Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ОБГ-ынхан спортоор өрсөлдөж байна

 Нийслэлийн Онцгой байдлын газраас  Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг өнөөдөр /2020.01.09/ зохион байгуулж байна.

Тэмцээнд НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн нийт 18 баг эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм. Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-т болж байна.

Categories
мэдээ нийгэм

Ховор амьтан болон тэдгээрийн эд эрхтэнг тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ

Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн харьяат иргэн Н “Ховор амьтан”-ы жагсаалтад орсон тул загас гурван ширхэг, халиун бугын эд эрхтэн болох чив таван ширхгийг тээвэрлэж явсныг Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв  журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Тул загас болон бугын чивийг хураан авч Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар өгсөн байна. 

Categories
мэдээ нийгэм улс-төр

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2019 оны жилийн эцсийн мэдээнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын дүнгийн танилцуулгыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хүргэв.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны жилийн эцсийн тайланг дүүргийн Засаг даргын зөвлөл болон байгууллагын даргын зөвлөлийн хуралд танилцуулсан тэмдэглэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хүргүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн тухай тайлангийн хамт тогтоосон хугацаанд бүрэн ирүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажилд хариуцлагатай хандаж, өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт хамааралтай тогтоол, шийдвэрүүдээс 2019 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд байршуулан, дээд газрын 72 тогтоол, шийдвэрийн 141 заалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд 95.8 хувийн гүйцэтгэлтэй, “Бүрэн хэрэгжсэн” 100 хувь гэж үнэлэгдэв. Гүйцэтгэлийн үзүүлэлтийг 2018 оны жилийн эцэс, 2019 оны эхний хагас жилийн үзүүлэлттэй харьцуулбал 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үзүүлэлтээс 2.7 хувиар, 2019 оны хагас жилийн үзүүлэлтээс 16.6 хувиар тус тус ахисан үзүүлэлттэй байгаа аж.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, тайлан мэдээ мэдээллийг дахин сайн нэгтгэн дүгнэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Д.Сарангэрэл: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг хэлэлцэж байна

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргажээ. Энэхүү саналыг Ажлын хэсэг МАН-ын бүлэгт танилцуулсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ. Тэрээр “Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад бий. Тийм учраас 194 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох асуудал яригдана. Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэхийг шийдсэнээр ахмадуудад хавар нэг сая төгрөгийн ваучер олгох талаар бүлэг хэлэлцэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэргээр шийтгүүлээд, давж заалдсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

  • У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэсэн хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 7 жил хорих ял,
  • Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих ял,
  • Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэсэн юм.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээв.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргахыг хориглоно

ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцууллаа. ШӨХТГ сонгуулийн үеэр гурван чиглэлээр хяналт шалгалт хийж ажиллах аж. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд аль нэг улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээлэл гаргахыг хоригложээ.

Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргах, эсвэл огт гаргахгүй байх гэрээ, радио телевизээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл нэвтрүүлэг хийхийг хориглосон байна. Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сонгуулийн дүн гартал түр хугацаанд түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах юм байна.

Categories
мэдээ спорт

Холимог тулаанаар 7 орны шилдгүүд Улаанбаатарт хүчээ сорин тулалдана

Холимог тулааны “MFC” холбооноос 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр “АСА Цирк”-т энэ жилийн анхны олон улсын тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулна.

Тэмцээний оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар /70 кг-д/ тулалдах юм. Мөн энэ өдрийн дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита /77 кг-д/ болон “Ангууч” хочит Б.Баттөр, Японы тамирчин Таказүми Моритой /66 кг-д/ тус тус хүчээ сорин тулалдах юм.

Японы тулаанчдаас гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстанаас холимог тулааны шилдэг тамирчид ирнэ. Тухайлбал, “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин ирж, Э.Даваабаяртай тулалдана. Дагестан гаралтай Магомед нь “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан аж. АНУ-ын тулаанч Ламар Госи, монгол тулаанч Т.Ариунболдтой тулалдах саналаа өгсөн байна. Мөн “MFC” холбоонд 2 ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC” холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг, Ямайкийн Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи, А.Тэмүүлэнтэй тус тус хүч үзнэ. “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх долоо хоногоос худалдаанд гарах аж.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-уудад лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.

Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд:

  • 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн,
  • 134 сургууль физикийн лабораторийн тоног төхөөрөмж,
  • 100 сургууль химийн лабораторийн тоног төхөөрөмж,
  • 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж,
  • 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар сургуулийн захирлуудад гардуулан өгөв.​ 21 аймаг, 9 дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар батлагдсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчинг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байгаа аж.
Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Oscar” наадмыг дахин хөтлөгчгүйгээр зохион байгуулна

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг “Oscar” наадмын 2020 оны шагнал гардуулах ёслолыг дахин хөтлөгчгүйгээр зохион байгуулахаар болсон талаар “ABC” энтертайнментын захирал Карей Берк лхагва гарагт мэдэгджээ.

1989 оноос хойш зохион байгуулж буй “Oscar” наадмын шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн онд анх удаа хөтлөгчгүйгээр явуулсан юм. Энэ оны “Oscar” наадмыг инээдмийн жүжигчин Кевин Харт хөтөлж магадгүй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан боловч хөтлөгчгүй явуулах шийдвэрийг гаргасан нь энэ ажээ.

2019 оны “Oscar” наадмыг үзсэн хүмүүсийн тоог өмнөх оныхтой харьцуулахад 12 хувиар өсөж, 29.6 сая хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь шүүмжлэл их байсан хийгээд хөтлөгчгүй явуулсны аль алинтай холбоотой байж магадгүй хэдий ч туршилт амжилттай болсныг харуулсан байна.

Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт ирэх хоёрдугаар сарын 9-нд болох “Oscar” наадмыг “ABC” суваг шууд дамжуулан үзүүлнэ. 

Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох 23 хүртэлх насны залуучуудын Азийн АШТ эхэллээ

2020 оны олимпийн эрх олгох 23 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсад өчигдөр шөнө Ирак болон Австралийн шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Нэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд Азийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа юм. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээний нээлтийн тоглолтонд Ирак, Австралийн багууд 1:1 харьцаатайгаар тэнцлээ. “А” хэсгийн нөгөө тоглолт Тайланд болон Бахрейний шигшээ багуудын хооронд явагдаж, тэмцээнийг зохион байгуулагчид өрсөлдөгчөө 5:0 харьцаатайгаар хожсон юм. Харин өнөөдөр “B” болон “С” хэсгийн эхний тоглолтууд явагдах юм. Энэхүү тэмцээний эхний гурван байрт орсон багуудад олимпийн эрх олгох билээ.

У.ЧИНЗОРИГ