Categories
мэдээ нийгэм

Чанар хяналтын хэлтсийнхэн “Саналын чанарыг сайжруулъя” уриан дор ажиллажээ

Өнгөрсөн онд Чанар хяналтын хэлтсийнхэн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны чиглэлээр өндөр бүтээмжтэй ажилласан байна. “Бид 2019 онд “Саналын чанарыг сайжруулъя” зорилт дэвшүүлж ажилласан. Ингэснээр үр ашигтай төслийн санал нэмэгдэж, олон тооны биш чанартай санал санаачилга гаргах идэвх чармайлт дээшиллээ гэж Чанар хяналтын хэлтсийн Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатар онцлов. Ажиллагсдын зүгээс нийт 152 санал гаргаснаас 148 нь сайн саналын ангилалд бүртгэгдэж, эдгээрийг 18 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлжээ. Цехийн хэмжээнд инноваци сайн саналын дөрвөн томоохон төсөл хэрэгжсэн байна. Тухайлбал, Химийн төв лабораторийн халаах зуухны шинэчлэл, Ил уурхайн хүдэр олборлолтын явц дахь эрдсийн мэдээллийг автоматжуулсан бөгөөд хүдэр дэх зэсийн агуулгаар хүдэр дундажлалын коэффициент тооцох аргачлал боловсруулж, MAS системд оруулж үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Мөн “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн эрдсийн хам үүсэл нь хам баяжуулалтын процесст нөлөөлөх нөлөөллийн судалгааг эхлүүлжээ. Эдгээр төсөл, судалгаа шинжилгээний ажлуудыг тус хэлтсийн Техник хяналтын албаны технологич инженер, доктор О.Баттогтох санаачлан гүйцэтгэсэн байна.

Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Б.Чанцалмаа ОХУ болон манай улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан төсөлд “Монгол Улсын эрдэс түүхий эдийн цогцолборын үнэлгээний аргачлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах онолын судалгаа” сэдвээр оролцож, тэтгэлэгт хамрагдан дээрх судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн Химийн төв лабораторийн лаборант С.Одончимэгийн “Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт арга боловсруулах нь” эрдэм шинжилгээ судалгааны ажил БСШУСЯ-ын яамны 10 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ. Тус хэлтсийн хамт олон өнгөрсөн оны бүтээмж чанарын ажлаа дүгнэхэд, Сайн саналын системд оролцох ажилчдын идэвх дээшилж, чанартай саналын тоо нь өмнөх оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болов

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарал хандуулж, шат дараалсан бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болов.

Ийнхүү экспортлогчид маань жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Бямба гарагт өөрсдийн ажил мэргэжлийн тэмдэглэлт өдөртэй болж, ололт, амжилт, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлж байх боломжтой боллоо.

Экспортлогчдын тэмдэглэлт өдөртэй болсноор үйлдвэрлэгчид, экспортлогчид үүний дотор уул уурхайн бус экспортлогчид нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, загвар хийц, чанарыг сайжруулах, зах зээлээ өргөжүүлэн хөгжүүлэх, төрөлжүүлэх, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд бодит ахиц, дэвшил гарна хэмээн үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам, орон сууцны тооллого орон даяар эхэллээ

Арван жил тутам нэг удаа болдог хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00:00 цагт эхэллээ.

УИХ-аас тогтоосон товын дагуу Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны удирдлагууд болон холбогдох албаныхан өчигдөр орой /2020.01.08/ 23.30 цагт нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн тооллогын түр хороотой холбогдож, тооллого орон даяар албан ёсоор эхэлснийг мэдэгдэв. Тооллогын комисст анхан шатны тоологч, шалгагч, статистикч зэрэг тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байгаа аж.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит Улсын тооллогыг энгийн санамсаргүй түүврийн аргаар тоолох юм байна. Хуулинд зааснаар ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Тиймээс тооллого энэ сарын 9-нөөс 15-ны хооронд үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Лхаахүү: Бидний бичсэн “Цагаан толгой”-г нэрийг нь өөрчлөөд л сурах бичиг болгосон. Зарим зүйлийг нь бүр дордуулчихсан

“Цагаан толгой”-н хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн МУБИС-ийн хүндэт профессор, Ардын багш Г.Лхаахүүтэй ярилцлаа.

-Та долоон ахтай айлын ганц охин нь, аав тань түвд, монгол хэл бичигтэй эрдэм номтой хүн байсан гэж дуулсан. Ганц охин нь болохоор таныг эрдэм номтой болгохыг зорьсон гэсэн. Бага насны тань дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Тийм ээ. Би долоон ахтай, найман хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Олон ах нарын дунд өссөн болохоор эршүүд, хэнэггүй, эмэгтэй хүний нарийн нандин зангүй гэмээр ч юм уу хүмүүжсэн л дээ. Аав минь намайг жаахан байхад бурхан болчихсон. Ээж ганц охиноо эрдэм номтой хүн болгох юмсан гээд “Аль ч төрд ном л хэрэгтэй шүү. Миний охин ном л сураарай” хэмээн захидаг байсан. Ээжийнхээ сэтгэлд хүртэл ном сурсан ч юм уу, үгүй ч юм уу. Нэг удаа “За аштай юу даа. Охин минь овоо ном эрдэм сурлаа. Миний охин номоо сайн хичээж яваарай” гэж хэлсэн. Ээж минь өөрөө номтой айлын хүүхэд. Оюунлаг,*гэгээлэг гэр бүлд өссөн хүн л дээ. Би ээжийнхээ нэлээд оройтсон үед гарсан хэнз хүүхэд. Ах нар бүгд эрийн цээнд хүрээд амьдрал ахуйгаа хөөгөөд явчихсан. Би голдуу ээжтэйгээ л цуг байдаг. 86 насыг зооглоод ээж минь бурхны орондоо заларсан даа.

-Багш болох хүсэл хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Бага сургуульд байхаасаа л багш нарыгаа харж дуурайж, эрдэмд шамдаж эхэлсэн. Тэгж явсаар байгаад л багш болсон. Сүүлдээ гавьяат, ардын багш боллоо.

-Аав тань яг юу хийдэг хүн байв. Эрдэм номтой хүн байсан гэсэн шүү дээ?

-Манай аав ер нь малчин хүн л дээ. Монгол бичиг, түвд үсэг мэддэг, ардын засгийн үед сүүн тасгийн завод гэж байсан. Тэнд ажиллаад сүү саалийг нь аваад улсад тушаадаг, заводын эрхлэгч хийдэг байв. Мөн хошуу тамгынхаа газарт тал бичээч хийнэ.

Малаа маллана, зав зайгаар нь ан гөрөө хийдэг. Тийм л хүн байсан. Аавд минь ном судар их байдаг. Надад тэрхүү ном судрууд нь өвлөгдөж үлдсэн. Тэр үед үнсэн самбар гэж байсан даа. Аавын минь үнсэн самбар гэж их том шоголтой номны шогол шиг 7-8 хуудастай.

Тэр самбар нь бас надад үлдсэн юм. Би түүнийг нь өөрийнхөө багш мэргэжилтэй охинд өвлүүлээд өгчихсөн. Охин минь ном зохиол оролддог. Уг нь бол сүлжмэлийн инженер хүн. Одоо МУБИС-ийн Дүрслэх урлаг, дизайны сургуулийн захирал. Охин бас номонд их дуртай. Чөлөө заваараа ном зохиол оролддог болохоор нь охиндоо өвлүүлсэн.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Ханийг минь Н.Бэрс гэдэг. Худалдааны гавьяат ажилтан. Насаараа төрд зүтгэсэн. Бид хоёр хүү, дөрвөн охинтой. Ач зээ нийлээд хориод болсон. Гуч нар минь арваад болж. Хүүхдүүд минь багш, дипломатч, эдийн засагч гээд улс нийгэмдээ өөрсдийн хүчээ өргөөд л явж байна. Манай хүүхдүүд бүгд 2-3 хэлтэй. Би хүүхдүүдтэйгээ сайн ажилладаг байсан л даа. Одоо бүгд л дээд боловсрол эзэмшсэн. Ач, гуч нар маань ч боловсрол caйтaй өсөж байна.

-Багш болсон түүхээсээ хуваалцаач. Долдугаар ангиа төгсөөд багш болсон гэсэн үү?

-Би долдугаар ангиа төгсөөд л багшаар ажилласан. Гэхдээ Улаанбаатар хотын Багшийн сургуульд нэг жил сурсан. Нэг жил сураад бие жаахан тааруу очсон чинь ээж минь явуулаагүй. “Бие чинь муу байна. Хотод агаар нь таарахгүй байгаа байх” гээд явуулаагүй. Тэгээд нутагтаа багшилсан.

Дараа нь 1979 онд Багшийн техникум төгсөөд, дахиад Багшийн их сургуулийг онц дүнтэй төгссөн. Ерөнхий боловсролын сургуульд 20-иод жил, МУБИС-д бас хорь гаруй жил багшилжээ. Одоо ч гэсэн зөвлөх багшаар ном сурах бичгээ хийгээд л явж байна. 

-Таныг залуу багш байхад Соёлын довтолгоо ид өрнөж, багш нарыг их дайчилсан гэсэн. Тэр үеийн дурсамжаасаа ярихгүй юу?

-Соёлын довтолгоо 1950-1960 хэдэн он хүртэл үргэлжилсэн юм. Төр засгийн бодлогоор ард түмнийг соёлжуулах, гэгээрүүлэх, бичиг үсэгтэн болгох зорилготой үйл ажиллагаа байсан юм.

Би тэр үед дөнгөж 16 настай. Багшлаад удаагүй. Зуны амралтаараа сүүн тасгийн заводын саальчин бүсгүйчүүдэд бичиг үсэг заадаг байлаа. Хүмүүст бичиг үсэг заагаад, сурсан хүнд нь бичиг үсэгтэн боллоо гээд үнэмлэх тараана. Дараа нь аймгийн төвд орж ажиллах хугацаандаа гэр бүл зохиож, үр хүүхэдтэй ч болсон. Тэр үед албан байгууллагын ажилчдад оройн цагаар хичээл заана. Тэгж бичиг үсэгтэн болгодог байсан юм.

-Том хүнд бичиг үсэг заах, хүүхдэд заах ялгаатай юу?

-Том хүнд хичээл заах их ялгаатай, сонирхолтой. Бичиг үсэг юу ч мэдэхгүй хүнд зааж егөөд явуулна. Бичиг үсгээ нүдлээд тогтоогоод ирээрэй гэхээр маргааш нь ирээд надад шалгуулна. Би чинь 18-19-тэй жаахан охин байсан болохоор нөгөөдүүлээ шоолно, шоглоно. Том хүмүүс их идэвхтэй сурна. Нүдэлж, тогтоо гэсэн зүйлийг тэр дор нь тогтооно. Маш идэвхтэй сурдаг байсан шүү. Энэ бол манай засаг төрөөс явуулсан монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг олон арга барилаар явуулж байсны нэг илрэл нь юм даа гэж боддог.


-“Цагаан толгой”-той хэзээнээс холбогдож эхлэв?

-1982 оноос сурах бичигтэй холбогдож эхэлсэн.

Миний багш Б.Цэвэгжав гэж 1941 онд анх кирилл үсгийг авахад Ц.Дамдинсүрэн гуайтай хамт кирилл бичгийн сурах бичгийг зохиож явсан хүн. Анхны “Цагаан толгой”-г бол багш минь бичсэн. Тэгээд Б.Цэвэгжав багш 1982 онд намайг сурах бичгийнхээ авторт аваад морьтой “Цагаан толгой”-г бид бичээд гурван удаагийн хэвлэл гаргасан. Нэгдүгээр хэвлэл, хоёрдугаар хэвлэл, гуравдугаар хэвлэл гээд.

Эхний хэвлэлээ үзээд дараагийн хэвлэлд нь ямар алдаа байна түүнийгээ засаад, юу шинээр оруулах вэ, юуг нь сайжруулах вэ гэж сайжруулж явсаар гурван хэвлэл гарсан юм.

Тэр “Цагаан толгой”-н одоогийнхоос ялгаатай тал нь монгол ахуйг их шингээсэн, монгол зан заншлыг харуулсан сурах бичиг. Ямар сайндаа л хөдөө талд моринд сундлаад явж байгаа хоёр сурагчийн зурагтай хавтастай. Одоо харахад гоё юм байна. Одооны сурах бичгийг гоё, сайхан болгох гээд янз бүрийн хавтас хийгээд л байна. Тэр бол хамгийн сайхан хавтас байж гэж одоо бодогддог.

-Тэр цагаан толгойг одооны сурах бичигтэй харьцуулахад ялгаатай тал нь юу вэ?

-Тэр үед иж бүрэн гаргадаг байсан. Сурах бичгээ бичнэ. Энэ сурах бичгээр яаж заах вэ гэдэг аргаа бичнэ. Аргыг нь сэтгүүлээр дамжуулж бичдэг. “Багш”, “Сурган хүмүүжүүлэх” гэдэг хоёр сэтгүүл гардаг байсан. Тэр хоёр сэтгүүлээр дамжуулаад энэ сурах бичгийг ингэж ашиглана, тэр зургийг ингэж яриулна, энэ үгийг ингэж уншуулна гэх мэтээр заавар зөвлөгөөг нь заавал өгдөг.

Тэгээд бүх багш нарыг аймаг аймгаар нь бүсчлээд.очиж бүх хичээлийн заах аргыг заадаг. Хоёрдугаарт, багшийн хэрэглэх үзүүлэнг нь тэр чигт нь хийж өгнө. Номыг нь уншуулчихаад энэ үзүүлэнг үзүүлж бататгана гээд том цаасан дээр хийсэн хэвлэмэл үзүүлэнгүүд тараана. Авиагаа таниулахдаа энэ зургийг ашиглаж таниулна гэж заадаг байсан.

Тэр нь багш нарт яаж заах аргаа олоход нь хэрэгтэй байдаг байж. Багш нарын ажлыг их хөнгөвчилж өгдөг байж. Багш нарт хүүхэдтэй ажиллах цагийг нь гаргаж өгдөг байж гэж одоо бодогддог.

-6, 7, 8 настай хүүхдүүдийн “Цагаан толгой”-г бичихэд бүгдэд нь гар бие оролцож явсан. Тэгэхээр 6, 7, 8 настай хүүхдийн сурах чадварын ялгаа хэр байдаг вэ?

-Намайг анх “Цагаан толгой”-г зохиож байхад дандаа найман настай хүүхдүуд нэгдүгээр ангид ордог байсан. Ганц нэгхэн ес, долоон настай хүүхдүүд орно. Найман настай хүүхдийг сургуульд ороход нийгмийн хөгжлөөсөө шалтгаалаад одоогийн зарим нэг долоон настай хүүхдээсээ бүрэг байх тохиолдол байсан.

Гэхдээ оюун ухааны хөгжил сайн төлөвшсөн. Тодорхой хэмжээгээр юмыг хүлээж авах оюун ухаан нь бэлтгэгдчихсэн. Тэвчээр, анхаарал төвлөрөлт, юм сурах чадвар нь бага цагт их юм сурах чадвартай байдаг. Хүүхдийн хөгжлийнхөө онцлогоос шалтгаалаад. Тэгээд найман настай хүүхэд сургуульд орохоо болиод долоон настай хүүхдүүд орох болсон.

Долоон настай хүүхдүүдийн сурах бичгийг Багшийн сургуулийн хэдэн багш, Наранцэцэг гээд манай сургуулийн бас нэг багш, арван жилийн хэдэн багш нарын хамт бичсэн. Тэр үед нийгмийн хөгжил ч бас арай давшингуй болсон. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллах арга барил, мэдлэг чадварын хувьд сайн байсан. Хүүхдийн юмыг тогтоох чадвар сайн байсан ч анхаарал нь найман настай хүүхдийг бодвол сул.

Маш богино хугацаанд гол зүйлээ өгөх шаардлага багш нарт тулгарсан л даа. Нэг насны зөрүү гэдэг маш их ялгаатай. Зургаан настай хүүхдийн хувьд тогтоох чадвар, анхаарал төвлөрөх, анхаарлаа шилжүүлэх, анхаарлаа хуваарилах гээд сэтгэл зүйн нарийн юмнууд бий. Тэр чадварууддаа 6, 7 настай хүүхэд нэлээд хөнгөн. Найман настай хүүхэд нь арай удаан, өөрийгөө бариад сууж чаддаг. Ийм ялгаанууд гарсан.

Тэгээд 6, 7, 8 настай хүүхдийн сурах бичгүүд дундаас долоон настнуудад зориулсан сурах бичгээр 16 сургуульд туршилт хийсэн юм. Туршилт хийхэд “Үүнийг жаахан хөнгөвчлөөд зургаан настай хүүхдэд сургаж болох сурах бичиг байна” гэсэн дүгнэлт гарсан. Тэр үед Боловсролын яамнаас тендер зарласан. Уралдаант дүрмээр зохиохгүй бол сайн сурах бичиг бичих хүмүүс ард үлдэж магадгүй гэж бодсон байх. Тэр зөв л дөө.

Бид тендерт ороод манай ном бусдаасаа нэлээд хол давуу түрүүлсэн. Тэгээд манай номыг зургаан настай хүүхдүүдэд хэрэглэсэн. Номыг маань нэг жил туршаад болох юм байна гэж зөвшөөрөөд хэрэглэж эхэлсэн л дээ. Гэхдээ одоо бол хэрэглэхгүй байгаа. Яагаад гэвэл олон тендерт орсон бол хоёрдугаар байрт орсон сурах бичиг явна гээд хассан. Тэр нь ч яваагүй.

Тэгээд одоо бүр огт тендергүй болгоод хувь хүмүүс зохиогоод автор болоод явчихсан. Тэр бол байж болох асуудал л даа. Гэхдээ бидний хийсэн зүйлийг ер шинэчлээгүй. Сурах бичигт агуулга, арга зүй, дизайн, хэрэглэгдэхүүн, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулах гээд олон зүйл байна шүү дээ.

Энэ бүгдийг харгалзаж үзээд бидний цагаан толгойгоос өөр цоо шинэ сурах бичиг гаргасан бол болно. Гэтэл тийм биш. Бидний л зохиосон зүйлийг нэрийг нь өөрчлөөд л үндсэндээ гаргаад байна. Бараг хэвээрээ шахуу. Зарим зүйлийг нь бүр дордуулчихсан.

-Зургаан настай хүүхдүүд эрдмийн баяраа хавар хийдэг болж. Долоо, найман настай хүүхдүүд шинэ жилтэйгээ цуг хийдэг байсан шүү дээ. Энэ нь хүүхдийн хүлээж авах чадвартай холбоотой юу? 

-Эрдэм шинжилгээний ажилчид зургаан настай хүүхдийг ядраахгүйгээр аажуу үзэх гэсэн бодлого баримталж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ зургаан настай хүүхдийг туршилтаар хагас жилд уншуулж бичүүлээд сургаж болж байсан. Манайх гадныхныг дуурайгаад байна уу даа.

Монголд хийж байгаа бол монгол хүүхдийнхээ сэтгэлгээ, монгол ёс заншил, монгол хүүхдийн сурах арга барил гээд бүх зүйлтэй нь холбогдох ёстой юм. Гэтэл манайхан гадныхныг дуурайгаад “Өө тэнд бүтэн жил үздэг юм байна. Манайх түргэсээд байна, тэнд тэгж заадаг, энд ингэдэг гэсэн хандлага яваад байна уу даа л гэж би боддог. Хавар болтол үзэж болно.

Болохдоо нэг дутагдал байгаад байна. Ямар дутагдал гэхээр хүүхдүүд Цагаан толгойг үзсэний дараа Унших бичиг гэж ном ордог байсан. 65-хан цагийн хичээл үздэг. Тэр 65 цагт Цагаан толгойд үзсэн зүйлээ бодит болгох, амьдралд хэрэглэх, амных нь ээдрээг гаргах хэмжээний болгоод егдөг байхгүй юу. Ном унших дуртай болгоно. Цагаан толгойн үед хүүхдэд хэцүү шүү дээ.

Тогтоохгүй, нүдлэхгүй, ядарна гээд янз бүр болдог. Цагаан толгойг дуусгаад унших бичиг рүү ороход тэр бэрхшээлүүдийг арилгадаг сайн талтай. Одоо тэр нь байхгүй болчихсон. Монгол хэл, Цагаан толгой, Унших бичиг нийлээд нэг болчихсон чинь хүүхдийн унших чадварт их муу нөлөөлж байна гэж судалгаагаар гарсан.

-Сургуульд орох гэж байгаа хүүхдээ эцэг эхчүүд яаж бэлтгэх ёстой вэ?

-Сургуульд орох гэж байгаа хүүхдээ ээж, аав, багш аль аль нь сэтгэл зүйгээр нь л сайн бэлтгэ. Харааны ой тогтоох ажил хийлгэ. Хараад юуг ч байсан тогтоодог. Дүрс хэлбэр, өнгө гээд бүхнийг тогтоолго. Байшин, гэр, шатар, бөмбөг, өндөр нам, өргөн нарийн, том жижиг ямар хэлбэртэй вэ гээд харааны ойтой сайн ажиллах.

Хэлбэр дүрс нүдэлчихсэн хүүхэд үсэг сайн нүдэлдэг. Хоёрдугаарт, хүүхдийн хэлний ээдрээг арилгах. Монголчууд салиаг нь арилгах гэж ярьдаг. Хэлний ээдрээг гаргах зүйр цэцэн үг, хэлц үг, түргэн хэллэг, дайралцаа үг сайн хэлүүлэх. Хэл нь зүгширсэн хүүхэд уншихад амархан болдог. Гуравдугаарт, хүүхдийн сонсголыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Машин гэхэд дотроо янз бүрийн дуутай.

Машин бүрээр нь ялгаж сонсож таниулах, байгальд байгаа амьтдын дууг ялгаж сургах чухал. Ишиг, ямаа хоёрын дуугарах ялгааг хүртэл ойлгуулахад хүүхэд маш эергээр нөлөөлнө. Эх мал нэг өөр дуутай. Төл мал өөр дуутай. Тэр ялгааг мэдрүүлэх хэрэгтэй. Тэр чинь чих онгойлгож өгдөг байхгүй юу.

Янз бүрийн чимээг ялгаж сурсан хүүхдийн авианы сонсгол нь сайн байдаг. Гадаад хэл сурахад хүүхдийн чих гурван сарын дотор онгойдог гэж би уншсан. Жишээ ярихад, монгол хүүхэд францад очоод эхэндээ юу ч ойлгодоггүй байж. Гурван сарын дараа нэг өдөр гэртээ ирээд ээж аавдаа “Манай багш өнөөдөр монголоор ярьсан” гэж хэлжээ. Ээж аав нь гайхаад “Ямар үг хэлсэн юм бэ миний хүү” гээд асуусан чинь өөдөөс нь франц үг хэлсэн гэж байгаа.

Тэгэхээр хүүхэд ойлгоод ирэхээр чих онгойгоод монгол үг гэж ойлгосон байна. Хүүхдийн чих тэгж онгойдог байх нь. Чих онгойлгох зүйлүүдийг хүүхдэдээ сайн хийлгэ. Бэлтгэл гэж зүйлийг хийлгэхгүйгээр хүүхдэд шууд заагаад байхаар хүнд тусна.

Албадлагагүйгээр хүүхэд маш сайн сурдаг. Ширээний ард суулгачихаад л унш гээд байхаар хүүхэд сурахгүй шүү дээ. Гэхдээ ангийн системийг муу гэж байгаа юм биш. Бэлтгэл хийлгээгүйгээс л хүүхэд уншиж сурахад хэцүү байг^аа юм.

Хамгийн гол нь сэтгэл зүйгээр нь сайн бэлтгэх хэрэгтэй. Энэ хэлээд байгаа зүйлүүд нэг талаар хүүхдийн сэтгэл зүйг л бэлтгээд байгаа хэрэг.

Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг” наадам өнөөдөр болно

Өнөөдөр МЗЭ-ийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна. Эл бэлэг дэмбэрэлтэй өдөр “Утгын чимэг” наадмын шилдэгүүд тодорно. Наадмын үйл ажиллагаа болон шагнал гардуулах ёслол орой 18.00 цагт Монголын хүүхэлдэйн театрт болох юм. Энэ жилийн “Утгын чимэг” наадмыг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит болгон зохион байгуулж буй. Д.Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн.  Тэрээр1987 онд Москва хотод А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. 1971 оноос уран бүтээлээ эхэлж “Гандирсын хотын Хандармаа минь” 1981, “Зуны тэргүүн сар” 1983, “Тооройн төгөл” 1986, “Жамухын өчил” 1986, “Талд ургасан бодол” 1987. “Цэнхэр Сэлэнгэ” роман 1997 зэрэг ном бүтээжээ. 

                                                                                                                                                                                                   У.Чинзориг

Categories
мэдээ нийгэм

Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ

Туул голын мөс цөмөрч, автомашин живсэн тохиолдол өчигдөр нийслэлд хоёр бүртгэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:45 цагт очиж, 45 минут ажиллан татаж гаргажээ.

Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 17:16 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, 18:06 цагт очиж автомашиныг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийх эсвэл явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөмөр: Хуримтлалаа нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй


УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ зөвлөмж гаргасан. Тэтгэврийн насны хүмүүсээ нэг удаа дэмжихэд болохгүй зүйл үгүй гэдгийг ч хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ганц Салхит гэлтгүй олон орд бий. Монгол Улс томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдийнхээ амьдралыг өөд татах нь зөв гарц. Нийгмийн даатгал гэдэг үндсэндээ тэтгэврийн даатгал. Энэ нь иргэдийг өндөр настай, хөдөлмөрийн чадавхаа алдах үед нь хамгаалах зорилготой шүү дээ. Энэ тогтолцоо цалинд суурилаад явж байгаа. Гэвч манайд бүрэн утгаараа хэрэгжээгүй байгаа. Тэтгэврийн даатгалын сан улсаас 400 гаруй тэрбум төгрөгийн татаастай явж байна. Дээрээс нь халамжийн сан 756 тэрбум төгрөгийн татаастай. Энэ хоёр нийлэхээрээ 1.1 их наяд төгрөгийн татаастай байгаа юм. Тэгэхээр эдийн засгийнхаа тооцоог зөв хийгээд, өндөр настай иргэддээ нэг удаагийн тусламж үзүүлэхэд буруутах зүйл үгүй. Хамгийн гол нь инфляци гайгүй байгаа энэ үед эдийн засгаа сүйтгэчихгүй шиг маш сайн тооцоо, судалгаатай хийх аргаа зөв олж хийх хэрэгтэй. Өндөр настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэчихэд манайх шиг ашигт малтмалын арвин их нөөцтэй улсад авч болох арга хэмжээ.

-Тэтгэврийн зээл аваагүй хүмүүс хохирч үлдэх үү гэдэг асуулт нийгмийн дунд байгаа шүү дээ…

-Ер нь хамгийн зөв үйлдэл бол цаашдаа тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг үндсэндээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна.

Зарлага нь 13.9 их наяд төгрөг, олж байгаа нь 11.8. Цаашдаа томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгаа томруулах хөгжлийнхөө загварыг авч үзэх шаардлагатай. Манай хөгжлийн загвар өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд буруу яваад ирсэн. Тиймээс хөгжлийнхөө загварыг зөв болгоод хуримтлалаа нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлого барих хэрэгтэй. Яагаад цалин, тэтгэвэр тэтгэмж бага байгаад байна вэ гэхээр манай эдийн засаг жижиг байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгаа томруулах, хуримтлалтай болох бодлого барьж чадсангүй. Бүгдийг нь хувьд өгч, татвар аваад хөгжинө гээд байгаа юм. Үүний нэг жишээ нь алт. Манайд 536 орд байдаг. Татвар төлдөг нь дөрөвхөн. Хэзээ татвар төлөх юм бэ. Чадахгүй бол ордоо аваад чаддаг улсууд нь хийх хэрэгтэй шүү дээ.

-Тэтгэврийн насны хүмүүсийн 80 гаруй хувь нь үр хүүхдэдээ ч юм уу, өөр хүнд тэтгэврийн зээлээ аваад өгчихдөг гэж судалгаагаар гарсан байна лээ. Энэ талаар ярихгүй юу?

-Их сургуулийн эдийн засгийн танхимаас судалгаа явуулсан юм байна лээ. Тэр судалгаагаар ийм дүн гарсан. Ер нь бусад орнуудад тэтгэврийн зээл гэж байдаггүй. Яагаад гэвэл тэр чинь өөрийн амьжиргааг залгуулах мөнгө. Тэрийгээ бөөндөөд авчих юм бол дараа нь яаж амьдрах юм. Ядуурал, хүний бухимдал гэдэг зүйл тэрнээс үүсдэг юм байна. Тиймээс маш сайн тооцоо хийгээд тэтгэврийн зээл байх ёстой юу, цалингийн зээл байх ёстой юу гэдгээ сайн үзэж, тооцох хэрэгтэй. Бүх зүйлд тооцоо байх ёстой. Гэвч бид тооцоогоор биш, цээжний бангаар юм хийж байна шүү дээ. Үүнээс болж алдаа гараад байгаа юм.

-Та Шинэчлэгдсэн Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Уг хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Татвар төлөх ангилал нэг, 10, 25 хувь болж, татварын тайлагналын тоог багасгасан гээд маш олон заалтууд орсон байна. Энэ талаар ярилцъя?

-Борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэл бол жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, орлогын нэг хувиар татвар төлнө. Энэ ангилалд нийт татвар төлөгчдийн 71 орчим хувь нь хамрагдах тооцоо байна. Борлуулалтын орлого нь 300 хүртэл сая төгрөг бол жилд хоёр удаа тайлагнаж нэг хувийн татвар төлнө. Энэ ангилалд татвар төлөгчдийн 13 орчим хувь нь хамрагдахаар байгаа. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэл бол хоёр удаа тайлан гаргаж, төлсөн татварын 90 хувийг буцааж олгохоор хуульчилсан нь нэг хувийн татварын ангилалд хамрагдана.Энэ ангилалд нийт ААН-ийн 6.3 хувь нь хамрагдана. Мөн бүсийн хөнгөлөлт, Нийслэл хотоос 500-1000 км-ээс алслагдсан бол 50 хувь, 100 хувь хөнгөлсөн нь нийт ААН-ийн зургаан хувийг хамарч байна. Энэ ангиллын хүрээнд татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлэхгүй бөгөөд сонголт хийх боломжийг хуульчилж өгсөн.

-Татварын төлөх босго гурван тэрбумаас зургаан тэрбум болж өссөнөөс орлого буурч болзошгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Татварын босгыг нэмэгдүүлсэн нь ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, томрох боломжийг олгож байна. Энэ ангилалд хамаарах 170-180 ААН-үүдийн татварын ачаалал 50-60 тэрбумаар, нэг ААН-д ногдох нь 300 орчим сая төгрөгөөр буурч болзошгүй тооцоо байгаа. Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор ААНОАТ-аар нийт татвар төлөгчдийн 97 хувь нэг хувийн татвар төлж, татварын ачаалал, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зардал буурна. Хуулийн дээрх хөнгөлөлтүүдийг 2018 оны тайланд суурилж тооцоход 100 орчим тэрбум төгрөгийн татварын ачаалал буурч, татвар төлөгчдөд ажил бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж олгож байна.

-25 хувь, 10 хувийн татвар төлөгчийн тоо хэд байдаг бэ?

-2018 оны статистикаар тооцвол Монголд 25 хувийн төлөгч 450 орчим, 10 хувийн татвар төлөгч 7500 орчим байх тооцоо байна. 2019 оны жилийн эцсийн тооцоогоор бага зэрэг нэмэгдсэн байх магадлалтай.

-Хуулинд татварын таатай орчин бий болгох чиглэлээр хийгдсэн бусад өөрчлөлтүүдийн талаар ярилцъя?

-Монгол Улсад Хөрөнгийн зах өнгөрсөн 30 жилд олигтой хөгжсөнгүй. 2019 оны байдлаар ДНБ-ний 12 хувь нь Банкны бус салбар бүрдүүлж байна. Хөрөнгийн захыг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгийн зах зээлд гаргасан өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох албан татварыг таван хувь болгож бууруулсан. Энэ шинэчлэлээр гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилготой. Бүх төрлийн хүүгийн орлого болон үнэт цаасны зах зээлтэй холбоотой үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор арилжааны банкууд гадаад дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох албан татварыг мөн таван хувь болгон бууруулсан. Мөн Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор барилгын элэгдлийн хугацаа 40 жил байгааг 25 жил болгон бууруулсан.

-Татварын тайланд залруулга хийх, алдааг засах, гадаадад төлсөн татварыг суутгах гэх мэт асуудлууд хуучин хуулинд шийдэгдээгүй байсан. Шинэ хуулинд яаж шийдэв?

-Татвар төлөгчдөд дараагийн тайлангийн жилд багтаан татварын тайландаа залруулга хийх боломж, эрх олгосон. Алдаатай тайланг засварлах боломж олгох зорилгоор татварын алба тайланд боловсруулалт хийхдээ гарсан алдааг залруулах мэдэгдэл хүргүүлж байхаар хуульчилсан. Мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн улс орнуудад төлсөн татварыг Монгол Улсад төлбөл зохих татвараас хасаж тооцно. Мөн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг салбар харгалзахгүй дөрвөн жил болгосон. Санхүүгийн хүндрэлтэй байгаа татвар төлөгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өртэй татвар төлөгчийн татварын өр төлөх хугацааг хоёр жил хүртэл сунгах эрхийг Татварын албанд өглөө.

-Хасагдах зардал дээр маргаан их гардаг байсан. Татварын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ярилцъя?

-Тийм ээ, хасагдах зардал дээр маргаан их байдаг. Шинэ хуулинд шалгуур хангасан, орлого олоход нөлөөлсөн бүх зардлыг хасаж тооцохоор хуульчилсан. Татварын хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн жил болгон бууруулсан. Үндсэн хөрөнгө байгуулах, худалдан авахтай холбогдсон НӨТ-ын хасалтыг хийдэггүй байсан. Шинэ хуулиар үл хөдлөх хөрөнгө 10 жилээр, тоног төхөөрөмж таван жилээр бусад үндсэн хөрөнгийн хувьд шууд хасалт хийдэг байхаар хуульчилсан. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг салбар харгалзахгүй дөрвөн жил болголоо. Татвар төлөгчийн төлсөн илүү татварыг эхний ээлжинд бүрэн олгох зохицуулалтыг хийсэн. Тогтсон ажлын байргүй, бичил худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн орлогод нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагын тогтоосон хувиар татвар ногдуулна.

-Орон сууц барьсан, ипотекийн зээл авсан иргэд ямар хөнгөлөлт эдлэх вэ?

-Амьдран суух зорилгоор анх удаа орон сууц барьсан, худалдан авсан иргэний татварын хөнгөлөлтийг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн ипотекийн зээлийн хүүгээс өндөр хүүтэй орон сууцны зээл авсан иргэний хүүгийн орлогын зөрүүд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Татварын албаны үйлчилгээ, үйл ажиллагаа бүрэн цахимжина.

-Татварын хяналт шалгалт эрсдэлд суурилж хийгдэнэ гэсэн мэдээлэл байна?

-Эрсдэл гэдэг нь ирээдүйг тааварлах үйл ажиллагаа гэдэг. Дэлхийн хэмжээнд эрсдэл түүнийг үнэлэх, эрсдэлийг удирдах менежмэнтийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг. Манай татварын албанд эрсдэл түүнийг үнэлэх хариу арга хэмжээ авах ажил 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. “Эрсдэл хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй” гэж хэлдэг. ”Эрсдэлийг удирдахгүй орхивол эрсдэл биднийг удирдана” гэж бас хэлдэг. Татварын шинэ хуулиар зөвхөн эрсдэлтэй татвар төлөгчдийг хяналт шалгалтад хамруулахаар заасан. Татварын хуулиа сайн мөрдөж, хуулиар төлөх татвараа цаг хугацаанд төлөөд ажиллавал хяналт шалгалтад хамрагдахгүй ажиллах боломжтой болсон. Татварын албатууд зорилгодоо түшиглэн эрсдэлийг тооцож тодорхойлох, хүлээж авах, үнэлэх, хариу авах арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх ажил бодитойгоор хийгдэнэ. Энэ нь шинэ шинэ боломжуудыг нээж, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлнэ гэж юу гэсэн үг вэ?

-Татварын зорилгоор мэдээлэл солилцох олон улсын форумд элсэж дэлхийн 150 гаруй улстай мэдээлэл солилцох боломжтой болж мэдээллийн ил тод байдал, нууцлалтай холбоотой шаардлагыг хуульчилж өглөө. Мөн татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг BEPS хэлэлцээрийн шаардлага, стандартыг хуульд тусгасан. Үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж, тайланг хүлээн авч, тохируулга хийдэг боллоо. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм GAAR ийг хэрэгжүүлдэг болсноор схем ашиглаж татвараас зайлсхийж буй татвар төлөгчийн орлогод албан татвар оногдуулдаг болж байна. Татварын тайлагналд харилцан хамаарал бүхий этгээдийн тайлангийн харилцааг бий болгож, үйл ажиллагааны удирдлагыг нь Монголоос хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийг Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгэдэг боллоо. Уул уурхайн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл бүрт хамаарах татварын тайланг гаргаж тооцоо хийдэг болж, албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрэм хэрэгжихээр болж байна. Төлөөний газрын татварын харилцааг боловсронгуй болгож, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олсон орлогыг тодорхойлох асуудлыг шинээр зохицуулсан.

-Татварын албаны үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өөрчлөлтүүд орсон уу?

-Татварын өрийг яаж барагдуулах эрэмбийн асуудал тодорхойгүй байсан. Улс эх орон татваргүйгээр оршин тогтнож, ард түмэн амьдрах боломжгүй гэдэг утгаар дээгүүр эрэмбэлэх шаардлага байдаг. Энэ шаардлагын үүднээс татварын өрийг нэгт, хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэл, хоёрт аливаа барьцаат эрхийн дараа хураах асуудлыг олон улсын туршлагад үндэслэн хуулинд тусгасан. Татвар ногдуулах,төлөхтэй холбоотой хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар биш татварын хуулиар зохицуулахаар болсон. Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа ногдуулсан татварын 10 хувийг урьдчилан төлсөн байх шаардлагыг бий болгосон. Энэ нь татварын байцаагч, татвар төлөгч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс авч буй арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Татварын өрийг төлүүлэх зорилгоор эрх хязгаарлах, түдгэлзүүлэх арга хэмжээ авах заалтыг шинээр тусгасан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах, татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийснээр татварын өр төлөхгүй байх зөрчил багасна гэж тооцсон. Өртэй татвар төлөгч хөрөнгөө бусдад үнэгүй, хэт бага үнээр шилжүүлэх, авлага хүчингүй болгох, зэргээр бусдад давуу байдал олгосон бол уг этгээдэд татвар төлөх хоёрдогч этгээдийн үүрэг үүсэх зарчмыг шинээр тусгасан. Татварын багц хуулинд 2019 онд хийсэн өөрчлөлтийг татварын хоёр дахь шинэчлэл гэж нэрлэж байгаа юм.

Энэ шинэчлэлээр эдийн засаг, бизнесийг дэмжсэн, татвар төлөгчдөд ээлтэй, татварын шинэ орчин бий болж, Монгол Улсын эдийн засаг тэлж, томрох нөхцөл бүрдэнэ. Аливаа зүйл хэмжээтэй, цаг хугацаатай байдаг. Энэ удаа Монголын төрөөс татварын хуулиараа дамжуулан бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ маш сайн боломж олгож байгааг дурдах нь зүйтэй. Үүнийг ашиглан ажил бизнесээ зөв төлөвлөн, хуулиа дээдлэн ажиллаж, ажил амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боломж гарч байна.

Categories
мэдээ цаг-үе

Хурандаа Д.Алтангэрэл: С.Зоригийн аллагыг Б.Содномдаржаа нарын ийм гурван хүн үйлдсэн гээд дүрс харуулахад бидний гаргасан анхны зурагтай төстэй байгаагүй

Түрүүч нь №002(6368) дугаарт


Улсын мөрдөн байцаах газрын дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцсан ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

-Таныг Мөрдөн байцаах газрыг удирдаж байх үед ЦЕГ-ыг Б.Пүрэв генерал толгойлж байсан байх аа. Бас л алдартай генералуудын нэг дээ. Б.Пүрэв генералын ажиллах арга барил ямар байв. Та хоёр гар нийлж ажиллах шаардлага зүй ёсных байсан биз?

-Б.Пүрэв генерал бид хоёр эрх зүйн мэргэжлийн хувьд нэг сургуулийн хоёр төгсөгч. Өндөр бооловсролтой эрдэмтэн хүн. Олон янзын алба хашсан. Засгийн газарт ажиллаж байсан, аймгийн дарга ч хийж явсан. Харин цагдаад бол цаг үеэ олж дарга болсон хүн. НАХЯ тарах үед Монголын цагдаа цаашдаа яах ёстой вэ гэдэг түүхэн цаг үед үнэхээр сэтгэж, бодлоготой ажилласан.

Ер нь их сэргэлэн хүн шүү дээ. Мөрдөн байцаах байгууллага тусдаа байх ёстой юм байна гэдэг асуудлыг би өмнөх дарга нарт тавьж байсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайд өргөн барьсан бичигт Б.Пүрэв генерал гарын үсэг зурсан. Хэрэг бүртгэх байгууллагын нөлөөнд мөрдөн байцаах байгууллага байгаа нь зохисгүй гэдгийг ойлгож, энэ олон газар тархай бутархай байгаа мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэх нь зөв гэсэн байр суурьтай байсан хэрэг.

Мөрдөн байцаах байгууллагын хэлтсийн дарга, түүнээс дээших албан тушаалтныг Б.Пүрэв генерал томилдог байсан. Тэр томилгоонуудад их хариуцлагатай ханддаг. Энэ ажлын онцлогт тохирсон хүнийг томилж ажиллуулах бодлоготой байсан.

 -Б.Пүрэв генералын нэгэн ярилцлагад “Би их азтай хүн, дөрвөн сайхан орлогчтой” гэж дурссан байдаг. Та тэр орлогчдынх нь нэг байх аа?

-Б.Пүрэв генералын үед ЦЕГ-ын дарга дөрвөн орлогчтой байсан. Л.Гаравсүрэн хурандаа нэгдүгээр орлогч нь, Ц.Жамьянсэнгээ, Ч.Амарболд бид гурав бусад орлогч нь байсан. Бид дөрөв аль болохоор ажлаа бие дааж хариуцах бодолтой ажилладаг байсан.

Б.Пүрэв генерал Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрх зүйн зохистой орчин бүрдүүлэх, хэвийн ажиллах боломжоор хангах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд анхаарч их зүйл амжуулсан. Монголын цагдааг олон улсын жишигт нийцүүлж шинэчилсэн түүхэн удирдагч. Цаг үеэ олж цагдаад томилогдсон сайн дарга.

-Цагдаагийн байгууллагын одоогийн үйл ажиллагаанд та ямар санал, шүүмжтэй явдаг вэ?

-Цагдаа, Онцгой байдлын байгууллага хоёр үүргээ боломжийн гүйцэтгэж байна. Онцгой байдлын байгууллагад хүнд бэрхшээл их тулгарч байна. Сайхан залуус амжилттай давж байна. Олон хүний амь аварч байна. Цас, зуд, гал гээд юм л бол Онцгой байдлынхан явна. Сайхан ч хамт олон байх шиг байна. Цагдаагийн байгууллага ч амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж байгаа. Удирдлагаасаа эхлээд цагдаагийн хамт олон сайхан зүтгэж байна. Гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт ахисан нь онож зохиосон олон ажил, их хөдөлмөрийн үр дүн мөн. Үйлдэгдсэн ноцтой хэргүүд үндсэндээ илэрч байна. Цагдаагийн ажиллах нөхцөл ч дээшилж байгаа.

-Монголын цагдаа, мөрдөнгийн түүхэн дэх “асс” хурандаа нарыг нэрлэ гэвэл таны өмнөх үе, бас таны үеийнхэн бий. Хошууч генерал С.Бүдрагчаа, хурандаа Ц.Жамьянсэнгээ, Д.Базаргүр гээд л. Тэдэнтэй ойр дотно нөхөрлөж явсан сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Намайг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхад генерал С.Бүдрагчаа гуай нэг сэдэв өгч “Би ийм сэдвээр илтгэл тавина, чи бэлтгэ” гэсэн. Ноцолдсоор байгаад уг илтгэлийг хийгээд өглөө. Хэд хоногийн дараа надад илтгэлээ өгөөд “Чи нэг унш даа” гэлээ. Энэ илтгэлээс би их зүйл сурсан даа.

Бас нэг өдөр генерал С.Бүдрагчаа гуай намайг дуудаад “Эрхүүд монгол хүн олон иргэнийг хутга, сүх хэрэглэн дээрэмдсэн хэргүүд гарч. Эдгээр хэргийг үйлдсэн этгээдийг илрүүл” гэсэн үүрэг өгч, томилолтоор явуулав. Би энэ үүргийг долоо хоногийн дотор биелүүлсэн. Ингэж л хүнээ сургадаг сайн удирдагч байсан даа.

-Мөрдөн байцаагчид заяамал, төрмөл байдаг гэлцдэг. Таныхаар тийм хүмүүс хэн, хэн байв?

-Төрмөл авьяастай хүн бол Монгол Улсын гавьяат хуульч С.Дамдин. Гучаад жил зөвхөн мөрдөн байцаах ажил хийсэн хүн. Энэ хүнээс өөрөөс нь ургачихсан юм шиг тийм нандин чанар бүгд байдаг. С.Дамдингийн сэтгэл, хандлага, шийдэл нь зөв. Төрмөл авьяастай ажилтан бол Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн, С.Дамдин нар юм шүү дээ. Мөн ч онцгой доо.

Заяамал гэдэг нь Ё.Бадамдорж. Бас гавьяат хуульч. Мөрдөн байцаагч, Чухал хэргийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр мөрдөн байцаах хариуцлагатай ажилтай хувь заяагаараа холбогдсон нэгэн. Гавьяат хуульч Ё.Бадамдорж ажилдаа зохицож өөрийгөө бүтээж чадсан хүн. Хүнд хандах талаасаа их онцлогтой. Хуульд захирагдаж, бөхөрч чаддаг хүн. Энэ ажлын төлөө заяачихсан хүн нэг л өөр дөө. Түүнийг харж чадах бэлгийн нүд байх ёстой.

-Та Д.Мөрөн хурандааг бас мундаг мөрдөгч байсан гэж боддог хэрэг үү?

-Д.Мөрөн тийм шүү дээ. Төрмөл. Ноцтой хэрэг танилцуулж байхад сонсоод суугаад л байна. Маргааш нь юмуу, нөгөөдөр нь хэрэгтнийг бариад ороод ирнэ. Онцгой шүү. Сүүлд Цагдаагийн ерөнхий газрын дарга болсон. Тэгэхэд жил орчим хамт ажилласан. Долоо хоноод юм танилцуулах гээд ороход өсчихсөн, хараа нь тэлчихсэн, бодол нь цэгцэрчихсэн байдаг сан. Ялангуяа хэрэг илрүүлэхдээ ээ дээ мундаг. Мэдээж манай Ц.Жамьянсэнгээ гэх мэт сайхан мөрдөгчид байсаан. Ц.Жамьянсэнгээ бол гайхалтай сэтгэнэ. Мөн ч олон ноцтой хэрэг илрүүлсэн дээ.

-Тэр хүний гараар дамжаагүй хүн амины хэрэг байдаггүй гэлцдэг. Тийм үү?

-Их олон ноцтой хэрэг илрүүлсэн. Төрмөл ч гэмээр их сонин хүн. Олон жил илрээгүй байсан, ноцтой хүн амины хэргүүд Ц.Жамьянсэнгээгийн гараар дамжаагүй нь бараг байхгүй. Биднээс урд Ц.Жамьянсэнгээ гавьяат хуульч болох байсан. Цагдаад гавьяат үйлс бүтээчихсэн хүн. Их сайхан сэтгэнэ. Жижиг юмнаас том сэжүүрт хүрнэ. Ард түмэн Ц.Жамъянсэнгээг мэддэг байсан даа. Хүү нь Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд шүү дээ. Сайхан хүү бий.

-Хурандаа таныг Улсын мөрдөнд ирэхээс өмнө Хан-Уулын цагдааг хөл дээр нь босгосон гэлцэх юм билээ?

-Би чинь олон байгууллагад ажиллаагүй. Боловсон хүчинд байсан, сургуульд явж ирээд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт төлөөлөгчөөр ажилласан. Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын орлогч даргаар ажилласан даа. Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллахдаа би нутаг дэвсгэрийнхээ иргэд, албан байгууллага, хамт олонд гурван зүйлийг амалсан. Нэгдүгээрт, Нийтийн эзэмшлийн газраар хэвийн бус согтуу хүн явуулахгүй, иргэн та амар тайван, айдасгүй байж болно. Хоёрдугаарт, албан байгууллага маш олонтой, хоёр том нэгдэлтэй байсан үе. Албан байгууллагуудын удирдлагуудад хандаж “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон болоход хамтарч ажиллая. Бид тусална” гэж амласан. Гуравдугаарт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд хүчээ нэгтгэе, таны дэмжлэг бидэнд хэрэгтэй байна гэж ардын нөхөрлөлийн гишүүдээ уриалсан. Энэ гурван амлалтаа биелүүлсэн.

-Тэгээд хойшоо сургуульд явсан. Очсон сургуульдаа Монголоос ганцаараа улаан дипломтой төгсөж, сургуулийн хүндэт самбарт нэрээ мөнхөлсөн түүхийг тань сонсож байсан?

-Бидний сургуульд очдог 1971 онд монгол хэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Л.С.Уткина гэдэг монгол хэлтэй багш сургуулийн дотоод байдлыг танилцуулсан юм. Сургуулийн хичээлийн байрны хоёрдугаар давхарт их гоё цагаан гантиган ханан дээр ухаж сийлээд алтадсан хэдэн хүний нэр харууллаа. “Энэ сургуульд монголчууд сурч эхлээд 28 дахь төсгөлтөө хийсэн. Гэтэл Монголоос нэг ч хүний нэр энэ ханан дээр бичигдээгүй” гэж хэлсэн. Би “Болдоггүй юм байх даа. Ер нь зүтгээд үзье” гэж бодсон. Нойр хоолгүй зүтгэсэн, ханан дээрээ нэрээ үлдээсэн. Дараа нь ДЯЯ-ны Удирдах ажилтан бэлтгэх Академид сурч дахин онц төгссөн. Надад байгаа өмч энэ дээ.

-Та чинь Ховд нутгийн гаралтай байх аа?

-Миний овог бол олхонуд. Өэлүн эхийн овог. Дорнод аймгийн Халхгол хавиар нутаглаж байсан. Дайн дажин гэж нүүдэллэж явсаар Ховдын Дарвид очиж суурьшсан. Манай олхонуд овгийнхон Өүлэн эхээр их бахархана аа. Манайхан их ажилсаг. Зөвхөн Сутайн олхонудаас төр, нийгмийн зүтгэлтэн 10 гаруй, баатар найм, Төрийн соёрхолт гурав, ардын цолтон гурав, шинжлэх ухааны академич тав, шинжлэх ухааны доктор 20, доктор 90 орчим, гавьяат цолтон 52, Олимпийн медальтан, дэлхийн аварга гурав, генерал цолтон хоёр, хурандаа 50 орчим төрөөд байна. Эдний дунд миний удмынхан олон бий.

-Нийгэмд буурахгүй байгаа гэмт хэргийн нөхцөлийг яаж таслан зогсоох вэ. Архидалт, хүчирхийлэл, дээр нь авлигын хэрэг гээд л нэг л хүнд талдаа болоод явчихлаа?

-Нөхцөлийн хувьд гэвэл ядуурал өнөөдөр 28.9 хувьтай. Ядуурлын ирмэг дээр 950 мянган хүн байна. Энэ бол албан ёсны статистик тоо. Айл болгонд эдийн засагтай холбоотой тулгарч байгаа бэрхшээл бий. Энэ бол гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн нэлээд том суурь нөхцөл. Нөгөө талаар ажилгүйдэл их байна. Өрх болгон шахуу ажилгүй хүнтэй. Хэрэгцээ байнга өсөж байна. Ажилтай ч гэсэн авч байгаа хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй. Нэг өрхөд ажил хийж байгаа ганц хүн нэг саяас доош төгрөгийн орлоготой бол амьдрах аргагүй болчихлоо. Цалин хөлс амьдралд хүрэлцэхгүйгээс болж залуучууд хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болж байна. Энэ бол сайн зүйл биш. Нэг зөвлөгөөний үеэр Буянгийн Жаргалсайхан ярина лээ. “Ажил хийх хүнгүй болчихлоо. Цалин аваад л яваад өгнө” гэж. Эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтад оролцох хүн ховордвол байдал хүндэрнэ.

Дээр нь инфляци. Улаанбаатарт 10 хувь, орон нутагт найман хувьтай байгаа. Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй, хэрэглээ бараа үйлчилгээний зардал 7.6 хувь болж нэмэгдсэн. Хүмүүсийн амьдралд хүндээр тусч байна. Тэтгэвэрт байгаа бүх иргэн дундаас доош амьдралтай. Бас ханшийн уналт их, согтуурал буурахгүй байна.

-Үнэхээр энэ бүхэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байна. Сүүлийн үед хар тамхины аюул ч нөмөрлөө. Урлагийн залуус хар тамхи хэрэглээд шил дараалан баригддаг болж. Таны үед хар тамхины хэрэг ямар байсан бэ?

-Дээр үед хар тамхины асуудал орон нутгийн цөөхөн хятад иргэний хүрээнд байсан. Хэрэглэдэг хүн цөөнтэй. Тэд нь цагдаагийн хатуу хяналтад байдаг. Сүүлийн үед задарсан. Юун зөөгч орон байтугай, хэрэглэгч болж үндэснийхээ баярыг хар тамхитай хийдэг боллоо. Урлагаа хар тамхитай хутгаж байна.

Согтуурал монголчуудын хувьд хэдэн зуун дамжиж байгаа. Их Монголын үед согтуурал их байсан. Манжийн үед согтуурал нэмэгдсэн, социалист Монголын үед архи ууж байсан. Гэхдээ тэмцэл ямар нэг хэмжээгээр байсан. Либерал Монголын үед согтуурал их хэвээрээ. Хоногт 40, 50 гаруй согтуу жолооч журамлагдаж байна. Дээр дооргүй архидаж байна. Энэ бол эмгэнэл.

Дараагийн асуудал бол гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл. Энэ бас их сонин түүхтэй. Их Монголын үед гэр бүлдээ үнэнч, ёс журамтай, эр эмийн үүрэг хариуцлага тод байсан. Манжийн Монголын үед эр эмийн уламжлалт харилцаа алдагдсан, эр эмийн явдал задгай болж бутач хүүхэд олширсон. Социалист Монголын үед төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэх, ёс журамтай байдлыг хэвшүүлэх бодлоготой байсан. Өнөө үед гэр бүлийн тогтвортой, ёс журамтай байдлыг хэвшүүлэх бодлогогүй явна. Гэр бүл судлаач Т.Намжил доктор саяхан нэгэн хурал дээр хэлээдэх нь лээ. “Есөн янзын гэр бүлтэй боллоо” гэж.

Гэр бүлийн хүчирхийллийн гол суурь нь гэр бүлийн эдийн засгийн амьдралтай холбоотой. Олон хүүхэд өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна.

Монгол Улс их олон хуультай. Хуулийн биелэлт хангалтгүйгээс “Хуульгүй амьдарч болно” гэсэн сэтгэлгээ нийгэмд бий болчихлоо. Ийм үед гэмт хэрэг илрүүлнэ, зохицуулна гэдэг хүнд. Энэ бол цагдаагийн ажлын хүндрэл. Дээр нь авлига. Авлига бол үндсэндээ газар авлаа. Баригдвал хохь гээд л аваад байна. Их хатуу, тууштай тэмцэл хэрэгтэй.

-Их сайн судалжээ. Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бий. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн аймшигт аллага, Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөлтийн талаар. Та энэ хэргийн анхны ажлын хэсэг дэх хурандаа нарын нэг байсан бил үү?

-Тийм ээ, би ажиллаж байсан.

-Анхны ажлын хэсэгт хэн, хэн орсон байдаг юм бэ?

-Анхны ажлын хэсэг хэрэг үйлдэгдээд хэд хоносны дараа байгуулагдсан. Аюулаас хамгаалах, цагдаагаас тус бүр 10 гаруй хүнтэй, нийтдээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байсан. Ажлын хэсэг томилоод ажил нь эхэлсний хойно намайг ахал гэсэн шийдвэр гарсан. Би энэ ажлын хэсгийг 10 орчим сар ахалж ажилласан. Манай ажлын хэсэг өдөр шөнөгүй зүтгэж ажилласан. Улс төрийн сэдэлтэй хэрэг байх магадлалтай учир тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсгийг өөрчилсөн.

Би С.Зориг алагдсан хэрэгтэй холбоотой олон удаа ярилцлага өгсөн. Ажлаас чөлөөлөгдөөд удаж байна. Энэ хэрэг дээр ажилласан байдал, гурван иргэнд ял оноосон, тэр нь үндэслэлтэй эсэх талаар надад мэдэх зүйл алга. Иргэнтэй адил мэдээлэлтэй л явна.

-Гэсэн ч нэг зүйл асууя. Одоо ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын зураг та нарын ажиллаж байх үеийн ам зурагтай таардаг уу?

-Ийм гурван хүн энэ аллагыг үйлдсэн байна гээд дүрс харуулахад бидний гаргасан анхны зурагтай төстэй байгаагүй. Тэр үед би Б.Булганы анхны мэдүүлгүүд худлаа байсан юм болов уу гэж бодсон. Энэ аллагын захиалагч нь хэн байв гэдэг бодол төрсөн. Гэтэл захиалагчаа зарлаагүй өдий хүрлээ. Хууль зүйн сайд ч “Захиалагчаа зарла” гэдэг асуудал тавьсан. Олон нийтийн хүлээлт ч тийм байна.

-Мэдээж. Одоо энэ хэрэгтэй холбоотой эрүү шүүлтийн хэрэг үргэлжилж байна. ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын хүмүүсийг ял авсан хүмүүст эрүү шүүлт тулгасан байж болзошгүй гэж шалгаж байгаа. Та мөрдөн байцаах байгууллагад олон жил ажилласан, өмнөх үүх түүхийг ч мэдэх хүн. Манай хууль хүчний байгууллагад эрүү шүүлт байдаг уу. Энэ хэргийг та юу гэж харж байна?

-Нэгдүгээрт, үнэхээр эрүү шүүлт байж магадгүй. Гуч, дөчөөд оны үеийн хэрэг шалгах ажиллагаанд эрүү шүүлт зонхилж байсан. Шалгагдаж байгаа хүнээр өөрөөр нь хэрэг хүлээлгэх асуудал хамгийн гол ажил байсан. Өөрөө хэрэг хүлээж байвал бусад нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэсэн зарчим үйлчилж байсан. Вишинскийн онол гэж тэр л дээ. Түүнээс улбаатай хүч хэрэглэдэг, зоддог, нүддэг, өндөр сандал дээр суулгадаг, өлсгөдөг, зовоодог бүх юм тэр онолтой холбоотой. Одоо ч гарахыг үгүйсгэхгүй. Их л сайн хянаж байхгүй бол. Хоёрт, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар “Гүйцэтгэх ажлын арга хэмжээ байсан юм” гэж ярьдаг. Гүйцэтгэх ажлын арга хэмжээ хүний эрх зөрчих учиргүй. Хориотой. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг зодож байгаа нь хүний эрх зөрчиж байгаа хэрэг. Ямартаа ч шүүх эхлээд Б.Хурц нарт холбогдох хэргийг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаараад дараагийн асуудал яригдана.

-Энэ хэрэг дээр улстөрчид тоглох сонирхол өндөр байдаг. Д.Батзанзандан гишүүн “Хэрэг хүлээвэл 500 сая төгрөг өгч гадаадад амьдруулна” гэж амласан гэсэн Ц.Амгаланбаатарын захидлын тухай ярьдаг. Энэ бодит байх боломжтой юу?

-Үүнийг шалгах шаардлагатай. Эрүүгийн зарим этгээд худлаа газар заах, “Тэр хэргийг би үйлдсэн” гэх нь цөөнгүй байдаг. Баахан тэнүүлж тэнүүлчихээд “Уучлаарай, худлаа хэлсэн” гэдэг. Тийм зүйл бишгүй дээ л гардаг. Бие биенээ гүтгэнэ. Тэр жил Налайхад дэлгүүр ухаад манаачийг нь алсан хэрэг гарсан. Намайг Хотын цагдаагийн газрын орлогч байх үед. Нэг өдөр гүйцэтгэх ажилтнууд “Дарга аа, энэ нөхөр өөртэй нь ял эдэлж байгаад суллагдсан этгээдтэй хамт үйлдсэн” гээд байна. Хэд хэдэн удаа байцаалаа, шалгамаар юм байна” гэв. Тэр хамт үйлдсэн байж болзошгүй хүн нь Толгойтын Баруун, Зүүн салаа руу байдаг гэлээ. Нэг өдөр ажил тарах дөхүүлээд жолоочтойгоо хамт нөгөө нөхрөө сураглаад явлаа. Үнэхээр Толгойтын Баруун бил үү Зүүнсалаанд амьдардаг юм байна. Гэрт нь орлоо. Саяхан хурим найр хийсэн гээд сайхан гэр босгожээ. Нөгөө залуутай уулзлаа. Ээж, аав нь уйлаад л “Яасан ийсэн энэ юу хийчихэв. Бид хоёр яасан үйлийн лайтай улс вэ” гэж байна. Би “Ноцтой юм байхгүй, тодруулах зүйл байна, гэхдээ энд зохимж муутай. Би аваад явъя битгий санаа зовоорой” гээд нөгөө залууг аваад явлаа. Авч ирээд байцаахаар огт мэдэхгүй гэж байна. Шалгалтаар уг хэргийг үйлдсэн хоригдол хамт ял эдэлж байсан нэгнээ өс санаж гүтгэсэн нь тогтоогдсон. Саатуулсан нөхрөө аваад гэрт нь буцаж очлоо. Ээж, аав, айл саахалтынхныг дагуулаад цуглуулж бодит байдлыг үнэнээр нь хэлээд уучлалт гуйсан.

-Ажлын хэсгийг олон удаа татан буулгаж, дахин байгуулж байсан. Тэр бүрийг янз бүрээр тайлбарладаг. Хэргийг илрүүлэхээс эмээж будлиантуулж байна гэх хардлага ч нийгэмд өрнөдөг байсан. Нэр бүхий хүмүүс ч ингэж мэдэгдэж байсан удаатай?

-Тийм зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг, улс төрийн хэргийг хоёр өөр байгууллага харьяалдаг. Улс төрийн зорилготой бол энэ чиглэлээр мэргэшсэн байгууллага нь тэр ажлыг хийх ёстой. Зориулсан хүч хэрэгсэл нь тэнд байдаг.

-Хэрэг гараад 20 гаруй жил болчихлоо. Энэ хэрэг илрээсэй гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна. Ер нь хаана нь манай мөрдөгчид алдчихсан юм бэ. Мэдээж алдаа, гажуудал орсноос л өдий хүртэл илрэхгүй байгаа биз дээ?

-Зарим хэрэг илрэхгүй уддаг тохиолдол байдаг. Ялангуяа зохион байгуулалттай үйлдэгдсэн хэргүүд. Гэхдээ илрэхгүй хэрэг гэж байхгүй. Ажлын хэсгийг сольж бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал байдаг. Энэ хэрэг дээр ажилласан ажлын хэсгийнхэн үйлдсэн этгээдийг илрүүлэхийн төлөө л зүтгэсэн.

-С.Зоригийг хөнөөсөн хэргээр өнгөрсөн бүх хугацаанд улс төрийн шоу хийж ирсэн. Сонгууль дөхөхөөр хэн нэгэн эрх дархтай хүн “Би энэ хэргийг илрүүлнэ” гэдэг. Д.Мөрөн хурандаа УИХ-ын сонгуулиар “Би энэ хэргийг илрүүлнэ” гээд гарч байсан удаатай. Гэвч одоог хүртэл илэрсэнгүй. Олон нийтийн бас нэг бухимддаг өнцөг энэ шүү дээ?

-Д.Мөрөн дарга энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэлтэй яваа хүний нэг. УИХ-ын гишүүн болоод энэ ажлаас хөндийрчихөөр юм хэлэх ч боломжгүй, өөрөөс нь хойших процессыг ч мэдэх аргагүй, адилхан иргэн болчихож байгаа юм. Д.Мөрөн хэрэг гарах үед ЦЕГын даргаар ажиллаж байсан. Удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч илрүүлэх шаардлага тавьж ажилласан.

-Захиалагчаас түрүүлээд гүйцэтгэгчдийг гурван шатны шүүхээр шүүгээд яллачихсан. Уг нь эхлээд захиалагчийг нь олоод дараа нь гүйцэтгэгчид хариуцлага хүлээх процесс явах ёстой биз. Үүнд Монголын ард түмэн маш их төөрөлдөж байна?

-Захиаллагат аллага байжээ гэвэл захиалагч заавал тодорхой болох зүйн хэрэг. Одоо захиалчихсан юм шиг байна, захиалгат аллага юм шиг байна гэсэн маягтай болоод явчихлаа. Үнэхээр захиалгат аллага бол захиалагч ил болж хариуцлага хүлээнэ.

-Уг нь танай ажлын хэсэг энэ хэргийг улс төрийн хэрэг гээд нотолчихсон байна шүү дээ. Нэг ёсондоо захиалагчтай гэсэн үг?

-Энэ хэрэг улс төрийн зорилготой үйлдэгдсэн байх магадлал илүү байдаг юм.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээр шүүчихсэн, буруутгаад ял өгчихсөн. Одоогийн нөхцөл байдлаар энэ хүмүүс эрх чөлөөтэй болж мэдэхээр харагдаад байгаа. Хэрэв тэгвэл Монголын гурван шатны шүүх юу болж таарах вэ. Анхан шат буруу шийдлээ гэхэд түүнийг давж заалдах шат нь, Дээд шүүх нь хянаж байгаа. Тэд бүгд л дуу нэгтэйгээр буруутай гээд яллачихсан. Хэрэг задарвал шүүх засаглалд итгэх арга байна уу?

-Шүүх бол нотлох баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргана. Шалгалтын үед хуулийн дагуу хэрэгт цугласан болон шүүх хурлын явцад бий болж байгаа нотлох баримтууд гэсэн үг. Одоо шүүхийн шийдвэр яаж гарахыг л харах үлдлээ.

-Б.Булган хохирогч уу, яллагдагч уу, гэрч үү?

-Б.Булганыг хохирогчоор байцааж байсан, сэжигтнээр ч шалгасан. Б.Булган оролцоотой юм байна гэж хэлэх нотлох баримт байдаггүй. Б.Булган С.Зоригтой танилцаад сайхан амьдрах юмсан гэсэн чин эрмэлзэлтэй байжээ гэж ойлгогддог. С.Зоригийг ажлаас гэртээ орж ирэнгүүт усанд оруулдаг, хөлийг нь угаагаад амраадаг, хувцсыг нь сайхан угааж индүүддэг, гэртээ хооллох хоолны цэс хүртэл зохиочихсон. Түүнийхээ дагуу хоол бэлтгэдэг байсан. Энэ бүхнээс харахад Б.Булган талийгаачтай үнэхээр сайхан амьдрах юмсан гэсэн сэтгэл байжээ гэх бодол төрдөг.

-Олон нийт үүнийг мэддэггүй шүү дээ. Энэ хэрэг илрэх үү?

-Илэрнэ, илэрнэ.

-Хэзээ…

-Хугацаа хэлэхэд хэцүү. Илэрнэ дээ. Хамгийн гол нь гол хүмүүс нь үхэж үрэгдэхгүй бол илэрнэ.

-Ярилцлага өндөрлөх дөхөж байна. Та “Сутай” дээд сургууль байгуулаад ажиллаж байсан. Одоо сургуулийн ажил хэр явж байна вэ?

-Өөрт хуримтлуулсан мэдлэг чадвар туршлага хандлагыг яаж хэн нэгэнд үлдээх ёстой билээ гэж ажлаа өгөнгүүтээ бодож эхэлсэн. Нутгийн залуутай хамтарч “Сутай” дээд сургуулийг байгуулаад 20 жил сургалтын үйл ажиллагаа явууллаа. Энэ хугацаанд бид тоо, мөнгө хөөцөлдөөгүй. Боломжийн цөөхөн иргэнийг элсүүлээд сургалтаа чанартай явуулах бодлого барьсан. Өнгөрсөн хугацаанд манай сургуулийг 1000 орчим хүн төгссөн байна. Тэдний 80 орчим хувь нь яг мэргэжлээрээ ажиллаж байна. Нягтлан бодогч, бизнесийн удирдлага, эрх зүй гэсэн мэргэжлүүдтэй. Цагдаад гэхэд түрүүч нь цагдаагийн дэд хурандаа болчихсон байна. Шүүгч, өмгөөлөгч, прокурор хэд хэдэн төгсөгч ажиллаж байна. Удирдах ажил эрхэлж байгаа төгсөгч нэлээд байгаа. Мэдлэгийнхээ хагас хугасыг хүүхдүүдэд өгсөн. Энэ хугацаанд манай сургуулиас гурван гавьяат, профессор нэг, дэд профессор хоёр төрсөн. Боловсролын тэргүүний ажилтан, шинжлэх ухааны тэргүүний ажилтан тус бүр нэг, нийслэлийн хүндэт иргэн хоёр болж ажил мэргэжлийн аваргаар 12 багш шалгарсан. Эрдэм шинжилгээний 40 гаруй бүтээл туурвисан, зохиогчийн эрхийн хоёр гэрчилгээтэй болсон.

Цаашид 21 дүгээр зуунд ажиллах дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх чанарыг сайруулах шаардлага өндөр байна. Энэ зуун үнэхээр хувьссан, технологийн шинэчлэл рүү шилжсэн, оюуны чадамж сорьсон бүтээл их шаардаж байна. Бэлтгэсэн боловсон хүчин зөвхөн Монголд бус дэлхийд гарч ажиллах боломж нээгдэж байна. Тиймээс дээд боловсролтой мэргэжилтэнг багшлах боловсон хүчин материаллаг бааз сайтай цөөхөн сургууль төрийн анхаарал төрийн дэмжлэг туслалцаа аваад бэлтгэх ёстой юм байна гэж ойлгоод сургуулийнхаа элсэлтийг энэ жил түр зогсоосон.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

“Баянмонгол” чуулгын Төрийн шагналт удирдаач С.Саруул-Од: Цугтаа авах ёстой, гавьяа байгуулсан олон хүнээс хүлцэл өчиж байна


Оны өмнөхөн уран бүтээлээрээ хагас зуун жилийн турш монголчуудыг соён гэгээрүүлж ирсэн түүхт “Баянмонгол” чуулгын найман уран бүтээлчийг төлөөлөл болгож Төрийн шагнал хүртээсэн билээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм. Тус чуулгаас 1981 онд гаргасан “Баянмонгол” пянз, 2019 онд гаргасан “Баянмонгол-50 жил” пянзнуудад багтсан дуу, хөгжмийн бүтээлүүд, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын үе үеийн уран бүтээлчдийн туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучдад энэ шагналыг олгож байна” хэмээсэн юм. “Баянмонгол” чуулгын удирдаач, Төрийн шагналт С.Саруул-Одтой ярилцлаа.

-Төрийн шагналаар энгэрээ мялаасанд нийт уншигчийнхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны босгон дээр “Баянмонгол” чуулгад төрийн өндөр дээд шагнал хүртээлээ. Энэ бол манай чуулгын хагас 100 жилийн уран бүтээлийг төр засгаас үнэлсэн том хайр хишиг гэж ойлгож байна.

-“Баянмонгол” чуулгад үе үеийн олон уран бүтээлч ажиллаж байсан. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ч энэ олон уран бүтээлчийн төлөөлөл болгож та бүхнийг шагнаж байгаагаа хэлсэн?

-Манай чуулга 1969 онд байгуулагдсан. Есөн залуу хөгжимчин анх байгуулж байжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж гуай үүсгэн санаачилсан түүхтэй. Тухайн үед Улсын филармони гэж байгуулагдаагүй. Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байсан. Тэр цагаас хойш хөгжимчид, дуучид, хөгжмийн зохиолчид гээд маш олон хүний хамтран бүтээсэн олон гайхамшигтай уран бүтээлүүд тухайн цаг үе бүртээ жазз, поп гэх зэргээр шинэлэг хөгжмийн төрөл жанрыг Монголын ард түмэнд танилцуулж, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан оролцож ирсэн. Манай чуулгаас олон гавьяатан төрснийг уншигчид андахгүй биз ээ. Одоо ажиллаж байгаа залуу үе ахмадуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нэр төрийг нь өндөрт өргөх гэж хичээж явна.

-Өнгөрсөн онд “Баянмонгол-50 жил” гэсэн пянз гаргасан. Үүнд хуучны сайхан дуунууд багтсан шүү дээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн жил чуулгын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж олон ажил хийлээ. Энэ ажлуудын дундаас хамгийн чухал нь пянз, мөн хос цомог гаргах байв. “Баянмонгол” пянзыг 1981 онд гаргасан байдаг. 1980-аад он бол манай чуулга байгуулагдаад 10 гаруй жил болчихсон, нийгэм дэх үүрэг оролцоогоо ухамсарласан, уран бүтээлүүд нь амжилттай явагдаж, ард түмэнд хүрч байсан үе. Үнэхээр тэр цаг үе бол гайхамшигтай байсан гэж дүгнэх нь зүйтэй. Тэр үед гаргасан пянз Монголын ард түмэнд маш том соён гэгээрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Иймд пянзанд орсон бүтээлүүд бол “Баянмонгол” чуулгын хувьд хүн бүрийн сэтгэлд хүрсэн классик бүтээлүүд юм. Энэ бүтээлийг өнөө цагийн уран бүтээлчид бид найруулга, дуучдын чадвартай хоршуулж зарим дууг нэлээн өөрчилж гаргалаа. Энэ нь уран бүтээлч бидний хувьд маш сайхан байсан. Уншигч, сонсогч нарт хүрэхээр сэтгэгдлүүд ирэх байх. Мөн хос цомогт монгол ардын дуунууд, пянзанд ороогүй бүтээлүүд, мөн Монголын рок поп хөгжмийн шилдэг бүтээлүүдийг найруулж гаргалаа.

-Тухайн цаг үедээ хит болж байсан олон уран бүтээл бий. Үүнийг шинэчлэн найруулж хойч үедээ хүргэх нь чухал байх?

-Манай чуулгад маш олон хүн уран бүтээл хийж, тэр чинээгээр үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан. Зарим нь бурхны оронд заларчээ. Мөн одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа алдарт ахмадууд маань байна. Тэдний дундаас Л.Оюунчимэг гэж хүний бүтээлүүд үнэхээр гайхамшигтай. Үеийн үед үл мартагдах бүтээлүүд юм. Мөн М.Янжиндулам гэж байсан. Түүний “Орь залуу нас”, “Аавдаа” зэрэг хүмүүсийн сайн мэддэг дуунууд бий. Түүнчлэн, В.Оросоо, Ардын жүжигчин Б.Дамчаа гуай манай чуулгатай хамтарч уран бүтээл хийдэг байлаа. Х.Төмөрбаатар гавьяат маань байна. Одоо ч уран бүтээлээ хийсээр л яваа. Рэнцэнханд, Ц.Өлзий-Орших, дуучин Д.Эрдэнэцэцэг гэх зэрэг олон хүний агуу бүтээлүүдийг монголчууд андахгүй. 1970-1980-аад оны үед театр, чуулгуудын дэргэдэх хамтлаг маш олон байсан. 1980-аад оны сүүлээр рок хамтлаг “Харанга”, “Хурд” гэх зэргээр гарсан. Энэ бүхний суурь нь “Баянмонгол” чуулга, ахмад уран бүтээлчид маань байсан.

“Аяны шувууд” төрийн шагналт З.Хангалын хөгжим. Маш олон хувилбараар олон уран бүтээлч дуулж байсан. “Баянмонгол” чуулгын нэлээн жинтэй уран бүтээл шүү дээ. Хамгийн сүүлийн пянзанд Н.Наранбаатар буюу Наагий дуулсан. Мөн Германы хөгжмийн зохиолчоор дан хөгжмийн бүтээл болгосон. Т.Чимэддорж гуайн “Зам дээр гээгдсэн цэцэг”, Б.Даваагийн “Навчин дээрх шүүдэр” гээд пянз, cd-нд ороогүй олон бүтээл бий. “Баянмонгол” чуулга уран бүтээлийн их уурхай юм. Тэр болгоныг нэг бүү хэл нэлээн хэдэн пянзанд багтаах боломжгүй. Ер нь классик болсон бүтээлүүдийг шинэчилж дараа дараагийнхаа үед хүргэх нь залуучууд бидний үүрэг. Ахмад үеийнхээ уран бүтээлийг сэргээж аль болох сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд Монголынхоо ард түмэнд хүргэж байхыг зорьдог. “Баянмонгол” чуулгын үүрэг бол ахмад үеээ ч мартахгүй, орчин үеийн хөгжмийг ч бас орхигдуулалгүй уран бүтээлдээ түлхүү тусгаж явах учиртай. Манай чуулга ямар ч бодлогогүйгээр хөгжим хийж болохгүй. Дэлхийн хөгжмийн хөгжил юу болж байна, түүнтэй аль болох ойрхон уран бүтээлээ толилуулах үүрэгтэй гэж ойлгодог.

-Хэдийгээр орчин үед олон төрөл, жанараар уран бүтээл туурвиж байгаа ч жазз дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөгжимд зүй ёсоор тооцогдсоор байна. Энэ тухайд?

-Маш олон чиглэлээр хөгжмийн уран бүтээл хөгжиж байгаа боловч хамгийн үнэтэй, урт наслах, хүмүүсийн гоо зүйд илүү нөлөөлөх хөгжим бол жазз юм. Тийм ч учраас жазз хөгжим хүндтэй байдаг. Монголын ард түмэнд энэ чиглэлийн уран бүтээлийг тасралтгүй хүргэж байх учиртай. Үүнийг дагаад уран бүтээлчид олноор нэмэгдэж жазз хөгжмийг улам дэлгэрүүлж байна. Монголын ард түмний оюун санаа, гоо зүйн мэдрэмжид маш чухал үүрэгтэй, нөлөөтэй хөгжим учир уг хөгжмийг бодлогын түвшинд дэмжиж байх учиртай.

-2019 он бол танай чуулгын хувьд их ажил амжуулсан, мөн амжилт дүүрэн жил байлаа. Үүнийг дагаад олон нийтийн дунд хүлээлт байна. Энэ онд ямар уран бүтээлүүдээр бэлэг барих вэ?

-Манайх Улсын филармоний чуулга шүү дээ. Улсын филармони өөрийн үүрэгт ажлаа хийнэ. Нийгэмд урлаг соёлоор үйлчилнэ. Үүнээс гадна “Баянмонгол” чуулга орчин үеийн шаардлага хангасан студийн тоног төхөөрөмжтэй болсон. Үүнийгээ ашиглаад бид жил бүр нэг цомог гаргана гэсэн зорилттой байгаа. Өнгөрсөн жил бүтэн пянз, хос цомог дээр ажиллалаа. Амар ажил байгаагүй. Бид муу бүтээл хийж болохгүй. Цаашид манай дуучид, гоцлол хөгжимчид ч юм уу цомог гаргахыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Манай “Баянмонгол” чуулгад маш олон хүн уран бүтээл хийж, амьдралаа зориулж ирсэн. Мөн энэ чуулга амьдралынх нь утга учир болж байсан олон хүн бий. Үндэсний эрх чөлөөний 108 жилийн ойгоор төр засгаас “Баянмонгол” чуулгад төрийн том шагнал хүртээсэнд чуулгад ажиллаж байсан бүхий л уран бүтээлчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Энэ шагнал зөвхөн энд ажиллаж байгаа хүмүүсийн шагнал огтоос биш шүү. Энэ бол бид бүгдийн шагнал шүү. Төрийн шагнал хүртээхэд тооны хязгаартай юм шиг байна лээ. Цугтаа авах ёстой, гавьяа байгуулсан олон хүнээс хүлцэл өчиж байна. Хэдийгээр та бүхэн Төрийн ордонд орж шагнал аваагүй ч энэ шагналын нэг хэсэг шүү. Та бүхнээ гүнээ хүндэтгэж маш их баярлаж бахархаж байгаагаа хэлмээр байна. Хамтдаа төрийн соёрхолт хүртсэнд баяр хүргэе. Цаашдаа энэ том шагналын өндөр нэр хүндийг авч явах үүрэг бидэнд давхар ногдож байна. Үүнийгээ өндөр өргөж явна гэж уншигч, сонсогч олондоо хэлье.

Ярилцлагын төгсгөлд нэгэн харамсалтай мэдээ дуулгахад Төрийн шагнал хүртсэн, саксфон хөгжимчин Л.Сүхбаатар өнгөрсөн амралтын өдөр бурхны оронд заларчээ. Тэрээр “Баянмонгол” чуулга, Улсын филармонид насаараа ажиллаж, 50 гаруй жил саксфон тоглож урлагт нэрээ мөнхөлсөн хүн байв.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

С.Гэрэлмаа: Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахын тулд сум, дүүргийн өрхийн эмнэлэгт эхэлж хандана


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.

-Долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг үнэ төлбөргүй авахаар боллоо. Ер нь хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд иргэд хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ одоо эхэлж байгаа ажил биш. 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч 2019 онд 79800 иргэн хамрагдсан. Энэ хамрагдсан иргэдээс насны бүлгээр авч үзвэл хамгийн өндөр үзүүлэлттэй нь 46-64 насны иргэд идэвхтэй сайн хамрагдсан. Түүн дотроо 46-гаас дээш насны эмэгтэйчүүд илүү хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээлэл гарч ирсэн. 18-44 насныхан хамрагдалт маш бага хувийг эзэлж байна. Зорилтот бүлгийн 79800 хүн хамрагдсанаас дөнгөж дөрөвхөн хувийг 18-44 насныхан эзэлсэн. Үр дүнд нь шинэ хавдрын тохиолдол 912 илэрчээ. Үүнээс умайн хүзүүний хорт хавдар 55, элэгний хорт хавдар 530, түрүү булчирхайн хавдар 216, уушгины хавдар хоёр, ходоодны 48, улаан хоолойн 58 гэх мэтчилэн шинэ хавдрын тохиолдол илрүүлсэн нь давуу тал л даа. Нөгөө талаасаа 18-44 насныхан эрт илрүүлэгт хамрагдахгүй байгаа нь идэвхгүй байгаагийн илрэл. Гэтэл эрүүл мэндийн салбар 18 нас хүрсэн л бол өөрсдийнхөө эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, эрт оношлуулж, эрт эмчлүүл гэдэг зорилтыг тавиад ажиллаж байна. Гэсэн ч иргэд маань үүнд идэвхтэй хамрагддаггүй. Тийм ч учраас 2019 оны аравдугаар сард хуульчилж өгсөн.

-Насны хувьд ангилсан байдаг. 18 нас хүрсэн л бол хавдрын эрт илрүүлэгт заавал хамрагдах ёстой гэсэн үг үү?

-30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд орсон байх ёстой. 40-өөс дээш насны иргэд хүйс харгалзахгүй элэгний В, С вирусийн шинжилгээнд орно. Мөн элэгний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд жилд 1-2 удаа орох ёстой. Ходоод болон улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэгт жилд нэг удаа, 50-иас дээш насны иргэд хүйс харгалзахгүй жилд нэг удаа уушгины хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд орно. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар илрүүлэх шинжилгээнд хоёр жилд нэг удаа орно гээд заачихсан. Түүнээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаал дээр эрүүл мэндийн даатгалаа төлсөн, 18 нас хүрсэн хүн бүр дээрх үзлэг шинжилгээнд орох бүрэн боломжтой.

-Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг хаана өгөх вэ. Орон нутгийнхан заавал хот руу орж ирэхгүй аймаг, сумандаа шинжилгээ өгч болох уу?

-Зөвхөн төрийн байгууллага гэхгүй магадлан итгэмжлэгдсэн төр хувийн хэвшил нийлсэн 150 байгууллага урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийх эрхтэй гэж үзэж байгаа. Гагцхүү иргэд маань эхлээд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд регистрийн дугаараар бүртгүүлэн үзүүлнэ. Тухайн хүний нас, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалаад дараагийн шат руу илгээж байгаа. Илгээнгүүтээ тухайн хүн хавдрын эрт илрүүлэгт орсны дараагаар шинжилгээний хариугаа аваад өрхийн эмнэлэг дээрээ ирээд хянагдана. Хянагдаад дараа жил нь та яах вэ гэдэг асуудлыг уялдаа холбоотой хийж байгаа энэхүү асуудлыг иргэд ойлгож хүлээж аваасай. Иргэд ихэвчлэн өрх, сум, тосгоныхоо эрүүл мэндийн төвийг үл ойшоодог. Эд нарт үзүүлж байснаас шууд гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлнэ гэдэг асуудлыг цэгцлэх, нэг тогтолцоонд оруулах гэж хорт хавдрын эрт илрүүлгийн сайдын тушаал гараад хуульчилж өгсөн учиртай. Жишээлбэл, Орхон аймгийн Онош лаборатори, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөтөл сумын сум дундын нэгдсэн эмнэлэг, Айлфа гэрэл ХК-ийн Гэрэл лаборатори, Сэлэнгэ аймгийн Ханжи-Оч лаборатори гээд тухайн шинжилгээг хийх чадвартай магадлан итгэмжлэгдсэн лабораториудад хийгдэж байгаа. Энэ лабораторийнхоо хариуг аваад тухайн хүн маань өрх, сумынхаа эрүүл мэндийн төв дээр очоод хүлээгдэлгүйгээр явуулах зорилготой. Өмнө нь ганцхан төрийн эмнэлэг хийгээд мөнгөө төлдөг байсан бол эрүүл мэндийн даатгалаар үүнийг зохицуулах боломжтой болсон.

-Хорт хавдрын үзлэг оношилгооны тоног төхөөрөмжүүд хангалттай сайн бий юү?

-2020 онд хавдрын оношилгооны тоног төхөөрөмжийн төсөв суугдсан. Гэхдээ энэ шинэ ажил биш. Өмнө нь хийгдэж байсан ажлын тогтолцоог хуульчилж өгч байгаагаараа л онцлог. Бүх аймаг дүүрэгт хорт хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээ явагдаж байгаа. Ходоодны дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран гээд бүх төрлийн шинжилгээг авна. Гагцхүү хуучирсан тоног төхөөрөмж, огт хэрэглэх боломжгүй тоног төхөөрөмжийг шинэчлэх үйл ажиллагааг тусгаад явж байна. Дөнгөж эхэлж байгаа ажил маань алдаа оноотой боловч үүнийг эхлүүлснээр бусад хөгжиж буй орнууд шиг тогтолцоог нь бүрдүүлээд өвчтөн, эрүүл хүмүүсийг холихгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийнх нь эрүүл мөртлөө эрт илрүүлэгт орно, тэнд өвчтэй хүмүүс үзүүлнэ гээд өвчтэй болон эрүүл хүмүүсийг холихгүй байх тогтолцоо бий болгох гээд л явж байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаад хавдар илэрсэн тохиолдолд эмчилгээг хэрхэн хийх вэ?

-Эмчилгээг лавлагаа шат руу явуулна. Өрхийн эмнэлэг мэдээж хийж чадахгүй шүү дээ. Зөвхөн оношийг илрүүлэх үүрэгтэй. Жишээ ярья. Умайн хүзүүний хорт хавдрын нэг, хоёрдугаар шатанд яваа хүн эмчлүүлээд эдгэрэх хүртлээ лавлагаа шатаар явна. Лавлагаа шат буюу хоёр, гуравдугаар шатлалаар эмчлүүлнэ. Түүний дараа тухайн хүн өрх, сумын эмнэлэгтээ хяналтад орно. Тухайн хавдрын шинжилгээ жил бүр хийгддэгээрээ хийгдэнэ. Хавдраар нэгэнт өвдчихсөн тохиолдолд гурван жилд нэг удаа биш. Тухайн өвчтөн лавлагаа шатныхан хэр хугацаа өгөх вэ, тухайн өвчний явцаас хамаараад гурван сард нэг удаа, зургаан сард нэг удаа шинжилгээгээ өгнө. Хянах, хөнгөвчлөх, гэрээр эмчилгээ хийх ажлыг өрх, сумын эрүүл мэндийн төв дээр тусгаж өгсөн байгаа. Тухайн өвчтөний өвчлөлийн үе шат өөр бол лавлагаа шат эмчилгээ хийгээд буцаад өрх, дүүрэгтээ хяналтад орох үйл ажиллагаа хэрэгжиж байгаагаараа онцлог. Манай иргэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөө алгасаад шууд гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлэх сонирхолтой. Үүнээс нь болоод гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал ихсээд байгаа. Тухайн хүн эрт илрүүлэгт ороод эрүүл гэдгээ оношлуулсан бол “Та амьдралын хэв маягаа өөрчлөөд архиа багасгах, элэгний В, С вирус чинь ийм байна, зөв хоолло” гэх мэт зөвлөгөөгөө аваад хяналтдаа орох нь тухайн хүний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд орсон хамгийн гол ач холбогдол нь юм. Гэтэл иргэд тухайн өвчин хүндрээд, бие нь шарлах ч юмуу, даралт нь унаад, маш их зовуурьтай хамгийн хүнд шатандаа орсон үедээ л эмнэлэгт ханддаг. Үүнээс л сэргийлж урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог зохион байгуулж байгаа нэг шинэ хэлбэр гэж ойлгож болно.

-Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 18-34 насныхан идэвхтэй хамрагдах ёстой гэсэн үг үү?

-18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш гэсэн товлол гаргасан. Насны ангиллыг хараад “Би хоцорчихсон юм байна” гэдэг зүйл байхгүй. Иргэдэд нэг ташаа ойлголт байна. Тэтгэврийнхэн гэхээр 65-аас дээш настайд орно гэдэг. Хэнийг ч ялгаварлан гадуурхаагүйгээр энэ насны ангиллыг тогтоосон. 18 насанд хүрсэн хэн ч бай та энэ үзлэг шинжилгээнд орох ёстой. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн л бол энэ үйлчилгээг авах эрх үүсчихсэн байгаа. Заавал товлол гэлтгүй хэзээ ч үзүүлж болно. Хамгийн гол нь эрүүл өвчтэй хүнийг холихгүй эрт илрүүлгийн амбулаторийг бий болгох тогтолцоог үүсгэхийг зорьж байна.

-Хорт хавдрын эрт илрүүлгийн хамгийн гол ач холбогдол нь хүндрэхээс нь өмнө эмчлэх. Хорт хавдар эрт илэрвэл эдгэрэх бүрэн боломжтой гэж ойлгоод байгаа. Зөв үү?

-Эрт оношлох, илрүүлэх, эмчлэх, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх, цаг хугацаа алдахгүй гэсэн маш олон давуу тал бий болно. Жишээ нь, хорт хавдар өнөөдөр үүсээд маргааш шинж тэмдэг нь илэрдэг өвчин биш. Нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо л тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг. Гэтэл түүнийг нь хүмүүс тоодоггүй. Ялангуяа эрэгтэйчүүд “Аа иймэрхүү өвдөлтийг даагаад гарна. Энэ зэргийн өвдөлт юу ч биш” гэж явсаар байгаад тухайн хавдрын хэмжээг ихэсгээд байдаг. Гэтэл тэр 0.5 см-ээс өмнөх үед нь тухайн шатанд нь буюу нэг, хоёрдугаар шатанд хөнгөн хэлбэрийн эмчилгээнд ороод эдийн засгийн ч хямралд орохгүй, цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх бүрэн боломжтой. Харин гурав, дөрөвдүгээр шатанд зөвхөн хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг. Хичнээн их мөнгө дал наян саяар нь зарсан ч тухайн хавдрыг ялан дийлэх боломж хүндэрсэн тохиолдолд байхгүй. Нэг, хоёрдугаар шатандаа яваа хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмчийн хяналтад яваад эмчлүүлээд байх боломжтой. Энэ боломжоо иргэд маань алдаад байна. Тиймээс энэ боломжоо алдахгүй байх, энэ боломжийг ихэсгэх үүднээс эрт илрүүлэгт заавал хамрагдах ёстой. Иргэд маань энэ боломжоо бүү алдаасай, гэр бүлийнхэндээ, хамт олондоо анхаарал тавиасай гэдэг үүднээс уг товлолыг гаргаж ирснээрээ маш их ач холбогдолтой.