Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудад хяналт тавин ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус дүүргийн 9-20 дугаар хороонд ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд багтаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд эрсдэл үүсгэсэн, стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, барилгын хашаануудад хяналт, шалгалт хийлээ. Нийтдээ 27 байршилд Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм, журмыг зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг засварлах, шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах чиглэл бүхий хугацаатай албан мэдэгдлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хорих ял эдлүүлэх ажлын хүрээнд хоригдлуудыг нийгэмшүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулан явуулдаг. Үүнд боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, улмаар хорих ялаа эдэлж дуусахад нь ажлын байранд зуучлах, зан үйлийг засах зэрэг олон чиглэлээр ажил зохион байгуулдаг. Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн О.Эрдэнэчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хоригдлыг мэргэжилтэй болгох ажлын хүрээнд та олон жил ажилласан хүн. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцана уу?

-1996 онд тухайн үеийн Хууль зүйн сайд Ж.Амарсанаа миний үзэсгэлэн дээр тааралдаад надтай уулзах хүсэлт тавьсан. Бид уулзах үеэрээ уран дархны үйл хэргээр дамжуулж хоригдлуудыг нийгэмшүүлж, мэргэжил эзэмшүүлэх ажлын талаар ярилцсан юм. Тэгээд тэр үеийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал Л.Гарамжил, хурандаа Л.Санжаасүрэн нарын санаачилга шийдвэрээр энэ хөтөлбөрийн суурь тавигдсан. 24 жилийн хугацаа өнгөрчээ. Уран дарханы үйл бол маш нарийн чухал ариун зүйл юм. Сургалтад хамрагдсан хоригдлууд бүгд сэтгэл дүүрэн байдаг. “Биднийг нийгэмд гарч амьдрахад туслалцаа үзүүлж, Монгол Улсын өв соёл болсон уран дарханы сургалтад хамруулсанд баярлалаа” гээд л талархал илэрхийлэх нь олон. Мэдээж хоригдол бүрт уран дархны арга ухааныг заагаад байх боломжгүй. Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих байгууллагаас суллагдаад сайхан амьдрахад нь тус дэм болох үүднээс гарын эв дүйтэйг нь сонгон сургалтад хамруулдаг. Би дархан хүн худалч хуурмаг байж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Тиймээс сургалтандаа залилангийн гэмт хэрэгтэй хоригдлуудыг хамруулдаггүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Санаандгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүн ч байдаг. Гэхдээ тухайн хүн өөрөө нийгэмд гараад цаашдаа зөв хандлага, төлөвшилтэй амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тийм л хүмүүсийг би сонгож сургадаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хоригдлыг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, зөв хандлагатай иргэн болгоход чиглэсэн ажлуудыг тасралтгүй зохион байгуулдаг. Тиймээс хүнийг хөдөлмөрөөр болон сурсан эрдэм мэдлэгээр нь хүмүүжүүлж дахин нийгмийн харилцаанд ороход нь бэлдэх ёстой. Миний хувьд шавь нартаа энэ эрдмийг сураад нийгэмд гараад мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдраарай гэж ерөөгөөд үдэн гаргаж өгдөг дөө.

-Дархны мэргэжлийг ямар хугацаанд эзэмшдэг вэ. Ял эдлэх хугацаандаа энэ эрдмийг таниар заалгаж суралцсан олон хүн байдаг уу?

-Сүүлийн 15 жилийн хугацаанд уран дархны мэдлэг эзэмшүүлэх хөтөлбөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад явагдаж байна. Миний хувьд энэ хугацаанд 60 хоригдолд уран дархны мэргэжил эзэмшүүлсэн. Уран дархан болохын тулд маш их цаг, хугацаа шаардагддаг. Нэг хоригдол ойролцоогоор таван жилийн хугацаанд уран дархны эрдэмд суралцдаг.Сургалтад хамрагдсан хоригдлуудаас олон сайн дархчууд төрөн гарсан. Өнөөдрийн байдлаар 21 дархан ажиллаж байна. Мөн гурван хүн баг бүрдүүлсэн. Таван хүн урлангийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Хувиараа болон мэргэжлийн урлан, аж ахуйн нэгжүүдэд 13 хүн ажиллаж байгаа.

-Ял эдэлж байх хугацаанд нь хоригдлуудад цахилгаанчин, мужаан, барилгачин, өрлөгчин, гагнуурчин зэрэг олон төрлийн мэргэжил эзэмшүүлдэг. Тэгвэл уран дархны мэргэжил олгох сургалтын онцлог юу вэ?

-Хоригдлууд шүүхийн тогтоолоор ял эдэлж байгаа ч сурч, хөгжих эрх нь нээлттэй. Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлж, алдсан ч гэсэн эргээд зөв амьдралаа олоход уран дархны сургалт үр нөлөө үзүүлж л байвал энэ хөтөлбөрийн үр дүн гарч байгаа юм. Би амьдралынхаа 40 гаруй жилийг монгол дархны үйл хэрэгт зориулсан. Уран дархан, дархны үйл бол миний амьдралын утга учир юм. Тэр дундаа сүүлийн 20 орчим жилийг хүмүүнлэгийн ажилд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж монгол дархны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна.

-Уран дараны мэргэжлийг эзэмшихэд хувь хүн өөрөө авьяастай байх хэрэгтэй юү?

-Өөрийн мэддэг чаддаг бүхнээ хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэг бол уран дархан хүн бүрийн эрхэм үүрэг гэж хэлж болно. Миний гурван хүү уран дархан. Шавь нараас маань хүүхдүүдтэй минь хамтран ажиллаж байгаа. Тэд маань одоо ч гэсэн уран дархны үйлд суралцаж яваа. Хүн ер нь өдөр бүр л суралцдаг юм байна.

-Хорих ангид байх хугацаандаа уран дархны мэргэжил эзэмшээд суллагдсаны дараа үргэлжлүүлэн ажиллаж байгаа хэдэн хүн байдаг вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлсэн уран дархны мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр олон хүнд үр өгөөжөө өгсөн. Миний сургасан 60 хоригдлоос 21 нь энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Үлдсэн хэд нь ямар ч л байсан өөрийнхөө бүсийг дархлаад зүүчихдэг, мөнгөн аягаа хийчихдэг л болсон. Шавь нараас маань хоёр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөлийг хүртсэн бол нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байдаг. Мөн 2004 онд хоёр жил тутамд зохион байгууллагддаг хорих байгууллагуудад ял эдэлж байгаа хүмүүсийн урлал, бүтээлийн олон улсын үзэсгэлэнд хорих ангид ял эдэлж байсан хоёр шавь маань бүтээлээрээ оролцож тэргүүн дээд Гранпри шагнал авсан. Зөв сайхан амьдарч яваа шавь нараа хараад бахархаж суудаг.

-Таны яриаг сонсож байхад хүнийг сурсан эрдэм мэдлэг хүмүүжүүлдэг гэх санаа төрж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан үеэ эргээд нэг харахад юу гэж бодогдож байна?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан цаг хугацаа маань үр дүнтэй, өгөөжтэй сайхан он жилүүд байсан. Байгууллагынхаа нэг хэсэг нь болж үе үеийн дарга, удирдлагуудтай мөр зэрэгцэн гар нийлэн ажилласандаа баярлаж явдаг. Хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ер нь муугаар бодох тал бий. Шорон гэх өөрийнхөө төсөөллөөр хараад байдаг. Манай байгууллага бол хүмүүнлэгийн нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргээ явуулдаг газар гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдийгээр эрхээ хязгаарлуулж, ял шийтгэл эдэлж байгаа ч тэнд ч гэсэн нийгмийн харилцаа хором бүрт явагдаж байдаг.

Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны урласан бүтээл болгон өнө мөнхөд өвлөгдөн үлдэх болтугай.

-Та бүхэнд ч их талархаж байна. Нийгэм харилцаан дээр тогтдог. Харин харилцаа гэдэг зүйлд хүн өдөр бүр суралцаж байх хэрэгтэй. Зөв хүн гэж аливаад шударга, сэтгэл зүрхнээсээ ханддаг хүнийг хэлдэг юм шүү гэж захимаар байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг авах ажлыг өнөөдөр хийнэ

Д.Нямхүү: Эмч, эмнэлгийн ажилчдын урамшуулал гэж 100 сая төгрөг ...

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Бүх сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. Эдгээрийг задалбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан хоёр, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг авах ажлыг өнөөдөр хийнэ” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

Шинэ төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно

Засгийн газар 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гурван жилийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний дагуу өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг лагийг цэвэрлэж үнэргүйжүүлэх технологи, шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лаг түүнээс гарч байгаа үнэр нийслэлчүүдийн тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд яриа төдий байсан тус байгууламжийг шинэчлэх ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд 35 сарын хугацаанд гүйцэтгэж 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 267.2 сая долларын төсөвтэйгөөр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг барьж байна. Барилгын ажлын хөрс, шорооны ажил үргэлжлэн явагдаж байна. Учир нь барилгын ажлыг явуулах гадны орны инженер, техникийн 45 ажилчдыг удахгүй Монголд авчирна гэсэн мэдээллийг Барилга, Хот Байгуулалтын яамнаас өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Зөвхөн Төв цэвэрлэх байгууламжаас гадна орон сууцны дунд байрладаг Харгиа арьс ширний үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжууд хангалтгүй ажиллаж байгаа. Харгиа цэвэрлэх байгууламжийн үнэр танарын асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Харин Харгиагийнхан орон сууц баригдахаас өмнө бид энд байсан гэдэг. Гэхдээ иргэдийнхээ асуудлыг тэргүүнд тавина. УИХ дээр 2012 онд Харгиа цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг бодитоор хийхээс өөр арга байхгүй. Засгийн газар энэ ондоо шийдвэрлэнэ гэж ярьж байгаа. Үнэр та нараас гадна өвчний нөлөөллийн дам шалтгаан болж байгаа” гэв.

Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг усгүйжүүлэх байгууламжийг барьж байгуулсан байна. Лагийг усгүйжүүлэх арга хэмжээ авснаар үнэр болон лагийн овор хэмжээ 5-8 дахин багассан үзүүлэлттэй байгаа гэнэ. 10 га газар дээр хур лаг хуримтлагдсан байсны хамгийн гүн нь 12м хүртэлх гүнтэй байсан. Одоо лагийг бүрэн чөлөөлж цэвэрлэсэн аж. Гэсэн ч тулгамдсан асуудал байсан хэвээр. Засгийн газрын бүх үйлдвэр аж ахуйн нэгжийг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох тогтоол гарсан хэдий ч энэ шийдвэр хэрэгжихгүй байна. Стандарт шаардлага хангахгүй бохир ус ирсээр байгаа аж. Одоо Төв цэвэрлэх байгууламж дээр хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлжээ. Лагийг бүтэн цогцоор нь боловсруулахад хөрөнгө оруулалт багагүй шаардлагатай байсан учир Японы эрдэмтний химийн бодисгүй аргыг сонгон шалгаруулсан. Улсын төсөвт нийт хөрөнгө оруулалтад 35 тэрбум төгрөг тавьснаас 26,5 тэрбум төгрөгөөр энэхүү ажлыг хэрэгжүүлснээ Шадар сайдад тайлагнав. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар. Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах бөгөөд 2023 онд барилга угсралтын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнд зориулж Хятад улсын засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэнэ.

Цэвэрлэх байгууламжийн ойролцоо амьдардаг хүмүүсийг алслагдсан зайд амьдардаг хүн амтай харьцуулахад мэдрэлийн гаралтай өвчин дөрөв дахин, харшил нэг дахин, үе мөч, ясны өвчлөл 1.5 дахин их байгааг гадаад оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн дэлхий нийтээр гамшгийн хэмжээнд хүрээд байгаа “COVID-19” цар тахлын үүсгэгч ариутгах татуурга болон бохирын шугамаар дамжин халдварласан гэсэн нотолгоо одоогоор байхгүй ч үүсгэгч өтгөнд байж болох ба өтгөн мөрийн замаар халдвар үүсгэдэг гэсэн зарим судалгааны дүнгүүд байна. Тийм ч учраас цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудад өвчтөний ялгадсыг биологийн аюултай хог хаягдал хэмээн үзэж халдваргүйтгэл хийж, дараа нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байна.

Цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрээс гадна Морингийн хогийн цэг,шаталтаас үүсэх хорт утаа, Шувуун фабрикийн шувууны өд, сөд, сангасны үнэр, малчдын малын өтөг, бууцны бохирдол, дээрээс нь олон арван карьер, тэдгээрээс элс, хайрга зөөх том оврын ачааны машинуудын тоосонд эрүүл мэндээрээ хохирч буй иргэд олон байна. Дэд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлттэй зэрэгцээд нэн даруй хэрэгжүүлж болох хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах явдал юм.

Шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250.000м3 усыг цэвэрлэх хүчин чадалтай. Хуучин цэвэрлэхийн хүчин чадлыг хоёр дахин өсгөсөн байгууламж гэдгээрээ онцлогтой юм байна. Лаг нь ахуйн болон үйлдвэрийн бохироор хоёр шугамаар орж ирнэ. Үйлдвэрийн бохир усыг үйлдвэрийн аргаар усгүйжүүлээд хатааж цэвэрлэнэ. Харин ахуйн бохир усны лагийг дахин боловсруулж био хий гарган, үйлдвэрүүдийн цахилгаан дулааны 30 хувийг хангаж, дотоод урсгал зардлыг бууруулах тооцоотой ажиллаж байна. Одоогоор биологи цэвэрлэгээний байгууламжийн суурь ажил хийгдэж байна. Нийт 17га газрын 38 нэр төрлийн барилга байгууламж баригдана. Нийт байгууламж нь төлөвлөгөөний дагуу 2023 онд дуусах юм.


Categories
гадаад мэдээ нийгэм

“Ремдесивир” эмийг БНСУ-д ашиглахыг зөвшөөрчээ

В США свернули клинические испытания ремдесивира для лечения Covid ...

БНСУ-ын эрх баригчид шинэ коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхэд “Ремдесивир” эмийг ашиглахыг зөвшөөрчээ. Үүнээс өмнө АНУ-ын Хүнс, эмийн чанарт хяналт тавих газар уг эмийг коронавируст халдварыг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрсөн юм. Японы эрх баригчид мөн “Ремдесивир” -ийг “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн байна. Дэлхийн олон оронд явуулж буй эмнэлзүйн туршилтаар уг эм нь коронавируст халдварыг эмчлэхэд үр дүнтэй болох нь харагджээ.

Categories
мэдээ нийгэм

Цэнэгтэй 300 гаруй сум олджээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын дөрөвдүгээр багийн нутагт байх танкийн саад орчмоос 300 гаруй ширхэг цэнэгтэй сум олджээ. Зенитийн пулемёт ОПЗ сум, 37мм хошуу 85 ширхэг, сургалт дадлагын хонгио 8 ширхэг, задрах дэлбэрэх сум 56 ширхэг, хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг, Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон байна.

Одоогоор Зэвсэгт Хүчний жанжин штабаас дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын 11 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг тав дахь өдрөө үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд дээрх сум галт хэрэгслийг аюулгүй болгож амжина гэж төлөвлөсөн ч хугацаа сунгаж ажиллах шаардлагатай болжээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан аймгийн төв болон Баянтүмэн суманд ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан дөрвөн том талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол, Энэтхэгийн гадаад харилцааны сайд нар утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай утсаар ярьжээ. Сайд Д.Цогтбаатар “COVID-19” цар тахалтай тэмцэх хүрээнд Энэтхэг Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг тэмдэглэж, тус улсаас монгол иргэдийг саяхан эх оронд нь авч ирэхэд дэмжлэг үзүүлсэнд энэтхэгийн талд талархал илэрхийлэв. Талууд иргэддээ дэмжлэг үзүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.

Цар тахлыг даван туулахад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг нэн чухал болохыг сайд Д.Цогтбаатар тэмдэглээд энэ чиглэлд дэвшүүлж буй тодорхой санаачилгынхаа талаар танилцуулав. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улс дотооддоо халдварын тархалтгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс шуурхай, оновчтой арга хэмжээ авч ажиллаж байгааг өндрөөр үнэлээд цаашид “COVID-19”-ийн эм хангамжийн чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой ач холбогдол өгч байгааг сайд Д.Цогтбаатар онцлоод цар тахлын тархалтыг үл харгалзан төслийн хэрэгжилтийн явцыг улам эрчимжүүлэх талаар энэтхэгийн талтай санал солилцов. Мөн Энэтхэг Улстай худалдааг өргөжүүлэх, логистикийн боломжийг нэмэгдүүлэх үүднээс зарим бүтээгдэхүүнийг туршилтаар тээвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсныг мэдээлж, талууд энэ чиглэлд хамтран ажиллахаар болов.

Энэ онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд энэтхэгийн талаас 5 дугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан өндөр түвшний айлчлалыг “COVID-19” коронавируст халдварын тархалт намжсаны дараа ажил хэрэг болгохоор ярилцав. Талууд олон улс, бүс нутгийн тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа хадгалж, НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/752 дугаар тоот захирамж өнөөдөр гарлаа.

Захирамжид “Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 590 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн “05 дугаар сарын 31-ний” гэснийг “06 дугаар сарын 30-ны” гэж өөрчилсүгэй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн найман нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд:

  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 06 дугаар сарын 11-нд Токио,
  • 06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд Сөүл
  • 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.
  • Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.