Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-н хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:”Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно. Зургаадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан болдолдугаар сард 3,000 иргэнээ чартар нислэгээр татахаар төлөвлөж байна. Эдийн засгийн үзүүлэлт дээр үндэслээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээраж ахуйн нэгж байгууллагууд, хүүхдийн зуслан, үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаарнээх чиглэлийг аймаг нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож байна.”

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: “Үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэлийг УОК-оос өнөөдөр Нийслэлийн онцгой комисст өглөө. НОК-оос олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон хэвээр байх болно. Мөн диско баар, бага насны хүүхэд нэг дор олон цагаар байдаг PC тоглоомын газрыг нээхгүй.

PC тоглоомын газраас бусад хүүхдийн тоглоомын газрууд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага ялангуяа кино театруудыг тодорхой дэглэмийн дагуу нээх чиглэл өгсөн. НОК-ын Шуурхай штабт чиглэл чиглэлийн байгууллага тус бүрд халдвар хамгааллын дэглэмийг хангасан бол үйл ажиллагааг нээх юм. Эрсдлийн үнэлгээгээр халдвар хамгааллын дэглэм хангасан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Эрсдэлийн үнэлгээг 7-р сарын 1-нээс хийж, шалгаж эхэлнэ.

Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний 965 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр 10 мянга гаруй ажлын байр бий болно

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно

2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Төвийн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН 2-6-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Долдугаар сарын 2, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, 4-5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

4,5-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг хална.

Categories
мэдээ нийгэм

“Хоггүй аян-2” арга хэмжээ эхэллээ

“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Хотын соёл” аяны хүрээнд “Хоггүй аян-2” арга хэмжээнд Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэн ажиллаж байна. Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч сүүлийн жилүүдэд амралт зугаалганд явсан иргэд маань хур хогийг үүсгэж, хаа сайгүй хог тарьж байгаа нь байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байна. Тиймээс иргэд та бүхэн үүргээ ухамсарлаж зөв боловсон амарч зугаалах ёстой гэдэг уриалгыг нийслэлийн Аялал жуулчлалын газартайгаа хамтран гаргаж байгаа юм. Та бидний амьдарч байгаа эх дэлхий нэг учир иргэд та бүхэн байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна” хэмээлээ.

“Хоггүй аян-2” арга хэмжээг эхний ээлжинд иргэдэд ийнхүү байгаль эх дэлхийдээ хогоо хаяхгүй зөв боловсон амарч зугаалахыг уриална. Дараагаар нь хувийн хэвшлүүдийн төлөөлүүдтэй хамтран хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах зэрэг сургалт мэдээллүүдийг хийхээр төлөвлөж байгаа талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцэцэг хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо

Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүхэнд бичигдэх нь ...

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Хуулийн дагуу УИХ-ын даргад МАН-аас Г.Занданшатарыг УИХ-ын даргаас улираан ажиллуулах саналд нэгдсэн бөгөөд саналыг Анхдугаар чуулганаар хэлэлцүүлэн МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан. Ингээд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр Ховд аймгийн Онцгой байдлын газарт хэрэгжиж буй “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах” төслийн багийн гишүүдийг /2020.06.26/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төслийн хүрээнд хийгдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцсон юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” карт нь Японы уламжлалт тоглоом бөгөөд тус картаар дамжуулан хүүхэд, багачуудыг багаас нь гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг олгоно.

Энэхүү зурагт картыг төслийн багийнхан Ховд аймгийн хүүхэд, багачуудтай хамтран бүтээсэн бөгөөд цаашид Онцгой байдлын байгууллагаас хүүхэд, багачуудад түгээн дэлгэрүүлэхээр ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг тогтоожээ

НИЙСЛЭЛИЙН иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-нд явагдана. Үндэсний аудитын газраас ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг өнөөдөр тогтоосон байна.


ДҮҮРГИЙН иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

​“Playtime 2020” наадмыг виртуал хэлбэрээр цацна

Амьд хөгжмийн “Playtime 2020” наадмыг энэ жил виртуалаар долоодугаар сарын 4,5-ны өдрүүдэд 17 цагаас UniLive 88 суваг, LookTV-ээр оюуны өмчийн эрхтэй, өндөр чанартайгаар цацагдахаар болжээ. Сонирхуулахад, UniLive 88 суваг 6-р сарын 29-нд нээгдсэн аж.

Коронавирусын хорио цээрийн улмаас Playtime наадам энэ жил уламжлалт хэлбэрээрээ зохион байгуулагдах боломжгүй болсон бөгөөд энэ удаа тэд Unitel групп, Univision компанитай хамтран наадмаа виртуалаар зохион байгуулах ажээ. Энэ нь томоохон хүрээг хамарсан анхны дотоодын виртуал фестиваль болж байгаагаараа онцлог юм. 6 сарын 29-нөөс 7 сарын 4 хүртэл Univision-ийн Unilive 88 сувгаар дамжуулан өмнөх жилүүдийн онцлох тоглолт, хамтлаг дуучдын үзүүлбэрүүдийг гаргах юм байна. Харин 7 сарын 4-нөөс 5-ны хооронд энэ жилийн наадамд зориулан бэлтгэсэн уран бүтээлчдийн шинэхэн виртуал тоглолтууд онцгой эрхтэйгээр цацагдах ажээ. Unilive 88 сувгийг идэвхжүүлэх үнэ 10 мянган төгрөг.

Энэ жилийн Playtime наадам зөвхөн LookTV, Unilive 88 болон DDish-ийн сувгуудаар дамжин үзэгчдэд хүрэх бөгөөд үндсэн цацалтаас (7 сарын 4,5) 14 хоногийн дараа Playtime-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар лайв цацагдана. Мөн LookTV-ийн Монгол кино, Entertainment, Тоглолт хэсэг, Univision-ийн Бүх кино, Энтертайнмент Шоу, Концерт хэсэг болон DDish-ийн Кино сан, Онцлох, Монгол цэс хэсгүүдэд 14 хоногийн хугацаатай онцгой эрхтэйгээр байрших ажээ.

Playtime наадам нь 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тэрхүү үед шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн олон хамтлагийн онцлогуудыг хүмүүст хүргэх тайз нь болсноороо онцлог юм.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ улс-төр

УОК-ын хуралдаанаар үйлчилгээний байгууллагуудыг нээх тухай асуудлыг хэлэлцэж байна

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн.

Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулган хуралдахтай холбоотойгоор УОК-ын хуралдааныг түр завсарлуулаад байна. Анхдугаар чуулганд шинэ гишүүд тангараг өргөснөөр түр завсарлаж 16:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын даргыг сонгож, Анхдугаар чуулган хаалтаа хийсний дараа УОК-ын хуралдааныг үргэлжлүүлэх болсон байна.

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Эрэн хайх, аврах ажиллагааны мэдээлэл

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг “Хёрхон” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хёрхон голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. “Хёрхон” голын баруун эргээс зүүн зүгт “Шинэсэн гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 06.29-ний өдрийн 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатарт шилжүүлж өгсөн. “Хэрлэн” голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт “Баянмөнхийн гүүр” гэдэг газар хүртэл завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 06.28-ны өдрийн 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээрээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. 06.29-ний өдрийн 06:15 цагт “Туул” голын “Хар-Усан тохой” гэдэг газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын газар хүртэл автомашинтай 20 км-т, завиар 30 км-т урсаж, 4-5 метрийн гүнд 80 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:18 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:30 цагт эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн “Рашаантын баруун нуур” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 105 км-т/ тогтоол усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг 06.29-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, Прокурорын газар, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд мөн өдрийн 14:18 цагт тус аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Б/48 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Дивизийн гарам” гэдэг газар “Хэрлэн” голын салаанд айлын бог мал усанд боогдсон байна гэсэн мэдээллийг 06.29-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15:40 цагт очиж, иргэн Б-ийн 1000 бог мал, 8 иргэн, 1 автомашиныг усанд боогдсон байсныг 3 цаг 19 минут ажиллаж гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем вилла” хотхоны хойд талд “Туул” голд автомашин суусан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан 15:13 цагт очиж, “Туул” голд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ланд-200” загварын суудлын автомашин сууж, иргэн А /30 настай, эрэгтэй/, Г /44 настай, эрэгтэй/ нар автомашины дээвэр дээр байсныг завиар зөөж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүл, цагдаагийн дэслэгч М.Амартүвшинд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат А /3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Экологийн цагдаагийн албанаас иргэдийн индэр ажиллуулж байна

Экологийн цагдаагийн алба Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгуулагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02

/Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03

/Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.