НЭГ. ЦУСГҮЙ ЯЛААД, ЦУСТАЙ АЛДСАН ХУВЬСГАЛУУД (ХХ ЗУУН)
ХАРААЛААС ЕРӨӨЛ БОЛСОН ЦУС БА ӨНГӨ
Уламжлал талаас нь харвал, монголчууд цус ба түүний өнгө болох улаан гэдэг хэллэгт цээртэй ханддаг байсан бололтой. Жишээлэхэд, нүүдэлчдийн хараал, зүхэлд “цус” их үүрэгтэй. Монгол хараал “Цусаар урс”, “цусаар тээглэ”, “цус нь садармар” гэж ирээд л цуварна. Нэлээд эерээд ирэхээрээ “Яадаг цус вэ”, “Цустай золиг уу, айн” гэхчлэнгийн өхөөрдөнгүй зэмлэл болох ч удаатай.
Дайн тулаанч нүүдэлчдийн амьдрал алаан хядаан, шарх бэртэлт, цус алдалтаар дүүрэн байсан нь дамжиггүй. Өнөөгийн ертөнцөд циркийн үзүүлбэр, экстрим спорт болсон морь булгиулах, унах, чирэгдэх нь өдөр тутмын явдал. Иймээс хамгийн түгээмэл зовлон гамшиг болох бэртэл, цус гарсан гэмтэл зэргийг хараал зүхэлдээ оруулж, тааламжгүй этгээдүүд өдөр тутам тохиолдохыг “бэлгэдсэн” нь тэр байх.
Өрнөдийн хараал нь хувь хүнийг нийгэмдээ ад үзэгдэн ганцаардахад хүргэдэг ёс суртахуунгүй үйлдлүүдийг, жишээлэхэд ичимдэг эрхтний нэр, гэр бүлийн хүрээнд болон ёс бусийн хурьцалд холбогдох агуулгатай. Иргэншил хотшил буюу хамтран амьдрах урлаг, нийтийн ёс сурталд эртээс суралцсаны суурин хүнд тэдэнд тохиолдож болох хамгийн муухай зүйл бол нийгмээсээ гадуурхагдах явдал учраас хараал, зүхэл нь тийш чиглэжээ гэж болмоор.
Харин ганц гэрээрээ, их л сайндаа хот айлаар малаа дагасан амьдралтай нүүдэлчид нийгмээс гадуурхагдахын зовлонг амсалгүй ирсэн шахам гэхэд болно. Худалдаачид, урчууд, ер хотынхон өдөр тутмын амьдралынх нь алхам бүр бусдаас хамааралтай, ядаж л лангууныхаа ард зогсоход хүмүүс ирж нулимаад байхгүй “нэр төр”-тэй аж төрөх ёстой.
Гэтэл нүүдэлчний ажлын байр нь үнээний зэл, хонины бэлчээр, адууны эрэл байх ба малтайгаа тангараг тасрана, тэмээтэй түнжин хагарна гэж үгүй. Дургүй хүргэж, мал дагуулж алга болох гээд байгаа зожиг, шилрэмтгий, гүймтгэй нэгэн гарвал алаад л идчихнэ. Түүнчлэн хөрш нь таалагдахгүй бол алах юм уу, “амьтан” болгоод зарцлах замаар асуудлаа шийдчихнэ. Аз дутвал өөрөө “амьтан” болоод зүтгэчихнэ. Байлдан дагуулалт гэдэг бол хөрштэйгөө харилцах нэг л арга, асуудлаа шийдэж байгаа нэг л хэлбэр шүү дээ.
Дайнч нүүдэлчид“Байлдах найрлах хоёр дээр л олуулаа цуглардаг” байсан бололтой. Алдалдаж, эсвэл дуулалдаж байгаад тардаг энэхүү түр зуурын нийгэмшил нь нүүдэлчдэд хотших, дундын ёс суртахуунтай болоход төдий л нөлөөлсөнгүй бололтой. (Дашрамд сануулахад, өмнөөс “Боржгин найрын дэг” ийм мийм гээд сонин юм яриад унуузай. Найрын дэг чинь нийгэмшин амьдрах ёс зүй гэхээсээ илүү найраа тараачихалгүйгээр аль болох олон хоног цэнгэхэд чиглэсэн менежмэнт шүү)
Малаа хараахдаа “ям”, “годрого”, “мялзан” гэхчлэнгээр өвчнийх нь нэрийг хэрэглэх боловч хүнийг зүхэхдээ ингэхгүй бас сонин. Хамгийн түгээмэл өвчин болох “тарваган тахал”, “нарийнтах” зэргийг хараалд үл хэрэглэнэ. Иймээс, тал нутгийн нүүдэлчин ард түмний эрхэм дээд хүсэл нь цаг бусаар алагдахгүй, шархдахгүй, бэртэхгүй явж байгаад өвчнөөр таалал төгсөх эрмэлзэл байсан шиг. Иймээс л цус гэдэг үгийг аль болох цээрлэж, түүний улаан өнгөнөөс аль болох зайлсхийж байсан нь тэр бололтой. Ламайзмыг дагаж ирсэн улаан хувцас нь зөвхөн хуврагуудын хүрээнд л байж, энгийн иргэд ийм өнгийн хувцас хэрэглэхийг цээрлэсэн Богдын лүндэн хүртэл гарч байв. Д.Нацагдорж “… Хөх монголын ач нар түмэн түмэн үрс, Хөвүүд охид цугаар цог заль төгс” хэмээн бичжээ.
Харин өмнөд харш Нангиадууд улаан өнгөнд дуртай, найр хурим, хүндэтгэл чимэглэлд нь энэ өнгө зонхилно. Улмаар, 1917 онд Оросууд хаант засаглалаа унагааж, улаан өнгийг эрхэмлэдэг улаантнууд төрийн эрхэнд гарлаа. Ийнхүү хөх Монгол нутаг хоёр улааны дунд хавчуулагдав. Яг л одоогийн төрийн далбааны дэвсгэр өнгө мэт. Улаан өнгө, цус хоёр хараал биш ерөөл болох цаг айсуй.
ДАЛБААНД ҮЛДСЭН ХӨХӨНГӨ
Гэтэл Манжаас салах гэсэн биш Хаант Оросын хараанд орсон нэг хувьсгал, Шашин төрийн тэргүүнээ гамингийн шоронгийн гаргах гэж эхлээд шашнаа сүйдэлж, хаан ширээгээ хөнтөрч дууссан бас нэг хувьсгал болоод өнгөрчээ. ХХ зууны эхээр, аравхан жилийн дотор шүү дээ.
Улмаар, Монгол хэлнээ “Цусаа урсгаж олсон эрх чөлөө”, “Цусаараа хамгаалсан хувьсгал”, “Монгол-Зөвлөлтийн цусаар гагнагдсан найрамдал”, “цусаар бичигдсэн дүрэм”, “цусан улаан бүчээ хүзүүндээ зүүгээд” гэхчлэн цусаар дүүрсэн эрхэмсэг хэллэг, уриа бөөн бөөнөөрөө орж ирэх үүд нээгдлээ. ХХ зууны Монголын хувьсгалт уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж “Ариун улаан цусандаа, Ардынхаа хувьсгалыг шингээж ээ” гэсэн үгтэй дууг багачуудад зориулан зохиолоо.
Аман хуучид өгүүлснээр, ХХ зууны эхээр улаан зулагтай монгол гутал гэнэт өмссөн хүмүүс харагдах болжээ. Ёр бэлгийг чухалчлан хардаг өтгөс ихэд сэжиглэн “цусан дундуур туучихын дохио” гэлцсэн гэх. Хожим зохиогдоод нэхэн яригдсан ч байж болох. Ямар ч л байсан “Улаан эрин” ийнхүү эхэллээ.
Улаан эринд, энх тайван цагт болсон самуунаар Манжийг хөөхөд, гаминг зайлуулахад, цагаантныг далдруулахад урсаагүй их цус урсчээ. Бас “Халх голын тулаан” хэмээх Зөвлөлт-Японы мөргөлдөөнд монголчууд өөрийн эрхгүй оролцож, нутаг дэвсгэрээ түйвээлгэхэд алагдсан баатруудаас хэдэн арав дахин цэрэг, офицерийг Монгол Улсын засгийн газар өөрөө алж, хядсан билээ.
Улаан эринд “Дотоодын дайсан”, “ангийн дайсан” гэсэн ойлголт гарч ирлээ. Монголын засаг төр ард түмэндээ дайн зарлан, иргэдээ буудаж эхэлсэн хэрэг. Энэ дайнд 1911 онд тусгаар тогтноход алагдснаас, 1921 онд хувьсгал хийхэд алагдсанаас, Халх голд Японтой байлдахад өртсөнөөс олон арав, магадгүй зуу дахин олон монгол хүн, тухайлбал: насанд хүрсэн таван эр хүний нэг нь өртөж амиа алджээ. (1930-аад онд Монгол Улс 500.000 орчим хүнийхээ 30.000 гаруйг өөрснөө буудан хороосон. Харин Халх голын тулаанд албан ёсоор 300 хүрэхгүй монгол цэрэг амь үрэгдсэний олонхыг нь Улаан армийн онгоцууд японтой андууран бөмбөгдөж хөнөөсөн)
Сонин болгоход, 1911 онд Хүрээнд байсан Манжийн хааны суурин төлөөгч үг дуугүй гарч явснаар өнчин ишигний гарзгүйгээр тусгаар тогтнолоо зарлаж байсан. 1921 онд Хүрээнд байсан гаминг Бароны цэрэг хөөгөөд, Богдын өргөөг өөрөө орхиод явсан цагаантнуудыг Улаан арми нь хөөж ирээд бут цохисон тул Ардын намынхан зүгээр дуулалдаж ирээд л засгаа тунхаглаж, наадмаа хийж бөхөө барилдуулжээ.
Өнөөдөр “Улс төрийн хэлмэгдэл” гэж нэрлэх болсон аллагаар 1911 тусгаар тогтнолоо сэргээхэд, 1921 онд Ардын хувьсгал хийхэд, 1939, 1945 онд Японтой “байлдах”-д үрэгдээгүй ийм олон хүн хөнөөгдөж. Манжийн ч, гамингийн ч, цагаантны ч, Японы ч алж чадаагүй тийм олон монгол хүнийг Монголын төр өөрөө алжээ л гэсэн үг. Үүнийг хувьсгалт түүхнээ “Хувьсгалт хүчирхийлэл” хэмээн магтаж байсан бол өнөө үед “Хэлмэгдүүлэлт” хэмээн нэр цээрлэх болсон юм.
Гэвч ХХ зууны Монголын тавилан монголчуудын сонголт байгаагүйн нэгэн адил энэхүү аллага ч гадны тулгалт байлаа.
Тусгаар тогтнолоо олж авахдаа бараг цус урсгаагүй монголчууд “Тусгаар тогтнол чинь Зөвлөлтийн дагуул улсын хэмжээнд шүү” гэдгийг ухаарахын тулд таван цэрэг тутмынхаа нэгийг алдсан гэсэн үг. Хөх Монгол улаан Монгол болж, хөх явсных нь улбаа төрийн далбааг нь голлож л үлдсэн цаг. Тал нутаг цээртэй өнгөнд бялдаж, цус хэмээх үг шүтээн тунхагт шилжив.
ХХ зууны эхний хоёр хувьсгал цусгүй хийгдээд, цусаар угаагджээ гэсэн үг.
Гэхдээ энэ бүхэн бидний сонголт байсангүй. ХХ зууны Монголын түүхэнд “Хэрвээ бид социализмын замаар замнаагүй бол”, “Зөвлөлтийн дагуул болсны ачаар” гэхчлэнгийн хувилбар гаргах боломжгүй байдаг нь ийм учиртай. Зөвхөн марзан яриа л “Хэрвээ би морь байсан бол” гэж эхэлж болдог шиг зүйл. Өнгөрсөн зууны бидний түүх, хувь тавилан бол сонголтгүй “тулгалт” байсан.
УЛААНТНЫ СУРТАЛД УЛАЙДСАН ХЭЭР ТАЛ
Хүчирхэг бөгөөд дэлхийн II дайны ялагч Зөвлөлт гүрний нөлөөний бүс болох БНМАУ руу өнгөлзөх битгий хэл, өнгөлзөхийг санаархах зоригтой амьтан тэр үед ойр хавьд үгүй байв. ХХ зууны Монголд “Гадаадын дайсан” бодитой байсангүй гэсэн ч болно.Харин ХХ зууны “Тусгаар тогтносон” бөгөөд Зөвлөлтийн дагуул БНМАУ-ын төрийн байгууламжийн гол дайсан нь монгол хүн нь, өөрийнх нь иргэн нь байв, яагаад?
Чингис хаан “Өмнө талд Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн захисан тухай “Монголын нууц товчоо”-д өгүүлжээ. Яг түүн шиг “Та нар Бээжингээс хамаарахгүй болсон ч тусгаар тогтносон гэсэн үг биш”, “Та нар улс болсноор улсаа мэднэ гэсэн үг биш” гэдэг сургамжийн төлөөсөнд бид Чингис хааны алтан ургийнхан, лам хуврагууд, жинхэнэ тусгаар тогнолынхоо төлөө тэмцэгчид болон “жинхнээсээ тусгаар тогтноогүйгэдгийг анзаарсан сэхээтнүүд”-ийнхээ амийг өргөжээ. Хэзээ ч ингэж монгол хүн монгол хүнийхээ дайсан, Монголын иргэн Монгол төрийнхөө дайсан, Монголын төр монгол иргэнийхээ дайсан болж явсангүй.
Гэвч монголчууд өөрсдийнхөө гарт үхсэн байж таарахгүй, социализм байгуулж буй БНМАУ-ын төр иргэнээ хядсан байж таарахгүй. Огт сураггүйгээр мянга мянган нэр устай хүн алга болсон байж таарахгүй.
Ингээд Улааны үзэл суртал шингэсэн цуст домгууд зохиогджээ. Болсон явдал, утга зохиолын сюжет хоёрыг андуурамтгай монголчуудыг хувьсгалт домгоор цэнэглэх шиг амархан зүйл үгүй. Төвдийн сүм хийдийн туурган зургийн догшдыг “өөрөө тодорсон” гэдэгт эргэж үзээгүй сүсэгтнүүд шүү дээ.
Эхлээд Монгол орныг Япон, Хятад Германы тагнуулаар дүүрсэн гэдэгт үнэмшүүлээд, захаас нь аваад буудаж эхлэхэд сэжиглэсэнгүй. Магадгүй буудуулсан зарим нь өөрийгөө санаандгүй явж байгаад японы тагнуул болчихож гэж итгэсээр дууссан ч байж мэднэ.
Ингээд хилийн мөргөлдөөн, хараахан тогтоож амжаагүй байсан хил дээрх будлиан тулгаралтуудыг сүрт тулалдаан болгон дүрсэлж эхлэв. Үүргээ биелүүлж баатарлан тулалдсан цэрэг эрсийн гавьяаг бахдууштай ч, үйл явдлыг хэтрүүлэн үнэлэх нь доромжлол болдог. Учир нь жинхэнэ үнэн тодрох цагт тэдний талаархи нийтийн үнэлгээ уруудаж, заримдаа баатарлалынх нь утга учир алдагдахдаа тулдаг нь гашуун үнэн. Ийм учраас хэтрүүлэн муулах, магтах хоёр дүндээ дүн болдог.
Дайсны давуу хүчтэй эрэлхэгээр тулалдсан баатарлаг явдлыг заримдаа Хятадын Ардын чөлөөлөх армийн гол хүчийг хэдхэн цэрэг бутцохисон ба тэрнээс хашраад наашаа зүглэхээ больсон, Японы эзэн хааны ганц найдвар болсон бүлэглэлийг айлгаад хөөсөн учраас хийморь нь доройтоод дэлхийн дайнд ялагдсан үлгэр болгон хувиргана. Үзэл сурталчид түүнийг улам хөгжүүлэн, сүр оруулахын хэрээр үнэлэгдэнэ. Харин үл итгэх байтугаа эргэлзсэн дүр үзүүлэх хориотой. Эргэлзсэн дүр үзүүлэх байтугай шууд итгэн хүлээж авч, бахдалгүй цаг алдах нь сэжигтэйд орно.
Улаан өнгө, цус давамгайлсан үзэл суртлаас ийнхүү эрх чөлөөний төлөө тулалдаанд амиа өргөсөн гэх мянга мянган домгийн баатрууд “төрсөн” юм. Тэдний зарим нь огт болоогүй тулаанд гавьяа байгуулсан байх нь ч энүүхэнд. Эргэлзэх хориотой нийгэмд жинхэнэ үнэнийг эрэлхийлэх аюултай. Хүмүүс аюултай алхам хийхээс болгоомжлохдоо аливаад “эргэлзэх”-ээс зайлсхийж эхэлнэ. Болгоомжлолын торон дотор орсон эргэлзэх, эргэцүүлэх, үнэнийг эрэлхийлэх чадвар аажим аажмаар унтран бөхөж эхэлдэг. Дарангуйлагч дэглэмийг ийм учраас л хүний мөн чанарын эсрэг хандлага гэж үзээд байгаа юм.
Хувьсгалт түүхийн зохиомжийн “хусам” ой санамжинд нь наалдинги болж үлдсэн өнөөгийн бидэнд “ХХ зуунд эрх чөлөөгөө олохын төлөө урсгасан, дараа нь хамгаалж асгаруулсан улаан цусны домог” дүүрэн хэвээр. Гэтэл, 1911 онд Хүрээнд тусгаар тогтнолоо зарлахад, 1921 онд Нийслэл хүрээг чөлөөлөхөд нэг ч хүн үхээгүй ба Халх голын дайны үеэр нь ердөө 270 орчим цэрэг алагдсан байдаг. Тэгтэл хувьсгалын төлөөсөнд алагдагсад 30 мянгад хүрдэг. Улмаар тэр 30 мянгынх нь гурван хувь нь ч дайсныхаа гарт үрэгдээгүй баримт үлддэг… Ийм л юм болсон юм даа, Форест Гампын хэлдгээр.
Дахиаднэг “Гарзгүй хувьсгал”
…
1990-ээд онд, Зөвлөлтөд өрнөсөн “өөрчлөн байгуулалт” Монголын сэхээтнүүдийн сэтгэлийг татлаа. БНМАУ нь Зөвлөлтийн дагуул орны хувьд бүхий л алхмыг нь дуурайн давтаж ирсэн атлаа хамгийн зөв зүйтэй шинэчлэлийг хийхээс хойргошиж байгаад нийгмээрээ унтууцсан. Дээр нь “Зөвлөлтийн туршлагыг давтснаар буруутахгүй, Зөвлөлтийн жишээг хуулбарлахыг шаардсанаараа хэрэгт орохгүй” гэсэн итгэл нь хүн ардыг зоригжуулж байсан юм.
Гэтэл Зөвлөлтийг дуурайхыг шаардсан жагсаал, эсэргүүцэл маань социалист систем нурахтай, улмаар Зөвлөлт Холбоот Улс тарахтай давхцах нь тэр. Ингээд Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтыг дэмжсэн хөдөлгөөн маань ардчилсан хувьсгал, улмаар Москвагийн дагуул байхаа больж биеэ даасан төрөө тунхаглах үйл явц болон хувирав.
Төрийн сүлд дууллынхаа, Зөвлөлт оронтой заавал хамт хөгжих утгатай заалтыг хасан зохиомжилсон ба гурав хөршийн бодлого тунхагласан, цаашлаад гуравдагч орон АНУ, Канадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо авчирсан зэрэг үйл явдал ингэж эхэлсэн. Дүн өвлийн хүйтнээр оргилдоо хүрсэн Ардчилсан хувьсгал цус байтугай, нус ч урсгасангүй ялав. Дахиад л өнчин ишигний гарзгүй олдсон эрх чөлөө!Бахархмаар бас аймаар.
ХХ зууны эхний хоёр хувьсгал цусгүй хийгдсэн ч цусан төлбөртэй байжээ. Тэр мэтчилэн цусгүй хийгдсэн гурав дахь хувьсгал араасаа төлбөр дагуулах уу? Нэг улсад, нэг үйл явц гурав давтагдана гэж байх уу?
Үлгэрлэвээс, Гамлет “Орших уу, эс орших уу, асуудал энд л байна” гэлээ гэгчээр “Давтагдах уу, эс давтагдах уу, Энэ бол асуулт юм аа”, бас тавилан юм аа.
Үргэлжлэл бий.
2020.08.19