Categories
мэдээ нийгэм

2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой.

Categories
мэдээ спорт

Олон улсын нээлттэй загасчлалын тэмцээнд Монгол тамирчид тэргүүн байр эзлэв

ОХУ-ын мөсөн загасчлалын олон улсын нээлттэй “BOTIF-2020” тэмцээн энэ сарын 5-6-нд Байгал нуурын жижиг тэнгис, Мухор буланд болсон. Энэхүү тэмцээний багийн ангилал мэргэжлийн ба сонирхогчдын баг болж 3 оролцогчоос бүрдсэн багууд хоёр өдөр, хоёр бүсэд хуваагдан явагдсан юм. Тэргүүн байрт Монголын “Найзууд” баг /М.Жаргалсайхан В.Балданхүү/ шалгарч, 100 мянган рублийн шагнал хүртэж хоёрдугаар байрт Улаан-Үд хотын “GTA” баг /Р.Ю.Байковский, И.И.Спепанов/ шалгарсан бол гуравдугаар байрын эзнээр Эрхүү хотын “Дикая речка” баг /В.Н.Чекрыжав И.С.Шнейдер/ тодорсон байна. Мөн Монголын Номадс I баг /С.Намнандорж, В.Нямдаваа/, Номадс II баг / Г.Гантөмөр, К.Бадарч/ тус тэмцээнд амжилттай оролцсон байна.

У.МӨНХ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн УАШТ энэ бямба, ням гарагт болно

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням гаригт буюу 2020.01.11-12-нд Спортын төв ордонд болно. Энэ удаагийн УАШТ-ий техникийн зөвлөгөөн баасан гарагт явагдаж, албан бус жин хяналт маргааш явагдах бол албан ёсны жин үзлэг нэгдүгээр сарын 11-нд болно. Нээлтийн ёслол бямба гарагийн 15 цагт болох бөгөөд ОХУ-аас 88 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд Монголын жюү жицүгийн холбоо АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран анх удаа УАШТ-ийг нээлттэй зохион байгуулах болсон. Энэ нь Монголын тамирчдын ур чадвар, чансааг шалгахаас гадна гадаадын тамирчдаас туршлага хуримтлуулах боломжтой.

Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Энэ оны гурав дахь улсын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү жюү жицүгийн спортын төрлөөр үргэлжлэх нь. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээн насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн ангилалд жин болон бүсний ангилалуудаар явагдана.

Энэхүү УАШТ-д 3 орны 38 байгууллагын 753 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээний шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслол ням гарагт болох юм.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 79.5 хувийн саналаар баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар баталлаа.

Дараагаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Ийнхүү хууль батлагдсанаар өндөр настны, халамжийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэврийн зээлтэй нийт 231 мянган иргэний 6 сая хүртэл төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа төлөх юм. Тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй 194 иргэнд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлнэ.
Үнэт цаасыг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана. Мөн иргэн жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байх юм.

НАС БАРСАН ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРӨӨР ҮЛДЭГДЭЛТЭЙ БОЛ ЭНЭ ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД ХАМРАГДАНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийв Хуулийн төслөөр 231 мянган иргэн 6 сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлээ тэглүүлж, тэтгэврийн зээл аваагүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор заасан билээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Тэтгэврийн зээлийг 6 сараар жилд нэг удаа авахаар оруулж ирсэн. Тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй хүн хуулин заалтад орох уу. Мөн тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг олгохоор болсон. Энэ тоог яаж гаргасан бэ? Иргэд 2.5 сая төгрөг авъя гэж жагсаал хийж байна” хэмээн асуув.

“Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө. Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана. Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж хуулийн төсөлд заажээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BTS хамтлаг “Map of the Soul: 7” нэртэй шинэ цомгийнхоо нээлтийг хийнэ

BTS хамтлаг өөрийн үнэнч ARMY нартаа Big Hit Entertainment-ээр дамжуулан 2-р сарын 21-нд “Map of the Soul: 7” нэртэй шинэ цомгийнхоо нээлтийг хийхээ зарлалаа. Тус хамтлаг хамгийн сүүлд найман сарын өмнө шинэ дуугаа цацаад байсан. Тэдний гаргаж буй шинэ цомог “Map of the Soul: 7” нэртэй ба тус хамтлаг долоон гишүүнтэй мөн 2020 онд хамтлагийн долоон жилийн ой тохиож байгаа учир ийн нэрлэсэн хэмээн үзэж байна. Тэдний эргэн ирэлтийн мэдээтэй холбогдуулж твиттерт #7iscoming хаштаг трэнд болоод байгаа юм. Мөн шинэ цомгонд орох Shadow нэртээ дууныхаа трайлерыг нэгдүгээр сарын 9 буюу өчигдөр цацагджээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ


Categories
энтертаймент-ертөнц

Тупак Шакурын автомашиныг дуудлага худалдаанд гаргалаа

Америкийн рэпер Тупак Шакурын автомашиныг Лас Вегас хотод 1.6 сая ам.доллароор дуудлага худалдаанд тавьжээ. Тупак Шакур бол Америкийн рэппэр, жүжигчин байсан тэрээр өнөөг хүртэл 75 сая цомог зарж бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг юм. Тупакыг 1996 оны 9-р сарын 7-нд Лас Вегас хотод буудан хөнөөсөнтүүний аллага өнөөг хүртэл шийдэгдээгүй. Рэпер Тупак тус машинд буудуулан амиа алдаж байсан юм. 1996 оны BMW7 цувралын энэхүү машиныг сэргээн засварлаж дотоод заслыг нь хар өнгийн арьсаар хийсэн. Уг машин нь 5.4 литрийн хөдөлгүүртэй, 5 шатлалт автомат хурдны хайрцагтай аж. Тупакийн амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа түүний машин хэд хэдэн удаа дуудлага худалдаанд тавигдаж байжээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Дарханы замд оролцогч талууд нягт хамтарч ажиллана

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын Төслийн удирдлагын албаны дарга Мүкиа Тиручэлвамтай уулзлаа.

Уулзалтаар АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хэрэгжилт, явцын удааширсан шалтгаан нөхцөл, цаашид хийх үйл ажиллагааны талаар ярилцлаа.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, төслийн зам барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа “Багц-2” болон “Багц-4” хэсгийн зам барилгын ажлын гэрээг цуцалж, хариуцлага тооцох саналыг АХБ-нд удаа дараа тавьж байгаа ч шийдэлд хүрэхгүй байгааг илэрхийлэв.

АХБ-аас гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад, ажлын нөхцөл байдалтай газар дээр нь удаа дараа танилцсан. “Багц”-уудын хэсэгт тодорхой ажил хийгдсэн, мөн гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч талаас хуулийн байгууллагад гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг анхааруулав.

АХБ-аас төслийн хэрэгжилттэй холбогдох үйл ажиллагааг Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас төслийн үйл ажиллагааны чиг үүрэг Монгол дахь АХБ-ны суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсныг дуулгав. Ингэснээр нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтай бол буйг АХБ-наас онцоллоо.

Уулзалтын үр дүнд нийт зам барилгын ажлыг эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг сайтар хангаж, ирэх 3 дугаар сард багтаан шаардлагатай бүх техник тоног төхөөрөмжийг татан байршуулж, шуурхай ажлын төлөвлөгөө гарган сайтар зохион байгуулахаар тогтлоо.

Түүнчлэн төслийг үр дүнтэй, гэрээт хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад захиалагч ЗТХЯ, санхүүжүүлэгч АХБ, төслийн зөвлөх Энэтхэгийн “ICT” компани, Дарханы замын төслийн нэгж, хяналтын инженерүүд, гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэг баг болж нягт хамтран ажиллах нь зүйтэйг талууд онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах зэрэг заалт нэмэх болсон. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байх зэрэг заалт нэмсэн юм.

Харин өнөөдөр болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргав. Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна” гэж өөрчлөх санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Samsung компани “үл үзэгдэгч компьютерын гар” бүтээжээ

БНСУ-ын “Samsung” компани ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан “үл үзэгдэгч” компьютерын гар хөгжүүлсэн байна. “SelfieType” программ хангамж нь гар утасны урд камерын тусламжтайгаар хэрэглэгчдийн хуруунуудыг таньж “Qwerty” товчлууруудын хаана дарахаас хамааран бичвэр бичих боломжийг олгож байна. Ухаалаг гар утсаар текст шивэхэд товчлуурын хэмжээ жижиг тул зарим тохиолдолд хүндрэл учирдаг бол “үл үзэгдэгч” компьютерын гар уг асуудлыг шийдэх юм. “Samsung” энэхүү шинэ технологийнхоо талаар энэ долоо хоногийн мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо эхэлсэн Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр танилцуулсан байна. Уг үзэсгэлэн энэ сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Үүний дараагаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг тус тус баталлаа.