийг туулан хөдөлмөрлөж байж бэлтгэсэн махны үнийг заавал бага үнээр авна гэж зүтгэхгүй байлгүй гэсэн санаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр авч, малчдынхаа хүнд хэцүү хөдөлмөрийг үнэлж чадвал энэ салбар хөл дээрээ босч чадна. Мал малладаг залуучууд цөөрч байна. Хот руу олноороо шилжин ирж байна. Дэлхийд хаана ч байхгүй нүүдлийн мал аж ахуйгаа анхаарах цаг болсон. Цаашлаад яривал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны асуудал хөндөгдөнө. Монгол хүнийг мянга мянган жил тэжээж өдий зэрэгт хүргэсэн энэ том салбараа хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг гэж хардаг. Малчдынхаа амь амьжиргааг тэтгэж чадвал хот, хөдөөгүй монгол хүний амьдрал дээшилнэ. Иргэн баян бол улс баян гэдэг биз дээ. Орон нутагт байгаа иргэдээ дэмжиж чадах аваас тэд нийслэл рүү зүтгээд байхгүй.

-Махны үнийг нэмэгдэх ёстой гэж үзэж байна гэж ойлголоо. Нэг талдаа малчид махаа өндөр үнээр худалдаалбал ашигтай хэдий ч нөгөө талд худалдан авч байгаа иргэдийн амьдралын түвшинг нарийн харгалзаж үзэх шаардлагатай байх…

-Тийм, махны үнийг нэмэгдүүлэх ёстой. Найман мянган төгрөгөөр махаа зарж байгаа малчид тээвэр, татвар төлөөс, бензин тос гээд тал нь урсчихдаг. Тэгэхээр килограмм махыг дөрвөн мянган төгрөгөөр зарж байна гэсэн үг. Махны үнийг өсгөснөөр бид хөдөө аж ахуйгаас олох орлогоо хоёроос дээш хувиар нэмэгдүүлж чадна. Махны үнэ нэмэхээр Монголд орж ирж байгаа мөнгөний урсгал ч нэмэгдэнэ. Сангийн хувьд малчин хүн найман мянган төгрөгөөр махаа зарвал санд мөнгө өгөхгүй. Харин малчид зарагдаж байгаа махаа хэд дахин үнэ нэмээд зарвал үнийн дүнгээсээ санд мөнгө хуримтуулна. Малчин зарагдаж байгаа үнийн дүн, борлуулалтын орлогоосоо санд мөнгө төвлөрүүлнэ гэсэн үг. Энэ сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, амьдралын түвшин доогуур иргэдэд хөнгөлөлт үзүүлэх төрийн бодлого хэрэгжих ёстой юм. Амьдралын боломжтой чадвар чансаатай, гадна дотноос мах зөөж хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс яагаад монгол малын махыг зах зээлийн үнээс доогуур үнээр идэх ёстой гэж. Үүнийг улстөрчид зоригтой хэлж чаддаггүй. Яагаад гэвэл сонгогчдын дунд нэр хүндээ алдахаас айдаг. Гэхдээ аливаа асуудлыг хэлэхээс айвал энэ улс орныг хэн өөрчлөх юм. Мэдээж хэрэг хувийн аж ахуйн нэгж, уул уурхайн дэмжих ёстой боловч нэн тэргүүн ээлжинд мал аж ахуйгаа дэмжье гэсэн санааг элдвээр мушгиж гуйвуулаад байх шаардлагагүй гэж би боддог.

-Махны үнийг дагаад махны экспорт нэмэгдэх үү?

-Үүнийг ярихад хэдэн зүйлс дурдагдана. Эрүүл бүс нэн тэргүүнд чухал. Монгол малаа эрүүл болгохын тулд төр жилд 20 гаруй тэрбум төгрөгийн вакцин хийж байна. Би Байнгын хорооны хурал дээр Хөдөө аж ахуйн сайдад онцгой анхааруулсан. Хоёр гурван жилийн туршид уйгагүй анхаарсны хүчинд эрүүл бүс болоод ирэнгүүт зуд боллоо гэх нэрийдлээр отор нүүдэл хийлгэж эрүүлжиж байгаа бүсээ сүйтгээд байна. Эрүүл бүс рүү ердөө ганц өвчтэй хонь ороход л хэдэн жилийн хөдөлмөр үгүй болчихоод байна. Экспортод гаргах мах эрүүл, олон улсын чанарын шаардлага хангасан байх ёстой. Эрүүл бүсийн төлөө төр нэг гараараа вакцин хийгээд нөгөө гараараа отор нүүдэл гэх нэрийдлээр олон жилийн хөдөлмөрөө үгүй хийдэг байж болохгүй. Нийслэлийнхнийг харахаараа толгой дохидог, хөдөө очихоороо малчдаа дэмжинэ гэж хоёр нүүр гаргадаг байж болох уу. Төр хатуу бодлого явуулж байж тэнцвэрийг хангаж Монгол Улс хөгжинө.

-АН Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хууль хэлэлцэх үед завсарлага авсан. Завсарлага авах шалтгаан юу байв?

-1992 онд анхны Үндсэн хууль батлагдаж нийгмийн баримжаа өөрчлөгдсөн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа чөлөөт зах зээлээр сольсон. 1990 онд манай улсын ДНБ ердөө 13 тэрбум төгрөг байсан. 2000 онд нэг их наяд төгрөгийн босго давж, харин өнгөрсөн жил 37 их наяд төгрөгт хүрчээ. Ийнхүү манай улсын эдийн засгийн багтаамж тэлсэн байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль гэдэг бол Үндсэн хуулийн дараа орох суурь хууль. Энэ хууль газар нутгаар нь, удирдлагаар нь, нэгжээр нь заасан хэнээр удирдуулах, хамрах хүрээ, хөрөнгө мөнгө бүгдийг тусгасан. Энэ бүхнийг тухайн баг, сумын хүмүүс мэдэх ёстой. Энэ бүх зүйлийг зохицуулдаг хуулийг яаран сандран өөрчилж болохгүй. Энэ хууль анх 1992 онд батлагдсан. 2004 онд жижиг сажиг нэмэлт, өөрчлөлт орсон. 2020 онд энэ хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байна. Энэ том хуулийг ээлжит бусаар яаравчлан батлах нь буруу гэх саналыг АН хэлсэн. Хоёр тал ярьж байгаад ээлжит чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Аливаа хуулийн нийгмийн шинжтэй ирээдүйг харсан зүйлийг улс төрийн сонгуулийн өмнө хийх буруу. Яагаад гэхээр орон нутгийн удирдлагыг Ерөнхий сайд санал оруулна гэвэл Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, нэрийг нь тодруулж, Ерөнхий сайдад санал болгон батламжилдаг. Ээлжит чуулганаар энэ хууль орж ирэх байх. Үүн дээр нийгмийн хэлэлцүүлгүүд хийх ёстой. Хөдөө хотыг зааглаж ярих ёстой. Өнөөдөр хоёр өөр Монгол үүсчихээд байна. Хөдөөний нүүдэлчин Монгол, төвлөрсөн багширсан түгжирсэн төвийн Монгол. Нэгдсэн хуулиар хөдөө, хотын асуудлыг зохицуулахад ихээхэн ухаан хэрэгтэй. Гэхдээ салгаж үзэж болохгүй л дээ.

-АН-ын бүлэг хэр сөрөг хүчин болж чадаж байна гэж та үзэж байна?

-Төр гэдэг ард түмний нэг хэсэг. Төр хоёр багана дээр байх ёстой гэж боддог. Нэг нь ард түмний саналаар олонх, нөгөөх нь хүчтэй хяналт. Хянаж байгаа бүтэц нь ил тод шударга үнэнийг хэлдэг байх ёстой. МАН Монгол орныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бол АН-ын үгийг сонсох ёстой. Сонгууль өгсөн нийт иргэдийн 45 хувь нь МАН-ыг сонгосон. Гэтэл УИХ-ын дийлэнх олонх буюу 62 гишүүн МАН-ыг төлөөлж байна. АН, бие даагч, бусад нам эвслийг нийт сонгогчдын 55 гаруй хувь сонгосон. Нэмээд сонгууль өгөөгүй 20 гаруй хувь байна. Энэ 20 хувь МАН-ыг дэмжиж байгаа гэсэн үг биш. Тэгэхээр бараг 60 гаруй хувь нь МАН-ыг сонгоогүй. Тэр 60 гаруй хувийн хяналт АН-аар дамжих ёстой. Тиймээс би чуулганы хуралдаан дээр “МАН нь АН-аас долоо дахин хүчтэй мэт харагдавч нийт иргэдийн 40 хувийн дэмжлэг авсан байна” гэж хэлсэн. Одоо энэ дэмжлэгээ тодорхой хувиар алдсан байхыг үгүйсгэхгүй. Чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн сонгуулийн талаар нэлээд хүчтэй дуу хоолойгоо гаргасан. Дэгийн тухай хуульд гишүүн зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлж болохгүй гэсэн хориг бий. Гэвч Б.Пүрэвдорж гишүүн үг хэлж байхад Т.Аюурсайхан гишүүн түүний үгийг тасалж өөрөө дэгээ зөрчсөн. Асуудал нь Б.Пүрэвдоржийн дуу хоолойг хасч байгаа юм биш, нийгмийн 60 хувийн иргэдийн дуу хоолойг хаасан учраас бид эгдүүцэж байгаа юм. Эхлээд Б.Пүрэвдоржийн дуу хоолойг хаана. Дараа нь Батсуурийг хаана. Дараа нь хэний дуу хоолойг хаах юм бэ. МАН-ын маш буруу үйлдэл хийж байна гэж би дүгнэж байгаа. Миний хэлсэн үгийг монтажлаад сошиалаар цацаж байна. Магадгүй эрх баригчид Ж.Батсуурь гэдэг хүний яриад байгаа бодлого ажил хэрэг болчихвол, нэр хүнд өсчих байх гэсэндээ ийм зүйл хийгээд байна уу гэж би хардаж байна. Энэ бол соёлтой улс төрийн хүчний арга барил биш. Эрх барьж байгаа нам ард түмнийг цөөнхийн дуу хоолойг сонсох үүрэгтэй. Биднийг нийт иргэдийн дуу хоолой болсны төлөө эсэргүүцэн дарж болохгүй, биз дээ. Миний хэлсэн үг, санааг зориуд мушгин гуйвуулах үйл ажиллагаа явуулж байгаад харамсалтай байна. Хэрвээ миний хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзвэл ХАА-ын салбарыг дэмжих бодлого байсныг иргэд олж харна. Тиймээс орон нутгийн малчин өрх төдийгүй нийслэлийнхэн ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй

Манай Ерөнхий сайд гуяндаа нагаан зүүж гайхуулаад хээр хөдөө улаан хивсэн дээгүүр сүржин алхаад баавартай байлаа даа. Ард түмэн айж биширч, алмайрцгааж, бүдүүн гуяараа оосорлосон гар бууг нь айж нэг, гайхаж нэг харцгааж “Нагаан зүүсэн Ерөнхий сайд минь” гэцгээв ээ. Социализмын үед гар буу бүсэндээ зүүсэн даргыг нагаан зүүсэн дарга гэж сүрдэн ярьцгаадаг байсан юм. Нагаан гэж гар бууны нэг төрөл л дөө, хүрдтэй гар буу юм. Ер нь ч манай Ерөнхий сайд цэргийн голдуу стильтэй, эрээн голдуу өмсгөлтэй, буу голдуу зэвсэгтэй, дээрээс нь дотоодын бидэндээ ширүүнийг хэлэх үү сүүлийн үед эгцэлж харахаас ч айдаг болсоон, ард түмэн нь. Түүний олон нийтэд харагдах байдал, ард бид нь түүнийг хүлээж авах хандлага нь ерөнхийдөө иймэрхүү л нөхцөл байдалтай байлаа.

Саяхнаас “Хятад “Сибирийн хүч” хийн хоолойноос татгалзлаа”, “Хятад Энэтхэгийн хилийн маргааны улмаас Орос улс Энэтхэгийн талд Америктай хамтран С400 пуужин нийлүүлснээс Хятад улс Монголын тал нутгаар дайран өнгөрүүлэх “Сибирийн хүч” хийн хоолойгоо тавихаа больж, цаашлаад Оросоос байгалийн хий авахаас татгалзлаа”, “Хятадын баруун нутгаас байгалийн хийн их хэмжээний нөөц илэрсэн учир тус улс дотоод нөөц бололцоогоо ашиглахаар шийдэж, гаднаас байгалийн хий импортлохоос татгалзаж эхэллээ”, “АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн Монголын нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч” хийн хоолойг зогсоолоо” гэсэн утгатай мэдээллүүд цахим орчинд идэвхтэй тархав. Хэрэв Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзвал манай орны баруун талаар дайруулахаар яригдаж байсан хийн хоолойн төсөл өнгөрлөө гэсэн үг л дээ. Тэгэхээр урд хөрш маань манай газар нутаг дээгүүр хийн хоолойгоо тавина гэдэг асуудал дуусчээ гэж дүгнэж болохоор байна.

Тэгтэл хэдхэн хоногийн өмнө МҮОНТВ-ээр “Байгалийн хий дамжуулах хоолой бас дахиад л бүтэх шатандаа орчихлоо”, “Хамтарсан компани байгууллаа”, “Оросын хийн компанийн захиралтай видео уулзалт хийлээ” гэсэн мэдээлэл цацагдав. Уг видео уулзалтад Ерөнхий сайд, Шадар сайд нар хэлмэрчтэйгээ суучихсан, цаанаас нь Оросын хийн компанийн захирал бололтой нэг хүн суучихсан, гарын үсэг зурж байгаа харагдсан. Тэр агшинд манай нөгөө сүрдмээр Ерөнхий сайд маань Оросын шинээр байгуулагдаж байгаа хийн компанийн захирлыг хараад навтасхийгээд л, хоёр гараа атгаж дээш өргөж харуулаад л, муухан инээхчээ аядаад л сүйд болж байгаа харагдсан шүү. Өнөө сүр жавхлан нь ул мөргүй болж, зүгээр л нэг царайчилсан, аргадсан төрхтэй болчихсон. Энэ дүр зургийг зурагтаар хараад манай Засгийн газар ямар жижиг юм бэ, манай Ерөнхий сайд яасан аймхай юм бэ гэсэн бодол төрж байлаа.

Олон улсын дипломат ёсон дахь эрэмбээр бол Ерөнхий сайд гэдэг хүн тэр болгон компанийн захиралтай ингээд уулзаад бөхөлзөөд байдаг бил үү. Иймэрхүү хэмжээний уулзалтад Ерөнхий сайд байтугай, Шадар сайд ч оролцох ёсгүйсэн бил үү. МҮОНТВ-ийн тэр мэдээгээр “Ерөнхий сайдыг заавал байлцуулахыг цаанаасаа хүссэн” гэж дамжуулсан. Үнэндээ яалаа ч гэж хүсэх юм бэ. “Нагаан зүүгээд гүйгээд байна, наад нэг юмаа заавал оролцуул” гэж цаанаасаа загнасан л байх магадлалтай. Түүнээс биш нэг их хүсээд, мөрөөдөөд тэгсэн ч юм байхгүй байх.Хятад хийн хоолойгоо газар нутаг дээгүүр нь өнгөрүүлэхгүй гэсний төлөө ингэж хэт жүжиглэх нь үнэмшилгүй, дээр нь өрөвдмөөр харагдаж байна аа, Ерөнхий сайд аа. Манай дарга нар, ялангуяа Ерөнхий сайдууд Оросын өмнө очихоороо үнхэлцэг нь хагарчих гээд байдаг нь цаагуураа энэ улс орныг гадны орны өмнө дорой харагдуулдаг. Айж байгааг нь харахаар тусгаар улсын Ерөнхий сайд ийм ч байх гэж дээ хэмээн ой гутмаар. Аль эсвэл Путин бүх юманд өөрийг нь дуурайж, хөөрцөглөж давхиад байхаар нь гутаая гэсэн ч юм шиг байна, Хүрэлсүхийг.

Биеийн хэлэмж, биеийн харилцааны хэл(Body lan­guage) гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Энэ талаас нь харахад тухайн уулзалтын үеэр цонхийсон Ерөнхий сайд, буудуулсан Ерөнхий сайдуудын сүнсийг харчихсан юм шиг айгаад алингаа алдчихсан байгаа Шадар сайдаа харах нь монголчууд бидний хувьд үнэхээр хэцүү байлаа. Ямар сүртэй, ямар баатарлаг, буу шийдэм агссан, эгцэлж харахын эцэсгүй хүн билээ дээ, манай Ерөнхий сайд. Тэгтэл даргадаа загнуулдаг маниасаа ялгаагүй л амьтан мэтээр МҮОНТВ-ээр гарчихлаа. Гуяндаа нагаан зүүгээд дүүлж явдаг Ерөнхий сайд маань Оросын шинэхэн байгуулагдсан компанийн захирлын өмнө гурав мөргөж тонголзох нь өрөвдөлтэй ч юм даа. Бидний байгаа царай л энэ юм байх даа, эсхүл.

Хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд эдийн засаг болоод олон зүйлээрээ хоёр хөршөөсөө хараат. Тиймээс манай улс аль болох төв байр суурийг баримталсаар ирсэн. Гэтэл ОХУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй улс төрийн сайн, саар асуудлуудтай холбоотой нүүдэл дунд Монгол Улс хавчуулагдаж, Ерөнхий сайд нь иймэрхүү айж, бэргэсэн байдалтайгаар гарч ирж гутаагдсаныг улс төрийн ажиглагч, шинжээчид онцолж, анхаарах ёстой үйлдэл гэж шүүмжилж байна. Хоёр хөршийн хоорондын таатай, таагүй харилцааг нарийн мэдэрч, хаана нь босож, хаана нь дуугаа намсгаж, өндөрсгөж, ямар уулзалтад нь орж суух вэ гэдгээ манай төрийн өндөрлөгүүд мэддэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэд хүсвэл манай Ерөнхий сайдыг яаж ч харагдуулж чадах нь байна шүү гэдгийг дээрх үйл явдал харуулав. Хоёр хөршөө сайтар анзаарч, ямар дүр зураг тодорч буйг томоор харж сурвал дахин ийм ой гутам үйл явдал давтагдахгүй.

Categories
мэдээ цаг-үе

Г.Амартүвшин: Хугацаагүй хадгаламжинд хүү төлөхийг болиулна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Зээлийн хүү бууруулах тухай яриа хэдэн парламент дамжсан сэдэв. Зээлийн хүү буурах нь иргэд болоод ААН-үүдэд мэдээж нэн таатай мэдээ. Өргөн баригдсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах” тухай УИХ-ын тогтоолын төсөлд ямар зүйл заалтууд тусгагдсан талаар ярилцлагаа эхэлье?

-“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах” тогтоолын төсөл байнгын хороодоор хэлэлцэгдээд явж байна.Энэхүү тогтоолыг зээлийн хүүг бууруулахад авах арга хэмжээний хураангуй гэж тайлбарлаж байгаа юм. Яагаад гэхээр шууд зээлийн хүүг бууруулна гэхээсээ илүү ямар хуулиудад нэмэлт өөрчлөлт орох ёстой, Монголбанкнаас ямар арга хэмжээ авах ёстой, арилжааны банкууд мөн ямар арга хэмжээ авах шаардлагатай зэргийг багцлаад тогтоол хэлбэрээр гаргасан. Ер нь зээлийн хүүгийн бүтцийг харах юм бол, зээлийн хүүгийн 60 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламж, 17 хувь нь банкуудын үйл ажиллагааны зардал, 11 хувь нь эрсдэлийн зардал зэргээс бүрддэг. Тиймээс бид эхлээд 60 хувь буюу эх үүсвэрийн зардлыг хэрхэн бууруулах талаар анхаарч байна. Хадгаламж эзэмшигчдэд нэг давуу тал үүсчихсэн байдаг. Тэр нь банкуудыг хооронд нь өрсөлдүүлээд аль болох өндөр хүүтэй банкинд мөнгөө хадгалуулж, хүү авдаг. Үүнийг хэрхэн зохицуулах талаар мөн тусгаж байна. Банкууд хоорондоо өрсөлдөж байж зээлийн хүү буурна. Дээрээс нь банкуудтай өрсөлдөх бусад хөрөнгийн зах зээлийн тоглогчид нэмэгдэх шаардлагатай. Хөрөнгийн зах зээл дээр бараг 90 хувь нь банкууд байдаг. Үлдсэн 10 хувьд нь банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, янз бүрийн хөрөнгө оруулалтын сангуудын тоглогчид байна. Энэ арван хувийг илүү идэвхжүүлье гэх үүднээс банкуудтай өрсөлддөг болох хэрэгтэй гэх зарчим баримталж байна. Нэгдүгээрт, Монголбанк жижиг дунд бизнесийг дэмжихээр тусгай нөхцөлтэй буюу бага хүүтэй эх үүсвэр банкуудад олгохоор тогтоолд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд өөрийнхөө баланс дээр байгаа хэвийн зээлээ багцалж үнэт цаасжуулаад Монголбанкинд өгнө. Харин Монголбанк үүнийхээ оронд бодлогын хүү юм уу, бодлогын хүүгээс багахан дээгүүр эх үүсвэр өгч,арилжааны банкууд нь тэр эх үүсвэрээ цаашаа жижиг дунд бизнесүүдээ санхүүжүүлэх юм. Бодлогын хүү есөн хувь байхад есөн хувь дээр 3-4 хувийн маржин нэмээд 13 хувийн хүүтэй зээл болно. Ийм байдлаар жижиг дунд бизнесүүдээ дэмжих зүйл заалт тусгагдсан.

-Хөрөнгийн зах зээлд мөнгө оруулахаар манайд их эрсдэлтэй. Мөнгөө алддаг гэдэг. Үүнийг харгалзаж үзсэн үү?

-Би томоохон зарчмын зүйл ярьж байгаа. Бизнесүүд яаж өөрийгөө санхүүжүүлж байгааг авч үзье л дээ. Тэд банкинд очиж хамаг барьцаагаа өгдөг, эсвэл банк бус дээр очиж зээл авдаг. Угтаа бизнесүүд шууд хөрөнгийн бирж дээр бондоо гаргаад хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох боломж нь байх ёстой. Үүнийг СЗХ-нд үүрэг болгож хөрөнгийн зах зээлээ идэвхжүүл, тоглогчдоо нэм гэх ёстой.

Эх үүсвэр тал дээр хадгаламж эзэмшигчид аль болохоор өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Одоогийн байдлаар энэ нь банкны хадгаламж байна. Банкны хадгаламжийн хажуугаар бонд юм уу, эсвэл өөр шинэ төрлийн үнэт цаас гарч ирэхээр хооронд нь харьцуулж, заавал банкинд мөнгөө хадгалуулахгүй өөр хэлбэрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж үүснэ.Түүнчлэн саяхан хүртэл банкууд харилцах данс дээр хүү төлдөг байсан. Үүнийг ковидтой холбоотой хуулиар болиулсан. Мөн нэмэлтээр хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхийг болиулах гэж байна.

-Хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхөө болихоор энэ төрлийн хадгаламж эрс буурах юм биш үү?

-Тэгж байж банкуудын өртөг нь буурна. Цаашлаад зээлийн хүү ч буурна. Харин хугацаатай хадгаламж дээр хүү төлдгөөрөө төлнө. Харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхгүй. Ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалаад харилцагчид их хэмжээний төгрөгийн хадгаламжаа ам.долларын хадгаламж болгож байна. Долларжих процесс явагдаад байна гэсэн үг. Үүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд ам.долларын хадгаламжийн олсон орлого дээр илүү татвар төлдөг болъё гэх заалт тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яамтай хамтарч ажиллахаас гадна тодорхой хууль тогтоомжид өөрчлөлт орж таарна.

-Хөрөнгийн зах зээлд банкуудаас бусад салбарыг оруулахыг зорьж байна гэж дээр дурдлаа. Банкаас бусад салбарууд хөрөнгийн зах зээл дээр хэрхэн тоглогч болох боломж байна вэ?

-Банк бус санхүүгийн байгууллагын төлөөллүүд нэг зүйлийг хэлдэг. ББСБ-аар үйлчлүүлдэг ААН, иргэд банкин дээр очоод барьцаа хөрөнгө нь дутдаг, янз бүрийн шалгуурт нь тэнцэхгүй зээл авч чадалгүй хана мөргөдөг. Эдгээр ААН, иргэд ББСБ-аас зээл авдаг. ББСБ банкуудын үйлчилж чадахгүй байгаа харилцагчдад үйлчилж байна гэдэг. ББСБ-ын хүү яагаад өндөр байна гэхээр тодорхой хэмжээний бүтээгдэхүүний онцлог бий. Магадгүй шуурхай гэдгээрээ хүү нь өндөр байж болно. Гэхдээ дийлэнх ББСБ өөрийн хөрөнгөө эргэлдүүлж байгаа болохоор өртөг нь өндөр байдаг. ББСБ-ууд бирж, хөрөнгийн зах зээл дээр гараад бонд, хөрөнгө босгоод шинэ эх үүсвэртэй болвол түүнийгээ эргэлтэд оруулснаар зээлийн хүү буурна гэж тайлбарлаж байгаа. Түүнээс гадна даатгалын компаниудын эрсдэлийн сан одоогийн санхүүгийн зохицуулах хорооны журмаар зөвхөн арилжааны банкууд дээр байрших боломжтой. Үүнийг аль болох хөрөнгийн бирж рүү байрших боломжийг нээе гэж байгаа юм. Тэгвэл ААН байгууллагууд, компаниуд банкуудыг алгасаад шууд даатгалын компани, эсвэл хувь хөрөнгө оруулагчдаас санхүүжилтийг босгох боломжийг гаргая гэж байгаа юм.

-Зээлийн хүүг хүчээр, огцом буулгах хууль баталбал хадгаламжийн хүү огцом буурна, хадгаламжийн хүү буурвал мөнгөө банкинд дэмий хадгалуулахыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Үүнд хариулт өгөөч?

-Нийт томоохон дүнтэй хадгаламжийн дийлэнх нь маш цөөхөн хүний гарт байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөө өндөр дүнтэй байршуулж орлого олдог. Жижиг хадгаламж эзэмшигчдэд ямар ч нөлөө байхгүй. Томоохон хадгаламж эзэмшигчид банкуудыг хооронд нь өрсөлдүүлж, хэн өндөр хүү өгнө, түүнд мөнгөө байршуулдаг байдлыг хязгаарлах гээд байгаа юм. Аливаа зүйл бүгд л эерэг сөрөг талтай. Зээлийн хүү дарамт болж байна бууруул гэдэг, гэхдээ хадгаламжийн хүү буурах гээд байна гэдэг. Бүх л өрх, бизнесүүдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал зээлийн хүүгийн дарамт биз дээ. Зээлийн хүү манайд нэгдүгээрх асуудал, мөн үү. Мөн. Үүнийг шийдэх ёстой. Мөнгө ихтэй хүмүүс зарласан хүүгээр хадгалуулж болно ш дээ. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр шинэ хэрэгсэл гараад ирэхэд түүнд хөрөнгө оруулж болно.

-Мэдээж банкны эрсдэл гэх зүйл энд зайлшгүй сөхөгдөж таарах байх, тийм үү?

-Тийм. Банкны эрсдэл буюу муу зээл нийт банкны активын 11 хувь нь болчихоод байгаа юм. Миний хувьд банкны салбарт ажиллаж байсны хувьд банкны эрсдэл гэх зүйлийг сайн ойлгодог.Зарим зээлдэгч үнэхээр хүндрэлд ороод банктайгаа нөхцөлөө өөрчилж, графикаа шинэчлээд явдаг. Зарим зээлдэгчид зээлээ огт төлдөггүй. Шүүх дээр очоод шүүхдэлцээд барьцаа хөрөнгөөрөө хангуулъя гэхээр дөрвөн жилийн процесс болдог. Янз бүрийн байдлаар шүүхийн маргааныг сунжруулдаг, үүгээр бүр мэргэшсэн хуульчид, өмгөөлөгчид ажилладаг. Үүний хор уршиг нөгөө хэвийн зээлээ төлөөд явж байгаа иргэд, ААН-ийн нуруун дээр буудаг. Яагаад гэхээр шүүхэд банк зээл төлөхгүй байгаатай холбоотой гомдол гаргалаа гэхэд хүүг нь зогсоочихдог. Тэгэхээр дөрвөн жил ямар ч хүүгүй,өндөр зардалтай процесс болчихож байгаа юм. Банкуудад муу зээлтэй холбоотой тусгай активын алба, муу зээлийн алба зэрэг байдаг. Баахан бүтцийг санхүүжүүлж, хүмүүсийн цалин хөлс хуулийн маргаантай холбоотой зардал гардаг. Энэ зардлын эцсийн дүн энгийн зээлийн төлбөрөө цагтаа төлдөг иргэд, ААН-ийн нуруун дээр тохогдчихдог. Тэгэхээр аль болохоор 11 хувийн муу зээлийг багасгах тусам хуулийн процессийг богиносгож, хялбар хурдан болговол зээлийн эрсдэлийн зардал буурна. Энэ буурвал тодорхой хэмжээгээр зээлийн хүүнд ч нөлөөлнө.

-Манайд зээлийн мэдээллийн сан ямар байдаг гэж та хардаг вэ. Шинэчлэлт хийгдэх шаардлагатай юу?

-Монголбанк дээрх зээлийн мэдээллийн сангаас зээл хүссэн иргэдийн мэдээллийг авч өмнөх зээлийн түүхийг нь хардаг. Энэ бол маш энгийн болоод бүдүүлэг мэдээллийн сан. Барууныхны бүх зээлийн мэдээллийн сан нь боловсронгуй байдаг. Энэ сан нь мэдээллийг үндэслэж оноо өгдөг. 10 жилийн турш цалингийн зээл аваад зээлээ огт хоцроохгүй төлсөн бол зээлийн оноо өндөр байдаг. Өндөр байх тусмаа бага хүүтэй зээл авах боломжтой. Эрсдэлгүй зээлдэгчдэд бага хүүтэй зээл, эрсдэлтэй зээлдэгчдэд өндөр хүүтэй зээл олгодог тогтолцоо байдаг. Манайд ийм зээлийн мэдээллийн сан байдаггүй. Тиймээс яаралтай зээлийн мэдээллийн сангаа Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтран илүү боловсронгуй болгох шаардлагатай. Маш хурдан оноо тооцдог болчихвол зээлдэгчдээ ялгаж, салгадаг болно. Одоо бүгд тэгш нэг хүү төлж байгаа. Мэдээж сайн ч, муу ч зээлдэгч бий. Тиймээс сайн зээлдэгч иргэд, ААН бага хүүтэй зээл авах боломж бүрдэх ёстой. Үүнийг мөн зохицуулахаар тогтоолдоо тусгачихсан.

-Зээлийн хүү хэзээ бодитоор буурах боломжтой вэ?

-Зээлийн хүү шат дараатай буурна. Тогтоол батлагдаад маргааш нь зээлийн хүү буурна гэсэн ойлголт огт байхгүй. Тогтоол баталснаар олон ажил хүлээж байгаа. Олон хууль дүрэм журам зохицуулалтыг хийж байж зээлийн хүү бууруулах орчин бүрдэнэ. Эдийн засгийн онолоороо ч бодит амьдрал дээр ч макро эдийн засаг нь тогтвортой, инфляци нь бага, гадаад валютын урсгал өндөр байх тусмаа зээлийн хүү эрчимтэй буурдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар гурван хувиар буурсан гэдэг нь ч үүнтэй холбоотой. Энэ орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар тогтоол дээрээ томьёолоод тусгачихсан. Макро эдийн засгийг хэрхэн дэмжих, экспортод чиглэсэн салбаруудаа мөн ямар замаар дэмжих зэрэг багтсан. Инфляцийг зургаан хувийн түвшинд барина. Гадаадын банкуудын зээл тусламжийн эх үүсвэрийг аль болох эрчимтэй татах арга хэмжээ ч тусгагдсан. Намрын чуулганаар банкны тухай хуульд шинэчлэлт өөрчлөлт орно. Үүнийг дагаад бусад банктай холбоотой хуулиудад ч өөрчлөлт орох байх. Зээлийн хүү буурах асуудал зах зээлийн зарчмаараа л явна. Харин ААН-үүдэд зориулсан зээл дээр хүү илүү хурдан буурна байх. Яагаад гэхээр Монголбанк тодорхой хэмжээгээр эх үүсвэрийг нь өгөхөөс гадна зохицуулалтаа сайжруулна. Экспортод чиглэсэн төсөл болон ААН-үүдийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж тогтоолд тусгасан. Тэдний хувьд эргэлтийн хөрөнгөд зарцуулагдах зээлийн хүү, өртөг буурна. Харин хэрэглээний зээлийн хувьд эх үүсвэртэйгээ л холбоотой. Хэрэглээний зээл дээр одоогийн байдлаар банкны салбарын бүтэц, иргэддээ үйлчилдэг банкны зах зээлийг харах юм бол нэг банк нь хамаагүй давамгайлсан байдаг. Түүнтэй өрсөлдөх банкууд нь жижиг. Энэ өрсөлдөөнийг шударга байлгахыг зорьж байна. Банкууд өрсөлдөж харилцагчдаа татах байдлаар хүүгээ бууруулна. Энэ мэтчилэн өрсөлдөөнийг дэмжих зүйл заалт ч бий. Банкуудын төлөөллүүдтэй уулзахад зээлийн хүүг бууруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Яагаад гэвэл өндөр хүү хэрэглэгч, зээлдэгчдээ санхүүгийн эрсдэлд оруулдаг. Саяхан Төрийн банк зээлийн хүүгээ бууруулж байгаагаа зарлалаа.


Categories
мэдээ нийгэм

Сувилахуйн мэргэжлийн сурах бичигүүд Монгол Улсын үндэсний хэмжээний сурах бичиг болохоор сонгогдлоо

Монголын Үндэсний Их Сургууль болон БНСУ-ын Чусонь Их Сургуулийн Сувилахуйн төслийн багаас боловсруулан гаргасан Сувилахуйн мэргэжлийн сурах бичигүүд(Сувилахуйн үндэс 1, Сувилахуйн үндэс 2, Сувилахуйн үндэс 1 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч 1, Эрүүл мэндийн үнэлгээ хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, Сувилахуйн ёс зүй, Хорт хавдартай өвчтөнийг сувилахуй, Сувилахуйн удиртгал, Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийн дадлага/удирдагчийн гарын авлага/, Хүүхдийн сувилахуй хичээлийн дадлага/удирдагчийн гарын авлага/)-ийг Монгол Улсын үндэсний сурах бичиг болгохоор болсон билээ.

Сурах бичгийг боловсруулсан Чусонь Их Сургуулийн Сувилахуйн төсөл(төслийн дарга Ким Жинь Хый) нь 2017 оноос хойш МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, хорт хавдрын эцсийн шатандаа орсон үйлчлүүлэгчийн ар гэрийг дэмжих төслийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр сурах бичигүүд нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, хамтын ажиллагааны үр дүн юм. Уг сурах бичгүүд нь Монгол Улсын үндэсний сурах бичиг болж байгаа учраас ирэх жилээс эхлэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй Сувилахуйн 15 сургуулийн оюутнууд, сувилагч нар уг сурах бичгийг ашиглах болно. БНСУ-ын Боловсролын яам эдгээр сурах бичгийг олон хүнд хүргэхийн тулд цахим ном болгох тал дээр ч дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

<МҮИС болон БНСУ-ын Чусонь Их Сургуулийн хамтарсан төслийн гол ажлууд>

§Удирдах байгууллага/судалгааг хариуцагч: БНСУ-ын Чусонь Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш Ким Жинь Хый

※ Хамтран ажиллаж буй их сургууль/судалгааг хариуцагч: МҮИС Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б. Болормчимэг

  • Төслийн хугацаа/төслийн төсөв: 2017.04.01-2021.03.30(4жил) / 1,7 тэрбум вон
  • Дэмжлэгийн агуулага:

Үндэсэн төсөл: МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр болгон сайжруулах

Бие даасан төсөл: Хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөнг асарч буй хүмүүсийг дэмжих

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд асан, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д. Сарангэрэл нь БНСУ-ын ерөнхий сайдын орлогч, Боловсролын яамны сайд Юү Ын Хэ –д илгээсэн албан бичигт “БНСУ-ын Боловролын яамнаас хэрэгжүүлж буй ‘Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл’-өөр дамжуулан МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөр олон улсын стандартын дагуу шинэчлэгдсэн. Шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрт тохирсон сувилахуйн сурах бичиг боловруулагдан гарсан бөгөөд цаашид сувилахуйн боловсон хүчинг системтэйгээр бэлдэн гаргах боломжтой боллоо” хэмээн уг сурах бичгүүийг Монгол Улсын албан ёсны сурах бичиг болгон сонгосноо тайлбарлаж, өнгөрсөн хугацаанд сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал зэргийг хамтран явуулж, гаргасан үр дүнд талархлаа илэрхийлсэн.

БНСУ-ын ерөнхий сайдын орлогч, Боловсролын яамны сайд Юү Ын Хэ
нь Монгол Услын Эрүүл мэндийн сайд асан, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад илгээсэн хариу захиандаа “Энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд ковид-19 –ийн улмаас эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа илүү шаардлагатай болсон энэ цагт үнэхээр утга учиртай ажил байлаа” хэмээн хэлж “Хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихийг хүсэж байна” хэмээн дамжуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Даруу төлөв зантай Үндэсний хөгжмийн ангийнхан

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг уурхай билээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тэр үедээ Хөгжим бүжгийн дунд сургууль нэртэй байсан тус сургуулийн Үндэсний хөгжмийн ангийн 1983 оны төгсөгчдийг урьж оролцууллаа. Хуучир, морин хуур, шанз, их хуур гэх зэрэг үндэсний хөгжмүүдийг гаргууд эзэмшсэн тэд зургадугаар ангидаа буюу 1976 онд нэг ангийн андууд болжээ.

Тухайн үед “Үндэсний хөгжмийн анги”-ийн элсэгчдийг бүртгэж авахдаа зургадугаар ангид орох хүүхдүүдийг шалгаруулан авсан байна. Нийслэл, аймгуудаас авьяас чадвараар шигшигдэн ирсэн хүүхдүүд нэг ангид орж, хурдан ижилдэн дасч, сайхан хамт олон болжээ. Энэ ангид Ц.Ариунаа, М.Ариунболд, Н.Болд, Б.Батжаргал, Д.Ганболд, Ш.Даваа, Ц.Од, Д.Олзон, С.Отгонжаргал, Л.Оюунгэрэл, Пүрэвдорж, Р.Туул, Р.Туяа, С.Тогосгэрэл, Хишигжаргал, Б.Энхбилэг, Н.Энхжаргал, Б.Эрдэнэцэцэг, Х.Эрдэнэчимэг гээд 26 хүүхэд элсэн орж, 17-уулаа төгссөн байна.

Дорнод аймгаас ирсэн Болдбаатар эдний ангид нэг жил суралцаад гарч байжээ. Тэрбээр хичээлээ их тасалдаг байсан учир багш нарын зөвлөгөөнөөр оруулж, хичээл тасалдаг шалтгааныг нь тодруултал “Би хотод анх удаа ирж байна. Улаанбаатар хоттой танилцах төлөвлөгөө зохиосон байгаа. Улаанбаатар хотын бүх автобусны буудал дээр бууж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж хариулж, тухайн үедээ бөөн инээдэм болж байжээ. Ангийн хүүхдүүд хичээлийнхээ чөлөөт цагаар хотыг тойрсон зуслангуудаар аялал хийж, зугаалах дуртай, тэрэндээ зориулж төлөвлөгөө гаргадаг байсан талаараа дурслаа. Ялангуяа зуныхаа амралтаар ангийнхаа хүүхдүүдийн зуслангаар их зочилдог байжээ.

Найм, есдүгээр ангиасаа ангийн хөвгүүд дугуйгаар хотоо тойрон аялдаг болсон байна. Тухайн үед дугуйн аялал хийдэг хүүхэд, залуучууд ховор байсан үед энэ ангийнхан олуулаа дугуй унаж байсан түүх бас сонирхолтой. Хөгжим бүжгийн дунд сургууль наймдугаар ангиа төгсөх жилээс нь эхлэн Техникум статустай болдог учраас суралцагчдад улсаас 180 төгрөгийн стипент өгдөг байж. Ангийн хүүхдүүд хоёр гурван сарын стипентээ цуглуулаад Улсын их дэлгүүрээс цоо шинэ дугуй худалдан авцгаажээ. Ингээд дугуйгаа жийгээд хотыг 30 км радиуст хаа сайгүй аялдаг болсон аж. Баянзүрх, Чингэлтэй, Богдхан гээд Улаанбаатар хотыг тойрсон хайрхануудын ам, хөндий болгоноор дугуйн аялал хийдэг байсан үе нь тэдэнд насан туршдаа мартагдахгүй нандин дурсамж үлдээжээ.

Чингэлтэй дүүрэгт ангийн найз Б.Энхбилэгийнх байдаг байж. Тэднийхээр зочилцгоох их дуртай. Учир нь Б.Энхбилэгийнх хашаандаа цэцэг, ногоо төрөл төрлөөр нь тарина. Байшин, хашаа хороо нь цэвэр цэмцгэр, гэртээ талх барьж, янз бүрийн салат, нухаш, цөцгийгөөр дайлдаг байсан ангийн хүүхдүүдэд нь их таалагддаг байж. Өвөлдөө тэднийд оччихоод, тэндээсээ гараад Чингэлтэй ууланд цана чаргаар гулгаж анги хамт олноороо хөгжилтэй өнгөрүүлдэг байжээ. Тэдэнд ятга, шанз, ёочин, морин хуур, их хуур зэрэг үндэсний хөгжмийн хичээлүүд орохоос гадна ангиас гурван хүүхэд европ хөгжмийн хичээлийг гүнзгийрүүлэн суралцсан аж. Долдугаар ангид морин хуурын ангийн М.Ариунболд Куба улсын нийслэл Гавана хотод болсон Дэлхийн Залуучууд оюутны их наадамд оролцсон нь тухайн үедээ шуугиан болж, хүн бүрийн анхаарлыг татаж байжээ. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Дорнод аймгийн театр, Хилийн цэргийн чуулга, Ардын армийн ансамбльд хуваарилагдан ажиллацгаажээ. Ихэнх нь анх томилогдон очсон газартаа ажилласаар тэндээсээ тэтгэвэртээ гарсан байна. Ц.Ариунаа, С.Тогосгэрэл нар Хилийн цэргийн чуулгад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол Даваа Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаад тэндээсээ гавьяаны амралтдаа суужээ.

Б.Батжаргал, Б.Энхжаргал, Пүрэвдорж, Н.Болд нар Зөвлөлтийн социалист орнуудад дээд боловсрол эзэмшиж ирээд хөгжим урлагийн салбартаа олон жил ажиллаж, сурсан мэдлэг, боловсролоо эх орондоо зориулж ажилласан байна. Б.Батжаргал ЗХУ-д суралцаж ирээд Хөгжим бүжгийн коллежид Хөгжим, бүжгийн онолын багшаар ажиллаж байхдаа “Дэлхийн хөгжмийн түүх”, “Хөгжмийн онол” хичээлийг одоогийн рок, попын алдартнуудад зааж байсан тухайгаа дурслаа. “Камертон”, “Sweetymotion” хамтлаг, “Никитон”-ы Бачка, Чинбат, Оюунтүлхүүр нар Б.Батжаргал багшийн шавь нар аж. Тэрбээр 1995- 2000 онд Москвагийн Их сургуульд суралцан “Монголын хөгжмийн түүхийн үечлэл” гэсэн сэдвээр доктор хамгаалж ирээд мөн Хөгжим бүжгийн коллежид сургалт эрхэлсэн захирлын албыг хашиж байгаад, нэг хэсэг АНУ-д амьдарч байгаад саяхан эх орондоо иржээ. Мөн Хөгжмийн зохиолч Н.Болд хөгжим зохиохоос гадна, олон сайхан дууны шүлэг бичсэнийг олон түмэн мэднэ. Энэ цагийн нэртэй бүх дуучин түүний дууг дуулсан байдаг. Дуучин Л.Болдбаатарын дуулсан “Хайраар нийлсэн хань”, С.Жавхлангийн дуулсан “Цаг цагийн аяс”, дуучин С.Ганзоригийн дуулсан “Алтан сартай буудай”, “Сэлэнгийн намар” зэрэг дуунуудыг нэрлэж болох юм.

Энэ ангийг дааж авсан анхны багшийг нь Д.Дарьзав гэдэг. Тэрбээр 1937 онд Монгол Улсын анхны урлагийн сургууль болох “Уран сайхны сургууль”-ийн төгсөгчдийн анхдагч нь. Монгол Улсын анхны хийл хөгжмийн багш гэдгээрээ урлагийн салбарт түүхэн хүн билээ. Манай улсад 1940-1970-аад онд хийл хөгжмийн хичээлийг ЗХУ-аас мэргэжилтэн багш нар ирж заадаг байжээ. Улмаар монгол хүн хийл хөгжмийг заах анхны боломж нь 1950-иад онд нээгдэж байжээ. Тодруулбал, тэр үед Зөвлөлтийн багш нар монгол хүн хийл хөгжим заах боломжгүй гэж явсаар хамгийн анх Д.Дарьзав багшид хийл хөгжим заах эрхийг нь өгч байж шүү. Ийм л түүхэн хүн энэ ангийн анхны багшаар ажиллажээ. “Багшийнхаа анхны анги нь бид юм” гэж тэд бахархан ярих дуртай. Анги даасан удаах багшийг Цэнджавын Энхтуяа гэдэг. Ц.Энхтуяа багшийнхаа талаар тэд маш олон сонирхолтой түүхүүдийг ярьж байлаа. Орос хэлний багш Ц.Энхтуяа үнэхээр үзэсгэлэнтэй, гоо сайхан эмэгтэй байсан талаар ангийн хүүхдүүд шагшин магтаж, сурагчид нь хүртэл нүд алддаг, тийм сайхан биеэ авч явдаг багш байжээ. Гадаадын олон орноор явсан, өөр соёлтой, маш ганган хээнцэр, хүнтэй харилцах харилцаа, биеэ авч яваа байдал нь хүртэл онцгой бүсгүй байсан талаар тэд дурслаа. Ангийнхан Д.Дарьзав багшаасаа урлагт хандах хандлага, урлагт үнэнч байх, урлагийн төлөө өөрийгөө зориулах чин сэтгэлийг сурсан бол, Ц.Энхтуяа багшаасаа нийгэмд өөрийгөө яаж авч явах, урлагийн хүн хамгийн сайхан харагдаж, бусдыгаа хошуучилж гоё харагдах ёстой гэх мэт гоо зүйн соёлд суралцсан хэмээн ярилаа. Эдний ангийнхан саяхан уулзахдаа “Бид их даруухан, үнэнч, элдэв буруу зуршилгүй сайхан анги хамт олон юм” хэмээн ярилцацгаажээ. Ер нь ангиараа ойр ойрхон уулзалдана, ялангуяа бүсгүйчүүд нь байнга харилцаа холбоотой байдаг аж. Нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт ойн баярыг хамт тэмдэглэцгээнэ. Сүүлд ангийн хөвгүүн Б.Батжаргалыг АНУ-аас ирэхэд угтаж, ангиараа уулзан, бөөн баяр хөөр болцгоожээ.

1976 оноос хойш нэг ангийнхан хэмээн цоллогдож, өнөөдөр ч нэг ангийнхан хэвээр байгаа Үндэсний хөгжмийн ангийнханд аз жаргал хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “МАН-ын гишүүд Улаанбаатарыг устгаж Хархоринд нийслэл сүндэрлүүлнэ гэж хөөрцөглөж байна” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр “Олон жилийн эргэлзээнд Монголын шүүх цэг тавих ёстой” гэлээ

ӨМӨЗО хот хөдөөгүй эцэг, эхчүүд хичээл хаях хөдөлгөөн өрнүүлж, дотуур байрнаас хүүхдээ авна гэж сургууль болгоны гадаа хонон өнжин жагсаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Нөхцөл байдал газар дээрээ ямар байгаа талаар Өмнөд Монголд байгаа хэд хэдэн монголчуудтай холбогдож тодрууллаа.

Бие даагч Т.Ганболд нар СЕХ-ны шинэ удирдлагуудад дахин шаардлагаа хүргүүлэв. Энэ үеэр Т.Ганболдоос тодруулга авлаа.

Ард түмний дуу хоолой болж байдаг гуравдугаар нүүрт “МАН-ын гишүүд Улаанбаатарыг устгаж Хархоринд нийслэл сүндэрлүүлнэ гэж хөөрцөглөж байна” хэмээлээ.

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч П.Төгсмаагаас тодрууллаа.

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголбанкинд эдийн засгийн төсөөллийн судалгаан дээр 10 гаруй жил ажилласан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөж байсан билээ. Тэрбээр “Эдийн засаг дахь гол хүндрэлүүд ирэх оноос тохиож болзошгүй” гэлээ.

“Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн Сэтгэл судлаач Б.Энхлэн: Сургуулийн бэлтгэлийг зөвхөн хичээлийн хэрэгсэл төдийгөөр бус хүүхдийнхээ сэтгэл зүйг мэдрэх хэрэгтэй гэв

УИХ–ын гишүүн асан М.Билэгттэй хийсэн сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ