Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын дарга тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Уулзалтад ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл эдийн засгийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлцгээв. Коронавирусийн цар тахлын улмаас үйлдвэрлэгчдийн 70 хувийнх нь борлуулалт буурч, экспорт, импорт хумигдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгаа талаар тэд ярилаа.

Мөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэлийг хөнгөвчлөх, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулалгүй эхлүүлэх, хилийн түр боомтуудыг нээх, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, махны экспорт, нөөцийн махны борлуулалтын чиглэлээр арга хэмжээ авах зэрэг саналыг дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний хөндөж буй асуудлууд бүгдээрээ төр, засгийн анхаарлын төвд байж, холбогдох арга хэмжээ авч байгаа. УИХ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөр батлах гэж байна.

Коронавирусийн цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 87 ДУГААР СУРГУУЛЬ | e-School.mn

Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн агуулгыг хүүхдэдээ эзэмшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн өдөр тутмын ажлаа зохицуулж, хүүхдэдээ аль болох их цагийг зориулах шаардлага үүсэж байна.

Хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээтэй хүүхэд нь хичээлийн даалгавар хийхээс илүүтэй тоглох сонирхолтой, өдөр тутмын зан байдлаа хянах, нэг зүйл дээр анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Ийм хүүхэд шинэ нөхцөл байдалд дасан зохицоход тодорхой хугацаа, дадал шаардлагатай. Иймд гэрээр бие даан хичээл хийхэд бэлэн биш, асран хамгаалагчийн тусламж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Теле хичээлийн сургалтын үйл ажиллагааг гэрээр амжилттай хэрэгжүүлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид өглөө бүр хүүхдийнхээ тухайн өдөр хийх дуртай зүйлсийн жагсаалтыг гарган, амралт, чөлөөт цагийг зөв тодорхойлж, теле хичээлийг зурагтаар болон цахимаар үзэх хуваарь, хичээлээ тэмдэглэх, ойлгох, даалгавар хийх цаг хугацааг тогтоосон дэглэм, хуваарийг хүүхэдтэйгээ харилцан ярилцаж зохиох нь үр дүнтэй байна. Мөн хүүхдэд хэн туслах (насанд хүрэгчид, эцэг, эх, асран хамгаалагч, ах, эгч, эмээ, өвөө гэх мэт), хэн түүнийг хянах (хүүхэд өөрөө, багш, гэр бүлийн гишүүд) талаар хүүхдэд тодорхой хэлж ойлгуулан, хуваарьтаа тусгах хэрэгтэй.

Эцэг эх, асран хамгаалагчийн тусламж нь хүүхдийн сэтгэлийн түгшүүр, зовнилыг багасгаж, тайвшруулна.

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн анхаарал төвлөрөлт харьцангуй сул байдаг онцлогтой тул бусдын дэмжлэг, тусламжгүйгээр анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс хүүхдийн анхаарлыг үр дүнтэй төвлөрүүлэхийн тулд хичээл хийх гэр орны нөхцөл байдал, хичээлийн бэлтгэл хангалт, хувийн зохион байгуулалт маш их нөлөөтэй.

Хичээл хийж буй ширээ нь хана талдаа, эсвэл цонх нь хөшгөөр хаагдсан, байгалийн болон өрөөний гэрэлтүүлэг сайтай, хүүхдийн харааны талбарт ямар нэгэн анхаарлыг сарниулах олон өнгийн эд зүйл байлгахгүй байх шаардлагатай. Тухайлбал, төрөл бүрийн тоглоом, зураг, сэтгүүл, телевизор, хоол, ундны зүйлс гэх мэт. Хүүхдийн хичээл хийх ширээн дээр зөвхөн хичээл хийхэд шаардлагатай дэвтэр, сурах бичиг, үзэг, харандаа, өнгийн харандаа, шугам, зургийн дэвтэр зэрэг хичээлийн хэрэгслийг бэлтгэсэн байна. Үзэг харандааны савыг байрлуулах шаардлагагүй.

Хичээлийн цаг нь хүүхдийг их ядраасан урт биш, богино хугацаанд үр дүнтэй байхаар төлөвлөгдсөн байна. Хүүхдийн цагийг хянахад элсэн цаг ашиглах нь тохиромжтой.

Теле хичээлийг оновчтой зохион байгуулах, хүүхдэд хичээлийн агуулгыг ойлгуулж, эзэмшүүлэхэд сэдэлжүүлэлт маш чухал. Хийх гэж байгаа хичээлдээ хүүхэд дурлах нь хичээлээ үр дүнтэй хийж, ойлгох, мэдлэгээ хэрэглээ болгож ашиглахад ихээхэн үр дүнтэй байна. Хүүхдүүд компьютер дээр даалгавраа хийх дуртай байдаг тул аман болон бичгийн хичээл хийсний дараа даалгавраа компьютер дээр үргэлжлүүлэн хийхийг санал болгож болно.

Багш нь сонирхолтой тоглоомын аргаар хүүхдийн хичээлд оролцох идэвхийг сэргээж, сонирхол татахуйц сэдэвтэй даалгавар сонгох хэрэгтэй.

Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаанд ямар шинж илэрч байгаагаас шалтгаалж хичээлийн ачааллыг тааруулах, хичээлийн хуваарь, хичээл зохион байгуулалтыг тухайн хүүхдийн насны болон хөгжлийн онцлогт тохируулан өөрчилж ажиллана. Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны, органик алдагдал, ядаргаа, сульдаа эсвэл бие махбодод гарсан өөрчлөлт нь хүүхдийг амархан ядраадаг байж болно. Иймээс хичээллэх үед тодорхой хугацаагаар алжаал, ядаргаа тайлах хөнгөн дасгал хөдөлгөөн хийлгэн амраах нь үр дүнтэй байна.

Хүүхдэд теле хичээлийг заахдаа хэл яриа, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй болон бусад танин мэдэхүйн үйлийг дэмжсэн дасгал, даалгаврыг багш, сэтгэл зүйчтэй хамтарч бэлтгэн нэмэлтээр хийлгүүлэх хэрэгтэй.

Теле хичээлийн үед хүүхдийн сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх нь сайн үр дүнтэй байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих, гэрийн даалгаврыг хийлгэхдээ хүүхдээс бүх зүйлийг бүрэн бие дааж хийхийг шаардахгүй байх, аливаа оролцоо, санаачилгыг дэмжих, хичээлээ ойлгохгүй бол аль болох ойлгомжтой, хүлээцтэй тайлбарлах, насанд хүрэгчдээс юм асуух хүсэл төрөх хүртэл дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.

Хүүхдийг гэрийн нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор хүүхэд төвтэй хичээлийг зөв, оновчтой зохион байгуулснаар теле хичээлийн зорилгыг биелүүлж, дараах үр дүнд хүрнэ:

  • Хичээлийн агуулгыг хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээг харгалзан эзэмшүүлэх боломж бүрдэнэ;
  • Хараа, хөдөлгөөний тэнцвэрт байдал, анхаарлын тогтворжилт, ой тогтоолт, сэтгэхүйн хөгжил сайжирна;
  • Хүүхэд орчин үеийн технологи ашиглах чадвартай болно;
  • Сонголттой, ганцаарчилсан сургалтаар хангагдана;
  • Хүүхдийн хичээл хийх идэвх сонирхол нэмэгдэнэ;
  • Эцэг эх, асран хамгаалагч, багш нартайгаа ойр дотно харилцаатай болж, тэднийг ойлгож, хүндэлнэ.
Categories
мэдээ нийгэм улс-төр

Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжив

Т.Бадрал: Зам хаасан ч, жолооч нар хулгайн замаар зорчиж амь насаа ...

Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж, Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Н.Эрдэнэтуяа нь1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж, 2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

ХУУЛЬ БУС АН АГНУУР, МОД БЭЛТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 100 ГАРУЙ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтыг нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр болон нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах авто тээвэр шалган бүртгэх товчоод, төмөр замын вокзал, нисэх буудал, томоохон зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэд, хуулийн этгээдүүдэд зохион байгуулж, байнгын хяналт, хөдөлгөөнт эргүүл гэсэн хэлбэрээр хийж гүйцэтгэж байна.

Өнгөрсөн онд хориотой ан агнуур, мод бэлтгэлтэй холбоотой 100 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй үйлдлүүд илрүүлсэн. Үүнд:
• Тарвага- 600 орчим ширхэг,
• Саарал чоно- 15 ширхэг,
• Шар үнэг- 20 ширхэг,
• Хярс үнэг- 5 ширхэг,
• Ойн зэрлэг гахай- 5 ширхэг,
• Халиун бугын чив- 5 ширхэг,
• Зэгсний зэрлэг гахай- 1 ширхэг,
• Алтайн хойлог шувууны мах- 5 ширхэг,
• Ятуу шувууны мах-2 ширхэг,
• Зохих зөвшөөрөлгүйгээр шувуу барьсан- 3 толгой идлэг шонхор,
• 10 толгой ногтруу, 223 толгой тагтаа
• Тул загас 5 ширхэг, бусад загас 71 ширхэг /зэвэг, монгол хадран/,
• Хонин арц- 2 удаагийн үйлдэл- 1.1 тн орчим,
• Мансууруулах төрлийн ургамал- 4 удаагийн үйлдэл- нийт 57кг орчим,
• Түлээний модны хууль бус бэлтгэл 3 зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг илрүүллээ. Зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 3 толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьж хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд ан амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг 10 орчим иргэн чонын шагай, соёо зэрийг дуурайлган хийж, жинхэнэ мэтээр тайлбарлан худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, харъяаллын дагуу ШӨХТГ-т шилжүүлсэн.
Мансууруулах үйлчлэл бүхий байгалийн ургамал, халиун бугын 5 ширхэг чив, ховор ясан эвэр тээвэрлэж явсан, ховор амьтан болох зэгсний зэрлэг гахай, 5 ширхэг тул загас зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээн дээр заасан хэмжээнээс хэтрүүлэн мод, модон материал тээвэрлэсэн хэргүүдийг тухайн дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд тус тус шилжүүлсэн.
Эдгээрээс зөрчил гаргасан нь тогтоогдсон 7 хуулийн этгээдэд нийт 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгууль, 62 хүнд нийт 17450000 /арван долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгууль, нийт 65446000 /жаран таван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдууллаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

Тодруулвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.

Товчоор

– 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.

– Засгийн газрын гишүүд өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

– Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт,нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болголоо

– Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд БОАЖЯны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.

Мөн өдрийн хурлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр 2016 оны 09 сард томилогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.29) хуралдаан 14 цаг 24 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, А.Сүхбат, Л.Энх-Амгалан нараас тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Уг заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

Нэгдүгээрт:ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах;

Хоёрдугаарт:ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх асуудлыг шийдвэрлэх;

Гуравдугаарт: малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох;

Дөрөвдүгээрт:ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах хэмээн тусгасан байлаа.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын төслийн 2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг “төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх” гэж өөрчлөн найруулах, мөн “Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар банкны эрх авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхайг барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг, сургууль улсын хэрэгцээнд ашиглах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр энэ саналд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжиж ирсэн эд хөрөнгө ” гэж нэмж, өөрчлөн найруулах санал гаргасан.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


“Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн
анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхав

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан гэргий Ц.Должинсүрэнгийн хамт Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хот дахь Эрхэмсэг Гүнжийн “Сра Патум” ордонд 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн түүнийг улс орноо төлөөлөн Тайланд Улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэж, үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хааны ордон болон Эрхэмсэг Гүнжийн төслийн ажлын албанаас дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархлаа илэрхийлэв.

Мөн Элчин сайд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны санаачилгаар Монголын хөдөөгийн дунд сургуулиудад хэрэгжиж буй “Үдийн хоол” төсөл өргөжиж, өнөөдөр манай 3 аймгийн 5 сургуульд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн, Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсны ивээл дор хэрэгжиж ирсэн “Хааны бороо” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг мэдээлээд энэхүү тэргүүний технологийг манай улсад нэвтрүүлэхэд харамгүй туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэнд Эрхэмсэг Гүнжийн Төслийн ажлын албанд талархал илэрхийлсэн юм.

Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Элчин сайд Т.Төгсбилгүүнийг Тайландын Хаант Улсад үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд Монгол Улсад түүний ивээл доорх төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Мөн үеэр Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын Улаан загалмайн нийгэмлэгийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгчийн хувиар тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хатан эх Сирикитийн тушаалаар Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэнг Тайландын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улаан загалмайн хүндэтгэлийн тэргүүн зэргийн медалиар шагнасныг гардуулж өгчээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АБГББХ: Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.29/ хуралдаан 14.45 цагт эхэлж, Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахыг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.

Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.
Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авлаа. Тэрбээр, олон чухал асуудлыг тусгасан хуулийн төслийг дэмжиж байна гээд иргэд амны хаалт зүүх, зай барих, ариун цэвэр халдваргүйжилтийн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотойгоор зөрчил гаргавал Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох тухай асуудал байна. Машиндаа ганцаараа явж байхдаа, хөдөө орон нутагт маск зүүх үү, энэ бүгдийг нарийвчлан зааж өгсөн үү гэдгийг тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, журмаар зохицуулна, харин журмаар хэрхэн зохицуулах эрхийг эрх бүхий албан тушаалтнуудад хуулиар олгоно гэж хариулт өгсөн юм.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу санал хураалт явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Богино долгионы гар станцуудыг хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Онцгой байдлын хэлтэст 10 ширхэг богино долгионы гар станцыг хүлээлгэн өглөө. Ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхэд алба хаагчид тухайн түймрийн газар орны байршил, цаг агаар, түймрийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдан ажиллах нөхцөл бүрдэж байна.

Ингэснээр бие бүрэлдэхүүн ажиллах нөхцөл боломжоор хангагдаж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-04-29-ны байдлаар

No photo description available.