Categories
мэдээ нийгэм

Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо

Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө.

Боловсрол, соёл урлагийн байгууллагууд сумдаараа явж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спортын газрууд тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулахад автомашин нэн шаардлагатай ч олон жил шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Тиймээс салбарын ажилтан, албан хаагчдын жигд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин болон техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ

Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулсан. Улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК, “UBcab” ХХК-тай хамтран хувиараа такси эрхлэгчдийг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэллээ. Ингэснээр Монгол улсын такси стандартыг хангуулан “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан хувиараа такси эрхлэгч 1000 орчим иргэнийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргах боломжийг бий болгохоор төлөвлөжээ. Дашрамд дурдахад Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компанийн 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж найман хувь юм. Цаашдаа “Улаанбаатар такси каб” ХХК дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран 100% цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорин ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Тархины багтаамж

Юуны өмнө онцлоход, бид тархиныхаа аравхан хувийг ашигладаг гэдэг огт худлаа юм билээ. Хүний тархи нь хэдэн тэрбум нейрон буюу эсээс бүрдэж тэд нь үнэрлэхүй, сонсохуй, амтлахуй гэх мэтчилэн зорилгот үүргээрээ хуваагдан шаардлагатай үед ээлжлэн ажилладаг тул тийм бага хувийг ашигладаг гэсэн хуурамч ойлголт үүссэн гэх. Эдгээр нейронууд нь хоорондоо хэр их холбоос үүсгэж чадах вэ гэдгээс шалтгаалан бидний тархины багтаамж, ой санамж их, бага байдаг аж. Түүнээс бус том толгойтой нь ухаантай, хушга шиг жижигхэн нь жаахан тийм гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй гүтгэлэг гэнэ. Нярай хүүхдийн нейронууд хоорондоо холбоосгүй төрж улмаар үзсэн, үнэрлэснээ мэдэрч эсүүдээ холбосоор ухаан сууж ирдэг ба хүүхэд насанд нь хэр зэрэг тархины дасгал, тогтоолт хийлгэнэ, тэр чинээгээрээ тархины багтаамж нэмэгддэг гэж эрдэмтэд тодорхойлжээ. Тэгээд хорвоог орхих хүртлээ тархиа цэнэглэж амьдрах зам урд чинь нээлттэй байх вий. Таны амжилттай, эсвээс унхиагүй амьдрах, урт, богино наслах гээд бүх үзүүлэлт чинь тархинаас хамааралтай гэдгийг мэдэх үү. Тухайлбал, арван жилийн багш хүн ихэнх тохиолдолд урт насалдаг жам нийтлэг. Сургууль дүүрэн хашгирах хүүхдүүдийн солиором шуугиан дунд он жилүүдийг өнгөрөөх багштайгаа уулзалгүй удаад харах нь ээ яг хэвээрээ, зарим нь залуу ч болчихсон мэт байдгийг анзаарсан уу. Яагаад гэвэл тэд чинь гэнэн болчимгүй насандаа яваа хүүхдүүдээс эерэг энерги авч тархиа цэнэглэдэг, өөрсдөө үргэлж багачуудтай хамт шинийг сурч боловсорч байдаг тул хэмээн бичсэн байхыг харлаа. Ер нь гэгээлэг, дулаан бодол нас уртасгадаг гэдгийн нууц тэр ч юм билүү.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2013 оны 9 дүгээр сараас өмнө олгосон дипломат, албан паспорт ...

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулсан.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.

Categories
мэдээ нийгэм

Дижитал хөгжлийн хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө ба хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, уриалга

ДИЖИТАЛ ХӨГЖЛИЙН ХАМТАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БА ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА

Дэлхийн банк, Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU), Дэлхийн үүрэн холбооны операторуудын ассоциаци(GSMA), Дэлхийн эдийн засгийн форум(WEF)-аас хамтран Ковид-19 цар тахлын үед халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн зайны харилцааг дэмжих, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сааруулахгүй байхад дижитал технологи болон харилцаа холбооны дэд бүтцийг хэрхэн ашиглах тухай олон улсын онлайн хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 21-нд Улаанбаатарын цагаар 21.00 цагаас мэдээлэл, харилцаа холбооны өндөр түвшний албан хаагчдын дунд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Дэлхийн улс орнуудын Сангийн яам, Мэдээлэл, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах байгууллага болон хөрөнгө оруулагчид, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл нийт 321 хүн оролцлоо. Монгол Улсыг төлөөлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Б.Биндэрьяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, Дэлхийн банкны Ухаалаг засаглал төслийн зохицуулагч Ч. Нургул, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир нар тус тус оролцлоо.

Дэлхийн банкны Дэд бүтэц хариуцсан дэд ерөнхийлөгч Махтар Диоп (Makhtar Diop), ОУЦХБ-ын Харилцаа холбооны хөгжлийн албаны захирал Дориен Богдан-Мартин (Doreen Bogdan-Martin), Дэлхийн Үүрэн холбооны операторуудын ассоциацийн ерөнхийлөгч Мац Гранрид (Mats Granryd), Дэлхийн эдийн засгийн форумыг төлөөлж Дерек ОХаллоран (Derek O’Halloran) нар оролцож панел хэлэлцүүлгүүдийг удирдан явууллаа.

Урьд өмнө тохиолдож байгаагүй Ковид-19 цар тахлын үед Засгийн газар, хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд зайгаа барих, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэн авч байх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах боломжийг ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ л олгож байна. Ковид-19 цар тахал дэгдсэнээс үүдээд одоогийн байдлаар нэг тэрбум гаруй оюутан, сурагчид сургуульдаа явахгүй байгаагаас тэдэнд зайны сургалт, аюулгүй орчин шаардагдаж байна. Дата хэрэглээ зарим улс оронд 2-3 гурав дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор харилцаа холбооны сүлжээний ачаалал хурдтай нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн сүлжээнд гарсан халдлагууд 150 хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдар найдвартай, хүртээмжтэй өргөн зурвасын холболт нь улс орнуудад хувь хүмүүсийг зайнаас эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг хангаж, цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад, илүү сайн бэлтгэлтэй байхад чухал нөлөө үзүүлэх болно. Нэг талаас иргэд, эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгүүд дижитал сүлжээг бүх талаар ашиглахад хурдан суралцах, харин харилцаа холбооны операторууд дижитал дэд бүтцийн тогтвортой бэлэн байдлыг хангах асуудал чухлаар тавигдаж байна. Өнөөдөр дэлхий дахинд 3.9 тэрбум интернет хэрэглэгчид, тэдгээрээс 3.3 тэрбум гар утсаараа интернетэд холбогдох боломжтой байгаа ч дэлхийн хүн амын бараг тал нь дижитал технологиос хол хэвээр байна. Тиймээс бид бүгдээрээ хүмүүст, бизнест, улс орнуудад боломжоос нь үл хамааран хоорондоо холбогдоход нь туслах шаардлагатай байгаа тул энэхүү хэлэлцүүлгээр хамтран хэрэгжүүлэх асуудлуудаа хэлэлцэж, дараах чиглэлээр төлөвлөлт хийхээр санал нэгдлээ. Үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд Ковид-19 цар тахлын хямралд хариу арга хэмжээг дараах таван зорилтын авч үзэх нь зүйтэй гэж үзлээ.

  • Зорилт 1: Сүлжээний найдвартай байдлыг хангах, уян хатан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Зорилт 2: Дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын зайны харилцааг дэмжих
  • Зорилт 3: Олон нийтийг дэмжихэд хамгийн их нөлөөлж буй бизнес болох финтек болон дижитал бизнес загваруудыг бэхжүүлэх,
  • Зорилт 4: Онлайнаар итгэлцэл, нууцлал, аюулгүй байдлыг таниулан сурталчлах,
  • Зорилт 5: Цахим эрүүл мэнд, теле-эмнэлэг, их өгөгдлийг хөшүүрэг болгох ашиглах

Засгийн газар, Зохицуулагчдын зүгээс ОУЦХБ-аас гаргасан удирдамж, зөвлөмжийн дагуу онцгой нөхцөл байдлын, болзошгүй хямралын үеийн төлөвлөгөөгөө боловсруулж, үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэж, үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын буюу 0-3 сарын хугацаанд, богино буюу 3-6 сарын хугацаанд хийх нь зохистой гэж үзэж, дараах үйл ажиллагааны дарааллыг санал болгосон.

Нэг. Ойрын буюу 0-3 сарын хугацаанд Сүлжээний тогтвортой байдлыг чиглэлээр, өргөн зурвасын хүртээмжийг сайжруулахад сүлжээ, дэд бүтцийг хуваалцахыг зөвшөөрөх, технологийн олон янзын шийдлүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн шинэлэг загваруудыг турших боломжийг олгож, тусгайлан радио давтамжийн нөөцөөс богино хугацааны лицензийг олгох, төлбөрөөс хөнгөлөх, лиценз сунгах, шинэчлэх хугацааг хойшлуулах, хөдөө, орон нутагт сүлжээ байгуулах, өргөтгөхөд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөж болно. Гааль, логистикийн үйл явцыг боловсронгуй болгох, сүлжээний тоног төхөөрөмжийг зайлшгүй шаардлагатай дэд бүтэц гэж үзэж, нийлүүлэлтийн сүлжээг тасралтгүй хангах асуудлыг төлөвлөгөөнд тусгах нь чухал. Богино буюу 3-6 сарын хугацаанд сүлжээний сайтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ сайт, суурилуулалтын ажлыг шуурхай хийх боломжийг олгох төлөвлөлт багтана.

Хоёр. Ойрын буюу 0-3 сарын хугацаанд Дижитал үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангах чиглэлээр хямралын үед сүлжээний боломжийг ухаалагаар, хариуцлагатайгаар ашиглахыг олон нийтэд системтэйгээр, тогтмол сурталчлах, өргөн зурвасын сүлжээнд нэвтрэх үйлчилгээг авах боломжгүй хэрэглэгчдэд үүрэн холбооны урьдчилсан төлбөрт үйлчилгээг түгээх, тусгай үйлчилгээ, вэбсайтуудад үнэгүй, хөнгөлөлттэй тарифаар эмзэг хэрэглэгчдийг нэвтрэхийг дэмжих зэрэг арга хэмжээг төлөвлөж болно. Ингэхдээ Засгийн газар, Зохицуулагчдын зүгээс зохицуулалтын төлбөрөөс хөнгөлөх, бизнесийн саад болон санхүүгийн дарамтыг багасгах, үйлчилгээ эрхлэгч операторуудын энэ талаарх санал санаачлагыг дэмжин урамшуулах арга замыг сонгох нь үр дүнтэй. Богино буюу 3-6 сарын хугацаанд зарим тусгай үүрэг, татварыг багасгах төлбөр, хураамжийг бууруулах, чөлөөлөх эсвэл хойшлуулах зэргээр зохицуулах, эцсийн хэрэглэгчдийг санхүүгийн хүндрэлээс гарах бодлогыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны операторуудад зээл өгөх, зээлийн баталгаа гаргаж өгөх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зорилго, зорилтыг дахин авч үзэх зэрэг асуудлуудыг авч үзэх нь зүйтэй.

Эцэст нь хэлэлцүүлэгт оролцогчсод улс орнуудын Засгийн газрууд, зохицуулагчдыг дижитал шилжилтийг дэмжих стратегийг чухалчлан ойрын хугацаанд онцгой байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөөг хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөн боловсруулж, үйл ажиллагаагаа идэвхижүүлэхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан юм.

Уг нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэлсэн билээ.












Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан

ЭМЯ-ны 04.11-ны мэдээлэл - www.ulstur.mnwww.ulstur.mn

ЭМЯ-наас “COVID-19” халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд гарч, 370,000 хүн нас барсан байна. ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.

Өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Энэ хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор халдвар илрээгүй.

Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар нэг хүн ажиглалтад орсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (covid-19)!!! айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж

Цэвэрлэгээ, ариутгал:

• Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
• Хорхой, шавьжны устгал хийлгэх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)
Айл өрхөд:
• Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
• 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
• Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
• Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
• Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
• Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
• Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
• Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
• Цаг агаарт тохируулан хувцаслах
• Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
• Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
• Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч фитч агентлаг монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгаллаа

FITCH: Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “эерэг ...

Фитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн талаар дурджээ. Коронавирусийн шокын нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурах тул Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгалжээ.

Гадны хөрөнгө оруулагч донор байгууллагуудаас орж ирэх санхүүжилтийн урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч эрсдэл өндөртэй нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээг “В” хэвээр үлдээсэн тухай Фитч агентлаг онцолжээ.

Хүснэгт 1: “S&P” агентлагаас Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн одоогийн үнэлгээ:

Огноо

2020.05.29

Урт хугацаат

B stable

Богино хугацаат

B

Фитч агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд 7.1 хувийн өсөлттэй байх боловч 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Монгол улсын экспортын 90 орчим хувийг дангаар эзэлж буй БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар болон хөрөнгө оруулалт 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сэргэж түүхий эдийн эрэлт нэмэгдэхээр байгаа тул энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Монгол Улсын экспортын өсөлт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар тархсан вирусийн халдвар МУ-ын сэргэж буй эдийн засагт сөргөөр нөлөөлөгч томоохон эрсдэл болсоор байна.

Бодит ДНБ-ий өсөлт эхний улирлын байдлаар 10.7% хувиар буурсан нь коронавирусийн халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байв. Энэхүү арга хэмжээнд 2 болон 3-р саруудад БНХАУ руу нүүрс экспортлохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан бөгөөд хил хаасантай холбогдуулан олон улсын нислэг болон төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих зэрэг хөл хориотой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд багтаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсад корона вирусийн халдвараар өвчилсөн 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд халдварыг эрт үед оношилж, эмчлэх үйл явц маш сайн байгаа тухай дурдав.

Фитч агентлаг төсвийн тэнцэл өнгөрсөн онд 1.4 хувийн ашигтай гарсан үзүүлэлттэй харьцуулахад энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2020 оны 3 дугаар сард эрх баригчдын зүгээс цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхээр хүлээгдэж буй ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц багц арга хэмжээг зарласан юм. Үүнээс төсвийн алдагдлыг шууд өсгөх зардал нь ДНБ-ий 4 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байна. Төсвийн гол тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтцийн зарим төслүүд, татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ багтаж байна.

Төсвийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хумигдсан нь 2019 оны эцэст нийт засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 2019 онд 65 хувьтай тэнцэж байсан бол 2020 оны эцэст 70 хувь болж өснө гэж таамаглаж байна. Фитчийн төсөөлж буйгаар засгийн газрын нийт өрийн хэмжээ 2021 онд буурах чиглэлд орж, 2024 онд ДНБ-ий 57 хувьд хүрэхээр байна. Энэ нь одоогийн “B” зэрэглэлийн медиан үзүүлэлт 60 хувиас доогуур байгаа юм. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт сэргэж 2016 онд ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээг бууруулахад томоохон түлхэц болсон юм.

Фитч агентлагийн төсөөлж байгаагаар ГВУН-ийн хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 4.1 тэрбум ам.доллароос буурч 2020 оны эцэст 3.1 тэрбум ам.доллар хүрэхээр байна. Энэ нь нэг сарын гадаад төлбөр тооцоог 4.1 дахин төлж барагдуулах түвшин юм. Засгийн газрын баталгаагаар хувийн секторын (ХХБ) гаргасан 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэний дараа Монгол Улсын ЗГ 2021 оны 4 дүгээр сар хүртэл гадаад үнэт цаасны үндсэн төлбөрийн төлбөр тооцоог хийхээргүй байна. Фитч агентлагийн таамгаар урсгал дансны алдагдал 2020 онд ДНБ-ий 14.7 хувьд (буюу 645 сая ам.доллар), 2021 онд ДНБ-ий 11.9 хувьд хүрэхээр байна. 2021-2023 онуудад гадаад өрийг аажмаар төлж, дахин санхүүжүүлэх оролдлого гаргах боловч ГВУН-ийн хэмжээ бага байхаар төсөөлөгдөж буй нь зээлжих зэрэглэлийн сул тал болж байна.

ОУВС-гаас шуурхай санхүүжилтийн хэрэгслийн хүрээнд төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрт хүрсэн ба ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 6 дугаар сард батлах хүлээлттэй байна. Тус хэлэлцээрийг дүгнэхдээ 2020 оны 5 дугаар сарын 23-нд дуусгавар болж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс амжилттайгаар засгийн газрын өрийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан талаар ОУВС дурджээ. Мөн Азийн хөгжлийн банк төсвийн дэмжлэг үзүүлэх, төслийн санхүүжилт олгох зорилгоор 223 сая ам.долларын зээл, тусламжийн багцыг баталсан байна. Шуурхай санхүүжилтийн талаар мэдээлсэн ОУВС-гийн хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улсын эрх баригчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагаар дахин хөтөлбөрт хамрагдах тухай сонирхож буй талаар дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна

Монголбанкнаас тайлбар гаргажээ

“Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн бол энд линкийг дарж судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно” гэжээ..