Categories
мэдээ спорт

Атлетико Мадрид Супер цомын финалд шалгарлаа


Испаний Супер цомын хагас шигшээд учраа таарсан Барселона болон Атлетико Мадрид клубуудын тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Хоёр багийн тоглолт эхний үед гоолгүй өндөрлөсөн хэдий ч тоглолтын хоёрдугаар хагас дөнгөж эхлээд Атлетико Мадрид клубээс Анхель Корреагийн дамжуулалтаар Коке тооны харьцааг нээсэн юм. Түүний гоол орсноос таван минутын дараа Лионел Месси тоглолтыг тэнцүүлэв. Месси уг гоолоосоо таван минутын дараа ахин гоол оруулсан боловч шүүгч бичлэг ухрааж үзээд түүний гоолыг тооцоогүй юм. Учир нь тэрээр гоол оруулахынхаа өмнө буюу бөмбөгийг тогтоох үедээ бөмбөгөнд гар хүрсэн байжээ. Харин тоглолтын 62 дахь минутанд Лионел Мессигийн хаалга руу мөргөсөн бөмбөгийг хаалгач хаасан ч Антуан Гризманн нэмж мөргөснөөр Барселона клуб тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Тоглолтын 74 дэх минутанд Барселона клубээс Артуро Видалийн дамжуулалтаар Жерар Пике гоолдсон боловч мөн л отон байсан учир гоолыг тооцоогүй. Барселона клубын хаалгач Нето торгуулийн талбайдаа Витолог унагасан тул Атлетикод торгуулийн цохилт гүйцэтгэх эрхийг шүүгч өгөв. Улмаар торгуулийн цохилтыг Алваро Мората амжилттай гүйцэтгэж тоог тэнцүүлсэн. Тоглолтын 86 дахь минутанд Анхель Корреагийн цохилтыг хаалгач хатгасан ч гоол орсон юм. Энэ гоолоос хойш хоёр багийн хаалганы тор дахин хөдлөлгүй байсаар цаг дууссан билээ. Барселона клуб 72 хувьтай бөмбөгийг эзэмшиж, хаалга руу 16 удаа цохисон ч хожигдол хүлээсэн юм. Атлетико Мадрид клуб долоо дахь удаагаа Испаний Супер цомын финалд шалгарч байна. Тэд энэ тэмцээнд хоёр удаа түрүүлээд буй юм. Супер цомын финалд Атлетико Мадрид болон Реал Мадрид клубууд 1-р сарын 12-нд тоглоно.
У.ЧИНЗОРИГ


Categories
мэдээ нийгэм

ТАНИЛЦ:ЭМД-ын 2020 оны шимтгэлийн хувь хэмжээ

Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2020 оны хэмжээг тогтоосон.

Ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байх бол хувиараа төлдөг иргэд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиар төлөх юм.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.06-2020.01.09-ны өдрүүдэд нийт 876 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 689-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх-1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.06-ны өдрийн 20:15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын 3-р баг “Хүүшийн хөндий” гэх газар сумын төвөөс хойшоо 60 км/ шороон замд Toyota Land Cruiser маркийн онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй Ц нас барсан.

2020.01.06-ны өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Улаан-уул” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 7км-т/ шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 21 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21,5 хувиар, гэмтсэн хүн 12,5 хувиар, гэмтсэн хүүхэд 3 дахин, нас барсан хүний тоо 2 дахин буурсан байна.

Он гарсаар зам тээврийн ослын тоон мэдээ 7 хоног бүр буурсан үзүүлэлттэй байгаа ч явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь их байна. Авто замын гадаргуу хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар зогсоох боломжтой хурдыг сонгон замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Иргэний тэтгэврийн зээлийн төлбөрийг төлөх хуулийг батална


Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


1.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

3.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

6.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

7.“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Үдээс хойших хуралдаан:

8.Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганцэцэг: Хүмүүс сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж найз нөхдийн амьд харилцаа хумигдаж, ганцаардаж байна


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхэд, залуус сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж, ганцаардалд орох магадлал нэмэгдэж байгаа аж. Сошиал хэрэглээ өсөх нь ганцаардлыг үүсгэдэг үү?

-Энэ бол хоёр талтай нийгэм-сэтгэл зүйн асуудал. Ганцаардал нь амьд харилцааг хумьж байх талтай. Нөгөө талдаа сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж ганцаардал нөхцөлөө бүрдүүлж байна. Тиймээс найз нөхөд болон гэр бүлийн харилцаандаа илүү цаг гаргаж анхаарах.

Ажил дээрээ сошиалд орохгүй байх, гэртээ байх үедээ интернет хэрэглээгээ хянах зэрэг өөртөө дадал болгох үйлдлүүдээ хийхгүй бол нэг л мэдэхэд дэлгэцийн хамааралтай, ганцаардмал нэгэн болох эрсдэлийг дагуулж байна.

-Хүмүүс фейсбүүк, твиттерт олон найз, дагагчтай байж, олон лайк, зүрх даруулж байвал өөрийгөө нэр хүндтэй, олны танил болж байна гэж эндүүрэх нь бий. Хүмүүс яагаад ингэж сошиал руу улайрна вэ?

-Бодит амьдрал дээрх харилцааны илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

Мөн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэг үг, өгүүлбэрийг нэгэн зэрэг хүргэдэг учир хүмүүст харилцаанаас хариу үйлдлээ хурдан авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь дэлгэц буюу сошиал харилцааны онцлог юм. Тиймээс амьд харилцаанаас илүүтэйгээр сошиал харилцааг илүү үзэх хандлагатай байна.

-Хүн өдөрт дунджаар хэдий хэрийн хугацааг сошиал орчинд зарцуулбал зохимжтой вэ?

-Хоёроос дээш цагийг тогтмол зарцуулах нь хамаарлыг илтгэж байгаа учир өөрийн ажлын болон амьдралын онцлог хэв маягтаа тохируулан түүнээс бага хугацаагаар хэрэглэх нь зүйтэй. Цаг их өнгөрөөх тусам хамаарал нэмэгдэнэ. Тиймээс амьдралаа зөв төлөвлөх, бусдад цаг гаргах, чөлөөт цагаа хөдөлгөөн хийж үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Дэлгэцийн хамааралд нас, хүйс, ажил эрхлэлт хамаарахгүй орж байгаа тул бие биедээ анхаарал, хяналт тавих нь зүйтэй.

-Хүүхдүүдийг хэдэн наснаас нь эхэлж фейсбүүк хаягтай болговол зөв бэ?

-Сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийг харгалзан 15-16 насанд фейсбүүк хаяг нээх нь хүүхэд шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө тодорхой хэмжээнд удирдахад үр нөлөөтэй. Хэт бага наснаас нь сошиал хаяг нээх, эсвэл хүүхдийн зургийг өөрийн сошиал хуудсандаа хэрэглэх нь тохиромжгүй юм. Эрт нээх тусмаа хүүхдэд олон төрлийн эрсдэлийг дагуулж байна.

-Фейсбүүк, твиттерт донтчихсон, байнга утас шагайж, тэндэх мэдээллээ бусдад хуваалцаж, өөрийгөө мундаг мэдээлэлтэй, хэрэгтэй хүн мэт харагдуулах гэж зорьдог хүмүүс бий.Цахим орчинд өөрийгөө донтож байгаагаа эхний ээлжинд яаж мэдэх вэ?

-Энэ бол хүний хэрэгцээний шатлалын нэг чухал хэсэг юм. Гэвч бид үүнийгээ амьд харилцаанаас бус дэлгэцээс олж байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ Монголд байгаа үзэгдэл бус дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулж байна.

Ялангуяа өсвөр, залуу үеийнхэн энэ байдалд хэт автах, хамааралтай болж байгаа нь гэр бүлийн хүмүүсийн анхаарал халамж, гэртээ болон бусдын өмнө үүрэг хариуцлага бага хүлээж байгаа зэрэгтэй хамааралтай ойлголт болоод байна.

-Бага лайк авбал сэтгэлээр унадаг, өөрийнх нь оруулсан пост, жиргээг хүмүүс тоохгүй бол өөрийгөө нийгэмд хэрэггүй, хүмүүст тоогддоггүй азгүй нэгэн мэтээр төсөөлдөг хүмүүс бий. Ийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ бас л харилцаанаас авч байгаа хүний сэтгэл ханамжгүй байдлын илрэл хариу үйлдэл юм. Энэ нь бодит байдлаас тасарч өөрийн үнэ цэнэ, амьдралын хандлага зэргээ бусдаар удирдуулж байгаагийн нэг үр дагавар юм. Тиймээс зөвлөгөө гэвэл амьд харилцаанд идэвхтэй байх, ажил амьдралын тэнцвэрээ зөв хангах, аливаа харилцаанд эерэг хандах, байгальд гарах, бусдад туслах зэрэг амьдралдаа илүү идэвхтэй, эерэг хандах хэрэгтэй.

-Амьд харилцаа үүсгэх хэрэгтэй гэдэг. Амьд харилцаа үүсгэх энгийн алхмуудыг та хэлж өгөхгүй юу?

-Гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, хүсэл сонирхолд анхаарал хандуулах, үр хүүхэд, эцэг эхээ халамжлах, ажил, сургуулийн орчинд бусдад санаагаараа туслах, тэднийг сонсох, өөрийн туслах боломжтой зүйлээрээ биеэрээ оролцон туслах нь амьд харилцаандаа идэвхтэй байгаа мөн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Тиймээс өөрийн амьдралдаа илүү нээлттэй, амьд харилцааг эрхэмлэсэн тэр хүн, гэр бүл, байгууллага сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байж чадна.

Categories
мэдээ нийгэм

Албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2020 онд зохион байгуулах мэргэжлийн алба хаагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги салбар нэгжийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалтыг нэгдүгээр сарын 9, 10-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд төв, орон нутгийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх, хяналт шалгалт явуулах, ХАСХОМ гаргахад тулгарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Мэргэшүүлэх сургалт нь Хяналт шалгалтын үйл ажиллагаа, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах,батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анги байгууллагаас хэрэгжүүлж буй сайн туршлага гэсэн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү сургалтыг явуулснаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнийг бууруулахаар ажлын хэсэг өргөтгөсөн уулзалт зохион байгуулав

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019-2020 онд хамтран ажиллах 3 талт гэрээ байгуулж, Ажлын хэсгийн уулзалтыг сар бүр зохион байгуулж байгаа.

Энэ удаагийн уулзалтыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Ариунаа, Чанарын менежер Мөнхсаруул, Хүүхдийн тасгийн эрхлэгч Ариунжаргал, Хүүхдийн эмч Цэнд-Аюуш, Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Хосбаяр, Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Баярмаа, Өрхийн эрүүл мэндийн тусламж хариуцсан менежер Болор-Эрдэнэ, Статистикч эмч Ган-Эрдэнэ, Хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч Сарантуяа, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцов.
Уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах дүүргийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, амбулаторийн үзлэг, эмнэлэгт хэвтэлт, өвчлөлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид зохион байгуулах ажлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 01 нээс 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 7 хоногт нийт 238 хүүхэд хэвтсэн ба 91,2% нь амьсгалын замын өвчтэй байна, үүнээс 0-11 сартай 29,4%, 1 нас 24 %, 2-4 нас 19 % , 27,6%-ийг нь үлдсэн насныхан эзэлж байна.
Нийт хэвтэлтийн хамгийн өндөр хувийг 11-р хороо 13,3% / 945 хүүхэд/, 16-р хороо 10,8% /765/, 10-р хороо 7,6% /539/ хүүхдүүд эзэлж, 32.2% нь цочмог бронхит, 29.3% нь хатгалгаа эзэлж байна.

Иймд хүүхдийн уушгины хатгалгаат үрэвсэл, амьсгалын замын цочмог халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, томуугийн эмчилгээний зарчмын талаар зөвлөгөө өгч, суурь өвчтэй, биеийн эсэргүүцэл сул, цус багадалттай зэрэг хавсарсан өвчтэй, дархлаа муутай хүүхдүүдийг томуугийн хүндрэлээс сэргийлэхэд анхаарч яаралтай арга хэмжээ авах, эцэг, эх, асран хамгаалагч нарт сургалт, сурталчилгаа түлхүү явуулах, зорилтот бүлгийн иргэдэд асаргаа, гэрийн эргэлт, хяналт хийх ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.
Оюутан, сурагчдын амралттай холбоотойгоор томуугийн дэгдэлт, эмнэлэгт хэвтэлт буурч, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6,2%-тай байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг” наадмын шилдэг өгүүллэгүүд

МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Намсрайн нэрэмжит “Утгын чимэг 2019” богино өгүүллэгийн наадмын Тэргүүн байрт Төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норов “Хэрээний нулимс” өгүүллэгээрээ шалгарлаа. Тэрээр энэ наадамд гурав дахь удаагаа түрүүлж буй юм.

ХЭРЭЭНИЙ НУЛИМС /Өгүүллэг/

-Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана. Хэзээ хойно,
Тэгвэл наад хоёр улцнаа эмчлээч гэх тохуутай дуун гарав. Тэгтэл тэр дуугарагчтай өрсөлдөх мэт
Хүүе, Баярт гуай, Баярт аа, нааш ир, энд суугаад сайхан ярь гэж тоглоомын талбайн нөгөө захаас хоёр эмгэн зэрэг зэрэг дуудахад өвгөн тэдэнрүү хазганасхийн зүглэв.
Энэ бол манай хорооллын “орилоо шар” өвгөдтэй нийлж даалуудаж хөзөрдөхгүй атлаа өдөржин энэ талбайгаар сандлаа чирэн холхиж, хөгшин залуу, таних танихгүй хэнийг ч болов “хөөе хө, сайн уу. Чи дуулсан уу” хэмээн тэртээ холоос дуудан ямар нэг сонин содон юм хэлнэ. Улс төр, хүүхдийн сахилга, тамхины хор, телевизийн шинэ мэдээ, ер ярихгүй сэдэв байхгүй. Харин эндхийнхэн бүгд түүнээс дайжин холдоно. Тэгэвч өвгөн гомдоно гэж үгүй. Заримын нь хойноос даган гэлдэрч, мөнөөхөө ярин залхаана. Түүний жонгиносон шингэн дуу талбайн хаана ч тод сонсогдоно. “орилоо шар” гэх хогийн ерийн нэршилээс илүү нэг л зэвүүн хүйтэн өнгө сонсогдоно.
Учир нь “энэ орилоо шар чинь насаараа эмнэлэгийн хүүр задалдаг ажил хийсэн юм гэнэ лээ” гэсэн яриа тархаснаас хойш хүмүүс түүнээс дайжих болсон юм. Өвгөн ч үүнийг нь анзаардаг бололтой, цэцэрлэгт талбайн сандлуудад налайж суугаа хүмүүстэй суудал булаалдахгүй, өөрийн сандлаа чирч ирээд ойролцоохон суугаад жонгинон ярьж гарах. Бүсгүйчүүд хүүхэддээ /энэ өвгөнд битгий ойрт. Чихэр өгвөл сэмхэн хаячихаж бай. Идэж болохгүй шүү. Муухай хүн байгаа юм/ гэхчилэн захиж, өөрсдөө холуур дөлж явна. Тэгсэн атлаа чихэр өгөхөд нь авахгүй байж чадахгүй. Ярвайсхийн авч баярлаж гялайснаа хэлэх мөртлөө холдмогц хогийн савруу чихрийг нь хаяад гараа арчин “тфү тфү, муу юм цаагуур” гэх. Авахгүй байхаас айна. Авсан хойно айна. Чихрээс айж байгаа нь тэр.
Би өвдсөн нүдэнд юу сайныг сонсох санаатай тэрүүхэнд саатан суутал өндөр туранхай өвгөн бас ирж зэрэгцэн суух зуур,
-За манай хөгшин хэрээ өнөөдөр юу гэж гуаглаж байна гэв?
Энэ бол бас манай хорооллын “зангиа”. Өдөр шөнө, өвөл зунгүй зангианаас салдаггүй хүн. Тиймээс эндхийн авгай нар түүнийг зангиатайгаа унтдаг гэж баталцгаадаг юм.
– Одоо л сонсоё гэж би товч хариулав
-Энэ хэрээ мөд үхэхгүй, олон жил гуаглах байх шүү гээд “зангиа” шүлсээ годхийлгэн хаяв.
Энэ өвгөн олон үггүй юм шиг атлаа дандаа тэр энэ хүн болон үйл хэргийн сүүдрийг гоочилсон зэвүүн үг хэлдэг болохоор нь эндхийнхэн бас түүнд дургүй. Гэвч нэг их айж дайжаад байдаггүй юм. Харин “зангиа”- т нь “орилоо шар”-ыгаа бол дандаа үзэн ядсан нэг юм хэлж явдаг ажээ.
За тэгээд юу сайн гэнэ. Хаанаас мэдэв хэмээн хоёр эмгэн зэрэг зэрэг асуун дэргэдээ суудал зайчлан саймшрах нь энэ удаад өвгөнөөс зэнзийлэх цээрийг нь сонсох хүсэл нь дийлэв бололтой.
Гэвч Баярт гуай өмнөхөн нь сандлаа тавин сууж тухлаад хэлж байна.
– Хэрээний нулимс… Хэрээний нулимс нүдний ямар ч өвчинийг хойш урагшгүй нам болгодог гэнэ шүү хө. Хэрээ нөгөө дандаа нүд иддэг амьтан болхоор тэр гэнэ ээ.
– Тэр олон нүднээс чинь аль хэрэгтэйг нь сороод залгичихдаг болохоор нулимс нь тунгаасан эм бололгүй яахав.
– Хүүе ер, нээрэн тийм ш дээ. Үгүй тэгээд тэр хэрээний чинь нулимсыг яаж олдог байна.
– Амархан гэнэ ээ. Согтоож байгаад авчихдаг юм гэнэ.
согтоож ий. Нүгэл байгаа даа, тэгээд хар хэрээтэй архи уух хэрэг үү?
– Уусан ч яадаг юм. Зах дээрээс хонины толгой худалдаж аваад хоёр нүдэнд нь шпирицээр архи шахаад гадаа хаячихгүй юу даа.
– Өө хөөрхий тэгээд тэрийг нь тоншоод нөгөөх нь согтчихдог байх нь.
– Тэгэлгүй дээ. Тэгээд нисч чадахаа байчихаад, хэдэн зуун жил улай зовлон үзсэн амьтан болохоороо тэрийгээ санадаг биз. Уйлаад бөмбөрөөд байдаг юм байх аа.
– Ээ чааваас гэж. Үгүй тэгээд үнэн л байдаг байгаа даа, айн. Тэгж үзсэн хүн байна гэнэ үү? Байна аа байна. Хаа сайгүй л.
– Ишш баярт минь. Чи эрх биш эр юм байна даа, нэг арга бодооч. Хоёулаа дуран шиг нүдтэй болчихъё л доо гэцгээж биесээ нудралцан инээлдэв.
Энэ өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа “хэнгэрэг хагарна” гэгч болов. Орой ажил тараад иртэл манай байрны өмнөх ганц аврага том улиасны орчимд эхнэр хүүхэн голцуу хоёр гурваараа зогсоод шивэр авир гэлцэж мод өөд заацгааж, хар хэрээд бархиралдан, мод тойрон нисэж заримдаа газар шүргэн алдан доош шунган дайрч, хүүхдүүд тэдэнрүү чулуу шидлэн “яваач, зайлаач” гэж хашгиралдан байв.
Есөн давхар байшинтай жацуу энэ аварга улиас бол манайхны ганц бахархал юм. Навчис дундаа шувууны нэг лут сайхан үүртэй юм. Би юу болсоныг сониучирхан мөнөөх горзгор “зангиат”-д ойртон очвол тэр толгой дохин мэндлээд
– Одоо нөгөө хөгшин “хэрээ” хэрэгтэй байна санж гэж дуугарав. Би гайхасхийн асууж харвал
– Энэ хавьд явдаг нэг муу шар муур дээш авирч очоод үүрэнд байсан хэдэн ангайхайг нь бариад ирчихсэн л дээ. Тэгээд л энэ хоёр хэрээ галзуурч өдөржин бархирч модонд ойртсон бүхэнрүү дайрч байгаа юм гэв.
– Хөөрхийс үрт амьтан гэгч. Энэ хоёр эцэг эх нь байхдаа гэвэл өндөр өвгөн ийш тийш өлөдзөн
– Нөгөө “орилоо шар” хайчив аа. Хэрээний нулимсанд дуртай юмсан. Энэ хоёрыг барьж авбал одоо ч нэг асгаруулж өгнө дөө. Яг хэрэгтэй үед нь алга болчих юм. Бас тэр шар муурыг олж орилоогоор төхөөрүүлмээр байна. Тэрэнд айдас хүйдэс, эрээ цээр гэж байх биш гээд хямсайн инээмхийлэв. Тэгтэл ард зогсож байсан нэг охин “Орилоо өвөө” нулимсаа арчаад зогсож байсан. Харьсан байх аа гэж “зангиат”-руу зэвүүцэнгүй хялбалзан хэлээд эргэн одов.
Миний сэтгэл зэхийрч, дотор хүйт оргиход би гэртээ оров. Гэвч тохитой сууж чадсангүй. Гадаа хэрээ зогсоо чөлөөгүй бархирах, эх хүүхдээ дуудан зандрах, зайлаач яваач гэж багачууд хашгиралдах дуулдсаар бүтэн оройг түгшүүрээр дүүргэж орхив.
Золоор маргааш нь амралтын өдөр тул аажуу босож гадагш гарвал өчигдрийн түгшүүр нилээд намжсан бололтой. Мөнөөх хоёр хэрээ тамираа барсан, цөхөрсөн ч юм уу, шонгийн модны оройд сууж хааяа «гон гон» хийн гоншигонож байв.
Харин хүүхдээ салхилуулсан, нарласан эхнэр хүүхнүүд бөөгнөрөн нэгэн зүйлийг шогшрон хүүрнэлдэхийг сонсвол “орилоо шар” гуай хөлөө хугалж, хавиргаа гэмтээсэн, эмнэлэгт хүндхэн байгаа гэлцэнэ. Учрыг асуувал ангайхай идсэн муурыг «зангиат» гуай шийтгэхээр шийдэж, хүүхдүүдээр бариулаад ойролцоох траншиний худагт хийгээд таглачихсан юмсанж. Мөнөөх жаалуудаас үүнийг сонссон “орилоо шар” амьтан тамлав гэж ихэд уурсан мөнөөх худгаас муурыг гаргах гэж байгаад дотогшоо унаж тийн хэмхэрсэн ажээ.
Худагт орж муурыг гаргах зоригтой жаалууд олон байсан боловч өвгөн тэднийг хавьтуулаагүй гэнэ. Нөгөө хэрээний нулимс авах ч хаа байхав. Хэн нь хэрээ, хэн нь муур юм бэ дээ гэмээр юм болоод дотор зэгийлгэсээр өнгөрөв. Бид ч мартагнав. Гэтэл сар гаруйн дараа эхэн намрын нэгэн налгар сайхан өдөр хүүхдийн талбай дунд тэргэнцэрт суусан «орилоо шар» гэх Баярт гуайтай тааралдав. Хөл муут хүний тэргэнцэр дээр суугаад дугуйг гараар өнхрүүлэн
“Хөөе сайн уу хө, өнөөдөр чинь ялалтын өдөр, баярын мэнд хүргье” гээд улам цээл болсон жонгинуур дуугаар холоос мэндлэв. Ойртон очвол давхар эмжээртэй морин хүрэмнийхээ энгэрт “Халхин гол 1939” гэж латинаар бичсэн “дайнд оролцсон ахмад дайчин” гэсэн хоёр тэмдэг зүүжээ. Би өвгөнтэй мэндлээд тэсэлгүй мөнөөх хэрээний нулимсыг асууж орхив. Өвгөн инээж,
Надад хэрэггүй ээ хө. Тэр авгайчуулын нүдэнд л гээд хар шилээ авбал ухархайдаа цийгээд цайчихсан хоёр нүд хөдөлгөөнгүй бүлтийж харагдав. Харин чихний нүхнээс сонсголын жижиг хэрэгсэл хар нүд мэт бултайж байлаа. Өвгөн
«Хөөе та минь ээ. Өнөөдөр чинь Халхын голын ялалтын өдөр. Та нар мартаагүй биздээ» гэж жонгинон орилсоор сэхээвчинд суугаад даалууны гуншин уянгалуулж байгаа хөгшидийн зүг дугуйгаа өнхрүүлсээр одов.
Харин мөнөөх аварга улиасны мөчир дээр нулимсаа ширгээсэн хоёр хэрээ таг дуугүй нэвсийн суугаад доор нь нүүр буруулан зогсоод талхны булан дээр архи цутган, хүн харчих вий хэмээн ийш тийш хялалзан, тэднээс нулимс авах аргаа хийж байгаа “зангиат” өвгөнийг уйтгартайяа ширтэн байлаа.

2019 оны 12 сарын 14 өдөр

Тус наадмын дэд байранд МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуяг “Цаггүй газар” өгүүллэгээрээ шалгарсан юм. П.Батхуяг “Утгын чимэг” наадамд дөрөв дэх удаагаа дэд байрт шалгарч байгаа юм.

ЦАГГҮЙ ГАЗАР /Өгүүллэг/

Цаг тэр үед одооныхоос арай хурдан урагшилдаг байсан ч байж мэдэх юм. Заримдаа тэдэнд цаг хэмээх хачин зүйл огт байхгүй болчихсон мэт санагддаг байжээ. Гагцхүү өглөө нар мандаж, орой жаргана. Он жилийн уртад хэн ч анзаарахааа байсан хуучин байшингийн дээвэр дээр суугаад дуулалдана. Гэхдээ хэн нь ч дуучин болно гэж бодож байсангүй. Хаанаас ч юм бэ, дуулмаар санагдах мэдрэмж төрж, тэгээд л хэн нэгнийхээ хоолойг давах гэж орилолдож гарна. Хавь орчны хүмүүст заримдаа тээртэй санагддаг байсан уу, хөвгүүд голдуу чулуу нүүлгэж тэднийг дээвэр дээрээс хөөж буулгана. Ийм үед хашааны буланд тойрон суугаад ирээдүйнгэрэлт амьдралынхаа тухаймөрөөдөл ихтэй яриандаа умбацгаана.

Богинодсон цэнхэр даашинзтай өвдөг тохойнь зузаан сайр болсон бор охин “Би хэзээ ч эндээс нөхөр авахгүй. Холоос бүр өөр газраас нөхөртэй болно” гэхэд түүний үгийг өлгөн авч онгож хуучраад ямар хээтэй байсан нь мэдэгдэхгүйболсон даавуун өмд цамцтай шар охин “ Би ч гэсэн эндээс л лав нөхөр авахгүй. Том болоод гадаадад амьдарна. Бүр олон давхар байшинд амьдарна” гэж хэлээд өндийн босоод эргэн тойронд нь дэггүй хөвгүүдийн аюул бийг тандах мэт ийш тийшээ сэрэмжлэн харахадөтгөн хар үснийхээ үзүүрийг өм цөм хайчилчихсан, цоохор нүүртэй охин ”Манай гудамж ч уйтгартай шүү дээ?” гэж хэлээд уртаар санаа алдана. Охид яг энэ насан дээрээ юунд ч юм бэ их л догдлон яардаг. Тэд хурдан сайн сайхантай учрахсан гэж эргэн тойронднь юу болж байгааг ч үл анзааран цаг хугацаанд тэмүүлдэг билээ. Харин үеийнх нь хөвгүүд нохойн гөлөг тамлах, дээврийн хөндийгөөс тагтааны өндөг түүгээд шарж идэх, чулуугаар байлдахаас өөр зүйл бодохгүй. Одоохондоо их л эртнээс яс маханд нь шингээд олон үеийг даван ирсэн ан ав, дайн тулааны тухай л бодож гүйлдэнэ.

Хачирхмаар нь энэ бор, шар, цоохор гурван охин яг нэг өдөр, нэг цагт, нэг амаржих газар, нэг эхээс уван цуван төрцгөөжээ. Итгэхэд хэцүү л дээ. Гэхдээ царай зүс, бие галбир тэс ондоо төрсөн ч яах аргагүй ихрүүд байлаа. Аав нь гэх лужир том цээжтэй, үс сахалдаа баригдсан эр нилээд халамцуу “гурван ихэр охинтой болсоон” хэмээн орилж явснаас хойш арван дөрвөн жил цаггүй юм шиг харван өнгөрчээ. Тэд гурван өөр газраас энд ирснийг хэн ч мэдэхгүй. Туранхай шар охин”Би л лав эндээс явахдаа ээжийгээ аваад явна. Аав яахав дээ, шовгортоо л үлдэнэ биз” гэхэд бүдүүн бор нүд амаа эргэлдүүлж ” Би ч гэсэн ээжийгээ л авч явна”. Цоохор нүүрт тэднээс дутах вий гэсэн мэт сандран”Би ч гэсэн” гэв. Энэ үед бүдүүн бор бусдыгаа дурамжхан харснаа ”бид чинь дундаа ганц ээжтэй шүү дээ? Тэгэхээр хэн нь ээжийгээ эндээс явчявахаа одоо шийдчихье” хэмээн зоримог хэлэв. Цоохор нүүрт “Яаж? ” гэж асууснаа энгэр задгай цагаан цамцныхаа ханцуйгаар нүүрээ арчлаа. Бүдүүн бор”алга тэнгэрээ үзэх үү?” хэмээн хэлж дуусаагүй байхад”миний охид хаа байна” гэх ээжийнх нь цангинасан дуу гарчээ. Туранхай шар зальжин байдлаар нүдээ ирмээд” тэгвэл хэн түрүүлж ээж дээр очсон нь…” гэж хэлээд гэр рүүгээ гүйлээ. Үлдсэн хоёр нь ч араас нь ухасхийв. Даанч хэн нь ч ээж дээрээ түрүүлж очсонгүй, аахилж уухилан гурван зэрэг байшингийнхаа хаалгаар чихцэлдэн оров. Тэдний ээж болох онигор нүдтэй, бор хүрэн үстэй намхан эмэгтэй”яаав та нар чинь чоно нохойд хөөгдөө юү?” хэмээн инээмсэглэн угтав. Гартаа барьсан боодолтой зүйлээ сарвайж” Май аавын чинь өдрийн хоол. Миний гурван охин хүргэж өгчихөөд буцаад гүйгээд ир” гэжээ. Харин бүдүүн бор даашинзныхаа хормойг сэгсэрснээ” Өдөр бүхэн л бид нар тийшээ явах юм. Ингэхэд та хүргээд өгч болдоггүй юм уу? Яршигтай юм” гэсэнд бусад нь дэмжиж “Харин тийн” гэж амандаа бувтнав. Ээж нь цонхны наагуур татсан хөшигний хэдэн улаан цэцгийг тоолох мэт тийш удаан ширтээд “Өөрсдөө л мэд дээ. Муу аав чинь өлсөнө л биз” гээдбоодолтойгоо үүдний өлгүүрт тохчихоод гэрээсээ гараад явчихав. Бодвол зүүн хойдох баячуулын хороололд амьдардаг багын найзынхаа гэрийг хөлсөөр цэвэрлэхээр явсан бизээ. Тэд их л урамгүйхэн үлдэж, “алга тэнгэрээ үзээд”, ялагдсан туранхай шар бүр ч дургүйхэн боодолтойгоо санжгануулан барьсааргурвуул гэрээсээ гарлаа.

Гурван эгнээ гудамны үзүүрт аавынх нь ажлын газар байна. Том сайхан байшин, саруул тохилог өрөө танхимтай, шил толь болсон албан тасалгаа гэж битгий бодоорой. Ердөө ”Гуталчин” гээд томоор биччихсэн жижигхэн модон шовгор. Тэнд олон жил сууж, хүмүүсийн ханзарсан, хагарсан гутал уллаж, өсгий нааж, зан татаж тэднийгээ тэжээнэ. Тамхины утаа битүү суунагласан шовгор дотроо харагдахгүй шахуу униар дунд сууна.

-Эвий дээ, миний гурван өнгийн охин хүрээд ирлээ. Аавынхаа хоолыг авчрав уу?”гэсээр угтав. Хэдийгээр өдөр бүхэн л аавдаа хоолыг нь зөөж энэ шовгорыг зорин хойно урдаа орж гүйдэг ч заримдаа тийм зовмоор газар ажилладаг аавтайг нь мэдэх үеийн охидоос ичиж “чи яв, би яв. Ичиж байна” гэлцэж хэрэлдэж шуугилддаг байлаа. Туранхай шар хүзүү сунган байж “Май, аав таны өдрийн хоол”гээд боодолтой зүйлээ намхан ширээн дээр нь чангахан тавив. Бүдүүн бор нүүрээ үрчилзүүлж, хамраа чимхээд”Угаартаж үхлээ” гэсэнд аав нь инээд алдангаа шовгорынхоо үүдийг хөлөөрөө өшиглөн онгойлгов. Гаднаас агаар салхи урсан орж ирээд аавынх нь татсан тамхины утаатай зодолдох мэт дээр доороо орон бужигнав. Толгой нь шовгорынхоо таазанд тулах шахуу өндөр аав нь биеэ нужигнуулан босоод өврөөсөө хэдэн халтар төгрөг гаргаж, тэдэнд нэг нэгийг өгөөд ” За миний гурван охин харих замдаа дэлгүүр орж иштэй чихэр авч идээрэй” гэснээ боодолтой зүйлийг задалж элсэн чихэр жигдхэн түрхсэн талхнаас авч томоо гэгч нь үмхлэн идэв.

Цоохор нүүрт иштэй чихэр хүлхэн хацраа төмбийлгөснөө ” Би аавыгаа бас аваад явна. Энд шовгорт нь үлдээхгүй, ээ”. Хариуд нь “Би ч гэсэн аваад явна” гээд туранхай шар чихэрлэг хэлээрээ уруулаа долоож, байшингийн сүүдэрт суугаад ундаа усны савны төмөр бөглөө нүдэж байгаа банди нарын зүг зааж ”аргаа барсан юмнууд” хэмээн намжирдав. Бүдүүн бор дахиад л “бид гурав бас ганцхан аавтай. Гэтэл гурвуулаа эндээс аваад явна гэдэг. Хэн нь авч явахаа шийдэх хэрэгтэй дээ” гэв. Цоохор нүүртнүдээ онийлгон наран сөрөг харснаа”Аав, ээж хоёрыгоо хамт аваад явна. Мэдээж салгаж авч явахгүй нь тодорхой” гээд толгой бөнжигнүүлэв. Бүдүүн бор ”Тэр мэдээж” гээд иштэй чихрээ амнаасаа гаргаж “Харин яаж шийдэх вэ?” гэв. Туранхай шар нилээд уурлах янзтай”Ямар ядаргаатай юм. Ерөөсөө энд л шийдчихье. Алга тэнгэрээ үзье” гээд эрээн цамцныхаа ханцуйг хойш нь шумлаад гараа сунгав. Өнөө хоёр нь бас түүний өөдөөс харж зогсоод” алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” хэмээн тэд шодож эхэллээ.

Хачирхалтай нь өдрөөс, үдшийн бүрий унатал ”алга тэнгэрээ” үзээд хэн нь ч сондгойрсонгүй. Гурвуулаа залхталаа ” Алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” гэж хашгирсаар, гараа савчсаар байсан ч эцэстээ хоолой нь сөөжээ.

-Ямар сонин юм бэ? Гурвуулаа адилхан гаргаад байх юм.

-Харин тиймээ. Сонин юм даа?

-“Хүүе, ээ. Харанхуй болчихлоо. Аав ээжийн санаа зовчихно. Харьцгаая” гээд хэдий сөөсөн ч хоолой мэдэн дуулалдсаар гэрийнхээ зүг хойно урдаа орон гүйлджээ. Түүнээс хойш цөөнгүй удаа алга тэнгэрээ үзсэн ч урьдын адил хэн ч сондгойрсонгүй.

Цаггүй газарт гэвч цаг цохилсоор алгуурхан урагшилсаар, орой нар жаргаж өглөө мандсаар байлаа. Харин охид аав ээжийгээ өөр сайхан газарт авч явахад ердөө 3655 хоног буюу 87720 цаг үлдсэн байлаа. Тэд дуулалдан өссөөр билээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Юуг хувьсгал гэж нэрлэдэг вэ?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


ХУВЬСГАЛ ГЭЖ ЮУСАН БИЛЭЭ?

Манай үеийнхэн “Хувьсгалын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаж болдоггүй юм” гэсэн марксист сургаалиар хүмүүжсэн болохоор хүмүүс бие биенээ алж л баймаажин хийдэг зүйл гэсэн битүү хатуу ойлголттой өссөн. “Ардын хувьсгалын партизан” хэмээх дээрээс бэлдэж өгсөн бэлэн дурсамжтай хэсэг өвгөнийг эс тооцвол байлдаантай хувьсгал үзсэн хүн бидний дунд байсангүй. Байн байн болдог Эх оронч хувьсгалч хүмүүжлийн сургууль дугуйланд тэд нар ном сурах бичигт орсон зүйлийг үг үсэггүй давтана.

Ингэж явсаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосон. Ардчиллынхан зоригтой, цөстэй байсан нь үнэн боловч амь алдах байтугай хамраасаа цус алдалгүйгээр хувьсгал хийчихлээ. Эндээс “Оготны хамраас ч цус гаргалгүй хувьсгал хийж чадсан” гэх бахархал, “Оготны хамраас цус гаргадаггүй хувьсгал ч байх гэж дээ” гэсэн чамлал аль алин нь үлдсэн байх аа.

Ингэхэд ер нь “хувьсгал гэхээр л хүн алж, хүрээ талж байж хийдэг юм уу” “Ерөөсөө хувьсгал гэж юу юм бэ” гэсэн асуулт гарч байна.

Ерөнхийд нь хэлэхэд нийгэм, байгаль, танин мэдэхүйн хувьд гэнэтийн эрс өөрчлөлт гарч өмнөх байдлаас чанарын онц ялгаа буй болохыг хувьсгал гэж нэрлэх болжээ. Хөгжлийн явц дахь харьцангуй түргэн хугацаанд болж өнгөрдөг гэнэтийн үзэгдэл учраас хувьсгал нь удаан явцтай хувьсал, үндсэн өөрчлөлт биш, зөвхөн бүхэл системийн тодорхой хэсгийг хамаардаг шинэчлэл зэргээс ялгаатай.

Хүний болоод байгалийн хүчин зүйлээс хамаарсан олон янзын хувьсгал байдгийн жишээ гэвэл геологийн, генетик удамшлын, соёлын, шинжлэх ухааны, аж үйлдвэрийн гэх мэт. Хувьсгал ч, хувьсал ч аль алин нь орчлон, байгаль болон хүний нийгмийн аль ч хэсэгт үргэлж болж байдаг процесс.

Нийгэм-улс төрийн хувьсгал хүний түүхэнд янз бүрийн нэрээр үргэлж гарч байсан. Тэдгээр нь хувьсгалд оролцогчдын тоо, үйл явцын хэлбэр, үргэлжилсэн хугацаа, үзэл санааны сэдэл зэрэг зүйл бүрийн шалтаг шалтгаанаараа хоорондоо ялгаатай. Хувьсгал гэдгээр нийгэм улс төрийн инстүүцэд гэнэт явагдсан нийгэм-эдийн засгийн чанарын том өөрчлөлт үсрэлтийг ойлгодог. Нийгмийн шинжлэх ухаан, түүний дотор социологи, улс төрийн ухаан, түүх, философи гэсэн салбаруудад үе үеийн олон эрдэмтэн хувьсгалын мөн чанарыг судалж олон янзын дүгнэлт гаргалгаа хийсээр ирсэн юм. Тэдний томьёолсон нийтлэг гаргалгаагаар хоёр ба түүнээс дээш тооны бүлэглэлийн хооронд улс төрийн тогтолцоо ямархуу байх талаар маргалдан зөрчилдсөнөөр хувьсгал болдог. Тодорхой өөрчлөлт гараад эхэлмэгц тэр нь тогтсон нөхцөл байдлыг хөндөнө, үүнээс болж шинэчлэл нь хувьсгал руу хөтөлдөг. Ийм тохиолдолд урьд нь хувьсгалын шалтгаан болж байгаагүй жишээ нь дайн, ядуурал зэрэг гачигдлууд энэ удаа шал өөр шалтгаанууд хувьсгалын өргөжих сэдэл болон өргөждөг. Эрх баригчид энэ тохиолдолд, эсвэл шинэчлэл хийн эвлэрэх, эсвэл шууд эсэргүүцэн цус урсгах арга хэрэглэхэд хүрдэг аж.

Хувьсгал хэмээх нийгмийн үзэгдлийг өнөөгийн эрдэмтэд гурван чиглэлээр судалж дүгнэлт гаргаж байна. Байгууламжийн гэгдэх урьд нь зөв анализ хийгээгүй Европын хувьсгалуудын талаар дахин судалгаа хийх. Хоёр дахь чиглэлийн судалгаа нь үзэл суртал, соёлын сэдэл хувьсгалд хүргэх талаар. Гурав дахь судалгааны хандлага нь хувьсгал болон нийгмийн хөдөлгөөн нь дээрх хоёр үзэгдэл ямархуу хам шинж, нийтлэг чиглэл зорилго агуулсныг судлан дүн шинжилгээ хийж байгаа юм. Гэхдээ хувьсгал гэдэгт төрийн эргэлт, иргэний дайн, бослого, үймээн зэргийг оруулан тооцохгүй гэдэгт санал нэгддэг. Учир нь эдгээрийн зорилго нь төрийн инстүүцийг өөрчлөхөд чиглээгүй, харин ч бэхжүүлэх, заримдаг шинэчлэл хийхэд чиглэгдсэн байдаг.

Орчин үеийн нийгмийн ухаан хувьсгалыг мөн чанараар нь доорх маягаар ангилж үздэг:

Их хувьсгал-эдийн засаг, нийгмийн байгууламж, улс төрийн инстүүцийг үндсээр нь өөрчилсөн хувьсгал

Улс төрийн хувьсгал– Төрийн инстүүцийг өөрчилсөн хувьсгал

Нийгмийн хувьсгал-нийгмийн доод ангийнхны орон нутгийн шинжтэй бослого хөдөлгөөн хувьсгалд хүргэсэн явдал

Дээд ангийнхны хувьсгал-олон түмнийг хянаж байгаа элит хэсгийнхний эрс шинэчлэл

Пролетарийн гэгддэг коммунист хувьсгал-капиталист нийгмийг коммунист нийгмээр солих зорилго бүхий.

Бүтэлгүй хувьсгал– түр зуурын амжилт олоод төрийн эрхийг авч амжилгүй дарагдсан үйлс.

Цусгүй хувьсгал-хүч үл хэрэглэснээр амжилтад хүрч засгийн эрх авсан.

Марксизмын хамгийн дуртай судалхууны нэг нь хувьсгалын онол байлаа. Үнэндээ судлах гэхээсээ өдөөн, хатгах уриалан дуудах талаа голлож байсан. Англид болсон Ялгуулсан хувьсгал (1688), Францын хувьсгал (1789–1799), Орос дахь октябрийн хувьсгал (1917). Хятадын хувьсгал (1927–1949) гэсэн дөрвөн үйл явцыг хувьсгалын жишиг гэж үзээд ангилан баримжаална. Хувьсгалын цорын ганц шалтгааныг анги хоорондын зөрчлөөр тайлбарласаар ирсэн. Гэтэл нийгмийн шинжлэх ухааны олон эрдэмтэн хүний түүхэн дэх зөндөө олон хувьсгалыг судлан томьёолж тодорхойлсоор иржээ.

Хүний нийгмийн хөгжил дэвшлийн урт замыг шинж чанараар нь ангилах оролдлогыг үе үеийн эрдэмтэд судлан дүгнэж гаргалгаа хийсээр ирсэн. Өдгөө нийтээр хүлээн зөвшөөрсөн ангиллаар байгалийн бэлэн зүйлсийг түүж цуглуулдаг байсан үе, хөдөө аж ахуйн хувьсгалын үе, аж үйлдвэрийн хувьсгалын үе, пост интустрал үе гэж ангилдаг. Өөр нарийвчилсан дэлгэрүүлсэн ангилал ч бий. Маркс мөн энэ талаар судалгаа хийж хөдөлмөрийн хэрэгслэлийг хэн өмчилж буйгаас нь хамааруулан хүй нэгдлийн, боолын, феодлын, хөрөнгөтний гэсэн формацид хуваасан ба дараагийн шат нь коммунист нийгэм байх болно гэж зөгнөсөн юм. Эдгээр нийгмүүд зөвхөн хувьсгалаар дамжин доороос дээдэх формацидаа шилждэг гэж үзжээ. Энэ нь тэзисийн эсрэг антитэзис буй болон дараагийн ахисан шат синтэз буй болж хөгжил нь дэвшил рүү чиглэдэг гэсэн Гегелийн диалектикийн хүнжүүлсэн санаа юм. Маркс энд буруу юм хэлээгүй, учир нь тэрээр хүний нийгмийн хөгжлийг хөдөлмөрийн хэрэгслэлийг хэн эзэмшиж байгаагаас нь хамааруулсан ангилал. Маркс өөрийн ангиллыг зөвхөн Европын жишээн дээр авсан болохоос нийт хүн төрлөхтөнд таарах түгээмэл онол гэж үзэж байгаагүй. Тиймээс ч умардын герман омгийнхан боолын нийгэм туулаагүй гэсэн ба Хятадын жишээн дээр үндэслэн Азийн феодализм буюу төрийн феодализмыг онцолж үүнийг тусдаа хөгжил гэж тайлбарлаж байлаа. Түүнээс гадна Дарвины байгалийн шалгаралын онолд хэт автаж биологийн хувьслыг хүний нийгэмд тулган хүлээлгэх гэж оролдсон.

Марксизмын хамгийн хөндүүр цэг нь гаргасан онолдоо баттай зогсох бололцоогүй, дараа дараагийн марксистууд тухайн байдалд тохируулан дур дураараа тайлбарлах боломж нээж өгсөнд оршино. Үүнийг Карл Поппэр нарийн судлаад марксизм нь юутай ч шинжлэх ухаан биш гэдгийг нотолсон билээ. Иймээс марксизм нь нэг талаас Марксын сургаалыг хөдөлшгүй догма болгохын сацуу түүнээ тухайн нөхцөлд тохируулан эрх мэдэлтнүүд өөрсдийгөө зөвтгөхөөр дураараа тайлбарлан тулгах болсон юм. Ийм тулгалтанд хүний гурван үеийн турш өртөж тархиа угаалгасан монголчууд энэхүү догматик хандлагаас салж чадахгүй өдий хүрчээ. Үүний тод жишээ нь “Ардчилал хөгжин хөгжсөөр хаана хүрэх вэ”, “Монгол Улс капитализм руу орох гээд чадсангүй эргэж ухраад феодализмд орчихлоо” гэх мэтийн гомдлоос ил харагддаг. Учир нь нийгмийн хөгжлийн явцыг өгсөж урууддаг байшингийн шатархуу байдлаар ойлгуулсан ба Монгол Улсыг нэг шатыг нь алгасаад шууд дараагийн гишгүүр болох социалист тавцан руу харайгаад товчилчихсон гэсэн муйхардуу бүдүүвчлэлээр тайлбарлан хоногшуулсан болой.

Чухам эндээс марксизмын хувьсгалын онолын талаарх марзан тайлбар түрэн орж ирсэн юм. Мөнөөх нийгмийн хөгжлийн шатны дагуу дарлагч ангиа дарлуулагчид нь түлхэн унагана. Цаадуул нь эрх мэдлээ өгөхгүй гэхээр нь зэвсэг барин тэмцэнэ. Бөөн алаан хядаан. Ингээд дарлуулагчид дарлагч болон хувирна. Цус гарахгүйгээр хувьсгал гэж байхгүй. Ийнхүү хувьсгал гэхээр байлдаантай киноны маягаар төсөөлөх аж. Гэтэл марксистуудын жишиг болгон авдаг дөрвөн их хувьсгал тэгтлээ байлдаантай кино шиг болоогүй. 1688 оны ялгуулсан хувьсгал нь биенээ цэрэг зэвсгээр айлгасан болохоос цус урсгасан юм байхгүй. Францын хувьсгал Бастилийг чөлөөлснөөс эхтэй ч тухайн үед уг шоронд ердөө арваадхан эрүүгийн хэрэгтэн сууж байжээ. Тухайн үеийн амьд гэрч Мария Бочкарёвагийн дурсамжаас үзэхэд октябрийн хувьсгал болдог шөнө Аврора хөлгөөс хэдэн удаа хий буудсанаас өөр ямар ч тулалдаан болоогүй, харин бужигнааныг далимдуулан согтуу усан цэргүүд хүүхэн хүчиндсэн тэр байтугай алсан тохиолдол гарчээ. Гэхдээ л эдгээр нь үр дүнгээрээ үнэхээр жинхэнэ хувьсгал байсан юм.

ХХ зуунд Монголд яах аргагүй гурван удаа хувьсгал болсон. 1911 оны хувьсгал нь нэг талаас тусгаар тогтнолоо сэргээсэн явдал. Эндээс гарсан үр дүн нь нийгмийн харилицаа, төрийн инстүүц урьдахаасаа шал өөр төлөв байдалд орсон юм. Хаан бүхий теократ засаглалтай, европ маягийн Засгийн газартай, хаанд зөвлөх эрх бүхий хоёр танхимтай төр байгуулагдаж, орчин үеийн сургууль эмнэлэг буй болж, анхны мэдээллийн хэрэгслэл хэвлэгдэж эхэлжээ. Яаж ч доош хийж гутаагаад энэ бол яах аргагүй хувьсгал. Гэвч хувьсгал гэж нэрлэхэд мөнөөх марксист онолоор нэг л болж өгөхгүй байсан бололтой. Дарлагч анги нь дарлагчаараа үлдсэн нь даанч гомдолтой. Ингээд “үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” гэж нэрлэхээр шийдсэн ба хувьсгалын хөдөлгөгч хүч нь феодал ноёдууд байсан учир “феодол ноёдын хөдөлгөөн” гэж хоч маягтай нэр өгсөн байдаг. Хэрэв заавал үхсэн хүн хайж байгаа бол бий. Тусгаар тогтнолоо заралсан үед нэг согтуу гайхал Шүүх яамны гэрт орж агсам тавин тулга тогоог нь өшиглөсөн байна. Бас нэг золиг өр барагдуулж явахдаа хүч нэмэгдүүлэн яваа ажлаа “Богдын зарлиг” гэж хэлэн хааны нэр барьсан хэрэгт оржээ. Энэ хоёрыг манж маягаар цавчин хороохгүй гээд шинэ маягаар буудан хороосон нь мөн хууль цаазын салбарт ч хувьсгал гарсны баримт.

1921 оны явдал бол яаж ч хөөргөөд бас л жинхэнэ хувьсгал мөн. Тус оны долдугаар сард улаан цэрэг дагуулж орж ирсэн ардын намынхан ганц ч буун дуу гаргалгүй Засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн аваад улс орны нийгмийн байгууламжийг тэр чигээр нь өөрчилсөн. Хамгийн тэмдэглүүштэй нь хамжлагыг халж нийгмийг иргэдээс бүрдсэн бүтэцтэй болгосон. Зөвхөн үүнийг л хэлэхэд хувьсгал байсан гэж баттай нотлох баримт юм. Теократ үнэмлэхүй эрхтэй хаант засгийг Үндсэн хуульт хаант төр болгон өөрчилсөн. Хувьсгал цааш үргэлжлэн хөгжиж хөрөнгөтний бус замаар явах, нийгмийн тодорхой хэсгийг иргэний тооноос хасах, хөрөнгө хураах зэрэг болсон үйлс нь удаах шат. Яг хувьсгал эхлэхэд алаан хядаан болсон баримт олдохгүй байна, гэхдээ жил хүрэлгүй францын хувьсгалын жишгээр “хувьсгалчид өөрсдийнхөө толгойг залгиж гарсан нь” дараагийн явдал. Нийт процессийг хожим нь “ардын хувьсгал” гэж нэрэлсэн, үнэндээ үйл явдалд энгийн ардууд хөдөлгөгч хүч нь байсан гэдэг тун эргэлзээтэй. Тиймээс ч 1927 онд Коминтернээс энэ хувьсгалыг ардчилсан, ард түмний, феодализмыг эсэргүүцсэн гэж нэрлэхээс татгалзан “жижиг хөрөнгөтний буржуйн хувьсгал” гэж томьёолсон байдаг. Энэ үеэс монгол хэлэнд “ардчилал”, “ард түмэн” гэх мэт хэллэг нэвтэрсэн бололтой, гэхдээ нэршил нь нийгмийн шинжлэх ухааны ойлголт тодорхойлолттойгоо үл таарах ч удаа дараагийн Үндсэн хууль, зарлиг тогтоолд заагдсаар хэвшил болсон үг болжээ.

1990 оны үйл явдал яаж ч гутааж доромжлоод яах аргагүй Монголын нийгэмд тохиосон нэгэн хувьсгал мөнөөс мөн. Нийгмийн байгууламж үндсээрээ солигдсон. Түрүү нийгэмтэйгээ харьцуулах аргагүй өөрчлөгдсөн. Улс төрийн нам болон төрийн инстүүцийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль орвонгоороо солигдсон. Улс төр, нийгэм, эдийн засгийн цоо шинэ тогтолцоонд шилжсэн. 1990 онд болсон коммунист тогтолцоог эсэргүүцсэн үйл явдал дэлхий даяар өрнөж, үүнд 40 орчим улс орон хамрагдсаны нэг нь Монгол. Энэ үйл явдлыг нийтэд нь хамруулан ардчилсан хувьсгал гэж нэрэлдэг. Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн нэршил. Төрийн удирдлагыг ард түмэн чөлөөт сонгуулиар сонгодог, бүх иргэд нийгмийн-төрийн-хуулийн өмнө тэгш эрхтэй, аж ахуйн үйлдэл нь чөлөөт зах зээлийн хэлбэртэй, өмчлөх эрхээр нийтээр хангагдсан, хүний эрхийг тэргүүн зэрэгт тавьсан, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, хэвлэн нийтлэх эрх нь хуулиар хамгаалагдсан, иргэдийн шилжих аялах эрх нээлттэй гэх мэт жишиг үзүүлэлт нь ардчилсан нийгэм гэсэн стандартад таарч буй хэрэг.

Дараа нь болсон-ардчилсан хувьсгалыг шоронгийн хулгайч нар удирдсан, социализмын үед жаргаж үхэж байсан, зовж зүдэрсэн гучин жил, жинхэнэ жогорхой биш дүр үзүүлсэн хулхи ардчилал, эргэж ухраад феодализмдаа орчихлоо, хувьсгал биш байсан яагаад гэвэл эхнээсээ өөрсдийгөө хөдөлгөөн гэж нэрлэж байсан, дэлхий даяараа хөгжиж байхад ганцхан ардчилсан гэгдэх Монгол л хөгжихгүй ухарсаар байна, хүмүүс нь ядуурч олноороо өлбөрч үхэж байна, энэ оронд тэмбүү сүрьеэ архи гурваас өөр юу ч алга гэх мэт дүгнэлт бол дараагийн тусдаа асуудал. Учир нь энд хувьсгалын шинж чанарын тухай л асуудал хөндсөн болой.

Дарвин байгалийн шалгарал буюу оршихуйн төлөөх тэмцлийн хуулийг нээсэн. Тэрээр хувьслын гол хүчин зүйлийг үүгээр тайлбарласан юм. Харин хожим нь Мэндэл удамшил хувьслын хууль нээснээр биологи дахь хөгжлийн гол хүчин зүйлийг тайлбарлах үүд хаалга нээгдсэн билээ. Хөгжил мэдээж Дарвины хэлснээр урт удаан хугацаагаар урагшилдаг боловч илүү чухал үүрэгтэй нь мутаци юм. Мутаци бол үсрэлт, өөрөөр хэлбэл биологийн хувьсгал. Чухам мутацийн үр дүнд арчаагүй нэг эст нян хожим нь саран дээр хөлөө тавьсан хүн болон өөрчлөгдсөн. Хэрэв мутаци хувьсгал огт тохиолдоогүй бол бараг дөрвөн тэрбум жилийн өмнө үүссэн бичил биест өнөөдөр манай дэлхийд тэр л хэвээрээ огт өөрчлөгдөлгүй оршсоор байх байлаа. Мутаци бол биологийн хувьсгал. Мутаци зүйл бүрд, биет бүрд маш элбэг тохиолддог. Гэхдээ анхаар, мутаци болгон хувьсгал хийж чаддаггүй, учир нь мутацийн 99,99 хувь нь амьдрах чадваргүй.

2020.1.5

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 10-нд болох үйл явдлууд

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг болно. Утас: 99079590, 99047423

09.30 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд “Зэлүүд тал-2: Нэгэн аравны дараах зэрлэг амьтны худалдааны хямрал” судалгааны тайлангийн нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хүүхдийн номын ордонд Монголын Сурагчдын холбооны дэргэдэх School police төвөөс зохион байгуулсан “Миний аав ээж сургуулийн цагдаа” гар зураг зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно. Утас: 89969665, 86151508

10.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-ын “ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн нээлт болно. Утас: 88114841

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар, ИБУИНВУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Монгол Улс юугаараа алдартай байж болох вэ” англи хэлээрх эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

11.40 цагт Сүхбаатарын талбайд ШИНЭН, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, тэтгэврийн бага зээлтэй болон зээл аваагүй ахмадууд жагсаал зохион байгуулна.

14.00 цагт Төрийн ордонд “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас: 93099444, 99629993

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагт Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

11.00 цагт Ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Монголын Их хөгжлийн холбооноос “Монгол орны өр зээлийн тухай. Монгол орныг хөгжлийн гажуудлаас гаргах арга зам” сэдвээр мэдээлнэ.

12.30 цагт Дорноговь Өргөн суманд Төмөр замын хашлаганд /720 кг/ даруулж хүнд гэмтсэн өрх толгойлсон эмэгтэй Д.Должинсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.