Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн өнөөдөр тодорно

Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр 10:00 цагт зарлагдсан байна.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонх болсон намаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-аас Ерөнхий сайдыг сонгохоор Бага хурлаа зарлажээ.

Намын Бага хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Үндсэн хуулийн уг заалтын дагуу энэ долоо хоногт багтаан Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох бололтой.

Эрх баригч нам өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг дахин дэвшүүлэх нь тодорхой байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Анандбазарыг тангаргаа өргөөгүйд тооцох уу

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж УИХ-ын гишүүд өчигдөр тангаргаа өргөлөө. Энэ удаад гишүүн тус бүр тангаргаа өргөж байгаа нь онцлог үйл явдал болсон юм. Гишүүн тус бүрээс ам, өчгийг нь авч байгаа энэ үйлдлийг иргэд, сонгогчид зөв зүйтэй гэж харж байна. Харин тангараг өргөх явцад зарим нэг гишүүд санаатай болон санамсаргүй алдаанууд гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ илэрхийлж байна” гэсэн юм. Угтаа тэрээр илэрхийлэх бус тангараглах ёстой байлаа. Үүнээс түүнийг тангаргаа өргөөгүйд тооцож болохоор байгаа юм. Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод тангаргаа буруу өргөсөн тул дахин тангаргийг нь өргүүлж байсан удаатай. Үүнтэй адил УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг дахин тангараг өргүүлж болох юм.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхэм нийт сонгогчид, монголчуудад төрийн түшээ болсноо зарлаж, шударга үнэнчээр ажиллахаа тангарагладаг үйл явдал бол энэхүү тангараг өргөх ёслол байдаг. Гэтэл энэхүү тангараг өргөх ёслолын үеэр УИХ-ын зарим гишүүд жалга, довны үзэл гаргасан нь ч олны дургүйцлийг төрүүлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг итгэл хүлээлгэн сонгосон Чингэлтэй дүүргийнхэндээ баярласнаа илэрхийлж, Ж.Мөнхбат гишүүн амь нэгтэй архангайчууд хэмээн дурьдсан. Тэд ийн алдаа хийсэн учир тангаргаас өөр үг хэлэхгүй байхыг тэдэнд хуралдаан даргалагч анхааруулсан юм.

Г.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах төвүүд

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 09:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар орон даяар зэрэг эхэлнэ.

Улсын хэмжээнд шалгалтын 85 байрыг бэлдсэн бөгөөд шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол нэлээд гардаг. Иймд шалгуулагчид шалгалт өгөх байраа сайтар нягталж, мэдэж авахыг албаныхан зөвлөж байна.

Мөн Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа хэвлэн авч, наягтлах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид

  • Суудлын хуваарь,
  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах ёстойг анхаарна уу.

Энэ удаагийн ЭЕШ COVID-19 цар тахлын авулаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд явагдах тул шалгуулагчдын эрүүл мэндийн байдал, биеийн халууныг хэмжих зэргээр нэмэлт цаг шаардагдах тул хуваарилалтыг нарийвчлан гаргажээ.

ЭЕШ-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ШАЛГАЛТЫН ТӨВҮҮД

Categories
мэдээ цаг-үе

​“Насны намар”-ын Б.Магсаржавын амьдралын хавар

…Үсний сор минь мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагасраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах л юм даа… эхний мөрийг нь л уншихад аялгуу нь орж ирдэг энэ дууны хөгжмийг “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав зохиосон билээ. Хэдийгээр ааваараа овоглодог ч түүнийг “Насны намар”-ын Магсаржав, “Зүрхний уяа”-гийн Магсаржав, “Зүүдэн бороо”-гийн Магсаржав зэргээр Монголын ард түмний дунд алдаршсан, олонд түгсэн дуунуудаар нь тодотгон дууддаг.

Гэргий Ж.Ганчимэг нь угтаж, аагтай шаргал цай барьж “Маагаа ах нь түр дугхийж байгаа. Харшил нь хөдлөөд түрүүхэн харшлын эм уучихсан. Ингэсхийгээд сэрчих байх аа” хэмээлээ.

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Жалбуугийн Ганчимэг 2018 онд “Морин хуур” наадмаас “Бурхан эжий” дуугаараа гуравдугаар байрын шагнал хүртэж байсныг дуу хуурт дуртай Монголын ард түмэн мэдэх билээ. Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан энэ сайхан дууг нь дуулдаг.

Ж.Ганчимэг хүний их эмч мэргэжилтэй, клиникийн профессор цолтой. Одоо “Апимон” зөгийн хатгуур, сэргээн засах сувиллын захирал, ерөнхий эмчээр нь ажилладаг юм байна. Гэрийн эзэгтэйн гарын хоол нь хөмүүлтэй, бор гурилтай бууз, банштай цай, гурилтай шөл. Мөн гэрийн боорцог, хайлмагаар тавгаа үргэлж дүүрэн байлгадаг ажээ. “Гараа гаргаж хийсэн хөмүүлтэй буузаараа дайлна аа” гэсээр уур нь савссан амттай бууз ширээнээ тавилаа. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав чихэр, амттанд их дуртай. “Молоко”-г дангаар нь уучихна. Чихэр, жимсэнд яг л хүүхэд шиг дурлана. Б.Магсаржав гуай Хятадад зургаан жил сурч, Хөх хотод 12 жил багшилсан болохоор Хятадын хоолны соёлыг нэвт мэднэ. Тийм ч болохоор хааяа хятад хоол хийж гэрийнхнээ дайлдаг гэнэ. Харин гэрийн эзэгтэй Ж.Ганчимэг Солонгост арваад ажил амьдарсан учир солонгос хоолыг мэргэжлийн тогооч аятай л хийнэ. “Манайх чинь интернэйшнл гэр бүл шүү. Орон орны хоол хийнэ. Хятад, солонгос, орос, англи хэлээр ярьцгаана” хэмээн хөгжилтэй инээх ажээ.

Гэрийн эзэн удсан ч үгүй сэрж, мэнд мэдэлцээд хөөрөг зөрүүллээ. Эднийх гурван сайхан охинтой. Охид нь цөм сургууль соёлоо төгсөж ажил төрөлтэй болж, эхнээсээ зээг нь тэврүүлээд байгаа юм байна. Б.Магсаржав гуай цайлж, бууз идэх зуураа бага насныхаа амьдралын тухай ярьж “Үлгэр шиг амьдрал тууллаа даа” гэхэд гэргий нь “Кино шиг амьдрал туулсан хүн дээ, манай хүн” гэж ханиа хайрлан харж, үсийг нь илбэв.

Б.Магсаржав 1963 онд Увс аймгийн Тэс суманд Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсэн бууцан дээр Ө.Батбаярын хоёр дахь хүүхэд болж хорвоод иржээ. Түүнийг нэг настай байхад нь Давст сумын Д.Бадарч гэдэг айл өргөж авчээ. Хүүг нь өргөж авах хүсэлтэй байгаагаа ээж Г.Хорлоод нь олон дахин илэрхийлж, зохих зан үйлийг гүйцэлдүүлж, нэг ой хүрэхэд нь өргөж авчээ. Хоёр сум дамнасан найр шахуу юм болж, Давст сумынхан арав гаруй гэр барьж, идээ шүүс бэлдэж, хоёр талын ахан дүүс нийлж өргөн дэлгэр найрлаж, хүүг нь алган дээрээ өргөж авчээ. Гэгээнтэн залж буйтай адил л нүсэр юм болжээ. Төрсөн аав ээжийнх нь хоёр тал хоёулаа мэргэн түргэн, эрдэм номтой хүмүүстэй байж. Арван баядын хошууны Гүнчин Иж, Улаан Дэдээ сахиус буюу Дэдээ лам гэхээр увсынхан андахгүй. Тэд Б.Магсаржавыг “Энгийн хүүхэд биш. Эгэлгүй авьяастай, ер бусын хүүхэд” гэж хэлдэг байжээ. Б.Магсаржав гуай ийнхүү Д.Бадарч, Д.Ширнэн хоёрт үр нь болж ирж, гэр дүүрэн хайр бялхуулж, аз жаргал бэлэглэжээ. Төрөлхийн гайхамшигтай сонсголтой, хөгжмийн асар өндөр мэдрэмжтэй гэдгийг өргөж авчирсан анхны шөнөө л мэдэрчээ. Ээжийнхээ сүүнээс салж, зэргэлдээ сумын айлдаа ирсэн Б.Магсаржав ирсэн оройноо унтахгүй, уйлагнав. Тэгтэл радиогоор Төрийн дуулал явахын өмнөхөн сонгодог хөгжмийн бүтээлүүд эгшиглэхэд бяцхан хүү тайвширч, хоёр хөлөө хөгжмийн хэмнэлээр хөдөлгөж байхыг нь анзаарчээ. Төрийн дууллын хэмнэлээр хөлөө хөдөлгөсөөр байгаад унтжээ. Өглөө радио 06 цагаас эхлэхэд унтаж байсан хүү Төрийн дуулал болон бусад хөгжим эгшиглэхэд хөгжмийн хөг хэмнэлээр хөлөө хөдөлгөсөөр байжээ. Ингэж хүүгээ ер бусын авьяастай, сонсголтой гэдгийг мэдэрсэн ээж, аав нь хоёр настайгаас нь баян хуур хөгжимтэй “найзлуулж” шүү. Хөгжмөө даахгүй жаахан хүүгийн хуруунууд баян хуурын товчлуур дээр бүждэг байжээ. Дөрвөн настайдаа Бүх ард түмний Урлагийн үзлэгээс алтан медаль хүртэж түүний урлагийн зам мөр нээгджээ. Увс аймгийн Тэс сумын дунд сургуулийнхаа нэрийг улс, аймагтаа олон удаа цуурайтуулж, 15 настайдаа нийтдээ таван алтан медалийн эзэн болсон байв. Нутаг орныхон нь авьяастай сурагчаа улам хөгжүүлэхийн тулд аймгийнх нь Боловсролын хэлтсээс түүнд Багшийн сургуулийн Хөгжмийн ангид сурах урилга өгчээ. Ингэж 15-хан настай Б.Магсаржав эрдэм ном өвөртлөхөөр аав, ээжийгээ орхин Улаанбаатар хотод иржээ. Энэ тухайгаа “Л.Мөрдорж, Д.Мяасүрэн, С.Гончигсумлаа гэсэн алдарт хөгжмийн зохиолчдоор хичээл заалгадаг байлаа. Нэрийг нь сонсоход л сүрдмээр хүмүүс байгаа биз. Залуу багш нар гэсэн хэдэн багш хичээл ордог байлаа. Тэр нь хэн гээч, Н.Жанцанноров, Ц.Чинзориг гэсэн суут хүмүүс байлаа даа. Би ийм хүмүүсээр эрдэм заалгасан азтай хүн шүү” хэмээлээ. Багшийн сургуулийн нэгдүгээр курст байхдаа буюу 1979 онд Ц.Гайтав гуайн шүлгээр “Сүүн далай ээж” дуугаа зохиожээ.

Балчир цагаас нь өөрийн үрээ хэмээн элгэндээ тэвэрч, амттаны дээдийг идүүлж, өнгөний дээдийг өмсүүлж, алгандаа бөмбөрүүлж, 15 нас хүртэл нь өвөртөлж унтсан ээжийгээ бодон бодон санан санасаар зохиосон дуу нь “Сүүн далай ээж”.

Наран гэрлийн илчтэй

Сарангоо ээжий минь

Дэлгэр сайхан хараагаар

Дэлхий ертөнц мишээж байна

Бүүвэйн сайхан дуугаараа

Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй

Сүүн далай ээжий минь…Төрүүлсэн ээж Г.Хорлоо нь хүүгээ хүүхэдгүй айлд өргүүлж, буян хийсэн бол өсгөсөн эжий Д.Ширнэн нь Б.Магсаржав гуайг нүдний цөцгий мэт хайрлаж, нандин бүхнийхээ оройд залж өсгөжээ. Б.Магсаржав гуайн хүүхэд насны амьдрал тэр чигээрээ хайранд умбажээ. Ингээд дөрвөн жил сураад Багшийн сургуулийг төгсөж, Увс аймагтаа очиж дуу хөгжмийн багшаар ажиллажээ. Тэр үед Соёлын яамнаас Б.Магсаржавын нэр дээр цохолттой Германы Хөгжмийн дээд сургуульд явуулах бичиг ирэхэд нутгийнхан нь “Сайн багшаа алдахгүй” гээд тэр урилгыг нь нууцаар буцаачихаж. Тэгж байтал 1985 онд цэрэгт татагдаж, тэндээсээ Цэргийн ансамбльд концертмейстрээр очсон байна.

1988 онд “Морин хуур” наадамд Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдэн бороо” дуугаараа оролцож тэргүүн байрыг нь эзэлжээ. Дуучин С.Цэрэнчимэд энэ дууг ард түмэнд хүргэсэн билээ. Дараа жил нь тус наадамд дуучин Н.Төмөрхуяг “Насны намар”-аар оролцож Үзэгчдийн шагнал хүртсэн бол түүний дараа жил нь мөн дуучин Н.Төмөрхуяг “Зүрхний уяа” дуугаар нь дахин Үзэгчдийн шагнал хүртжээ. Энэ үе бол түүний хувьд уран бүтээлийн ургац арвинтай он жилүүд байжээ. Тэгтэл нийгэм солигдож, соёл урлагийн байгууллагууд үүдээ барьж, уран бүтээлчид нь чөлөөт уран бүтээлч гэх нэр зүүж, Монголын урлагийн салбар бүхэлдээ унаж эхэлсэн билээ. Энэ үед Б.Магсаржав Н.Жанцанноров багшийнхаа даалгавраар Бээжин хотын Дорно дахины дээд сургуульд хөгжмийн чиглэлээр суралцахаар харийн нутгийг зорьжээ. Тэндээ зургаан жил сураад буцаад эх орондоо иртэл нөхцөл байдал өмнөхөөсөө улам дордож, гадаадад бэлтгэгдээд ирсэн чадварлаг хөгжмийн зохиолчид ажлын байр гаргаад өгчих албан байгууллага байсангүй. Ингээд 1996-2000 оны хооронд чөлөөт уран бүтээлч гэгдэж хэсэг ажиллаж байгаад Өмнөд Монголын Хөх хотод хөгжмийн зохиолч, хөгжмийн багшаар 12 жилийн турш гэрээгээр ажиллажээ. Б.Магсаржав “Би Хятадад зургаан жил сураад дараа нь Хөх хотод гэрээгээр 12 жил ажилласан. Гэтэл намайг тухайн үед шар сонинууд “Насны намар”-ын Магсаржав нартыг орхижээ” гэх мэтээр бичсэн байсан. Надад галт тэрэгний үйлчлэгч тэр сонинуудыг авчирч өгөөд “Ийм юм бичээд байх юм” гэлээ. Би үнэхээр гайхаж билээ” хэмээгээд инээлээ. Б.Магсаржав гуай Хөх хотод 12 жил ажиллахдаа 10 мянга гаруй шавьтай болжээ. Өмнөд монголчуудын хөгжмийн боловсрол илт дээшилж, нийтийн дуу болон урлаг соёлын арга хэмжээнүүдийн чанар нь дээшилж байсан нь энэ хүнтэй шууд холбоотой ажээ. Ингээд гэрээний хугацаа нь дуусч 2012 онд эх орондоо ирж “Хайранд мансуурсан аялгуу” уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолт дээр дуучин С.Жавхлан өөрийнхөө гавьяатын тэмдгээ түүнд зүүж өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үйл явдалд Б.Магсаржав гуай тийм ч таатай ханддаггүй ажээ. “Цагийн юм цагтаа. Төр гэдэг чинь нүдтэй. Цаг нь болохоор бүх юм болдог юм” хэмээн энгүүн өгүүллээ. Багш, сурган хүмүүжүүлэгчийн ажлаа тасралтгүй 30-аад жил хийж монголчуудыг ар, өвөргүй хөгжмөөр гэгээрүүлэхийн зэрэгцээ “Сүүн далай ээж”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Тэсийн голын унага”, “Би хөдөөний хүн”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 400 гаруй дуу зохиогоод байгаа хөгжмийн зохиолч Б.Магсаржав гуай одоо ч дуу, симфони, хөгжмийн томоохон бүтээлүүдээ чимээгүйхэн зохиосоор байна. Тэрээр “Эр хүн заяаны ханьтайгаа учрах хүртлээ их зүйлийг туулдаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Гоонь эрийн амьдралаар олон жил явахдаа эмэгтэй хүнийг хайрлаж явсангүй шүү. Ганцаардсан сэтгэлээ сархдаар дайлж явсан он жилүүд бий, бий. Гэвч би Тэнгэрийн дагинатайгаа учирсаан” хэмээн хань руугаа харж “Би чинь Ганаагаа Дагина минь гэдэг юм. Миний амьдралд яг л Дагина шиг тэнгэрээс бууж ирсэн бүсгүй дээ. Маш хүнд цаг үед минь намайг түшиж авсан сайн хань. Ханьтайгаа нийлж нэг гэрт орсноор миний хувьд амьдрал минь өөрчлөгдсөөн. Хүнээр хайрлуулахын жаргалыг би ээжээсээ хойш мартсан байсан. Одоо би Ганаадаа эрхэлж, хайрлуулж явна. Ийм сайхан хань илгээсэн бурхандаа талархаад баршгүй” гэлээ. Ж.Ганчимэг эмчийг Солонгост ажлаар яваад эзгүй байхад нь Б.Магсаржав гуай “Апимон” сувилалд нь эмчлүүлж таарчээ. Тэгтэл Б.Ганчимэг эмчийн эгч Ж.Оюунчимэг түүнийг тосон авч үйлчилж, сэтгэлийн дээдээр ачилж, ихэд хүндэлжээ. Маш найрсаг хамт олонтой, хүний төлөө гэсэн сэтгэлтэй сувилалд ирсэндээ хязгааргүй баярлаж, бие нь ч дээрджээ. “Намайг гэсэн сэтгэлтэй, надад тусалдаг хүмүүс маш олон байдаг юм. Би хэцүү амьдралыг туулж ирсэн ч хэдэн дууны минь буян намайг гудманд гаргаагүй шүү. Захын л айл гэртээ урьж, залж дайлдаг байлаа. Асар их хүндлэл дунд явсаар ирсэн. Гэвч хүнд хань л хэрэгтэй юм билээ” хэмээснээ “Ж.Оюунчимэг эмч маань Ганаа гэж миний дүү юм аа. Одоо Солонгост байгаа. Яруу найрагч, дуу нь “Морин хуур” наадмаас шагнал авч байсан” гэж ярихаар нь нэг ч их тоосонгүй. Хүмүүс “Ганаа эмч, Ганаа эмч” гэж яриад л магтацгаагаад байдаг байлаа. Сувиллын хананд хүмүүсийн магтаад байдаг өнөө Ж.Ганчимэг эмчийн зураг өлгөөтэй байна аа. Нүдэнд их дулаахан бүсгүй. Хүний л хань ийм байдаг байх гэсэн дотно мэдрэмж төрлөө. Тэгээд Ганаа эмчийн фэйсбүүк хаягийг оллоо. Чатаар харьцлаа. Эхэндээ ажил хэргийн харилцаатай байлаа. Надад “Хаврын дуу” гэсэн шүлгээ илгээдэг юм байна. Тэр шүлгийг нэг уншаад л аялгууг нь зохиосон доо. 12-хон минутын дотор дуу болсон юм. Биднийг учруулсан хүн бол миний ханийн эгч Ж.Оюунчимэг. Надад миний хадмууд ямар сайхан ханддаг гээч. Би ханийхаа эгчийг Жээжээ гэж хүндэтгэн дууддаг юм” хэмээн ханьтайгаа анх учирсан тухайгаа ярьж “Бид хоёр ивээл жилтэй юм шүү дээ” гэлээ.

…Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол доо

…Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд

Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм

Тооныг нь элбэж өргөсөн гэртээ

Тормойн суух чинь хэзээ л юм бол доо гэж “Зүүдэн бороо” дуунд гардаг. Гэтэл яг л энэ дуу шиг Б.Магсаржав гуай ганцаардал, хүнд бэрхийн дунд элгээ жиндээн зүдэрч, норсон дэрэнд хацраа хайруулан байхад нь яруу найрагч Ж.Ганчимэг түшин босгоод тооныг нь элбэж өргөсөн гэртээ хамтдаа жаргаж, дэргэд нь тормойн аз жаргалаа ярьж сууна. Ж.Ганчимэг “Авьяастай хүнийг хайрлах ёстой. Харсаар байж энэ их авьяасыг би түлхэж чадахгүй. Хэрвээ би энэ хүнийг түшээгүй бол энэ хүний дуунд дуртай монголчууд надад гомдох байсан биз ээ. Энэ хүний авьяасыг хайрласан. Би өөрөө уран бүтээлч хүн. Маагаагийнхаа дотоод сэтгэлийг мэдэрсэн. Айлын өргөмөл байхын зовлон жаргалыг мэддэг болохоор энэ хүнийг яаж зүдэрч, ямар зовлон туулж ирснийг сонссон учир зүрх сэтгэлээ нээсэн юм. Бидний анхны болзоо маш дурсамжтай байсан. Бид анх удаа уулзаж байгаа хэрнээ хэзээний л таньдаг хүмүүс шиг, дотно мэдрэмж төрөөд энгэрт нь аавдаа тэврүүлж буй мэт л наалдаж билээ” гэж ярилаа.

Аригхан цагаан бороо нь

Анхны дуслаа өгөөд

Амрагийн заяа тэр минь

Аашинд минь дасаа юу даа

Тунгалагхан хаврын нар нь

Туяатайхан байна аа

Гэрэлтэйхэн хүний үр

Гэгээтэйхэн байна… Б.Магсаржав, Б.Ганчимэг нарын анхны хамтарч хийсэн энэ “Хаврын дуу” өөрсдийнх нь хувь тавиланг зуржээ.

…Зүдэрч ирсэн ангирс

Зүрхэнд минь нургиад л байна

Зүс дулаахан тэр минь

Зүүдэнд минь ургаад л байна…

“Насны намар”-ын Б.Магсаржав ийн “Зүүдэн бороо”-нд дуулдаг шиг харын хар нүднээ дэргэдээ суулгаад “Хаврын дуу”-ндаа мансуурч сууна. Хамтдаа дуулж, хамтдаа дуу бүтээж, нэг нэгнээ түшиж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж, “Хийж, бүтээх юм их байна аа” хэмээцгээнэ.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавынд ийн өнжихөд гайхалтай хайрын оргилуун түүх, туулж өнгөрүүлсэн хачирхмаар он жилүүдийн тухай халуун яриа өрнөж, дуу хуур, төгөлдөр хуурын аялгуу түгээд наран жаргахыг ч анзаарсангүй.

“Насны намар”-ын Б.Магсаржавын амьдралд хавар айлчилж, дахин нахиалж байна.

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарч

Насны ханьтайгаа учирч

Амьдралын хавраа эхлүүлжээ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав маань.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим тойргууд дээр тэгш биш байдал үүссэн учир дахин сонгууль зарлах хэрэгтэй

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гариг буюу энэ сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит сонгууль орон даяар болж өнгөрсөн. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан боловч бусад нам эвслүүд, бие даагчид, мөн ард түмний төлөөлөл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад хуульд заасны дагуу тухайн тойргийн 50 хүртэлх хэсгийн хороодын саналыг гараар тоолж, сонгуулийн хар машинд эргэлзээд буй олон түмний эргэлзээг арилгахыг үүрэг болгосон. Ингээд нийслэлийн бүх тойргийн хэсгийн хороодын 50 хувь болон Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул зэрэг аймгуудын хэсгийн хороодын 50 хувийнх нь саналыг гараар тоолж байна. Сонгуулийн үйл явц яг одоо ийм байдалтай байна. Гараар тоолно гэдэг бол хар машинд үл итгэж, санал хураалтыг луйвардлаа гэсэн олны эргэлзээг тайлах асуудал, үндсэндээ байдаг л зүйл.

Харин хамгийн ноцтой нь энэ удаагийн сонгууль ардчилсан нийгмийн амин сүнс болох ардчилсан сонгуулиар даажигнасан байдалтай болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, ардчилсан сонгуулийг дарамталсан, дооёолсон, ардчиллыг арчаад хаяхад ч бэлэн шүү гэх заналхийллийн дор боллоо.

Сонгуулийн сурталчилгаа орон даяар ид явагдаж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байх хариуцлагатай үед буюу сонгууль болохоос ердөө зургаан хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шоронд хорьсон. Мөн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт гээд зургаан нэр дэвшигч сонгуулийн үеэр шүүхэд дуудагдаж шоронд хоригдсон. С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулж энэ сарын 18-ны өдөр цагдан хорьсон. Хамгийн гол нь 10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө төлөөгүй гэх шалтгаанаар хорих шийдвэр гаргасан. “Ардчилсан намаас нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг хуулийн ямар ч үндэслэлгүй цагдан хорилоо. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй, биелэгдэх хэмжээний байх ёстой. 2-10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуул гэсэн шаардлагыг тавьсан. Энэ бол ямар ч боломжгүй шийдвэр, боломжгүй гэдгийг нь шүүх ч мэдэж байгаа. Нэр дэвшигчдийг сонгуулийн сурталчилгааны хамгийн хариуцлагатай үед цагдан хорьж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад урьдчилаад яллаж байна. Ажил хийсэн төрийн албан хаагчдаа эрүүгийн гэмт хэрэгт буруутган шүүхээр шийдвэрлэж байна. Да.Ганболд, Б.Бямбасайхан нар засгийн шийдвэр биелүүлсний төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болж шүүгдэж байна. Баярцогтод тулгасан хэрэг яагаад ч 10 тэрбум барьцаа байршуулах хэмжээний биш. 2018 онд Баярцогтыг сүр дуулиантайгаар баривчилсан. Ингэхдээ Оюу толгойн гэрээг байгуулахдаа хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж баривчилсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо зуслангийн байрны хэрэг дээр явж байгаа. Бид хэрэг дээр тусгаарлах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүй. Их хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй тэднийг баривчлахдаа СЕХ-ноос зөвшөөрөл авалгүй цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж сонгогчдын эрхэнд халдлаа” гэдгийг өмгөөлөгчид нь удаа дараа мэдэгдэж байв. Гэвч сонгуулиас хоёр хоногийн өмнө болсон шүүх хурлаар тэднийг долдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм.

Нэр дэвшигчдийн эрхэнд халдаж, шүүхээр цагдан хорьж, эрхийг нь боомилсон явдал үүгээр дуусахгүй. Нийслэлийн 22 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт “Сахигтун, Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Үүнд Наранбаатар “Ямар ч хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Энэхүү эрхийг маань СЕХ бүдүүлгээр зөрчиж, миний өрсөлдөгчийн захиалгаар ажиллаж байгаа нь нотлогдож байна” гээд СЕХ-г шүүхэд өгсөн. Шүүхийн маргаан хэлцэгдэж явсаар байгаад сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах өдөр буюу зургадугаар сарын 23-нд Улсын дээд шүүхээс Л.Наранбаатарыг “УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан” шийдвэрийг гаргасан ч СЕХ саналын хуудсанд нэрийг нь бичээгүй. Үүнд “Эрүүгийн хуулийн 14.5, 14.9-д тус тус зааснаар “иргэний сонгогдох эрхийг хязгаарлах хуйвалдаан зохион байгуулах” зүйл ангиар Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гарган шалгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 105.2.4-т зааснаар “СЕХ-г бүрэлдэхүүнээр нь огцруулах, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт явуулсан санал хураалтын үр дүнд 81.3-т зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хандан хүчингүй болгуулж, дахин сонгууль зохион байгуулна” гэдгээ мэдэгдсэн.

Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн хувьд бас Үндсэн хуулиар олгогдсон нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй. Жаран тэрбумын гэх хэрэгт холбогдож таван сарын хугацаанд шоронд суугаад гарсан тэрээр Монголын ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших байсан ч СЕХ-ноос эрхийг нь өгөөгүй. Сонгуулийн эцсийн өдөр хүртэл тэрээр итгэл найдвартайгаар цөхрөлтгүй хүлээсэн. Энэ тухайгаа “Би ялтай хүн биш. С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нар шиг статустай, шалгуулж байгаа хүн. Хуулийн дагуу нэр дэвших бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. СЕХ-ноос тав хоногийн дотор Ногоон намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өгөөд минийхийг аваад үлдсэн. Дээд шүүх болон бусад бүх хуулийн байгууллагаас “Энэ хүн нэр дэвших боломжтой” гэсэн тодорхойлолт ирчихээд байхад СЕХ-ны есөн хүн дотроо санал хураагаад хуулиас дээгүүр шийдвэр гаргасан нь намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн хориглолт байсан. Сонгуулийн тухай хуульд тухайн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хэдхэн заалт байдаг. Тэрний аль нь ч надад хамааралгүй байсан. Энэ бүхэн МАН-ын удирдлага тэр тойрогт нэр дэвших гэж байгаа нөхдийн оролцоотой хийгдсэн ажил” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагад тодорхой хэлсэн байдаг.

Нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй нэр бүхий хүмүүс Эрүүгийн хуулийн зүйл ангиудыг үндэслэн гомдол гаргана гэдгээ илэрхийлээд байгаа. Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлд “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд, Сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, 14.9 дүгээр зүйлд “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5.6.7-г заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж бий.

Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хуульд заасны дагуу СЕХ-ноос албан зөвшөөрөл авалгүйгээр шоронд хорьсныг СЕХ-ны удирдлагууд мэдэгдсэн. Тэгэхээр энэ үйл явц Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” буюу 35.2-ын Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараахь ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно гэх заалтыг ноцтой зөрчсөн нь илэрхий. Ингэж Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг нь зөрчиж нэр дэвшигчдийг шоронд хийж, сонгох сонгогдох эрхийг нь боомилсон байна. Тэгэхээр зарим тойргууд дээр тэгш биш байдал үүссэн учир дахин сонгууль зарлах хэрэгтэй. Тодруулбал, Да.Ганболдын нэр дэвшсэн Хөвсгөлийн 17 дугаар тойрог, С.Баярцогтын нэр дэвшсэн Сэлэнгийн 13 дугаар тойрог, Б.Бямбасайханы нэр дэвшсэн Дархан-УУл аймгийн 19 дүгээр тойрог, Л.Наранбаатарын хуулийн дагуу нэр дэвших эрхтэй байсан Баянзүрх дүүргийн 22 дугаар, Ц.Сандуйгийн нэр дэвшинэ гэдгээ зарласан Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт дахин санал явуулах хэрэгтэй.

“Бид луйврын сонгуулийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Хууль бус ийм зүйлийг хүлээн зөвшөөрчих л юм бол Монголын төрд цаашид ийм хуульгүй мэт аашилдаг, хэн нэгэн эрх мэдэлтэн асуудлыг өөрийн дур зоргоор шийддэг буруу жишиг тогтчихно. Үндсэндээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах байдал жишиг болоод тогтчих аюултай. Тиймээс бид сонгуулийг дахин явуулахыг шаардах хэрэгтэй. Дарангуйлал тогтсон орнуудын жишиг ийм байдаг. Тэд луйвраар засгийн эрхийг аваад дарангуйлал тогтоодог. Тиймээс монголчууд бид Үндсэн хуулиа хамгаалж тэмцэхээс өөр арга байхгүй” гэж Э.Бат-Үүл баатар хэлж байна. Монгол Улс үнэхээр хуулиа дээдэлдэг ардчилсан төртэй орон мөн юм бол нэр дэвшигчдийг хууль бусаар шоронд хийж эрхийг нь хязгаарласан тухайн тойргууд дээр дахин сонгууль явуулж сонгогчдын эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй байна. Үүл баатрын хэлдгээр энэхүү хууль бус зүйлтэй бид эвлэрэх аваас Монгол Улс мөхөл рүүгээ явна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Гол төслүүддээ шүүхийн маргаантай яваа нь хөрөнгө оруулагчдын хандлагад сөргөөр нөлөөлж байна

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Шинээр бүрдэх Засгийн газрыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

-Эрх баригч намын хувьд хамгийн эхний сорилт нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцсэн Засгийн газар бүрдүүлэх асуудал. Хэлбэрийн хувьд Үндсэн хуулийг дагахаас гадна өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд улс орныг удирдах, томоохон сорилтыг давах чадвартай мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх нь чухал. Эрх баригч хүчин дахин үнэмлэхүй олонхи болсон энэ боломжоо засаглал, институцийн чадамжийг сайжруулахад чиглүүлж чадвал улс оронд тустай зүйл болно. Мөн тухайн намын хувьд ч сайн зүйл байх нь гарцаагүй. Нийгэм шударга, сайн засаглалыг хүлээж байгаа.

Шинэ Засгийн газрын хувьд эдийн засгийн томоохон сорилтууд хүлээж байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа нь асуудлыг бүр эргэлзээтэй болгож байна.ОУВС-гийн зүгээс саяхан дэлхийн эдийн засгийг 4.9 хувиар унана гэж таамаглалаа шинэчиллээ.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын таамаглалаа нэлээд буулгасан байна шүү?

-Харин тэглээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсан төсөөллөөс 1.9 хувиар доошилсон таамаглал болж байна. Тэгэхээр шинэ Засгийн газрын хамгийн том сорилт нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах асуудал байх нь тодорхой юм. Одоогийн Засгийн газрын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг доройтуулахгүй байх чиглэлд бололцооны хэрээр ажиллаж байна. Гэхдээ энэ байдлаар удаан явах эдийн засаг, санхүүгийн чадавхи бидэнд байхгүй. Тиймээс одоо аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг тэлэх чиглэлд тооцоо судалгаатай, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Үүний дараагаар төсөв, валютын ханш, өрийн гэх мэт асуудлуудыг шийдэх шаардлага бий.

-Төсвийн алдагдал эхний таван сарын байдлаар 1.6 их наядаар хэмжигдэж байна. Энэ мөнгө тойргууд руу байшин барилгын суурь болоод дууссан байх. Төсвийн энэ мэт том алдагдлыг багасгахын тулд яах ёстой вэ?

-Төсвийн энэ алдагдал нь 2017-2020 оны хувьд хамгийн муу үзүүлэлт. Төсвийн алдагдал нэмэгдэхэд зардлын өсөлт (29.3 хувь), орлогын бууралт (15.4 хувь) аль нь нөлөөлсөн. Үүнд зөвхөн зардлаас гадна өөр шалтгаан ч бий. Цар тахлын нөлөөллөөр орлого буурсан нь бас нөлөөлсөн. Зардлын хувьд таны хэлсэн нь бодит байдалтай нийцэж байгаа. Энэ хугацаанд зардлын өсөлтөд урсгал зардал 27.3 хувь, хөрөнгийн зардал 57.6 хувиар өссөн нь алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Төсвийн хувьд бид алдагдлыг бууруулах, төсвийн зардлыг оновчтой чиглэлд өөрчлөх гэсэн сонголттой тулгарч байгаа. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэл барих нь хэдийгээр өнөөдөр ирэх төсвийн дарамтыг бууруулах боловч эдийн засгийн хүндрэлийн үед хэр оновчтой вэ гэдэг асуудалтай тулгарна. Үүний оронд төсвийн тодотголын хүрээнд төсвийн нэн тулгамдсанаас бусад хөрөнгө оруулалтын зардлыг танах, түүний оронд шаардлагатай чиглэлд эдийн засгийг дэмжих боломжит хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хувилбар байж болох юм. Шийдвэрийг Засгийн газар гаргах боловч миний хувьд энэ онцгой нөхцөл байдалд төрийн зүгээс эдийн засгийг дэмжих боломжит бүх аргыг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна.

-Төсвийг дор хаяж хэдээр танах ёстой гэж та харж байна вэ?

-2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 12.9 их наяд, зардлыг 13.9 их наяд, алдагдлыг 2.1 их наяд байхаар баталсан. Нийт зардалд хөрөнгө оруулалтын зардал 3.6 их наяд төгрөг байгаа. Оны эхний таван сарын байдлаар хөрөнгийн зардалд 826 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан. Иймээс бид одоо хэрэгжүүлээгүй байгаа хөрөнгө оруулалтын зардал тал дээр боломжоороо ажиллах шаардлагатай болов уу. Энэ нь төсвийн алдагдал бууруулах, эсвэл эдийн засгийг дэмжих чиглэлд тодорхой эх үүсвэрийг чөлөөлөх боломжийг олгох болно.

-Төсвийн тодотгол хийнэ гээд харахаар төсөвт найдалтгүй гэж харах хүн цөөнгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эсвэл зээл гэсэн хоёр гарц л бидэнд үлдээд байна уу?

-Төсөвт найдалтгүй гэж шууд хэлэх нь бас өрөөсгөл. Шинэ УИХ-ын хийх эхний ажлуудын нэг нь төсвийн тодотгол байх шаардлагатай. Үүн дээр Шинэ засаг эдийн засагт хамгийн эерэг нөлөөлөх байдлаар бэлтгэх ёстой. Төсвийн тодотгол хэдийгээр эдийн засгийг бүрэн аварчихгүй ч тодорхой хэмжээнд дэмжлэг болох нь гарцаагүй. Өөр гарцын хувьд олон улсын зах зээлээс арилжааны санхүүжилт авах, ОУВС-гийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах, хөнгөлөлттэй зээл тусламж авах гарцууд төсвийг санхүүжүүлэх, эдийн засгийг дэмжих хүрээнд байх боломжтой. Арилжааны зээл авах боломж хязгаарлагдмал, зардал өндөр зэрэг сул тал бидэнд байна. Иймд бусад арга замыг эрэлхийлэх нь санхүүгийн эх үүсвэр нэмэгдүүлэх сонголт байх болов уу.

-Хамгийн бодитой үр дүнтэй арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх болов уу. Хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд яах ёстой гэж та харж байна?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бидний урт хугацааны асуудалд хамаарна. Учир нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гарах боломж бага. Дэлхийн эдийн засгийн байдал өөрөө хүнд, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой бус зэрэг сөрөг нөлөө их байна.

-Тэгвэл урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар гарц байна?

-Урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бидний хийх гол зүйл нь бодлого, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, тодорхой байдал. Юуны түрүүнд бид хөрөнгө оруулалтыг татах гол салбар болох уул уурхайн салбарын бодлого, хэрэгжилт, тухайн салбарт байгаа эргэлзээтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Бодлого тогтворгүй, шийдвэр гаргалт тодорхойгүй, гол төслүүд дээрээ шүүхийн томоохон маргаантай байгаа энэ байдал нь бидэнд хандах хөрөнгө оруулагчдын хандлагад сөргөөр нөлөөлж байна. Үүний дараагаар тухайн салбарын дэд бүтэц, татвар, орлогын оновчтой хуваарилалт зэрэг олон асуудлыг зөв шийдвэрлэх нь салбарын нэр хүндэд эерэгээр нөлөөлж эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэх боломжтой юм. Бусад салбарын хувьд томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх нь дараагийн асуудал.

-Өр, зээл, бондын төлбөрийн хувьд ирэх жилээс их хэмжээний төлөлт эхэлнэ. Эдийн засагтаа хал багатайгаар шийдэх ямар гарц байна вэ?

-Өрийг эдийн засагт хал балгүйгээр шийднэ гэсэн ойлголт байдаггүй. Тухайн өр эдийн засагт ямар өгөөжийг бий болгосон, төлөлт нь ямар санхүүгийн нөхцөл байдлыг бий болгох вэ гэдэг л чухал. Харин таны асуусан эдийн засагт хал багатайгаар гэдэг дээр гаргалгаа хайж болох юм. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад бид 2017 онд хийсэн үйлдлээ дахин давтах магадлал өндөр байна. Хөтөлбөрт дахин хамрагдах, түүгээр дамжуулан харьцангуй урт хугацаатай зардал багатайгаар өрийг өрөөр солих нь бидний гарц байх. Харин үүнийг цаашид дахин давтахгүйн тулд хэрхэх вэ гэдэг нь бидний ярианы гол сэдэв байгаа шинэ УИХ, Засгийн газрын бодлогоос шууд шалтгаална.

-Хар, саарал жагсаалтаас гарахын тулд Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?

-Бид саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан гэж ойлгож байгаа. Энэ онд бид өмнө гаргасан нөхцөлийн дагуу хийсэн ажлаа хоёр удаа тайлагнаж тодорхой амжилтад хүрсэн. Харин ФАТФ-ын зүгээс бидний гаргасан тайлан, түүнд өгсөн үнэлэлтийг харгалзан шийдвэрээ гаргах байх. Бидний хувьд хууль эрх зүй, тогтолцооны хувьд гаргасан энэ хүчин чармайлтаа цаашид амжилттай үргэлжлүүлэх шаардлагатай. Нэг зүйлийг онцолж хэлэхэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаас сэргийлэх гэдэг нь үндэсний хэмжээний бүх талын оролцоотой хийгддэг ажил. Одоо бидний тухайд энэ чиглэлд авах арга хэмжээ, хариуцлага тооцох механизмыг сайн ажиллуулах нь чухал байна.

-Коронавирусийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллөөр яриагаа үргэлжлүүлье…?

-Энэ нь өмнө тохиолдож байсан эдийн засгийн хямралуудаас өвөрмөц. Эрүүл мэндийн шалтгаантайгаар дэлхий нийтээр онцгой нөхцөл байдал үүсч хөдөлгөөн, харилцааг хязгаарлаж байгаа тул эдийн засагт нөлөөлөх байдал нь богино хугацаанд хүчтэй байна. Вирусээс шалтгаантай эдийн засгийн уналт, бизнес, иргэдийн орлогын доройтол хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотой гарч буй хүндрэлийг бүлэглэн харах нь зүйтэй байх. Эрүүл мэнд, эдийн засаг, онцгой нөхцөл байдалтай холбоотой нийгмийн гэх бүх чиглэлд тодорхой хүндрэл өөрчлөлтийг бий болгож байна. Үүний дараа эдийн засаг, нийгмийн харилцаа ч өмнөх байдлаас өөрөөр үргэлжлэх магадлалтай.

-Вирусийн хөл хориог хэсэгчлээд ч болтугай тавихгүй бол аж ахуйн нэгжүүд хэцүүдлээ гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ. Дэлхийн улс орнууд ер нь ямархуу бодлого, чиг барьж байна?

-Эдийн засгаа харвал бид онцгой дэглэмийг хэсэгчлэн сулруулах нь зүйтэй харагдаж магадгүй. Гэвч энэ удаад эдийн засгийн талаас нь асуудлыг хэт чухалчлах нь эрсдэлтэй. Иймд бид дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дотоодын эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, эмч нарын үгийг анхааралтай сонсох нь чухал. Харин энэ тал дээр Эрүүл мэндийн яам бидэнд тулгарч болзошгүй эрсдэл, хөл хориог сунгах шалтгааны талаар нарийвчилсан судалгаа танилцуулах нь нийгмийн бухимдлыг бууруулах нөлөөтэй.

Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд нь эрүүл мэндийн салбарынханы судалгаа зөвлөгөөнд үндэслэсэн гэж найдаж байна. Дэлхийн томоохон улс орнуудын биднээс ялгарах нэг гол тал нь энэ нөхцөл байдлын эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөллийг маш сайн судалж түүнд нийцсэн хариу арга хэмжээ авч байгаа байдал юм.

Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмийг сулруулах оролдлогуудыг хийж эдийн засгаа дэмжихийг хичээж байгаа боловч энэ нь одоогоор тийм ч үр дүнтэй бус байна. Учир нь цар тахлын тархалт буурахгүй, зарим газар дахин дэгдэлт эхэлчихлээ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Золзаяа: Сургуулиасаа жилийн чөлөө аваад л “Бүтэн амьдрал”-д тоглосон

“Бүтэн амьдрал” киноны Ундрамын дүрд тоглосон жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа.


-“Бүтэн амьдрал” ямар ч насны хүн үзэж болохоор үзэгчдэд сургамж өгсөн сайхан кино болсон. Гурван жил уран бүтээлд тоглоогүй таны хувьд энэ кинонд ажиллахад хэр байв?

-Сүүлийн гурван жил ямар нэгэн уран бүтээлд ороогүй байж байгаад “Бүтэн амьдрал” кинонд тоглосон. Ундрамын дүр миний урьд өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс нэлээн ондоо дүр байлаа. Би дандаа л гэнэн жаахан охины дүр дээр ажилладаг байсан бол Ундрамын дүр их чадалтай, буурьтай эмэгтэйн дүр. Дүр дээрээ нэлээд хичээж ажиллалаа.

-Охид, эмэгтэйчүүд Ундрамын дүрийг хараад юуг ойлгоосой, ухаараасай гэж дүрээ бүтээсэн бэ?

-Би болоод манай киноны найруулагч, уран бүтээлчид ярилцсан л даа. Эмэгтэй хүн өөрийгөө илүү хайрлах хэрэгтэй юм байна, эмэгтэй хүн гэр бүл үр хүүхэд гээд өөрийгөө гаргуунд нь гаргадаг шүү дээ. Гэтэл түүнээс илүүтэйгээр эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг, үнэлдэг байж гэмээн хэн нэгнээр хайрлаж хүндлүүлж чаддаг гэсэн санааг харуулахыг хичээсэн.

-Энэ дүр дээр ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?

-Гадагшаа сурч байгаад өнгөрсөн зун ирээд яг буцах гэж байтал “Бүтэн амьдрал” кинонд тоглох санал ирсэн. Би бүр онгоцны тасалбараа авчихсан байж байсан. Явахын өмнөх өдөр нэлээн сандруу над руу “Ирээд уулз. Энэ бол чамд тохирсон маш гоё дүр” гэж хэлсэн. Зохиолоо уншихад Ундрамын дүр үнэхээр таалагдсан. Ингээд би сургууль руугаа мэйл бичээд жилийн чөлөө аваад кинондоо тоглосон доо. Азтай шүү. Болох зүйл цаанаасаа болдог гэдэг шиг жилийн чөлөө авсан, удалгүй Ковид-19 цар тахал гарсан. Хэрвээ би Хятадад сурч байсан бол юу ч болоо билээ. Таашгүй. Монголдоо үлдээд үнэхээр сайхан уран бүтээлд оролцон тоглолоо.

-Урт хугацаанд уран бүтээлд оролцоогүй байж байгаад кинонд тоглоход бэрхшээлүүд хэр тулгарч байв. Ундрамын дүр бараг бүх анги дээр уйлж байсан?

-Ер нь гурван жил ямар ч уран бүтээлд тоглоогүй, одоо яана аа гэж бодож байсан. Уран бүтээлч хүн зэврэнэ гэж ярьдаг шүү дээ. Алдаа гаргаж, бусад уран бүтээлчдэдээ чирэгдэх байхдаа гэж айж байсан. Аз болж маш сайхан уран бүтээлчидтэй хамтарч гол дүр дээр ажилласан. Үүнээс гадна манай найруулагч ч сайн тулж ажилласан. Ер нь зохиол уншиж байхад тухайн дүр нүдэнд харагддаг шүү дээ. Киноны тухайд ч нэлээн хүнд төрлийн драм. Анги болгон дээр л бараг уйлдаг. Тэр бүх сценийн ард жүжигчид маш их хичээж ажилладаг учраас яана аа үүний ард гарч чадах болов уу, үзэгчдийн хүссэн хэмжээнд нь хүртэл ажиллаж чадах болов уу гэсэн айдастай л байлаа. Киноны хамгийн анхны сцена уйлдаг хэсэг байсан. Мотор гээд л эхлэхэд бүх зүйл цаанаасаа их гоё явсан. Тэгээд л окей, ойлгочихлоо ийм маягаар явагдах ёстой юм байна гээд учраа олсон.

-Киногоо дуусгаад “Галзуу дурла” киноны зураг авалтанд шууд орсон гэж дуулсан?

-Тийм шүү. “Галзуу дурла” кинонд Уянга гэх дүр дээр ажиллаж байна. Өөртөө ч их өөрчлөлт хийсэн. Би хэзээ ч цайвар үстэй байж үзээгүй. Ундрамын дүрээс тэс ондоо дүр гаргана гэж найруулагч, кино группийнхэнтэйгээ ярилцаж байгаад үсээ богинохон, цагаан саарал болгосон. Энэ кино арван ангитай, залуучуудад зориулсан сериал. Зургаан сарын сүүл долоон сарын эхээр цацагдах байх.

-Та оюутан байхаасаа л мэргэжлээрээ ажиллаж, олонд танигдсан. Оюутан насныхаа тухай ярихгүй юу. Одоо үеийн Золоо тэр үеийн Золоогоос хэр их өөрчлөгдөв?

-Соёл урлагийн их сургуульд суралцаж байх хугацаанд оюутнуудыг ямар нэгэн уран бүтээлд орохыг хориглодог. Гэтэл би их азтай. Дөнгөж сургуульд ороод удаагүй байхад багш минь надад “Шүрэн бугуйвч” кинонд тоглохыг санал болгосон. Кино маань олон нийтийн хүртээл болж, үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл болсон доо. Нэг, хоёрдугаар курст өөрийгөө аль болох завгүй байлгадаг байлаа. Хамтлаг байгуулж дуулж, бүжиглэж гүйгээд л. Үүний хажуугаар хичээлдээ ч суух шаардлагатай. Мэргэжлийн хичээл таслах юм бол сургуулиас хөөгдөх хэмжээнд хүрдэг учраас хичээлээ тасалж болохгүй. Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй шахуу, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог оюутан байсан даа.

-Театрт дүр бүтээх, камерны ард байх хоёр ялгаатай шүү дээ. Та нэг үе “Маск продакшн”-д харьяалагдаж байсан. Ялгаа нь юу вэ?

-Тайзыг их хэцүү гэж ойлгодог.

-Яагаад тэр вэ?

-Хэрвээ чи тайзан дээр алдаа гаргах юм бол үзэгчид тэр алдааг бодитоор хүлээж авна. Камерны ард алдаа гаргахад засаад явж болно. Гэхдээ тайзан дээр ажиллахад илүү амьд, мэдрэмжтэй байдаг. Хүн огшино гэдэг шүү дээ. Аль нэг нь илүү гэхгүй. Жүжигчин хүн бол тайз, дэлгэц хаана ч хөвөрч ажиллах чадвартай байх ёстой.

-Ингэхэд Хятадад ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Би хоёр жил мастерт сураад төгсөнө. Хятад хэлнийхээ бэлтгэлд явж, хэлээ маш сайн сурсан. Ирэх намраас үндсэн мэргэжлийн ангидаа бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж эхэлнэ.

-Яагаад Хятадад сурахаар болов?

-Өмнөд монгол уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийх зорилготой байгаа. Ер нь манай монгол уран бүтээлчид жүжигчний уран чадварын хувьд мундаг ч гэсэн хэлний хувьд бэрхшээл тулгардаг. Ер нь яагаад би хятад хэл суръя гэж зорьсон бэ гэхээр дөрвөн жилийн өмнө Монголоос нэлээн хэдэн уран бүтээлчид Хятадад том уран бүтээлд проб өгөөд бүгд хэлгүйгээс болж хасагдаж байсан. Тэрэн дээр би өөртөө маш том дүгнэлт хийж, өөрийгөө голоод зорилго тавиад тухайн үед хийж байсан ажил бизнесээ бүгдийг нь зогсоогоод шууд Хятад руу явж сурсан.

-Сүүлийн үеийн залуус брэндээр гоёх их дуртай шүү дээ. Таны хувьд ямар вэ?

-Мэдээж эмэгтэй хүн болгон брэндэд дуртай. Надад баримталдаг зарчим бий. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг хуурамч зүйл хэрэглэх үнэхээр дургүй. Үнэхээр хэрэглэвэл тийм олон байх шаардлагагүй. Өөрийнхөө амьдралын боломж, бололцоонд тааруулаад чамин эд хэрэглэл байх нь зүйтэй байх. Гэхдээ брэндээс илүү хиргүй цэвэрхэн хувцастай байх нь л чухал. Хүн гэдэг өөрөө брэнд шүү дээ.

-Хэр гэрсэг бол. Нэг ярилцлагадаа гэртээ амттай хоол хийх их дуртай гэсэн байсан?

-Би их сонин. Махан хоолонд их дуртай. Шоколад бага иддэг. Зуны улиралд хорхог, боодог, таван цулын шөл гээд сонин содон хоолнуудад дуртай. Энэ зун бол нэлээн их мах идчихлээ. Хоол хийх дуртай байсан. Гэхдээ сүүлийн үед ганцаараа байх нь их учраас гадуур их хооллоод байгаа. Хамгийн сүүлд найзындаа л хоол хийсэн юм байна. Түүнээс хойш бол хоол хийгээгүй юм байна шүү.


-Гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу?

-Би айлын том. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том хүүхдүүд их хэрсүү байдаг шүү дээ. Гэхдээ би бол гэрийнхээ эрх нь байх. Гэхдээ эрхийн балай тэнэг нь бол биш.

-Охиныхоо хүмүүжил төлөвшилд нь хэр анхаарал хандуулж байна. Ер нь охиноо ямар мэргэжилтэй болгоно гэж бодож байна?

-Цаг гаргаж охинтойгоо их ярилцдаг шүү. Урлагийн хүн битгий болоосой гэж боддог. Гэхдээ томрох тусмаа урлагт сонирхолтой болоод байх шиг анзаарагдсан. Үүнийг нь би хэзээ ч хорихгүй. Яг өөрийнх нь хүслээр нь дэмжиж өгнө. Уг нь төлөвшиж байгаа энэ үед нь урлагийн хүн болох сэдлийг нь тэгж их төрүүлэхгүй, ер нь урлагийн хүн битгий болоосой л гэж бодож байна.

-Яагаад вэ?

-Би чинь өөрөө урлагийн хүн. Ажлын цагийн хуваарь маш тодорхойгүй, урт. Өөр ажил бол орой зургаан цаг гээд тарж байхад манайхан бол өдөр шөнөгүй. Гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг. Би охиндоо цаг гаргахыг хичээдэг ч гэсэн ихэнхдээ амждаггүй учраас миний энэ мэдрэмжийг битгий аваасай гэж боддог.

-Та жүжигчний мэргэжил сонгоогүй бол өдийд хаана юу хийж явах байсан бол?

-Санхүү эдийн засагч юм уу, оффисийн мэргэжлээр сураад цаашлаад өөрийн гэсэн бизнес хийнэ гээд зүтгэчихсэн л яваа байх.

-20,30 жилийн дараах карьераа хэрхэн төсөөлж байна?

-Ер нь уран бүтээлч болгон л өөрийнхөө уран бүтээлийг үлдээх юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Би ч мөн адил яг хийсэн шиг хийгээд яг одоо л хийх цаг нь болсон байна гэсэн үедээ чансаатай кино уран бүтээл, жүжиг хийхийг мөрөөдөж явдаг..

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд Нэрт нийтлэлч Баабар “Пиррийн ялалт” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны сурвалжлага, Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлтэд хэлсэн үгийг мөн товчлон хүргэж байна.

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр “Төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай өөрчлөх шаардлагатай” гэсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч “Баримт үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Пиррийн ялалт” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт үйл явдал”-ын долдугаар нүүрт “Тарваганы мах идсэнээ нууснаас болж жирийн иргэдтэй хоёр хоног хамт эмчлүүлжээ” хэмээв.

Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунтай утсаар холбогдож ярилцлаа.

“Эксмед” брендийн зөвлөх Г.Майцэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Бид Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарыг энэ хэцүү үед авч гарахаар ажиллаж байна” гэлээ.

Мөн “Америкийн Монголчууд” буланд гарсан нийтлэлийг сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ