Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилж байна

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.

Харин энэ бямба ням гаригуудад 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах аж. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 8:00 – 09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай захирамж гарлаа

Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусний халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргалаа.

Тус захирамжид зааснаар 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.

Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

COVID-19 халдвараар ахмад настан, архаг өвчтэй хүмүүс өвчилбөл хүндрэх эрсдэлтэй байна

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Иймд АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН:

• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл уух
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй ядрахгүй байх
• Дулаан хувцаслах, даарахгүй байх
• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Та өөрийгөө аюулт өвчнөөс хамгаалж чадна.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Япон Улсад түр хугацаагаар зорчиж байгаа иргэдийн анхааралд

Коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр хугацаагаар цуцлаад байна.

Энэ хугацаанд Япон Улсад түр хугацаагаар оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “J” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж, хамгийн ойр байрлах Цагаачлалын албанд өөрийн биеэр очиж виз сунгалтаа мэдүүлнэ. Дараах бичиг баримтыг бүрдүүлж очиход анхаарна уу. Үүнд:

• Гадаад паспорт
• 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/
• Виз сунгуулахыг хүссэн анкет / http://www.moj.go.jp/content/001290197.pdf/
• Виз сунгалтын төлбөр 4,000 иен
• 2/28-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

Япон Улсын Цагаачлалын албанаас Таны визийг 15-30 хоногийн хугацаатай сунгана.
Жич: Тус ЭСЯ-ны зүгээс Японы Цагаачлалын албаны холбогдох албан тушаалтнуудтай уулзан, Япон орон даяарх Цагаачлалын албаны орон нутгийн салбаруудад тус улсад богино хугацаагаар зорчиж буй манай улсын иргэдийн визийг зохих журмын дагуу сунгаж өгөх хүсэлтийг хүргүүлээд байна. Иймд Япон Улсад ажлаар болон аялж яваа иргэд Токио дахь Монгол Улсын ЭСЯ болон Осака дахь ЕКГ-т заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

Танд харьяалагдах Япон Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу.
http://www.immi-moj.go.jp/english/info/index.html

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчсөн дэлгүүр, ресторануудыг шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн Засаг даргын А223 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, 252 алба хаагч явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж нийт 1616 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1440 шаардлага, 68 мэдэгдэл өгч, захирамж зөрчсөн нийт зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал,

  1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;
  2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;
  3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22:20 цагт үйл ажиллагаа явуулсан;
  4. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11 дүгээр давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22:45 цагт үйл ажиллагаа явуулсан
  5. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23:00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  6. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22:30 цагт үйл ажиллагаа явуулсан.
  7. Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  8. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гэйт зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.
Categories
мэдээ нийгэм

ТЕГ-аас коронавирусийн халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдлыг танилцууллаа

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ шинэ коронавирусийн халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ гаргажээ. Одоогоор манай улсад “Covid-19” вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна. БНХАУ-аас бусад оронд тархалт нэмэгдэж байна. Тухайлбал, Сүүлийн 7 хоногийн хугацаанд Ливан, Оман, Израйль, Афганистан, Грек, Дани, Австри, Эстони, Румын, Умард Македон, Гүрж, Пакистан, Норвеги, Испани, Бразил, Алжир, Швейцарь, Хорват, Бахрейн, Кувейт, Нидерланд, Сан Марино, Нигериа, Литва гэсэн 24 улсад шинээр илрээд байна.

Ингэснээр хоёрдугаар сарын 28-ны 12:00 цагийн байдлаар дэлхийн 51 улс (олон улсын 1 усан онгоц)-ад нийт 83.379 тохиолдол бүртгэгдэж, 2858 хүн нас бараад байна.

Хятад, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ-тэй ижил төстэй мутацид орсны улмаас “SARS”-ын вирустай харьцуулбал хүний эсэд нэвтрэх чадвар 100-аас 1000 дахин их байна гэсэн байна. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан вирустай хэрхэн тэмцэх, вирус юунаас үүдэлтэйг олж илрүүлэхэд чухал нөлөөтэй аж.

Улс орнуудад тархаад буй вирусын халдварын хувийг авч үзэхэд:

  • Англид 7132 тест хийснээс 13 эерэг буюу 0.2 хувь;
  • Италид 9462 тестээс 470 эерэг буюу 5.0 хувь;
  • Францад 762 тестээс 17 эерэг буюу 2.2. хувь;
  • Австрид 321 тестээс 2 эерэг буюу 0.6. хувь;
  • АНУ-д 445 тестээс 14 эерэг буюу 3.1. хувь гарсан байна.

  • БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж өнөөдрийн 12 цагийн байдлаар 2022 хүн халдвар авч, 13 нас бараад байна. Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр нийт халдвар авсан хүний 2.1 хувь буюу 33 тохиолдол нь ойрын хугацаанд гадаад улсад зорчих үедээ халдвар авсан, эсвэл халдвар авсан хүнтэй харилцаанд орсон бол 46 хувь нь Дэгү хот дахь христийн сүмтэй холбоотой байна. “COVID-19” вирусын тархалт эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа ч Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Түүнчлэн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкнаас олгох тусгай зээлийн хэмжээг 5 их наяд вон (4.1 тэрбум ам.доллар)-оос 30 их наяд вон болгон нэмэгдүүлэв. Төв банк эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь хэмээн таамаглаж байснаа 2.1 болгон буулгажээ. БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын Үндэсний ассамблей хөл хориог санаатайгаар зөрчсөн иргэнийг 1 жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна.
  • Тайвань вирусын тархалтын эсрэг авах арга хэмжээнд 2 тэрбум ам.долларыг зарцуулахаар бэлтгээд байна. “Вирусын халдвар олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед Тайвань хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Ерөнхийлөгч Цай Ин-Вен мэдэгдсэн бол 02 дугаар сарын 27-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар аюулгүй байдлын дээд зэрэгт шилжиж, онц байдал зарлах болсныг Ерөнхий сайд Су Цэн-Чан мэдэгдлээ. Тайваньд одоогоор 32 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас бараад байгаа. Энэ 7 хоногт тус улс Засгийн газраас хөл хорио тогтоож, гэртээ байхыг шаардсан шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг 2 сая тайвань доллараар торгох, эсвэл 2 жил хүртэл хорих арга хэмжээ авах шийдвэр гаргаад байна.
  • Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд К.Като энэ сарын 22-ны өдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр халдвар авсан хүмүүст “Avigan” гэх вирусын гаралтай ханиадны эмийг ашиглах нь үр дүнтэй байж болох талаар судалгаа хийж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв энэ эм үр дүн үзүүлбэл эмнэлгийн байгууллагуудад ашиглах санхүүжилтийг Засгийн газраас яаралтай шийдвэрлэх болно гэв. Түүнчлэн Японы Засгийн газраас коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен төсөвлөөд байна. Эдгээр ажлын хүрээнд Японы “Tosoh” корпораци 50 минутын дотор коронавирусын халдвартай эсэхийг тогтоох боломжтой “reagent” оношлуурыг зохион бүтээснээ зарлажээ. Харин уг вирусын халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалт, гар ариутгах бодис болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол бодитоор үүсээд байна. Японд 40 настай эмэгтэйг эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан ч дахин коронавирусаар өвчилсөн нь тогтоогдсон. Иймд тус улсын ЭМЯ эмнэлгээс гаргахаас өмнө дахин 2 удаа шинжилгээ авч баталгаажуулах шаардлагатай талаар мэдэгдэв. Мөн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе бага, дунд, ахлах сургуулийн хичээлийг 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хаах болсныг мэдэгдэв.
  • Саудын Араб шашны мөргөлд оролцох зорилготой гадаад улсын иргэдэд виз олгохыг зогсоох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жилд шашны мөргөлд оролцохоор 7.2 сая хүн тус улсад ирж байжээ.
  • Ираны Эрүүл мэндийн Дэд сайд болон Парламентын гишүүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Тус улсад коронавирусын халдварын тохиолдол 28-ны өдрийн 12 цагийн байдлаар 245 бүртгэгдэн, 26 хүн нас бараад байгаа бөгөөд албаны хүмүүс бодит тоо үүнээс харьцангуй их гэж үзэж байна. БНХАУ-аас гадна хамгийн их нас баралт бүртгэгдэж, бүс нутгийн хамгийн эрсдэлтэй улс болов.
  • Итали Улсад халдвар авсан хүний тоо 655-д хүрч, 17 хүн амь насаа алдаад байна. Мөн 11 хотод хөл хорио тогтоогоод байгаа ч тус улстай холбоотой шинэ тохиолдлууд Испани, Австри, Хорват, Щвейцарь, Франц зэрэг улсад бүртгэгдсээр байна.
  • Бразил Улсад бүртгэгдсэн өвчний анхны тохиолдол жуулчид ихээр ирдэг багт наадмын амралтын үетэй давхцав. Энэ сарын 21-26 хооронд зохион байгуулагдсан багт наадам 7 сая орчим (гадаадын 2 сая жуулчин, дотоодын 5 сая орчим иргэн) хүн оролцсон байна. Тус улсын үнэт цаасны индекс 7 хувиар унаад байна.
  • Европын орнуудад бүртгэгдээд байгаа тохиолдлын 60 хувь нь Умард Италид 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зорчсон иргэдтэй холбоотой байна. БНХАУ-ын эдийн засгийн бууралт, Германы үйлдвэрлэлийн салбарын сааралт, “Covid-19” вирусээс үүдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний тасалдал зэрэг нь Евро бүсийн 2020 оны эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйлс болж байна.
  • АНУ-д шинэ коронавирусын халдвар нэмэгдэж 60 хүн өвчлөөд байна. Иймд тус улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс халдварын эсрэг вакцин гаргаж авах зорилгоор сармагчин дээр туршилт явуулжээ. Туршилтыг 2 төрлийн аргаар 6 өдрийн турш явуулахад халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг вакциныг хэрэглэх нь уушги болон амьсгалын замын эрхтэнүүдийн үйл ажиллагааг бага гэмтээдэг болохыг тогтоосон байна. АНУ-ын Төрийн департаментаас Итали, Монгол, Иран Улсад зорчихгүй байх зөвлөмж гаргаад байна. АНУ-ын Калифорниа мужид гадаад улсад зорчоогүй, бусад батлагдсан тохиолдлуудтай харилцаанд ороогүй 1 хүн халдвар авсан нь батлагдаж тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлав. Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг уг өвчний эсрэг авах арга хэмжээг удирдах үүргийн 02 дугаар сарын 27-ны өдөр өгөв. Мөн Д.Трамп АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтыг намжаах зорилгоор мэдэгдэл хийх үедээ нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан өөр улсаас ирэх зорчигчдод хориг тавьж магадгүй гэж мэдэгдэв. АНУ-ын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “COVID-19” вирусын тархалт БНСУ-д нэмэгдэж буйтай холбогдуулан зайлшгүй тохиолдлоос бусад нөхцөлд БНСУ руу зорчихгүй байхыг зөвлөн анхааруулгын 3 дугаар түвшин рүү шилжүүлжээ. Түүнчлэн Цагаан ордоноос болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгах хүсэлтийг Конгресст гаргасан байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан ээлжит хээрийн сургуулийг хойшлуулах талаар зөвлөлдөж байгаа гэж Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдэв.
  • Казахстан Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд бусад улсаас ирэх жуулчид болон өөрийн иргэдийг шинжилгээнд хамруулж, өвчний тархалт ихтэй газраас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байна. Тус улсад амны хаалт хомсдолтой байгаа ч иргэд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. БНХАУ-тай хиллэж буй “Хоргос” чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаасан ч БНХАУ руу хийх байгалийн хийн экспорт хэвийн үргэлжилж байна. Мөн 3 дугаар сарын 01-нээс БНКазУ-БНИУ-ын чиглэлийн бүх нислэгийг зогсоож, БНСУ-ын нислэгийн тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэсэн.
  • БНХАУ-д 02 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 78.832 хүн халдвар авсан болох нь тогтоогдож 2.788 хүн амь насаа алдаад байна. Мөн 36165 хүн эдгэрч эмнэлгийн хяналтаас гарсан байна. Гэсэн хэдий ч эдгэрсэн гэж үзсэн өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийхэд цөөнгүй хүний хариу “эерэг” гарч байгаа аж. Тухайлбал, Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн эмнэлгээс эдгэрсэн гэж гарсан өвчтөнүүдийн 14 орчим хувиас вирус дахин илэрсэн байна. Энэ нь эдгэрсэн гэх хүмүүс вирус тарааж байж болзошгүйг харуулж байна. Гэхдээ эдгээр өвчтөнүүд халдвартай хэвээр байх эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй байгаа хэмээн Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирлын орлогч Сүн Ти мэдэгдэв. БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаас гадна “Covid-19” вируст өртсөн бүс нутгуудын жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлуулах зэрэг төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч үйлдвэрлэлийн сүлжээнд тасалдал үүссэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч БНХАУ-ын эдийн засагт эрсдэл нэмэгдэхийн хэрээр уул уурхайн салбарт илүү хүнд цохилт болохоор байна. Тухайлбал, “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 5, “BHP Group”-ийнх 4, “Fortescue Metals”-ийнх 7 орчим хувиар тус тус буураад байна. Мөн хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүүг бууруулах, халдварын улмаас зээлээ төлж чадаагүй иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах, торгууль ногдуулахгүй байх шийдвэр гаргаад байна. Тус хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэхээр 500 тэрбум юанийг төсөвлөв. Мөн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг 0.25 нэгжээр бууруулж 2.5 хувь болгожээ. БНХАУ-ын Засгийн газар “бага эрсдэлтэй” газар орны Цагаачлалын албыг виз болон паспортын үйлчилгээг сэргээх, “дунд эрсдэлтэй” газарт нөхцөл байдалтайгаа уялдуулан үйлчилгээг сэргээж болох зөвлөмж өгсөн байна. Хубэй мужийн Чаньжян хот (1 сая орчим оршин суугчтай)-ын дарга вирусын халдвар авсан байж болзошгүй хүний талаар мэдээлэл өгч, шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон нөхцөлд 10 мянган юань /1425 ам.доллар/-ийн урамшуулал олгоно хэмээн мэдэгдэв. Тус улсын Цинхуа болон Бээжингийн их сургуулиудын албан ёсны цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хичээлийг байршуулж эхлээд байгаа бол жижиг сургуулиуд “ВиЧат” аппликейшныг ашиглан оюутнуудад хичээлүүдийг хүргэж байна.
  • ОХУ-ын Хорио цээрийн албаны мэдээлснээр тус улсад коронавирусын халдвар шинээр бүртгэгдээгүй (өмнө нь 2 тохиолдол илэрч, эдгэрсэн). Гэвч ОХУ-ын Засгийн газраас коронавирусын халдварыг онц аюултай өвчний жагсаалтад оруулж хүн ам олноор цуглардаг хоолны газар, худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргаад байна. БНХАУ-тай хиллэдэг мужуудад онц байдал зарласан бөгөөд БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг түр хориглож, тус улстай хиллэдэг ихэнх хилийн боомтуудаа хаагаад байна. Коронавирусын дэгдэлт ОХУ-ын эдийн засагт багагүй нөлөө үзүүлж байна. Түүнчлэн 02 дугаар сарын 28-ны өдрөөс Ираны иргэдэд виз олгохыг түр зогсоож, 03 дугаар сарын 01-ний өдрөөс БНСУ руу хийх бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Итали Улсад өвчний тархалт нэмэгдэж байгаа ч тус улс нь Европын холбооны гишүүн орон тул дээр дурдсан хязгаарлалтыг шууд хийхэд хүндрэлтэй байгаа аж. “Covid-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-ын Засгийн газрын дэргэд байгуулагдсан Шуурхай удирдлагын штабаас 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гаргасан бүх төрлийн хязгаарлах шийдвэрийг 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
  • 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ОХУ, БНСУ хоорондын бүх нислэгийг хязгаарлах,
  • Агаарын тээврийн “Аврора” компани Москва-Сөүл-Москва чиглэлийн нислэг үйлдэх, БНСУ-д байгаа ОХУ-ын иргэдийг бүрэн буцах хүртэл чартер нислэг үйлдэнэ.
  • БНСУ-аас Москвад ирэх зорчигчдыг зөвхөн “Шеремеьево” нисэх буудлын “F” терминалаар хүлээн авах.
  • 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Ираны иргэдэд албаны болон хүмүүнлэгийн визээс бусад бүх төрлийн виз олголтыг зогсоох /тэр дундаа транзит виз/. Зохих ангиллын визтэй Иран иргэд мөн “Шереметьево” нисэх буудлын “F” терминалаар зорчих.

ОХУ-ын иргэдийг Итали Улсад зорчихгүй байх зөвлөмжийг өгч, аялал жуулчлалын компаниудад энэ талаар сануулга, мэдээлэл өгч ажиллах зэрэг орно. ОХУ-ын Воронеж мужид Итали Улсаас ирсэн эмэгтэйг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн хөл хорионд оруулж, ойрын харилцаатай байсан хүмүүсийг нь эмнэлгийн хяналтад авсан байна. Мөн Итали Улсад вирусын тархалт нэмэгдэж байгаа тул “Москва-Ницца” чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов. Тувагийн БНУ-д коронавирусын тархалтын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан, амны хаалт, ариутгалын бодисын үнийг нэмсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах талаар Засгийн газрын шийдвэр гараад байна.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхийг ажлаас нь чөлөөлжээ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тушаалаар МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхийг чөлөөлжээ.

Тодруулбал, Ц.Бат-Энх шинэ коронавирусийн халдвар тархсан газраас буюу БНСУ-аас Японоор дамжин өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу халдвар тархсан газраас ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзсан байна.

Намын дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгажээ. Улмаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр боллоо.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргав.

  1. Хяналтын зөвлөлөөс 2019 онд Монголбанкны удирдлагад хүргүүлсэн санал зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох
  2. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар Монголбанкны ХЭЗГ-ын захирал Д.Аюуш, ДАГ-ын захирал Т.Амарсайхан нарын санал, бодлыг сонсох;
  3. Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийн гадаад томилолттой холбоотой олон улсын туршлага судалсан тухай мэдээлэл сонсож, санал солилцох;
  4. Хяналтын зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг эцэслэн шийдвэрлэх;

Тус хурлаар Монголбанкны Хяналтын зөвлөлөөс 2019 онд Монголбанкны удирдлагад хүргүүлсэн дараах зарим санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Үүнд:

Монголбанкны төсвийг дунд хугацаанд төлөвлөх, тулгадсан гол асуудалд хөрөнгө мөнгийг хуваарилах, захиалгаар гадаадаас авдаг мэдээ, судалгааны материалыг орчуулж, олон нийтийн хүртээл болгох, хүүгийн нэгдсэн бодлого явуулах, Монголбанкны үйл ажиллагааны ашиг алдагдлын тэнцвэрийг хангах, санхүүгийн тайлангийн үр ашгийн үзүүлэлтүүд, шинэ стандартын дагуу хийгдэх хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцоололд онцгой анхаарал тавьж ажиллах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн орны санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв ашиглах харилцан уялдаа бүхий макро-мөнгөний болон макро-сангийн бодлогыг хэрэгжүүлэх арга механизм, олон улсын тэргүүний туршлагыг хамтран судалж, хэрэгжүүлэх зэрэг санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцав.

Дээр дурдсан санал, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул, Мэдээлэл технологийн газрын захирал Д.Довчинбазар, Эдийн засгийн сургалт, судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ц.Батмөнх, Тамгын газрын төсвийн ахлах мэргэжилтэн О.Бадамцоо нар мэдээлэл хийж, санал солилцов. Шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилт сайн байгааг Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу дурьдаад цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим анхаарал татсан асуудлын талаар Тамгын газарт дахин судлахыг санал болгов.

Мөн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, гишүүн Б.Цэрэнбалтав нарын боловсруулсан төсөлтэй танилцсан Монголбанкны Хууль,эрх зүйн газрын саналыг тус газрын ахлах мэргэжилтэн Ө.Мөнх-Ундрага танилцуулж, Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийн гадаад томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, мэдээллийг Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хийлээ. Хуульд оруулах өөрчлөлт болон гадаад томилолтын гол үр дүн, тэргүүний туршлагыг Монголбанкны удирдлагад танилцуулж, санал бодлоо солилцохоор тохиров.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-нд шилжин ажиллаж байна

Монгол Улсын шадар сайдын “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хооронд мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Коронавируст (Ковид-19) халдварын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоонд ажиллах баг томилогдон үйл ажиллагаагаа идэвхижүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбар Коронавируст (Ковид-19) халдварын үед шуурхай байдлыг хангаж ажиллах:
1. Төлөвлөлтийн баг,
2. Хариу арга хэмжээний баг,
3. Эрсдэлийн үеийн харилцаа, холбооны баг,
4. Санхүү хөрөнгө оруулалтын багт ажил үүргээ хуваарилан, холбогдох төлөвлөлтийг хийж хэрэгжилтийг хангаж ажиллах юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, багуудын хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонсч, зөвлөгөө, чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийнхан БНХАУ-д мянган хонины тусламж үзүүлэхээр болов

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д шуурхай айлчлал хийХ үеэрээ 30 мянган бог мал хандивлах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газар энэхүү 30 мянган бог мал дээр нэмж нэг мянган хониор туслахыг хүсэж буйгаа албан бичгээр уламжилжээ.