Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрсайхан: Тайзан дээр би амьдардаг, үхдэг, уурладаг

“Маск” продакшны жүжигчин, Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Та 10 жилдээ хэр авьяастай хүүхэд байв?

-Би Партизаны сангийн аж ахуйд 10 жилээ төгссөн. Сургуулийнхаа уран уншигч болж байлаа. Шүлэг уншдаг л хүүхэд байсан даа.

-Оюутан байхдаа уран бүтээлд тоглож байсан уу?

-Оюутан байхдаа том хэмжээний уран бүтээлд тоглож байгаагүй. Би Кино урлагийн дээд сургуулийг 2003 онд төгссөн. Кино үйлдвэрээс хийсэн “Хааны сүүлчийн хатан”, “Жинжиймаа” зэрэг кинонуудын цаагуур нь бужигнаж байдаг, хэзээ ч миний дүрс харагдахааргүй олны хэсэгт нь л орж байсан.

-КУДС-ийг төгсөөд анх ямар уран бүтээлд тоглож байв?

-“ТВ5” телевизийн “Гялбаа” сэтгэхүйн олон ангит кинонд мооргийн эмчийн дүрд тоглосон. Гэхдээ тэр бол ганцхан л сцен. Харин дараа нь “ТВ5” телевизийн “Чонын алтан шагай” киноны Содовын дүрд тоглосон. Содовын дүр маань хүмүүст нэлээн хүрсэн дээ.

-Та тайзан дээр нэлээд олон уран бүтээлд тоглосон. Тэгэхээр таны хувьд тайз гэж юу вэ?

-Жүжигчин хүний хувьд тайз гэдэг ажлынх нь талбар. Тайз бол надад байгаа маш том зэвсэг. Тайзан дээр би амьдардаг, үхдэг, уурладаг. Ер нь жүжигчин тайзан дээр гарсан л бол түүний орон гэр нь тайз болдог.

-Та өөрийнхөө зан аашийг ямар нэгэн эможиор илэрхийлээч?

-Надад таарсан эможи байхгүй байх аа. Би олон хүмүүсийн дунд орохоороо инээлгээд байж чаддаггүй. Намайг онигоо ярихаар хүмүүс инээдэггүй. Тэгсэн хэрнээ хошин урлагт хайртай, хошин урлагт тоглох дуртай. Энд тэнд явж байхаар хүмүүс “Чи чинь хошин урлагийн хүн байж ямар дуугүй юм бэ, юм яриач ээ, инээлгээч ээ” гэдэг. Би олон хүмүүсийн дунд орохоороо нээлттэй хүн биш юм шиг санагддаг.

-Танд урлагаас өөр ямар нэгэн авьяас бий юү?

-Манай ээж бариач хүн. Надад энэ эрдмээ өвлүүлж өгсөн. Би нээх олон хүн бариад байдаггүй л дээ. Гэхдээ таньдаг болон төрөл садангийн маань хүмүүсийн тархи хөдлөх, мөр мултрахад нь барьж өгдөг. Мөн шагай харвах сонирхолтой.

-“Маск” продакшны хамгийн их үзэгчтэй байсан тоглолт хэзээнийх байв?

-“Морио гомдоосон Монгол” тоглолтыг Соёлын төв өргөөнд 30 хоног тоглож байлаа. Тэр тоглолтод өдөр болгон үзэгчид дүүрдэг байсан. Ер нь манай ихэнх тоглолтууд дүүрэн үзэгчтэй байдаг. “Маск” продакшны тоглолт 80 хувиас доош үзэгчтэй байсан тохиолдол байхгүй дээ. Энэ нь бид нар уран бүтээлээ хийхдээ маш няхуур ажилладаг, үзэгдлүүдээ тодорхой хэмжээний зохиолтой, драматургтай болгодогтой холбоотой.

-“Маск” продакшн яагаад үзүүлбэрүүддээ эрэгтэй хүмүүсийг эмэгтэй дүрд тоглуулдаг юм бэ?

-Ямар нэгэн шүүмжлэлтэй харагдуулах үг хэллэг, үйл хөдлөлүүдийг үзүүлэхэд эмэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд тогловол жаахан эвгүй харагдана. Харин эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн болоод янз янзын үг хэллэг, үйл хөдлөл гаргахад үзэгчдэд арай зөөлөн хүрдэг.

-“Маск” продакшны тоглолтууд нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг шүүмжлэхээс гадна нийгмийг сайн сайханд уриалдаг шүү дээ?

-“Маск” продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд бусдыг уриалан дууддаг. “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай”, “Хот аймаар гоё” гэхчлэн тоглолтуудын маань бүх л нэр нийгэмд хандсан, нийгмийг давлагаалуулсан байхыг хичээдэг. Тийм учраас нийгэмд нөлөөлдөг л гэж боддог доо.

-Таны бодлоор сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Бүтээж буй дүрдээ амьдарч, үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн хүнийг л сайн уран бүтээлч гэх байх. Тайз, дэлгэцийн уран бүтээлд зайлшгүй багаар ажиллах ёстой байдаг. Уран бүтээлчид нэгэн цул болж байж сайн уран бүтээл төрнө.

-Хүмүүс уран бүтээлийг сайн, эсвэл муу гэж үнэлдэг. Тухайн үнэлгээний муу гэж байгаа тодорхойлолт чухал юм уу, эсвэл муу гэж дүгнэсэн шалтгаан нь чухал уу?

-Муу болж байгаа шалтгаан нь чухал. Бидний хийсэн ямар нэгэн уран бүтээл тэр хүнд таалагдсангүй. Яагаад таалагдаагүй шалтгаанаа уран бүтээлчдэд хэлж байж бид илүү сайн уран бүтээлийг хийнэ. Үзэгч, уран бүтээлч хоёр байнгын нягт холбоотой байдаг. Би энэ тэнд хүмүүстэй уулзаад явж байхдаа уран бүтээлийнхээ талаар яриа өрнүүлэхийг аль болох хичээдэг. Хүмүүсээс янз бүрийн санаа олж, тэдний шүүмжийг сонсох үе уран бүтээлчдэд байх хэрэгтэй л дээ.

-Та хошин урлагийн цаашдын чиг хандлагыг хэрхэн хардаг вэ?

-Миний дотор нь ажиллаж буй салбар учраас аль болох өөдрөг харахыг хичээдэг. Орчин үеийн залуус илүү шинэлэг юмыг хүсээд байна л даа. Хошин урлагийн тоглолт гэхээр л илүү энтертайментлаг, илүү содон сонин,шинэлэг юм хүсээд байна. Аль ч салбарт залуу үе нь өмнөх үеийнхээ сэтгээгүйг сэтгэж байж л хөгжиж дэвжиж байдаг. Тиймээс хошин урлагийн залуу уран бүтээлчид бидний зориглоогүйг, хийгээгүйг хийж гэмээнэ цаашид хөгжинө гэж боддог.

-Таны хүндэлдэг найруулагч хэн бэ?

-Би “Лизинг” уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж байсан. Найруулагчаар ажиллахад сонирхолтой юм билээ. Надад Д.Чимэд-Осор гуай болон Б.Мөнхдорж багшийн найруулсан тавилтууд, хэлэх гэж байгаа өгүүлэмжүүд нь гайхалтай санагддаг.

-Та өөрийн уншсан номнуудаас нэгийг нь санал болгооч?

-Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” роман. Би энэ номыг гурван ч удаа уншсан. Уг романд өнөөгийн хүмүүсийн сэтгэхүйд байх ёстой зүйлүүд байдаг. Аливаа нэг улс орон оршин тогтнохын тулд түүх, хэл, ёс заншилтай байх ёстой. “Зүрхний хилэн” романд Монгол ёс заншлын тухай, түүхийн тухай, хүн хүнээ хүндэтгэх, хайрлах тухай гэхчлэн олон зүйлийг харуулсан.

-Таныг аз жаргалтай болгодог зүйл юу вэ?

-Миний хүүхдүүд. Би хоёр охин, нэг хүүтэй. Гэртээ ороод хүүхдүүддээ ноолуулаад, хүүхдүүдээ эрхлүүлээд байж байх л хамгийн том аз жаргал.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?

-“Маск” продакшн хамгийн сүүлд “Цэргийн ээж” контент хийсэн. Би уг контентын ерөнхий найруулагчаар нь ажилласан. Мөн хурандаагийн дүрд тоглосон.

У.ЧИНЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “2020 оныг улираая!” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирус
гарсантай холбоотойгоор
Засгийн газраас авч
хэрэгжүүлж буй эдийн
засгийн арга хэмжээний
талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ тухай нэг, тавдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн, Хууль
зүйн байнгын хорооны
дарга Х.Нямбаатартай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

Эрүүл мэндийн
яамнаас “Covid-19” буюу
коронавирусийн талаар
өчигдөр ээлжит мэдээлэл хийснийг нэг, зургадугаар нүүрнээс дэлгэрүүлэн унших боломжтой.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “2020 оныг улираая!” нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч
Г.Батбаяр болон Zarig.mn
сайтын эрхлэгч
Н.Өнөрцэцэг нараас манай сэтгүүлч тодруулга авсныг гуравдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Өнгөрсөн
жил манай улсад хүний
эрхийн нөхцөл байдал ямар
байсан талаар ХЭҮК-ын
дарга Ж.Бямбадоржтой
ярилцлаа. Ярилцлагыг долдугаар нүүрнээс уншаарай.

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрэнд, Сэтгэл судлаач
Б.Баярцэнгэлтэй хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрэнд нийтэллээ.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн бэлтгэдэг “Америкийн монголчууд” нүүрэнд “Дотоодыг Хамгаалах Газрын даргын
Америктай холбогдох гэсэн оролдлого буюу
Намжилын Хаянхирваагийн зураг” нэртэй сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ, амтархан уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 2, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан 19 цаг 23 минутад жаргана. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Б.Махболд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан.

Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Туркээр дамжин Энэтхэгээс ирсэн эмэгтэйг Сэлэнгэ аймагт тусгаарлажээ

Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлээд буцахдаа Турк улсаар дамжин Сэлэнгэ аймагт ирсэн эмэгтэйд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлажээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар “Мандал суманд нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт очсон эмэгтэйд цээжээр өвдөх шинж тэмдэг илэрсэн тул суманд нь тусгаарлаад байна. Аймгийн төвөөс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Мандал сум руу явсан. Эмч нарыг ирэхээр сэжигтэй тохиолдол гэж үзэх эсэх нь тодорхой болох юм. Мөн сорьц авч, ХӨСҮТ рүү явуулна. Энэ эмэгтэй Энэтхэгт нөхрөө эмчлүүлээд Туркээр дамжин гуравдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирсэн. Мандал суманд өнөөдөр нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ халуурч, цээжээр өвдөж байна гэдгээ хэлсэн” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Канадын иргэн улсын хилээр алт гаргахыг завджээ

Гаалийн байгууллага энэ оны эхний гурван сард нийт 217 зөрчил илрүүлсэн гэж ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар танилцуулав.

Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гуравдугаар сарын 03-ний өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн “Алт” байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ. Энэ зөрчлийг Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дээрх зөрчлүүдэд 271 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураасан эд зүйлийн үнэ 23 сая төгрөг, харин зөрчлийн улмаас түр хураасан эд зүйлийн үнэ 39 сая төгрөг, хярьяаллын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709 мянган төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Коронавирусын халдварын үед авч хэрэгжүүлэх багц арга хэмжээнии тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.


“Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагч МУ-ын иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно. Эсвэл өөрийн хүсэл санаачилгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно. Сайн дурын даатгуулагчийг хамруулна. Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч МУ-ын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын нэгнээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно зэрэг багтаж байна. Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.

Товчоор

– Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлантай Засгийн газрын гишүүд танилцав. Нийт 19 байгууллагын 54 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан ирүүлэхээс 47 нь ирүүлсэн байна. Эдгээр байгууллагууд Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 3,1 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 2,6 их наяд төгрөгөөр гэрээ байгуулж ажилласан байна.

– БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулахаар шийдвэрлэв. Усны газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийн төсвийг нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр ерөнхийлөн захирагчийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.

– Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн манай улсын иргэд Шенгений бүсийн 14 улсад визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

– “Тогтвортой амжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Дэлхийн банкнаас ОУ-ын хөгжлийн ассиоцацитай хамтран 2002 оноос манай улсад хэрэгжүүлж буй уг “Тогтвортой амжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд нийт 65,7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Харин төслийн гуравдах шатыг 24 сарын дотор хэрэгжүүлж, 12 сая ам.доллар зарцуулна хэмээн төсөвлөжээ

– “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК –ийн ОХУ-ын “Интер РАО ЕЭС” худалдан авсан цахилгаан эрчим хүчний 2019 оны үлдэгдэл өр төлбөрт 3,2 тэрбум төгрөг, 2020 оны 01 дүгээр улирлын урьдчилгаа төлбөр болох 800 сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв

– “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны ОУ-ын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41.0 сая ам.долларын хөөнгөлөлттэй зээл олгоно. ДЦС-3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төөлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд татах ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

– Жендэрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн, Удирдлагын академийн захирал, МҮОНРТ-ийн ерөнхий захиралыг тус тус гишүүнээр нэмж оруулахаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ.

Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь удаагийн давтан ариутгал халдваргүйтгэлийг 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн хороод болон төрийн захиргааны байгууллагуудад үнэ төлбөргүй хийж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 хорооны 5.954 м.кв талбай, төр захиргааны байгууллагуудын 13.004 м.квталбай нийт 18.958 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Эдийн засагч Б.Дөлгөөн: Эдийн засгаа аврах оновчтой алхам хийх цагийг алдаж болохгүй


Монголын эдийн засгийн байдал корона вирусээс болоод хүндхэн нөхцөлд байгаа. Монгол улсын ЗГаас тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргаснаа танилцуулсан байгаа. Энэ цаг үед хувийн хэвшлийнхэнд ер нь яаж дэмжлэг үзүүлэх ёстой вэ?

Миний бодлоор сая сарын хугацаанд нилээдгүй аж ахуйн нэгжүүд дампуурсан байх. Үнэхээр харамсалтай юм болж байна. Яг хэдэн ажлын байр алдасныг хэлж мэдэхгүй байна. Тийм тооцоо судалгааг одоохондоо аль нэг байгууллага гаргаагүй л байна л даа. Тэгээд одоо ямар ч байсан МУ-ын ЗГ-аас эдийн засгаа идэвхижүүлэх нилээдгүй арга хэмжээг авхаар боллоо. Энэ үед ЭЗ ямар хэлбэрээр өсөх үү, гадаад нөхцөл байдал хэр өөрчлөгдөж байна гэдэг дээр хувийн хэвшлүүд 1-рт үнэлгээ хийгээд өөр өөрсдийнхөө бизнес төлөвлөгөөнд өөрчлөлтийг оруулах ёстой.

Бид яаж мөнгө босгож болох вэ гэдэг боломжийг бид хаа хаанаа эрэлхийлэх ёстой. Бидэнд энэ цаг мөчид яаж хөрөнгө босгох боломжтой вэ?

Гадаадаас мөнгө оруулж ирэх хэдхэн төрлийн хэлбэрүүд байдаг: 1. тусламжийн мөнгө, олон улсын валютын сан ч гэдэг юм уу эсвэл Азийн хөгжлийн банк г.м 2. Зээл.Засгийн газар бонд босгоод авах боломжтой. 3.Экспортын орлого.Тэгээд 4дэх нь алтаа бид нар зарна . Эдгээр аргуудаар бид гадаад валютыг дотогшоо татах урсгалуудтай явсаар ирсэн. Бид нар сая өөрсдийн буюу Засгийн газрын хариуцлагагүй байдлаас болоод саарал жагсаалтанд орчихсон шүү дээ. Манай улсын гадаад дахь нэр хүнд, итгэлцлийн түвшин энэ хэрээр уначихсан л гэсэн үг. Тэгэхээр гадаад валютын үндсэн дээрх боломжууд ч бас хангалттай найдвартай, сайн гэхэд хэцүү болоод байна.

Олон улсаас авах тусламж дэмжлэг бидээнд одоо олдох нь ховор болсон. MF дээр буюу олон улсын валютын сан дээр бид нар оногдсоноос ихболсон. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар татаж аваад нэг ёсондоо манай улсын гадаад өр 4 тэрбумаас 7,7 тэрбум бараг 2 дахин их нэмэгдсэн шүү дээ. Энэ боломжоо бид аваад дуусчихсан. Экспорт маань ингээд тодорхой хэмжээнд тогтох байх.Гэхдээ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад бараг доогуур хэмжээнд байна. Тэгэхээр одоо бид нар гадаад валютынхаа тал дээр дотогш энэ урсгал дээр ямар арга зам байна, хувийн хэвшлүүд энэ үед гаднаас мөнгө олж ирнэ гэдэг бол бараг л бүтэхгүй асуудал байх. Яагаад бүтэхгүй асуудал вэ гэхээр 2 үндсэн нөхцөл байна. 1-рт түүхий эдийн үнийн мөчлөг хамгийн дээд цэг дээрээ тулаад 2018 оны сүүлээр тулаад одоо ингээд уруудах мөчлөг рүүгээ орчихсон. Энэнтэй уялдаад гадаадын шууд хөрөнгө оруулалт ч гэсэн тодорхой хэмжээгээр буурч байгаа.Иймэрхүү дандаа сөрөг юм яриад байна л даа би. Тэгвэл энэний эерэг юм нь юу байж болох вэ гэхээр бид нар жижиг уул уурхай ч юм уу, жижиг төслүүд дээр мөнгө босгож чаддагүй юм аа гэхэд бид нар том төслүүд дээр босгож чаднаа. За экспорт уначихлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчихлаа эргээд бид нар зээл тусламж авах нөхцөл байдал их хүнд байна. Ингээд 2 л юм үлдэж байна шүү дээ. Нэг нь алт байна, нөгөөх нь томоохон төслүүдээ түлхэх урагшлуулах. Энэ хэлбэрээр эдийн засгийн өсөлтийг богино болоод дунд хугацаанд, дундаас урт хугацаанд илүү хурдтай босгож ирэх боломжтой.

Тиймээс одоо бид олон улсад гаргаж болох, том дүнтэй хөрөнгө босгох төслүүдээ зогсоохгүй, урагшлуулах юм бол бид гадаад зах зээл дээрээс тодорхой хэмжээний хөрөнгийг татах замаар энэ эдийн засгийн сэргэлтийг хурдавчилж болноо гэж хэлж байгаа юм.Нэг ёсондоо шийдэл байгаад байна шүү дээ.

Эрдэнэс таван толгой компанийн нэр дээр нийтдээ 7 орд газар байдаг. Түүний 1 ордын 30 хувийг гадаадын зах зээл дээр IPO хувилбараар гаргая гэдэг асуудал яригдаж байсан боловч энэ Засгийн газрын үед ямар нэгэн байдлаар гадаад зах зээлд гаргахгүй гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд гаргачих шиг боллоо. Тэгэхээр бид таны хэлээд байгаа боломжоо алдчихсан гэсэн үг үү?

Ерөнхий сайд ямар шийдвэр гаргасныг би сайн мэдэхгүй байна. Таван толгойн IPO бол олон жилийн өмнө яригдаж байсан шүү дээ. Би Ньюком группд ажиллаж байхад манай Ньюком группийн гүйцэтгэх захирал тухайн үед Риотинто компанид ажиллаж байсан Болд захирал байсан. Болд захирал хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар давхар ажиллаж байсан. Тэр үед би Болд захиралд туслаад явж байсан. Одоо яг хэдэн орд болсоныг нь мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ таван толгойг тэгж олон хуваахгүйгээр тэр чигээр н IPOхийнэ гэсэн тийм асуудал тухайн үед яригдаж байсан. Тэгэхээр энэ бол шинэ зүйл биш. Тухайн үед үнэхээр IPO хийх нь зөв хувилбар байсан уу гэхээр уг нь бол хамгийн зөв хувилбар байсан. Яагаад гэхээр тэр үед түүхий эдийн үнэ ханш ч гэсэн хамгийн өндөр байсан шүү дээ. Олон улсын сүүлийн 10 жил 15, 20 жилийг харахад яг 2011, 2012 онд түүхий эдийн үнэ дээд цэгтээ хүрсэн. 2012 оноос эхлээд уруудаад эхэлсэн. Тэр үед нь бид нар IPO хийсэн бол өнөөдөр бид нар өөрсдийн Монгол улсын эзэмшдэг, олон улсын зээл дээр гарчихсан тэр стандартуудыг мөрддөг бас нэг өөрийн гэсэн компанитай байх байсан болов уу гэж харж байгаа. Бид нар гадаад валютын урсгалыг дотогшоо авчирдаг дөрвөн урсгал байдаг гэж түрүүн хэлсэн. Гадаадын олон улсын зах зээл дээр түүхий эдийн ханш ийм нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт хэр байх вэ? Хэрвээ унах юм бол энэ уналтыг бид нар юугаар нөхөх вэ. Ийм нөхцөл байдалд бол бид яг өөрсдөө энэ том төслүүдээ явуулж байж энэ алдагдлыг нөхнө. Дээрээс нь нэмээд энэ сэргэлтийг энэ төслүүдийг урагшлуулах замаар илүү хурдан авчирах боломжтой юм болов уу гэж харж байгаа.

Том төслүүдээ хөдөлгөх нь чухал гэлээ. Гэтэл хөдөлгөхийн тулд тэр хэмжээгээрээ том бэлтгэл ажил, цаг хугацаа ордог байж таараа. Бид олон жилийн туршид нэг алхам урагшлаж, 2 алхам ухарсаар байгаа мэт дүр зурагтай байгаа дээр та юу хэлэх үү?

IPO хийнэ гэдэг нь тийм амархан процесс бас биш. Би өөрөө Тэнгэр санхүүгийн нэгдэлд, үнэт цаасны компанид ажиллаж байсан. Манай үнэт цаасны компани андрайдинг эрхтэй, брокер дилерийн эрхтэй, хөрөнгө оруулалтын эрхтэй тийм компани байсан. Ингэж ажиллаж байхад андрайдер гэдэг бол IPO гаргадаг. Мэдээж зөвхөн Монголын хөрөнгийн бирж дээр гаргах эрхтэй компани. Яг олон улсын андрайтерын процесс бол Монгол улсад андрайтерийн процесс явагдаж байгаагаас илүү удаан явагддаг. Жишээлбэл та ч гэсэн фэйсбүүк ашигладаг байх. Фэйсбүүк 2004 онд байгуулагдсан мөртлөө dүр сүүлд бирж дээр гарсан. Анх гарсан үнэ нь 38 долларбайсан. Одоо бараг 200 доллар руу дөхөөд явж байгаа. Нэг ёсондоо 38 доллараар 1 хувьцаа нь гарчихаад одоо 200 доллар хүрэх гээд явж байна шүү дээ. Тэгэхэд бид нар яг энэ байдлаараа өөрсдийнхөө том төслүүдийг олон улсын зах зээлд гаргах замаар валютын урсгалыг Монгол руу татаж чадна. Таван толгой бол миний харж байгаагаар магадгүй хамгийн гарахад ойрхон төсөл. Бусад нь бол бүр анхан шатандаа судалгаа нь ч хийгдээгүй ингээд явж байгаа. Тэгээд яг гарлаа гэхэд тэр олон улсын стандартууд чинь Монголд орж ирдэг. Хөрөнгө оруулагчидыг яаж хамгаалах вэ, дотоод үйл ажиллагаанд тендер зохицуулна, тэр зүйлүүд чинь ерөнхийдөө олон улсын зөвшөөрөгдсөн стандарт орж ирээд тухайн байгууллагын соёлд шингэх замаар энэ бүх зүйлүүд чинь алга болдог. Тэгэхээр энэ бол олон улсад ч гэсэн яг энэ байдлаар явдаг. Би нэг жишээг бол мэдэж байна. Хятад улс 1990-ээд оны дундуур хамгийн том компаниудаа олон улсын бирж дээр гаргасан байдан юм. Яах гэж? 2 шалтгаанаар. 1-рт үнэлгээг нь тогтоох гэж, 2-рт тэр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулахгүй бол ерөөсөө дан төрийнхөн барьсаар дэндүү данхар болчихсон, үйл ажиллагааны үр бүтээмжтэй биш, маш өндөр зардлаар явдаг бараг ашиг гардаггүй. Тэгвэл энэ олон улсын хөрөнгийн биржид гаргах замаар тэр явдалуудаа маш сайн цэгцэлж чадсан. Өнөөдөр тэдгээр төрийн өмчит компаниуд нь Хятад улсын төсөв бүрдүүлэлт дээр томоохон хувийг эзлээд явж байгаа. Тэгэхээр манайх ч гэсэн энэ хэлбэрээр энэ том төслөө явуулаад эргээд магадгүй зарим нэг төрийн өмчит компаниудыг олон улсад гаргах замаар үйл ажиллагааг илүү сайжруулах арга зам байгаа гэж харж байна.

Дэлхий нийтийг хамарсан тахал, өвчний улмаас зөвхөн монгол улс гэхгүй, дэлхий н эдийн засаг зогсонги байдалд орчихлоо. Үр дагаврыг хохирол багатайгаар туулах гарах тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Энэ бол дан ганц Засгийн газрын хэрэгжүүлэх ажил биш. Энэ бол компаниудын ч, иргэдийн ч, төрийн ч гурван талын гурвуулангийнх нь хүлээх хариуцлага. Төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт энийг хамгаалахын тулд хийж чадах бүхнээ хийж байна гэж би харж байгаа. Энэ бол зөв. Хэдийгээр эдийн засагт энэ нь сөргөөр нөлөөлж байгаа ч гэсэн энэ бол зайлшгүй авах ёстой арга хэмжээ. Эрүүл мэнд №1. Эхлээд бид нар амьд байж, эрүүл байж дараа нь бид нар халаасан дахь мөнгөө ярина. Гэхдээ эрүүл, амьд байя гээд өлсөж үхэж бас болохгүй. Тэгэхийн тулд эдийн засагтаа гарч байгаа энэ нөхцөл байдлуудтай уялдуулаад арга хэмжээ авах ёстой. Тэрэн дээрээ авахдаа бид нар нотолгоонд суурилсан байя, цаг тухайд нь авч байя, авлаа гэхэд битгий дордуулаач. Дордуулаач гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд сая банкууд дээр бөөн бужигнаан боллоо, иргэд ч бөөн бухимдал үүслээ. Энэ чинь дахиад л нөгөө авна гэсэн арга хэмжээгээ ямар нэгэн байдлаар шийдээгүй, тодорхойгүй байдал үүсгэнээс болоод магадгүй ойрын хугацаанд, эсвэл дунд хугацаанд ч юм уу санхүүгийн салбартаа сөргөөр нөлөөлөх юм бас давхар хийчихэж байгаа юм. Компаниудын хувьд бол яг энэ нөхцөл байдал хамгийн хүнд тусч байгаа. Тэрийг бол ойлгож байна. Яг мөнчгөрөөрөө явж байгаа энэ компаниудад их сайн чиглэж арга хэмжээ авч чадах юм болэдийн засгийн хямралыг татвар төлөгч байгууллагууд арай гайгүй даваад гарах болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ нь байгаа онохгүй байх тусмаа зүгээр тарамдаад л ажил хийж байгаа юм шиг болоод харагдаад дуусах болов уу.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна.

Тухайлбал, Комисст ирсэн гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэлэн “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” сэдэвт нэгдүгээр бүлгийг боловсруулсан байна. Энэ хүрээнд “Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх”, “жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах” зэрэг 13 саналыг тусгажээ.

19 дэх илтгэлийн хоёрдугаар бүлгийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд боловсруулжээ. Улсын хэмжээнд 160 байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, энэ хүрээнд 1,681 төрийн албан хаагчаас авсан судалгааны санал асуулгын нэгтэсэн дүн, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага болон холбогдох байгууллагаас ирүүлсэн судалгаа, баримт, мэдээлэлд тулгуурлан дээрх бүлгийг боловсруулсан байна. Сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох зэрэг 6 саналыг тусгажээ.

Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Улмаар хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудал тулгамдаад буй. Иймд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтад төрөөс анхаарал хандуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, холбогдох эрх бүхий байгууллагын судалгаа, баримт, мэдээлэлд үндэслэн “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн гуравдугаар бүлгийг боловсруулжээ. Энэ хүрээнд хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг 4 саналыг тусгасан байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын мэдээлэл бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүрч холбогдох шийдвэр гарч ирсний зэрэгцээ олон нийт ч улс орны хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд ямар байр эзэлж байгаа талаар ач холбогдол өгөн анхаарч, мэдээлэл хайдаг болжээ. Иймд Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэн, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.