Categories
мэдээ нийгэм

​Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө

Image may contain: 3 people, people sitting

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өнөөдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон мэдээлэл солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, коронавируст халдвартай 2 иргэнийг эмчилж эрүүлжүүлсэнд талархал илэрхийлэв.
Эмчлэгч эмч Ц.Чинбаяр өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээгээр гарч байгаа өөрчлөлтүүд эмчилгээнд баримталсан арга барил, тактикийн талаар танилцуулж, зөвлөх эмч нарын сонирхсон асуултад хариулж, туршлагаа солилцож, зөвлөгөө авлаа.
Мөн энэ үeэр ХӨСҮТ-ийн Лабораторийн эрхлэгч Б.Дармаа өвчтөнүүдийн вируслогийн шинжилгээнд гарсан өөрчлөлтүүд, шинжилгээний талаар танилцуулсан юм.
Зөвлөх эмч нар энэхүү аюулт цар тахлаас сэргийлэх, тархахгүй хязгаарлах, эрсдлийг бууруулах, хохирол багатай даван туулахад эмнэлгийн бэлэн байдлыг хэрхэн хангах талаар саналаа солилцлоо.
Тэд эмчилгээнд ашиглах эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тоног төрөөхөмжийн бэлэн байдлыг хангах хуваарилалт хийхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө.

Categories
мэдээ нийгэм

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ. НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэ удаа SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэдгийг онцолж хэллээ.Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгчээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байгааг Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг дуулгалаа.

Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд Баянгол дүүрэгт 15 %, Баянзүрх дүүрэгт 15%, Налайх дүүрэгт 62,5%, Сонгинохайрхан дүүрэгт 37,5%, Сүхбаатар дүүрэгт 56%, Хан-уул дүүрэгт 35%, Чингэлтэй дүүрэгт 80,5%, Багануур дүүрэгт 55%, Баганхангай дүүргийн иргэд 100% оролцож саналаа өгчээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн мэдээлэл дээр үндэслэж, төсвийн төлөвлөлт хийх давуу талтайг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо онцолсон юм. Тэрбээр “SmartUb аппликейшн бүх төрлийн андройд утсанд ашиглагдана.Иргэдийн хувьд апплйкейшнийг татаад овог нэр гэрийн хаягаа оруулснаар өөрийн амьдарч байгаа хороондоо ямар бүтээн байгуулалт хийх саналаа өгөх боломжтой” гэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл явагдахаар боллоо. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

ОН ГАРСААР ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙГЭЭС 7 ОСОЛ ГАРЧ, 17 ХҮН ӨРТЖЭЭ

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан талаархи 7 мэдээлэл НМХГ-ын шуурхай албаны 70128012 утсанд ирсэн бөгөөд уг ослуудад 17 хүн өртжээ. Үүнээс барилгын салбарт 4 осол гарч 10 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 9 хүн гэмтсэн, хөнгөн, хүнсний салбарт 1 хурц хордлого гарч 5 хүн өртсөн, бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 1 хүн гэмтсэн байна. Үүний 85,7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14,3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой мэдээлэл байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласаны 34 буюу 40,7 хувь нь барилгын, 1 буюу 1,2 хувь нь эрчим хүчний, 11 буюу 13,0 хувь нь уул уурхайн, 10 буюу 11,9 хувь нь хөнгөн хүнсний, 2 буюу 2,4 хувь нь зам тээврийн, буюу 1,2 хувь нь худалдаа үйлчилгээний, 9 буюу 10,7 хувь нь бусад салбаруудад гарсан байна.

Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад унах, бүдрэх, хальтрах шалтгаанаар буюу цахилгаан шатны нүх, галын гадна шатны нүхээр унасан, дүүжин өргүүрээс унасан, ажлын талбай буюу дээвэр доош цөмөрч унасан осол 4 буюу 57 хувийг, хортой бодисын нөлөөнд өртөх шалтгаанаар буюу хязгаарлагдмал орчинд хамгаалах хэрэгсэлгүй ажилласны улмаас химийн бодисын нөлөөнд өртөж хордсон 1 буюу 14,3 хувийг, эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар буюу тоног төхөөрөмжийг унтраалгүйгүйгээр засвар хийх явцдаа гараа гэмтээсэн осол 1 буюу 14,3 хувийг, цахилгаан гүйдэлд цохиулах шалтгаанаар буюу өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон, хязгаарлалтын шугамыг зөрчиж ажиллах үедээ цахилгаан гүйдэлд цохиулсан осол 1 буюу 14,3 хувийг эзэлж байна.

Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийг судлахад:

  1. Удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28,5 хувьтай байна. Тухайлбал, осол гаргасан барилгын ерөнхий гүйцэтгэгч компани нь хамтын хамгаалах хэрэгслийг хангалтгүй хийсэн буюу цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүйн улмаас туслан гүйцэтгэгч компаний ажилтан осолд өртсөн, өлөн боловсруулах үйлдвэрийн удирдлагууд хязгаарлагдмал орчинд буюу 3 метр өндөр чаналгын тогоонд цэвэрлэгээ үйлчилгээ хийхээр орсон ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй, аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулаагүй байна.
  2. Техник, технологоос хамаарсан осол 43 хувийг хамарч байна. Тухайлбал, металл хийц бүхий хучилт дээр бетон цутгалтын ажил хийж байх үед хучилтын гол хэсгээр нэлэнхүйдээ цөмөрч барилгын туслан гүйцэтгэгч компаний 4 ажилтан гэмтсэн осол нь металл хийцийн чанар, зургийн тооцоолол зэрэг хүчин зүйлээс хамаарсан осол байна. Мөн хувь иргэд барилга барихдаа барилгын бригад хөлсөлдөг, барилгын явцад техникийн хяналтыг хийдэггүй зэрэг зөрчлийн улмаас консол нь унаж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан бригадын 4 ажилтныг гэмтээсэн осол гарсан.
  3. Хувь хүний хүчин зүйлээс хамаарсан осол 28,5 хувьтай байна. Ажил үүргээ гүйцэтгэхдээ ажил олгогчоос өгсөн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйн улмаас өндрөөс унах, тоног төхөөрөмжийг цахилгаан эх үүсгэврээс салгаж унтраалгүйгээр засвар үйлчилгээ хийсний улмаас бэртэж гэмтсэн тохиолдол хамаарч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр улиралд НМХГ-ын veb-сайтад 24 , хэлтсийн page хуудсаар 24 удаа зөвлөмж сэрэмжлүүлэг бэлтгэн байршуулж, олон нийтэд сурталчлан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх 10 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг боловсруулан гаргаж 1354 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн.

Шуурхай мэдээллийн дагуу НМХГ-ын ХНХХХ-ийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, нийт 28 зөрчил илрүүлэн, 2 аж ахуйн нэгж байгууллагад 4500,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, 30528,0 төгрөгийн нөхөн төлбөрийг олгуулж, 2 хуулийн этгээдэд хамаарах хэргийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 8 заалттай 2 албан даалгавар хүргүүлэн, биелэлтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн осол гаргасан 5 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хэрэг харьяалагдах дүүргийн Цагдаагийн байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

Categories
гадаад мэдээ спорт

Токиогийн Олимпыг хойшлуулсантай холбогдуулан тэмцээнүүдийн хуваарийг өөрчилнө

Токиогийн Олимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор олон улсын спортын байгууллагууд ирэх онд зохион байгуулах тэмцээнүүдийнхээ хуваарийг өөрчилж эхэлжээ.

Токиогийн Олимпыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулах шийдвэр энэ долоо хоногийн даваа гарагт гарсан юм.

Олон улсын усан сэлэлтийн холбоо Японы Фүкүока мужид ирэх оны долдугаар сарын 16-наас зохион байгуулахаар товлосон усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ хуваарийг дахин хэлэлцэж эхэлжээ. “Бид оновтой шийдэлд хүрэхийн тулд 2021 оны ДАШТ-ийг зохион байгуулагчид болон бусад холбогдох төлөөлөгчидтэй зөвлөлдөнө гэж тус холбооноос мэдээлжээ.

Мөн Дэлхийн бадминтоны холбоо ирэх оны наймдугаар сард Испанид болох ДАШТ-ийн товыг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Токиогийн Олимпын шинэ тов гарсантай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 6-наас АНУ-д эхлэх ДАШТ-ээ 2022 он хүртэл хойшлуулна гэдгээ хэдийн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн 75 хоног загас агнахыг хориглодог

Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн /04.01-06.15/ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхааруулж байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоосон байдаг.

Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл,

Омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-наас дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглоно.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг сануулж байна

ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Коронавирусийн халдвар 205 оронд бүртгэгдээд байна. Одоогоор НҮБ-ын гишүүн орнуудаас 19 оронд халдвар илрээгүй. Манай улсын хувьд одоогоор нийт 2272 хүн ажиглалтад байгаа ба иргэдийн биеийн байдал хэвийн. Манай улсад коронавирус хөнгөн хэлбэрээр илэрч, эмнэлзүйн хувьд бүдэг байгаа тул вирус нууц үедээ тархах эрсдэл өндөр гэж дүгнэж байна. Хөл хориог нэг өдөр алдах юм бол өвчлөл 40 хувь тархах эрсдэлтэй гэж байгаа. Жишээлбэл, БНХАУ-д 1541 хүн шинж тэмдэггүй хүн өвчлөлийн тоонд орж байна. Иймээс амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг сануулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: БНСУ карантины дэглэм зөрчихөд оногдуулах торгуулиа 10 сая вон болгон нэмж, нэг жилээр хорих ял шийтгэнэ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав.

Тэрбээр “АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 800 гаруй нас баралт бүртгэгдлээ. Мөн Испани, Их Британи, Франц улсуудад нас баралт өмнөх өдрүүдээс өссөн байна.

Итали улсын хойд Ламбарди мужид нас баралт бага багаар буурч байгаа. Үндсэндээ гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт буурч байгаа юм байна.

Их Британид хийгдсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосноор 59 мянган хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан хэмээн дүгнэжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд вирусийн үржих түвшнийг 64 хувиар бууруулж чадсан гэж дүгнэсэн байна. Уг судалгааг нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлэх юм байна.

БНСУ-д карантины дэглэм зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх яг ногдуулахаар болжээ” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр нийт 754,948 хүн COVID-19-ийн халдвар авч, 36,571 хүн нас баржээ.

Тус өвчин анх мэдээлэгдсэнээс хойш 100 хоног өнгөрч байгаа ч бид энэ өвний талаар өдөр бүр шинэ зүйл мэдэж авсаар байна.

Дэгдэлтийн эхний хоёр сард Хубэй мужид өдөрт 3,800 буюу өвчний 99 хувь нь тус мужид мэдээлэгдэж, халдвар Номхон далайн баруун бүсэд голчлон гарч байсан бол одоо дэгдэлтийн цөм Европ руу шилжиж, өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна.

Энэ хандлага бусад бүс рүү шилжих магадлалтай. COVID-19-ийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлыг барьж авч, илрүүлж чадаагүй бол цаашид голомтлон тархаж, хүн амын дунд тогтвортой тархах үе шаттайгаар явагдаж байна.

Зарим улс орон вирусийн тархалтыг амжилттай хянаж чадаж байна.

Сүүлийн үед зарим оронд оргил үе нь өнгөрч байгаа ч дэгдэлт бусад улсад гарсаар байгаа нь цар тахлын шинж юм.

Зөөвөрлөгдөн орж ирэх асуудал үнэхээр анхаарал татсан асуудал болж байна.

Энэ өвчний дэгдэлт хэзээ зогсох нь тодорхой биш байна. Иймд улс орнууд эрсдэлтэй бүлгээ хамгаалж, өвчин өргөн хүрээнд хүн амын дунд тархахад бэлтгэлээ хангах хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Дэлхийн 205 оронд COVID-19 вирусийн халдвар бүртгэгдлээ. Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах нөхцөл байдал үүсээд байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дэлхийн олон орныг хамарсан хүнд хэцүү байдалтай тулгараад байгааг НҮБ-аас мэдээлжээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “COVID-19 вирусийн нийт 754948 тохиолдол, 36571 нас баралт бүртгэгдсэн байна. Анх вирусийн тухай мэдээлэгдсэнээс хойш 100 хоног өнгөрчээ. Дэгдэлтийн эхний хоёр сард Хубай мужид дэгдэлт мэдээлэгдэж байсан бол одоо дэгдэлтийн цөм Европ руу шилжиж өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Монгол Улс зэрэг зарим улс дэгдэлтийг амжилттай хяналтандаа авч чадаж байгаа. Дэгдэлт хэзээ зогсохыг бид мэдэхгүй. Дараа сард, түүний дараа сард ч зогсоно гэж үзэхгүй байна. Бага насны хүүхэд, өндөр настан, чихрийн шижин өвчтэй хүмүүст эрсдэл өндөр байгааг олон судалгаа харуулж байгаа. Тийм учраас иргэд, олон нийт өөр өөрийн эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэлээ.

АНУ-д хоногийн дотор 800 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Харин Франц улсад 499 нас баралт бүртгэгджээ. Одоогийн байдлаар тус улсад 22700 гаруй хүн COVID-19 вирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 2272 хүн ажиглалтад байна. Халдвар авсан хоёр өвчтөнийг эмчлэн эмнэлгээс гаргасан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр халдвартай 10 иргэнтэй ажиллаж буй Чинбаяр, Дармаа нарын эмч нартай цахимаар холбогдон хурал хийж цаашид эмнэлзүй, лабораторийн чиглэлээр ямар ажил зохион байгуулах талаар ярилцжээ. Дотор ажиллаж буй эмч нарийн мэдээллээр биеийн байдал хүнд байсан хоёр өвчтөний үзүүлэлт дунд зэрэг болсон. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байгаа учраас халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг анхааруулжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээнд COVID-19 вирус илрээгүй. Мөн улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвдсөн 23 хүнд тандалтаар шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн тусгаарлагдан хянагдаж байсан хоёр Туркийн иргэнээс COVID-19 вирус илэрлээ. Ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээг хийж байна. БНСУ-ын иргэдээ татан авахаар манай улсад ирсэн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсний хоёр иргэнээс вирус илэрлээ” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Нүүрсний нийлүүлэлт долдугаар сараас жигдэрнэ гэсэн хүлээлт Хятадын талд байна

Он гарснаас хойш тасарсан нүүрсний экспорт эргэж сэргээд байна. Экспорт сэргэснээс хойш Гашуунсухайтаар л нүүрс гарч байсан бол уржигдраас Шивээхүрэнгийн боомт ажиллаж эхэлжээ. Хилээр нэвтрүүлж байгаа жолооч нарт хорио цээр, эрүүл ахуйн өндөр түвшний хяналтыг Монгол, Хятад аль аль талаасаа авч байна. Жолооч нар Хятадын талд хонохгүй өдөртөө буцаж буй тул үдээс өмнө гараад үдээс хойш буцаж орж ирж байгаа гэнэ. Гашуунсухайт боомтоор өдөртөө 50-70 орчим машин нэвтэрч байна. Харин Шивээхүрэн боомтоор 30 орчим машин нэвтэрсэн мэдээ дуулдлаа.

“Эрдэнэс Таван толгой” баруун зүүн Цанхиасаа нийт 500 мянган тонн нүүрс ачуулжээ. Уурхайн амнаас ачуулсан нүүрс нь Цагаан хадан дээр байгаа аж. “Энержи ресурс” компани 10 гаруй мянган тонн нүүрс урд хөршид экспортолсон бололтой. Тэд Цагаан хаданд ч нэлээд нөөц бүрдүүлжээ. Дашрамд сонирхуулахад, Хятадын талаас өдөртөө 70 машин нүүрс авна гэсэн тохироо хийсэн байна.

“Монгол нүүрс” ассоциациас санаачилсан онлайн хурал саяхан болсон юм. Нүүрсний салбарынхан Хятадын нүүрснийхэнтэй санаа оноогоо солилцсон уг хурлын үеэр урд хөршийн компаниуд нүүрс худалдаж авах сонирхол өндөр байгаагаа дуулгажээ.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Хятадад коронавирусийн оргил үе өнгөрч намжсан. Гэтэл АНУ халдварын тохиолдлоороо Хятадыг давчихлаа.

Европ дэлхийн бусад улсад ч вирус тархсан. Товчхондоо пандемик буюу дэлхийн улсуудыг хамарсан өнгө байдал анзаарагдаж байна. Цар тахал нүүрс, түүхий эдийн үнэ зах зээлд яалт ч үгүй нөлөөлж байна. Манай улсын төсөв бүрдүүлдэг гол эх үүсвэр нь нүүрс. Нүүрсний орлого тасрах нь төсөвт тодотгол хийе гэж байгаа нь ийм учиртай. Нүүрсний зах зээл одоо ямар байх, цаашдаа яаж өөрчлөгдөх талын мэдээллийг анхдагч эх үүсвэрээс шууд авах нь их чухал. Тэр утгаараа Монгол нүүрс ассоциациас санаачлаад Хятадын Нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэр түгээлтийн ассоциаци, Төмөр замын судалгааны төв, нүүрс худалдан авагч том компанийн захирлуудыг оролцуулсан видео уулзалт хийлээ. Монгол талаас нүүрс олборлогч, экспорлогч компанийн зарим удирдлага оролцсон. Гаднаас орж ирж буй есөн төгрөгийн дөрвийг нь нүүрснээс олдог учраас нүүрсний зах зээлээ сайн судлах шаардлагатай. Тэр утгаараа улиралдаа нэг удаа уулзахаар болсон” хэмээн ярилаа.

Хятадын тухайд вирус эргээд ороод ирэх вий гэсэн айдастай байгаа учраас Монголтой хиллэж буй хэсэгтээ маш болгоомжтой, өндөр хяналттай хандаж байгаа гэнэ. Манай улсад арав гаруй нь халдвартай гарсан нь ч хилийн хяналтаа чангатгахад нөлөөлжээ. Манайхаас нүүрс тээвэрлэж очсон жолооч нарыг кабинаас нь буулгахгүйгээр халууныг нь хэмжиж хянаж байгаа аж.

Монголын нүүрсний гол зах зээл Бугат гэх мэт хэсэгт манай нийлүүлэлт буурсан, уурхайнуудын үйл ажиллагаа сайн жигдрээгүй гэсэн шалтгаанаар нүүрсний үнэ цагаан сарынх нь өмнө ба хойно бага зэрэг нэмэгджээ. Харин одоо дотоодынх нь уурхайнууд жигдэрсэн гэх шалтгаанаар нүүрсний үнэ тогтворжжээ.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээлийн талаар ярилцсанаа хүргэе.


-Урд хөршийн зах зээл дээр нүүрсний үнэ ямархуу байх бол?

-Онлайн уулзалт хийх үеэр Хятадын талын хүмүүс далайгаар орж ирдэг хэсэгт нь нүүрсний үнэ буурсан мэдээ хэллээ. Нэг, хоёрдугаар сард Австралийн нийлүүлэлт нэлээд өссөн болохоор багагүй хуримтлал үүсчихэж. Тэр хэсэгт нийлүүлэлт нь өссөн ч эрэлт буурсан маягтай яваа, хагас жилээс хойш ханш гайгүй болно гэж байна. Оросын нүүрсний нийлүүлэлт өсөх хандлагатай байгаа юм билээ. Орос далайгаар зүүн талаас нийлүүлэхээс гадна Манжуур, Монголын зүүн талаар зүүн хойд Хятад руу нийлүүлдэг. Тийм учраас шууд манай зах зээлийг булаахгүй. Гэхдээ манай нүүрс Хятад руу орохгүй байгаа тохиолдолд хүссэн хүсээгүй Австрали, Оросын нийлүүлэлт өсч байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний орон зайг их бага хэмжээгээр эзэлж байгаа. Энэ янзаараа удах юм бол бид зах зээл дэх байр сууриа тодорхой хэмжээгээр алдах эрсдэлтэй. Хагас жилээс Хятадад үйлдвэрлэл сэргэлээ гэхэд худалдан авагчид нь багасчихна гэсэн тайлбар бий. Өөдрөгөөр харах гэж оролдох юм бол хагас жилээс хойш оны төгсгөл рүү Америк, Европын үйлдвэрлэл зогсоод хэцүү байдалд орно. Коронавирусийн тархалт намжихаар энэ улсууд хэрэглэдэг зүйлсээ хэрэглэж таарна аа даа. Тэр үед хэрэглээгээ Хятадаас хангах нь тодорхой. Тэгэхээр корона оргилдоо хүрээд намжих үед Хятадын эдийн засагт boom болох магадлал өндөр гэсэн таамаг бий. Тэр үед мэдээж Монголын нүүрс их хэмжээгээр хэрэг болно.

-Нүүрсний нийлүүлэлт хэзээнээс жигдрэхээр байна?

-Хятадын тал долдугаар сараас жигдэрч, өнгөрсөн оны түвшиндээ очно гэж байна. Монголтой хиллэж байгаа хэсгээр эрэлт их байна. Эрэлт байгаа дээр нүүрсээ нийлүүлж чадвал мэдээж ашигтай.

-Нүүрсний одоогийн ханш төсөвт тусгасан үнээс хэр зөрж байгаа бол?

-Улсын төсөвт нүүрсийг 71 доллараар тусгасан. Одоо тэр багцаанд байна. Цагаан сарын өмнө нүүрсний үнэ 830 юань байсан. Одоо 900 орчим дээр тогтсон. Арав орчим хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг. Монголын нүүрсгүйгээр тэндхийн үнэ тогтоно гэдэг муу дохио. Монголын нүүрсгүйгээр дотоодын үнэ тэнгэрт хадахгүй нь гэсэн дохио. Асуудал хүндрээгүй байхад хилээ хааж эдийн засагтаа гай болчихсон юм биш үү гэсэн байр суурийг Хятадын тал хэлж байна лээ, сая болсон онлайн хурлын үеэр. Одоо нүүрснийхээ импортыг ахиу хийе гэхээр Монголоос вирус ороод ирвэл яах вэ гэсэн байдалтай байгаа юм билээ. Уг нь Хятадын худалдааны байгууллагад Монголоос нүүрс авах сонирхол их байна.

-Гашуунсухайт, Шивээхүрэнгээр нүүрс гарахад хяналт шалгалтдаа цаг их авч байгаа гэж ойлголоо. Чингэлгээр тээхийн давуу, сул тал нь юу байна?

-Чингэлэгтэй нүүрсийг кранаар буулгачихаж байна. Энэ арга вирусийн тархалтыг барихад ямар ч нөлөөгүй. Гэсэн хэр нь гарч байгаа өртөг зардал нь өндөр. Тонн тутамд 25 юаниар зардал нэмэгдэж байгаа гэсэн тооцоо дуулдсан. Хорь гучин машин болоод байх ч өмнөх шиг хэдэн зуугаар нь гаргая гэвэл тийм контейнер Монголд байхгүй. Тэгэхээр нэмэлт хөрөнгө оруулалт хэрэг болно. Гэтэл өнөөдөр нөхцөд байдал ямар байгаа билээ. Бид цагаан сард хурааж хумьсан нөөцөөрөө амьдарч байгаа. Дөрөвдүгээр сараас байдал хэцүүдэх гэж байна. Ийм хүнд үед шинээр ийм туршилт оруулж ирсэн нь бас л зохимжгүй юм болсон. Яг гүйцэтгэл дээр явахгүй байх. Шивээхүрэн дээр бас ийм шаардлага тавьсан. Уг нь тавиадхан км яваад хил нэвтэрчихдэг боомт. Таван толгой шиг ачаалалгүй, цэгцтэй газар. Тийм газарт өнөө шаардлагаа тавьчихаар гүйцэтгэлд нөлөөлөөд байна л даа.

-Төсөвт нүүрснээс орох орлого тасрах нь тодорхой болчихов уу?

-Төсөвт нүүрснээс орно гэж төлөвлөсөн орлого тасрах нь тодорхой. Тодруулж хэлбэл, бид төлөвлөсөн 42 сая тонныг гаргаж чадахгүй. Манай компаниуд нүүрсний экспортыг дөрөвдүгээр сараас эрчимтэй явах болов уу гэж найдаж байсан ч өнөө хэр яах нь тодорхойгүй байна. Их сайн явлаа гэж бодоход гуч гаруй сая тонн гарах болов уу. Өнөөдрийнх шигээ олигтой шийдэж чадахгүй, зогсоох эсэх нь тодорхой биш явбал 42 сая тонныхоо талыг л гаргах байх.

-Нүүрсний компаниуд хэцүүдчих шиг боллоо…?

-Харин тэглээ. Хоёрдугаар сарын 10-нд нүүрсний тээвэр зогсоох шийд гарангуут компаниуд ажилчдаа 60 хувийн цалинтайгаар сул зогсолт зарласан. Гуравдугаар сарын 15-наас тээвэр эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан учраас гуравдугаар сар гарангуут хүмүүсээ ажилд нь оруулсан юм. Ажилчид нь цалингаа 100 хувь авч эхэлсэн гэсэн үг. Дэд гэрээлэгч, ханган нийлүүлэгчдээ мөнгөө төлөөд уурхайгаа ажиллуулж нүүрсээ овоолоод эхэлчихсэн. Тэнд хэдэн зуун сая ам.долларын нүүрсний овоолго байна. Зардал нь гараад байдаг, нүүрсээ хэвийн хэмжээнд экспортлох эсэх нь тодорхойгүй цаг алдаад байна л даа. Товчхондоо компаниудын санхүүд маш хүнд тусч байгаа. Ийм байдлаар удвал зарим компани үйл ажиллагаагаа нэлээд урт хугацаагаар зогсоох эрсдэл үүснэ. Ажилчдаа халах асуудал хөндөгдвөл олон мянган хүний ажлын байр яригдах байх.

-Нүүрсний салбар хэчнээн хүнийг ажлын байраар хангадаг вэ?

-Уул уурхайн салбарт нийтдээ тавь гаруй мянган хүн ажилладаг. Нүүрсний хувьд энэ тооны гуравны нэгтэй тэнцэхээр хүн ажилладаг багцаа тооцоо бий.

-Хятадын нүүрснийхэнтэй хийсэн онлайн хурлын үеэр нүүрсний зээлтэй холбоотой шинэ мэдээ дуулдав уу?

-Төмөр замын хувьд маш сонирхолтой мэдээллүүдийг Хятадын төмөр замын судалгааны төвийн захирлаас авлаа. Ер нь уул уурхайн түүхий эд овор хэмжээ ихтэй учраас авто замаар тээвэрлэнэ гэдэг утгагүй асуудал. Уул уурхайн тээврийг хол замд машинаар тээвэрлэдэг улс Монголоос өөр байхгүй. Өртөг зардал ихтэй, байгальд сөрөг нөлөөтэй гээд яривал өчнөөн сул талтай тээвэр. Хятадын хувьд манай нүүрс гарч буй боомтууд дээр төмөр зам нийлчихсэн. Ганцхан Ховдын Булганаар гардаг боомт дээр төмөр зам байхгүй. Гэхдээ тэнд төмөр зам барих шийдвэр ирэх таван жилийнх нь төлөвлөгөөнд орчихсон яваа. Тэр төмөр замуудынх нь хүчин чадал дээр маш том тоонууд хэллээ. Эрээнээр15 сая, Ганцмодоор 50 сая, Сэхээгээр 30, Мандалаар 30, Зүүн хатавч боомтоор 35 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бий гэнэ. “Аль боомтоор төмөр замаа тавих нь та нарын асуудал. Аль ч боомтоор нүүрсийг чинь авах хангалттай хүчин чадал бий” гэж байна. Зөвхөн нэг боомтоор нүүрс хүлээж авах техникийн хүчин чадал манай улсын жилийн экспорттой тэнцэхээр байгаа биз. Бид нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргана гэж ярьдаг. Тэгнэ гэвэл машинаар тээвэрлэх боломжгүй. Төмөр замтай болвол нүүрсний экспортын хэмжээгээ нэмэх, зардлаа багасгахаас гадна гуравдагч хөрш рүү экспортлох боломж нээгдэнэ.

-Таван толгой дээр нүүрс сорчилж олборлолоо гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Сорчилж олборлох нь хуулиар хориотой л доо. Гэхдээ хувь, хувьсгалын аль ч уурхайд заримдаа гардаг үзэгдэл. Гэхдээ шууд сорчлох гэж хэлэхэд хэцүү. Борлуулалттай, борлуулалт багатай гээд янз бүрийн үед яаралтайгаар ахиу олборлох шаардлага гардаг. Дараа нь хийгээгүйгээ нөхөж хийдэг практик олон улсын уул уурхайд бий. Таван толгой гэснээс энэ ордын олборлолтыг 30 саяд хүргэвэл баяжуулах үйлдвэргүйгээр явахгүй. Сайн чанарын нүүрсний хэмжээ нь багасаад олборлолтын явцад бохирдсон, газарт ойрхон учраас исэлдээд өгөршсөн, байгалиасаа коксжих үзүүлэлт багатай нүүрс холилдоод гараад ирэх асуудал бий. Баяжуулах үйлдвэр барилаа гэхэд үйлдвэрлэлийн явцад зарж болохгүй, хаяж ч болохгүй завсрын бүтээгдэхүүнүүд гардаг. Тэр бүхнийг нь шийднэ гэж тооцоод үйлдвэр барилаа гэхэд багадаа дөрвөн сая, ихдээ найман сая тонноор хэмжигдэх борлуулахад хэцүү эрчим хүчний нүүрс гарна. Тэрийг уул шиг овоолоод байх боломжгүй. Машинаар тээвэрлэж Хятадын хил хүргээд зарах аргагүй. Тээврийн зардлаа даахгүй. Баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн одоогоор “Энержи ресурс”-ын Ухаа худгийн үйлдвэрээс гарч байгаа. Гэхдээ хэмжээ нь маш бага. Тавантолгойгоор жишээ болгоод ярихаар нүүрсний салбарыг хөгжүүлэх хамгийн том хоёр зүйл бол төмөр зам, боловсруулах үйлдвэр.

-Нүүрсний хулгай гарал үүслийн гэрчилгээний замбараагүй, хяналтгүйгээс болдог гэсэн шүүмжлэл дуулддаг. Нүүрсний хулгай төсөвт орох орлогоос хумсалж байгаа гэдэг утгаараа анхаарах ёстой асуудал шиг санагддаг…?

-Төрийн л хулгай байх. Хилээр нэвтэрч байгаа нүүрсийг нарийн жинлээд гаргадаг. Тэнд нь төрийн албан хаагчид ажилладаг. Үнэхээр тийм асуудал байдаг бол хяналт тавьж байгаа төрийнхөнтэй л холбогдож таарах байлгүй.

-Коронавирусээс үүдсэн хямрал нүүрсний салбарт, эдийн засагт ямар сургамж өгөв, ахиад хямрал болоход хэцүүдэхгүй байхын тулд бид яах ёстой вэ?

-Сүүлийн жилүүдэд шувууны ханиад, гахайн ханиад, SARS, MERS зэрэг халдварт өвчин дэгдсэн. Тахлын хэмжээнд хүрсэн энэ удаагийн коронавирус SARS-2 гэдэг нэртэй. Энэ мэт халдварт өвчний давтамж ойртоод байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийнхэн сануулаад эхэлчихлээ. Тэгэхээр ийм халдвар ахиад ч дэгдэх эрсдэл өндөр болчихсон гэсэн үг. Ийм нөхцөл байдалд монгол үндэстэн аюулгүй оршин тогтнохын тулд яах ёстой вэ гэдгийг нүүрсний салбар дээр жишээлээд ярихад бидэнд төмөр зам хэрэгтэй. Дахиад халдварт өвчин дэгдлээ гэхэд хилээ хаагаад мөнгөгүй таг суух уу. Тиймээс төмөр замын асуудлаа хурдан шийдэж, цаг алдалгүй барьж дуусгах шаардлага байна. Таван толгойгоос Сайншанд чиглэлийн төмөр замын суурь ажлыг эхлээд явж байгаа. Зөв, буруу дээр өчнөөн маргаан өрнүүлж болно. Гэхдээ одоо дүүрч, тэр замаа бариад дуусгачихаасай гэж бодож байна. Эдийн засгийн утгаараа бол Таван толгойн Гашуунсухайт, Нарийнсухайт, Шивээхүрэнгийн төмөр замыг зайлшгүй барих шаардлагатай. Нэгдүгээрт, эдийн засгийн ашигтай. Хоёрдугаарт, байгаль орчинд хэрэгтэй. Гуравдугаарт, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад хэрэгтэй.

Дөрөвт нь, Монголын орлого эрс нэмэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна