Categories
мэдээ нийгэм

Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан захирал хатагтай А.Хүүкэрийг Монголд урив

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал хатагтай А.Хүүкэртэй уулзаж, Монгол Улсад айлчлахыг урив.

Хоёр тал Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон нарын Монголд хийсэн айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.

Талууд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хоёр орны хооронд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцсан юм. Америкийн талаас хоёр улсын худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Амралтын өдрүүдээр явагдах таван сонирхолтой хөлбөмбөгийн тоглолт


Реал Мадрид – Атлетико Мадрид

Испаний супер цомын финалд Мадридын багууд тоглох болно. Мадрид хотын 223 дахь удаагийн дерби тоглолтыг үзэлгүй өнгөрвөл харамсах нь лавтай. Одоогоор явагдаад буй 222 Мадридын дербид Реал Мадрид 110 удаа хожин 56 тоглолт тэнцээгээр өндөрлөж, 56 удаа Атлетико Мадрид клуб хожиж байв. Харин эдгээр багууд Супер цомын тэмцээнд 2014 онд ганц удаа тааран тоглоход эхний тоглолт тэнцээгээр өндөрлөн, хариу тоглолтонд Атлетико хожиж энэ тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байлаа. Хоёр багийн сүүлийн таван учраанд Атлетико Мадрид хоёр хожин, Реал Мадрид нэг хожиж, хоёр тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Супер цомын тэмцээнд Реал Мадрид 10 удаа түрүүлсэн бол Атлетико хоёронтоо түрүүлээд буй юм.

Тоттенхэм – Ливерпүүл

Энэ улирлын Премьер лигт хожигдолгүй яваа Ливерпүүл клуб Тоттенхэмийн талбайд зочлон тоглоно. Жозе Моуринио Тоттенхэмийн дасгалжуулагч болсноосоо хойш анх удаагаа Ливерпүүлтэй нүүр тулах гэж буй юм. Сүүлийн таван тоглолтондоо ганцхан хожоод буй Тоттенхэм клуб багийн гол тамирчдаа бэртэл гэмтэлд алдаад байгаагийн дотор Харри Кейн, Мусса Сиссоко, Танги Ндомбеле, Уго Льорис нар байгаа билээ. Хоёр багийн сүүлийн таван учраанд Ливерпүүл дөрвөн удаа хожоод буй юм.

Интер – Аталанта

Италийн Серие А лигийн тэргүүлэгч Интер Милан клуб лигийнхээ тавдугаар байрт бичигдэж буй Аталанта клубтэй талбайдаа тоглоно. Аталанта сүүлийн таван тоглолтондоо дөрөв хожоод буй юм.Тэд лигийнхээ дөрөвт бичигдэж буй АС Рома клубээс ганцхан онооны ард байгаа учраас хожих зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Харин Интер тэргүүлэгчийн байр сууриа амархан алдахыг хүсэхгүй нь лавтай. Тэд энэ улиралд лигтээ Ювентус клубт л ганцхан хожигдоод байгаа юм.

АС Рома – Ювентус

Серие А лигийг тэргүүлэгч Интер Милан клубтэй оноо адилхан хэдий ч гоолын зөрүүгээрээ тэдний доор бичигдэж буй Ювентус клуб мөнхийн хотын багийн талбайд зочлон тоглох гэж байна. Арынхаа багаас ганцхан онооны илүүтэйгээр Аваргуудын лигийн байранд бичигдэж буй Рома клубын хувьд энэ тоглолтонд заавал хожих ёстой юм. Ювентус ч мөн тэргүүлэгчдээс оноо хоцрохгүйн тулд зайлшгүй хожих даалгавартай тоглох болно. Хоёр баг хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард таарч тоглоход Рома өрсөлдөгчөө хожиж байлаа. Ювентус клуб энэ улиралд лигтээ ганцхан хожигдсон. Тэд Лациод лигтээ хожигдсоноос гадна Супер цомын тэмцээнд мөн ялагдаад буй юм.

ПСЖ – АС Монако

ПСЖ болон АС Монако клубууд энэ долоо хоногт лигтээ хоёр удаа тоглоно. Учир нь ирэх долоо хоногийн ажлын өдрүүдээр 15-р тойргийн нөхөн тоглолтыг тэд хоорондоо хийх юм. Улирлын эхний зургаан тоглолтондоо хожил авч чадалгүй муу эхлэлийг тавьсан АС Монако клуб дасгалжуулагчаа сольж оронд нь Испани мэргэжилтэн Роберт Мореног томилоод байгаа билээ. Тэд одоо лигийнхээ зургадугаар байранд бичигдэж байна. Монако клубын довтлогч Виссам Бен Йеддер 13 гоолтойгоор Лиг 1 тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол түүний ард ПСЖ клубын довтлогч Килиан Мбаппе түүнээс хоёр гоол дутуу бичигдэж буй юм. Энэ хоёр багийг 17 оноо зааглаж байна. Хоёр багийн сүүлийн таван учраанд бүгдэнд нь ПСЖ хожоод буй юм.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Н.Энхтуяа: Нийт зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 92 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн

Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Тайлангийн хугацаанд зөрчлийн улмаас иргэнд 1,244,870,756.75 төгрөг, хуулийн этгээдэд 9,336,050, төрийн байгууллагад 26,868,018 төгрөгийн хохирол учирснаас иргэнд 890,849,012 төгрөгийн, хуулийн этгээд 7,596,050, төрийн байгууллагад 24,828,018 төгрөгийн хохирол барагдуулсан байна.

НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа: “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд зөрчлийн хэргийн тоо жил тутам өссөөр байгаа. 2019 онд нийт 1,159,371 гомдол хүлээж авсан нь өмнөх оноосоо 9.4 хувиар өссөн дүн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагуудын зүгээс аль болох хурдан, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх ингэхдээ буруутай этгээдэд шийтгэл ноогдуулж, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулахад анхаарч ажилладаг. Энэ хүрээнд прокурорын байгууллагын хяналтын ажил чиглэж байгаа. 2019 оны хувьд 1,056,092 зөрчил буюу нийт зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 92 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Маш олон тоогоор үйлдэгддэг зөрчлийг эрүүгийн хэрэг шиг удаан сунжруулж шалгах боломжгүй учраас богино хугацаанд, шуурхай шийдвэрлэх нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго” гэдгийг хэлсэн юм.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны эхний хагаст зохион байгуулна

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр Вашингтон хотноо болж буй Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтад оролцох үеэрээ Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Стилвэллтэй уулзаж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Манай тал ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарахтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд айлын тал тус байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн хоёр тал Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохиролцож, мөн үеэр Туслах ТНБД Д.Стилвэлл Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгчийн орлогч А.Вон-той уулзаж, бүс нутаг, түүний дотор Солонгосын хойг дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Талууд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Эдгээр уулзалтад Элчин сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, Төрийн департамент, ЭСЯ-ны ажилтнууд байлцав.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний усны түвшин дээшилснээс зарим өрхийн гэр байшин, хашаа мөсөнд автаад байна

Хөрсний усны түвшин дээшилснээс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хэсэг айл өрхийн гэр байшин, хашаа мөсөнд автаж, иргэдийн амьдрах орчинд хүндрэлтэй байдал үүсч эхлээд байсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дээрх иргэдийн төлөөллийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн тойргоос сонгогдсон НИТХ-ийн төлөөлөгчид, Сонигинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн байгууллага болох Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнуудтай хамтарсан хурлыг зохион байгууллаа.

Хурлаар тус хорооны нутаг дэвсгэрийн хөрсний усны түвшинг хэрхэн бууруулах, хашаа байшинг ус, мөсөнд нэмж автуулахгүй байх техникийн шийдлийн мэргэжлийн байгууллагуудтай ярилцлаа. Энэ өвөлдөө тухайн орчмын хөрсний ус, мөсийг өдөр тутам зайлуулах, нэмж мөстөхөөс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ-т үүрэг болголоо.

Цаашид хөрсний усны түвшин бууруулах барилга байгууламж барихын тулд эхний ээлжинд инженер геологийн судалгаа, зураг төсөл шаардлагатай тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бид баян таргандаа зээл аваагүй юм биш

Тэтгэврийн зээлгүй ахмадууд болон ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан нь тэтгэврийн зээлтэй болон зээлгүй ахмадуудыг талцахад хүргээд байсан. Иргэдийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг УИХ-аар дэмжсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан хэвлэлийн хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл “Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл авчихаад нас барчихвал үр хүүхдэд минь төвөг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаа явдал гомдолтой байна” хэмээн ярьж байлаа.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго:“Зээл аваагүй, оны өмнө зээлээ төлөөд дуусчихсан ахмадууд, яах болж байна. Иймд бүх ахмадуудад тэгш хандах хэрэгтэй. Мөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын 95 хувь нь Хаан болон Төрийн банканд байгаа. Тэр их мөнгө тус хоёр банкан дээр очиж байгаа нь хоёр банкийг хувьчлан авах гэж буй этгээдүүдийн далд санаа байж магадгүй. Зээлтэй ахмадад биш нийт ахмадад тэгш хуваарилалт хийх ёстой ахмадууд зээл авахыг хязгаарлаж болохгүй. Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулж байгаа шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулах ажил явагдана. Жигд хуваарилалт хийхийг дэмжиж байгаа ахмадуудыг Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зуран, нэгдэхийг хүсэж байна” гэлээ.

Сард 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан “Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл авдаг ч эргээд төлж чаддаггүй. Би хүүхдүүдээрээ зээл төлүүлж чадахгүй. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ. Ерөнхийлөгч болоод төрийн өндөрлөгүүд 2019 оны 12 сарын 18-наас танилууддаа зээл тэглэнэ гээд хэлчихсэн байгаа юм. Танилууд нь 10-15 сая гээд л хичнээн их зээл аваа вэ. Тэгэхэд бид нэг сарын зээл авах гэж үгээ барж байна. Нам засаг сонгуулийн шоу хийж байна” хэмээн тэрбээр уйлан ярив.

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь ахмадууд байдаг. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй. Зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй гэсэн судалгаа байна. Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар тавьсан 30 ширхэг торыг хураан авч, 270 орчим загас нууранд нь буцааж тавилаа

Хар ус нуур орчмын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар Хар нуур, Хар-Ус нууруудад хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар загас агнахаар хууль бусаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авч 270 орчим загас нууранд буцааж тавилаа.

Нуурын мөсний зузаан 55 см, цаг агаар өдөртөө 25-28 хэм хүйтэн шөнөдөө 30 хэмийн хүйтэн байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх зорилгоор биотехникийн арга хэмжээ авлаа

Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх, идэш тэжээлийн хомстолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Алдархаан, Дөрвөлжин, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Тосонцэнгэл сумдад нийт 17 цэгт 67 боодол өвс, 1.62 тн хужир тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллажээ.


Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

УИХ: Эрүүгийн багц хууль болон Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Image result for УиХ Чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн багц хууль болон Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Үдээс хойших хуралдаан:
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Categories
гадаад мэдээ

​Иран дахь онгоцны ослын эргэн тойронд

Ираны эрх баригчид Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу агаараас цохилт өгсөн. Уг довтолгооны дараа Иранд зорчигч тээврийн онгоц осолдсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь зорчигч тээврийн онгоц АНУ болон Ираны хооронд өрнөөд буй сөргөлдөөний бай болов уу гэсэн хардалтыг төрүүлжээ.

Ослын үеэр 176 хүн амиа алдав

Ираны нийслэл Тегеран дахь Оман Хомеини нисэх буудлаас лхагва гаригийн өглөө 06 цагт Киев хотыг чиглэн хөөрсөн онгоц төд удалгүй осолджээ. Онгоцонд хөлгийн багийн есөн гишүүнээс гадна 167 зорчигч байсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Анхан шатны дүгнэлтээр онгоцны хөдөлгүүрт асуудал үүсч, гал гарсны улмаас онгоц жолоодлогоо алдаж унасан гэж байгаа. Амь үрэгдэгсдийн 82 нь Ираны иргэн байсан бол 63 нь Канад, 11 нь Украин, 10 нь Швед, Афганистаны дөрөв, Германы гурав, Их Британийн гурван иргэн байсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд онгоцны хар хайрцгуудыг олсон ч Ираны тал хар хайрцгуудыг онгоцыг үйлдвэрлэгч “Boe­ing” болон АНУ-ын талд өгөхөөс эрс татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Тэдний үзэж буйгаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-аас ямар ч оролцоо байх ёсгүй гэснээс үүдэлтэй.

Агаарын тээврийн олон улсын дүрэм журмын дагуу Ираны тал ослын шалтгааныг тогтоох ажлыг удирдах эрхтэй. Мөн онгоцны ослын шалтгааныг тогтоох ажилд тухайн онгоцыг үйлдвэрлэгч компани оролцох эрхтэй байдаг аж. Түүнчлэн онгоцны хар хайрцгийг шинжлэх ажлыг цөөн тооны орнууд хийдэг гэж байгаа.

Ираны тал Ирак дахь Америкийн цэргийн баазуудыг бөмбөгдсөнөөс хойш хэдхэн цагийн дараа Украины зорчигч тээврийн онгоц сүйрсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч энэ хоёр үйл явдал хоорондоо ямар нэг байдлаар холбоотой гэх баримт байхгүй байгаа аж. Нөгөө талаас Америкт үйлдвэрлэгдсэн онгоцны ослын шалтгааныг тодорхойлох ажилд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл оролцдог ч тус байгууллага осол гарсан тухайн улс орны хуулийг дагаж, тусгай зөвшөөрөл авах ёстой юм байна. Гэвч Ираны зүгээс АНУ-г мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Ираны “Меhr” агентлагийн мэдээлснээр, Ираны Иргэний нисэх хүчний газрын тэргүүн Али Абедзадех “Бид хар хайрцгийг үйлдвэрлэгч Боинг компани болон америкчуудад өгөхгүй. Ослын шалтгааныг Ираны агаарын тээврийн газар шалгах болно. Украины тал уг ажилд оролцож болно” хэмээн мэдэгджээ. Харин хар хайрцгийг ямар улс шинжлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж. Боинг компани ослын шалтааныг тодорхойлох ажилд туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол Канадын ерөнхий сайд Ж.Трюдо Канадын талыг ослын шалтгааныг тодорхойлох ажилд оролцуулна гэж найдаж буйгаа илэрхийлэн, техникийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Дашрамд хэлэхэд, ослын талаар Тегеран дахь Украины Элчин сайдын яам эхэндээ “Энэ нь террорист халдлага байж болзошгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч уг мэдэгдлээ өөрчилж, техникийн саатлаас болсон байх талтай гэжээ. Гэхдээ Украины тал онгоцны ослыг зүгээр нэг техникийн асуудлаас болсон осол гэж харахгүй байна. “Онгоц хөөрөхийнхөө өмнө бүх төлөвлөгөөт шалгалтаа амжилттай даваад хэвийн хөөрсөн. Хөөрөөд бүх зүйл хэвийн ниссээр 2500 орчим метрийн өндөрт гараад гэнэт хөдөлгүүр нь шатаж, удирдлагаа алдан, радараас алга болсон” гэж мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, осолдсон Боинг онгоцны нисгэгчид нь 7000-11000 цаг ниссэн туршлагатай нисгэгчид байж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолсноор хэрэв онгоцны хөдөлгүүрт ямар нэгэн зүйл болохгүй байсан бол нислэгийн багийн зүгээс нислэгийн удирдлагын төв рүү холбогдох хугацаа хангалттай байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Иран улс онгоцны хоёр хар хайрцгийг олсон ч үйлдвэрлэгчид өгөхгүй байгаа нь бас хардлага төрүүлээд буй. Энэ талаар Их Британийн тал мэдэгджээ. Мөн Боинг компанийн зүгээс осол техникийн асуудлаас болсон гэх магадлал тун бага гэсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болсон хэрэг явдлын талаар сонсмогцоо Оманд хийх байсан айлчлалаа цуцалжээ. Тэрээр амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, Украин улсын зүгээс Батлан хамгаалахын сайдаа болон бусад холбогдох хүмүүсийг ослын газар руу илгээж, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахыг үүрэгдсэн байна.Мөн дээрх ослоор иргэдээ алдсан Британи, Канад, Герман гэх мэт улсын эрх баригчид ослын шалтгаан, үнэн мөнийг тодруулахад хамтран ажиллахаа илэрхийлжээ. Харин Боинг компанийн зүгээс хохирогчдын ар гэрийнхэнд хандан ийм үйл явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, шаардлагатай бүхий л зүйлээр тусалж дэмжих болно. Мөн мөрдөн шалгах ажиллагаан дээр ч бүхий л талаар хамтран ажиллахаа амлав. Ийн мэдэгдэхдээ Украины агаарын тээврийн эзэмшлийн дээрх онгоц нь 2016 онд үйлдвэрлэгдсэн. Тус улсын үндэсний агаарын тээврийн компани үйлдвэрээс гарсан даруйд нь худалдаж авсан байсан тул харьцангуй шинэ онгоцуудын нэг байсныг мөн онцолжээ.

Боинг компанийн хувьцааны үнэ буурав

Дээрх ослын дараагаар “Боинг” компанийн хувьцааны үнэ бараг хоёр хувиар унасан тухай мэдээ хөвөрч байна. Тус компанийн хувьд энэ нь хоёр жилийн хугацаанд гарсан гурав дахь осол болжээ. Эдгээр ослуудын улмаас нийт 500 гаруй хүн амь үрэгджээ. Тухайлбал, 2018 онд Индонезид, 2019 онд Этиопт “Boeing 737 Max” загварын онгоцууд дээрхтэй төстэй шалтгаанаар осолдож, нийт 345 хүн амиа алджээ. Үүнээс үүдэн дээрх загварын онгоцны нислэгийг дэлхий даяар цуцлах арга хэмжээг авч эхэлсэн юм. Мөн Боинг компани ч хамгийн их борлуулалттай загварынхаа үйлдвэрлэлийг зогсоож, санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд орсон талаар цаг тухайд нь мэдээлж байсан билээ.